Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 4(53)
Эмнэлгийн нөхцөлд баримтлах дэг
( Лекц )

Т.Алтанцэцэг, Ц.Ганхүү

Монголын сүрьеэтэй тэмцэх холбоо

 

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын Анагаах ухааны боловсролын чиг хандлага шинэ зууны босгон дээр нэгэн гольдролд орж, агуулгын хувьд нийгмийн эрүүл мэнд, арга зүйдээ оюутан төвтэй, асуудалд суурилсан сургалтыг чухалчилж, эмч бэлтгэх үйл явцад чанарын дэвшил боллоо. Анагаах ухааны боловсролыг дэлхий нийтийн чиг хандлагатай уялдуулан нийцүүлж, өөрийн орны хэрэгцээ, нөхцөлд зохицсон эмч мэргэжилтнийг сургаж бэлтгэхдээ ХУВЬ ХҮНИЙ ТӨЛӨВШИЛ, эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудалд онцгой анхаарах бодит шаардлага нийгмээс урган гарч байна. Анагаах ухааныг 2000 жил урлаг, 200 жилийн турш шинжлэх ухаан, сүүлийн 20 жилд бизнес хэмээн үзэж буй өнөө үед үйлчлүүлэгчдэд эмнэлгийн шуурхай, чанартай тусламжийг өөртөө итгэлтэй, эелдэг, мэдлэг чадвартай, ёс зүйн хэм хэмжээг сайтар мөрддөг, эерэг хандлагатай эмч үзүүлж чадна. Эмч хүн Анагаахуй, Шинжлэх ухаан, ХУВЬ ХҮНИЙ ТӨЛӨВШИЛ, Нийгмийн эрүүл мэнд хэмээх дөрвөн хүрээнд өөрийгөө боловсруулан хөгжүүлж ажиллах ёстой бөгөөд хувь хүний, эмчийн төлөвшлийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай болжээ.

Эмнэлгийн нөхцөлд хувцаслах энгийн дүрмээс

Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн нөхцөлд биедээ амар, бусдад итгэл төрүүлж, тэдний хүндтгэлийг хүлээхүйц хувцаслах ёстой. Таны хувцас мэргэжлийн тань онцлогийг харуулсан байгаад зогсохгүй халдвар хамгааллын үүргийг давхар гүйцэтгэж өгнө.Тиймээс эмнэлгийн нөхцөлд тохирсон өнгө, материал, загвартай хувцас өмсөх ба дараах шаардлагыг ханган хувцаслахыг бид зөвлөж байна.

  • Цэвэр, цэмцгэр нямбай хувцаслах
  • Эмчлүүлэгч, үйлчлүүлэгч хэнд ч ил харагдахуйцаар өөрийн нэртэй энгэрийн тэмдэг зүүх
  • Өвчтөнтэй ажиллаж буй бүх ажилтнууд цагаан халаад өмсөх
  • Өвчтөнтэй шууд харьцаж буй бүх ажилтнууд бугуйн цаг заавал зүүх
  • Хөлийн хуруу ил гарахааргүй битүү, намхавтар өсгийтэй, зөөлөн ултай гутал өмсөх (хөлийн хуруу гарсан садаал, өндөр өсгийтэй туфль, загварын гутал ажлын байранд өмсдөггүйг ямагт чанд сахих)
  • Цамцны ухлаадас эгмээр байх (өвчтний дэргэд энгэр цээжээ хэт ил гаргах нь зохисгүй байдаг, гүн ухлаадастай цамц өмсвөл дотуур нь эгэм хүрэх майк өмсөх нь зохистой)
  • Даашинз юмуу банзал өвдгөөр татсан урттай, ташаа хавиараа хэт бариу биш байх
  • Өмд өмсдөг бол оймс шагайнаас 4 хуруу орчим дээш байх нь зохимжтой.
  • Үнэртэнг зохистой хэрэглэх (зарим эмнэлэг ажлын байрандаа үнэртэн огт хэрэглэхгүй байхыг зөвлөдөг)
  • Урт үстэй бол үсээ ардаа боох эсвэл шуух хэрэгтэй (өөрийгөө болон бусдыг хүндэтгэдэг хэн боловч мөрнөөс доош урт үсийг цагаан халаадан дээр задгай тавьдаггүй)
  • Хумс цэвэр, богино зассан, будаггүй байх
  • Ээмэг бөгж, чимэг зүүлт нь энгийн байх (унждаг ээмэг, том шигтгээтэй ээмэг бөгжийг эмнэлгийн нөхцөлд зүүх нь зохисгүй байдаг)

Та ажлын байрандаа дараах хувцаснаасаа татгалзах нь таны ажил хэрэгч байдалд тустай

  • Хиймэл хумс
  • Жинс, урагдаж, түлэгдсэн загварын хувцас
  • Бариу эсвэл хүйс ил гарсан хувцас, суудалтай өмд
  • Хээ их бичиг, зурагтай цамц
  • Загварын гоёлын даашинз, гутал
  • Богино банзал, шорт, бие нэвт гэрэлтсэн нимгэн хувцас
  • Спорт загварын хувцас
  • Саравчтай малгай, алчуур
  • Чихнээсээ бусад газар ил харагдахуйц цоолж ээмэг, гархи зүүх
  • Содон өнгөөр үсээ будах, этгээд засалттай байх
  • Хиймэл үс зүүх (эрүүл мэндийн шаардлагаас бусад тохиолдолд)
  • Биеийн ил харагдах хэсэг хүзүү, гар мөн гарын сарвуунд шивээс хийлгэх
  • Том ээмэг, бөгж, гинж давхарлаж зүүх
  • Дээд уруулаас давсан сахал

Эмнэлгийн нөхцөлд мөрдвөл зохих ёс зүйн энгийн дүрмээс

  • Бүх амьдралынхаа турш суралцах үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлан өөрийгөө бүрэн дайчлан суралцдаг байх
  • Үйлчлүүлэгч, тэдний ар гэр, арьс өнгө, гарал үүсэл, чадвар, нас хүйс, нийгэмд эзлэх байр суурь, эдийн засгийн түвшин, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлагыг үл харгалзан тэдэнд хүндэтгэлтэй хандах
  • Эмчлүүлэгч үйлчлүүлэгчдийн ёс заншил, зан үйлийг хүндэтгэх ба тэдний хувийн нууцыг чандлан сахин ажиллах
  • Эмч, үйлчлүүлэгчийн харилцаанд үл ойлголцох, сэтгэл таагүй байдал үүсвэл цаг тухайд нь чадварлаг илрүүлж зохицуулдаг байх
  • Үйлчлүүлэгчтэй харьцахдаа тэднийг сэтгэл зүйн хувьд удирдах чадвартай байх
  • Өөрийн болон бусдын алдааг шударгаар илрүүлэн засч, залруулах чадварттай байх
  • Бусдын үйл ажиллагааг шалгах, хянах ур чадвартай байх
  • Эерэг болон сөрөг шүүмжлэлийг хүлээн авч ашиглах чадварыг эзэмших
  • Мэргэжил нэгт нөхөдтэйгөө хамтран ажиллахад бэлэн байх
  • Эмнэлгийн баримт бичиг, бүртгэл, тайланг үнэн зөв хөтлөх
  • Тухайн эмнэлгийн болон өөрийн мэргэжлийн хүрээний бүх хууль дүрэм, журмыг чанд сахин мөрдөж ажиллах
  • Буруу ташаа, эргэлзээтэй мэдээллийг өгөхөөс татгалзах, зөвхөн үнэн зөв, бодит мэдээллийг өөрийн ажил үүргийн хүрээ хэмжээндээ өгөх
  • Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгч болон түүний ар гэрийнхэнтэй ойр дотно байгаа тоиолдолд харилцааны тодорхой түвшинд байна гэдгээ ойлгуулах хэрэгтэй.

Мэргэжилтэн нь дараах зүйлсээс зайлсхийх нь чухал

  • Хуурах
  • Цагийг үр ашиггүй өнгөрөөх
  • Хүнтэй харьцаж байхдаа бохь зажлах, чихэр хүлхэх, гар утсаар болон утсаар ярих
  • Өвчтөний өрөөнд юм идэх
  • Нийтийн үйлчилгээний (гуанз, кафе, лифт, шат, коридор г.м/газар) үйлчлүүлэгч, тэдний ар гэр болон бусдын тухай ярихгүй байх
  • Ажлын бус цагаар өвчтөнд үзлэг хийх
  • Эмнэлгийн бус олон нийтийн үйл ажиллагаанд үйлчлүүлэгч болон түүний ар гэрийнхэнтэй хамт оролцох
  • Өвчтөн болон ар гэрийнхэнтэй нь хувийн асуудлаа хуваалцах

Ийнхүү нийгэм XXI зууны эмчээс чухам юу хүлээж байгаа нь тодорхой тул ЭМЧ ХҮН шинжлэх ухаан технологийн ололтыг эзэмшиж, мэргэжлийн хувьд тал бүрийн өргөн мэдлэгтэй, тодорхой хүрээнд биеэ даасан үйл ажиллагаа явуулж, түүнийхээ хариуцлагыг өөрөө бүрэн хариуцах чадвартай, хуулиар олгогдсон эрхээ хамгаалж чаддаг, эерэг хандлагыг өөртөө төдийгүй өрөөлд төлөвшүүлэхэд онцгойлон анхаардаг нэгэн байж гэмээнэ ЭМЧ гэсэн эрхэм алдрыг өндөрт өргөж явна.

 

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Сэтгүүлийн зөвлөлийн гишүүн, анагаах ухааны доктор Л.Энхбаатар


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3098
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК