Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 3(52)
Галзуу өвчний сэжигтэй амьтанд уруулж, ноцуулсан тохиолдлын 14 хоног тутмын мэдээ дугаар №01, 2013
( Товч мэдээлэл )

Б.Бат-Оргил нар,

ЗӨСҮТ

 

(2012 оноос 2013 оны 1-р сарын 1-нээс 28-ны өдөр хүртэл)

Нэг. 2012 онд бүртгэгдсэн галзуу өвчний мал, амьтны өвчлөл:

Монгол Улсын хэмжээнд 2012 онд 16 аймаг, Нийслэл хотын 46 сум, дүүрэгт 99 удаагийн гаралтаар 153 мал, амьтан галзуу өвчнөөр өвчилж, 84 мал, амьтан хорогдсонбайна. 2012 онд гарсан мал, амьтны өвчлөлийн үзүүлэлтийг 2011 оны үзүүлэлттэй харьцуулахад өвчлөл бүртгэгдсэн сумын тоо 36.2%- иар буурч, гаралтын тоо 17.2%-иар, өвчилсөн мал, амьтны тоо 34%-иар тус тус өссөн байна (Зураг 1).

Зураг1. Галзуу өвчний сэжигтэй амьтанд уруулж хазуулсан тохиолдлын байршил, 2012 он

Хоёр. 2012 онд бүртгэгдсэн галзуу өвчний сэжигтэй зэрлэг, мал амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлсэн тохиолдлын тухай:

2012 онд Баян-Өлгий, Говь-Алтай, ДарханУул, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 41 сум, Улаанбаатар хотын 2 дүүрэгт бүртгэгдсэн галзуу өвчний сэжигтэй мал, амьтанд уруулж, ноцуулсан 91 хүний дуудлагыг хүлээн авч, хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа (Зураг 2).

График 1. Галзуу өвчний сэжигтэй амьтанд уруулж ноцуулсан тохиолдол, эпидемиологийн 7 хоногоор, 2006-2012 он

 

Галзуу өвчний сэжигтэй зэрлэг, мал амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлсэн хүмүүсийн тохиолдлыг эх уурхайгаар нь авч үзвэл: нохойд 57.1% (52), чононд 20.9% (19) нь уруулж хазуулсан байна (График 2). Эдгээрийн 33% (30) нь галзуу өвчнөөр өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр бүрэн батлагдсан амьтанд уруулж ноцуулсан байна.

График 2. Халдварын эх уурхайн байдал, хувиар, 2012 он

 

Халдварт өртсөн иргэдийн нас, хүйсийн байдлыг авч үзвэл 17.6%-ийг 21-30 нас, 19.8%-ийг 31-40 нас, 27.5%-ийг 41-50 насныхан, 19.8%-ийг 51-ээс дээш насныхан, 62.6%-ийг эрэгтэйчүүд, 37.4%- ийг эмэгтэйчүүд эзэлж байна. Үүнээс үзэхэд галзуу өвчний эрсдэлд хөдөлмөрийн болон тэтгэврийн насны эрэгтэйчүүд өртөх эрсдэл өндөртэй байгаа нь харагдаж байна (График 3).

График 3. Галзуу өвчний сэжигтэй амьтанд уруулж ноцуулсан тохиолдол, нас хүйсийн байдлаар, 2012

2012 онд хүлээн авсан яаралтай дуудлагын дагуу Халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний улсын фондоос 4095 тун шил галзуу өвчний эсрэг эсийн өсгөврийн вакцин (БНХАУ, ОХУ-д үйлдвэрлэсэн), 212 тун шил (1060 мл) галзуу өвчний эсрэг эмчилгээний ийлдсийг хүргүүлж, дархлаажуулалтын явцад хяналт тавьж ажилласаны үр дүнд галзуу өвчний хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдээгүй байна.

Гурав. Дэлхий дахинд бүртгэгдсэн галзуу өвчний амьтны болон хүний өвчлөлийн мэдээ, 2012 он

Дэлхий дахинд 2012 онд Африк, Америк, Ази, Европ тивийн 8 улсын 22 мужийн нутаг дэвсгэрт галзуу өвчний амьтны нийт 126 тохиолдол бүртгэгдэж, 13 мал, амьтанг устгалд оруулж, халдварын эрсдэлд 4364 гэрийн тэжээмэл, мал амьтад өртсөн талаарх 97 удаагийн мэдээлэл бүртгэгдсэн байна. Халдварын эх уурхайг төрлөөр нь авч үзэхэд зэрлэг, улаан үнэг 4, гэрийн тэжээмэл нохой, муур, үхэр, хонь, ямаа, гахай зэрэг 71 амьтад галзуугаар өвчилсөн тохиолдол байна.

Зураг 2.Мал, амьтны галзуу өвчний тохиолдол, 2012 он, www.empres-i.fao.org

Дөрөв. 2013 онд бүртгэгдсэн галзуугийн сэжигтэй зэрлэг, мал амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлсэн тохиолдлын тухай:

2013 оны 1-р сарын 28-ны өдрийн байдлаар Баянхонгор, Хэнтий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн 8 суманд, 12 хүний дуудлагыг хүлээн авч, хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна (Зураг 3).

Зураг 3. Галзуу өвчний сэжигтэй амьтанд уруулж, ноцуулсан тохиолдол, /2013 оны 1-р сарын 28-ны өдрийн байдлаар/

Эпидемиологийн 3 дах долоо хоногт бүртгэгдсэн сэжигтэй дуудлагын тоог өмнөх оны болон сүүлийн 5 жилийн мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад нэмэгдсэн байна. (График 4).

 

График 4. Галзуу өвчний сэжигтэй мал, амьтанд уруулж ноцуулсан тохиолдол эпидемиологийн 7 хоногоор, 2007-2012 он, 2013 оны 1-р сарын 28-ны өдрийн байдлаар

 

2013 онд гарсан галзуугийн сэжигтэй тохиолдлыг эх уурхайгаар нь авч үзвэл: нохойд 58.3% (7), малд 25% (3), чононд 16.7% (2) нь тус тус уруулж, ноцуулж шүлсдүүлсэн байна. Халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний улсын фондоос 78 тун/шил галзуугийн эсрэг вакцин, 31 тун шил (155мл) эмчилгээний ийлдсийг хүргүүлж, дархлаажуулалтын явцад хяналт тавьж ажиллаж байна.

Тав. Дэлхий дахинд бүртгэгдсэн зэрлэг, мал амьтан болон хүний өвчлөлийн мэдээ

2013 оны 1-р сарын 28-ны өдрийн байдлаар Словак улсын Петрова, Перу улсын Сан Мартин Грек улсын Кентрики Македони гэдэг газарт галзуугийн өвчлөлийн 4 тохиолдол бүртгэгдсэн байна. Халдварын үед 15 үхэр, 2 улаан үнэг халдварын эрсдэлд өртсөн байна.

 

Зураг 4. Галзуу өвчний зэрлэг, мал амьтан болон хүний өвчлөл /2013 оны 1-р сарын 28-ны байдлаар/

 

 

 

Албан ёсны эх сурвалж:

  1. ЗӨСҮТ
  2. Орон нутгийн ЗӨСТ
  3. ЗГХА-МЭҮГ
  4. УМЭАЦТЛ
  5. www. http://empres-i.fao.org/

 

 

 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 640
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК