Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 5(54)
Вальтер рийдийн гавьяа буюу шинжлэх ухааны тусын тулд, хүн төрөлхтний төлөө!
( Намтар )

Пойль Дэ Крайф

 

I

[1900 онд] шар чичрэгийн талаар ямар ч зөрчил маргаан гардаггүй байснаараа бусад халдварт өвчнөөс ялгаатай байсан юм.

Шар чичрэг өвчин хүнээс өөр, ямар ч амьтанд халддаггүй юм бол, хүнд л халдааж туршъя хэмээн шар чичрэгтэй тэмцэх багийн ахлагч Вальтер Рийд эргэлт буцалтгүй шийдээд байлаа. Вальтер Рийд бол шулуун шудрага, эелдэг зөөлөн зантай, ухаалаг хүн гэдгийг хүн бүхэн мэдэх бөгөөд Рийдийн шийдсэн асуудлыг батлахын тулд Жеймс Каррол амиа өгөхөөс ч буцахгүй гэдэг нь хүмүүст бас тодорхой байв. Урьд нь, мод бэлтгэгч байсан энэ хүн шийдвэрлэх ёстой асуудал тулгарах л юм бол, амин чухал асуудал мөн ч бай, биш ч бай, ялгаагүй, бусдын амь насыг хайрлах гэж нэг их нялуураад байдаггүй хүн билээ.

Тэр үед газар дээр нь байсан, учрыг сайн мэдэх куба хүмүүс, сайн дураараа усан гахайн оронд туршилтад оролцохоор элссэн америк цэргүүдийг ёстой санаанд багтамгүй зоригтонууд хэмээн бүгдээрээ магтаж байсан бол, харин сайн дураараа усан гахайн оронд туршилтад оролцохоор элссэн испанийн цагаачдыг ямар ч зүрх зориггүй мөртлөө мөнгөнд дуртай амьтад хэмээн америк хүмүүс арай өөрөөр үнэлж байв. Аргагүй юм даа, сайн дураараа туршилтад оролцсон испанийн цагаач бүхэн хоёр зуун доллар америкчуудаас авсан төдийгүй, авах авахдаа, бүр алтан доллар авчээ.

Тэр туршилтын үеэр Жессе Лейзирийн хувь тавилан эмэгнэлтэйгээр төгссөнийг зарим хүмүүс шүүмжилж, “Түүний өөрийнх нь л буруу шүү дээ. Яагаад, тэр, гарынхаа ар дээр суусан шумуулыг үргээлгүй, цусаа цүндийтэл нь соруулсан юм бэ?” гэцгээж байсан юм. Гэвч Жессе Лейзирийн алдар нэр мөнхрөх тавилантай байжээ. Америкийн Нэгдсэн Улсын Засгийн Газар Бальтимор хотын их бууны батальоныг түүний нэрэмжит болгосон төдийгүй бэлэвсэн эхнэрт нь ч тун өгөөмөр хандаж, жил бүр мянга таван зуун долларын тэтгэмж өгч байхаар шийдвэрлэсэн юм. Тэгэхлээр маргаад байх юм юу ч алга, шар чичрэг өвчний талаарх зугаатай түүхийг хүүрнэе.

Шар чичрэг өвчний түүх зугаатай төдийгүй “Бичилбиетний мөрөөр мөшгөгчид” хэмээх номын минь туйлын чухал нэг бүлэг байгаа юм. Энэ түүх Луи Пастерийн үнэн зөвийг батлаад өгнө! Магадгүй, талийгаач эрдэмтэн: “Урьдчилан сэргийлэх хамгийн энгийн аргыг хэрэглэн, ямар ч халдвараас хамгаалж чаддаг болох өдөр ирнэ ээ гэж би та нарт хэлээгүй юү?” хэмээн Парис хот дахь сүрлэг бунханаасаа бүх дэлхийд сануулах байсан бизээ.

“Бичилбиетний мөрөөр мөшгөгчид” хэмээх номыг бичсэн 1926 оны байдлаар, шар чичрэг өвчний хоруу бүх дэлхийн хэмжээнд ердөө зургаахан зүүний үзүүр дээр багтах төдий л үлдээд байгаа бөгөөд удахгүй хэдхэн жилийн дараа энэ вирус яг динозаврууд устсан шиг л ул мөргүй устах байлгүй...Харин Вальтер Рийд, испанийн цагаачид, америк цэргүүдийн хийсэн сэтгэл сэртхийлгэм туршилтын үнэн учир түүхэнд мөнхрөх нь гарцаагүй.

Тэдний хийсэн туршилт бол, үнэн хэрэгтээ, шар чичрэг өвчний тархалтыг таслан зогсоосон хамтын аугаа их тулаан байсан юм. Тэр тулааныг, шар чичрэгтэй тэмцэх баг хэмээх нэг хачин баг хийсэн бөгөөд тэр тулааны эхлэлийг доктор Карлос Финлей хэмээх атаархмаар ганган хууз сахалтай хачин өвгөн эхлүүлсэн билээ. Доктор Карлос Финлей юмны учир шалтгааныг гайхалтай зөв таамагладаг атлаа туршилт хийх гэж ёстой бантагнуулж өгдөг хүн байсан тул найрсаг зантай кубачууд ч, ухаалаг эмч нар ч түүнийг “Онолдогч хөгшин зөнөг” гэж шоолон, хүн болгон түүнийг Финлей гэдэг өвчигнүүр амьтан гэдэг байв.

Тэр үед, шар чичрэг гэгч бүхнийг айлгагч тахалтай тэмцэх аргыг мэддэггүй хүн байхгүй юм шиг атлаа, мэдэж байгаа нь огт өөр өөр бодол санаа илэрхийлдэг байв. Зарим хүмүүс, шар чичрэг гарсан газраас явах гэж байгаа хүмүүсийг явахаас нь өмнө, торго ч бай, пүүсүү ч бай, юу ч бай, ялгаагүй, авч яваа бүх юмсыг нь утаж ариутгах хэрэгтэй гэж үзэж байхад, зарим нь утаад утаад нэмэргүй, шатаах л хэрэгтэй гэцгээнэ. Зарим хүмүүс, шар чичрэг гарсан газар ирж байгаа хүмүүсийн торго ч бай, пүүсүү ч бай, юу ч бай, ялгаагүй, авч яваа бүх юмсыг нь шатааж, булж устгах хэрэгтэй гэцгээнэ. Зарим хүмүүс, шар чичрэгээр хүн үхсэн айлын хүмүүс, найз нөхөдтэйгээ гар барихгүй байх нь тун ухаалаг явдал мөн хэмээн зөвлөж байхад, зарим нь гар барихад ямар ч аюул байхгүй ээ гэцгээнэ. Зарим хүмүүс, шар чичрэг үүрлэсэн байрыг шатааж устгах л хамгийн сайн арга гэж үзэж байхад, зарим нь ёстой худал, хүхрийн хийгээр утахад л хангалттай гэж зөрнө. Гэхдээ Хойд Америк, Төв Америк, Өмнөд Америк даяар хоёр зуун жилийн турш бараг хүн бүхэн итгэж ирсэн ганцхан зүйл бий. Шар чичрэг өвчин дэлгэрч, өдөрт хэдэн арваараа, хэдэн зуугаараа өвчилж зогисуулан, хар өнгийн зүйлээр бөөлжөөд эхлэнгүүт нь бушуухан хөдөлж, өвчний голомтоос зайлах хэрэгтэй гэдэгт л бүгдээрээ итгэж ирсэн юм. Муу шар алуурчин хана туургыг ч нэвтлээд ирнэ, газрын гаваар ч мөлхөөд ирнэ, булангийн цаанаас ч булталзаад ирнэ, дүрэлзсэн галыг ч туучаад ирнэ! Тэр муу, шар алуурчин үхээд далд орсон ч, буцаад л гараад ирдэг юм. Энэ муу ёрын өвчинтэй тэмцэхэд хэрэг болж магадгүй гэж санасан байдаг л бүх аргаа хүн бүхэн төдийгүй хамгийн шилдэг сайн эмч нар ч хэрэглээд хэрэглээд дийлдэггүй байв. Шар алуурчин, үй олон хүнийг үхүүлсээр үхүүлсээр байснаа гэнэтхэн үхэлд цадаж ханав уу гэлтэй намждаг юм. Хойд Америкт намар болж, сэрүү ороод эхэлмэгц шар чичрэг дэлгэрч эхэлдэг жамтай.

Шар чичрэг өвчний талаарх шинжлэх ухааны мэдлэгийн түвшин 1900 онд ерөнхийдөө ийм л байжээ. Харин тэр үед Хавана хотын иргэн, атаархмаар ганган хууз сахалтай Карлос Финлей энэ өвчний талаарх буруу үзэлд дургүйцэхлээрээ: “Та нарын бүгдийн чинь буруу! Шар чичрэг өвчнийг шумуул тараадаг юм!” хэмээн ганцаараа бухимддаг байжээ.

II

1900 онд, Куба улсын нийслэл Сан-Кристобал-дела- Хабана хотод шар чичрэгийн тархалт муугаар эргэлээ. Мянга мянган америк цэрэг шар чичрэгээр нас барж байсан нь, испаничуудын бууны суманд үрэгдсэн цэргүүдийн тооноос ч давж байлаа. Генерал Леонард Вуудын удирдсан цэрэг, офицеруудын гуравны нэгээс илүү нь энэ өвчнөөр сүйрлээ. Дийлэнх халдварт өвчин бохир зааван амьдралтай ядуу хүмүүсийг өвчлүүлдэг бол шар чичрэг өвчин огт ондоо байв. Генерал Леонард Вуудын удирдсан цэрэг, офицерууд бол дээд зэргийн ариун цэвэрч, халдварт өвчин дамжин халдварлахаас дээд зэргээр хамгаалагдсан хүмүүс байсан юм.

Генерал Леонард Вууд тушаал буулгаж, Хавана хотыг тэр аяар нь сойздоод угаачихлаа. Бохир заваан ч гэсэн аз жаргалтай байсан кубачууд, цэвэр цэмцгэр ч гэсэн аз жаргалгүй болчихов. Хавана хотод эргүүлж цэвэрлээгүй ганц ч чулуу үлдээгүй боловч нэмэр болсонгүй, сүүлийн хорин жилд бүртгэгдээгүй олон хүн шар чичрэгээр өвчиллөө.

Хавана хотоос Вашингтон хотод хэд хэдэн цахилгаан ирсний дагуу хошууч Вальтер Рийд “шар чичрэг өвчин тархаад байгаагийн шалтгаан хийгээд уг халдвараас урьдчилан сэргийлэх асуудлыг тусгайлан судлах” тушаал авч, 1900 оны 6 сарын 25-нд Куба улсын Квемадос хотод ирлээ. Мөн ч лут тушаал шүү! Вальтер Рийд чухам хэн билээ гээд бодохлоор, түүнд дэндүү ахадсан, чухамдаа бол, алдарт эрдэмтэн Пастерт л өгч баймаар лут тушаал байв. Гэхдээ энэ нь Вальтер Рийд бичилбиетний судлалаар огт ажиллаагүй гэсэн үг биш, тэр бол энэ талын мэдлэг мэргэжилтэй хүн байсан юм. Тэр бол шилдэгийн шилдэг дайчин, арван дөрвөн жил гаруй хугацаанд эх орныхоо тал хээр нутагт нь ч, уулархаг өндөрлөг нутагт нь ч цэргийн алба хааж, ширүүн цасан шуурган дундуур ч сахиулсан тэнгэр шиг дүүлсээр хөдөөгийн өвдөж зовсон хүмүүс дээр очиж тусладаг зоригт эр билээ. Вальтер Рийд ёс суртахууны хатуу зарчимтай хүн байсан тул, офицеруудтай нийлж шар айраг уун, лонхот биллиард тоглохоос зориуд зайлсхийж, архинд мансууран шөнөжин покер тоглохоос ямагт татгалздаг байв. Харин тэр зөөлөн зантай хүн байлаа. Шар чичрэгийн үүсгэгчийг сод ухаантан нээж олдог юм аа гэж санахад, сод ухаантан заавал зөөлөн зантай байх ёстой гэж үү? Шар чичрэгийн үүсгэгчийг нээж олоход, үнэндээ, Вальтер Рийд шиг ёс суртахууны хатуу зарчимтай хүн л шаардлагатай байсан юм. Түүгээр ч зогсохгүй, 1891 оноос хойш Вальтер Рийд Америкийн хамгийн нэр хүндтэй анагаах ухааны сургууль дээр бичилбиетний судлалаар хачин сонирхолтой ажил хийж ирсэн бөгөөд түүний эрдэм шинжилгээний ажлын удирдагч нь Америкийн хамгийн нэр хүндтэй профессор төдийгүй алдарт эрдэмтэн Роберт Кохын дотны танил хүн байсан билээ.

Вальтер Рийд Квемадос хотод ирээд, Шар чичрэгийн эмнэлгээр ортол, нас барсан дэндүү олон америк цэргийг эмнэлгээс гаргаж байгаатай тааралдав. Дамнуурга дээр дээш харуулан хэвтүүлсэн цэргүүдийг хөлөөр нь түрүүлүүлэн эмнэлгээс гаргаж байлаа. Зөндөө өвчтөн нас барсан нь судлах зүйл маш их байгааг харуулж байв.

Вальтер Рийдийг эмнэлэг дээр очиход Жеймс Каррол гэдэг эмч түүнтэй хамт явсан юм. Тэр эмчийг зөөлөн зантай хүн гэж арай хэлж болохооргүй ч цаг нь тулаад ирэхлээр жинхэнэ цэрэг эр, жинхэнэ судлаач хүн ямар байх ёстойг биеэрээ үлгэрлэн харуулж чадахыг нь та удахгүй мэднэ ээ.

Вальтер Рийдийг Шар чичрэгийн эмнэлэг дээр Жессе Лейзир хүлээж байв. Гучин дөрвөн настай, Европт сурч боловсорсон, бичилбиетэн судлаач энэ хүний эхнэр, хоёр хүүхэд нь Америкт үлджээ. Жессе Лейзирээс гадна Аристидес Аргоменте гэдэг куба эр бас байв. Нас барсан хүний цогцост задлан шинжилгээ хийдэг, ажилдаа гаршсан тэр эр шар чичрэгээр хэдийнэ өвдөөд өнгөрсөн тул дахиад өвдөнө гэж айхааргүй хүн байв.

Вальтер Рийд, Жеймс Каррол, Жессе Лейзир, Аристидес Аргоменте дөрөв бол өнөөх шар чичрэгтэй тэмцэх багийнхан билээ. Энэ баг, шар чичрэгээр хамгийн түрүүнд өвчилсөн арван найман өвчтөнөөс нян илрүүлэх гэж оролдоод бүтэлгүйтсэн юм. Тэдгээр арван найман өвчтөн шар чичрэгийн маш хүнд хэлбэрээр өвчилсөн төдийгүй дөрөв нь нас барсан байлаа. Шар чичрэгтэй тэмцэх багийнхан хийх ёстой бүх ажлаа юу ч үлдээлгүй, жин тан хийв. Эмчлүүлж байгаа бүх өвчтөнөөс цусны сорьц авч, нян өсгөвөрлөх шинжилгээ хийлээ. Нас барсан хүмүүсийн цогцост задлан шинжилгээ хийж, эд эрхтэн бүрээс нь сорьц авч, нян өсгөвөрлөх өдий төдий шинжилгээ хийлээ. Гэтэл ямар ч нян илэрсэнгүй.

Долоон сар байсныг хэлэх үү, шар чичрэг жинхэнэ дэлгэрдэг муухай үе байсныг хэлэх үү?! Дамнуурга дээр дээш харуулан хэвтүүлсэн цэргүүдийг Квемадос хотын эмнэлгээс хөлөөр нь түрүүлүүлэн гаргасаар л байв. Шар чичрэгтэй тэмцэх багийнхан уг өвчний шалтгаан гэчихмээр зүйлийг эхнийхээ оролдлогоор тодруулж чадаагүй ч, чухамдаа, энэ ялагдал нь тэднийг зөв зам дээр гарахад туслажээ. Ерөөсөө, бичилбиетний мөрөөр мөшгин судлах үед хөгжилтэй зүйл зөндөө тохиолддог ч, эцсийн эцэст, эрсэн юмаа заавал олдог нь бүр хөгжилтэй санагдаад байдаг юм. Теобальд Смит малчдын үгэнд орж судалсаар байгаад “Техасын халуурал” хэмээх өвчнийг тараагч хачгийг нээсэн, Рональд Росс, Патрик Мэнсоны хэлсэн ёсоор судалсаар байгаад шувууны хумхаа өвчнийг тараагч саарал шумуулыг нээсэн, эх оронч Баттиста Грасси хүнд хумхаа өвчнийг тараагч анофелес шумуулыг нээсэн билээ.

Гэтэл хошууч Вальтер Рийд дөнгөж сая ажлаа эхлэнгүүт л бүтэлгүйтлээ. Ажлын эхлэл гэдэг чинь хамаг ажлын хамгийн чухал үе шүү дээ. Одоо яах вэ? Яах ч арга алга! “Шар чичрэг өвчнийг шумуул тараадаг юм!” гэх Хавана хотын иргэн, онолдогч хөгшин зөнөг, доктор Карлос Финлейн дуу хааяа хааяахан түүнд сонстох шиг санагдаад байдаг боллоо.

Тэгээд шар чичрэгтэй тэмцэх багийнхан нэг өдөр доктор Карлос Финлейтэй уулзахаар өрөөнд нь орлоо. Хэн ч үгийг нь тоож сонсдоггүй, хүн бүхэн л дооглож байдаг хөгшин жентельмен өөрийнхөө “тэнэг” онолыг тэдэнд тайлбарлаж өгөхдөө жигтэйхэн баяртай байв. Карлос Финлей яагаад шумуул хумхаа өвчнийг тараадаг гэж боддогоо тэдэнд тайлбарлах зуураа эргэлзээтэй боловч маш ухаалаг хэдэн санаа хэлж өглөө. Тэр, аймаар аймаар туршилтынхаа хэн ч итгэхийн аргагүй баримтуудыг хүртэл тэдэнд үзүүлээд, жижигхэн л болохоос яг навчин тамхи шиг хэлбэртэй, шумуул өндөглөсөн хар өнгийн үүр авчирч өгөхдөө: “За, наадах чинь, өнөөх гэмт хэрэгтнүүдийн өндөг дөө!” гэв.

Вальтер Рийд тэр хар өнгийн үүрийг аваад Жессе Лейзирт өглөө. Италид ажиллаж байсан, шумуулын талаар ганц хоёр юм мэддэг Лейзир тэр үүрийг дулаахан газар аваачиж тавьсан бөгөөд тэр үүрэн дэх өндөгнүүдээс эхлээд авгалдайнууд гарч, авгалдайнуудаас дараа нь нуруундаа мөнгөлөг өнгийн судалтай хачин гоё шумуул бие гүйцэн боловсорсон билээ.

Вальтер Рийд эхний удаад бүтэлгүйтсэн ч гэсэн, уулаасаа туйлын ажигч гярхай, юмны учрыг олж, хужирыг тунгаахдаа сүрхий хүн байсан төдийгүй жигтэйхэн азтай хүн байсан юм. Хачин юм шүү. Нян өсгөвөрлөх гээд болоогүй. Нүдэнд нь цус хурж, цээж нь шав шар болчихоод, зогсоо зайгүй зогисуулан, бөөлжих гэж хий огиулсаар байгаа хамгийн хүнд өвчтөнүүдээс ч нян олдоогүй юм даа. Тэдгээр өвчтөнийг асарч, бөөлжистэй нь хутгалдаж байсан сувилагчид шар чичрэгээр огт өвдөхгүй байгааг нь Вальтер Рийд анзаараатахлаа. Шар чичрэгээр өвчлөөгүй, огт дархлалгүй сувилагчид энэ өвчнөөр өвчлөхгүй байв.

Вальтер Рийд нэг өдөр: “Хэрвээ шар чичрэг өвчин, – булчин задрах тахал шиг, тарваган тахал шиг ямар нэг нянгаар үүсдэг бол эдгээр сувилагчдын зарим нь өвдөх л ёстой доо” хэмээн багийнхандаа эргэлзэнгүй хэлсний дараахан, энэ өвчний хачин гайхалтай тархалт түүнийг бүр гайхшруулжээ. Квемадос хотод шар чичрэгээр өвчилсөн хүмүүсийг бүгдийг нь судлаад үзтэл, уг өвчин энд тэнд үсрээд үсрээд тархчихсан юм шиг сонин байдал ажиглагдлаа. Реал гудамжны 102 тоот айлын хүн шар чичрэгээр өвчилсөн байхад, дараагийнх нь өвчлөл булангийн цаана үсэрч очоод, Генерал Лийгийн гудамжны 20 тоотод гарсан бол, дараачийнх нь өвчлөл бүр гудамжны нөгөө талд үсрээд гарчихсан байв. Гэтэл эдгээр айлынхан хоорондоо ямар ч холбоогүй, бие биентэйгээ ч уулзаж байгаагүй хүмүүс байлаа. Вальтер Рийд гайхсандаа: “Шар чичрэг өвчин эдгээр айлуудад агаараар дамжин тархсан юм шиг л санагдаад байх юм” гэж нөхдөдөө хэллээ.

Энэ өвчинтэй холбоотой өөр хачин зүйл олон байсны дотроос хамгийн хачирхалтай онцлогийг нь Картер гэдэг америк хүн нээсэн юм. Аль нэг байрны хүн шар чичрэгээр өвчиллөө гэж санахад, хоёроос гурван долоо хоногт тэр байрнаас өөр хүн өвчилдөггүй байсан бөгөөд энэ хугацаанд нөгөө өвчтөн нас барах юм уу, эсвэл бие нь сайжирч эдгэрдэг юм. Гэтэл, өвчин анх гарснаас хойш хоёр долоо хоног өнгөрөв үү, үгүй юү, ёстой баллаад өгдөг байлаа! Нөгөө байрнаас өдий төдий хүн шар чичрэгээр өвчилдөг юм. “Шар чичрэг өвчнийг үүсгэгч вирус арай энэ хоёр долоо хоногийн хугацаанд ямар нэг шавжийн биед үрждэг юм биш байгаа даа” хэмээн Вальтер Рийд нэг өдөр багийнхандаа хэлэхэд, нөхөд нь түүнийг утгагүй юм хэлэх юм гэж санасан ч байж магадгүй. Аргагүй шүү дээ, тэд чинь ердөө л цэрэг хүмүүс байсан юм.

Вальтер Рийд бүх л учир шалтгааныг цэгнэж үзсэний үндсэн дээр “Одоо цөмөөрөө Карлос Финлейн хэлээд байгаа, шар чичрэг өвчнийг шумуул тараадаг гэсэн онолыг туршиж үзнэ ээ!” гэж нөхөдддөө санууллаа. Шар чичрэгтэй тэмцэх багийнханд үүнээс өөр арга ч байсангүй.

Хэлэхэд амархан, харин одоо яаж турших вэ? Шар чичрэг өвчнийг ямар ч амьтанд халдааж чадахгүй гэдгийг хүн бүхэн сайн мэднэ. Сармагчин байтугай бич ч энэ өвчнөөр өвчлөхгүй. Гэтэл, шар чичрэг өвчнийг шумуул тараадаг гэсэн онолыг батлахын тулд заавал туршилтын амьтан шаардлагатай. Бодоод бодоод бодын шийр дөрөв гэгчээр, хүн л тэр туршилтынх нь амьтан болохоос өөр арга олдсонгүй. Гэвч, хүнд шар чичрэг халдаана гэдэг чинь юу гэсэн үг вэ? Шар чичрэг өвчний тархварзүйг судалсан зарим судалгаанаас үзэхэд “нас баралтын аврага аврага амжилтууд” бүртгэгдсэн байдаг юм! Шар чичрэгээр өвчилсөн зуун хүн тутмаас ерэн тав нь нас барж байсан тохиолдол ч бий, тавь нь нас барж байсан тохиолдол ч бий. Ямар ч эпидемийг нь аваад үзсэн, шар чичрэгээр өвчилсөн зуун хүн тутмаас хориос цөөхөн хүн нас барж байсан тохиолдол байхгүй! Тэгэхлээр, хүний биед шар чичрэг өвчин халдаана гэдэг бол аллага үйлдэнэ л гэсэн үг! Гэвч энэ туршилтыг зоримог хийхэд Вальтер Рийдийн ёс суртахууны хатуу зарчим нь түүнд тусаллаа. Зөөлөн зантай ч, шулуун шудрага, Христын шашныг шүтэгч энэ хүн, бүх хүн төрөлхтөнд тус болохын тулд, хүн дээр туршилт хийхэд бэлэн байсан юм. Гагцхүү шар чичрэг өвчнийг шумуул тараадаг гэсэн онолыг батлаж чадвал л бүх хүн төрөлхтөнд тус болох юм шүү дээ...

Халуу дүүгсэн нэг өдөр, Пинар-дел-Рио хотын эмнэлэгт нас барж байгаа өвчтөнүүдийн дунд өдөржин ажилласан Вальтер Рийд орой нь шар чичрэгтэй тэмцэх багийнханд хандан:

–Хэрвээ манай багийн гишүүд өөрсдөө эхлэн зориглож, шар чичрэгээр өвчилсөн хүмүүсийн цусыг сорсон шумуулд хазуулбал, америк цэргүүдэд жинхэнэ үлгэр дууриал болно шүү – гэж тайлбарласанаа, эхлээд Жессе Лейзир руу, дараа нь Жеймс Каррол руу харлаа.

–Би шумуулд хазуулахад бэлэн байна – хэмээн Жессе Лейзир хариулав. Энэ хүн бол эхнэртэй, хоёр жаахан хүүхэдтэй хүн билээ.

Тэгтэл ч Жеймс Каррол:

– Ноёнтоон, та надад итгэж болно шүү – гэв. Судлаачийн мэргэн ухаан, армийн мэс засалчийн өчүүхэн цалин хоёр л бүх өмч хөрөнгө нь болсон энэ хүнийг туршилтанд ороход эхнэр, таван хүүхэд нь жаахан саад болж байсан юм.

III

Вальтер Рийд, америк-испанийн дайны фронт дээрх ажлын байдлыг танилцуулахаар Вашингтон руу дуудагдан явахдаа Жеймс Каррол, Жессе Лейзир, Аристидес Аргамонте гуравт дэлгэрэнгүй тушаал өгөв. Тэр тушаал нь, нууц тушаал байсан төдийгүй зөөлөн зантай хүний өгсөн тушаал гэхэд дэндүү харгис тушаал байлаа. Тэр тушаалыг, нэг талаас үзвэл, ёс суртахуунгүй явдал, нөгөө талаас үзвэл, цэргийн сахилга бат зөрчсөн явдал байсан юм.

Вальтер Рийд цэргийн дээд удирдлагаас зөвшөөрөл аваагүй мөртлөө ийм нэг тушаал буулгачихаад Вашингтон руу яваад өглөө. Жессе Лейзир, Жеймс Каррол хоёр, хамгийн зүрх зоригтой хүмүүсийн л хийж чадах хамгийн зэрлэг туршилтыг эхэллээ. Тэр хоёрын хийсэн тэр туршилт шиг туршилтыг урьд өмнө нь хэн ч хийж байгаагүй юм шүү. Үгүй, та нар тэр үед Лейзирийг харсан ч болоосой. Өнөөх, нүдэнд нь харагдаад байдаг уйтгар гуниг ор мөргүй алга болчихоод, судлаач хүний цог заль бадрангүй нүд гялалзаж байсан юм шүү. Нөгөө Карролыг нь ямар байсан болов оо та бодож байна уу? Каррол бол үхэхээс ч айдаггүй, цэргийн шүүхээс ч айдаггүй зоригт эр байсан юм. Түүгээр ч зогсохгүй, Каррол бол тэргүүн зэргийн судлаач хүн дээ...

Шар чичрэгээр өвчилсөн хүмүүс эгнээ эгнээгээрээ хэвтсэн олон орны хоорондуур Жессе Лейзир бөхөлзөн явна. Намрын навч шиг шав шар царайтай өвчтөнүүд гөлрөн хэвтэх бөгөөд нүдэнд нь цус хурсан өвчтөнүүд солиорно. Лейзир тэдгээр өвчтөнийг мөнгөлөг судалтай шумуулуудаар хазуулж, цусыг нь цүндийтэл соруулуулаад, болгоомжтой авч, шилэн саванд хийж байлаа. Тэр шилэн саван дотор жижигхэн тавагтай ус, ёотонгийн хэлтэрхий тавьжээ. Шар чичрэгээр өвчилсөн хүмүүсийн цусыг сорсон эм шумуулууд туршилт эхлэх цагийг хүлээн, хоолоо шингээн жунгинасаар байлаа.

Жессе Лейзир, Жеймс Каррол хоёрт дарга нь: “Хумхаа өвчнийг санаж ажиллах хэрэгтэй. Хумхаа өвчний үед шумуул хоёроос гурван долоо хоногт өвчин тараах аюултай болдог юм. Шар чичрэгийн хувьд ч адилхан байж магадгүй” гэж сануулжээ. Та тэр үед Жессе Лейзирийн зоримог царайг харсан ч болоосой! Тэр үед Лейзирийг харсан хэн ч гэсэн түүнийг тэвчээртэй хүн гэж хэлэхээргүй байв. Нээрээ шүү! Лейзир яаж ч олсон юм бүү мэд! Сайн дураараа туршилтад оролцох долоон хүн элсүүлчихсэн байв. Тэднийг жаахан айлгаж сүрдүүлсэн ч байж магадгүй. Туршилт хэнд ч мэдэгдэхгүй нууц байдалд явагдсан болохлоор тэдгээр долоон хүний нэр хэнд ч мэдэгдэлгүй үлджээ. Лейзир хэдэн өдрийн өмнө, маш хүнд өвчилсөн хүмүүсийг арай үхээгүй байхад цусыг нь соруулсан шумуулуудаар хамгийн түрүүнд өөрийгөө хазуулаад, бас нөгөө долоон хүнийг хазуулав.

Гэтэл тэдний нэг нь ч өвчилсөнгүй. Бүгдээрээ эв эрүүл, сав саруул хэвээрээ үлдэв. Лейзирийн урам хугарлаа. Гэхдээ цаана нь Жеймс Каррол гэдэг хүн бий. Олон жилийн турш хошууч Вальтер Рийдийн баруун гарын туслах явсан энэ хүн даргынхаа тушаалыг биелүүлэх нь цэрэг хүний үүрэг мөн хэмээн яс махандаа шингэтэл ойлгосон хүн байгаа юм. Хэрэв хушууч Вальтер Рийд: “Шумуулд хазуулж турш!” гэж түүнд тушаасан л бол өөр юу хэрэгтэй юм бэ? Хушууч Вальтер Рийдийн зөв гэж бодсон бүхнийг Жеймс Каррол зөв гэж боддог юм. Хушууч, өнөөх онолдогч хөгшин зөнөгийн хэлсэн үгэнд үнэн юм байгаа гэж л бодсон бол, үнэхээр үнэн юм байж л таарна. Тэгээд ч цэрэг хүний хувийн бодол хоёрдугаар зэргийн ач холбогдолтой зүйл байдаг юм. Хамгийн гол зүйл бол, “Шумуулд хазуулж турш!” гэсэн хушууч Вальтер Рийдийн тушаалыг биелүүлэх явдал мөн!

Ийм учраас, Жеймс Каррол урам нь хугараад байсан Лейзир дээр очиж: “Би туршилтад ороход бэлэн!” гэж мэдэгдээд, Лейзирийг цуглуулсан шумуулуудаасаа хамгийн аюултайгаар барахгүй, ганцхан өвчтөний цусыг сорсон биш, шар чичрэгийн хамгийн хүнд хэлбэрээр өвчилсөн нэлээд хэдэн өвчтөний цусыг сорсон, хамгийн аюултай шумуулыг сонгож хазуулахыг гуйлаа. Жеймс Карролыг хазах шумуул хамгийн аюултай шумуул байх ёстой!!

Найман сарын хорин долоонд Жессе Лейзир “хамгийн аврага” шумуул гэж бодсон шумуулаа сонгож Жеймс Карролын гар дээр суулгалаа. Тэр шумуул, шар чичрэгээр өвчилсөн дөрвөн ч хүний цусыг сорсоноос, хоёр нь маш хүнд хэлбэрээр өвчилсөн билээ.

“Хамгийн аврага” шумуул хатгах газраа хошуугаараа тэмтэрч байхад Жеймс Каррол түүнийг харсаар л суув. Тэр шумуул цусыг нь цүндийтлээ сорж байхад ч харсаар л суусан цэрэг эр юу гэж бодож байсан болов оо? Бүү мэд! “Би одоо дөчин зургаан настай. Шар чичрэгээр өвчилсөн хүний нас ахимаг байх тусам эдгэрэх магадлал нь улам багасдаг даа” гэж л бодож суусан байх гэж хүмүүс санадаг юм. Дөчин зургаан настай, эхнэр, хоёр хүүхэдтэй тэр эр туршилтад орсон өдрийнхөө орой хушууч Вальтер Рийдэд захиа бичихдээ: “Хэрвээ шар чичрэг өвчин шумуулаар дамжин халдварладаг гэсэн онол зөв л юм бол, би энэ халдварын хангалттай тунг хүртсэн байж таарна” гэжээ.

Жеймс Каррол туршилтад ороод хоёр хоносноос хойш их ядарч, шар чичрэгийн тасагт очиж өвчтөнүүдээ ч үзэж чадсангүй. Дахиад хоёр хонотол бие нь улам муудсан тул, тэр “Би ер нь хумхаагаар л өвчилчих шиг боллоо” гэж хэлээд, хамаг хүчээ шавхан байж лабораторид очин, микроскопоор цусаа шинжилж үзлээ. Гэвч хумхаа өвчин биш байв. Шөнө нь, Карролын нүдэнд цус хурж, нүүр нь хүрэнтэж улайгаад, бие нь улам дордсон тул, өглөө нь Лейзир түүнийг шар чичрэгийн тасагт аваачиж хэвтүүлснээр үхэл амьдралын зааг дээр олон хонолоо. Нэг удаа туслах мэсзасалч Жеймс Каррол зүрх минь зогсчихлоо доо гэж бодсон нь түүний хувьд хамгийн хэцүү үе байжээ.

Жеймс Каррол тэгж хариугүй үхэх шахсан үеэ, амьдралынхаа хамгийн бахархалтай үе гэж үздэг бөгөөд “Би бол халдвартай шумуулд хазуулах туршилтад ороод, шар чичрэгээр өвчилсөн хамгийн анхны хүн байгаа юм” хэмээн байнга бахархдаг болсон билээ.

Түүний дараа Иксийн Игрек гэдэг бас нэг америк цэрэг өвчиллөө. Хууль журам зөрчин хүн дээр туршилт хийсэн судлаачид л түүнийг ингэж нэрлэсэн болохоос биш, Мичиган муж улсын ГрандРапидс хотоос цэрэгт татагдсан Вильям Дийн гэдэг цэрэг л дээ. Халдвартай шумуулд хазуулсан Жеймс Карролын толгой нь өвдөөд эхлэх үед, судлаачид Иксийн Игрекийг дөрвөн шумуулаар хазуулсан юм. Тэр дөрвөн шумуулын нэг нь туслах мэсзасалчийг бараг алахаа шахсан шумуул байсан бол, мөнгөлөг өнгийн гоёмсог судалтай нөгөө гурван шумуул нь маш хүндээр өвчилсөн зургаан ч өвчтөний цусыг сорж байснаас хоёр хүн нь нас барсан билээ.

Тийнхүү, Квемадос хотод хүн дээр хийсэн туршилт бүх талаараа аятайхан болж, халдвартай шумуулд хазуулсан хүмүүсээс найм нь эв эрүүл, сав саруул хэвээрээ үлдээд, зөвхөн Жеймс Каррол, Иксийн Игрек хоёр л шар чичрэгээр өвчилж, туршилтын усан гахайн үүргийг жинхэнэ ёсоор гүйцэтгэв. Жеймс Карролын зүрх зогсчих гэж нэг айлгаснаас биш, тэр хоёр хоёулаа сайхан эдгэрч байв. Ялангуяа, Жеймс Каррол жигтэйхэн баярлаж, туршилтын дүнг даргадаа танилцуулах гэж яаран, хошууч Вальтер Рийдийн буцаж ирэхийг хүлээсээр суугаагаа бичжээ.

Харин Жессе Лейзир итгэл муутайхан байв. Аливаа туршилтыг хийхдээ нөхцөл, журмыг нь хатуу чанд мөрдөж заншсан, төрөлхийн авъяаслаг тэр эрдэмтэн, – Жеймс Каррол, Иксийн Игрек хоёрыг шар чичрэгээр өвчилсөн гэдэгт нэг л итгэж өгөхгүй байв. “Энэ хоёрын урмыг хугалах нь даанч тусгүй хэрэг юм даа. Гэвч энэ бол жинхэнэ туршилт биш. Жеймс Каррол, Иксийн Игрек хоёр туршилтад орж өвчлөхөөсөө өмнө өөр аюултай халдварт өртөх боломжтой газруудаар нэг биш удаа явцгааж л байсан даг. Тэгэхлээр, миний хэдэн шумуул тэдэнд шар чичрэг лав халдаагаагүй” гэж Жессе Лейзир бодоод ерөөсөө итгэхгүй байсан юм. Тэгээд ч цэргийн тушаал бол заавал биелүүлэх ёстой үүрэг тул, тэр, өдөр бүхэн үдээс хойш шар чичрэгийн эмнэлэгт очиж, мансуурмаар хачин үнэртэй өрөөнд хэвтэж байгаа өвчтөнүүдийн орны хоорондуур сүлжин явж, сорьцны шилэнд хийсэн эм шумуулуудаа, нүдэнд нь цус хурсан цэргүүдийн гар дээр суулган цусыг нь цүндтийтэл соруулуулсаар л байв.

Гэтэл есөн сарын арван гуравны өдөр түүний хувьд гайтай өдөр байжээ. Цуглуулсан хэдэн шумуулаа тэжээхээр ялих шалихгүй ажил хийж байх зуур нь нэг тэнэмэл шумуул Жессе Лейзирийн гарын ар дээр суугаад хазчихлаа. “Өө золиг гэж! За яахав, зүгээр! Энэ чинь, шар чичрэг халдаадаг шумуул биш байна” гэж тэр бодоод цусаа цүндийтэл нь соруулуулав. Гэтэл тэр шумуул нь, цэргүүд шар чичрэгээр үхсээр байгаа тасагт амьдарч байсан гайхал байжээ!

Тэр өдөр, 1900 оны 9 сарын 13 байсан юм. Түүнээс хойших хугацаанд Шар чичрэгийн эмнэлгийн тэмдэглэлд дараах зүйлс бичигджээ...

“1900 оны 9 дүгээр сарын 18. Жессе Лейзир эмч, бие тун тааруухан оргиод байна гэж зовиурлав. Тэр, оройн 8 цагт дагжтал халуурлаа...”

“1900 оны 9 дүгээр сарын 19. Үдийн 12 цаг. Лейзир эмчийн биеийн халуун 38,9°С, судасны цохилт 112 байв. Нүдэнд нь цус хурж, нүүр нь хүрэн улаан болов. Оройн 6 цагт өвчтөний биеийн халуун 39,5°С, судасны цохилт 106 байлаа”.

Сүүлчийнх нь товчхон тэмдэглэл бичигдсэнээс хойш, гурав хоногийн дараа Лейзир эмчийн бие шарлаж эхэлжээ. Түүнээс хойш, шар чичрэг өвчин нь улам улам үгдэрч, эмчилгээ тус болсонгүй. “Мэргэжил нэгт нөхөр маань 1900 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зол бусаар нас барлаа” хэмээн эмнэлгийн тэмдэглэлд зөөлрүүлсэн маягаар бичигдээд л үлджээ.

IV

Хошууч Вальтер Рийд Кубад буцаж ирэхэд Жеймс Каррол түүнийг тун баяртай угтан авлаа. Жессе Лейзир эмч нас барсныг сонсоод хошууч тун харамссан боловч Жеймс Каррол, Иксийн Игрек хоёрын өвчин, амь наснаас нь холуур өнгөрснийг сонсоод үнэхээр баярлалаа. Вальтер Рийд, нас барсан Лейзирийг өрөвдөн нулимсаа арчин арчин суухдаа, “Бурханы авралаар л хоёр нөхөр маань амьд үлдсэн байна. Ямар ч байсан, энэ туршилт шинжлэх ухаанд тустай зүйл боллоо” гэж бодоод, “Доктор Лейзир халдвартай байранд ажиллаж байхдаа шумуулд хазуулаад өвчилсөн нь, шар чичрэгээр өвчилсөн өвчтөний цусыг сорсон шумуул халдвар дамжуулсан байж болзошгүйг харуулж байна. Санамсаргүй өвчилсөн энэ тохиолдол шинжлэх ухаанд тун сонирхолтой зүйл боллоо” хэмээн тэмдэглэжээ.

Тэгээд Вальтер Рийд:

– Одоо миний шумуулд хазуулах ээлж! – хэмээн нөхдөдөө сануулав. Гэвч, хэдийнэ тавин нас хүрчихсэн түүнийг нөгөөдүүл нь ятгаж байж болиулав.

– Шар чичрэг өвчнийг шумуул халдаадаг уу, халдаадаггүй юү гэдэг асуудлыг бид судалж шийдвэрлэх ёстой шүү дээ – хэмээн хошууч зөөлхөн дуугаар зөрүүдэллэсээр байлаа. Уянгалаг зөөлхөн нь дууг сонсон, эр хүнийх гэхэд даанч чамламаар эрүүг нь харвал, Вальтер Рийд эргэлзээд л байгаа бололтой харагдаж байв. Аргагүй шүү дээ. Шар чичрэгээр өвчилсөн гурван хүн тутмын нэг нь нас барж байсан юм чинь!

Гэтэл Вальтер Рийд:

– Ямар ч байсан, бид заавал шийдвэрлэх ёстой! – гэж намуухан дуугаар нөхдөдөө хэлчихээд, генерал Леонард Вуудтэй очиж уулзан, сэтгэл хөдөлгөсөн үйл явдлуудын талаар түүнд танилцуулав.

Хүнийг давраана давраана гэхэд, генерал Вууд шиг хэтэрхий давраадаг хүн байдаг болов уу? Тэр генерал, Вальтер Рийдэд хүссэн бүхнээ дураараа хийхийг нь зөвшөөрөөд, долоон майхан, хоёр жижиг байшин барьж лагерь байгуулах мөнгө өгснөөр барахгүй, туршилтад оролцох хүмүүсийг хөлслөх мөнгө өгчээ! Америкийн далбааг мандуулах нь мэдээж тул, хэлээд ч яахав. Харин генерал Вууд хүмүүсийг хөлслөх мөнгийг хий дэмий үрэлгүй, туршилтад орсон таван хүн тутмын нэг нь шар чичрэгээр гарцаагүй өвчилсөн тохиолдолд хөлсний мөнгийг харамгүйхэн шиг төлөх ёстойг санууллаа. Тэгэхэд нь, Вальтер Рийд: “Баярлалаа, генерал аа!” гэж талархаад, Квемадос хотоос нэг километр гаруй зайтай газар лагерь барих ажлаа эхлүүлэв. Цэргийнхэн долоон майхан барьж, төрийн далбааны иш босголоо. Америкийн далбаа ч салхины аясаар намирч эхэллээ. Тэд лагериа Лейзирийн лагерь хэмээн нэрлэлээ (Жессе Лейзирийн алдар мандтугай! Mандтугай! Mандтугай!). Чухамдаа, тэр Лейзирийн лагерьт л жинхэнэ аугаа их үйл хэрэг өрнөснийг та удахгүй мэднэ ээ.

Одоо бид маргашгүй нэг үнэнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тэргүүн зэргийн, бичилбиетэн судлаачид бие биенээсээ ялгаатай байдаг нь мэдээжийн хэрэг боловч, тэдэнд адилхан зүйл ганцхан байдаг юм. Тэд, давтагдашгүй шинэ санаа сэддэгээрээ адилхан байдаг юм. Тэргүүн зэргийн, бичилбиетэн судлаачид давтагдашгүй шинэ санаа сэддэг тулдаа, янз бүрийн шумуул, шавж, хачиг халдварт өвчнүүдийг тараадгийг олж нээснээр, XIX зууны сүүлийн арван жилд ихээхэн баримт нотолгоо хуримтлагдаад байсан юм. Шар чичрэгийг ч гэсэн ялгаагүй, шумуул тараадаг байх гэж хэн ч бодож таарна шүү дээ. Тэгэхлээр, Вальтер Рийдийг давтагдашгүй шинэ санаа сэдсэнийх нь төлөө буудчих гэх хүн гарахгүй байлгүй дээ. Түүний туйлын нямбай туршин шинжээч байсныг нь хэлэхээ байя гэхэд, бичилбиетэн судлаач суут хүнд л заяавал зохих ёс суртахууны эрхэм дээд чанар, яахын аргагүй, Вальтер Рийдэд заяасан байв. Тэр, ёс суртахууны эрхэм дээд чанар нь: “Хүн төрөлхтнийг аврахын тулд хүн алах л хэрэгтэй” хэмээн Вальтер Рийдэд зөвлөөд байсан тул, халдвар агаараар дамжин тарахааргүй тусгаарлагдмал орчинд хэд хэдэн туршилт хийхээр тэр төлөвлөлөө. Түүний төлөвлөсөн шиг, ёстой тамын орныг л санагдуулмаар аймшигтай туршилт хийх бодол, урьд өмнө нь, ямар ч сайн хүний толгойд төрж байсангүй!

Хошууч Вальтер Рийд хийх туршилтаа маш нарийн тооцож төлөвлөлөө. Халдвартай шумуулд хазуулж турших хүн бүхнийг халуун наранд шарагдсан Лейзирийн лагерьт аваачин, хэдэн хоногоос хэдэн долоо хоногийн хугацаагаар түгжээтэй байранд байлгах ёстой. Тэд нарыг санаандгүй тохиолдлоор шар чичрэгийн халдвар авах аюулаас хол байлгах ёстойгоос гадна эдгээр туршилтанд халдвартай хүн оруулчихаж л болохгүй!

Тэгээд Вальтер Рийд, Кубад байгаа америкийн цэргүүдэд хандан: “Энд бас нэг дайн болж байна, өөрөөр хэлбэл, хүн төрөлхтнийг аврахын төлөөх дайн болж байна. Энэ дайнд сайн дураараа оролцох хүн байна уу?” гэж зарлав. Зарлалын бэх нь хатаагүй шахуу байхад Охайо хотоос цэрэгт ирсэн байлдагч Киссенжер, энгийн албан хаагч Жоон Моран хоёр ороод ирлээ. Жоон Моран бол генерал Фицхью Лийгийн удирддаг албанд ажилладаг хүн билээ.

Тэр хоёр: “Ноёнтоон, та, бид хоёр дээр туршиж болно үү” хэмээн хошуучид илтгэв.

Аливаа зүйлд туйлын ухамсартай ханддаг Вальтер Рийд: “Гэхдээ нөхөд минь, та хоёр энэ туршилт ямар аюултайг нь мэдэж байна уу?” гэж тэднээс асуугаад, шар чичрэгээр өвчилбөл толгой өвдөж, зогисуулж, хар өнгийн зүйлээр бөөлждөг талаар хэлж өгөөд, зарим аюултай эпидемийн үед тэр аюул аймшгийн тухай хүмүүст сонирхуулаад ярьчих нэг ч амьд хүн үлдээгүйг тайлбарлав.

Тэгтэл байлдагч Киссенжер, энгийн албан хаагч Жоон Моран хоёр: “Бид мэднэ ээ. Бид хоёр зөвхөн шинжлэх ухааны тусын тулд, хүн төрөлхтний төлөө сайн дураараа туршилтад оролцъё” гэж гуйлаа. Вальтер Рийд тэр хоёрт, генерал Вуудын өгөөмөр загнасныг яриад, туршилтад орж, мөнгөлөг өнгийн судалтай эм шумуулд хазуулсан таван хүн тутмаас нэг нь шар чичрэгээр өвчилбөл, та хоёр тус бүрдээ хоёр зуун доллар юм уу, магадгүй гурван зуун доллар авна. Нэлээд мөнгө шүү. Харин таван хүн тутмаас нэг нь өвчлөхгүй бол генералын өгсөн мөнгийг зарцуулж болохгүй гэж тайлбарлав.

Тэгтэл байлдагч Киссенжер, энгийн албан хаагч Жоон Моран хоёр: “Бид хоёр, ганцхан болзолтойгоор л туршилтад оролцоно. Энэ болзол бол, бид ямар ч нөхөн төлбөр авахгүй!” гэхэд нь хошууч Вальтер Рийд малгайнхаа саравчинд гараа хүргээд: “Жентельменүүд минь, би та хоёрыг хүндэтгэн ёслоё!” гэлээ.

Киссенжер, Жоон Моран хоёр тэр өдөртөө л урьдчилсан хөл хорионд орж, жинхэнэ найдвартай, нэгдүгээр зэргийн усан гахайн үүрэг гүйцэтгэх боллоо. Арван хоёр сарын тавны өдөр Киссенжер таван шумуулд хазуулж, цусаараа цадтал нь хооллов. Тэдгээр таван шумуулын хоёр нь, арван таван хоногийн өмнө шар чичрэгээр нас барсан болоод арван есөн хоногийн өмнө нас барсан хүмүүсийн цусыг сорж байжээ. Тэгтэл, болоод явчихлаа! Таван хоногийн дараа Киссенжерийн толгой айхавтар өвдөж эхлээд, дахиад хоёр хонотол бие нь шав шар боллоо. Жинхэнэ хэлбэрийн шар чичрэгээр өвчилсөн Киссенжерийн бие сайжирч байгаад нь баярласан Вальтер Рийд байрандаа ирээд Бурханд талархан залбирдаг байв.

Удалгүй Вальтер Рийд, Жеймс Каррол, Аристидес Аргамонте гурвын хувьд аугаа их өдрүүд эхэллээ. Тэд шинжлэх ухааны тусын тулд, хүн төрөлхтний төлөө амь насаа өргөхөөс ч буцахгүй залуухан америкчуудад шар чичрэг халдаан туршаад хариугүй хэтрүүлчих гэж байтал, Испаниас Кубад дөнгөж ирээд байсан, юмны учрыг ойлгохгүй, хоёр зуун долларын ашгийг л бодсон хүмүүс тааралдлаа. Ашиг хонжоо хайсан таван хүн байсныг “испанийн цагаачид” гэж нэрлэе. Нян судлаачид туршилтынхаа туулайнуудыг “Чандага 1, чандага 2, чандага 3, чандага 4” гээд нэрлэдэг шиг, испанийн цагаачдыг бас “Хүн 1, хүн 2, хүн 3, хүн 4” гээд нэрлэчихжээ. Ямар ч байсан, тэдгээр хүмүүсийг сонгон авсан шумуулуудаар маш “нямбай” хазуулсны аюулыг зүйрлэн хэлбэл пулемётны сумнаас ч аюултай байсан юм. Тэдгээр таван испани хүн бүр авах ёстой хоёр зуун доллараа ч авлаа. Тэдний дөрөв нь шар чичрэгийн жинхэнэ хэлбэрээр “ёстой сайхан” өвчилсөн юм (үгүй, энэ эмч нар жаахан шинжлэх ухаанч байж, шар чичрэгийн гоё хэлбэр гээд нэрлэчихгүй дээ).

Энэ бол аугаа амжилт, жинхэнэ баталгаатай амжилт байсан юм. Тэдгээр таван испани хүний хэн нь ч шар чичрэг дэлгэрсэн газраар явж байгаагүй бөгөөд тэднийг бив битүү хөшиг татсан майханд тэндхийн хулганууд шиг л хорьж байсан билээ. Амьтдаас дээрдэх ухаангүй испанийн таван цагаач, арай ухаалаг хүмүүс байсан сан бол мөнгөлөг өнгийн судалтай шумуулд хатгуулах төдийхнөөс өөр юмгүй уйтгартай ажил байх байсан даа гэж хүмүүс хэлж магадгүй юм даа.

Вальтер Рийд эхнэртээ: “Хайрт минь! Надтай цуг баярлаарай. Сахуугийн хоргүйсүүр, Кохын нээсэн сүрьеэгийн савханцар хоёртой эн тэнцэхүйц, XIX зууны шинжлэх ухааны хамгийн чухал ажлыг би хийж байна шүү” хэмээн баярлан бичжээ.

Гэвч тэр туйлын няхуур нямбай хүн. Няхуур нямбай чанараараа Вальтер Рийд давтагдашгүй, тэргүүн зэргийн, бичил биетэн судлаачид шиг давтагдашгүй бөгөөд түүний няхуур нямбай бодол нь ч давтагдашгүй байсан юм. Уул нь, тэр одоо туршилтаа зогсоож болно оо доо. Халдвартай шумуулд хазуулсан есөн хүн шар чичрэгээр өвчилж, нэг л хүн нас барлаа. Ямар гайхалтай аз завшаан бэ? Вальтер Рийд одоо туршилтаа зогсоох нь гарцаагүй гэж тангараглах хүн ч гарах л байх л даа.

Гэтэл Вальтер Рийд: “Шар чичрэг өвчин өөр замаар дамжин халдварлаж болох уу?” хэмээн бодож эхлэв. Тэр үед, шар чичрэгээр өвчилсөн хүний хувцас, ор дэрний даавуу, эд хэрэгсэл бүхэн үхлийн аюултай хэмээн хүн бүхэн итгэж, сая сая долларын үнэтэй хувцас, ор дэрний даавуу, эд хэрэгсэлийг устгадаг байсан юм. Шар чичрэгээр өвчилсөн хүний хувцас, ор дэрний даавуу, эд хэрэгсэл бүхэн үхлийн аюултай гэдэгт АНУын Эрүүлийг Хамгаалах Албаны Офицеруудын Корпусын захирагч ч итгэдэг, Хойд Америк, Төв Америк, Өмнөд Америкийн алдар цуутай эмч нар ч итгэдэг байв. Харин “Онолдогч хөгшин зөнөг” Финлей л үүнд ганцаараа итгэдэггүй байсан юм.

Нөгөө Киссенжер, испани хүн 1, 2, 3, 4 цөм шар чичрэгээр өвчилж, овоо амжилт олоод баярлаж байсан Вальтер Рийд: “Шар чичрэг өвчин өөр замаар дамжин халдварлаж болох уу?” хэмээх асуултыг бодож бодож, туршилтаа үргэлжлүүлэхээр шийдлээ. Мужаанууд ирж, Лейзирийн лагерьт өргөөшөө 4,2 метр, уртаашаа 6 метр, хоёр жижигхэн, муухай, модон байшин барилаа. Нэгдүгээр байшин нь, хоёрдугаар байшингаасаа ч муухай бөгөөд өмнө зүг рүү харсан хаалгыг нь хоёр давхар хийсэн тул шумуул орох боломж байхгүй. Хоёр цонхыг нь ч мөн өмнө зүг рүү харуулж хийсэн тул салхи нэвт үлээхээргүй байв. Байшингийн доторх температурыг 32,2°С-ийн хэмээс халуун байлгахын тулд сайхан зуух тавин галлаж, агаарыг нь халуун орны хөлөг онгоцон доторх шиг амьсгал давчдуулам бөгчимхөн болгохын тулд хоёр онгоц ус тавьжээ. Ийм байшинд хичнээн сайхан байлаа ч гэсэн хүн суухын аргагүй гэдэг нь тодорхой байгаа биз дээ. Гэтэл бас болоогүй ээ. 1900 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, хөлс нь цувсан хэдэн цэрэг бив битүү таглаж хадсан, харахаас сэжигтэй хэдэн хайрцагтай юм дамжлаад ирсэн нь, нөгөө муухай байшинг улам ч муухай болгох гэж Лас-Анимас хотын шар чичрэгийн тасгаас авчруулсан юмс байжээ. 1900 оны 11 дүгээр сарын 30-ны тэр өдөр Вальтер Рийд, Жеймс Каррол хоёр зориг баатарлагийн үлгэр жишээг нүдээрээ харсан гэрчүүд боллоо. Тэр өдөр Куук гэдэг залуухан америк эмч, Фоок, Жернеган гэдэг хоёр америк цэрэгтэй гурвуулаа нөгөө муухай нэгдүгээр байшинд орсон юм. Ингэхэд, тэдгээр зоригтоны хөшөө хаана байна аа?!

Куук, Фоок, Жернеган гурав амьсгалахад ч хэцүү бөгчимхөн агаартай байшинд өнөөх бив битүү таглаж хадсан, харахаас сэжигтэй хэдэн хайрцгийг “Паах! Пөөх!” гэцгээн нээж, хараал хэлж, хамар амаа дарж байсан ч зогссонгүй, бүгдийг нь нээлээ. Шар чичрэгээр нас барсан хүмүүсийн хав хар бөөлжис шингэсэн дэр, босоод бие засах ч чадваргүй болсон хүмүүсийн баас, шээс болсон заваан ор дэрний даавуу, хөнжил зэргийг гурвуулаа хайрцагнуудаас гаргаж, бүгдийг нь сайн цохиж сэгсэрлээ. “Шар чичрэгийн хорууг өрөөн дотор маш сайн тараах ёстой” гэж Вальтер Рийд тэр гуравт тушаасан юм.

Куук, Фоок, Жернеган гурав эвхдэг цэрэг ороо дэлгэж, заваан дэр, орны даавуу, хөнжлөөр ор засаад, ой гутмаар орондоо нүцгэлэн орж, дундад зууны үеийн өмхий гяндангаас ч долоон дор муухай өрөөнд унтахыг хичээцгээлээ. Гадаа нь Вальтер Рийд, Жеймс Каррол хоёр шумуул байшинд орчихоос маш сэрэмжтэй хамгаалж эхэлсэн бөгөөд Куук, Фоок, Жернеган гурав туршилтын хугацаанд хамгийн сайн хоол унд хэрэглэж байлаа.

Иймэрхүү байдлаар, тэр гурав нөгөө муухай байшинд өдөр хоногийг өнгөрөөж, хэрэглэж байгаа даавуу, хөнжлийнх нь эздийн сүнс амар амгалан байдаг болов уу хэмээн нэг гайхаж, шар чичрэг өвчнийг шумуулаас өөр юу дамжуулдаг юм бол доо хэмээн нэг бодож хэвтдэг байлаа (Гэхдээ шар чичрэгийг шумуул дамжуулдаг гэдгийг хараахан батлаагүй л байсан билээ).

Тэгж байтал, аливаа зүйлд туйлын шудрага, нягт нямбай ханддаг Вальтер Рийд, хатуухан сэтгэлтэй Жеймс Каррол хоёр туршилтынхаа нөхцлийг жаахан хүндрүүлэхээр шийдсэн тул, ЛасАнимас хотын шар чичрэгийн тасгаас дахиад хэдэн хайрцагтай юм авчрууллаа. Куук, Фоок, Жернеган гурав тэр хэдэн хайрцагтай юмыг бүгдийг нь задлатал, муухай байшин нь бүр ч тэсэхийн аргагүй муухай, бараг л зугтаагаад гарчихмаар боллоо. Гэвч тэд зугтаасангүй, муухай байшиндаа үлдэж, хорин хоног, өдөржин шөнөжин тэндээ байсан юм шүү. Ингэхэд, тэдгээр зоригтоны хөшөө хаана байна аа?!

Эцэст нь, Куук, Фоок, Жернеган гурвыг муухай байшингаас нь гарган, сэнгэнэсэн сайхан агаартай майханд хөл хорьж, шар чичрэгээр өвчлөхийг нь хүлээж эхэллээ. Гэтэл юуных нь өвчлөх вэ, гурвуулаа бүр таргалаад, эв эрүүл, сав саруул хэвээрээ үлдлээ. Муухай байшин, аюултай заваан орны даавуу, хөнжлийнхөө талаар хошигнон ярьцгаадаг гурван зоригтон, - Киссенжер, испани хүн 1, 2, 3, 4 цөм шумуулд хазуулаад шар чичрэгээр өвчилснийг сонсоод хүүхэд шиг баярлацгаав. Хэн ч байсан ялгаагүй тэдэнтэй адилхан баярлаж: “Ямар гайхалтай баталгаа вэ? Яасан ч аймаар туршилт вэ?” гэж хэлэхээр шүү дээ. Гэтэл шинжлэх ухааны төлөө хамаг ухаанаа зориулсан Вальтер Рийдийн санаанд нь энэ аймаар туршилтын гайхалтай баталгаа ерөөсөө хүрсэнгүй. Дахиад гурван америк цэргийг нөгөө муухай нэгдүгээр байшинд оруулж, шинээр авчруулсан, хэлэхийн аргагүй муухай орны даавуу, хөнжилд бас хорин шөнө унтуулав. Гэхдээ бас болоогүй ээ. Туршилтынхаа нөхцлийг “жаахан боловсронгуй” болгож, шар чичрэгээр үхсэн хүмүүсийн өмсөж байсан унтлагын хувцсыг тэдэнд өмсүүлсэн юм. Дараа нь, дахиад гурван америк цэргийг нөгөө муухай нэгдүгээр байшинд оруулж, яг түрүүчийнхээ адил нөхцөлд хорин шөнө унтуулав. Гэхдээ бас болоогүй ээ. Туршилтынхаа нөхцлийг “бас жаахан боловсронгуй” болгож, шар чичрэгээр үхсэн хүмүүсийн цус нэвчсэн нов нойтон дэрийг дэрлүүлж байсан юм.

Тэглээ ч гэсэн ялгаагүй, тэд бүгдээрээ эв эрүүл, сав саруул хэвээрээ үлдлээ. Нийт есөн хүнээс нэг нь ч шар чичрэгээр өвчилсөнгүй. “Шинжлэх ухаан гэдэг чинь яасан гайхалтай сайхан зүйл вэ?” хэмээн бахархсан Вальтер Рийд “Шар чичрэг өвчин хувцсаар дамжин халдварладаг гэсэн ойлголт, хүн дээр хийсэн анхны туршилтаар савангийн хөөс мэт хага үсэрлээ” хэмээн тэмдэглэжээ.

Вальтер Рийдийн зөв шүү. Шинжлэх ухаан гэдэг үнэхээр гайхалтай сайхан зүйл байгаа юм. Гайхалтай сайхнаас гадна бас харгис зүйл байгаа юм. Ялангуяа, бичил биетний мөрөөр мөшгөгчдөд хатуухан сэтгэл гаргах шаардлага заавал гардаг юм үү. Вальтер Рийд шиг жинхэнэ туршин шинжээч хүнд л шингэсэн байдаг хайр найргүй нэг чөтгөр: “Чиний наад туршилт чинь үнэхээр зөв юм уу?” гэж түүнээс асуугаад салахгүй байв. Нэгдүгээр байшинд хонуулж байсан есөн хүнээс нэг нь ч шар чичрэгээр өвчлөөгүй. Энэ бол маргахын аргагүй үнэн зүйл. Гэхдээ тэд шар чичрэгээр заавал өвчлөх ёстой, өртөмтгий хүмүүс байсан гэж яаж батлах вэ? Тэд цөмөөрөө төрөлхийн дархлалтай байсан бол яах вэ?

Вальтер Рийд, Жеймс Каррол хоёр, дарга нь цэргээсээ асуудаг ёсоор Фоок, Жернеган хоёроос асуух ёстой бүхнийг асууж асууж, тодруулах ёстой бүхнийг тодруулж тодруулж, шар чичрэгээр нас барсан хүний цусыг Жернеганы арьсан дор тарьж, шар чичрэгээр нас барсан хүний цусыг сорсон шумуулаар Фоокыг хазууллаа. Тэгтэл, нөгөө хоёр ч тэсвэрлэхийн аргагүй өвдөж, нүүр нь хүрэнтэн улайгаад, нүдэнд нь цус хурлаа.

Аз болоход, Жернеган Фоок хоёр “Үхлийн харанхуй хөндийг” эсэн мэнд тууллаа. “Бурхан минь, Танд баярлалаа” хэмээн Вальтер Рийд өөрийн эрхгүй залбирч байхдаа, нөгөө муухай хав халуун, өмхий нэгдүгээр байшинд хорь хоносон хоёр цэрэг ямар ч дархлалгүй байсныг нь баталж өгсөн Бурхан багшдаа онцгойлон талархаж байв.

Уаррен Гладстон Жернеган, Левай Е. Фоок хоёр баатарлаг үйлсийнхээ төлөө тус бүр гурван зуун доллартай түрийвчээр шагнуулав. Тэр үед, гурван зуун доллар гэдэг маш их мөнгө байсан билээ.

V

Иймэрхүү туршилтууд хийгдэж байх зуур, нөгөө Охайо муж улсаас ирсэн энгийн албан хаагч Жоон Ж. Моран сэтгэлээр бүр уначихаад байлаа. Шинжлэх ухааны тусын тулд, хүн төрөлхтний төлөө сайн дураараа туршилтад орж, нөхөн төлбөр авахаас эрс татгалзсан түүнд Вальтер Рийд ёслон хүндэтгэл үзүүлж байсан билээ. Гэтэл Stegomyia төрлийн мөнгөлөг өнгийн судалтай шумуулаар Жоон Ж. Мораныг хазуулаад хазуулаад тэр шар чичрэгээр өвчлөөгүй юм. Хэд хэдэн удаа хамгийн аюултай шумуулуудыг сонгож хазуулсан боловч тэр эв эрүүл, сав саруул хэвээрээ үлдсэн билээ. Хөөрхий сэтгэлээр уначихаад байгаа Жоон Ж. Мораныг одоо яадаг юм билээ дээ?

“Өө, би бодоод олчихлоо. Жоон Ж. Моран дээр ямар туршилт хийхээ бодоод олчихлоо!” хэмээн Вальтер Рийд нөхдөдөө хэллээ. Нөгөө муухай нэгдүгээр байшинтай хамт барьсан хоёрдугаар байшин байгаа билээ. Хоёрдугаар байшин нэгдүгээрхээ бодвол, нэлээд тохилог бөгөөд цонх хаалга хоёр нь эсрэг талдаа тул салхи нэвт үлээгээд сэрүүхэн гэж жигтэйхэн. Дотор нь цэвэрхэн сайхан ор, уураар ариутгасан ор дэрний хэрэгсэл тавьсан, жижигхэн ч гэсэн ариун цэврийг дээд зэргээр сахисан тэр байшинд сүрьеэ өвчтэй хүнийг хэвтүүлсэн ч гэсэн сайхан эдгэхээр байр байв. Өрөөний голд, таазнаас шал хүртэл маш жижигхэн нүхтэй тор татсан нь хамгийн жижигхэн шумуул ч шургаад орчих боломжгүй байсан юм.

1900 оны 12 сарын 21-ний үдийн 12 цагт энэ удаагийн туршилтын “гахайн” үүргийг гүйцэтгэх Жоон Ж. Моран “халуун уснаас дөнгөж гараад, зөвхөн унтлагынхаа хувцастай”, цэвэр цэмцгэр хоёрдугаар байшинд орлоо. Түүнийг тэнд орохоос таван минутын өмнө Вальтер Рийд, Жеймс Каррол хоёр нэг шилэн савны тагийг нээгээд орхисон бөгөөд цус сорохоор улайрсан арван таван эм шумуул жунгиналдан савнаасаа гарсан билээ. Тэдгээр арван таван эм шумуул, Лас-Анимас хотын шар чичрэгийн тасагт шав шар царайтай болчихоод хэвтэж байсан хөвгүүдийн цусыг янз бүрийн хугацаанд сорж байсан юм.

За тэгээд, Жоон Ж. Моран “халуун уснаас дөнгөж гараад, зөвхөн унтлагынхаа хувцастай”, цэвэр цэмцгэр хоёрдугаар байшинд орж, цэвэр цэмцгэр орон дээр хэвтлээ. Нэг минут өнгөрөв үү, үгүй юү жунгинасан уйтгартай дуу толгой дээгүүр нь гарч эхэлснээ, хоёр минут өнгөрөв үү, үгүй юү шумуул хазаад эхэллээ. Моран муусайн шумуулыг няц алгадачихалгүй шиг гучин минут хэвтэх хугацаанд долоон удаа түүнийг хазжээ. Та нөгөө ноён Золяг санаж байна уу? Баттиста Граси түүнийг яаж зовоож байлаа? Ноён Золяг хумхаагаар өвчлөхөд хумхааг нь эмчлэх хинин хангалттай байсан билээ. Тэгвэл Жоон Ж. Моран одоо өвчилбөл яах вэ? Моран яг тиймэрхүү туршилтын амьтан болчихоод байна шүү дээ.

Жоон Ж. Мораныг үдээс хойш дөрвөн цаг хагаст дахиад л нөгөө байшинд аваачиж шумуулд хазууллаа. Маргааш нь бас дахиад нэг удаа аваачиж, урьд өдөр нь хазаагүй шумуулуудад хазууллаа. Тэр туршилтын үед, хоёрдугаар байшингийн голоор татсан торны нөгөө талд, шумуул нэвтрэхээргүй орчинд хоёр цэргийг арван найман хоног байлгасан бөгөөд тэд өвчлөөгүй юм. Харин Жоон Ж. Моран яасан бэ?

1900 оны зул сарын баярын өглөө түүнийг нэг “сайхан бэлэг” хүлээж байжээ. Толгой нь лугшин өвдөж, нүд нь улайгаад, гэрэл ч харж чадахгүй болж, яс нь янгинан, туйлдатлаа ядарч эхэллээ. Ямар гээчийн гайтай шумуулууд Жоон Ж. Мораныг хазсан юм бүү мэд, тэр үхэх сэхэхийн даваан дээр тулснаа, арайхийж аврагдлаа (“Бурхан багшдаа баярлалаа!” хэмээн Вальтер Рийд ч залбирлаа). Хожим нь Жоон Ж. Моран үлдсэн амьдралаа хэнд ч анзаарагдалгүй өнгөрөөжээ. Уул нь, тэгэх ёсгүй л хүн юмсан.

Тийнхүү, Жоон Ж. Моран шинжлэх ухааны тусын тулд, хүн төрөлхтний төлөө зүтгэх хүслээ биелүүлж, Фоок, Куук, Жернеган, туршилтад орсон бусад хүмүүсийн хамт бохир заваан халдварын голомт шумуулгүй л бол ямар ч аюулгүй байдаг, цэвэр цэмцгэр байр шумуултай л бол аюултайгаар барахгүй туйлын аюултай байдгийг баталсан билээ. Тийнхүү, хошууч Вальтер Рийд ч дотроос нь хатгаад байсан өнөөх чөтгөрийн асуулт нэг бүрийн хариултыг эцэст нь олсон бөгөөд энэ тухайгаа нэлээд хуучны маягаар тэмдэглэн бичихдээ: “Орон байранд шар чичрэг өвчин дамжин тархаж байгаагийн хамгийн гол хүчин зүйл бол тухайн байранд шар чичрэгээр өвчилсэн хүний цусыг сорсон шумуул байгаатай шууд холбоотой байна” гэжээ.

Шар чичрэг өвчин дамжин тархдгийн гол шалтгаан нь ийм л энгийн зүйл байв. Шар чичрэг өвчнийг шумуул тараадаг гэдэг нь гарцаагүй үнэн байв. Ингээд л батлагдлаа!

“Хүмүүсийн зовиур шаналгааг багасгах ямар нэг зүйлийг, хэзээ нэгэн цагт хийх юм сан хэмээн хорин жил залбирсан хэрэг минь бүтлээ. Шинэ жилийн баяр хүргэж, сайхан сайхан бүхнийг мянгантаа ерөөе!..Байз, хорин дөрвөн бүрээчин унтах дохио үлээж явна. Хуучин оноо үдлээ дээ” хэмээн Вальтер Рийд эхнэртээ бичжээ.

Эдгээр бүрээчид, энэ уянгат аялгуу, жинхэнэ судлаач Жессе Лейзирийг ч үдэж, одоохон газрын хөрснөөс арчигдах шар чичрэг хэмээх заналт дайсныг ч үдэж байна. Эдгээр цоглог хөгжимчид, богинохон хугацаанд ялалт байгуулсан шар чичрэгийн жижигхэн багийг хүлээж буй хувь заяаг ёслон тэмдэглэхээр бүрээгээ цангинуулан үлээж явна.

VI

Дэлхийн бараг бүх улс орны төлөөлөгчид Хавана хотод цугларч, Вальтер Рийдийг магтан сайшааж, албан ёсны ярилцлага, хэлэлцүүлэг болж, энд тэндхийн туршлагатай хүмүүсийн санал бодлыг сонсцгоолоо.

Удахгүй Панамын сувгийн “үхэшгүй мөнхийн шидтэн” болохоор бэлтгэгдэж байгаа америк эмч Уильям Крофорд Горгас (бас нэг шудрага сайхан хүн!) Хавана хотын суваг шуудуу, муу усны нүх, усан сан нэг бүрээр орж, Stegomyia төрлийн шумуултай хайр найргүй дайн хийсний ачаар, ер хоногийн дараачаас эхлэн энэ хотод шар чичрэгээр нэг ч хүн өвчлөөгүй билээ. Хоёр зуун жилийн түүхэнд анх удаагаа Хавана хотод шар чичрэг гараагүй юм. Энэ бол ёстой ид шид шиг амжилт байлаа.

Туршлагатай эрдэмтэд, сүртэй гэгчийн сахалтай эмч нар Европоос ч ирсээр, Америкаас ч ирсээр, энүүнийг ч асуусаар, тэрүүнийг ч лавласаар л байв. Нэг өглөө, юманд итгэхээ байсан арван таван эрдэмтэн Вальтер Рийдийн шумуул үржүүлдэг лабораториор орлоо. Миссури муж улсаас ирсэн тэдгээр хүмүүс: “Та нарын туршилт гайхалтай нь ч гайхалтай л туршилт юм. Гэхдээ туршилтынхаа үр дүнг маш нарийн үнэлж цэгнэх хэрэгтэй, дүгнэлт хийх гэж яарах хэрэггүй” гэх мэтийн сургаал айлдаж байтал, шумуул хийсэн нэг шилэн савны самбай таг санамсаргүй уначихав. Stegomyia төрлийн эм шумуулууд ч цус сорох шунал нь хөдөлсөн хорон нүдээ эрдэмтэд рүү бүлтийлгэн жунгиналдсаар өрөөгөөр нэг тарлаа. Өнөөх эрдэмтдийн юманд итгэдэггүй зан ч хоромхон зуур алга болоод, шинжлэх ухааны хүндэт зарц нар өрөөнөөс гялсхийн зугтан гарч, төмөр торон хаалга тарчигнан буулаа. Вальтер Рийдийн зөв гэдэгт дотроо итгэж байсан тэдний итгэл ийм сүр хүчтэй илэрсэн юм (Харин тэр шумуулууд ямар ч халдваргүй шавж байсан билээ).

Америк эмч Уильям Крофорд Горгас, Куба улсын шар чичрэгийн томоохон мэргэжилтэн Жуан Гитерас хоёр Лейзирийн лагерьт хийсэн туршилтуудын үр дүнд нэлээд итгэж байсан бөгөөд нь тэдгээр туршилтын үр дүнг практикт нэвтрүүлэхийн тулд дээд зэргийн ухаалаг төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр шийдлээ. Тэр хоёрын төлөвлөгөө сайхан нь сайхан боловч даанч яаруу хэрэгжүүлжээ.

Горгас, Гитерас хоёр: “Лейзирийн лагерьт туршилтаар халдварлуулсан шар чичрэгээр өвчилсөн хүмүүсээс нэг нь ч нас бараагүй нь гайхалтай байна. Жинхэнэ хэлбэрийн шар чичрэгээр өвчилсөн тэдгээр хүмүүс бүгдээрээ эдгэрсэн нь, магадгүй, Вальтер Рийд тэднийг дэндүү эрт эмнэлэгт хэвтүүлсэнтэй холбоотой байх” хэмээн ярилцаад, туйлын осолтой туршилт хийхээр шийдэв.

Горгас, Гитерас хоёр: “Шар чичрэгийн эсрэг дархлал тогтоогүй, шинэхэн ирсэн цагаачдад уг өвчнийг аятайхан халдварлуулаад үзье. Өвчилсөн ч аюулгүй шүү дээ. Тэгээд ч Вальтер Рийдийн туршилтын дүнг давхар батлачихна” гэж тохирчээ. Уг нь, далд нууцгай газар үрждэггүй, зөвхөн орон байранд үрждэг Stegomyia төрлийн шумуултай дайтаад л шар чичрэг өвчнийг амархан устгачих боломжтой байсаар атал, тэд ингэж төлөвлөжээ.

Тэгж байтал цагаачид ч ирсэн бөгөөд юмны учир ойлгодоггүй хүмүүс байв. Тэдэнд туршилтын талаар тайлбарлаж, ямар ч аюулгүй гэж хэлээд, долоон цагаач, нэг зоригтой залуухан америк сувилагч, нийт найман хүнийг халдвартай Stegomyia төрлийн шумуулуудар хазуулжээ. Гэтэл хоёр цагаач, зоригтой залуухан америк сувилагч гурав, дахиад шар чичрэгээр өвчилнө гэж ч айхгүй, ертөнцийн зовлон зүдгүүрийг амсана гэж ч айхгүй боллоо. Тэднийг цогцосыг дамнуурган дээр дээш харуулан хэвтүүлээд, гашуудлын хөгжмийн аян дор хөлөөр нь түрүүлүүлэн эмнэлгээс гаргалаа.

Үгүй ер, Вальтер Рийд ямар лут судлаач вэ? Лейзирийн лагерьт хийсэн туршилтууд нь ямар азтай туршилтууд байгаа вэ?..

Гэтэл Хавана хотын хүмүүс сандарч, мафийнхний тухай шуугилдаж эхэллээ. Хүмүүсийн эрхэм нандин амь насыг бүрэлгэсэн мафийнхнийг шүүмжилж эхэллээ. Яг тэр үеэр, туслах мэсзасалч Жеймс Каррол Хавана хотод буцаж ирэв. Цогцос занданшуулагч шиг сэтгэл нь хөдлөхөө больчихсон, цэрэг хүн гэдгээ л бүхнээс дээгүүр чухалчилдаг энэ эр, эрдэм шинжилгээний чанартай зарим асуудлыг шийдвэрлэхээр ирсэн байлаа.

Вальтер Рийд тэр хоёр: “Шар чичрэгийг одоо устгаж болох уу? Энэ өвчин хүнээс хүнд халддагийг бид дөнгөж сая батлах нь баталлаа. Харин шар чичрэгийн үүсгэгч нь юу вэ?” хэмээн бие биенээсээ асуугаад энэ бол жинхэнэ шинжлэх ухааны асуулт мөн гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Гэвч би энэ асуултыг нь, арай өөрөөр танаас асууя. Шар чичрэгийн үүсгэгч нь юу вэ гэдэг асуултын хариуг олохын тулд испанийн цагаач ч бай ялгаагүй, заавал хүний амь насыг үрэгдүүлэх шаардлага байсан юм уу? Миний хувьд, тийм шаардлага байсан ч гэж хариулж чадахгүй, байгаагүй ч гэж хариулж чадахгүй. Харин Жеймс Каррол, Вальтер Рийд хоёр “тийм шаардлага байсан” гэж шуудхан л хариулна! Тэр хоёр, туршилтыг эхлэхдээ, тушаал биелүүлж сурсан цэрэг эрсийн ёсоор, хүн төрөлхтнийг аврахын тулд амь насаараа дэнчин тавьсан хүмүүнлиг үзэлтнүүдийн ёсоор, жинхэнэ үнэнийг, маргашгүй үнэнийг хайн халдвартай шумуулд хазуулж байсан билээ. Тэгснийхээ хүчээр ч, Жеймс Каррол, Вальтер Рийд хоёр урьд өмнө нь мэдэгдээгүй байсан шинэ зүйлийг нээж, алдар суугийн оргилд хүрсэн юм.

Тэр хоёр, шар чичрэгээр өвчилсөн хүмүүсээс ямар ч нян олоогүй нь үнэн, хамгийг хүчтэй микроскопоор шинжлээд ч нян илрээгүй. Шар чичрэгээр нас барсан хүний элэг, шумуулын уушгинд нян илрүүлэх шинжилгээ хийгээд ч илрээгүй юм. Гэхдээ шар чичрэгийг үүсгэгч нь шинэ төрлийн бичил биетэн байх боломж зөндөө бий. Хамгийн хүчтэй өсгөгч шил ашигласан гэрлийн микроскопт ч харагддаггүй, хэт бичилбиетэн байж магадгүй билээ. Тийм, хэт бичилбиетэн бол хараахан нээгдээгүй байгаа хоруугаараа хүмүүсийг үхүүлснээр л оршин байгаагаа харуулдаг юм. Шар чичрэгийн үүсгэгч, чухамдаа, яг тийм хэт бичилбиетэн байж магадгүй. Сахалтай, герман эрдэмтэн Фридрих Лёффлер тийм хэт бичилбиетэн тугалд шүлхий өвчин үүсгэдгийг тогтоосон бол, одоо Вальтер Рийд, Жеймс Каррол хоёр шар чичрэг өвчнийг үүсгэгч - гэрлийн микроскопт харагддаггүй бас нэг хэт бичилбиетнийг нээж магадгүй байв.

Гэтэл Вальтер Рийд завгүй болж, Жеймс Карролыг ганцааранг нь Хавана хот руу явуулжээ. Жеймс Каррол тэнд ирээд, Жуан Гитерасын хийсэн шар чичрэгийн туршилтанд орсон зарим хүн нас барсныг сонсоод дургүйцэхээрээ нэг дургүйцэв. Хэрэв та байсан бол, бүр хулчийчихаад байсан Жуан Гитерасыг зэмлэх байсан уу? Түүнээс л болж, Жеймс Каррол одоо шар чичрэгээр өвчилсөн хүмүүсийн цусыг авч чадахгүй боллоо. Тэд нарыг шумуулаар хазуулж ч чадахгүй боллоо. Жуан Гитерасын тэнэг туршилтаас болж, Жеймс Карролд учирсан хамгийн гол бэрхшээл бол, нас барсан хүмүүсийн цогцост задлан шинжилгээ хийх ч боломжгүй болсон явдал байв. Задлан шинжилгээ хийх л юм бол Хавана хотын хүн ам хилэгнэн дургүйцэх байсан тул, юмны учрыг ойлгодоггүй хүмүүсийн хоосон айдаст дургүйцсэн Жеймс Каррол: “Миний урам хугарсныг хэлээд яахав!” хэмээн Вальтер Рийдэд бичжээ.

Тэгээд, хүмүүс нас барснаас болж түүний ажил зогссон уу? Үгүй шүү, Жеймс Карролыг юу ч зогсоож чадахгүй! Тэр, шар чичрэгээр нас барсан хүний цусыг тайлбарлахын аргагүй ид шидийн аргаар олж аваад, ямар ч нян үл нэвтрэх маш нарийхан сүвтэй шаазан шүүлтүүрээр шүүн, шүүгдээд гарсан шингэнийг нь шинэхэн ирсэн гурван цагаачийн арьсан дор тарьжээ (Тэд нарыг туршилтад хэрхэн элсүүлсэн нь түүхэнд тодорхойгүй үлдсэн юм).

Тэгтэл ч болоод явчихлаа! Нөгөө гурван хүний хоёр нь шар чичрэгээр өвчлөх нь тэр! Ура! Шар чичрэг, Фридрих Лёффлерийн нээсэн тугалын шүлхий хоёрын үүсгэгч төсөөтэй болох нь батлагдлаа. Шар чичрэгийн үүсгэгч нь нянгаас ч хавьгүй өчүүхэн болохлоор маш нарийхан сүвтэй шаазан шүүлтүүрээр шүүгдэж байна шүү дээ!

Хэдийгээр Вальтер Рийд, Жеймс Карролын ажлыг зогсоох гэж “Түрүүчийн туршилтаар дэндүү олон хүн нас барсан байна шүү. Одоо боль!” гэж ятгасан боловч өнөөх нь ажлаа зогсоосонгүй. Түүгээр ч барахгүй, шар чичрэгийн халдвартай хэдэн шумуул олж авах шаардлага Жеймс Карролд гарчээ. Тэр хэнээс ч айсангүй, хэрэгтэй шумуулаа олж аваад, хамгийн сүүлчийн, хамгийн аюултай туршилтаа хийж дээ, хийхээс ч яахав. “Миний нэг өвчтөн ганцхан шумуулд хазуулаад шар чичрэгээр өвчилж, хэдэн хоногийн турш бараг үхэхээ шахсан юм. Гэтэл 1909 оны 10 сарын 9-ний өдөр шар чичрэгийн эсрэг ямар ч дархлалгүй хүнийг арван найман хоногийн өмнө халдварлуулсан найман шумуулаар (надад байсан нь л энэ) хазуултал, тэр хүн хөнгөвтөр хэлбэрийн шар чичрэгээр өвчлөв. Үүнээс үзэхэд, шар чичрэг өвчний хүнд хөнгөний зэрэг нь хазуулсан шумуулын тооноос биш, харин тухайн субъектийн өртөмтгий байдлаас шууд хамаардаг нь хөдлөшгүй батлагдав” хэмээн Жеймс Каррол ёслол төгөлдөр дүгнэжээ. Хэрэв түүний өвчтөн нас барсан бол, тэр яах байсныг зөвхөн Бурхан л мэдэх байх даа.

Шар чичрэгтэй тэмцэх баг хэмээх хачин багийн хамгийн хачин зүйл нь энэ байсан юм. Байгалийн аюултай нууцын учрыг олох гэж улайран зүтгэгч Жеймс Карролын баатарлаг зоригийг эргэн дурсахдаа би, өмнө нь мод бэлтгэгч байсан, нүдний шилтэй, халзан толгойтой энэ эрхэм судлаачийг хүндэтгэн, гүнээ мэхийн ёслоё. Чухамдаа Жеймс Каррол л хамгийн түрүүнд халдвартай шумуулд өөрөө хазуулж, америк цэрэг, энгийн албан хаагч, испани хүн 1, 2, 3, 4 болоод бусад зөндөө олон хүнд үлгэр дууриал үзүүлсэн билээ. Түүнийг шар чичрэгээр өвчлөөд хэвтэж байхад нэг удаа зүрх нь зогсчих шахсаныг та санаж байна уу? Тэгж айлгаснаас хойш зургаан жилийн дараа Жеймс Карролын зүрх үүрд зогсчээ...

VII

Жеймс Карролыг нас барахаас таван жилийн өмнө, 1902 онд Вальтер Рийд амьдралынхаа ид цэцэглэж байх үед, дэлхий дахинд алдар нэр нь түгэн мандаж байх үед нас барсан юм. Тэр зөндөө ядарч ядарч, мухар олгойн хүндрэлээр нас барсан билээ. Вальтер Рийдийн нүүрэн дээр эфирийн хий амьсгалуулах баг тавихын өмнөхөн тэр: “Би эхнэрээ, өөдөсхөн жаахан охиноо орхилоо доо...” хэмээн найз Кийндээ хэлж байжээ. “Өөдөсхөн жаахан...” хэмээн бувтнаж байх үед нь эфирийн хий түүнийг үүрд нойрсуулжээ.

Гэвч цөмөөрөө америкийн ард түмнээр бахархая, АНУ-ын Конгрессоор бахархая. Чухамхүү, америкийн ард түмэн, АНУ-ын Конгресс, өдий төдий хүний амь насыг аварч, өдий төдий сая долларыг хэмнэсэн талийгаачийн эхнэр, хатагтай Эмилий Лоренс Рийдэд жил бүр мянга таван зуун долларын тэтгэмж өгч байхаар шийдсэн юм. Жессе Лейзирийн бэлэвсэн гэргийд ч адилхан, Жеймс Карролын бэлэвсэн гэргийд адилхан жил бүр мянга таван зуун долларын тэтгэмж өгч байхаар болсон билээ. Энэ бол, тэдэнд өгөөмөр хандсан хэрэг бөгөөд нэг сенатчийн онож хэлснээр: “Хатагтай нарын амьдралд тус дэм болохоор” мөнгө байсан билээ.

Нөгөө Охайяа муж улсаас ирсэн байлдагч, шинжлэх ухааны тусын тулд, хүн төрөлхтний төлөө сайн дураараа туршилтад орсон Киссенжер яасан бэ?

Ямар ч байсан, тэр шар чичрэгээр нас бараагүй бөгөөд нөхөн төлбөр авахаас татгалзсаар л байсан юм. Гэвч бүгдээрээ Киссенжерийг албадаж, нэг зуун арван таван доллар, алтан цаг авахыг нь зөвшөөрүүлж чадаад, уг шагналыг Колумбийн хуарангийн офицер, дайчдын өмнө гардуулсан билээ. Байлдагч Киссинжер шар чичрэгээр нас бараагүй ч, тун муухай юм болсон доо, хөөрхий. Шар чичрэгийн үүсгэгч биеэс нь бүрэн арилсан ч, уг өвчний хүндрэлээс болж тэр саажаад, алтан цагныхаа цохилтыг тоолон суудаг болсон юм. Гэвч, хүний аз гэдэг сайхан, халуун усанд ороход нь тусладаг сайн эхнэр түүнд бий.

Бусад хүмүүс нь яасан бэ?

Тэд яасныг нь мэдэхгүй, бүгдээрэнтэй нь уулзъя гэхнээ даанч цаг алга.

Шар чичрэгтэй тэмцэх баг хэмээх ийм нэгэн хачин баг ерөөлөөр бүрдэж, сүүлийн арван жилийн хугацаанд бичил биетний мөрөөр мөшгөгчдийн олсон гайхалтай ололт амжилтуудын дотроос хамгийн оргил нь болсон аугаа нээлтийг хийсэн юм. Шар чичрэгтэй тэмцэх багийн гишүүд өөр өөрийн хувь тавилантай байсан ч, хүчээ нэгтгэн чармайсны ачаар, шар чичрэг өвчний хоруу дэлхийн хэмжээнд, 1926 оны байдлаар, ердөө зургаахан зүүний үзүүр дээр багтах төдий л үлджээ...

Шар чичрэгтэй тэмцэх баг ажиллаж байсан үеэс нэлээд хойно, “Африкийн унтамхай өвчин” хэмээх үхэлтэй тэмцэж явсан хурандаа Давид Брюс: “Даанч одоо үед, хүн дээр туршилт хийх боломжгүй болжээ” хэмээн харамсаж байсан билээ.

Англи эхээс нь орчуулсан: Анагаах ухааны доктор Боржигон Энэбишийн Пүрэвдаваа

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 486
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК