Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2011, 3(157)
Сэргээн засах эмчилгээний орчин үеийн чиг хандлага
( Судалгааны өгүүлэл )

А.Балжинням

Гэмтэлсогог, сэргээн засах тэнхим, ЭМШУИС

 

ДЭМБ-ын тодорхойлолтоор “хүний чадвар алдалтыг бууруулж, нийгмийн хэвийн харилцаанд оруулах зорилгоор хийж буй бүхий л аргыг сэргээн засалт гэнэ”. Энэ тодорхойлолт нь эмнэлзүйн сэргээн засах эмчилгээтэй хамааралтай боловч гол нь чадвар алдалттай хүмүүст шаардлагатай байдаг нийгмийн таатай орчинг бүрдүүлж, нийгмийн сөрөг нөлөөлөл, саадыг багасгахын чухлыг илэрхийлж байна.

Сэргээн засах эмчилгээ нь анагаах ухааны бие даасан салбар бөгөөд “хүний биеийн болон танин мэдэхүйн үйл ажиллагаа, зорилгот үйл хөдөлгөөн (зан авир), нийгмийн оролцоог дэмжиж, эдгээрт нөлөөлөх хувь хүний болоод гадаад орчны хүчин зүйлсийг өөрчлөх салбар юм”. Энэ нь чадвар алдалттай бүх насны хүмүүсийг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, оношлох, сэргээн засах менежмент хийх салбар гэсэн үг юм.

Сэргээн засах эмчилгээ нь дараах байдлаар үр дүнд хүрдэг

- Тухайн хүний эрүүл мэндийн байдалтай уялдуулан үйл ажиллагааны чадварыг үнэлэх, түүнд нөлөөлж буй хувь хүний болон гадаад орчны хүчин зүйлийг үнэлэх, тавиланг тодорхойлох; тавиланг өөрчилж болох боломж; урт хугацааны зорилгыг тодорхойлох; тусламж үйлчилгээний хөтөлбөрийн зорилгыг тодорхойлох; сэргээн засах эмчилгээний үе шат болгоны зорилгыг тодорхойлох; хууль эрх зүйн байдлыг үнэлэх

- Хүний чадавхийг сайжруулахын тулд био-анагаах, дэвшилтэт технологийг ашиглах, үүнд: физик эмчилгээ, өвдөлт намдаах арга, мэдрэл-психологийн тусламж, хоол эмийн эмчилгээ, суулгац, ортез, протез, гм

- Олон мэргэжлийн хүмүүс багаар ажиллах. Ингэснээр асуудалд суурилсан тусламж үйлчилгээг үзүүлэх: био-анагаах, багаж тоног төхөөрөмж, сэтгэцийн, хөдөлгөөн болон ахуй засал, эрүүл мэндийн боловсрол гм

- Эмнэлэг болон нийгмийн бүхий л орчинд өвчтөнийг чиглүүлэх, тэдэнд тохирсон гадаад орчинг бүрдүүлэх

- Шийдвэр гаргах түвшинд нийгмийн хэрэгцээ шаардлагыг таниулах

Сэргээн засахэмчилгээний нэршил

- Бие бялдар судлал-Physical medicine: хүний биеийн болон оюун ухааны чадварыг физиологийн механизмаар (тухайлбал: рефлекс, үйл ажиллагааны дасан зохицол, нейропластик гм) түүнчлэн биеийн болон оюун ухааны дасгалжилтаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сайжруулах эмчилгээг хэлнэ. Энэ зорилгоор сэргээн засалч эмч, хөдөлгөөн болон ахуй засалч, нийгмийн ажилтан, боловсролын ажилтан гэх мэт мэргэжилтэнүүд баг болж ажилладаг

- Сэргээн засах судлал-Rehabilitation medicine: энэ нь зөвхөн биеийн үйл ажиллагаанд анхаараад зогсохгүй хүнийг нийгмийн идэвхитэй харилцаанд оруулахад анхаардаг. Энэ нь сэргээн засах эмчилгээний тодорхойлолт болох аливаа өвчин эмгэгийн дараа тухайн хүн бүрэн эдгэрэх боломжгүй байлаа ч гэсэн түүний биеийн, оюун санаа болон нийгмийн орчинг хамгийн боломжийн дээд хэмжээнд хүргэж буй идэвхитэй үйл ажиллагаа юм гэдэгтэй илүү ойр болж байна. Ингэснээр сэргээн засах эмчилгээний дүнд хүний өөртөө үйлчлэх, машин барих, алхах, дэлгүүр орох, сурах болон бусад бүх чадвар сэргэдэг.

Чадвар алдагдалтай хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь

Хүний амын насжилт ихсэх тусам чадвар алдалттай хүмүүсийн тоо нэмэгддэг бөгөөд түүнд зарцуулагдах зардал бас нэмэгддэг байна. Эдгээрт нөлөөлөх 2 үндсэн хүчин зүйл байна.

1. Хүнд хэлбэрийн өвчин, гэмтлийн дараагаар амьд гарах хүний тоо нэмэгдэж байна. Ингэснээр янз бүрийн асуудал үйл ажиллагааны чадвар алдагдалтай хүний тоо ихэсдэг. Эдгээрийн олонх нь гэмтэх үедээ залуу байсан бөгөөд олон жил амьдрах чадвартай болдог. Жишээ нь тархины цус харвалт, тархины гэмтэл, олон тооны гэмтэл, хүүхэд насны хавдар гм

2. Хүн амын эрүүл мэндийн байдал сайжирч байгаатай холбоотой. Ингэснээр ирээдүйд эрүүл мэндийн асаргаа, тэр тусмаа сэргээн засах эмчилгээний тусламж хэрэгцээ ихсэнэ гэсэн үг юм.

Сэргээн засах эмчилгээ нь чадвар алдалтыг бууруулаад зогсохгүй чадвар алдалттай хүмүүсийн амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлдэг.

Тархвар зүйн судалгаа нь ихэвчлэн шалтгаан, оношин дээр суурилагддаг. Харин сүүлийн үед чадвар алдалттай хүмүүсийн үйл ажиллагааны чадвар, амьдралын чанар, нийгмийн харилцааны байдалд судалгаа хийж эхэлж байна.

Хүн амын дунд олонтаа тохиолддог өвчин эмгэгүүдийн (цус харвалт, нугасны гэмтэл, тархины гэмтэл, хөл гар тайрулах, үе мөчний эмгэг болон бусад мэдрэл яс


булчингийн тогтолцооны эмгэгүүд болон архаг өвдөлт гэх мэт) сэргээн засах эмчилгээний эпидемиологи судалгаа нь дараах зүйлүүдийг тусгасан байх шаардлагатай байна. Үүнд:

- Үйл ажиллагааны алдагдлыг олон улсын үйл ажиллагааны (ICF) үзүүлэлтээр

- Чадвар, үйл ажиллагаа, нийгмийн оролцооны талаарх анамнез

- Сэргээн засах эмчилгээний хэрэгцээ болон үйлчилгээ (хүний нөөц, багаж тоног төхөөрөмж, материал)

- Сэргээн засах эмчилгээний тусламж үйлчилгээний боломжийг тодорхойлохтой уялдуулах.

Дээрх мэдээллүүд нь бүс нутгийн, үндэсний хэмжээний тусламж үйлчилгээг төлөвлөхөд болон эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх, сэргээн засах эмчилгээний өртөг зардал, үр ашгийг тооцоход ач холбогдолтой. Эдгээрийг тусгасан олон тооны судалгаа байдаг. Тухайлбал Португалын нийт хүн амын 0,7% нь хэвтрийн, 0,4% нь тэргэнцэртэй, 1,9% нь өөрийн гэртээ амьдардаггүй, 9% нь явдаггүй эсвэл явах чадвар нь их хэмжээгээр хязгаарлагдсан, 8,5% нь шилжих хөдөлгөөн хязгаарлагдсан, 6,2% нь бусдын тусламжгүй жорлонд бие засаж чадахгүй, 8,6% нь хувцаслах, хувцсаа тайлахад бусдын тусламж шаардлагатай, эрэгтэйчүүдийн 3,6%, эмэгтэйчүүдийн 5,3% нь шээс задгайрсан, ойролцоогоор 2,3% нь хэл ярианы бэрхшээлтэй байсан буюу нийт хүн амын 10% нь чадвар алдагдалтай гэсэн судалгаа байдаг.

ДЭМБ-ын сэргээн засахэмчилгээний үйлажиллагаа болон чадвар алдагдал, эрүүлмэндийн загвар

ДЭМБ-аас 2001 онд олон улсын үйл ажиллагааны (ICF) ангилалыг бий болгосон нь аливаа өвчний үр дагаварт үнэлгээ дүгнэлт өгөхөд суурь болж өгсөн.

Сэргээн засах эмчилгээний хувьд өвчинд нөлөөлж буй хүчин зүйлийг үнэлэхдээ бусад салбарыг бодвол өөр өнцгөөс авч үздэг. Бусад салбарын талаас өвчтөний үйл ажиллагаа, чадвар алдагдал болон эрүүл мэндийг өвчин эмгэгийн хүндрэл эсвэл түүнд нөлөөлж буй хүчин зүйл гэж авч үздэг. Иймээс эмчилгээ нь өвчний явцад чиглэгдэх бөгөөд эмчилгээ нь хүндрэл гарахаас сэргийлэхэд чиглэгддэг. Үйл ажиллагаа болон эрүүл мэндийн аль алиныг эмчилгээний өвчтөнд-хамааралтай үр дагавар, төгсгөлөөр үнэлдэг.

Сэргээн засах эмчилгээний талаас авч үзвэл өвчтөний үйл ажиллагааны чадвар болон эрүүл мэнд нь зөвхөн өвчин эмгэгийн үр дагавартай хамааралгүй. Үйл ажиллагаа нь зөвхөн үр дүнг илэрхийлээд зогсохгүй эмнэлзүйн үнэлгээ болон эмчилгээ эхлэх үеийн байдлыг илэрхийлдэг. Түүнчлэн өвчтөний үйл ажиллагаа нь тухайн хүний зан чанар, хүрээлэн буй орчинтой салшгүй холбоотой. Иймээс сэргээн засах эмчилгээ нь үйл ажиллагаа, гадаад орчин болон өөрчилж болох хувь хүний хүчин зүйлд чиглэгддэг. Мөн сэргээн засах эмчилгээний мөн чанарыг гүнзгий ойлгохын тулд үйл ажиллагааг тодорхойлогч хүчин зүйл, болон хувь хүний болон хүрээлэн буй гадаад орчны хүчин зүйлийн харилцан хамаарлыг түүний эрүүл мэндтэй уялдуулан ойлгох хэрэгтэй.

Хүний эрх, ёс зүйн асуудал(чадвар алдалт ба хүний эрх)

Eвропийн улсуудад сүүлийн 20 жилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хууль нилээд өөрчлөгдсөн. НҮБ-ын хүний эрхийн тунхаг бичигт тэдний эрх ашгийг хамгаалсан, ялгаварлан гадуурхахын эсрэг тусгасан. Эдгээр хуулийн үндэс нь тухайн хүний нийгмийн оролцоог чухалчилж өгжээ. Үүнд нийтийн талбай, байшин барилга, тээвэр гэх мэт бүхий л газарт тэдгээрт зориулсан тусгай төхөөрөмж байх ёстойг хуульчилсан.

2003 онд Европийн холбооноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалсан тунхаг, бодлогын баримт бичиг гаргасан. Үүний зорилго нь:

- Ойрын ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон тэдгээрийн гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулах

- Амьдралын чанарыг сайжруулахын тулд тэдгээрийн нөхцөл байдал, хэрэгцээ, боломжинд тулгуурлан үнэлгээ хийх

- Дээрх зорилгод хүрэх төлөвлөгөө боловсруулах

- Нийгмийн оролцоог хангахын тулд хөдөлмөр эрхлэх тэгш байдлыг хангах

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урт удаан амьдрах нөхцлийг хангахын тулд дэвшилтэт аргуудыг хэрэглэх

- Амьдралын сүүлийн жилүүдэд биеийн болон оюуны бэрхшээлтэй хүмүүсийн идэвхитэй амьдрах нөхцлийг хангах

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах, дэмжих бүтцийг хүчжүүлэх

- Үйлчилгээний чанарыг сайжруулах

- Хөгжлийн брэхшээлтэй иргэдийн хэрэгцээнд тохирсон хөтөлбөр хэрэгжүүлэх

Сэргээн засах эмчилгээний зарчим

“Суралцах” буюу “learning” процесс нь сэргээн засах эмчилгээний үндсэн зарчим юм. Сэргээн засах эмчилгээний мэргэжилтэнүүд бол багш юм. Өөрөөр хэлбэл дасан зохицох аргыг болон хөдөлгөөнийг дахин шинээр сурах явцад сэргээн засах эмчилгээний тусламжтай туслах, дэмжих, заах үүрэгтэй. Эмч, мэргэжилтэнгүүд дасан зохицох явц, эргэн сэргэх зарчимыг онолын хувьд заавал мэдэж, ойлгон зааж сургаж байх ёстой. Энэ зарчмыг мэдсэнээр эмчилгээний үр дүнг сайжруулах стратеги, загварыг бий болгоход тустай. Хөдөлгөөний үйл ажиллагааг сэргээх түүнд сургах орчин үеийн арга нь өвчтөний өдөр тутмын амьдралд тулгуурлан чадвар-эзэмших замаар явагддаг. Гэхдээ хэтэрхий их эрчимтэй хөтөлбөр нь сөрөг нөлөөтэй.ер нь аливаа үйлдлийг сурахдаа “яаж хийх”, “яаж зорилгодоо хүрэх” вэ гэсэн зарчмаар явах ёстой. Гэхдээ хүнд хэдийгээр зааж өгөөгүй ч гэсэн аливаа юмыг яаж хийх талаар ойлгох чадвартай бөгөөд хамгийн энгийн аргаар хийж сурдаг. Аливаа юмыг сохроор болон зориудаар сурах арга зам нь мэдрэлийн өөр өөр замаар хийгддэг. Мэдрэлийн эрхтэний илүү хүнд хэлбэрийн гэмтлийн үед буюу санах ой гэмтсэн үед сохроор сурах нь илүү байдаг. Гэхдээ дээрх 2 аргын аль алиныг сэргээн засах эмчилгээнд өргөн хэрэглэдэг.

Сэргээн засах эмчилгээний зорилго

Хамгийн гол зорилго нь нийгмийн хэвийн харилцаа бий болгох, амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино. Ингэснээр тухайн хүн бусдын хараат бус, бие даах түвшинд хүрч, энэ нь нийгмийн харилцаа, ажил хөдөлмөр, соёлын арга хэмжээнд оролцох боломжтой болгоно. Эдгээр нь бүгд ICF ангилалын зарчмаар хувь хүний хүний, зан заншлын, гадаад орчны хүчин зүйлүүдийг тооцож хийгддэг. Сэргээн засах эмчилгээ нь тасралтгүй, зохицуулалт бүхий процесс бөгөөд гэмтэж, өвдсөн тэр цаг мөчөөс эхлэн өвчтөний юу хүсэж байгаад хүртэл хийгддэг урт хугацааны эмчилгээ юм.

Сэргээн засах эмчилгээний үе шат

Цочмог, цочмогдуу үе шат: энэ шатанд хүнд өвчин, гэмтлийн дараа тухайн хүнд тохирсон орчин бүрдүүлэхэд туслах учир нь энэ үед өвчтөн айсан, сэтгэл зовнисон байдалтай байдаг. Эхэн үе шатанд идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх хязгаарлагдмал байдаг ч гэсэн тухайлбал тархины гэмтэлтэй хүн мэдрэл, мэдрэлийн мэс заслын тасгаас илүү тайван, чимээ багатай сэргээн засах эмчилгээний тасагруу шилжих нь анхаарал төвлөрөх, танин мэдэх чадвар сайжрах, сэтгэл зовнисон байдал буурах эмчилгээний үр дүнтэй байх явдал байдаг. Энэ нь сэргээн засах эмчилгээний үр дүнд эерэгээр нөлөөлөхөөс гадна эрт үеийн сэргээн засах эмчилгээ нь хоёрдогч хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой.

Сэргээн засахэмчилгээний хожуу болон тогтворжуулах үе шат:

Энэ үеийн гол зорилго нь үйл ажиллагааны чадварыг сайжруулахаас гадна урьдчилан сэргийлэх боломжтой хүндрэлүүдээс сэргийлж тогтворжуулах, явцыг удаашруулахад оршино. Түүнчлэн үйл ажиллагааны чадварыг сайжруулж, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэхэд оршино. Үүний үр дүнг нийгмийн оролцоо хаирлцаагаар хэмжих бөгөөд үүнд ажилдаа эргэж орох, эрүүл мэндийн шалтгаанаар тэтгэвэрт эрт гарахгүй байхаар хэмжигдэнэ. Эмчилгээний аргад хөдөлгөөн засал, дасгал хөдөлгөөн, хоол эмчилгээ болон сэтгэлзүйн тусламж, эрүүл мэндийн боловсрол олгох сургалтууд орно.

Сэргээн засах эмчилгээний практикт олонтаа тохиолдох эмгэгүүд

Сэргээн засах эмчилгээ нь олон төрлийн эмгэгүүдийн үед шаардлагатай. Эдгээрийг эмчлэхдээ тухайн хүний үйл ажиллагааны чадвар, нийгмийн харилцааг авч үзэх бөгөөд онош тийм их ач холбогдолтой биш байдаг. Гэхдээ онош нь эмчилгээний үр дүн, тавиланг таамаглахад хэрэгтэй. Маш олон төрлийн өвчин эмгэг байдаг бөгөөд тэдгээрээс өдөр тутам тохиолддогт дараах байдлууд орно.


Удаан хэвтэрт байсны улмаас биемахбод болон сэтгэцийн үйл ажиллагаа алдагдах

- Хөдөлгөөний үйл ажиллагааны алдагдал (булчингийн сулрал)

- Булчингийн тонус ихсэх (контрактур, биеийн галбир алдагдах)

- Давсаг гэдэсний үйл ажиллагааны алдагдал

- Цоорол

- Дисфаги

- Өвдөлтийн хамшинж

- Харилцах чадвар алдагдах

- Бэлгийн үйл ажиллагааны алдагдал

- Зан төлөвийн өөрчлөлт

- Гэр бүлийн болон хувь хүний харилцаа өөрчлөгдөх, санхүүгийн хүндрэл гм

-

Сэргээн засах оношлогоо, үнэлгээний арга

Сэргээн засах эмчилгээний эмч эмчилгээг эхэллэхээс өмнө оношийг маш зөв тавьж, асуудалд-суурилсан эмчилгээг хийх ёстой. Эмчилгээний зорилгод хүрэхийн тулд нийгмийн харилцааны байдлыг хамтад нь үнэлсэн байна.

Эмнэлзүйн үнэлгээ хийхдээ үйл ажиллагааны хязгаарлалт, үйл ажиллагааны чадвар, боломжийг авч үзэх нь оношлогооны хамгийн том хэсэг юм. Үүнд булчингийн хүч,үений хөдөлгөөний далайц, цусны эргэлтийн болон амьсгалын эрхтэний үйл ажиллагаа орно. Эдгээрээс гадна сэргээн засах эмчилгээний эмч нь алхааны үнэлгээ, булчингийн цахилгаан бичлэг, изокинетик булчингийн хүч шалгах болон бусад хөдөлгөөний үйл ажиллагааг шалгадаг. Мөн дисфаги, уродинамикд үнэлгээ өгдөг.

Зорилгот хөдөлгөөний чадварыг олон байдлаар үнэлж болдог. Үүнд:

Тодорхой нэг чадварыг шалгах (алхааны сорил, атгах сорил гм) эдгээр сорилууд нь чанарын болон тооны үзүүлэлтийг гаргадаг.

- Илүү нарийн нийлмэл чадварыг шалгах, жишээ нь өдөр тутмын үйл ажиллагааны чадвар (нүүр гараа угаах, хувцаслах, бие засах гм), мөн алхах, суух чадвар гм

- Нийгмийн харилцааг тусгай асуумжийн аргаар үнэлнэ.

-

Сэргээн засах эмчилгээний төлөвлөгөө

Төлөвлөгөө нь асуудалд суурилсан өвчтөн төвтэй байх ёстой бөгөөд тухайн нөхцөл байдалд байнга хянагдаж, шинэчлэгдэж байх хэрэгтэй.

Сэргээн засах эмчилгээний эмч мэргэжилтэнгүүд тухайн төлөвлөгөө хэр хугацаанд биелэгдэх хугацааг тодорхойлж өгнө. Төлөвлөгөө нь дараах зүйлүүдийг багтаасан байна. Үүнд:Онош, одоогийн асуудал, хадгалагдаж үлдсэн үйл ажиллагааны чадвар, тухайн хувь хүний зорилго, асран хамгаалагч болон гэр бүлийн зорилго, мэргэжлийн хүний зорилго, үйл ажиллагаа

Сэргээн засах эмчилгээний аргууд

1. Эмчийн тусламж үйлчилгээ: Эмийн эмчилгээ: өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, булчингийн тонус бууруулах, танин мэдэх чадварыг сайжруулах, сэтгэл гутралын эсрэг, биеийн гүйцэтгэлийг сайжруулах эм, тарилга гм

2. Хөдөлгөөн засал эмчилгээ: Дасгал хөдөлгөөн

3. Физик эмчилгээ

4. Хөдөлмөр (ахуй) засал

5. Хэл засал

6. Дисфагийн менежмент

7. Мэдрэл-сэтгэцийн тусламж

8. Сэтгэцийн тусламж

9. Хоол эмчилгээ

10. Туслах хэрэгсэл

11. Өвчтөний сургалт

12. Сэргээн засах эмчилгээний асаргаа

Сэргээн засах эмчилгээний мэргэжилтэнүүдийн ажлын байр

Сэргээн засах эмчилгээний мэргэжилтэнүүд нь сэргээн засах бүхий л үе шатанд ажилладаг. Тиймээс эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгаас эхлээд сэргээн засах эмчилгээний тасаг, төв, хувийн эмнэлэг, нийгмийн байгуулагуудад ажилладаг.

Сэргээн засах эмчилгээний ирээдүйн зорилго, хөгжил

Хөгжингүй болон хөгжиж буй оронд хүний дундаж наслалт аль алинд нь ихсэж байна. Насжилттай болон анагаах ухааны хөгжил сайжрахын хирээр амьд үлдэж буй хүмүүсийн тоо ихсэж, ингэснээр сэргээн засах эмчилгээ шаардлагатай хүмүүсийн тоо тэрчинээгээр нэмэгдэж байна. иймд сэргээн засах эмчилгээ нь дараах зарчмаар хөгжих ёстой:

- Аливаа нэгэн өвчин, гэмтлийн дараа сэргээн засах эмчилгээ хийлгэх нь хүний үндсэн эрх

- Сэргээн засах эмчилгээ нь тэгш, хүртээмжтэй

- Сэргээн засах эмчилгээний нэгдсэн стандарттай, эмчилгээ нь нотолгоонд суурилсан, чанартай байх

- шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сэргээн засах эмчилгээг хөгжүүлэх зэрэг болно.

Зорилго

Дээрх зорилгод хүрэхийн тулд

- чадвар алдалттай хүмүүсийн хэрэгцээний тухай ерөнхий ойлголтыг сайжруулах

- сэргээн засах эмчилгээний үр дүнг хэвлэн нийтлүүлэх. Энэ нь тухайн орны ёс заншил сэргээн засах эмчилгээний үр дүнд хэрхэн нөлөөлж буйг тусгах

- сэргээн засах эмчилгээний мэргэжилтэнүүд болон төрийн бус байгуулагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сайн тоног төхөөрөмж бүхий сэргээн засах эмчилгээний төвийг байгуулах, түүнчлэн нийгэм хамт олонд түшиглэсэн сэргээн засах эмчилгээг хөгжүүлэ

- сэргээн засах эмчилгээний сайн мэргэжилтэн бэлтгэх сургалтын тогтолцоог бий болгох

- эмчилгээний чанарыг хянах стандарттай болох

- технологийн хөгжлийг ашиглах

- эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөн хүрээтэй хийх

- чадвар алдагдсан хүмүүсийг нийгмийн харилцаанд ороход туслах, дэмжих тогтолцоог хөгжүүлэх 

 

Ном зүй

1. А.Балжинням. Сэргээн засах судлал. 2009
2. European Academy of Rehabilitation Medicine, European Federation of Physical and Rehabilitation Medicine, European Union of Medical Specialists (Physical and Rehabilitation Medicine Section): White Book on Physical and Rehabilitation Medicine. 2006
3. UEMS-PRM-Section: Definition of Physical and Rehabilitation Medicine. www.euro-prm.org. 2005.
4. World Health Organisation. International Classification of Functioning, Disability and Health: ICF: Geneva: WHO; 2001.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 7387
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК