Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 6(55)
Вирүс ба шинэ халдварууд
( Редакцийн зурвас )

М.Алтанхүү

Монголын вирүс судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, ХӨСМС-ийн дэд эрхлэгч, ХӨСҮТийн нэгдсэн лабораторийн албаны дарга, анагаах ухааны доктор, дэд проф

 

Бид уур амьсгалын болон газар орны маш хурдан өөрчлөлтийн эринд амьдарч байна. Геномын репликацад гол үүрэг гүйцэтгэдэг эсгэгийнхээ (полимераза) өвөрмөц бүтэц зохион байгуулалтаас хамаааран РНХ агуулсан вирүс нь эдгээр өөрчлөлтөд маш амархан дасч тэр өөрчлөлттөй амжилттай ”тэмцэж” байна. Иймээс ч шинэ болон сэргэж буй вирүст халдварын ихэнх нь РНХ агуулсан вирүс байгаа юм. Вирүсийн энэ хувиралд экологи, нийгэм, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, дадал зуршил зэрэг хүрээлэн буй орчны нөлөө асар байдаг. Эдгээр нөлөөлөлд уур амьсгалын өөрчлөлт, гол горхи ширгэх, халуун орны ойн бүрхүүл устах зэрэг хүчин зүйлүүд багтах ба энэ нь халдварт өвчнийг тээгч эзэн болон дамжуулагчид тэдгээрийн шимэгчдийн хүрээг улам тэлж байна.

Шинэ болон сэргэж буй халдварыг илэрхийлсэн олон тодорхойлолт байдаг. ДЭМБ-ын тодорхойлсноор “шинэ болон сэргэж буй халдвар гэдэг нь тухайн хүн амд урьд нь тархаж байгаагүй халдварт өвчин тархах, мөн өмнө нь өргөн тархаж байгаад тархалтын хүрээ нь хумигдсан халдвар дахин сэргэж гарч ирэх”-ийг хэлдэг байна.

Судлаачдын тодорхойлж байгаагаар шинэ вирүс гэдэг нь тухайн популяцийн дотор шинээр илэрч байгаа буюу эсвэл халдвар тархах эзэн бие /хүн, амьтан г.м/ ийн хүрээгээ богино хугацаанд өргөжүүлэн тэлж, өөрөөр хэлбэл урьд нь өвчилдөггүй байсан биологийн төрөл зүйлд шинээр өвчлөл үүсгэж буй вирүсүүдийг хэлнэ.

“Шинэ вирүс”-ийн гол эх уурхай нь амьтад бөгөөд тэдгээрээр дамжин хүнд өвчлөл үүсгэж байна. Үүнийг шинжлэх ухаанд халдвар дамжих зоонотик зам гэдэг.

Хэдийгээр зооноз халдвар нь мал, амьтан хүний хооронд шууд хавьталын замаар дамждаг боловч зарим тохиолдолд завсрын эзэн буюу вектор /шумуул, шавьж, гэрийн тэжээмэл амьтан г.м/-ын тусламжаар халдвар дамжин тархдаг. Түүнээс гадна амьтанаас хүнд эрхтэн суулгах /xenotransplantation/ үед ялангуяа дархлаа суларсан нөхцөлд шууд халдвар дамжих боломжтой гэж үздэг.

Шинэ вирүсийн зарим жишээнд Шувууны томуугийн вирүс, АЦХХ-ын коронавирүс, Нипа /Nipah/ , Эбола / Ebola/ вирүсүүдийг дурьдаж болно.

Шинэ вирүсийн нэг сонирхолтой жишээ бол хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ) юм.Олон жилийн турш ХДХВ-ийн гарал үүсэл нь судлаачдын дунд оньсого таавар хэвээр байсан юм. Хэдийгээр ХДХВ- 1 вирүс нь 1959 оны эхээр Ардчилсан Конго улсын Банту овгийн хүнээс авч хадгалсан байсан ийлдсэнд илэрсэн хэдий ч ХДХВ-ийн халдварын өргөн тархалт зөвхөн 1980 аад оны эхээр мэдэгдэж олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн билээ.

Дээрхи вирүсийн филогенетик судалгаагаар ХДХВ-1 ийн халдвар нь бүр эрт 1940 өөс 1950 оны эхин үеэс африкийн хүн амын дунд тархаж эхэлсэн гэж үзэж байна. Цаашид нүклеотидын дараалалын анализаар нарийвчлан судлаж үзэхэд ХДХВ-1 вирүсийн хомолог дараалал нь сармагчины вирүсийн нуклеотидын дараалалтай тохирч байгаа тул хүн дүрст /subhuman primates/ сармагчины лентовирүсээс /simian lentovirus/ гаралтай гэж үзэж байгаа юм.

Энэ мэтээр шинжлэх ухааны сонирхолтой мөн нийтийн эрүүл мэндийн ач холбогдолтой олон асуудлууд вирүс судлалын шинжлэх ухааны хувьд шийдлээ хүлээж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 482
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК