Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 5(54)
A(H7N9) халдварын оношлогоо, тандалт, хариу арга хэмжээний чадавхийг сайжруулахад түт болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа
( Лекц )

Б.Дармаа1, Д.Цэрэнноров2

1Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

2Зоонозын Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв

 

A(H7N9) вирүс нь шувууны популяцад эргэлтэнд байдаг томуугийн вирүсийн дэд хэвшинжүүдийн нэг юм. 2013 оны 3 дугаар сарын сүүлчээр БНХАУ-д энэ вирүсийн шинэ хувилбараар үүсгэгдсэн хүний өвчлөл бүртгэгдэж, 2013 оны 8 дугаар сарын 12-ны байдлаар лабораториор батлагдсан 135 тохиолдлоос 44(32.6%) нь нас барсан байна [1;2]. Өвчлөгсөдийн дийлэнхи нь шувууны аж ахуй, амьд шувуу болон амьтны захад ажилладаг эсвэл тэнд үйлчлүүлсэн өгүүлэмжтэй, уушгины хатгалгааны хүнд хэлбэр, амьсгалын дутагдал илэрч, эрчимт эмчилгээ хийлгэсэн байна.

Өвчлөл гарсан мужуудад амьд шувууны захыг хааснаар хүний өвчлөлийн тоо эрс буурсан бөгөөд гарын ариун цэвэр, хоол хүнсний боловсруулалт чиглэлээр сэрэмжлүүлэг, сурталчилгааг эрчимжүүлсэн нь уг халдварыг хязгаарлахад нөлөөлжээ[3].

Өвлийн саруудад шувууны аж ахуйд A(H7N9) вирүсийн халдварлалтын давтамж/тархалт/ нэмэгдэж, энэ вирүсийн шинэ хувилбар улирлын томуугийн дэгдэлтийн дараа шууд үргэлжлэн хүний популяцад өвчлөл үүсгэн гарч ирсэн.

2013 оны 4 дүгээр сард хаагдсан амьд шувууны захын үйл ажиллагааг 2013 оны 6 дугаар сарын сүүлчээр дахин нээсний дараа ч тэнд A(H7N9) вирүсийн эргэлт хэвээр байж, харин хүний өвчлөл болон бусад амьтанд халдварласан тохиолдол цөөн байгаа юм. Лабораториор баталагдсан хүний өвчлөлийн тохиолдлуудад хийсэн эргэмж судалгаагаар гэр бүлийн хавьтал байж болзошгүй 4 тохиолдол ажиглагдсан боловч хүнээс хүнд дамжин халдварласан гэх дүгнэлт одоогоор гараагүй байна[3].

Өвчлөл бүртгэгдсэн БНХАУ-ын мужууд, хөрш зэргэлдээ улс орнууд A(H7N9) вирүсийн халдварыг хүн болон амьтанд илрүүлэх лабораторийн чадавхаа нэмэгдүүлж, тандалт, хариу арга хэмжээний бэлэн байдлаа ханган ажиллахыг ДЭМБ-аас зөвлөмж болгож байна[1;2;3].

БНХАУ-ын Зүүн мужуудад шувууны томуугийн A(H7N9) вирүсийн шинэ хувилбараар үүсгэгдсэн хүний өвчлөлийн мэдээг ДЭМБ-аас 2013 оны 3 дугаар сарын 30-нд албан ёсоор мэдээлсэний дараа 4 дүгээр сарын 2-нд ТҮТ-ийн вэб-сайтад анхны мэдээг монгол хэлээр нийтэлсэнээс хойш цаг үеийн байдлын цуврал мэдээг 27 удаа нийтэлсэн[2].

БНХАУ-д бүртгэгдэж эхлэсэн шувууны томуугийн A(H7N9) вирүст халдварын хүний

Өвчлөлийн тухай мэдээллийг ТҮТ-өөс ЭМЯ-ны Нян судлалын ерөнхий мэргэжилтэн П.Нямдаваа “ Эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөлгөөн”-нд оролцогсодод 2013 оны 4 дүгээр сарын 4-нд ,эрүүл мэндийн сайдын зөвлөлд 2013 оны 4 дүгээр сарын 10-нд тус тус хийсэн билээ. Томуу болон бусад шинэ сэргэж байгаа халдвартай тэмцэх, сэргийлэх талаар гарсан ЭМСайдын 2009 оны “Томуугийн тандалтыг эрчимжүүлэх тухай” 323 тоот , 2010 оны “Томуугийн цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний удирдамж батлах тухай” 141 тоот , 2010 оны “Өндөр хоруу чанартай шувууны томуугийн вирусийн халдварын үед авах арга хэмжээний бэлэн байдлыг хангах тухай” 362 тоот, 2011 оны “Халдварт өвчний дэгдэлтийн үеийн мэдээлэл, харилцаа холбооны удирдамж батлах тухай” 358 тоот тушаалыг мөрдөн ажиллаж, 2013 оны 04 сарын 11-ний “Тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах тухай” ЭМЯны албан бичиг зэргийг үндэслэн байгууллагууд хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна.

Лабораторийн чадавхын сайжруулах зорилгоор Ховд, Дорнод аймгийн БОЭТ-д вирүс судлал молекул биологийн шинжилгээ хийх иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангах, дээрхи 2 аймгийн лабораторийн мэргэжилтнүүдийг ажлын байранд сургах төслийг ТҮТ, ЗХҮТ-ийн мэргэжилтнүүд хамтран боловсруулж Дэлхий банк, Европын холбооны санхүүжилттэй ”Шинэ болон дахин сэргэж байгаа халдвартай тэмцэх чадавхийг сайжруулах” төслийн удирдлагуудад 2013 оны 5 дугаар сард өргөн барьж, 6 дугаар сард санхүүжилт шийдэгдсэн билээ. Ховд аймгийн БОЭТ-ийн нян судлаач эмч С.Оюундэлгэр, лаборант Дархижав, Дорнод аймгийн БОЭТ-ийн нян судлаач эмч А.Мөнхтуяа, лаборант Батчимэг нар ХӨСҮТийн Вирүс судлалын лабораторид 3 сарын ажлын байран дээр сургалтанд хамрагдаж байна (2013 оны 7-10 сард). Дээрхи 2 аймагт вирүс судлалын лабораторийн орчин бүрдүүлэх, тоног төхөөрөмж суурьлуулах бэлтгэл ажил хийгдэж байна.

Мөн АНУ-ын ӨХСТ-өөс A(H7N9) халдварын тандалтыг бэхжүүлэх төслийн санхүүжилтээр сорьц хадгалах гүн хөлдөөгч, Орхон, Дархан уул, Ховд, Дорнод БОЭТ-ийн лабораториудад зарим оношлуур урвалжыг захиалаад байна.

ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лаборатори, Томуугийн үндэсний төв нь шувууны томуугийн A(H7N9) халдварын лабораторийн оношлогооны бэлэн байдлыг хангах чиглэлээр ДЭМБ-ын Томуугийн лавлагаа төвүүдтэй хамтран ажиллаж 2013 оны 5 дугаар сарын эхээр Япон улсын Халдварт Өвчний Үндэсний Хүрээлэн, АНУ-ын Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төв дэхь ДЭМБын Томуугийн Лавлагаа төвүүдээс уг вирүсийг илрүүлэх праймер, проб, хяналтын урвалжууд, шинжилгээний аргачлалуудыг хүлээн авч, вирүс илрүүлэх шинжилгээг бодит хугацааны ПГУ-аар хийж эхэлсэн билээ.

Халдварт өвчний молекул биологи, вирүс судлалын шинжилгээ хийдэг хүн, мал эмнэлгийн лабораториудад A(H7N9) халдварын талаар мэдээлэл солилцох, шинжилгээний протокол,аргачлалыг түгээх зорилгоор “Шувууны томуугийн A(H7N9) халдварын лабораторийн оношлогоо” сэдэвт 1 кредит цагийн сургалтыг 2013 оны 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторийг түшиглэн зохион байгуулсан. Энэ сургалтанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабороратори, Орхон, Дархануул, Ховд, Дорнод аймгийн БОЭТ-ийн вирүс судлалын лабораторийн нийт 15 мэргэжилтэн оролцсон. Сургалтанд “Шувууны томуугийн A(H7N9) вирүсийн хувьсал, хүний өвчлөлийн дэгдэлт”, “Лабораторийн биоаюулгүй ажиллагааны орчин үеийн ойлголт” сэдвүүдээр лекц орж, оролцогчид A(H7N9) вирүсийг молекул биологийн аргаар илрүүлэх уламжлалт ПГУ, бодит хугацааны ПГУ-ын шинжилгээг гардан хийж, аргачлал, протоколуудыг гарын авлага болгон авсан.

2013 оны 10 дугаар сард “сорьц авах техник, сорьц хадгалах, тээвэрлэх горим” ын талаар сувилагч нарт зориулсан сургалт хийж, амьсгалын замын хүндэрсэн халдварын үед сорьц цуглуулах ажилд илүү анхаарч, эмнэлэгт суурьлсан тандалтыг эрчимжүүлэхээр төлөвлөөд байна.

ЗӨСҮТ-өөс санаачлан нэлээд ажлыг зохион байгуулаад байна.

21 аймгийн ЭМГ, ЗӨСТ-д мал эмнэлэг, онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагатай хамтран шувуу, гахайн аж ахуйн судалгаа ирүүлэх, бэлэн байдлыг хангах тухай албан тоот хүргүүлсэн. Үүнд: БНХАУ-тай хил залгаа 6 аймгийн ЗӨСТ, ЭМГ-аас шувууны аж ахуйн судалгаа авч нэгтгэн дүгнэж байна.

БНХАУ-тай хил залгаа 6 аймгийн 34 суманд тэжээвэр шувуутай өрх айлын судалгаа хийхэд 153 орх айлд 6 төрлийн 4326 шувууг тэжээж байна. Шувуу арчлахдаа бээлий, маскны хэрэглээ хангалтгүй, хог хаягдалаа бордоо болгон хэрэглэдэг, ариутгал цэвэрлэгээг тодорхой давтамжтай хийдэггүй зэрэг нь халдвар авах эрсдэл байгааг харуулж байгаа юм.

НУУРУУД:

  • Монгол оронд 20 гаруй мянган нүүдлийн шувууд цуглардаг Увс, Айраг, Хар ус, Хар, Бөөн цагаан, Орог, Тэрхийн цагаан, Хөвсгөл, Өгий, Хурх Хүйтний хөндийн нуурууд, Хөх, Тарь, Буйр, Дашгайн таван нуур зэрэг 40 гаруй томоохон нуурууд бий.

Шувуу:

  • 19 багийн 60 овгийн 200 төрөлд хамрах 466 зүйлийн шувуу
  • 81 зүйл суурин, 385 зүйл нүүдлийн,
  • тэдгээрээс 250 зүйл өндөглөн зусдаг, 52 зүйл дайрч өнгөрдөг,
  • 10 зүйл Сибирээс ирж өвөлждөг, 9 зүйл нүүдлийнх зусдаг,
  • 64 зүйл тохиолдлын байдлаар хаяа орж ирдэг

УСНЫ ШУВУУ

  • 170 зүйл байдгаас 105 зүйл нь өндөглөдөг, 15 зүйл нь зусдаг,
  • 50 зүйл нь тохиолдлоор орж ирдэг байна.
  • Монгол оронд нүүдлийн шувууны түрүүч хавар 3-р сарын 10-аар ирж эхлэх боловч үндсэн нүүдэл 3-р сарын дундаас 5-р сарын 20 хүртэл үргэлжилнэ.
  • Гуужих, хүч тэнхээгээ сэлбэхээр тэжээл элбэгтэй нууруудыг шилж сонгох ус намгийн шувуудын зуны ойр зуурын нүүдэл 6-7-р сараас эхэлнэ.
  • Намрын нүүдэл ихэнх зүйлд 8-р сарын эхээс эхэлж 10-р сарыг шувтартал явагдана.

УСНЫ ШУВУУДЫН 2013 ОНЫ ХАВРЫН НҮҮДЛИЙН ТАЛААР ЗАРИМ МЭДЭЭЛЭЛ

Энэ хавар ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс хаврын нүүдлийн талаар зориулсан ажиглалт судалгааг хийсэнгүй. Шувуу ажиглагч, судлаач нарын өөрсдийн сонирхлын хүрээнд очсон болон амьдарч буй нутагтаа хийсэн ажиглалтын мэдээлэлийг тоймлон ирүүлсэн.

  • Шувууны томуу гарч байгаа Хятад, Тайланд зэрэг зүүн өмнөд Азийн орны нутагт манай орны гангар хун, хошуу галуу, буурал галуу, цэн болон хархираа тогоруу, мөнгөлөг болон хүрэнтолгойт цахлай, тураг гогой, хөх дэглий зэрэг олон шувууд өвөлжөөд ирж байна.
  • Тиймээс шувууны нүүдлийн ажиглалт маш чухал юм.
  • Манай усны шувууны нүүдлийн эхний шувууд 3-р сарын дунд үеэс цөөн хэдэн хондон ангир (Tadorna ferruginea), гангар хун (Cygnus cygnus) үзэгдэж эхэлэхээс эхэлдэг бөгөөд энэ жил ч тийм маягаар эхэллээ.
  • Оюутолгойгоос 3-р сарын 20-нд гангар хун 3-р сарын 19-нд 30 толгой, 20-нд 6 толгой, шовтгор алаг нугас - 6, халбага нугас - 1, мөнгөлөг цахлай -1-ийг үзлээ гэж холбогдох зургуудын хамт ирүүлсэн. (Гангар хунгийн фотог Пүрэвсүрэн авсан).
  • 4-р сарын 6-нд Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн Ногоон нуур, Хунт нууранд мөнгөлөг болон хүрэнтолгойт цахлай, хондон ангир, зэрлэг, шовтгоралаг болон халбага нугас, улаантолгойт шумбуур, алаг шунгаач, хумхин бохио, гангар хун, хөх дэглий, умардын хавтгаалж зэрэг шувууд ирсэн мэдээлэл (судлаач Ганхуяг, Амархүү) 
  • Хэнтийн аймгийн нутагт Аврага голын бэлчир, Хэрлэн голын тохойгоор 4-р сарын 10-нд хошуу галуу, хээрийн галуу, цэн тогоруу, гангар хун, хондор ангир үзсэн мэдээлэл (Э.Төгөлдөр)
  • 4-р сарын 12-нд Дорноговь аймгийн өргөн сумыг Түвшин, Соронзонболд зэрэг 7 залуучууд Говийн нуур, шандаар дайрч өнгөрдөг шувуудын нүүдлийг үзэхээр очиж мөнгөлөг цахлай, хондон ангир (Tadorna ferruginea), зэрлэг нугас зэрэг шувуудыг бүртгэсэн байна.
  • 4-р сарын 15-нд Өмнөговь айгийн Гурван Тэс суманд орших Овоотын ордны хажууд цуглуулсан цөөрөмд мөнгөлөг болон хүрэнтолгойт цахлай, хөх болон цасч дэглий, гангар хун, тураг гогой, хар өрөвтас, хондон ангир, зээрд, шовтгор алаг нугасууд, алаг шунгаач, гэзэгт болон улаанхүзүүт шумбуур зэрэг 13 зүйл усны шувууны мэдээлэл (Гүнбат).
  • Үүнээс хойш Оюутолгой, Улаанбаатар орчимд шувууны нүүдлийн ажиглалтыг тогтмол хийж байгаа бөгөөд шувуудын бүрдэл, тоо толгой өдөр бүрээр нэмэгдсээр байна.

Ийнхүү манай бараг бүх нутгаар нүүдлийн шувууд иржээ. Сэлэнгэ аймгийн Найрамдлын Цагаан нууранд буурал галуу хэдэн зуугаараа, өвөгт тогоруу 200 орчмоор 4-р сарын 17-нд ирсэн мэдээлэл (ахмад амьтан судлаач П.Лхамсүрэн).

Шувуу судлаачдын урьд жилүүдэд хийж байсан хүзүүвч, бөгжтэй болон дамжуулагч зүүсэн судалгааны мэдээлэлээс харахад:

  • Манай орны Онон, Улз, Халх голын савын гангар хун Солонгос, Хятадын Шар мөрний адагаар очиж өвөлждөг,
  • Төв монголын гангар хун Шар мөрний дунд болон адаг хэсгээр, цаашаа Хөх мөрөн хүрдэг
  • Баруун монгол буюу Их нуурын хотгор, Монгол Алтайд өндөглөдөг хунгууд Шинжан, Түвд, Хятадын төв хэсэгт голдуу, зарим нь Шар мөрний адаг хүртэл очиж өвөлждөг болох нь тогтоогдоод байна.

Цаашид

  1. Хүн, мал эмнэлэгийн болон бусад байгууллагатай тандалт, лабораторийн шинжилгээнд хамтран ажиллах, мэдээ, мэдээлэл солилцох асуудлыг илүү албан ёсны болгоход анхаарах
  2. Шувууны аж ахуй эрхлэгчид, өрхүүдэд эрүүл ахуйн шаардлага хангуулах, хяналт тавих ажлыг сайжруулах
  3. Шувуунаас үүсэж болох эрсдлээс сэргийлэх талаар ард иргэдэд сурталчилгааг өргөн хүрээнд хийж, зөвлөмж, гарын авлагаар хангах шаардлагатай байна.
Ном зүй

1. WHO, Cumulative number of confirmed cases of avian influenza A(H7N9) reported, http://www.who.int/influenza accessed on 29 Aug, 2013;
2. П.Нямдаваа, ТҮТ-ийн вэб-сайтын монгол мэдээнд “Томуугийн А(H7N9) вирүст халдварын тухай мэдээ” цуврал мэдэээнүүд http://flu.mn/mgl/index.php
3. WHO, Monthly Risk Assessment Summary of Influenza at the Human-Animal Interface, http://www.who.int/influenza/human_animal_interface/ the assessment as of 29 August 2013
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 439
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК