Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2011, 3(157)
Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт олон улсын 5 дугаар хурлыг амжилттай зохион байгууллаа
( Судалгааны өгүүлэл )
 

 

Монголын уламжлалт анагаах ухаан бол өнө эртний түүхтэй бөгөөд нүүдэлчдийн ахуй амьдрал, зан заншилтай хүйн холбоотойгоор урган төлжиж уламжлагдан хөгжиж ирсэн эрдэм мэдлэг соёлын гайхамшигт өв билээ.

XXI зуунд өрнө-дорнын анагаах ухаан улам бүр ойртож харилцан бие биеэсээ суралцан, зэрэгцэн хөгжих нэн хариуцлагатай түүхэн үед Монголын уламжлалт анагаах ухааныг өөрийн оронд төдийгүй дэлхийн бусад оронд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх нэр хүндтэй үүргийг Монголчууд бид цаг алдалгүй хэрэгжүүлэх нь юу юунаас чухал юм.

Уламжлалт Анагаахын Шинжлэх Ухаан Технологи, Үйлдвэрлэлийн Корпорацийн эрдэмтэд, хамт олон санаачлан Монгол туургатан улс орнуудын дунд Уламжлалт Анагаах Ухааны олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж ирсэн.

2004 онд монгол туургатнууд анхны хурлыг хийж эхэлснээр эдүгээ 5 дахь хурлаа хийлээ.

Ийнхүү улс үндэстэн омог угсаатан бүрийн мэдлэг ухаан, ёс заншил, өв соёлын дээжис даяршлагдаж байгаа өнөө үед нүүдэлчин монголчуудын уламжлалт анагаах ухааны эрдэм мэдлэг өв соёл, баялаг туршлага, орчин цагийн дэлхийн анагаах ухаааны шинэчлэлийн их далайд ширгэшгүй нэгэн ундрага болон нэгдэж бага боловч хувь нэмэр оруулах үүднээс Уламжлалт Анагаахын Шинжлэх Ухаан Технологи, Үйлдвэрлэлийн Корпорациас “Монголын уламжлалт Анагаах ухааны хөгжлийн өнөөгийн байдал хэтийн төлөв” сэдэвт ээлжит 5 дугаар эрдэм шинжилгээний бага хурлыг 2011 оны 9 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус хурлын гол зорилго нь Монголын Уламжлалт Анагаах ухааны хөгжил, хэтийн төлөвтэй холбоотой нэн чухал асуудлуудыг хэлэлцэж шинэ санаа, ололт амжилт, шинэ технологид суралцах, шинжлэх ухааны арвин мэдлэгээ харилцан солилцох явдал байлаа.

Энэхүү хурлыг зохион байгуулахад Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны академи, Эрүүл мэндийн яам зэрэг байгууллагууд дэмжлэх үзүүлж, Эрдэм шинжилгээний хүрээлэн, сургуулиуд, Уламжлалт анагаахын эмч, судлаачдын нийгэмлэг зэрэг байгууллагууд идэвхитэй оролцлоо.

Тус Симпозиумын нээлтийн арга хэмжээнд ШУА-ын ерөнхийлөгч Академич Б.Энхтүвшин, Шинжлэх Ухаан Технологийн Сангийн захирал Т.Ган-Эрдэнэ, Эрүүл мэндийн Яамны дэд сайд Ж. Цолмон нар оролцож хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэн баяр хүргэж үг хэлсэн бөгөөд Монголын уламжлалт анагаах ухааны түүхэн хөгжил, ололт амжилт, ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар хэлсэн үгэндээ дурьдан тэмдэглэж байсан.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Монгол, ОХУ-ын Буриад, Тува, Хятад, Япон, Герман, Австри, Филиппин, Грек, Малайз, Польш зэрэг 10 гаруй орны 50 гаруй эрдэмтэд, судлаачид, дотоодын 150 гаруй эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн багш, эмч мэргэжилтэн, эм зүйч нар оролцож нүүдэлчин монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийн дэвжээнд гаргаж түгээн дэлгэрүүлэх өгөөмөр үйлсэд ганзага нийлэн чуулж олон сонирхолтой илтгэл хэлэлцүүлэн ярилцлаа.

Хуралдааны үеэр гадаад, дотоодын олон эрдэмтэд уламжлалт анагаах ухааны түүх, өнөөгийн байдал, цаашдын хөгжил, хэтийн төлөв, онол арга зүй, эм судлал зэрэг олон сэдвүүдийг хамарсан илтгэлүүдийг тавьж хэрлэлцүүлэв.

Түүнчлэн уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн байгалтай гаралтай үндсэн түүхий эд болох ургамлын хими технологи, эмнэл зүйн судалгааг орчин үеийн шинэлэг онол арга зүй, нарийн өндөр мэдрэмжит багаж тоног төхөөрөмжөөр судалж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлан, үр дүнтэй шинэ эм бүтээж үйлдвэр практикт нэвтрүүлсэн судалгааны ажлуудын талаар олон сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн нь хуралд оролцогчдын анхаарлыг ихээхэн татлаа.

Үүний дотроос ОХУ-ын Буриад улсын Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн Академич С.М.Николаевын Өрнө Дорнын анагаах ухааны интеграчлал, олон найрлагат эмийн талаархи илтгэл, ОХУ-ын эрдэмтэн Профессор В.В.Бороноевын судас оношлогооны орчин үеийн багаж төхөөрөмжийн талаархи илтгэл, ӨМӨЗО-ны Хөх хотын Молекул Биологийн Хүрээлэнгийн захирал, тэргүүлэх эрдэмтэн Профессор Б.Гэрэлтийн өөх тос задлах үйлдэлтэй ургамлын гаралтай эмийн судалгааны илтгэл, Хими Технологийн хүрээлэнгийн доктор Д.Гүнбилэгийн амьтан ургамлын хоорондох харилцан үйлдэл сэдэвт илтгэл, МУИС–ийн профессор Ж.Батхүүгийн Монгол орны эмийн ургамлын ин витро биологийн судалгаа илтгэл, МУИС-ийн Профессор Н.Цэвэгсүрэнгийн Монгол орны эмийн ургамлын биологийн идэвхит бодисын судалгаа, Грек улсын Фармакогнозийн хүрээлэнгийн Профессор Nektarios Aligiannis-ийн эртний Грекийн уламжлалт анагаах ухааны талаархи илтгэл, Япон улсын Профессор Куме–ийн булчин шөрмөс, ясны байдлыг эхо-оор оношлох зэрэг онол практикийн ач холбогдолтой үр өгөөж сайтай илтгэлүүд тавигдаж олны сонирхолыг ихээхэн татаж маш өндөр үнэлгээ авч чадлаа.

Уг хурлын явцад олон орны эрдэмтэн судлаачид өөрсдийн багагүй амжилтад хүрсэн судалгаа, шинжилгээний ажлын талаар оновчтой шинэ санаа дэвшүүлэн санаа бодлоо солилцож, хуримтлуулсан шинэ мэдээ мэдлэг туршлагаасаа хуваалцаж, уламжлалт анагаах ухаан, эмийн ургамлын судалгаанд хамтран ажиллаж тодорхой хувь нэмрээ оруулах талаар өөрсдийн сэтгэгдлээ илэрхийлж байсан нь тус Симпозиумын бас нэгэн том ололт юм.

Ийнхүү уламжлалт анагаах ухааны чиглэлээр олон улсын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний хурлыг маш өндөр хэмжээнд амжилттай зохион байгуулсан талаар олон орны эрдэмтэд судлаачид хуралд оролцогчид санал бодлоо илэрхийлж маш өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлж байсны зэрэгцээ хурлыг зохион байгуулж, удирдан явуулсан байгууллага, хүмүүст тухайлбал Корпорацийн захирал дэд Профессор Ч.Чимэдрагчаа, гадаад харилцааны дарга доктор А.Алтанцэцэг нарт тусгайлан баяр хүргэж талархал дэвшүүлж байсныг дурьдахад таатай байна.

Үүний дотор ЭМЯ-ны ахлах мэргэжилтэн, МАУА-ийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Бурмаажав, ОХУ-ын тэргүүлэх эрдэмтэн Академич С.М.Николаев, ӨМӨЗО-ны Хөх хотын Молекул Биологийн Хүрээлэнгийн захирал, тэргүүлэх эрдэмтэн Профессор Б.Гэрэлт, Уламжлалт Анагаахын сургуулийн захирал, профессор С.Олдох, Грек улсын Фармакогнозийн хүрээлэнгийн Профессор Их Сургуулийн Ерөнхийлөгч профессор Sak­urai Koji, Японы Китами Технологийн их сургуулийн профессор Takshi Yoshida, Японы Bi-Digital O-Ring Test Aнагаах Ухааны Нийгэмлэгийн профессор Shimotsuura Yasuhiro болон Корпорацийн Академич Б.Дагвацэрэн зэрэг олон орны тэргүүлэх эрдэмтэн профессорууд хурлын үйл ажиллгааг маш өндөр түвшинд хийгдсэн гэж үнэлж санал сэтгэгдлээ хэлж байсан нь тун бахархалтай байлаа.

Тус хурлын үеэр гадаад дотоодын эрдэмтэн судлаачид өөрсдийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнд буй болгосон шинэ санаа, боловсруулсан арга, технологи, хуримтлуулсан туршлага ололт амжилтаа бүтээлчээр хуваалцаж шинэ мэдээ мэдлэг, үр дүнтэй оновчтой санал туршлага олж авч чадлаа.

Тус хурлын онцлогийн нэг нь гадаадын 10 гаруй орны эрдэмтдийг хамруулж чадсан төдийгүй хурлын явцад онол практикийн маш өндөр түвшинд хийгдсэн орчин үеийн өндөр мэдрэмжит багаж төхөөрөмж ашиглан үр дүнг баталгаажуулж чадсан олон шилдэг илтгэлүүд хэлэлцүүлж байсан нь хурлын ач холбогдлыг тод харуулж байна.

Ийнхүү энэ удаагийн эрдэм шинжилгээний V их хурал маш их үр өгөөжтэй, өндөр ач холбогдолтой, харилцан ойлголцсон, халуун дулаан уур амьсгалтай, сонирхол татсан түвшинд болж өндөрлөлөө. 

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор А.Алтанцэцэг, УАШУТҮК


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2238
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК