Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 3(52)
2012 онд бүртгэгдсэн зоонозын халдварт өвчний хүний өвчлөлийн тохиолдлын мэдээ
( Товч мэдээлэл )

Б.Амгаланбаяр, Б.Лхагвасүрэн,
 

ЗӨСҮТ

 

2012 онд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дархан-Уул, Төв, Ховд, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий аймгийн 134 сум, Улаанбаатар хотын 3 дүүргээс зоонозын хүний өвчний сэжигтэй байж болзошгүй 238 яаралтай дуудлагыг хүлээн авч, хариу арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа. Нийт сэжигтэй дуудлагын 18,1% (боом-2, хачгаар дамжих халдварт өвчин-41) нь тархвар судлалын холбогдол, эмнэлзүйн шинж тэмдэг, лабораторийн шинжилгээгээр онош бүрэн батлагдсан байна. Зоонозын халдварын хүний өвчлөлийн батлагдсан тохиолдлыг 100.000 хүн амд харьцуулахад 1.5 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

2012 онд бүртгэгдсэн зоонозын халдварт өвчний хүний өвчний тохиолдлыг өвчин тус бүрээр танилцуулж байна.

Боом

2012 онд Архангай, Хөвсгөл, Төв, Ховд, Завхан, Хэнтий, Сүхбаатар, Увс, Булган, Сэлэнгэ аймгийн 11 сум, Улаанбаатар хотын 1 дүүргээс хүний боом өвчний сэжигтэй байж болзошгүй 15 яаралтай дуудлагыг хүлээн авсанаас 13.3% (2) нь тархвар судлалын холбогдол, эмнэлзүйн шинж тэмдэг, лабораторийн шинжилгээний дүнгээр онош бүрэн батлагдсан байна. Боомын хүний өвчний шинэ тохиолдлыг 100.000 хүн амд харьцуулахад өмнөх онд 1.05 байсан бол 2012 онд 0.07 болж буурсан үзүүлэлттэй байна (Дүрслэл 1).

Хүний боом өвчний 2 тохиолдол нь Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны “Эргэл хайрхан” гэдэг газарт бүртгэгдсэн. Тухайн 2 тохиолдол нь халдварын нэг эх уурхайтай бөгөөд боомоор өвчилсөн хонийг төхөөрч хүнсэнд хэрэглэх явцдаа шууд хавьтлын замаар халдвар авсан байна. Тархвар судлалын холбогдол, эмнэлзүйн шинж тэмдэг болон өвчтөнөөс дээжилсэн сорьцоос боом өвчний үүсгэгч Bac.anthracis илэрч, “боомын арьсны хэлбэр”- ээр өвчилсөн болох нь бүрэн батлагдаж, эмчлэгдэн эдгэрсэн байна.

 

 

 

Хачгаар дамжих халдварт өвчин

Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 60 сум, Улаанбаатар хотын 5 дүүргээс хачгаар дамжих халдварт өвчний сэжигтэй 130 дуудлагыг хүлээн авсаны 31.5% (41) -д онош батлагдсан байна. Батлагдсан нийт тохиолдлын 14.6% (6)-ийг хачигт энцефалит, 17.1% (7)-ийг хачигт боррелиоз, 68.3% (28)-ийг хачигт риккетсиоз өвчин тус тус эзэлж байна. 2012 оны батлагдсан тохиолдлыг 2007-2011 оны дундаж үзүүлэлттэй харьцуулахад 40.6%-иар, өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад 46.7%-иар тус тус буурсан байна. (Дүрслэл 2).

Дүгнэлт:

  1. 2012 онд зоонозын халдварын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 18% нь зоонозын халдварт өвчний (боом, хачгаар дамжих халдварт өвчин) шинэ тохиолдол болох нь батлагдаж, галзуу, тарваган тахлын хүний өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна.
  2. Зоонозын халдварт өвчний батлагдсан нийт тохиолдлын дийлэнх (65,1) хувийг хачигт риккетсиоз өвчин эзэлж байна.
  3. Зоонозын халдварт өвчний хүний өвчлөлийн батлагдсан тохиолдлын тоо өмнөх оны тоон үзүүлэлттэй харьцуулахад 54.3%-иар, 2007-2011 оны дундаж үзүүлэлттэй харьцуулахад 60.1%- иар тус тус буурсан байна.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 866
Судлаачдын бусад өгүүлэл
 
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК