Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 4(68)
Эмчийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар
( Тойм өгүүлэл )

И.Санжаадорж

Анагаах ухааны дэд эрдэмтэн

 

Хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн шууд үр дүн эцсийн эцэст эмчлэн сэргийлэх байгууллага, эмнэлгийн ажилтны тоогоор биш, үзүүлж байгаа тусламжийн чанар, эмнэлгийн ажилтны мэргэжил боловсролын хэр хэмжээ, тэдний хөнгөн шуурхай, боловсон соёлч үйлчилгээнээс шууд хамаардаг.

Эмнэлгийн боловсон хүчний ажлын хариуцлагыг дээшлүүлэх, социалист сахилгыг бэхжүүлэх тухай гарсан МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 102-р тогтоолд: «...3арим эмч, эмнэлгийн ажилтан хүн эмчлэх ажилд хайхрайжгүй хариуцлагагүй хандах, ууж согтууран ёс суртахууны хэм хэмжээг зөрчих, танил тал харж үйлчлэх, өвчтөн, тэдний төрөл төрөгсөдтэй бүдүүлэг харилцаж гомдоох, чирэгдүүлэх, өвчтөний эмчилгээ үйлчилгээг тасалдуулах зэргээр эмчийн таргараг, ёс зүйг хөсөрдүүлж байна» гэж заасан билээ.

Алив нэг ажил ялангуяа хүний хамгийн эмзэг нандин зүйл болох эрүүл мэнд амь настай шууд холбоотой мэргэжил эзэмшсэн эмч биднээс бусад аль ч мэргэжлийн хүмүүст байдаггүй мэдлэг мэргэжил, ёс суртахууны өвөрмөц хүмүүжил, хүнлэг чанар, харьцаа соёл, тэвчээр хатуужил, хүний бүхий л сайн сайхан чанарт суралцсан байхыг шаарддаг. Ажлаа эзний ёсоор хийх, хүн арддаа үзүүлэх эмнэлгийн тусламжийг боловсронгуй болгох мэдлэг мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх ихээхэн бололцоо бидэнд байсаар байна

Эмнэлэг, биологи, биохими, биофизик, техникийн шинжлэх ухааны салбаруудад нээсэн шинэхэн нээлт, ололтыг эмчилгээ үйлчилгээний практикт өргөн нэвтрүүлэх бодит боломж хараахан бүрэлдээгүй болон бидний өдөр тутмын практикт өргөн хэрэглэгддэг клиникийн шинжилгээний аргууд нь төгс боловсронгуй бишээс өвчний оношлогоо, эмчилгээнд гаpах алдаа, оноо нь чухамдаа бидний оюун ухаан, чин сэтгэл, нандин чанар, хүнд хандах хандлагаас ихээхэн шалтгаалж байна.

Хянан шалгах төв байгууллага, Эрүүлийг хамгаалах яам, Улсын шүүх эмнэлгийн магадлах товчоонд шалгагдсан мөн төвийн хэвлэлүүдэд бичигдсэн хөдөлмөрчдийн санал гомдлын материалд хийсэн судалгаанаас үзэхэд шалгагдсан хэргийн 60—70% нь эмч, эмнэлгийн    байгууллагаас шууд шалтгаалсан, тэр алдааг гаргахгүй байх бодит бололцоотой байсан нь тогтоогдсон юм. Ийм байдалд бид дүгнэлт хийхгүй байж болох уу? «Муу», «Дунд» эмчтэй байснаас ор эмчгүй байсан нь дээр гэж нэгэн эрдэмтний хэлсэн үгийг эргэн санахад   илүүдэхгүй юм. Заримдаа бид өвчтэй хүнд тус болохоосоо төвөг бэрхшээл учруулж байгаагаа ч нуух хэрэггүй юм. Хүнийг гомдоох, чирэгдүүлэх нь хувь хүн улс нийгэмд ямар хохирол учруулж байгааг манай зарим эмч нар тэр бүр гүйцэд ойлгохгүй байна. Профессор Н. И. Амосов таны сэтгэлд орчин үеийн эмнэлэг яагаад нийцдэггүй вэ? гэсэн асуултанд «Өвчний оношийг хожуу тогтоодог. Эмчилгээг яг онолгүй, ойролцоогоор хийдэг, Эцэст нь нас баралт, хөдөлмөрийн чадвар  алдалтыг дүн бүртгэлийн аргаар нэлээд нарийн гаргадаг мөртөө хүнийг яаж гомдоож, чирэгдүүлэв  гэдгээ бүртгэдэггүй» гэжээ.

Өвчтэй хүнийг аль болохоор богино хугацаанд эмчлэн эдгэрүүлээд ажилд нь оруулбал тэр  хүний бүтээл нь нэмэгдэж улс орны маань эдийн засагт тус нэмэр болж, бидний өмсөж зүүх, идэж уух зүйл ч арвижина гэдэг эдийн засгийн сэтгэлгээнээс хандах нь хангалтгүй байна.

Өнөөдөр эрүүлийг хамгаалах практикийн байгууллагад өндөр мэдлэгтэй, хүмүүжилтэй эмч, эм зүйчид урьд урьдаас илүү хэрэгцээтэй болж байна. Эмнэлгийн мэргэжлийн бүтцэнд өөрчлөлт орж, шинжлэх ухаан техникийн шинэхэн ололт эмчилгээ үйлчилгээний практикт амжилттай нэвтэрч, үйлчлүүлэгч хөдөлмөрчдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа өнөө үед эмчээс маш их зүйлийг шаардах болж байна. Юуны өмнө өргөн мэдлэг, хүмүүжил, ажлаа эзэгнэн хариуцах чадвар, мэргэжлийн өндөр ур чадвартай байхыг шаардаж байна. Сургууль төгсөнө гэдэг бол цаашдаа шинжлэх ухааны гүн бат мэдлэг олж, нарийн мэргэжил эзэмшин үр бүтээлтэй ажиллах мэргэжлийн ажил хариуцах эрх олж байгаагаас биш чухамдаа гүйцэд мэргэжсэн хэрэг биш нь илэрхий билээ. Мэргэжил эзэмших, дээшлүүлэх олон хэлбэрийн алиныг ч ашиглаж болох боловч эрдэм мэдлэгийг гүн бат эзэмшихийн уг сурвалж нь бие дааж сурах арга юм.

 

 Ер нь хүн эмчлэх ажилд онцгой авъяас билэгтэй хүмүүс цөөн байдаг нь тодорхой юм. Иймд бидний амжилт бүтээл зөвхөн хөлсөө гоожуулсны үр дүнд л гарах ёстой. Дунд зэргийн авъяастай, хөдөлмөрч хүний мөсөөр гойд сайн эмч, авъяастай мөртлөө залхуу хүний мөсөөр сайнгүй эмчээс хамт олон улс нийгэмдээ хавьгүй илүү өгөөжтэй байдаг нь тодорхой билээ. Амжилтын 1% нь авьяас 99% нь хөлсөө гоожуулсных гэж нэгэн эрдэмтний хэлсэн үг хөдөлмөр зүтгэлийг өндөр үнэлсэн хэрэг юм.

«Хүн - өөрийгөө илэрхийлж, амьдралын утга учрыг ухаарч өөрийн авъяасыг танин мэдэж хүн болсныхоо эрхэм чанараар бахархан, нэр төрөө хүндэтгэж үзэхэд хүргэсэн тэрхүү хөдөлмөр л ёс суртахууны жинхэнэ эх үүсвэр юм» гэсэн нэрт сурган хүмүүжүүлэгч В. Сухомлинскийн хэлсэн үг жинхэнэ хөдөлмөрч, ажилсаг, хүний төлөө ажиллаж амьдарч явдаг эмч нарт зориулагдсан мэт санагдана.

Бид хүний биеийн эрүүл ахуйд гол анхаарал тавиад сэтгэцийн эрүүл ахуйд бараг анхаарал тавихгүй болжээ. Хүнийг, тэгэх тусмаа өвчтэй хүнийг тайван байлгах, гуниж тутрахаас сэргийлэн, сэтгэл засахын ач холбогдлыг дутуу үнэлэх явдал байсаар байна.

Анагаах ухааныг хүн судлах ухаан гэж нэрлэдэг нь жирийн хэрэг биш ээ! Манай эмч, эмнэлгийн

ажилчид хүнээ тэгэх тусмаа өвчин эмгэгтэй хүнээ, сайн мэддэггүй түүний сэтгэл санааны онцлогийг муу таньдагт л бидний нэг гол алдаа, оршиж байх шиг байна.

Эмчийн деонтологт эмч-өвчтөнтэй, эмч-эмчтэйгээ харьцах харилцаа гэж ярихаасаа хүн-хүнтэйгээ харьцах харилцаа гэж ярих болж байна. 

«Өвчтөн» гэдэг нэр томъёог ч хэрэглэхгүй байх нь зохимжтой болжээ. Өвчтөй хүн бол тогших, чагнахад зориулагдсан ямар нэгэн объект биш, зан төрх бие бялдрын бүхийл онцлогоороо өөр хоорондоо ялгагдах өндөр мэдрэмтгий орчин тойрны үзэгдэл юмсыг тодорхой  нарийн  тусган авах чадвартай хувь хүн гэдгийг мартах ёсгүй. Эмнэлгийн практикт өвчний оношийг тогтоохоосоо ямар хүн өвчлөв гэдгийг тогтоох нь ч заримдаа илүү байдаг.

Эмч алив нэг асуудалд ухаалаг, эв дүнтэй хандаж сурах нь мэргэжлийн үүрэг мөн. Мэдлэг, хэчнээн гүн байлаа ч эмч болдоггуй. Урлаг, эв дүй заавал хэрэгтэй болдог байна. Платон, Гипократыг урлагийн нэрт төлөөлөгч Фиди, Поликлеттай нэг эгнээнд тавьдаг нь ийм учиртай юм.

Тэр хэдийгээр анагаах ухааны дээд сургууль төгссөн боловч хүний эмч байхаар «төрөөгүй» хүн гэж ярилцдаг нь мэдлэгээс гадна эмчээс хичнээн их онцгой авъяас, ур чадвар, эв дүй, бие, сэтгэлийн өвөрмөц чанар шаарддагийн тодорхой жишээ юм.

Хүнтэй, тэгэх тусмаа өвчтэй хүнтэй харьцах нь эмчээс их эв дуй шаарддаг жор мэддэг эмчээс өвчтөний зовиур шаналгааг тэвчээртэй сонсох чадвартай, эелдэг харьцаатай, эдгэхийн итгэл төрүүлж, сэтгэл сэргэм үг яриатай эмч, өвчтөнд илүү таалагддаг байна. Үгийг хаана, хэдийд яаж хэлэх вэ? Хоёр дахин бодож нэг хэлвэл хоёр дахин онож хэлдэг гэсэн сургамжтай үгийг мартаж болохгүй юм. Эмчийн үг хэтэрхий нялуун биш, даруу гүдэсхэн, шулуун шудрага, ухаалаг, хүнийг ялгахгүй тийм л байх ёстой. Эмнэлэг хүлээн авахаасаа, театр өлгүүрээсээ гэдэгтэй адил эмчийн нэр хүнд эмчилгээний цаашдын үр дүн эмч, өвчтөний анхны яриа, хэлсэн үгнээс их шалтгаалдаг байна. Харьцааны соёлд суралцах нь бие хүний еренхий соёлын цагаан толгойд тайлагдахын чухал хэсэг байдаг.

Эмчийн деонтолог нь эмч, эмнэлгийн ажилчдын өдөр тутмын үйл ажиллагааны арга технологийг заасан бүх үнэний цуглуулга биш. Эмчийн тэр олон талт үйл ажиллагаанд тохирсон нэг жор байж болохгүй нь ойлгомжтой. Эмчийн ажилд алхам тутамдаа л сайн, муу үйлдлийн аль нэгийг сонгох шаардлага тулгарч заримдаа дүрэм зааварт зааснаар биш өөрийн бодлоор шийдэх тохиолдол ч цөөнгүй. Энэ үед эмчийн өөрийн нь деонтологийн мэдлэг хүмүүжил зөв замыг заагч луужин болж өгнө. Алив нэг асуудалд түүний хөгжил хөдөлгөөнд нь бүтээлчээр хандахын оронд тийм, үгүй хэзээд ч томъёонд багтахгүй л бол хэрэгцээгүй гэдэг туйлын ойлголт хандлагаар хандах нь ялангуяа эмчилгээ үйлчилгээний практикт муу нөлөө үзүүлдэг байна.

Дээр бичигдсэн эмчийн мэдлэг, ур чадвар, деонтологийн мэдлэг хүмүүжилтэй холбоотой бидний трвч санааг эмч нэг бүрд эзэмшуүлэн итгэл үнэмшил болгон хэвшүүлэхэд анагаах ухааны дээд сургуульд элсэгчдийг зөв сонгон шалгаруулах, сургалт, давтан сургалтын системийг боловсронгуй болгох, залуу мэргижилтнийг хүлээн авч байгаа хамт олны үүрэг хариуцлагыг өндөржүүлэх шаардлага юуны өмнө чухал байна. Чу­хамдаа сайн эмч бэлтгэх ажлын гол хэсэг нь болсон дээрх 3 үе шатанд л бид гол анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байгаа юм.

Хүний эмчийн мэргэжил нь хүнээс бие, сэтгэлийн их тэвчээр шаарддаг. Зарим залуучууд бусдын зөвлөснөөр, магадгүй зөвхөн дипломтой болох хүслээс энэ мэргэжлийн онцлог, хүн бүр жинхэнэ эмч болж чаддаггүй тухай ойлголтгүйгээр мэргэжлээ буруу сонгож, эх эцэг, өөрийгөө ч эцэстээ улс нийгмээ хохирооход хүрдэг байна. Зарим хүмүүс эмчийн мэргэжлийг эмэгтэй хүн хийж болох хялбархан ажил мэтээр ч ойлгодог. Залуучуудын нийгмийн тал мэргэжлийн чиг баримжаа олгох асуудалд бага анхаардгаас эмнэлгийн мэргэжилд чин сэтгэлээсээ дуртай, түүний сайн сайхныг чухамхүү мэдэрсэн залуучуудийг элсүүлэн авч чадахгүй байна. Ерөнхий болорсролын сургуульд суралцаж байх үеэс нь хүүхдийн мэдлэг, хүмүүжил, сонирхол, авъяас, зан төрхийн онцлогийг нарийвчлан судалж мэргэжлийн чиг баримжаа олгох ажлыг зохиож эхлээд нэн удалгүй «мартсаныг» дахин сэргээж үр бүтээлтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Эмч бэлтгэх сургалтын системд цаашид өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Дотоод, гадаадад бэлтгэгдэж байгаа эмч нарын загвар «модель» одоогийн эрүүлийг хамгаалах практикийн байгууллагын хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцэхгүй байна. Аль ч улсад хэт нарийн мэргэжлийн эмч бэлтгэхээс татгалзаж ерөнхий мэргэжлийн эмч бэлтгэх болж байгааг анзаарахгүй байж болохгүй юм. Өвчтэй хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх тусламжийг голлон анхаарч, сургалтыг ч энэ чиглэлээр явуулж байгааг өөрчлөх, эмнэлэг үйлчилгээнд амбулатори поликлиникийн тусламжийг өргөжүүлэн, өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийг баримтлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

  Сургалтын бааз эмнэлгийн асуудал ярихдаа зөвхөн стационарын тухай биш мөн бааз поликлиниктэй, амбулатори-поликлиникийн сургалт хариуцсан танхимтай болох, багш нарыг клиникийн практиктай ойртуулах тэдэнд тасаг кабинет клиникийг давхар хариуцуулан зохих эрх олгох зэрэг зохион байгуулалтын нэлээд ажлыг зоригтой шийдвэрлэх шаардлагатай байна.

Мэргэжлийн хичээлийн бүтэц, сургалтын программ төлөвлөгөөг нарийвчлан хянах шалгах, шалгаруулах аргаа өөрчлөх, багш бэлтгэх систем боловсруулах, оюутан, эмч нарын политехникийн мэдлэгийг дээшлүүлэх, эмчийн ёс суртахуун, деонтологийн хүмүүжил эмчилгээ үйлчилгээний эв дүй, ур ,чадвар, стратеги тактикт сургахад гол анхаарлаа төвлөрүүлж энэ чиглэлийн тэнхим факультет байгуулсан ч болох байна. Онолын зарим хичээлийн цагийг багасгах, зарим хичээлийн шалгалт шүшүлгийг хасах, оюутны бие даах цагийг нэмэгдүүлэх, оюутныг өөрийгөө, бусдыг удирдах эв дүй, аргад сургах, оюутан бүрийн авъяас чадварыг зөв таньж, нарийн мэргэжлийг зөв сонгуулж хувиарлах, оюутны байгуулдагын эрх үүрэг, үйл ажиллагааг өргөсгөх, декан тэнхмийн эрхлэгч, оюутны байгуудлагын удирдах хүмүүсийг хамт олноор хэлэлцүүлэн сонгох, тодорхой хугацаанд өөрчлөх, эмч бэлтгах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй энэ ажилд хамт олныг өргөн оролцуулах бодомжийг бүрдүүлэх щаардлагатай байна.

Эрдэмтэд, сургалтанд хүний биеийн анатоми, физиологийг нарийвчлан заагаад харин хүний сэтгэхүйн онцлог, харьцааны соёл, эмчилгээний эв дүйг бага анхаарч оношлогоо эмчилгээний стратеги, тактикт сургахгүй байна. Хүн эмчлэх үйл ажиллагаа нь шинжлэх ухаан, урлаг, гар урлал, эв дүйн нийлбэр цогцос гэдэгт бага анхаарч зөвхөн байгалийн шинжээчийн түвшинд эмч нар бэлтгэгдэж байгааг зүй ёсоор шүүмжилж байна. Бид өнөөдрийн биш маргаашийн, XXI зуунд ажиллаж амьдрах эмч бэлтгэж байгаагаа мартаж болохгүй.

Сургууль төгсөөд ажил дээр гарч байгаа залуу эмч нарыг халамжлан хүмүүжүүлэх, эмч болох анхны гарааг зөв чиглүүлэн, цаашид төлөвшүүлэхэд манай ахмад туршлагатай эмч нар ихээхэн. үүрэг гүйцэтгэх ёстой.

Эхлэн ажиллаж байгаа залуу эмчид ахмад эмчийн хувийн үлгэр дууриал шиг «их сургууль» байхгүй гэж нэгэн эмч эрдэмтний хэлсэн үг нь халамжлан хүмүүжүүлэгчдийг зөв сонгон ажиллуулахын чухлыг сануулсан үг юм.

Эзэмшсэн мэргэжлийнхээ зорилго үүргийг гүн ухамсарласан, зөвхөн үхэл, өвчлөл хоёртой тэмцэх мэтээр явцуу ойлгодоггүй эмнэлэг, нийгмийн маш олон асуудадд өргөн хүрээтэй оролцох болж байгааг гүн ойлгосон, улс, орон, хамт олны нэрийн өмнөөс сэтгэн бодох, өөрийн мэргэжлийн түүхэн ирээдүйг урьдчилан харах чадвартай, нийгмийн зүтгэлтэн, социализмыг идэвхитэй байгуулагч, эрүүлийг хамгаалах байгууллагын өмнө тавигдаж байгаа түүхэн зорилтыг хэрэгжүүлэхзд зохих хувь нэмэр, оруулж чадах эмч-иргэн бэлтгэхэд бүх хүч анхаарлаа төвлөрүүлж ажиллах шаардлагатай байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 10091
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК