Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 3(52)
Хүний шинэ коронавирүст халдварын тохиолдлууд их британид бүртгэгдлээ
( Товч мэдээлэл )

П.Нямдаваа

ТҮТ

 

Амьсгалын дуталд хүргэдэг, хүнд явцтай уушгины үрэвсэл сэдээдэг шинэ коронавирүс (novel coronavirus= NCoV) Ойрхи Дорнодын зарим улс орон болон Их Британид бүртгэгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ [1-2].

Шинэ он гарсаар NCoV-аар сэдээгдсэн халдварын 2 шинэ тохиолдол Их Британид бүртгэгдлээ [3-6]. Эхний тохиолдлыг Их Британий Эрүүлийг хамгаалах агентлаг [Health Protection Agency, UK] 2013 оны хоёрдугаар сарын 11-нд мэдээлсэн бөгөөд одоогоор Манчестер хотын эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа энэ өвчтөн ойрмогхон Ойрхи Дорнод, Пакистанаар аялсан өгүүлэлтэй юм байна. Хоёрдох тохиолдлыг 2013 оны хоёрдугаар сарын 13-нд зарласан бөгөөд Бирминхэм хотын Хатан хаан Элизабетийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй энэ өвчтөн нь Манчестерын өвчтөний хүү аж. Энэ өвчтөн ойрын үед гадаад оронд аялаагүй тул эцгээсээ халдвар авсан байх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзжээ. Гэхдээ энэ өвчтөн дархлалын сулралд хүргэсэн архаг суурь эмгэгтэй байсан нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлсэн байж болох юм гэж эмч нар дүгнэжээ. Ийнхүү NCoV-ийн халдварыг лабораториор баталгаажуулсан тохиолдол одоо нийтдээ 11 болоод байгаагаас Саудын Арабт 5 (3 нь нас барсан), Йорданд 2 (хоёулаа нас барсан), Их Британид 3 (гурвуулаа эмчлүүлж байгаа), ХБНГУ-д 1 (Катараас ирсэн өвчтөн, эдгэрч гарсан) тохиолдол бүртгэгдээд байгаа ажээ. Эдгээр шинэ тохиолдлуудтай холбогдуулан ДЭМБ гишүүн орнууддаа ТТӨ-ний тандалтаа идэвхижүүлэхийг уриалж байгаа бөгөөд ялангуяа Ойрхи Дорнодод аялсан хүмүүст хүндэрсэн ТТӨ (sARI) бүртгэгдвэл NCoV илрүүлэх шинжилгээ хийхийг зөвлөмж болгож байна. Гэхдээ энэ өвчинтэй холбогдуулан аялал, жуулчлалыг хязгаарлах арга хэмжээ авах шаардлагагүй гэж ДЭМБ үзсэн байна.

Ном зүй

1. Дармаа, М. (2012): Шинэ коронавирүсийн халдварын тохиолдлыг тодорхойлох http://www.flu.mn/mgl/index.php? option= com_content&task=view&id=953&Itemid=49 accessed on Feb.14, 2013;
2. Нямдаваа, П. (2012): Хүний шинэ коронавирүст халдварын тохиолдолд нэмэгдэж байна. http://www.flu.mn/mgl/index.php?option=com_content&task=view&id=971&Itemid=49 accessed on Feb.14, 2013,
3. Case of noval coronavirus identified in the UK, http://www.hpa.org.uk/NewsCentre/NationalPressReleases/2013Press-Releases/130211statementonlatestcoronaviruspatient?printable= true accessed on Feb.11, 2013;
4. Novel coronavirus infection – update 11 February 2013, http:// www.who.int/csr/don/2013_02_11b /en/index.html accessed on Feb.11, 2013;
5. Further UK case of noval coronavirus http://www.hpa.org.uk/NewsCentre/NationalPressReleases/2013PressReleases/ 130213statementonlatestcoronaviruspatient accessed on Feb.13, 2013;
6. Novel coronavirus infection – update 13 February 2013, http:// www.who.int/csr/don/2013_02_13/en/index.html accessed on Feb.13, 2013;
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 237
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК