Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 5(54)
Цартахлын өндөр эрсдэлтэй шинэ вирүсүүд
( Редакцийн зурвас )

Академич П.Нямдаваа

Cэтгүүлийн ерөнхий эрхлэгч

 

XXI зуун эхлээд арваадхан жил өнгөрч буй боловч хүнтөрөлхтөн амьсгалын замын вирүст халдварын хоёр цартахалтай нүүр тулаад өнгөрлөө. Үүний нэг нь коронавирүсийн шинэ хувилбараар сэдээгдэж, 2002 оны 11 дүгээр сараас БНХАУ-аас тархаж эхлэн хагас жил гаруйн дотор Дэлхий нийтийг хамран 8200 гаруй хүнийг өвчлүүлж, 750 (9.6%) гаруйнх нь амь насанд хүрсэн Амьсгалын замын цочмог халтай хамшинж (АЦХаХ буюу SARS: severe acute respiratory symptom) [1], нөгөө нь 2009 оны хавар АНУ-д анх оношлогдож 2009-2010 онуудад мөн л Дэлхийн бүх улс орныг хамран тархсан гахайн гарвалтай томуугийн A(H1N1)2009 вирүсээр сэдээгдсэн цартахал [2] юм. Амьсгалын замын энэ 2 вирүст цартахал Монгол улсыг ч тойроогүй дайрсан боловч, харьцангуй сайн зохион байгуулсан тандалтын тогтолцоо, цагт хугацаанд нь авч хэрэгжүүлсэн зөв, иж бүрдэл хариу арга хэмжээний үр дүнд хохирол багатай даван гарч чадсан билээ [3-6].

Энэ оны 3-5 дугаар сард шувууны томуугийн A(H7N9) вирүсийн шинэ хувилбараар сэдээгдсэн хүний өвчлөлийн дэгдэлт манай өмнөд хөрш БНХАУ-д гарч, 132 хүнийг өвчлүүлж, 43(32.6%) нь нас барсан явдал [7] Дэлхийг дахин цочоолоо. БНХАУ-д авч хэрэгжүүлсэн тандалтын болон хариу арга хэмжээний далайцтай үйл ажиллагааны үр дүнд энэ шинэ вирүст халдварын шинэ өвчлөл бүртгэгдэх нь зогсоод байгаа боловч, уг вирүсийн эмгэгтөрөх чадавхийг туршлагын амьтад дээр молекул генетикийн түвшинд судласан дүнгийн тухай ойрмогхоны нийтлэлүүд нь уг вирүс цартахал үүсгэх чадавхитай болохыг өндөр магадлалтайгаар баталгаажуулсан байна [8-10]. Тиймээс энэ вирүсийн орчлыг хүн амын дотор болон зэрлэг ба тэжээвэр шувуудын сүрэгт идэвхитэй тандан судлаж байхыг ДЭМБ гишүүн орнууддаа зөвлөж байна [11].

Шувууны томуугийн өөр нэг вирүс болох A(H5N1) вирүсээр сэдээгдсэн хүний өвчлөлийн дэгдэлт анх 1997 онд Хонгконгт бүртгэгдсэн бөгөөд 2003 оноос 2013 оны 6 дугаар сарын 4 хүртлэх хугацаанд лабораториор баталгаажсан хүний өвчлөлийн 630 тохиолдол Дэлхийн 15 оронд бүртгэгдсэнээс 375 (59.5%) нь нас бараад байгаа, уг вирүс хүнээс хүнд дамжин халдварлаж, бичил дэгдэлт үүсгэх чадавхитай нь батлагдсан зэргийг үндэслэн ДЭМБ-ын экспертүүд “бүх нийтийн цартахлын түгшүүр үе” зарлах түвшинд хүрсэн гэж үзэж байна [12].

Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон амьсгалын замын вирүс судлаачдын анхаарлыг татаж буй өөр нэг вирүс бол Ойрхи Дорнодын амьсгалын хамшинжит коронавирүс (MERS-CoV: Middle East Respiratory syndrome coronavirus) нэр авсан коронавирүсийн шинэ хувилбар юм. Амьсгалын болон бөөрний дуталд хүргэдэг энэхүү шинэ коронавирүсийг 2012 оны 9 дүгээр сард анх Саудын Араб улсын иргэнээс илрүүлэн тодорхойлсон бөгөөд 2013 оны 9 дүгээр сарын 7-ны байдлаар Дэлхий дахинд нийт бүртгэгдээд байгаа MERS-CoV-т халдварын тохиолдлын тоо 114 болсноос 54(47.4%) нь нас барсан байна [13]. ДЭМБ-ын Ерөнхий захирал “Олон улсын эрүүл мэндийн дүрэм(ОУЭМД)”- ээр олгосон эрхийнхээ дагуу 7 дугаар сарын 9 ба 17-нд ОУЭМД-ийн Онцгой байдлын хороо (Emergency Committee) зарлан хуралдуулж, MERS-CoV-т халдварын асуудлыг хэлэлцүүлсэн бөгөөд энэ хороо MERS-CoV-т халдварын одоогийн түвшин нь Дэлхий нийтийн түгшүүр зарлах хэмжээнд хүрээгүй байна гэж үзжээ [14]. Дэлхий дахинд, ялангуяа хөрш зэргэлдээ орнуудад цартахлын эрсдэл бүхий дээрхи вирүсүүдийн орчлыг анхааралтай ажиглан судлаж, улс орныхоо дотоодод амьсгалын замын халдварын тархалт, үүсгэгчийн бүрэлдэхүүнийг анхааралтай тандан дүгнэлт хийж байх нь ирэх томуугийн улиралд манай улсын Томуугийн үндэсний төв, томуугийн тандалтын сүлжээнд оролцогч нэгжүүдийн тулгамдсан зорилт байх болно.


 

Ном зүй

1. Severe acute respiratory syndrome (SARS) http://en.wikipedia.org/wiki/Severe_acute_respiratory_syndrome_ %28SARS%29 accessed on July 21, 2013;
2. Pandemic H1N1/09 virus http://en.wikipedia.org/wiki/Pandemic_ H1N1/09_virus accessed on July 21, 2013;
3. Нямдаваа, П., Наранзул, Д., Зулхүү, Г. ба бусад (2003): Монгол улсад импортлогдсон АЦХаХ-ын тохиолдлыг оношлож, тархалтыг таслан зогсоосон нь, Биологи, анагаах ухааны тулгамдсан асуудлууд (Монголын шинжлэх ухааны ажилтны өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал, 2003-11-24), Улаанбаатар, х.5-7;
4. Nymadawa, P., Burmaa, A., Darmaa, B. et al (2011): The first wave of influenza A(H1N1)2009 pandemics in Mongolia, Influenza and other Respiratory Viruses, v.5, suppl.1,163-165;
5. Bolton, K.J., McCaw, J.M., Moss, R. et al (2012): Likely effectiveness of pharmaceutical and non-pharmaceutical interventions for mitigating influenza virus transmission in Mongolia, Bull.WHO, 90:264-271;
6. Burmaa, A., Darmaa, B., Urtnasan, Ch. Et al (2013): The second and third waves of A(H1N1)pdm09 virus attacks in Mongolia, In: Options for Control Unfluenza, Cape Town, South Africa, 5-10 September 2013, Abstracts, pp.42-43;
7. Xinhua: China confirms 132 H7N9 cases, 43 deaths http://english.peopledaily.com.cn/90882/8320775.html accessed on July 10, 2013;
8. Morens, D.M., Tauberger, J.K., Fauci, A.S. (2013): H7N9 avian influenza A virus and the perpetual challenge of potential human pandemicity, mBio micity, mBio, 4(4): e00445-13;
9. Belser, J.A., Gustin, K.M., Pearce, M.B. et al. (2013): Pathogenesis and transmission of avian influenza A (H7N9) virus in ferrets and mice, Nature, doi: 10.1032/nature1239 [ePub ahead of print];
10. Watanabe, T., Kiso, M., Fukuyama, S. et al. (2013); Characterization of H7N9 influenza A viruses isolated from humans, Nature, doi: 10.1038/nature12392 [ePub ahead of print];
11. WHO RISK ASSESSMENT: Human infections with avian influenza A(H7N9) virus, 7 June 2013 http://www.who.int/influenza/humananimal_interface influenza_h7n9/RiskAssessment_H7N9_07Jun13.pdf accessed on June 21, 2013;
12. WHO: Current WHO global phase of pandemic alert: avian influenza A(H5N1) http://www.who.int/influenza/preparedness/pandemic/h5n1phase/en/index.html accessed on June 21 2013
13. WHO GAR: MERS-CoV update http://www.who.int/csr/don/2013_09_07/en/index.html accessed on June 21 2013
14. WHO Statement on the Second Meeting of the IHR Emergency Committee concering MERS-CoV http://www.who.int/mediacentre/news/statements/2013/mers_gov_20130717/en/index.html accessed on June 19 2013
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 414
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК