Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 5(54)
Томуу, томуу төст өвчин (ТТӨ)-ий тандалтын долоо хоногийн мэдээнд тулгуурлан өвчлөлийн байдлыг үнэлж, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай
( Лекц )

А. Бурмаа

Халдварт өвчин судлалын үндэсний төв

 

Тандалт нь мэдээ, мэдээллийг цуглуулж, тухайн нөхцөл байдлыг үнэлэн, шаардлагатай хариу арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх, шийдвэр гаргахад чухал үүрэгтэй. Улс орон бүр тандалтын тогтолцоог үүсгэн байгуулахдаа эхний ээлжинд тандалтын зорилго, мэдээллийн хэрэгцээ шаардлагаа тодорхойлсон байна.

Томуугийн тандалтын үндсэн, зарчмын гэж хэлж болохуйц хэд хэдэн зорилго байдаг бөгөөд юуны өмнө хэзээ, хаана томуугийн идэвхжил нэмэгдэж, хэн илүү өртөж байгааг тодорхойлох явдал юм. Томуугийн харуулдан тандалтын нэгж (ТХТН)-үүд, түүнчлэн Томуугийн Үндэсний Төв (ТҮТ) нь нэгжүүдээс ирүүлж буй долоо хоногийн мэдээ, мэдээлэлд дүгнэлт хийж, өвчлөлийн хөдлөлзүйг тодорхойлж чадсанаар улсын хэмжээнд орон нутгийн засаг захиргааны болон эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд өвчлөлийн талаархи анхааруулга, сэрэмжлүүлгийг өгч, урьдчилан сэргийлэлт, оношлогоо, эмчилгээний тактик сонгох, эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөөц хөрөнгийг зөв хуваарилах зэрэгт туслах үүрэгтэй юм.

Манай улсын хэмжээнд ТТӨ-тэй тэмцэх, сэргийлэх, томуугийн тандалтын тогтолцооны үйл ажиллагааны чиглэлийг тусгасан Эрүүл Мэндийн Сайд (ЭМС)-ын хэд хэдэн тушаал, заавар, журам мөрдөгддөг. Бид томуугийн дэгдэлтийн үед “Заавар журам батлах тухай” ЭМС-ын 2002 оны 232 тоот тушаалын хоёрдугаар хавсралтын долоодугаар заалтын дагуу томуу, томуу төст халдвар нэмэгдэж, амбулаторийн нийт үзлэгийн 15- 25% (түргэн тусламжийн үйлчилгээний унаа, эмч нарыг нэмэгдүүлэх, өрхийн болон амбулаторийн эмч нарын ажлын цагийг уртасган ажиллуулах), 25-30% (эмнэлгийн орыг нэмэгдүүлж, өрхийн эмчийн үзлэгийг гэрийн үйлчилгээнд бүрэн шилжүүлэх), 30-40%-д (цэцэрлэг, сургууль, ясли зэрэг хүүхдийн байгууллагуудыг түр хаах, үзвэр үйлчилгээ, нийтийн цуглааныг хязгаарлах) хүрсэн үед холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн билээ.

1980-90-ээд онтой харьцуулахад хүмүүсийн амьдрах нөхцөл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирч, нэмэгдэн, хүүхдийн өвчлөл, эндэгдэл буурч, амьсгалын замын халдвар, ТТӨ- ий өвчлөлийн хөдлөл зүйд өөрчлөлт орсон зэрэг нь өмнөх тушаал журамд заасан хувь хэмжээг мөрдөж, хариу арга хэмжээ төлөвлөхөд учир дутагдалтай байгааг тандалтын дүн мэдээ харуулж байна.

Улсын хэмжээнд 2004 оны 40 дүгээр долоо хоногоос 2013 оны 26 дугаар долоо хоног хүртэлх долоо хоногийн мэдээг гаргаснаас 496(56.8%)-д амбулаторийн үзлэгт ТТӨ 4 хүртэлх хувийг, 314 (35.9%)-д 5-9% хүртэл, 44(5.0%)-д 10-15% хүртэл, 20(2.3%)-д 15-аас дээш хувийг тус тус эзэлсэн байна. Бид тандалтын дүн мэдээнд үндэслэн 2009/10 оны томуугийн улирлаас эхлэн ТТӨ-ий амбулаторийн үзлэгт эзлэх хувийг 4 хүртэл, 5-9%, 10-15% ба 15% ба түүнээс дээш гэж өөрчлөн, долоо хоногийн газрын зураг бүхий эргэн мэдээлэлд оруулах болсон билээ (www.flu.mn).

ТТӨ амбулаторийн үзлэгт 4 хүртэлх хувийг эзэлж, идэвхжил бага, томуугаас бусад амьсгалын замын вирүс өвчлөлийн шалтгаан болж байгаа үед бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ТТӨ-ий өвчлөлийн байдлыг тогтмол мэдээлж, анхааруулга, сэрэмжлүүлэг өгч, томуугийн улирал угтуулан хийх ажлыг эхлүүлэх, эрүүл мэндийн байгууллагууд ТТӨ-тэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөндөө тодотгол хийх, хүн амын дунд “Томуу, томуу төст халдвараас сэргийлье” сэдэвт мэдээлэл, сургалт, сурталчилгааг зохион байгуулах, томуугийн эсрэг вакцины найрлагыг мэдээлэх, дархлаажуулалтыг зохион байгуулах, лабораторид шаардлагатай оношлуур, урвалж бодисын нөөцийг бэлэн болгох, эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эм, бэлдмэл, тоног төхөөрөмжийн хангамж, хүрэлцээ, бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлагатай. ТТӨ амбулаторийн үзлэгийн 5-9%-д хүрч, томуугийн вирүс илэрч, томуугийн идэвхжил нэмэгдэн, орон нутгийн чанартай дэгдэлт бүртгэгдэж эхэлсэн тохиолдолд томуугийн улмаас хүндэрч болзошгүй архаг хууч өвчтэй эрсдэлт бүлгийн хүн амыг тодорхойлж, хяналтанд авч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нөөцийг зөв хуваарилах, эмч нарт вирүсийн эсрэг ямар эм, эмийн бэлдмэл хэрэглэхийг зөвлөх, удирдамж, чиглэл өгөх, түргэн тусламжийн үйлчилгээний унаа, эмч нарыг нэмэгдүүлэх, өрхийн болон амбулаторийн эмч нарын ажлын цагийг уртасган ажиллуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Харин ТТӨ амбулаторийн үзлэгт 10-15%-д хүрсэн бол эмнэлгийн орыг нэмэгдүүлж, өрхийн эмчийн үзлэгийг гэрийн үйлчилгээнд бүрэн шилжүүлэх, эрсдэлтэй бүлгийн өвчтөнд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээнд анхаарч, 15% ба түүнээс дээш хувьд хүрсэн тохиолдолд цэцэрлэг, сургууль, ясли зэрэг хүүхдийн байгууллагуудыг түр хаах, үзвэр үйлчилгээ, нийтийн цуглааныг хязгаарлах арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх арга хэмжээг авна.

Тандалтыг тогтмол, тасралтгүй хийж чадсанаар жил бүрийн томуугийн улиралд гарсан дэгдэлтийн явц, цар хүрээг үнэлж байх нь дараа дараагийн томуугийн улиралд хүн амыг өвчлөл, үгдрэл, хүндрэлээс сэргийлэх арга хэмжээг төлөвлөхөд чухал ач холбогдолтой.

Зөвхөн өдөр тутам, долоо хоногийн тандалтаас гадна томуугийн шалтгаантай амьсгалын замын хүнд халдвартай болон бусад архаг хууч өвчтэй хүмүүст, улмаар улс нийгэм, эрүүл мэндийн салбарт үзүүлэх өвчлөлийн дарамтыг тусгайлсан өвөрмөц судалгаагаар судлах нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрэлцээ, хангамж багатай нөөц, хөрөнгийг хэрэгцээт газар нь зөв хуваарилах арга зам, гарцыг олоход тустай. Томуугийн улирлын төгсгөлд томуугийн улиралд бүртгэгдсэн томуугийн дэгдэлтийн цар хүрээг тодорхойлж, улмаар олон жилийн өвчлөлийг харьцуулах, томуугийн улиралд байж болохуйц өвчлөлийн хил хязгаар, хүндрэлийг тогтоож байх нь тандалтын чухал үзүүлэлт юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 503
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК