Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 4(53)
Эрүүл мэндийн дэлхий дахины хэтийн төлөв
( Лекц )

Бутрос-Пьер Мансуриан

ДЭМБ-ын Эрдэм судлалын бодлогын зохицуулалт хариуцсан орлогч захирал асан

 

Үргэлжлэл, Эхний хоёр хэсэг нь манай сэтгүүлийн 2013 оны №1(50), №3(52) дугаарт нийтлэгдсэн

 

  1. Удиртгал
  2. Тодорхойлолтууд ба асуудлын хамрах хүрээ
  3. Эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд
  4. Эрүүл мэндийг хэмжихүй
  5. Эрүүл мэндийн Дэлхий дахины асуудал
  6. Эрүүл мэндийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийн тухай товчхон
  7. Дүгнэлт

Товч агуулга

Эрүүл мэнд гэгч зөвхөн өвчин эмгэггүй байхын нэр биш юм. Эрүүл мэнд гэгч олон талт үзэгдэл бөгөөд “хүний бие, оюун санаа болон нийгмийн сайн сайхан байдал” нь Дэлхий нийтийн эко-системтэй нийцэн зохицолдсон байх нөхцлийг шаарддаг. Энэ өгүүлэлд эрүүл мэндийн үндсэн тодорхойлолтууд ба гол чиглэлүүдийн тухай өгүүлэх бөгөөд эрүүл мэндийн тоон үзүүлэлтүүдийг хүний үйл ажиллагааны бусад салбаруудтай холбон авч үзэхэд онцгойлон анхаарах юм. Мөн эрүүл мэндийн одоогийн тулгамдсан асуудлуудыг тусгайд нь тайлбарлан оруулсан болно.

Зохиогчийн товч намтар

Доктор Бутрос-Пьер Мансуриан Египетийн Кайрын их сургууль, Швейцарийн Лозанны их сургуулийн ангаах ухааны факультетэд суралцан төгсчээ. Төгсөлтийн дараахи сургалтанд тэрээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондонгийн их сургуульд био-анагаахын инженерчлэл, нейро-физиологи, эпидемиологийн чиглэлээр суралцаж, судалгаа хийсэн байна.

Доктор Б.-П.Мансуриан 1969 онд ДЭМБ-ын Эпидемиологи, Коммуникацийн Судалгааны багт судлаачаар анх орж, 1998 онд тэтгэвэрт гартлаа ДЭМБ-ын Шинжлэх ухаан- технологийн албаны дарга, Судалгаа, хөгжлийн газрын дарга, Эрдэм судлалын бодлогын зохицуулалт хариуцсан орлогч захирлын албан тушаалд ажиллаж байжээ. Тэрээр 1980-1990-ээд онд ДЭМБ-ын эрдэм судлалын гол зөвлөх байгууллага болох Эрүүл мэндийн судалгааны зөвлөх хорооны нарийн бичгийн даргаар ажил үүргийн дагуу хавсран ажиллаж, ДЭМБ-ын Эрүүл мэндийн эрдэм судлалын үндсэн баримт бичгүүдийг боловсруулах, ДЭМБ-ын хөтөлбөрүүдэд сансрын алсын зайн тандалт, компьютерт загварчлал, зохиомол оюун ухаан зэрэг шинжлэх ухааны тэргүүн шугамд гарсан ололтуудыг ашиглах, нэвтрүүлэх хэрэгт жинтэй хувь нэмэр оруулсан юм.

Доктор Б.П.Мансуриан нейрофизиологи, анагаах ухааны мэдээлэл зүй, системийн анализ, эпидемиологи зэрэг олон салбарын чиглэлээр олон бүтээл хэвлүүлсэн бөгөөд АНУ-ын Цахилгааны ба Электроникийн Инженерийн Институтийн гадаад гишүүн, Бельгийн Вангийн Шинжлэх Ухааны Академийн гадаад гишүүн, Лондон хотын Институтийн гадаад гишүүн, Их Британи, Хойд Ирландын Нэгдсэн Ванит Улсын Анагаах ухааны Вангийн нийгэмлэгийн гишүүн, АНУ-ын Нью Йоркийн Шинжлэх ухааны академийн гишүүн, Америкийн Нийгмийн эрүүл мэндийн холбооны гишүүн, Олон улсын эпидемиологийн холбооны гишүүн юм.


3. ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦОО

Хүн амд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх алба буюу эрүүл мэндийн тогтолцоо нь олон зууны түүхтэй боловч үндэсний эрүүл мэндийн тогтолцоо одоогийн төрхөөрөө хөгжин дэвжихэд ДЭМБ ихээхэн нөлөө үзүүлсэн юм. Үндэсний эрүүл мэндийн тогтолцоо нь эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин эмгэгийг оношлож, эмчлэн эдгэрүүлэх замаар хүн амдаа эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. ДЭМБын чуулганы “Бүх нийтээрээ эрүүл байхын төлөө” тогтоол (1977), Алма-ата хотноо хуралдсан (1978) Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн асуудлаархи Олон улсын бага хурлаас гаргасан Тунхаглал нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, өрхийн эрүүл мэдийн үйлчилгээнд тулгуурласан Дэлхийн улс орнуудын үндэсний эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэхэд дорвитой тус нэмэр болсон гэдгийг энд цохон тэмдэглэх ёстой. Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, тэгш байдалд санхүүгийн доголдол ноцтой нөлөөлж, иргэдийн тэгш эрх, ёс зүйн зарчмуудыг хэрэгжүүлэхэд саад учруулдаг тул эрүүл мэндийн тогтолцоог санхүүжүүлэхэд олон төрлийн эх үүсвэр ашиглах шаардлагатай болдог. Эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж нь (төлбөрийн хэмжээнээс эрүүл мэндийн үйлчилгээний чанар хамаардаг зах зээлийн тогтолцооны нөхцөлд) нэг талаас хэрэглэгчийн төлбөрийн чадвараас хамаарах ёстой боловч, нөгөө талаар (хүний эрхийн түгээмэл тунхаглалын зарчмаар бол) төлбөрийн чадвараас үл хамаарах ёстой амьд явах эрх нь зөрчигдөхөд хүрдэг. Орчин цагийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ улам бүр өндөр өртөгтэй болон тэлж байгаа нь эрүүл мэндийн үйлчилгээний сул зардлыг багасгах, эдийн засгийн үр ашгийг нь дээшлүүлэх асуудлыг улам бүр хүчтэй тавих хэрэгтэй болгож байна.

Нэг талаас Дэлхийн хүн ам улам бүр урт наслах болж байгаа, нөгөө талаар одоогийн эмнэлгүүд нь урт удаан хугацааны асаргаанд тохиромж муутай тул настанд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд тохиромжтой шинэ хэлбэрийг эрж хайх шаардлагатай юм. Улс орон бүрийн нөхцөл байдал өөр юм болохоор энэ чиглэлд бүх улс орон бүрт тохирсон нэг арга зам байхгүй. Гэхдээ архаг хууч өвчтэй настнуудыг удаан хугацаанд асрамжлах тусдаа үйлчилгээ байх ёстой гэдэг нь одоо нийтэд тодорхой болж байна.

Орчин үеийн нийгэмд мэдээллийн үүрэг роль улам бүр өсөн нэмэгдэж буйтай холбоотойгоор эрүүл мэндийн үйлчилгээний нэр төрөл, үнэ өртөг, чанарын тухай хүн амд үнэн зөв, хүртээмжтэй мэдээлэл түгээх асуудал бас чухалчлагдах боллоо. Эрүүл мэндийн үйлчилгээний үнэ өртөг өсөн нэмэгдэх хандлага нь эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг бууруулах ёсгүй бөгөөд энэ зөрчлийг шийдвэрлэхэд зах зээлийн механизмуудыг зөвөөр ашиглах эрэл хайгуул шаардлагатай байна. Эрүүл мэндийн үйлчилгээний чанарын доголдлоос улбаалан хүн амд эрүүл мэндийн болон эдийн засгийн хохирол учирсаар байгаатай бид тэмцэх ёстой. Анагаах ухаан, нэн ялангуяа молекул биологи, генийн инженерчлэлийн шинэ ололт амжилт нь өвчин эмгэгийг, ялангуяа ХБӨ-ийг оношлох, эмчлэн эдгэрүүлэх арга, технологийг улам бүр боловсронгуй болгосоор байгаа боловч, үнэ өртөг, ёс зүйтэй холбогдсон шинэ бэрхшээлийг ч бий болгож буйг бас мартаж болохгүй (A.Wojtczak).

3.1. Эрүүл мэндийн анхан шатны тусламж

ДЭМБ 1977 оны жилийн чуулганаасаа ДЭМБ болон гишүүн орнуудын Засгийн газруудын 2000 хүртлэх зорилт нь “Дэлхийн нийт хүн ам нийгмийн болон эдийн засгийн хувьд үр бүтээлтэй амьдарч болох эрүүл мэндийн нөхцлийг бий болгох явдал байх болно” гэж тунхагласан тогтоол гаргасан билээ. “Бүх нийтээр эрүүл байх” (БНЭ – HFA: Health For All) энэ уриалга нь эрүүл мэндийн үйлчилгээнд нийгмийн тэгш байдлын зарчмыг гол баримтлалаа болгож, “хүн бүрт эрүүл мэндийн боломжит түвшинг хангах” зорилт тавьсан юм. Гэвч энэ зорилт нь зарим хүмүүст “хүн бүрийг эрүүл байлгах боломжтой юу?”, “Боломжтой бол хэрхэн энэ зорилтыг ханган биелүүлэх вэ?” гэсэн эргэлзээ төрүүлэхэд хүргэсэн бөгөөд одоо ч үргэлжилсээр байна. Үүнд “эрүүл мэндийн анхан шатны тусламж(ЭМАШТ - PHC: Primary Health Care)”-ийн түвшинд боломжтой гэж хариулж болох юм. 1978 онд ДЭМБ НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Алма-ата хотноо ЭМАШТ-ийн асуудлаар тусгай бага хурал зарлан хуралдуулж, “эрүүл мэнд бол хүний суурь эрхийн нэг” бөгөөд “хүн бүр энэ эрхээ хэрэгжүүлэх гол арга зам нь ЭМАШТ мөн болно” хэмээн тунхагласан билээ (A.Piel).

3.2. Эрүүл мэндийн үйлчилгээний чанарын баталгаажилт

Эрүүл мэндийн үйлчилгээний олон хувилбаруудын чанарын асуудал, тухайлбал, эмчилгээ оношлогооны үйлдэл, хэрэглэж буй арга, багаж, оношлуурын өвчин эмгэгийг илрүүлэх чадвар, шинжлэх ухааны болон мэрэгжлийн ур чадварын түвшин зэрэг нь эрүүл мэндийн удирдлага болон олон нийтийн анхаарлын төвд байдаг асуудал юм. Эрүүл мэндийн үйлчилгээний чанар доголдох нь өвчтөний эрүүл мэндийн хувьд ч, ёс зүйн хувьд ихээхэн хортой үр дагавартай, эрүүл мэндийн мэргэжлийн нэр төрд халгаатай асуудал болно. Эрүүл мэндийн үйлчилгээний чанарын асуудлыг заримдаа, харамсалтай нь, өвчтөнийг эрүүл мэндийн үйлчилгээний санхүүгийн дарамтаас хамгаалах асуудалтай хутгаж ойлгох нь бий. Эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг хангах асуудлыг авч үзэхдээ эдийн засгийн үр ашгийг голлон анхаарах хандлага байдаг нь нэг талаас ашиглаж буй багаж, төхөөрөмж, эм урвалжийнхаа өртгийг дагаад эрүүл мэндийн үйлчилгээний өртөг байнга нэмэгдэх хандлага, нөгөө талаас, эрүүл мэндийн салбар дахь хөрөнгө, нөөцийн мөнхийн гачигдал хоёрын зөрчлөөс л ерөнхийдөө болдог. Үнэн хэрэгтээ бол эрүүл мэндийн үйлчилгээний чанарын баталгаажилтын амин сүнс нь хүний эрүүл мэндийг л хамгаалах асуудал, байгаа хөрөнгө, нөөцийн хүрээнд үзүүлж болох хамгийн дээд зэргийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх явдал болно. Тиймээс эрүүл мэндийн үйлчилгээний чанарын баталгаажилт нь эрүүл мэндийн бодлого, технологийн стандартын түвшин, аюулгүй байдал, үр ашгийг судлан цаашид боловсронгуй болгон сайжруулах арга замыг зааж өгөх үүрэгтэй. Гэвч эрүүл мэндийн шийдвэр гаргагсадын хувьд бол хөрөнгө, нөөцийн хязгаарлагдмал бололцоонд яаж өндөр түвшний чанартай үйлчилгээ үзүүлэх вэ гэдэг асуудлыг өдөр тутам шийдэх хэрэгтэй болдог.

АНУ-ын Анагаах ухааны академийн тодорхойлсноор бол эрүүл мэндийн үйлчилгээний чанар гэдэг нь “хувь хүнд болон хэсэг бүлэг хүнд үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээ нь мэргэжлийн мэдлэгийн өндөр түвшинд, хэрэглэгчийн эрүүл мэндийн хүссэн хэмжээнд тохирч байхыг хэлнэ”. Чанарын өндөр түвшинд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж нь хүссэн түвшний эрүүл мэндийн үр дүнд хүргэх илүү магадлалтай гэдэгт чанарын баталгаажилт суурьлах ёстой. Эрүүл мэндийн үйлчилгээний чанарын баталгаажилтын тогтолцоо нь үйлчилгээний бүх шат, бүрдэл хэсэгт технологийн стандартын хэрэгжилтийг үнэлэх, хянах, уг тогтолцоонд оруулсан санхүүгийн болон оюуны хөрөнгө оруулалтыг хамгийн үр дүнтэй ашигласан байхад чиглүүлэн сайжруулах, шаардлагатай бол өөрчлөлт хийх эцсийн зорилготой. Стандартын шаардлагад хүрээгүй үзүүлэлтүүдийг шинжлэх ухааны үндэстэй, удирдлагын албадлагын аргаар засаж залруулах нөхцлийг хангах нь чанарын баталгаажуулалтын тогтолцоо хүссэн үр дүндээ хүрэх гол нөхцөл болно. Эрүүл мэндийн чанарын баталгаажилтын тогтолцооны өөр нэг гол нөхцөл бол байнгын тандалтын үндсэн дээр дүн шинжилгээ хийж буй үзүүлэлтийнхээ өөрчлөлт болгоныг нягт нямбай судлаж байх явдал болно (J.Szczerban).

3.3. Сэргийлэх, оношлох, эмчлэх технологи

Эрүүл мэндийн үйлчилгээ, судалгааны аль аль нь өдөр бүр улам бүр нарийн төвөгтэй болж байна. Улс орон бүрийн эрүүл мэндийн тогтолцооны бүтэц, зохион байгуулалт өөр өөрийн онцлогтой, эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд ашиглаж буй багаж төхөөрөмж улам олон төрөл, улам нарийн төвөгтэй болж байна. Тийм ч учраас нэг улс оронд өндөр үр ашигтай байгаа технологи өөр улс оронд сөрөг үр дагавартай байх боломжтой. Энэ нь Дэлхийн олон улс орны өөр өөрийнх нь онцлогт хамгийн сайн тохирох технологийг сонгох судалгааг эрүүл мэндийн албаны нэгэн чухал асуудал болгож байгаа юм.

Хүний геномын болон мэдээллийн технологийн дэвшил, хүний биед хорт нөлөөгүй шинэ нийлэг бодис, эм бүтээх судалгааны үр дүн эрүүл мэндийн үйлчилгээний практикт нэн хурдан нэвтрэх болж байна. Энэхүү технологийн дэвшил нь хүний өвчин эмгэгийг оношлох, эмчлэн эдгэрүүлэх бололцоог улам бүр тэлэх болно. Гэхдээ эрүүл мэндийн үр өгөөж, эдийн засгийн үр ашгаараа хамгийн өгөөжтэй шинэ бүтээгдэхүүнүүд нь халдвартай болон халдваргүй өвчний эсрэг вакцинууд байх болно (C.Heuck).

3.4. Эрүүл мэндийн технологийн үнэлгээ

Эрүүл мэндийн технологийн үнэлгээ (ЭМТҮ) нь эрүүл мэндийн шинэ технологийн аюулгүй байдал ба дэвшилттэй талыг баталгаажуулах зорилготой бөгөөд илүү өргөн утгаар нь авч үзвэл шинэ технологийг эрүүл мэндийн практикт нэвтрүүлэх боломж, нөхцөл, үр дагаварыг судлан тогтоох явдал гэж хэлж болно. Тиймээс үнэлгээ нь асуудлыг эмнэлзүйн, эпидемиологийн, эдийн засгийн болон нийгэм-хууль эрх зүйн талаас нь авч үзэх шаарлагатай болдог. ЭМТҮ нь эхлээд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтрүүлэх зорилготой бүлэг, хүрээлэн хэлбэрээр бий болсон юм. Эрүүл мэндийн технологийн асар хурдан дэвшил, зах зээлийн өрсөлдөөн нь онолын нэгдсэн суурь үндэслэлгүй, янз бүрийн бүтэц, бүрэлдэхүүнтэй ЭМТҮ-ийн нэгжүүд олноор үүсэн бий болоход хүргэсэн байна. ЭМТҮ нь тухайн технологийн үр ашиг, давуу талыг баталгаажуулах мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх хэлбэрээр шийдвэр гаргагсадад тусламж үзүүлэх зорилго тавьдаг. Яваандаа ЭМТҮ хийдэг нэгжүүд нь технологи бүрээр дагнасан системчилсэн судлагааг тогтмол хийдэг, гэхдээ хяналтын бүлэг бүхий тохиолдлын сонголтын үр дүнд суурьлах хандлагатай болж байна.

Ийм ЭМТҮ нь хэвлэлийн тойм судалгаануудад орхигдсоныг нөхөн баяжуулах сайн эх сурвалж болдог. Сүүлийн үед стратегийн ЭМТҮ гэгчийг бас хийх болж байна. Ийм үнэлгээ нь асуудлыг зөвхөн анагаах ухаан, эрүүл мэндийн үр дүн талаас нь бус, бас эрүүл мэндийн тогтолцооны судалгааны шинэ аргууд болох эрүүл мэндийн бодлогын болон нийгэм-улс төрийн үр дагавар, нөлөө талаас нь авч үздэгээрээ онцлог юм. Ийм үнэлгээнд тухайн асуудал улс төрийн хүчнүүдийн үзэл баримтлал, эрүүл мэндийн бодлого, анагаахын мэргэжлийн болон нийгмийн бүлгүүдийн хүлээж авах боломжийг тусгахыг эрмэлздэг. Мөн асуудлын эдийн засгийн болон байгаль орчны үр дагаварыг ч урьдчилан харах оролдлого хийдэг.

Эрүүл мэндийн технологийн дэвшингүй хөгжил, зах зээлийн өрсөлдөөн, үнэлгээний аргуудын дэвшил нь эрүүл мэндийн үйлчилгээнд үр дүн сайнтай, хүнд ээлтэй технологууд эрчимтэй нэвтрэх үндэс суурь болох нь эргэлзээгүй (A.Kazanjian).

3.5. Эрүүл мэндийн телематик, түүний нийгмийн холбогдол

Эрүүл мэндийн үйлчилгээг алсын зайнаас хэрэгжүүлэхэд мэдээлэл-харилцааны технологийг ашиглах асуудлыг судлан шийдвэрлэдэг технологийн салбарыг эрүүл мэндийн телематик (ЭМТ) хэмээдэг. Харин халдварт өвчний дэгдэлтийн түгшүүр г.м.-ийг зарлан сонордуулахад мэдээллийн хэрэгслийг ашиглахыг үүнд оруулан тооцдоггүй. Гэхдээ ЭМТ нь эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой зааварчлагааг телеграф, телефон, радио ашиглан өгөхөөс эхлэснийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. ЭМТ нь эрүүл мэндийн холбогдолтой материаллаг болон санхүүгийн хангалт хийхтэй бас холбогдолгүй бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг алсын зайнаас гүйцэтгэх технологийн асуудлыг л авч үздэг.

ЭМТ бол хүн амын эрүүл мэндийг хамгаалахад хэрэглэж эхэлж байгаа хамгийн шинэ, өндөр эрэмбийн технологийн нэг болно. Хүн амын эрүүл мэндийг тогвортой сайжруулахад үр дүнтэй ашиглахын тулд ЭМТ-ийн шийдлийг аливаа өндөр эрэмбийн технологийн адилаар сайтар боловсруулсан бодлого, төлөвлөгөөний үндсэн дээр л хэрэгжүүлэх шаардлагатай. ЭМТ-ийг эрүүл мэндийн тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг, гэхдээ 21 дүгээр зууны эрүүл мэндийн албаны нүүр царай болох шинэ хүчирхэг хэрэглүүр гэдэг талаас нь бодож нэвтрүүлэх ёстой.

ДЭМБ ЭМТ-ийг “хүн амын эрүүл мэнд аж төрөх ёсыг дэмжих, тэдэнд эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлэх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үзүүлэх, эрүүл мэндийн албыг удирдах, анагаахын судалгаа шинжилгээ хийх зорилгоор эрүүл мэндийн холбогдолтой үйл ажиллагаа, үйлчилгээ, судалгааг мэдээлэл-харилцааны технологийг ашиглан алсаас хэрэгжүүлэх тогтолцоо” хэмээн тодорхойлсон байна. Тиймээс ЭМТ-ийг телеанагаах, теле-боловсрол, теле-удирдлага, телесудалгаа г.м. дэд салбаруудад хуваан үзэж болно. Гэхдээ өвчин, эмгэгийн оношлогоо эмчилгээг алсаас гүйцэтгэх теле-анагаах, мэргэжлийн болон хүн амын эрүүл мэндийн боловсролыг алсаас дээшлүүлэх теле-боловсрол хоёр нь хамгийн эхэнд анхааран хөгжүүлбэл зохих гол дэд салбарууд бөгөөд бусад дэд салбарууд нь энэ хоёр чиглэлийн дотор орж явж болно. Тиймээс одоогийн шатнаа ЭМТ гэдгээр эрүүл мэндийн дэд бүтэц сул хөгжсөн хязгаар нутгийн иргэдэд эмнэлгийн өндөр шатны тусламж үзүүлэх, тэнд ажиллаж буй мэргэжилтнүүдийг үүргээ гүйцэтгэхэд нь төвийн өндөр мэргэжлийн төвийн тэргүүлэх мэргэжилтнүүдээр нь шууд зөвлөлгөө өгүүлэх асуудал гэж ойлгодог (G.Brauer).

3.6. Гэрээр үзүүлэх, хөнгөвчлөх ба эцсийн шатны үйлчилгээ

Хөнгөвчлөх үйлчилгээ гэдэг нь тухайн цаг үеийн анагаах ухаан эмчлэн эдгэрүүлж чадахгүй өвчин, эмгэгтэй өвчтөний зовлон, шаналгааг сатааруулах эмчилгээний хэлбэр бөгөөд өвчтөний бие, сэтгэлийн шаналгааг эмийн болон эмийн бус аргаар сааруулахад чиглэсэн хам үйлчилгээ болно. Эмчлэн эдгэрүүлэх бололцоогүй өвчин, эмгэгтэй өвчтөн гэр орондоо байхыг ихэнхидээ илүүд үздэг. Сайн мэргэшсэн багийн хамтын хүчээр чадварлаг гүйцэтгэж чадвал үнэнхээр гэрээр үзүүлэх хөнгөвчлөх тусламж үйлчилгээ нь уг өвчтөндөө ч, гэр орныхонд нь ч илүү тааламжтай, эмнэлгийн үйлчилгээний өртөг зардлыг ч аль аль талаасаа багасгадаг зөв хэлбэр юм. Тэгээд ч одоо үед гэрээр хөнгөвчлөх эмчилгээнд ашигладаг эм, хэрэгслийн олдоц, үнэ өртөг ч ихэнхи улс оронд боломжийн түвшинд хүрсэн байна.

Өвчтөн болон гэр бүлийнхэн нь тухайн өвчин эмгэгийг бүрэн эмчлэн эдгэрүүлэх найдлагагүй, амьдрах хугацааг уртасгах эмнэлгийн арга хэмжээ авах нь ашиггүй гэж үзсэн үед тэдэнд амьдралын чанарыг нь дордуулахгүй байх, сэтгэл зүйн хийгээд оюун санааны дарамтаас хамгаалах зорилготой цогц арга хэмжээг хөнгөвчлөх үйлчилгээ гэнэ гэж ДЭМБ тодорхойлдог. Энэ үеийн эмнэлгийн үйлчилгээ нь өвчдөлт болон бусад бие, сэтгэлийн шаналгааг багасгах, сэтгэлзүйн тусламж үзүүлэхэд голлон чиглэдэг. Амьдрах хугацааг уртасгах зорилготой эмчилгээ хийх бололцоо шавхагдаж, ойрын хугацаанд өвчтөн нас барах нь гарцаагүй болсон үед үзүүлэх эмнэлгийн тусламжийг төгсгөлийн шатны үйлчилгээ гэдэг (Y.Singer).

4. ЭРҮҮЛ МЭНДИЙН ЁСЗҮЙН АСУУДЛУУД

Анагаахын ёсзүйн асуудлууд олон мянган жилийн түүхтэй боловч бие даасан био-этикийн сургаал үүсэн хөгжөөд удаагүй байна. Био-этик нь нийгмийн олон давхрагынхны үзэл бодлын зөвшилцлийн илэрхийлэл болох ёстой бөгөөд  өөр өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэн хэлэлцсэний дараа талуудын тохиролцож болох нэгдсэн ойлголтонд хүрэх явдал болно. Орчин үеийн анагаахын ёсзүй нь эртний эмч нарын өөрийгөө золиослосон нийгмийн хариуцлагын тухай уламжлалт хандлага (деонтологи), одоогийн нийгмийн харилцаанд ноёрхож буй прагматик үзлүүдийн (утилатарианизм) аль алийг харгалзан үзэхийг эрмэлздэг. Мөн ёсзүйн шийдэлд эмэгтэйчүүдийн дуу хоолойг илүү харгалзах хандлага (феминизм) нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, ерөнхийдөө талуудын үзэл бодлыг аль болох тэгш тусгасан зөвшилцөлд хүрэх замаар шийдэх явдал юм. Ингэхдээ бодгаль хүн бүрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангах, харин тийм бололцоо хязгаарлагдмал хэсгээ хүндлэх гэдэг зарчмыг баримтладаг. Бас нэг анхаардаг зарчим бол ёсзүйн шийдэл нь хүнд, ялангуяа өвчтөнд аль болох хор хохирол багатай байх, эрүүл мэндийн нөөц бололцоог хүн бүр тэгш хүртэх бололцоо олгох явдал болно.

Ёсзүйн анализ нь хүн хоорондын (микроэтик), нийгмийн бүлгүүд хоорондын (макро-этик), удирдах болон удирдуулах талуудын хоорондын (мезо-этик), улс хоорондын (мега-этик) гэх мэт олон түвшнийг хамардаг. Анагаахын ёсзүйн асуудлыг байнга хөнддөг салбарууд бол хүний нөхөн үржихүйн эрүүл мэнд болон хүн дээр хийх туршилт судалгаа болно. Ёсзүй, хууль тогтоомж хоёр бол нийгэм болон хувьхүний харилцааг зохицуулах хэрэглүүрийн хувьд хоорондоо нягт уялдаатай бөгөөд ихэнхидээ өөр хоорондоо тохирч байдаг. Гэхдээ тохирохгүй байх тохиолдол ч бас гардаг, өөрөөр хэлбэл, зарим тохиолдолд хуулийн дагуу гаргасан шийдвэр ёсзүйгүй байх юм уу, ёсзүйн шийдэл нь хуульд нийцэхгүй байх нь бий. Үүний тодорхой жишээ нь Засгийн газруудын хуулиар түрээ барьсан ёсзүйгүй шийдлүүд нь хорьдугаар зууны дунд үес тэр шийдвэрүүдийг нь эсэргүүцсэн хүний эрхийн хөдөлгөөн эрчимжихэд хүргэсэн явдал болно. Одоо бол ёсзүйн олон шаардлагууд нь нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн түгээмэл зарчмуудад тусгалаа олсон тул ихэнхи улс оронд уг зарчимд нийцсэн хууль эрхийн актууд боловсруулан батладаг болгожээ (B.Dickens).

4.1. Био-этик ба биотехнологи

Орчин үеийн биотехнологи нийгмийн олон асуудлыг хөндөх болж байгаагийн нэг нь ёсзүйн асуудал юм. Энэ нь биотехнологийн нэн эрчимтэй хөгжилтэй холбоотой бөгөөд шинэ үеийн биотехнологийн цоо шинэ бүтээгдэхүүнүүд нь учрыг нь ойлгоогүй будилагчид болон ашиг сонирхлын зөрчлөөс уламжлан эсэргүүцэгчдийн хоригтой тулгарч байна. Хэдүйгээр биотехнологийн хөгжил сөрөг хандлага бий болгохыг үгүйсгэх аргагүй боловч, одоо гарч буй зөрчил нь ихэнхидээ нийгмийн ёсзүйн хөгжил нь шинжлэх ухаан-технологийн үсрэнгүй хөгжлийн хурдцыг гүйцэхгүй байгаагаас болж байна. Тиймээс био-этикт биотехнологийн байр суурийг тодорхой болгох, түүний нийгэм, ёсзүй, хууль эрхийн нөлөө, харилцан үйлчлэлийг гүнзгийрүүлэн судлах шаардлага бий болж байна (A.Daar, P.A.Singer).

4.2. Мэргэжлийн ёс дэг ба ёсзүйн үзэл баримтлал

Мэргэжлийн ёс дэг нь олон мянган жилийн турш хүний нийгмийг иргэншүүлэх хүчин зүйлийн нэг болж ирсэн юм. Мэргэжлийн ёс дэг нь хүний оюун санааг гэгээрүүлэх зорилготой шашны ёс даяг, хичнээн ардчилсан журмаар ч сонгогдсон бай давамгайлагч улс төрийн үзэл бодлогын илэрхийлэл болсон хууль ёс хоёрын альнаас нь ч огт өөр дэг журам болно.Мэргэжлийн ёс дэг, мэргэжлийн ёсзүйн үзэл баримтлал бол зорилго, үнэт зүйлсээрээ нэгдсэн хүмүүсийн зөвшилцлөөр буй болж, ажил мэргэжлээр нь холбосон дэг журам юм. Эдгээр ёс дэг, үзэл баримтлалыг зөрчих нь мэргэжлийн үүргээ гүйцэтгэх эрхийг нь хасах хүртэл сахилгын шийтгэл юм уу, хэрэв хуулиар баталгаажсан дэг журамтай бол бол шүүхийн шийдвэрээр эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Эмч, эрүүл мэндийн ажилтнуудын мэргэжлийн ёс дэг, ёсзүйн үзэл баримтлал нь өвдсөн, зовсон хүмүүсийн төлөө өөрийгөө золиослох (альтруист) уриалгатай Хиппократын тангарагаас эхтэй боловч цагийн аясаар бас хувьсан өөрчлөгдөж ирсэн түүхтэй.

Эмч, эрүүл мэндийн ажилтнуудын мэргэжлийн ёс дэг, ёсзүйн үзэл баримтлал нь зарим улс оронд өөрийгөө золиослох уламжлалт зарчмыг хадгалсан хэвээр байхад, заримд нь цагийн аясаар үүссэн нийгмийн прагматизыг илүү тусгасан байдаг. Гэхдээ л аль ч улс оронд эмчийн үйл ажиллагаа эрхлэхийн тулд тангараг өргөх зэрэг мэргэжлийн ёсзүйн онцлог дэг журам баримтлах хэлбэр давамгайлсаар байна. Энэ ёс дэг нь зарим улс оронд өвчтэй хүний нэр төрийг хүндэтгэхийн тулд сахивал зохих наад захын шаардлагыг заасан прагматик заалттай байхад, зарим улс оронд эмчийн мэргэжил эзэмшигчдийг хүнийг өвчин зовлонгоос ангижруулахын тул бүхнээ зориулахыг уриалан дуудсан, идеальжуулсан хэлбэртэй байдаг байна.

Мэргэжлийн ёс дэг, ёсзүйн баримтлал нь хүнийг оролцуулсан судалгааны ажил хийх эсэхийг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой. Зарим оронд энэ ёс дэг нь хуулиар баталгаажсан журам байдаг бол, ихэнхи оронд шийдвэрийг судлаачид, судалгааны байгууллагуудын ёсзүйн хороо г.м. хамтын, зөвшилцсөн шийдвэр гаргадаг, итгэмжлэгдсэн, олон нийтийн байгууллага гаргадаг (B.Dicken).

4.3. Бие даасан байдал ба таниулсан зөвшөөрөл

Био-этикийн салбарт сүүлийн 30-40 жилд гарсан маргаангүй том дэвшил бол өвчтөн эмчтэй зөвшилцсөний үндсэн дээр эрсдэлтэй эмчилгээ хийлгэх эсэхээ өөрөө шийдвэрлэх эрхийг баталгаажуулсан явдал болно. Өөрөөр хэлбэл, сэтгэцийн хувьд эрүүл, өөрөө шийдвэр гаргах чадавхитай өвчтөнд эмч өөрийнх нь өвчин, эмгэг буюу эрүүл мэндийнх нь байдал, хийх гэж буй болон бусад байж болох эмчилгээний мөн чанар, давуутай болон эрсдэлтэй талуудыг үнэн зөвөөр тайлбарлаж, өөрөө шийдвэр гаргах бололцоо олгох болсон. Ийм шийдвэрийг өвчтөний “таниулсан (бүрэн) зөвшөөрөл” гэж нэрлэх болжээ. Сорил, туршилтын судалгаанд оролцох хүнээс мөн ийм “таниулсан зөвшөөрөл” авдаг бөгөөд зарим тохиолдолд, тавигдах шаардлага нь илүү хатуу байдаг (B.Abdussalam).

4.4. Эрүүл мэнд, ёсзүй, эрх тэгш байдал ба хүний нэр төр

Эрүүл мэндийн ёсзүйн асуудал сүүлийн жилүүдэд уламжлалт ёсзүй, био-этик, бодлогын ёсзүй, хүний эрхтэй холбогдсон ёсзүй г.м. хэд хэдэн үе шатыг дамжин хөгжсөн байна. Эрүүл мэндийн ёсзүйн үүднээс нийгмийн эрх тэгш байдлыг янз янзаар тодорхойлсон байх боловч, эрүүл мэндийн эрх тэгш байдлыг хангах үндсэн хоёр арга зам байна гэдэгтэй бүх судлаачид санал нэгддэг, үүнд: нэгдүгээрт, “эв санааны нэгдэл”-ийн зарчим, хоёрдугаарт, “хувь хүний эрх чөлөө”-ний зарчим. Харамсалтай нь, хоёрдугаар зарчмыг зөвхөн улс төрийн хувьд тогтвортой, баян чинээлэг нийгэмд л хэрэгжүүлэх боломжтой. Тиймээс одоогийн нийгэмд энэ хоёр зарчмын аль альныг харгалзсан эрүүл мэндийн тэгш байдлыг хангах бодлого хэрэгждэг. Хүний эрхийг эрхэмлэн дээдлэх зарчим улам бүр нийтийн хүлээн зөвшөөрсөн нөхцөл болж буй одоо цагт эрүүл мэндийн ёсзүйн зарчмуудыг хүний эрх, хүний нэр төрийг бүрэн хүндэтгэх зарчимд тулгуурлан улам бүр боловсронгуй болгох шаардлага өсч байна. Эрүүл мэндийн салбартай холбоотой нийгмийн бүх л үйл ажиллагаа, тухайлбал, улс төрийн тогтолцоо, эдийн засгийн нөхцөл, хүн ам зүйн өөрчлөлт, соёл-ёс заншлын олон хэвшинж, эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, экологийн тогтвортой байдал, шинжлэх ухаан-технологийн дэвшил, хүн амын эрүүл мэнд-өвчлөлийн хувьсан өөрчлөлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөг үнэлэхдээ ёсзүйн зарчмуудыг заавал харгалзан үзэж байх шаардлагатай болов. Шинэ мянганы хөгжлийн төлөв нь эрүүл мэндийн ёсзүйн зарчмуудыг хүний эрх чөлөө, хүний нэр төрийг бүрэн хүндэтгэх үндсэн дээр баталгаажуулах чиглэлээр анагаахын эрдэм судлалын болон хүний эрхийн байгууллага, хөдөлгөөнүүд нийгмийн бүлэглэлүүдийг дайчлан ажиллах талаар их юм хийх хэрэгтэй болгож байна.

Эрүүл мэндийн ёсзүйн асуудлаар дагнасан байгууллагууд бий болгож, эрүүл мэндийн үйлчилгээн дэхь хүний эрх тэгш байдал, хүний эрхийг шамшигдуулах, хүний нэр төрийг гутаах үзэгдлийг найдвартай тандах үзүүлэлт, мэдрэг тогтолцоо бий болгох шаардлага тулгамдсан асуудал боллоо. Энэ чиглэлээр шинэлэг судалгаа, олон улсын нягт хамтын ажиллагаа шаардагдаж байна. Хориннэгдүгээр зуун хүнтөрөлтөн олж авсан мэдлэгийнхээ үр дүнг эрх тэгш хүртэх ухаалаг зуун байх болно гэдэгт итгэж байна (M.Gabr).

5. ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭЛХИЙ ДАХИНЫ ТУЛГАМДСАН АСУУДЛУУД

Одоогийн ертөнцөд хүнтөрөлхтөний эрүүл мэндэд заналхийлж буй аюул осол нь Дэлхий нийтийн чанартай тул бид Дэлхий нийтээрээ тэмцэж байж л давж гарах учиртай. Эрүүл мэндийн “хуучин” асуудлууд ч шинэ хүчээр эргэн босч байна. Тэдгээрийн шалтгаан нь эрүүл мэндийн тогтолцооны дотор ч байна, гадна ч байна. Эрүүл мэндийн “шинэ” асуудлууд гэвэл: шинээр буюу сэргэн тархаж буй халдварт өвчнүүд, эмэнд тэсвэржсэн нян, хөдөө аж ахуй болон хүний үйл ажиллагааны бусад салбарт хэрэглэж буй химийн бодисууд хор болон хувирч буй, хүнс боловсруулалт, тээвэрлэлт, борлуултын шинэчлэлтэй холбогдсон эрүүл мэндийн асуудлууд, удамшлын “шинэ” өвчнүүд, өдөр тутмын амьдралын дэг жаяг, гэр бүлийн үнэт зүйлсийн өөрчлөлтөөс уламжилсан эрүүл мэндийн асуудлууд г.м. болно. Үүн дээр урьчилан тааварлахад улам бүр бэрх болж буй цаг уурын өөрчлөлт, хяналтаас гарч буй байгаль орчны бохирдол бас нэмэгдэнэ. Төвөг учруулсаар байгаа “хуучин” асуудлуудад: сүрьеэ зэрэг хяналтанд оруулж хүчрэхгүй байгаа хуучин халдварт болон шимэгчийн өвчнүүд, хүний амь нас, эрүүл мэнд хохироосон хүчирхийлэл, зам тээврийн осол, тамхины уршиг болсон өвчин эмгэг г.м. асуудал орно. “Амьдрах хэв маягтай холбоотой” хуучин өвчин эмгэг (хүчирхийлэл, донтох эмгэг г.м.) электрон болон хэвлэмэл мэдээлэл, өндөр хурдат харилцаа холбоо, тээврийн хэрэгсэл г.м. шинэ арга замаар тархах болж байна. Улс төржилт, коррупци, эд баялагийн шудрага бус хуваарьлалтаас улбаалсан эрүүл мэндийн хохирол ч нэмэгдэх хандлагатай байна. Мөн хөдөө аж ахуй эрхлэх, хүнс тэжээл үйлдвэрлэх шинэ аргууд нь эрүүл мэндийн таамаглах бололцоогүй үр дагавартай байх болно.

Глобальчлал, түүнийг дагалдсан эдийн засгийн бүтцийн глобаль өөрчлөлтүүд нь мөн л таамаглах бололцоогүй эрүүл мэндийн эрсдэл дагуулах боллоо. Ядуурал байсаар байх бөгөөд эрүүл мэндийн асар их хохирол дагуулна. Хүний эрхийн шаардлага нь эрүүл мэндийн үйлчилгээнд эрх тэгш байдлыг шаардах боловч түүнийг хангахаар гаргасан хүмүүнлэгийн болон хууль эрхийн актууд нь засгийн эрхийн төлөө улайран тэмцэлдэх бүлэглэлүүдийн хөлд талхлагдсаар байна. Энэ бүх тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Дэлхий нийтийн нийгмийн үзэл бодол, үнэт зүйлс, технологийн шийдлийг шинжлэх ухаанд үндэслэсэн глобаль аргаар эрс шийдвэртэй өөрчлөх шаардлага тулгарч байна. Хүний өвчин, эмгэгтэй тэмцэх ажлын амин сүнс нь хүн бүр хувийнхаа болон нийгмийн амьдралд хүмүүнлэгийн зарчмыг дээдлэх эрхэм ариун эрмэлзэлтэйгээр оролцох явдал юм (A.P.R. Aluwihare).

5.1. Дэлхийн хүн амын өтлөлт

Хүн өндөр наслах нь цоо шинэ үзэгдэл биш, өмнө нь ч байсан. Гэхдээ энэ нь ховор тохиолдол байлаа. Харин 20 дугаар зуунаас эхлээд хүн ам нийтдээ өндөр наслах болж, байгалиас хүнд заяагдсан насны дээд хязгаарт ойртсон насанд хүртэл амьдрах нь олширчээ. Төрснөөс хойш амьдрах дундаж хугацаа буюу дундаж наслалт Ромын эзэнт гүрний үед 30, хорьдугаар зууны эхэнд 40 байсан бол одоо Дэлхийн дунджаар 65 болжээ. Хорьдугаар зуунд, ялангуяа түүний сүүлийн хагаст “хүн ам зүйн шилжилт” гэж нэрлэгддэг үзэгдэлд хүргэсэн хоёр том өөрчлөлт гарсан нь: өрх бүрт дунджаар ногдох хүүхдийн тоо цөөрч, харин ахмад настны эзлэх хувийн жин өссөн байна. Үүнээс уламжлаад нялхсын эндэгдэл буурч, үүнтэй холбоотойгоор цааших нас болгонд эндэх тоо буурснаар өндөр настан олшрох нөхцөл бүрджээ. Энэ өөрчлөлт өндөр хөгжилтэй, аж үйлдвэржсэн орнуудад нэн хурдан болж өнгөрсөн бол, дундаж хөгжилтэй орнуудад арай аажуу явагдаж байна. Харин нэн буурай хөгжилтэй орнуудад энэ өөрчлөлт бараг эхлээгүй, хорьдугаар зууны эхэн үеийн Дэлхий дахины дундаж үзүүлэлтийн хэмжээнд байсаар л байна. Баян ба ядуу орнуудын хоорондох хүн амын наслалтын энэ зөрөө 21 дүгээр зуунд ч нэг хэсэгтээ үргэлжлэх бололтой байна.

Хүн амын наслат уртсах нь хүн амын эрүүл мэнд сайжирсантай холбоотой бөгөөд нийгмийн ерөнхий хөгжлийн үр дүн мөн. Насжисан хүн амын асуудлыг эрүүл мэндийн тогтолцоо дангаараа шийдвэрлэж чадахгүй бөгөөд нийгмийн халамжийн тогтолцоо, хүн амын идэвхитэй оролцоотойгоор л шийдэгдэх боломжтой (M. Davies).

5.2. Дэлхий дахины хотжилт ба эрүүл мэнд

Хотжилт одоо Дэлхий дахины үзэгдэл болсон боловч, хөгжиж буй орнуудад илүү хурдацтай явагдаж байгаа юм. Ингэхдээ зөвхөн одоо байгаа хотуудын хүн амын тоо өсөөд зогсохгүй, шинэ том хотууд олноор бий болж байна. Хотуудын хүн ам хэт хурдан өсөх нь төлөвлөөгүй, хотын амьдралын шаардлага хангахгүй хорооллууд олноор бий болоход хүргэж байна. Тэр хорооллуудад хотын ядуу хүн ам бөөгнөрч, орчны эрүүл ахуйн болон нийгмийн үйлчилгээний нөхцөл нь муудаж, хүн ам нь архаг өвчин эмгэгт нэрвэгдэх нөхцөл болж байна. Үүнтэй холбоотойгоор хөгжиж буй, буурай эдийн засагтай улс орнуудад, ялангуяа ядуу буурай бүс нутгуудад нь халдварт ба шимэгчдийн өвчин тархмал хэвээр байгаа бөгөөд, цочмог халдварт болон зарим архаг өвчний тохиолдол, эндэгдэл нь хотын хүн амын дотор улс орны бусад хэсгийнхээсээ өндөр байх болж, “эрүүл мэндийн давхар дарамт”-анд өртөж байна. Иймээс хотуудын хүн амын эрүүл мэндийг хамгаалах нь улс орны тогтвортой хөгжлийг хангах нэн чухал хэсэг болж байна (Y.Verhasselt).

5.3. Цаг уурын өөрчлөлт ба эрүүл мэнд

Хүн төрөлхтөний өөрсдийнх нь бий болгосон Дэлхийн атмосферийн зарим өөрчлөлт одоо хүний эрүүл мэндэд аюул занал учруулах хэмжээнд хүрээд байна. Атмосферийн дээд давхрагын озон бүрхүүл Дэлхийн амьд байгалийг хэт нил цацрагийн хөнөөлт нөлөөнөөс хамгаалж байдаг. Гэтэл аж үйлдвэрийн салбарт уусгагч, хөргөгч бодис болгон өргөн хэрэглэдэг химийн зарим бодис, тухайлбал, хлор-фтор-карбонт нэгдлүүд (ХФКН=CFCs: chloro-fluoro-carbons) зэрэг озон задлагч бодисууд (ОЗБ=ODSs: ozone-depleting substances) стратосферийн озон бүрхүүлийг сэмлэж эхлээд байна.

Эрүүл мэндэд халтайгаараа үүнээс дутахгүй атмосферийн өөрчлөлтийг найрлаганд нь байнга ихэссээр байгаа “хүлэмжийн” хийнүүд бий болгож байна. Хүлэмжийн хийн үлэмж хэсгийг нүүрс-хүчлийн хий (CO2) бүрдүүлдэг бөгөөд органик гаралтай түлшний (нүүрс ба нефтийн гаралтай шатахуунууд) шаталтын гол дагавар бүтээгдэхүүн болно. Агаар дахь нүүрс-хүчлийн хийн агууламжийн өсөлт нь аж үйлдвэржилтийн шууд үр дагавар хэмээн үзэж болно. Мөнх цас, мөсний дотор хадгалагдаж үлдсэн агаарын бөмбөлөгүүдийн доторхи хийн найрлагыг судлан үзсэнээр Дэлхийн атмосферийн агаарын найрлага дахь нүүрс-хүчлийн хийн агууламж нь сүүлчийн Мөсжилтийн үеэс 200 орчим жилийн өмнө аж үйлдвэржилт эхлэхийг хүртэл хэдэн мянган жилийн турш тогтвортой нэгэн хэмжээнд байсныг эрдэмтэд судлан тогтоожээ. Агаарын найрлага дахь нүүрс-хүчлийн хийн агууламж сүүлийн 200 жилийн турш л эрчтэй өсчээ. Үүний уршгаар Дэлхийн атмосферийн дундаж температур байнга өсч байгаа нь “глобаль дулаарал” хэмээх үзэгдлийг бий болгоод байгаа бөгөөд 21 зуунд хүн төрөлхтөний тогтвортой хөгжилд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх магадлал нь ихэссээр байна (J.Last).

5.4. Хил залгаа бүсүүдийн эрүүл мэндийн асуудал

Улс орнуудын хил залгаа бүсүүд дэхь эрүүл мэндийн асуудал бол саявтархнаас судлаачдын анхаарлыг татах болж буй үзэгдэл бөгөөд сүүлийн үеийг хүртэл орхигдсон байсан судалгаа гэж үзэж болно. Хил залгаа бүсүүдийн эрүүл мэндийн асуудлыг газар зүй, улс төр судлал, нийгэм судлал, хүн судлал, хууль эрх зүй, ёсзүй, түүхийн судлаачидтай хамтран судлаж шийдэх шаардлагатай (W.Kamel).

5.5. Гай гамшиг, зэвсэгт мөргөлдөөн

Орчин үед байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж, гарз хохирол нь ихэсч, алсын урхагийг нь урьдчилан тооцоолоход бэрх болж байна. Хүйтэн дайны үе төгсгөл болсноос хойш цэрэглэсэн зэвсэгт мөргөлдөөний шинж чанар ч эрс өөрчлөгдөж, голдуу үндэстэн хоорондын мөргөлдөөнөөс улбаатай болсон нь Дэлхийн олон нийтийг гайхшралд оруулаад байна.

Гай гамшгийг “байгалийн”, “хүнээс үүдэлтэй” хэмээн ангилдаг байсан нь одоо асуудлын мөн чанарыг тусгаж чадахаа болиод байна. Гай гамшгаас сэргийлэх, хор хохиролыг нь багасгахын тулд гамшиг үүсэн бий болоход оролцдог хүчин зүйлсийн мөн чанарыг шинжлэх ухааны үндэстэй, нэн ултай судлан шинжлэх шаардлага нэмэгдэж байна. Олон тооны гамшгийн үед хийгдсэн эпидемиологийн судалгаа нь гамшгийн үеийн эрүүл мэндийн хохирол, гарч болох өвчин эмгэг нь уг гамшгийн шинж чанараас тодорхой хамааралтай байдгийг илрүүлсэн нь тодорхой төрлийн гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ихээхэн тус нэмэр болох мэдлэг бий болголоо. Тухайлбал, ДЭМБ тодорхой төрлийн гамшгийн үед үзүүлэх эм, эмнэлгийн тусламжийн багцаа ийм судлагаанд үндэслэн боловсруулсан нь зохих үр дүнгээ өгч байна. Зэвсэгт мөргөлдөөн бол бас л гамшгийн нэг хэлбэр юм. Зэвсэгт мөргөлдөөн, дайн тулаан бол хүмүүс бие биенээ харилцан ойлгохоо больсноос уламжилсан хямрал, бас л гамшгийн үеийнх шиг хүний амь, эд материалын асар их хохирол учируулдаг эмгэнэлт үзэгдэл. Дэлхийн хамтын нийгэмлэг гай гамшиг, дайн тулаан болсон улс орон, бүс нутагт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох нь ихэсч байгаа нь “гамшгийн үейин анагаах” хэмээх хүмүүнлэгийн анагаахын шинэ салбарыг эрчимтэй хөгжихөд тус дөхөм болж байна (S.W.A. Gunn).

5.6. Вакцинжуулалтын тулгамдсан асуудлууд

Вакцинжуулалт бол халдварт өвчнөөс сэргийлэх, ингэснээрээ Дэлхийн, ялангуяа хөгжиж орнуудын хүн амын өвчлөл, эндэгдлийг бууруулж, эрүүл мэндийг сайжруулах эдийн засгийн хувьд хамгийн үр дүнтэй арга юм. Үр дүнтэй, сайн вакцин боловсруулах талаар шинжлэх ухаантехнологийн ололт, дэвшил их байгаа боловч, харамсалтай нь вакцинжуулалтанд хамрагдвал зохих Дэлхийн хүн ам дархлаажуулалтанд бүрэн хамрагдаж чадахгүй л байна. Вакцинжуулалтанд хамрагдвал зохих хүн бүрт хүрч дархлаажуулахад олон саад бэрхшээл байсаар байгаа бөгөөд шинэ соргог, шийдвэртэй арга барил шаардагдсаар байна. Сүүлийн үед шаардлагатай вакцин бүрийг Дэлхийн хүүхэд болгонд хүргэх чиглэлээр Дэлхийн нэртэй баячуудын буяны хандивыг ашиглан олон улсын хамтын ажиллагааны хүчээр хийж буй нааштай үйл ажиллагаа нь буурай хөгжилтэй орнуудын хүүхдүүдийг шаардагдах вакцинжуулалтанд хамруулах талд сайхан ирээдүй байгааг харууллаа (T. Pang).


6. ДҮГНЭЛТ

Орчин үеийн глобальчлал нь улс орнуудын хилийн заагийг бүдэгрүүлж, эд материал, үйлчилгээ, хүмүүс, үнэт зүйлс, амьдралын хэв маяг нэг орноос нөгөө улс оронд зөөвөрлөгдөн нутагшихад дэм болж байна. Нийгэм-соёлын, улс төрийн болон шашны харилцан нөлөөлөл, эдийн засаг, экологи, зан заншлын хүчин зүйлс ирээдүйн Дэлхийн хэв шинжийг бүрдүүлж байна. Тиймээс Дэлхийн хүн амын эрүүл мэндийн байдалд хамгийн хүчтэй нөлөө үзүүлж буй, цаашид ч үзүүлэх гол хүчин зүйл бол “худалдаа, шинжлэх ухаан-технологи, аялал жуулчлалыг хамарсан глобальчлал” юм.

Бүр тодорхой хэлэх юм бол, өнгөрсөн зуунд Дэлхий нийтийн улс төрийн тогтолцоо, нийгэмэдийн засгийн болон байгаль орчны байдалд урьчилан таамаглаж байгаагүй эрс өөрчлөлтүүд гарсан нь хүн ам зүйн болон эдипемиологийн эрс өөрчлөлт дагуулсныг бид өөрсдөө харж, мэдэрч байна. Хурдан өтлөж буй хүн ам, амьдралын хэв маяг болон байгаль орчны өөрчлөлт нь өмөн, зүрх-судасны эмгэг, диабет, осол гэмтэл, сэтгэцийн эмгэг зэрэг архаг өвчин эмгэг орчин үеийн нийгэмд давамгайлах болсон эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын шалтгаан болж байгаа билээ. Буурай хөгжилтэй орнуудад ач холбогдлоо хадгалсаар байгаа халдварт өвчин, “илүүдлийн өвчин” зэрэгцсэн эрүүл мэндийн “давхар дарамт” нь ДОХ/ХДХВ-т халдвар, хумхаа, сүрьеэ, урвах тахал зэрэг сэргэн тархаж буй “хуучин” халдваруудын уршгаар улам ч хүндэрч байна. Эрүүл мэндийн энэ олон асуудал аль нэг улс орноор хязгаарлагдахгүй болсон тул шинжлэх ухааны тулхтай үндэслэлтэй, Дэлхий нийтийн тэмцлийг шаардаж байна.

Дэлхийн хүн ам сүүлийн 40 жилийн дотор 2 дахин өсч, ирэх 40 жилийн хугацаанд 50%-иар нэмэгдэх төлөвтэй байгаа тул хүн амын өсөлт Дэлхий дахины хувьд анхаарал татсан асуудал хэвээр байна. Дэлхийн хүн амын насны бүтэц тун хурдан өөрчлөгдөж, хүн ам хурдан насжиж байна. Ингэхдээ хүн амын өтлөх хурд хөгжиж буй орнуудад аж үйлдвэржсэн орнуудынхаас их байгаа юм. Дэлхийн нийт хүн амын 80%-ийг бүрдүүлдэг хөгжиж буй улс орнуудын 60-аас дээш настны хүн амын дотор эзлэх хувь 20 дугаар зууны сүүлийн 20 жилд 3%-иар өссөн бол, аж үйлдвэржсэн орнуудад мөн хугацаанд 60-аас дээших настны хүн амд эзлэх хувь 1.8%-иар л нэмэгджээ.

Дэлхийн хүн амын өсөлтийн хурдыг сааруулах оролдлого хүссэн үр дүнд хүрсэнгүй. Тиймээс эрүүл мэндийн боловсрол олгох, ялангуяа нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндсийг нийт хүн амд ойлгуулах асуудал чухал хэвээр байсаар байна. Байгалийн үл нөхөгдөх баялгийг хямгатай ашиглах, байгаль орчныг хамгаалах асуудлууд бүх нийтийн анхаарлын төвд байх шаардлагатай болов. Улс орнуудын хил хязгаараас хамаарахгүйгээр хүний эрүүл мэндэд заналхийлэх болсон асуудлууд болох үйлдвэрлэлийн хаягдлыг хууль бус аргаар хил давуулах (аж үйлдвэржсэн улс орны цөмийн эрчим хүчний станцуудын цацраг-идэвхит хаягдлыг буурай хөгжилтэй оронд хулгайгаар булшлах, г.м.), атмосферийн агаарын хамгаалах давхарга болох озон бүрхүүлийг задлах бодис оролцсон бүтэцтэй аэрозолийн үйлдвэрлэл болон ахуйн хэрэглээ, Дэлхийн дулаарлын шалтгаан болж буй нүүрс-хүчлийн хий гаргагч үйлдэрлэл-үйлчилгээ явуулах зэрэгтэй Дэлхий нийтээрээ тэмцэхгүйгээр амжилтанд хүрэхгүй. Нийгмийн эрүүл мэндийн холын үр дагавар бүхий аж үйлдвэржилт, шинэ бодис болон технологийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх зэрэгт тавигдах шаардлагыг ул суурьтай судлан шинжлэж, хяналтыг шинэ шатанд гаргах шаардлагатай байна.

Эрчим хүч ашиглахыг нэмэгдүүлэх, эрчим хүчний шинэ эх үүсвэр хайх асуудал бол аж үйлдвэр, технологийн хөгжлийн түүчээ юм. Тиймээс улс төрчид, эрдэмтэн судлаачид энэ чиглэлээр байнгын хайлт, тандалт хийж, энэ нь цаашдын гүнзгийрүүлсэн судалгааг сэдээж байдаг. Хүний хувийн дадал заншилтай холбоотой хорт зуршлаас (тамхи, архи, донтуулах бодис хэрэглэх г.м.) гадна хүний эрүүл мэндэд хортой олон бодис үйлдвэрлэлийн явцад орчныг, ялангуяа үйлдвэрлэлийн орчныг бохирдуулж байна. Тиймээс үйлдвэрлэлийн гаралтай тэдгээр хорт бодисыг илрүүлэх, эрүүл мэндийн хорт нөлөөлийн механизмыг судлан тайлбарлах, байгаль орчинд тархсан бага тунгийнх нь үйлдлийг судлах явдлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Хүнсний хангамж, хоол тэжээллэгийн асуудлаар хоёр чиглэл анхаарал татаж байна. Нэгдүгээрт, хувь хүн, өрх гэрийн хувьд зөв хооллох боловсрол, хооллох хэв загварыг жолоодох асуудал, хоёрдугаарт, улс орон, олон улсын түвшинд бол, хүн амын хоол, хүнсний хүрэлцээ, түүнд нөлөөлөх эдийн засаг, санхүү, хангамжийн тогтолцооны асуудал, хүнсний үйлдвэрлэл, хуваарилалт, маркетинг, үнийн бодлого юм. Энэ бүхэнд тавих хяналт нь шинжлэх ухааны үндэстэй, цэгц шудрага байх явдал мөн чухал болно.

Хорт зуршлын мөн чанарыг ойлгох, гол нь хорт зуршлаас салгах шинжлэх ухааны үндэстэй арга, технологи боловсруулахад зан авирын судалгаа (behavioral sciences) мөн чухал болж байна.

Дээр дурьдсан олон тулгамдсан асуудлуудыг өөр хооронд нь холбож өгдөг зүйл нь хөдөлмөр эрхлэлт юм. Хүн ажил хөдөлмөр эрхлэж байж л хооллож ундлах, аж төрөх боломжтой болно. Хөдөлмөрийн зах зээлд хүлээгдэж буй ажиллах хүчний тоо ирэх жилүүдэд асар их өснө. Гэхдээ буурай хөгжилтэй орнуудад, аж үйлдвэржсэн орнуудынхаас үлэмж их өсөх юм. Буурай хөгжилтэй орнууд, аж үйлдвэржсэн орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний нийлбэр харьцаа ойролцоогоор 1:4 байна гэж үздэг бөгөөд үүнийг хүн амд нь ногдуулж бодвол 1:20 болно. Өөрөөр хэлбэл буурай хөгжилтэй орны иргэн нь аж үйлдвэржсэн орны иргэнээс ойролцоогоор 20 дахин бага санхүүгийн нөөц хэрэглэн амь зуух ёстой гэсэн үг. Энэ харьцааны зөрөө цаашид улам л гүнзгийрэх хандлагатай тул асуудлыг Дэлхийн түвшинд шийдвэрлэхэд шаарлагатай судалгаа, шинжилгээг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

Дээр хэлсэнээс ямар дүгнэлт хийж болох вэ? Юуны өмнө, Дэлхийн хүн амын эрүүл мэнд нь Дэлхийн амьдрал тэтгэгч тогтолцоонуудын хөгжилтэй, өөрөөр хэлбэл, Дэлхий нийтийн хөгжилтэй нягт холбоотой гэдэг нь тодорхой байна. Хоёрдугаарт, эрүүл мэндийг бэхжүүлэх асуудлыг эдийн засгийн хөгжлийг дагалдах үзэгдэл хэмээн ойлгож болохгүй, гуравдугаарт, эдийн засгийн нөөц, чадавхи сул байгаа буурай хөгжилтэй орнуудад эрүүл мэндийн албаны үр өгөөжийг дээшлүүлэхэд нөлөөлөхүйц тулхтай судалгаа хийх бололцоо хязгаарлагдмал байгаа тул Дэлхий нийтийн шинжлэх ухаантехнологийн дэд бүтцийн хөгжлийг урагшлуулах, шийдвэр гаргах шатанд нөлөөлөх нөлөөг нь сайжруулах үүднээс буурай хөгжилтэй болон аж үйлдвэржсэн орнуудын судлаачид хамтран ажиллах шаааардлагатай байна.

Талархал

Энэ бүлгийг бичих явцад иш татсан номын онлайн сүлжээнп байрлуулах бүлгийн бүх зохиогчдод материалаа урьдчилан ашиглуулсанд нь гүн талархал илэрхийлье. Мөн энэ бүлгийг бичихээр урьж, бичих явцад зүйл бүрийн туслалцаа үзүүлсэн НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгуулагын Нарийн бичгийн дарга нарын газар, нэн ялангуяа энэ номын Ерөнхий редакцийн газрын ажилтан доктор Владимир Кочетков, хатагтай Хонг Хюнь нарт баярлан талархсанаа илэрхийлье. Мөн гар бичмэл бэлтгэхэд тусласан Е.Ф.Кидане, гар бичмэлийг редакторлахад тусласан А.Олдриж нарт баярласнаа илэрхийлье.

 

Төгсөв.
Англи хэлнээс П.Нямдаваа орчуулав

 

Ном зүй

Энэ бүлэгт хөндсөн бүх асуудлаар лавлагаа материалыг ДЭМБ-ын вэб-сайтаас: (www.who.int) үзэж болно.
1. ACHR, 1998, A Research Policy Agenda for Science and Technology to Support Global Health Development, 103 pp.; WHO/RPS/ACHR/98.1 [Дэлхий нийтийн эрүүл мэндийн бодлогын судалгааны зарчмыг тодорхойлсон ДЭМБ-ын баримтлал];
2. Davies, M., Mansurian, B. 1992, Research Strategies for Health, Lewiston, N.Y. and Toronto, Hogrefe and Huber, 222 pp.; [ДЭМБ-ын ивээн тэтгэж хийлгэсэн эрүүл мэндийн судалгааны асуудлаархи бага хурлын материал];
3. Last, J.M., 2001, Health, In: Our Fragile World: Challenges and Opportunities for Sustainable Development, Oxford, UK, EOLSS, pp.777-94; [Нийгмийн эрүүл мэндийн судалгааны тухай дэлгэрэнгүй тайлбар];
4. Panarai, R.B., 1998, Validation of Indicators for Health Policy Research, World Health Forum, No 19, pp.6-11; [эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг баталгаажуулах асуудлаар болсон ярилцлагын материал];
5. Saracci, R., 1998, Whay Health for Whom? A Challenge for Epidemiology, World Health Forum, No 19, pp.3-5; [Эрүүл мэндийн байдлыг хэмжих асуудлаар болсон хэлэлцүүлгийн материал];
6. Sayers, B. Mc A., 1998, Knowledge-Based Technology in the Service of Health, World Health Forum, No 19, pp.15-20; [Эрүүл мэндийн үзүүлэлт боловсруулахад компьютер логикийн аргуудыг ашиглах асуудлаар болсон хэлэлцүүлгийн тухай мэдээлэл];
7. Sayers, B. Mc A., 1999, Health Assessment: Complexities, Trends and Opportunities, Geneva, internal WHO Document, 83 pp.; [ДЭМБ-ын Эрүүл мэндийн судалгааны зөвлөх хорооноос байгуулсан “Эрүүл мэндийг хэмжихүй” дэд хорооны тайлан];
8. WHO, 1997, Health and the Environment in Sustainable Development, WHO/EHE/97.8 [Эрүүл мэндэд орчны нөлөөний тухай дэлгэрэнгүй тойм өгүүлэл];
World Bank, 1997, Health, Nutrition and Population, www.worldbank.org, [Эрүүл мэндийн асуудал хөгжлийн бусад салбартай хэрэхн холбогдох асуудлаархи Дэлхий Банкны тайлан];

Эх нь:
Knowledge for Sustainable Development: An Insight into the Encyclopedia of Life Support Systems – Global Perspectives in Health, http://www.eolss.net/outlinecomponents/Global- Perspectives-Health.aspx;
http://www.eolss.net/ebooklib/ ebookcontents/E1-14-ThemeContents.pdf
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2510
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК