Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 4(53)
Эрүүл мэндийн ажилтны дундах сүрьеэгийн халдварын тархалтыг зарим хавсарсан эмгэгтэй харьцуулан судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Д.Наранзул1, Б.Цолмон1, Н.Наранбат2, П.Баясгалан1, Б.Буянхишиг1, Д.Даваалхам3

1Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

2Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нэгдсэн Холбоо

3Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

 
Абстракт

Objective: To determine the prevalence of active and latent TB, and risk factors associated with latent tuberculosis infection among health care workers.

Design: A cross sectional study was conducted including 844 health care workers who working in randomly selected health care facilities in the capital Ulaanbaatar city from January to June 2012. The risk of development of TB disease varies among people. We investigated the correlation between TB infection prevalence and accompanying diseases among study population using a questionnaire.

Results: 27% of surveyed doctors and nurses have reported that they have any kind of illness.The TB infection prevalence among doctors and nurses who have bronchial emphysema is 66.7% (OR=1.6[95% CI: 0.3-9.2]) which has no significant difference (p=0.54)1.8]). 60% of survey population reported that they have one or more digestive system
abnormalities. The TB infection prevalence among those survey respondents who said to have liver and gallbladder abnormalities is 54.9% (OR=1.2[95% CI: 0.8-1.7]), 54.6% (OR=1.2[95% CI: 0.8-1.7]) among people who have chronic gastritis.

26.2% of 844 surveyed doctors and nurses have reported that they have any kind of infectious diseases. 24.4% of all respondents said they are viral hepatitis infection reservoirs.

Conclusion: The selected accompanying or concomitant illnesses do not have statistically significant risk factor for TB infection.


 

Дэлхийн хэмжээгээр жил бүр 14 сая гаруй хүн халдварт өвчний улмаас энддэг. Хөгжил султай орнуудын хүн амын нас баралтын шалтгааны 46% нь халдварт өвчин байдгаас 90% нь цочмог суулга, амьсгалын замын цочмог халдвар, ДОХ, сүрьеэ, хумхаа, улаанбурхан өвчний улмаас болж байна [1].

Дамжин тархах зам нь бүрэн сайн тайлагдаагүй байгаа АЦХаХ, Эбола вирүст халдвар зэрэг үхэл эндэгдэл өндөртэй шинэ халдварууд эхлээд эмнэлгийн эмч, ажилчдыг нэрвэдэг тул улс орны эрүүл мэндийн албаны үйл ажиллагааг алдагдахад хүргэж байгаа талаар олон эх сурвалж мэдээлсэн байна [1,2].

Сүүлийн жилүүдэд эмнэлгээс шалтгаалсан сүрьеэгийн халдварын дэгдэлт нь өвчтөнөөс өвчтөнд, өвчтөнөөс эрүүл мэндийн ажилтанд дамжин тархахын зэрэгцээ эрүүл мэндийн ажилтануудын дунд нэгээс нөгөөд тархах явдал гарч байна. Эдгээр дэгдэлтүүд нь оношлогооны хожимдол, сүрьеэтэй өвчтөнүүдийг тусгаарлах дэглэмийг хангалтгүй мөрдсөнтэй холбоотой гэж үзсэн байна [3].

2011 онд манай улсын хэмжээнд сүрьеэгийн 4213 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь 100000 хүн амд ногдох өвчлөлийн түвшин 155, нас баралтын түвшин 34 байна. Бүртгэгдсэн сүрьеэгийн тохиолдлын 60.2% нь уушгины, 39.8% нь уушгины бус эрхтэний сүрьеэ эзэлж, түрхэц эерэг сүрьеэгийн илрүүлэлт 74.8%-тай байна. Нийт өвчлөлийн 53.2% (2243) нь эрэгтэйчүүд, 70.4% нь 15-44 насныхан байна. Өвчлөлийн түвшин 0- 4 насанд хамгийн бага (5.0/10000), 15-24 настай залуучуудын дунд хамгийн өндөр (22.7/10000) байна. Нийт тохиолдлын 40.2% (1695) нь ажилгүй иргэд, 11.5% нь (483) оюутан, 4.2% нь (176) малчин иргэд байгаа бол 19.3% (814) нь тодорхой эрхэлсэн ажилтай иргэд байна. Ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн өвчлөлийг зарим олон нийттэй харилцдаг мэргэжлээр нь үзвэл эрүүл мэндийн байгууллагад ажиллагсад нийт өвчлөлийн 7.2%, багш нар 6.1%, цагдаа цэрэг хүчний байгууллага 5.5%, банкны мэргэжилтэн 2.9%-ийг тус тус эзэлж байна. Харин 10000 эрүүл мэндийн ажилтны дундах тохиолдлын түвшингээр нь үзвэл 14.9, үүнээс эмч нарын дунд хамгийн өндөр 24, сувилагч нарын дунд 14.2, бусад эрүүл мэндийн ажилтнуудын дунд 12.2 байна [4].

Манай улсад олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр эрүүл мэндийн ажилтан өвчлөх, нас барах тохиолдол гарсаар байна [5].

Иймд эрүүл мэндийн ажилтны дундах сүрьеэгийн халдвар, өвчлөл, нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг судлаж, эрүүл мэндийн байгууллагын халдвар хяналтын арга хэмжээг сайжруулах, эрүүл мэндийн ажилтанг хамгаалах, дэмжих талаар зөвлөмж боловсруулах шаардлагатай байна.

Судалгааны зорилго

Эмнэлгийн мэргэжилтний дундах сүрьеэгийн халдвар, өвчлөл, нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг тогтооход судалгааны ажлын зорилго оршино.

Судалгааны зорилт

  1. Эмч, сувилагчдын дундах сүрьеэгийн халдварын тархалтыг тодорхойлох
  2. Эмч, сувилагчдын дундах сүрьеэгийн өвчлөлийн тархалтыг тогтоох
  3. Эмч сувилагчийн дундах сүрьеэгийн халдварт өртөх эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх
  4. Эмч сувилагчдыг сүрьеэгийн халдвар, өвчлөлөөс сэргийлэх арга замыг боловсронгуй болгох

Материал арга зүй

Хамрах хүрээ

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа анхдагч, хоёрдогч, гуравдагч шатлалын эрүүл мэндийн байгууллагуудаас санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгон судалгаанд хамруулсан.

Түүврийн хэмжээ ба түүвэрлэсэн арга

Судалгаанд хамрагдах түүврийн хэмжээг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шатлал бүрт одоо ажиллаж байгаа их эмч, сувилагчийн тоонд үндэслэн тооцсон.

Эмч: Судалгаанд хамруулах их эмчийн тоог Улаанбаатар хотод ажиллаж байгаа нийт 4565 их эмчийн дунд сүрьеэгийн халдварын тархалтын түвшин 54% гэсэн таамаглалыг ашиглан тооцоолол хийхэд 423 байсан.

Сувилагч: Судалгаанд хамруулах сувилагчийн тоог Улаанбаатар хотод ажиллаж байгаа нийт 4396 сувилагчийн дунд тооцоолоход (сүрьеэгийн халдварын тархалтын түвшингийн таамаглал 43%) 417 сувилагч, буюу нийт түүврийн хэмжээ 840 байсан.

Үүнээс судалгаанд хамрагдах эмч, сувилагчдын тоог шатлал бүрт пропорцын аргаар тооцоолоход анхдагч шатлалаас 81 их эмч 51 сувилагч, хоёрдогч шатлалаас 109 их эмч 105 сувилагч, гуравдагч шатлалаас 166 их эмч 185 сувилагч, бусад (Хорих, Шүд Эрүү Нүүр Эмгэг Судлалын Төв, Амаржих газар) эмнэлгээс 67 их эмч 76 сувилагчийг тус тус судалгаанд хамруулахаар тооцоолсон.

Судалгааны мэдээ материал цуглуулсан аргууд

Судалгаанд тоон ба чанарын судалгааны аргуудыг хослуулан хэрэглэсэн. Энэхүү өгүүлэлд тоон судалгааны үр дүнгээс танилцуулж байна.

Тоон арга

Мэдээлэл цуглуулсан тоон арга буюу тусгайлан боловсруулсан стандарт асуумжийг ашиглан эмч, сувилагчдын дундах сүрьеэгийн халдвар, өвчлөл, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх судалгааг хийсэн.

Стандарт асуумж нь ерөнхий хэсэг, хүн ам зүйн үзүүлэлт, хувь хүний зан үйл, ажил мэргэжил, сүрьеэгийн халдвар, өвчлөл, амьсгалын замын халдвараас сэргийлэх, хувь хүний эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл гэсэн бүлэгтэй байсан.

Судалгаанд хамрагдсан эмч, сувилагчийн сүрьеэгийн халдвар авсан эсэхийг туберкулины сорилоор тогтоосон.

Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн

Эмч, сувилагчдын сүрьеэгийн халдварыг тогтоох

Судалгаанд хамрагдсан эмч, сувилагчдын сүрьеэгийн халдвар авсан эсэхийг туберкулины сорилоор тогтоосон. Туберкулины сорилыг Мантугийн аргаар арьсан дотор тарьж хэрэглэсэн. ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн Тандалт Судалгааны Албаны туберкулины сорилын сувилагч болон Улаанбаатар хотын дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн сүрьеэгийн диспансерийн сувилагч тавьж, дүгнэлт гаргасан.

Судалгааны ёс зүйн асуудал

ЭМШУИС-ийн Био-Анаагахын Ёс Зүйн Хяналтын салбар хорооны хурлаар судалгааны арга аргачлалыг хэлэлцүүлж судалгаа явуулах ёс зүйн зөвшөөрөл авч, таниулцсан зөвшөөрлийн хуудаст гарын үсэг зуруулж судалгаанд хамруулсан.

Статистик боловсруулалт Судалгааны мэдээг компьютерт “EPIINFO 7.0” программыг ашиглан шивж оруулах зааварчилгаа кодыг нэг судлаач гаргасны дагуу, хоёр судлаач тоон мэдээг зэрэгцүүлэн оруулж, алдааг шалгасан. Судалгааны мэдээллийн боловсруулалт хийх ажиллагаанд “EPI-INFO 7.0”, “SPSS-20” програмыг ашигласан.

Сүрьеэгийн халдварын тархалтыг хувиар илэрхийлж, 95.0%-ийн итгэх интервал [C.I.]- ыг тооцсон. Хувьсууруудын тархалтын хэвийн эсэхийг тодорхойлсоны дараа үзүүлэлтийн хоорондын ялгааг тооцоход хувиар илэрхийлэгдсэн хувьсууруудад Пирсоны хи квадратыг ашиглан тооцсон ба Р утга 0.05- аас бага байх тохиолдолд ялгааг статистик үнэн магадлалтай гэж үзсэн. Сүрьеэгийн халдварт нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлоход хамааралт ба үл хамааралт хувьсууруудын хооронд нэг ба олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээг хийж харьцуулсан харьцаа (OR), түүний 95.0% -ийн итгэх интервалыг тооцсон.

Үр дүн

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй анхдагч, хоёрдогч, гуравдагч шатлалын эрүүл мэндийн байгууллагын 844 эмч, сувилагчийг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгож судалгаанд хамруулсан. Судалгаанд хамрагдсан 844 эмнэлгийн мэргэжилтний 440 хүнд туберкулины сорил эерэг тодорхойлогдсон бөгөөд эмч, сувилагчдын дунд сүрьеэгийн халдварын тархалт 52.1% (CI: 48.8%; 55.5%)- тай байна. Сүрьеэгийн халдварын тархалт эмч нарын дунд 53.1% (CI:48.0%; 58.0%), сувилагч нарын дунд 51.4% (CI: 46.7%; 58.9%)-тай байна (p=0.62). Халдвар авсан хүн бүр сүрьеэгээр өвчлөх эгзэг харилцан адилгүй байдаг. Бид судалгаанд оролцогчдоос ямар нэг эмгэг хавсарсан байгаа талаар асуумжаар авч сүрьеэгийн халдварын тархалтыг тооцоолж үзсэн. Энэхүү асуумж судалгааны үр дүнг доорх хүснэгтүүдэд харуулав.

Сүрьеэгийн халдварын тархалтыг биеийн жингийн индекстэй холбож судлахад бага жинтэй оролцогчдын дунд 60% (CI:35.7%; 80.1%), илүүдэл жинтэй 53.7% (CI:49%; 58.4%), хэвийн жинтэй оролцогчдын дунд 50.1% (CI:62.2%; 98.3%)-тай байна (p=0.48).

Судалгаанд хамрагдсан эмнэлгийн мэргэжилтний 94% нь ямар нэг хавсарсан эмгэгтэй гэж хариулсан байна. Эдгээр хүмүүсийн дунд сүрьеэгийн халдварын тархалт 52.6% (CI:49.1%; 56%)-тай байна (p=0.23) [Хүснэгт 1].

Халдвар авсан хүн бүр сүрьеэгээр өвчлөх эгзэг харилцан адилгүй байдаг. Судалгаанд ямар нэг хавсарсан эмгэгтэй байх нь сүрьеэгийн халдварт нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болож байгаа эсэхийг доорх хүснэгтүүдэд харуулав.

Судалгаанд хамргдсан эмч, сувилагчийн 27% нь амьсгалын тогтолцооны ямар нэг хавсарсан эмгэгтэй гэж хариулсан байна.

Гуурсан хоолой тэлэгдэх өвчтэй эмч, сувилагчдын дунд сүрьеэгийн халдварын тархалт 66.7% (OR=1.6 [95% CI: 0.3-9.2]) байгаа нь ач холбогдол бүхий ялгаа байхгүй байна (p=0.54) [Хүснэгт 2].

Бидний судалгаанд хамрагдсан эмч, сувилагчдын 60% нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны талаас нэг болон нэгээс дээш хавсарсан эмгэгтэй гэж хариулсан байна. Элэг цөсний эмгэгтэй гэж хариулсан эмч, сувилагчдын дунд сүрьеэгийн халдварын тархалт 54.9% (OR=1.2[95% CI: 0.8-1.7]), ходоодны архаг үрэвсэл 54.6% (OR=1.2[95% CI: 0.8-1.7])- тай байна (Хүснэгт 3).

Бидний судалгаанд хамрагдсан эмч, сувилагчийн 50.2% нь шээс бэлгийн эрхтэн тогтолцооны талаас нэг болон нэгээс дээш хавсарсан эмгэгтэй гэж хариулсан байна. Гломерулонефриттэй гэж хариулсан эмч, сувилагчийн дунд сүрьеэгийн халдварын тархалт 62.5% (OR=1.6[95% CI:0.3-6.8])-тай байна [Хүснэгт 4].

Судалгаанд хамрагдсан эмч, сувилагчдын 60% нь зүрх судас, үе мөчний талаас нэг болон нэгээс дээш хавсарсан эмгэгтэй гэж хариулсан байна. Судас хатуурах эмгэгтэй гэж хариулсан эмч, сувилагчдын дунд сүрьеэгийн халдварын тархалт 56.8% (OR=1.2[95% CI: 0.6-2.4])-тай байна [Хүснэгт 5].

Энэхүү судалгаанд хамрагдсан 844 эмч, сувилагчийн 26.2% нь ямар нэг архаг халдварт өвчтэй гэж хариулсан байна. Бидний судалгаанд хамрагдсан эмч, сувилагч цусаар дамждаг вирүст гепатитын халдвар тээгч гэж 24.4% хариулсан байна [Хүснэгт 6].

Судалгаанд хамрагдсан эмч, сувилагчдын 9.6% нь цус багадах эмгэгтэй гэж хариулсан бөгөөд сүрьеэгийн халдварын тархалт 49.4% (OR=0.83[95% CI: 0.5-1.3])-тай (p=0.45) байна [Хүснэгт 7].

Бидний судалгаанд хамрагдсан 844 эмч, сувилагчдын 2.8% нь ямар нэг хавдрын эмгэгийн улмаас эмчилгээ хийлгэсэн гэж хариулсан байна. Эдгээр эмч, сувилагчдын дунд сүрьеэгийн халдварын тархалт 58.3% (OR=1.3 [95%CI: 0.5- 3.0])-тай байна [Хүснэгт 8].

Манай судалгаанд хамрагдсан эмч, сувилагчийн 4.6% нь дотоод шүүрлийн талаас ямар нэг эмгэгтэй гэж хариулсан байна.

Чихрийн шижинтэй эмч, сувилагчдын дунд сүрьеэгийн халдварын тархалт 52.9% (OR=1.0[95% CI: 0.3-2.6])-тай байна [Хүснэгт 9].

 

 

Судалгаанд 756 эмэгтэйчүүд хамрагдсан бөгөөд 7% нь эмэгтэйчүүдийн ямар нэг эмгэгтэй гэж хариулсан байна. Эдгээр оролцогчдын дунд сүрьеэгийн халдварын тархалт 66% (OR=1.8[95% CI: 1.0-3.4 ])-тай байна [Хүснэгт 10].

Манай судалгаанд хамрагдсан 844 эмч, сувилагчийн 35.5% нь ямар нэг эмгэгийн улмаас мэс засал хийлгэсэн байна. Гүйлсэн булчирхай авахуулах мэс засал хийлгэсэн эмч, сувилагчдын дунд сүрьеэгийн халдварын тархалт 54.2% (OR=1.0[95% CI:0.5-1.9])-тай байна. Харин мухар олгой авахуулах мэс засал хийлгэсэн эмч, сувилагчийн дунд сүрьеэгийн халдварын тархалт 53.3% (OR=1.0[95% CI: 0.7- 1.4])-тай байна.

'

Дүгнэлт

Судалгаанд сонгож авсан хавсарсан эмгэгүүд нь сүрьеэгийн халдварын тархалтанд статистик ач холбогдол бүхий эрсдэлт хүчин зүйл болохгүй байна.

Ном зүй

1. Дэйвид Л. Хейманн. Халдварт өвчний хяналтын лавлах. 18 дахь хэвлэлийн монгол орчуулга. Улаанбаатар; 2010. х.XXIX-XXX, 380-393.
2. Kent A, Sepkowitz, Leon Eisenberg. Occupational deaths among healthcare workers. Emerg Infect Dis. 2005; 11(7)1003-1008.
3. Stephanie Z, Henry M, Blumberg. Nosocomial transmission of Mycobacterium tuberculosis: Role health care workers in outbreak propagation. Journal of Infectious Diseases.1995; 172:1542-9.
4. Эмч, сувилагчийн дундах сүрьеэгийн халдварлалт, өвчлөл, эрсдэлт хүчин зүйл судалгааны тайлан. Улаанбаатар. Экимто; 2012.x.16-22.
5. Нямдулам Б, Буянхишиг Б, Наранзул Д, Цолмон Б, Дэлгэрмаа В. Сүрьеэгийн халдвартай материалын халдваргүйтгэл, ариутгал, устгалын технологийн үнэлгээ хийх эрэлт хэрэгцээ. Нийгмийн эрүүл мэндийн онол практикийн II бага хурлын эрдмийн бүтээлийн товчоон. 2012; 189-190.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Cэтгүүлийн зөвлөлийн гишүүн, анагаах ухааны доктор М.Алтанхүү


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1194
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК