Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 1(163)
Эмчийн сэтгэлгээ
( )

Д. Мөнхтогтох

 

Хожим онош тогтоох явдал эмч бидний дунд байсаар байна. Хожимдон онош тогтоох нь тун уршигтай. Наад зах нь өвчин даамжрах, эмчилгээ оройтон үр дүн нь мууддаг. Гэтэл эмчийн ажиллагааны энэ ноцтой дутагдлыг тэр бүр нарийн тооцож заншаагүй нь бидний сэтгэлгээ, арга барилын хоцрогдол юм.

Эмгэг анатомийн шинжилгээгээр нотлогдсон оношийн зөрөөг хэлэлцэхдээ, түүний шалтгааныг нарийвчлан толтоохгүй орхих, алдааг ноцтой биш гэж үзэх, ялангуяа залуу эмч нарыг туршлагагүйдлээ гэж өршөөдөг ч бий. Хүний эрүүл мэндийг хохироож байж эмч туршлагажина гэж бодвол манай ёс суртахуунд хэрхэвч нийцэхгүй биз. Ер нь эмч хүн алдах нь зайлшгуй гэж үзвэл хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламжийг бүх талаар сайжруулах, боловсронгуй болгох тухай ярихад ч бэрх болно. Өвчин ямар ч гаж шинж, явцтай байлаа гэсэн эмч хүн, мэдлэг дадлагаа дайчилж хугацаа алдалгуй зөв оношлох үүрэгтэй. Эмч хүн шинжлэх ухааны өргөн мэдлэг, туршлага, задлан шинжилж нэгтгэн дүгнэх нягт нямбай сэтгэлгээтэй байж гэмээнэ энэ үүргээ бүрэн дүүрэн биелүүлнэ.

Байгальд зүй тогтоолгүй үзэгдэл гэж үгүй, бидний «гаж» гэж үзээд байгаа зүйлс бол тухайн мөчид бидний мэдлэг мөхөс байгааг гэрчилнэ (А. Д. Сперанский). Ер нь явцуу нарийн мэргэжилтэн элдэв эрхтэн системийнхээ хүрээнд баригдаж, зөвхөн эмгэг судлалын талаар голчлон анхаардаг нэг гэм манайд бий. Үүнээс болж урьдчилан сэргийлэх ба эмчилгээний өргөн утгатай ажил тун явцуурч байгааг анхаарах цаг болжээ. Эмч нарын мэргэжлийг нарийсган, ажлыг нь зөвхөн мэргэжлийн хүрээнд дүгнэж байгаа нь тэднийг мэргэжилдээ явцуурах, анагаах ухааны ерөнхий мэдлэг, эмчийн ёс зүйг эзэмшихэд ч муугаар нөлөөлж байж болох юм.

Эрүүлийг хамгаалах яам 1987 оноос эхлэн нийт эмч нарын сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг жил бүр явуулж байх тухай тушаал гаргаж, программ хүргүүлсэн билээ. Гэтэл Говь-Алтай, Архангай, Завхан аймагт дөнгөж 4—8 цагийн хичээл зааж, Хэнтий, Сэлэнгэ, Дорнод аймгууд уг сургалтыг явуулаагүй байна. Үүнээс үзэхэд дээрх эмнэлгийн удирдлагууд эмч нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд төдийлөн анхаардаггүй бололтой. Энэ өрөөсгөл сэтгэлгээг л өөрчлөх хэрэгтэй. Нүдний эмч зөвхөн хүний нүдий нь бус бүхэл бүтэн бие махбодыг эмчилж эрүүлжүүлэх, амь насыг нь аврах үүрэгтэй болохоор өргөн мэдлэгтэй байх учиртай билээ.

Бодит шаардлага иймээс эмч нарын мэргэжлийн төрөлжилт, тэдний байршлын онцлогийг харгалзан цаашид ажил үүргийг аль болохоор хослох нь зүйтэй. Залуу эмч нарыг ерөнхий мэргэжлээр нэлээд хугацаагаар ажиллуулж, тал талын мэдлэг, дадлага олгосны дараа нарийн мэргэжил эзэмшүүлдэг, аттестатчилахдаа нарийн мэргэжлийн зэрэгцээгээр анагаах ухааны ерөнхий мэдлэгийг нь шалгадаг болмоор юм.

Эмнэлгийн ажлын чанар эцсийн эцэст эмчийн мэдлэг, дадлагаас ихээхэн шалтгаална. Эмчийн мэдлэг нэг талаар өөрөөс нь, нөгөө талаар тэдний ажлын зохион байгуулалт, ачаалал, чөлөөт цагаас хамаарна. Ййм учраас мэдлэг боловсролоо дээшлүүлэхийг тэднээс шаардахын хамт бас мэдлэгийг нь дээшлүулэх ажлыг эрчимжүүлэх нь чухал юм.

Эмч бүхэн төгс эзэмшсэн байвал зохих нөгөө нэг чухал зүйл бол шинжлэх ухааны нягт нямбай сэтгэлгээ юм. Өвчнийг оношлох явдал бол объектив үнэнийг танин мэдэх олон хэлбэр, үе шат, тал бүхий үйл явц. Энэ нь диалектик сэтгэлгээг шаардана. Тэр тусмаа эмч бид оношлох явцдаа:«...тулж ажиглахаас хийсвэр сэтгэхүйд түүнээс практикт шилжих нь үнэнийг танин мэдэх... диалектик зам мөн» гэсэн В И. Лениний үнэт сургаалыг удирдлага болгох учиртай. Тухайлбал: Оношлолын эхний «тулж ажиглах» шатанд өвчин үүссэн шалтгаан, нөхцөл, цаг үгийг ажил амьдралын өргөн хүрээнд танилцана. Өвчний ерөнхий, өвөрмөц шинж байдал, илрэл, явцыг харьцуулан судална. Энэ үндсэн дээр лаборатори, багаж, техникийн шинжилгээг сонгон хийлгэж тухайн өвчнийг оношлоход холбогдох бүхий л материалыг иж бүрэн бүрдүүлнэ.

Оношлолын дараачийн «хийсвэр сэтгэлгээний» шатанд бүрдүүлсэн материалыг   (анамнез, бодит үзлэг, лаборатори, багаж техникийн шинжилгээгээр илэрсэн өөрчлөлтүүд) бүх талаас нь задлан шинжилж, шүүн тунгааж нэгтэн дүгнэнэ. Дараачийн шат нь шийдвэр гаргаж хэрэгжүүлэх тодруулан хэлбэл оношоо тогтоож эмчлэх буюу практикт шилжих шат юм. Гэтэл танин мэдэхүйн эдгээр шат бүрийн өвөрмөц онцлогийг бүрэн ашиглаагүйгээс алдаа гаргаж байна. Жишээлбэл: 10 настай Ц, толгой нь хүчтэй өвдөж, бөөлжиж байснаа гэнэт шил нь татаж эмнэлэгт иржээ. Хүүхэд тун хүнд, ухаангүй, Кернинг, Брудзинскийн хам шинж илэрсэн байв. Цусны шинжилгээ хийхэд улаан бөөм 3,8-1012 г/л, цагаан бөөм 12-109 г/л, савхан-бөөмт эс 8, хэсэгчилсэн бөөмт эс 57, эозинофил 1, лимфоцит 28, моноцит 6, улаан бөөмийн тунах урвал цагт 33 мм суусан, нугасны усыг авахад тунгалаг өнгийн шингэн хүчтэй гожигдон гарч байжээ. Нугасны усыг шинжлэхэд уураг 1,5%, эсүүд 60/3, Пандийн урвал тод (+) харин сүрьеэгийн микобактери илэрсэнгүй. Рентгенд харахад зүүн уушигны оройд Гонын шохойжсон голомт байв. Мантугийн сорил эерэг байсан зэргийг үндэслэн сүрьеэгийн мэнэнгит гэж оношлож зохих эмчилгээг эхлэж, сүрьеэгийн эмч урьжээ.

Уг эмчилгээг эхлээд удалгүй (стрептомицин 4 удаа тарьсны дараа) хүүхэд ухаан оржээ. Гэтэл урьсан эмч хүүхдийг үзээд сүрьеэ идэвхжсэн үед уушгины угт гарах өөрчлөлт, Колтыпиныхоор дэлүү нарийсалт дээшлэх, бүдүүн гэдэсний мухар болон өгсөх хэсэг агших, нугасны шингэнд пленк үүсээгүй гэх мэт гол шинжүүд илэрсэнгүй, сүрьеэгийн мэнэнгит биш гэжээ. Эмчлэгч эмч түүнд төдийлөн итгэсэнгүй, эмчилгээг үргэлжлүүлж байтал хүүхдийн бие ч сайжирчээ. Гэтэл стрептомициныг хассаны дараа хүүхдийн толгой нь дахин өвдөж, бөөлжих болжээ. Энэ үед эмч эргэлзэж онош тодруулахаар нэмэлт шинжилгээ хийхэд нугасны шингэнд уураг (9,9%) хүртэл нэмэгдсэн, нүдний эмчийн үзлэгээр баруун нүдний харааны мэдрэл хатингаршсан, зүүн нүдний ёроолын хөхлөгүүд илэрхий хавагнасан байжээ. Ингээд мэдрэлийн мэс заслын эмчид үзүүлэхэд дагзны хэсэгт байрласан хавдар гэж оношлоод мэс засал хийхэд тархины хальсны мелонобластом байжээ. Гистологийн шинжилгээгээр ч тэр нь нотлогджээ. Хожуу оношлосон арга зүйн энэ алдааг зөвтгөх аргагүй юм. Үүнд:

Нэг дэх алдаа нь: Өвчтөнд клиникийн үзлэг, шинжилгээ бүрэн хийгээгүйгээс танин мэдэхүйн эхний «тулж ажиглах» шатанд алджээ. Үүний үндсэн шалтгаан нь эмчлэгч эмч өөртөө шүүмжлэлтэй хандаагүйгээс сүрьеэгийн мэнэнгитийн үед гарах гол өөрчлөлтүүдийг бүрэн илрүүлж чадсангүй. Хэрэв танин мэдэхүйн эхний шатанд баримт сэлтийг шүүмжлэлтэй задлан шинжилж гол шинжийг гол бусаас, чухлыг чухал бусаас ялгаж, (A. С. Боткин) сүрьеэгийн мэнэнгит гэдэг оношийг үгүйсгэж чаддаггүй юм гэхэд, сүрьеэгийн эмчийн зөвлөснийг бодолцон онош тодруулах ажлаа үргэлжлүүлэх байжээ.

Хоёр дахь алдаа нь: Танин мэдэхүйн «хийсвэр сэтгэлгээний» шатанд нэгд сүрьеэ гэдэгт итгэж, хавдар байж болох шинж (нугасны шингэн дэх уураг-эсийн диссациацыг)-ийг дутуу үнэлжээ. Хоёрт уул өвчин нэлээд түргэн явцтай байгаа, бас уушгин дахь сүрьеэгийн голомт орчныхоо эдүүдээс тодорхой зааглагдсан байсан зэргийг төдий л эрэгцүүлэн бодсонгүй. Эмч эдгээр өөрчлөлтүүдийг мэдэхгуй байв уу, эсвэл мэдэж байсан ч анзаарсангуй өнгөрөв үү? Магадтүй өвчний клиник шинж, явцыг бүх талаас холбож үзэх диалектик аргыг ашиглаж заншаагүйдээ ч юмуу ямар ч гэсэн хайхралгүй өнгөрчээ.

Гурав дах алдаа нь: Диалектикчаар гүн гүнзгий анализ хийгээгүйгээс зөвхөн оношийг хожимдуулаад зогссонгүй хариуцлагын алдаанд хүргэжээ. Өвчтөний түүхэнд хавдрын талаар ямар ч зүйл тэмдэглэгдсэнгүй. Эмч анх оношлох үедээ тархины өөр ямар нэг өвчин байж болох тухай ч бодсонгүй. Харин хожим нь санасан байна. Тийм ч учраас тархины хавдрын үед илрэх өвчин хөдлөхөд толгойн өвчний байршил өөрчлөгдөх, бөөлжих, арьсны нөсөө (пигмент), нүдний судаслаг бүрхүүл, нугасны шингэнд гарах өөрчлөлт, мөн бусад эрхтэнд үсэрхийлэх зэрэг олон зүйлийг тодорхойлолгүй орхигдуулжээ.

Үүнээс үзэхэд эмч нарын диалектик, логик, танин мэдэхүйн онолын мэдлэгийг дээшлүүлэх нь зайлшгүй шаардлагатай байна. Академич A. А. Богомолец бичихдээ: «...ингэхэд эмч нарын өсвөрийн үеийг жинхэнэ шинжлэх ухааны диалектик материализмын арга зүйгээр хангах цаг... болсон биш үү... тэгвэл бид тэднийг үл итгэхийн бүдүүлэг үзлээс хамгаалж, шинэ социалист нийгэм дэх анагаах ухааны сэтгэлгээ нь хүмүүсийн энх тунх, аз жаргалтай шинэ сайхан амьдралыг бүтээдэгт итгэх итгэлийг нь хадгалж чадна» гэжээ.

Эмч нарт уул мэдлэгийг оюутан цагаас эхлэн олгох нь зүйтэй. Анагаах ухааны дээд сургуулийн нийгмийн ухааны тэнхим, диалектик матфиализмын хичээлийг эмчийн мэргэжлийн онцлогтой нягт холбон зааж, сэтгэлгээний онол-арга зүйг эзэмшүүлэх, мэргэжлийн тэнхимүүд дадлагын хичээлээр өвчний клиник шинж, шинжилгээний үзүүлэлтүүдийг нэгтгэн дүгнэх арга барилыг олгох нь чухал мэт санагдана.

Эмч нарт диалектик сэтгэлгээг эзэмшүүлэх ажлыг нам, эвлэлийн улс төрийн сургуулиар тусгай программаар зохион байгуулсан ч болох юм. Клиник, эмгэг анатомийн зөвлөлгөөн зэргийн үеэр эмч нар илэн далангүй ярилцан саналаа солилцож дадлагажиж байдаг болох. Эмч нарын аттестатчиллаар энэ талын мэдлэгийг шалгаж, зөвлөлгөө өгч байвал тэдний сэтгэлгээг хөгжүүлэх, оношийн удаашрал, алдааг багасгахад ихээхэн тус дөхөм болох бизээ.

 

Редакцид ирсэн 1988—04—14

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 534
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК