Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 3(52)
008. “Хавкины вакцин”
( Түүх )

 Л.Энхбаатар

Сэтгүүлийн эрхэлсэн нарийн бичгийн дарга, Анагаах ухааны доктор

 

Владимир Ааронович Хавкин (Вальдемар, МаркусВольф, http://ru.wikipedia.org/wiki/%D0%A5%D0%B0%D0%B2%D0%BA%D0%B8%D0%BD,_%D0%92%D0%BB%D0%B0%D0%B4%D0%B8%D0%BC%D0%B8%D1%80_%D0%90%D1%80%D0%BE%D0%BD%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87)амьдралын сүүлийн жилүүд дэхь хоёр дахь нэр Мордехай-Вольф (Mordecai-Wolff) 1860-1930 он. Украйны нэрт нян, дархлаа, тархвар судлаач, биохимич Еврей хүн болно. Микробиологичийн алдрыг Франц, Энэтхэгт олжээ [1;2]. Энэтхэгчүүд энэ хүнийг маш их хүндэтгэдэг бөгөөд түүний төрсөн нутаг Украйнд доктор Хавкиныг бараг мэддэггүй байсан гэдэг. Түүний хувь заяа XIX зууны Евразид тохиолдсон тарваган тахлын цар тахалтай салшгүй холбоотой юм [3].

Тэрээр 1860 оны 3 дугаар сарын 15-нд Одесс хотод багшийн гэр бүлд төржээ. Владимир Ааронович Хавкин Бердянскийн гимназийг дүүргэж 1879 онд Одесс хотын Новороссийскийн байгалийн салбарын ангид элсэн оржээ. Тухайн үед Сеченов, Ковалевский, Мечников, Умов зэрэг профессоруудаар хичээл заалгаж байсан бөгөөд Мечниковын шавь байжээ. Түүний гэр бүл санхүүгийн хувьд тийм боломжтой айл байгаагүй байна. Гэвч Володя эрдэм сурах чин эрмэлзлэлтэй байлаа. Новороссийскийн их сургуулийг амжилттай төгсөж мал эмнэлгийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Тэрээр улс төрийн хувьд найдваргүйд тооцогдож байсан бөгөөд “Ардын эрх чөлөө” байгууллагын идэвхтэй гишүүн хувьсгалч үзэл санаатай байсан байна. Түүнийг хувьсгалт бүлгэмүүдийг идэвхтэй мөрдөж баривчилгаа явуулах ажлыг удирдаж байсан Одессийн цэргийн тойргийн прокурор хошууч генерал Стрельниковыг 1882 оны гуравдугаар сарын 18-нд Николаевскийн гудамжинд хувьсгалч үзэлтэй Н.А.Желваков буудан алсан хэрэгт холбоотой байж магадгүй хэмээн сэрдэж цагдаагийн хяналтанд авчээ [4]. Ийм байдлаас гарахын тулд тэрээр Францад дүрвэж Париж хотын нэгэн номын санд ажиллахад их эрдэмтэн И.И.Мечников тусалсан байна. Мөн Пастерын хүрээлэнд оройн цагаар лаборантын ажил давхар хийж байв. Гэтэл Париж хотод холер өвчний дэгдэлт гарлаа. Хавкин энэ өвчнөөс зөвхөн вакцин л хамгаалж чадна гэдгийг ойлгож байсан бөгөөд хэдэн зуу, мянган ширхэг цагаан хулгана, усан гахай, тагтаа, туулайд халдвар хийж цаг завгүй ажиллаж байв. Түүнд хувийн амьдралд зугаа цэнгэл гэж байсангүй шинжлэх ухаан, нян судлалын төлөө өөрийгөө золиосолсон гэдэг. Түүнд зөвхөн л зорилгодоо хүрэх эрмэлзлэл байлаа. Тэрээр нөр их хөдөлмөрийн үр дүнд холерын вакциныг гаргаж авчээ. Ажлын үр дүнг хүрээлэнгийн ажилчид дээр турших шаардлагатай байлаа. Энэхүү осолтой туршилтыг өөр дээрээ анх хийжээ. Пастер, Мечников зэрэг нэрт эрдэмтэд болон Парижийн сонин хэвлэлүүдээр түүнийг шагшин магтсан нийтлэлүүд гарч, амжилтыг нь үнэлж байв [3].

Зураг 2. Пастерын нэрэмжит хүрээлэнд ажиллаж байсан Орос судлаачид: И.И.Мечниковын лабораторийн эрдэм шинжилгээний ажилчин: Ф.К.Трапезников, К.Э.Вагнер, В.В. Половцев. Г.Н Габричевский ба бусад. В.А.Хавкин- арын эгнээний зүүн гараас 1-д, И.И.Мечников- эхний эгнээний баруун гараас 2- д [5] Париж хот, 1890 оны 6 дугаар сарын 2-ний өдөр.

Энэ үед Орос улсад холерын дэгдэлт гарлаа. Хавкин эзэн хааны хамаатан, холерын дэгдэлтийн комиссийн дарга Ольденбургийн гүнжид өөрийн вакциныг нутаг нэгтнүүддээ хийх санал тавьжээ. Гэтэл түүний вакциныг хэрэглэхээс татгалзсан гэдэг. Ер нь тухайн үед Оросод төдийгүй Герман, Англид энэ вакцинаас татгалзаж эргэлзэж байжээ.

 

Орос улсад 3 сарын дотор 300000 хүн холер өвчний улмаас нас барсан байдаг [3]. Хавкин Их Британий Засгийн Газрын хүсэлтээр холертэй тэмцэхээр Энэтхэгт ажиллав. Тэр үед Энэтхэгт доод давхрагын олон сая хүн ядуурал, өлөн зэлмүүн харанхуй бүдүүлэг байдалд амьдарч холер өвчнөөр өдөр бүр хүмүүс үхэж байлаа. Хавкин өдөрт 12-14 цаг ажиллаж, энэ их ачааллыг түүний хоёр ажилтан даалгүй ажлаа хаяж, нэг ажилтан сэтгэцийн өөрчлөлтөнд оржээ. Хоёр жилийн дотор Хавкин өөрийн гараар 50000 хүнд вакцин хийж олон хүнийг дархлаажуулалтанд сургажээ. Энэтхэгийн олон арван хот суурин газруудаар Хавканы холерын дархлаажуулалтын жижиг баг аялж ард түмнийг дархлаажуулж байлаа. Түүнийг “Цагаан арьст гэгээрүүлэгч” гэж нэрлэдэг байв. Түүний ажилд саад бэрхшээл зөндөө байсан бөгөөд Энэтхэг даяар бас тийм ч таатай хүлээж авч байсангүй, очсон газар нь чулуугаар шидэх “Оросын тагнуул” хэмээж үл итгэх байдал ч дагалдаж байв. Хавкин олны төлөө очсон газар бүрдээ хамгийн түрүүнд хамгийн урт зүү авч вакциныг өөртөө тарьж үзүүлдэг байсан бөгөөд түүний бие бүхэлдээ зүүний соривтой байсан гэдэг. Түүнийг тагнаж дагаж байсны үр дүнд түүний энэ үйл хэрэг нь “Энэрэнгүй, шинжлэх ухааны үндэстэй” гэдгийг Энэтхэгчүүд ойлгож нийтэд зарлажээ. Энэтхэгийн их удирдагч Ганди Хавкинтай уулзаж түүний лекцийг сонсож өөртөө вакцин хийлгэжээ.

1896 онд Энэтхэгийн Бомбей хотод тарваган тахлын дэгдэлт гарч Энэтхэгийн Засгийн Газар Хавкинд хандаж тусламж хүсчээ. Хавкин Бомбей хотод тарваган тахлын лаборатори байгуулж 3 сарын дотор анагаах ухааны түүхэнд анх удаа тарваган тахлын эсрэг вакцин гарган авчээ. Мөн холерын вакцинтай адил тахлын вакциныг өөр дээрээ анх туршсан байна. Хавкин тарваган тахал өвчнөөс сэргийлэх вакциныг дэлхийд анх удаа олон хүнд тарьжээ. 22 жилийн дотор Хавкин ба түүний хамтран зүтгэгсэд 4 сая хүнийг дархлаажуулсан байдаг. Түүний дархлаажуулсан хүмүүс дархлаажуулаагүй хүмүүсээс 10 дахин бага нас барж байв. Түүний байгуулсан лаборатори нь хожим түүний нэрэмжит хүрээлэн болсон бөгөөд одоо ч тарваган тахал, балнад, татран, холер зэрэг бусад өвчний эсрэг вакцин, ийлдэс үйлдвэрлэж байна [6]. Орос улсад тарваган тахлын дэгдэлт дахин гарахад Хавкин Оросын эмч нарт өөрийн вакцин хийх арга технологийг зааж, туслах санал дахин гаргав [3]. Гэвч түүний нутаг нэгтнээ гэсэн саналыг хүлээж авсангүй. Орос улсад тахлын үүсгэгчийг судлах ажил 1880-д оноос эхэлсэн бөгөөд 1896 оноос Санкт-Петербург дэх “Эзэн хааны эрдэм шинжилгээний туршилтын хүрээлэн”–гийн судлаачид “Эзэн хаан Александр 1” цайзад лаборатори байгуулан ажиллаж эхэлжээ [7;8]. Энд тахлын үхүүлсэн «Хавкины тунгалагийн» вакцин үйлдвэрлэж, Австр-Унгар, Бельги, Бразил, Португаль улсад гаргадаг байсан юм. Энэ вакцин олон мянган хүний амийг аварчээ. Дээрхи лабораторийг үндэслэгч А.Вигура эмч «Энэхүү вакциныг гаргаж авсан шантрашгүй судлаачын нэр шинжлэх ухаанд үүрд дурсагдах болно” гэж тодорхойлж байв. Энэтхэгт түүнийг бишрэн хүндэтгэх болж эрдэмтний зурагтай марк хүртэл гаргасан байна. Их зохиолч А.Чехов Хавкиныг аугаа их туршигч, шинжлэх ухаанд эргэлт хийсэн хүн, хүн төрөлхтөнд халдварт өвчинтэй тэмцэхэд их үүрэг гүйцэтгэсэн энэрэнгүй сэтгэлтэн гэж тодорхойлжээ[3]. Тэрээр хүний сайн сайхны төлөө амьдарч байсан нигүүлсэнгүй сэтгэлтэн бөгөөд гэр бүл, эд хөрөнгө хуримтлуулаагүй гэдэг. 1902 онд Энэтхэгийн нэг тосгонд дархлаажуулалт явагдахад 12 хүн татрангаар нас баржээ. Энэ явдалд Хавкин эмчийг буруутгасан байна. Нас барсан үндсэн шалтгаан нь түүний бүтээсэн вакцинаас болоогүй бөгөөд вакцин үйлдвэрлэж байсан хүмүүсийн хайхрамжгүй ажиллагаанаас болжээ. Хавкин эмч Энэтхэгийг орхин Лондонд 3 жил нам гүм чимээгүй амьдарсан байна. Энэтхэгийн Засгийн Газар түүнийг хайгаад олоогүй бөгөөд түүний буруугүйг сонингоор зарласан байна. Ингээд 1907 онд Хавкин эргэн ирж Калькутта хотод ажилласан болой. Тэтгэврийн нас хүрэхэд Хавкин Энэтхэгийг орхиж Францад амьдрах болжээ. 1927 оны намар их эрдэмтэн төрөлх Одесс хот, өссөн Коблевскийн гудамжны 38-р байраа, төгссөн Новороссийскийн их сургуулиа эргэжээ. Хавкин амьдралынхаа сүүлийн 15 жилийг еврейчүүдийг хамгаалах, еврейн түүх соёлыг дээдлэх нийгмийн ажилд гар бие оролцож байлаа. Тэрээр «Апология ортодоксального иудаизма» өгүүллэгтээ Еврейчүүдийн түүхэнд дүн шинжилгээ хийж энэ ард түмний оршин тогтнох үндэс нь түүний шашин, соёл юм гэсэн дүгнэлтэд хүрчээ[3]. Тэрээр 1920 онд Бүх дэлхийн Еврейн холбоо (Альянс)-ны төв комиссын Еврейн эрхийг хамгаалах Эрец-Исраэль хэмээх байгууллагын гишүүн байв [3]. Еврейн иргэний эрхийг хамгаалах ажлаар Орос, Польш, Латви, Унгар улсуудаар аялж, Еврейчүүдийн эрүүл мэнд болон нийгмийн сайн санааны үйлсэд анхаарлаа хандуулж байлаа. Тэрээр 1929 онд Лозаннийн банканд 1568852 швейцар франкыг (ойролцоогоор 300 мянган америк доллар) үнэт цаас хэлбэрээр үлдээж, тэрхүү мөнгийг еврейн шашныг судлах, мөнгөний гачигдалтай еврей залуучуудыг дэмжих, байгалийн шинжлэх ухаан физик, хими, биологи, геологи, космографийн сургалт, мэдлэг боловсролыг чухалчилж гэрээсэлсэн байна. Их эрдэмтэн 1930 оны 10 дугаар сарын 25-нд 42 насандаа Швейцарийн Лозанн хотод зочид буудалд нас баржээ. Түүнийг нас барахад Энэтхэг даяар үндэсний эмгэнэл зарласан байна. Владимир Хавкин ганц бие, гэр бүлгүй, дүнсгэр нууцлагдмал, соёлт хүн төрлөхтөн бага мэдэх аугаа их судлаач, эрдэмтэн байжээ.

Ном зүй

Ашигласан эх сурвалж
1. http://ru.wikipedia.org/wiki accessed on March 2013
2. http://en.wikipedia.org/wiki/Waldemar_Haffkine accessed on March 2013
3. http://www.odessitka.net/content/view/225/138/ accessed on March 2013
4. http://ru.wikipedia.org/wiki/Стрельников,_Василий_ Степанович accessed on March 2013
5. http://arran.ru/?q=ru/node/211 accessed on March 2013
6. http://en.wikipedia.org/wiki/Haffkine_Institute accessed on March 2013
7. http://www.samoupravlenie.ru/38-11.php Герои долга. На Форте “Император Александр I”.(очерк И.М. Эйзена, 1907 год) accessed on March 2013
8. http://www.visit-saint-petersburg.ru/fort1/ Форт «Император Александр I» («Чумный»). accessed on March 2013
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 500
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК