Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1990, 2(74)
ТАВАН ЦУЛ ЭРХТЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХООРОНДЫН ХАРЬЦАА, ЦАГ УЛИРЛЫН НӨЛӨӨЛЛИЙН ТАЛААРХИ МОНГОЛ АНАГААХ УХААНЫ ОНОЛЫН УЛАМЖЛАЛЫГ СУДЛАХ АСУУДАЛД
( Судалгааны өгүүлэл )

М. Амбага

Ардын эмнэлгийн хүрээлэн

 

Хүн амьтны биед жилийн улирал, сарын үечлэлтэй холбоотойгоор тодорхой давталт   бүхий     биологийн     хэлбэлзэл бий болдгийг улирлын хэмнэл хэмээн нэрлэсэн байдаг (7, 10, 11). Улирлын хэмнэл нь үйлчлэх   шинж   төлвийн    хувьд харилцан

адилгүй чанартай гадаад орчны халуун хүйтэн, өдрийн уртын үргэлжлэх хугацаа, геосоронзон талбай, агаарын ионжилт, хоол тэжээлийн тоо, чанар, химийн бүрэлдэхүүн зэрэг цогц хүчин зүйлсийн жилийн улирал бүрээр өвөрмөц илрэх нөлөөлөлд биемахбодын дасал зохицлыг хангахад чиглэгдсэн давтамжит өөрчлөлт юм (7, 10, 11, 13, 15).

Түүхэн хувьсал хөгжлийн явцад хүн, амьтны биемахбодод гадаад орчны ийнхүү байнга өөрчлөгдөн хувирч байгаа нөхцөлд дасан зохицох чадвар бий болсон нь тухайн цаг хугацаанд аль нэг эрхтэнийхээ үйл ажиллагааг эрчимжүүлж дээшлүүлэх юм уу, дарангуйлж бууруулах байдлаар илэрнэ (11, 12). Биеийн дотоод орчинд жил, улирал, сарын хувьсал өөрчлөлтийг хүлээн авч, зохицуулах тогтолцоо байдгийг дорно дахины суу билэгт эмч, мэргэд илрүүлэн томьёолсон нь монгол анагаах ухааны онолын үндэст гүн гүнзгий тусгалаа олсон байдаг (2,   9, 14).

Монгол анагаах ухаанд дөрвөн улирлыг таван махбодод хуваахдаа хаврын гурван сарын эхний 72 хоногт модон махбод дэлгэрч, элэгний судал гүйнэ. Зуны гурван сарын эхний 72 хоногт гал махбод дэлгэрч, зүрхний судал гүйнэ. Намрын гурван сарын эхний 72 хоногт төмөр махбод дэлгэрч, уушгины судал гүйнэ. Өвлийн гурван сарын эхний 72 хоногт усан махбод дэлгэрч, бөөрний судал гүйнэ. Дөрвөн улирлын завсрын 72 хоногт буюу дөрвөн улирлын сүүл бүрийн 18 хоногт шороо махбод дэлгэрч дэлүүний судал гүйнэ гэж тэмдэглээд (9) нэг жилийн хугацаанд аль нэг цул эрхтэний үйл ажиллагааны идэвхжил, бууралт ээлжлэн явагддаг зүй тогтолтойг нэн тодорхой  өгүүлсэн  байдаг (2).

Нэг бүтэн жил, жилийн доторхи улирлуудад цул эрхтэний үйл ажиллагаа ийнхүү идэвхжих, дарангуйлагдах хэмнэлд орох нь өөр хоорондын нарийн холбоо, шүтэлцээтэйгээр явах бөгөөд энэ нь цул эрхтнүүдийн «эх-хөвгүүн», «нөхөр-дайсан» бололцох ёсонд захирагдана гэж хэлж болох байна. «Эх-хөвгүүн» бололцох харьцаа гэдэг нь нэг цул эрхтэн нөгөө цул эрхтэндээ эх болж байхад, тэр цул нь үүндээ хөвүүн нь болж, эх бологч цул хөвүүн цулаа төрүүлэх, тэжээх, төлжүүлэх үйлдэлтэй, харин хөвүүн цул эрхтэн нь бол эх бологч эрхтнийхээ тусламжаар үүсч буй болох, тэжээгдэн төлжих зохицуулгатаи оршино (9). Тухайлбал хөвүүн бололцох ёсны хувьд бол элэгний хөвүүн зүрх, зүрхнийх бол дэлүү, дэлүүнийх бол уушги, уушгиных бол бөөр, бөөрнийх бол элэг гэх мэт байснаа эх бололцох харьцааны ёсоор гэхэд “элэг”-ний эх бөөр, бөөрнийх уушги, уушгиных дэлүү, дэлүүнийх зүрх, зүрхнийх элэг болдог (9).

«Нөхөр-дайсан» бололцох харьцаа бол цул эрхтнүүд харилцан бие биедээ түшиглэн туслах болон харилцан хязгаарлах, эсэргүүцэх гэсэн ойлголтоор илэрнэ. Өөрөөр хэлбэл нэг цул эрхтэн нь нөгөөдөө нөхер болж байхад тэр нь үүнийхээ дайсан болох, нөхөр бологч цул нь түшиг болж туслах, дайсан бологч цул нь хязгаарлах, эсэргүүцэх үйлдэл үзүүлнэ. Тухайлбал:   элэгний нөхөр  дэлүү  байхад дэлүүний дайсан элэг, зүрхний нөхөр уушги болоход  уушгины    дайсан   зүрх, дэлүүний нөхөр бөөр байхад бөөрний дайсаы нь дэлүү,  уушгины  нөхөр  элэг  байхад элэгний дайсан нь уушги гэсэн харьцаатайгаар нэг эрхтэн нь нөгөөгөө дийлэх боловч, тэр нь өөр нэг эрхтэндээ дийлддэг байдлаар бие биеийнхээ   үйл   ажиллагааг   хэт идэвхжих, хэт дарангуйлагдахаас хамгаалсан байдалтай тэнцвэртэй  харьцаанд  оршдог  гэж томьёолон   энэ   харьцаа   алдагдвал  өвчин үүсдэг гэж үздэг байжээ (9,  14). Монгол эмнэлгийн  онолоор жилийн улирлын  явцад цул эрхтэний  үйл  ажиллагаа  идэвхжиж, буурсан үечлэл хэлбэлзлэлтэй байх  нь «эх-хөвүүн», «нөхөр-дайсан» харьцааны зохицуулгын  дор  явагддаг  болохыг  зарим судлагчдын саналд  (9,   14)   үндэслэн  хэлж болох байна.  Жишээлбэл:  хаврын улиралд модон махбод   дэлгэрч,   элэгний   үйл ажиллагаа эрчимжих үед «нөхөр» дайсны харьцаагаар дэлүүний   үйл   ажиллагаа,   үүнтэй уялдан «эх-хөвүүн»-ний   харьцаагаар   уушгины үйл ажиллагаа  дарангуйлагдана.  Зуны улиралд зүрхний үйл ажиллагаа идэвхжсэнээр «нөхөр-дайсны» харьцааны дагуу уушгины үйл ажиллагаа харьцангуй дарангуйлагдсан байдалдаа  байсаар  байх учир  үүнтэй холбоотойгоор «эх хөвүүний» харьцаагаар бөөрний үйл   ажиллагаа   суларна.  Намрын улиралд төмөр   махбодтай  уушгины  үйл ажиллагаа идэвхжих  үед   «нөхөр-дайсны» харьцаагаар модон   махбодтай    элэгний үйл ажиллагаа суларна,   өвлийн   улиралд   усан махбодтай бөөрний   үйл   ажиллагаа   идэвхжснээр гал махбодтай  зүрхний  үйл  ажиллагаа буурна гэсэн ерөнхий барагцаа томьёоллыг гарган хэлж болох  бөгөөд сонирхолтой  нь хавар, зуны   дулаан    улиралд    эрхтнүүдийн үйл ажиллагааны идэвхжил_дарангуйлал нь «нөхөр-дайсан»   «эх-хөвүүн»     буюу дарангуйлал-дарангуйлал гэсэн харьцаагаар, өвөл намрын сэрүүн хүйтэн улиралд бол зөвхөн «нөхөр-дайсны»   харьцаагаар   буюу дарангуйлал  гэсэн  харьцаагаар  явагддаг нь харагдаж байна. Үүнийг жилийн хүйтэн, дулаан улиралд явуулах цул, сав эрхтний эмчилгээ, оношлолын баримтлалд анхаарах нь зүйтэй санагдана. Цул эрхтэний үйл ажиллагааны   улиралчилсан    динамик өөрчлөлтийн байдал дээр тулгуурлан аль үе хэмнэлдээ   тухайн   эрхтэн өвчинд   илүү амархан нэрвэгддэг болон өвчин тэсвэрлэх чадвар  нь дээшилдгийг   нарийн үндэслэлтэй тогтоон,   эмчилгээ   оношлолд   тусгах асуудал ихээхэн ач холбогдолтой нь мэдээж юм.

Таван цул эрхтэний үйл ажиллагааны улиралчилсан хэмнэл хэлбэлзлийн тухайн монгол эмнэлгийн онолыг орчин үеийн зарим судлагааны материалтай холбон тайлбарлах оролдлого хийж болох бөгөөд энд алдаж оносон зүйл багагүй бий гэдгийг юуны өмнө хэлэх нь зүйтэй юм.

Элэг. Элэгний үйл ажиллагааны төлөв байдлыг монгол анагаах ухааны онолын дагуу улиралчлан авч үзвэл модон махбодтой элэгний үйл ажиллагаа хаврын цагт хамгийн дээд идэвхжлийн байдалд байх бөгөөд энэ нь түүний дайсан болох уушгины үйл ажиллагаа суларч түүний зүгээс ирэх сөрөг дарангуйллын нөлөө суларсантай давхцана  (2, 9).  Хавраас зун  тийш элэг­ний үйл ажиллагаа аажим буурсаар намрын улиралд хамгийн дээд бууралтын тувшинд очно. Жилийн дөрвөн улирлын явцад илрэх элэгний үйл ажиллагааны энэхүү өөрчлөлтийн дагууд элэгний эд, эсийн өвчинд нэрвэгдэх болон тэсвэрлэх чанар хэрхэн өөрчлөгдөх байдлыг манай орны зарим судлагчдын (6) элэгний вируст гепатит өвчний өвчлөл, нас баралтын хөдлөлзүйг улирлаар жишин харуулсан материалтай харьцуулж үзсэн юм. Хэдийгээр уг өвчний өвчлөлийн төлөв байдалд өвчин үүсгэгчийн вирусын шинж төрх, халдвар хамгааллын дэглэм зэрэг олон хүчин зүйл нөлөөлөх нь мэдээж боловч ийм харьцуулалт хийх бүрэн үндэслэл бий гзж үзлээ.

Хаврын улиралд буюу монгол эмнэлгийн онолоор бол элэгний үйл ажиллагааны ид идэвхжлийн үед, вируст гепатитийн (ВГ) өвчлөл, нас баралт хамгийн бага хэмжээнд бүртгэгдэж байсан нь энэ үед элэгний эсийн эмгэг хүчин зүйлсийн үйлчлэлийг тэсвэрлэх чадвар сайн байгаагийн илрэл байж болох талтай. Харин намрын улиралд буюу монгол эмнэлгийн онолын дагууд элэгний үйл ажиллагааны эрчим сулрах цагт ВГ-ийн өвчлөл хаврынхаас хэд дахин ихэсч. өвчлөлийн дээд хязгаарт хүрчээ (6). Зуны улирал буюу VI, VII, VIII сард хэдийгээр ВГ-ийн ерөнхий өвчлөлийн төвшин харьцангуй доогуур байгаа ч нас баралт бусад улирлуудаас хавьгүй их хэмжээнд байгаа нь элэг халуун чанартай өвчнөөр хямралдан өвчилдөг онцлогтойн дээр энэ нь гадаад орчны халуун дулаан уур амьсгалтай нийлэлдэн өвчнийг улам гааруулан хүндрүүлсэнтэй холбоотой байж болох юм (16). Иймээс зун, намрын улиралд явуулах ВГ-ийн эмчилгээнд гашуун амттай шарын бэлиг чанарын халуун, хурц, тослог бүрэлдэхүүний эсрэг хүйтэн, мохдог, сэрүүн эрдэмтэй эмүүдийг голчлон хэрэглэх шаардлагатай нь ойлгомжтой (8) бөгөөд энэ үед мөн элэгний үйл ажиллагааг таван махбодын харьцаан дээр үндэслэн түүнд сөрөг нөлөө үзүүлдэг (дайсны) цул болох уушги, эх бологч бөөрний үйл ажиллагааг зохицуулахад чиглэсэн эм, змчилгээний тусламжтайгаар дээшлүүлэх тухай  ойлголт  ч  бий  болж байна.

Зүрх. Зуны улиралд гал махбодтай зүрхний үйл ажиллагаа хамгийн өндөр түвшинд байснаа намар тийш аажим буурсаар өвлийн улиралд хамгийн доод цэгтээ хүрдгийг таван махбодын онол харуулдаг (2). Зуны улирлын идэвхжилт нь түүнд сөрөг нөлөө (дайсны) үзүүлдэг бөөрний үйл ажиллагааны бууралттай. өвлийн улирлын бууралт нь бөөрний идэвхжилтэй орон зай цаг хугацааны хувьд давхцана (2). Зүрх судасны системийн эртхний үйл ажиллагааны эрчим, өвчлөлийн байдлыг улиралчлан судалсан орчин үеийн судалгааны материал нь бүхэлдээ ардын эмнэлгийн онолын дээрх баримтлалтай тохирч байна (11, 12, 13. 15). Өөрөөр хэлбэл зуны улиралд зүрхний булчингийн ажиллах чадварын үзүүлэлт хамгийн дээд түвшинд байснаа өвлийн улиралд буурч хамгийн доод цэгтээ  хүрч, өвчлөл  ихэснэ   (11, 12).

Зүрхний гол судасны механик нарийсалтаар  бий  болсон  гемодинамикийн ачаа­лал, туршлагын амьтдад үүсгэсэн зүрхний булчингийн эмгэг загвар дээр агшилтын хүчний сулралт, цуцалтын процесс өвөлд зунаас хавьгүй хурдан сэдээгддэг, зүрхний булчингийн шигдээс өвчнөөр өвчлөлт, нас баралт, зүрхний хэм алдагдал, булчингийн эдийн задрал үхжил, өвлийн улиралд зунаас өндөр байдаг (7, 10, 14) болон зүрхний булчингийн эдийн биеийн хүчний ачааллыг даах чадвар өвлийн улиралд эрс мууддаг зэргийг тогтоосноор эрдэмтэд өвлийг зүрх судасны системийн эрхтний өвчлөлд хамгийн тохиромжгүй улирал гэж үздэг байна (10, 11)

Дэлүү. Монгол эмнэлгийн онолын үүднээс авч үзвэл дэлүү нь бусад дөрвөн цул. эрхтнээсээ онцлог ялгаатай буюу түүний үйл ажиллагаа нь тухай тухайн улиралд идэвхжсэн эрхтнүүдийн үйл ажиллагааг дагалдан эрчимждэг гэж хэлж болохоор байна. Өөрөөр хэлбэл эндээс дэлүү нь нийт биемахбодын түвшинд бүх л цул эрхтний үйл ажиллагаанд хамаарах ерөнхий зохицуулагчийн үүрэгтэй байж болох тухай санаа төрж байгаагийн зарим үндэслэлийг сүүлийн үеийн гадаадын эрдэмтдийн судалгаа, таамналаас ямар нэг хэмжээнд мэдэж болох юм. А. Г. Бабаева нарын (1985, 1989) олон жилийн ажиглалт судалгаан дээрээ үндэслэн дзвшүүлсэн онолоор бол дэлүүний үйл ажиллагаа нь хэвийн үед харьцангуй дарангуйлагдсан байдалд оршдог атлаа аль нэг цул эрхтэнд бүтцийн ялимгүй ч болов өөрчлөлт гарсан үед түүнийг мэдрэн хүлээн авч уг эрхтэнийг нөхөн төлжилтийн мэдээлэл, зохицуулгаар хангах үүрэгтэй эрхтэн юм (3, 4). Үүнийг уламжлалт эмнэлгийн онолтой холбон үзвэл улирал, улирлын эхний хоногуудад аль нэг цул эрхтний үйл ажиллагаа тодорхой давтамж хэмнэлтэйгээр идэвхжин, энерги. зарцуулалтын харьцангуй өндөр түвшинд байх нь бүтэц, үйл ажиллагааны еөрчлөлтөд зайлшгүй хүргэх (10) бөгөөд ийм бага ч болов гажуудлыг засан хэвийн болгож байх үүргийг дэлүүний эс эрхтэн бүр дээр гүйцзтгэдэг тухай санаа терж байна. Гагцхүү энэ асуудлын шинжлэх ухааны мен чанарыг тогтоох судалгааны ажил явуулах шаардлагатай юм. Нөгөөтэйгүүр дэлүүний үйл ажиллагааны улирлын хэмнэлтэй холбоотойгоор түүний дархлааны урвалд оролцдог эерэг, сөрөг нөлөөлөлд гарах өөрчлөлтийг таван махбодын онол хийгээд орчин үеийн судалгаатай холбон жишиж үзвэл «нөхөр- д а й с ны » харьцаагаар хаврын улиралд элэгний үйл ажиллагаа идэвхжих үед дэлүүний үйл ажиллагаа д a р ан г у й л а г д a х ёстой бөгөөд үнэхээр ч дэлүүний үйл ажиллагаа, дархлааны урвалын эрчим хаврын улиралд сулардагийг судлагдчид (11) ажиглан  тогтоосон байна.

Харин намрын улиралд элэгний үйл ажиллагаа идэвхжлийн хамгийн доод түвшинд орсноор «нөхөр-дайсны» харьцаагаар дэлүүний үйл ажиллагаа эрчимжинэ гэдэг нь таван махбодын онолын үүднээс ойлгомжтой бөгөөд энэ үед дархлааны урвалын хэт эрчимжилт, өөртөө харших урвал бусад эрхтэнд явагдах болзошгүй гэсэн санаа  төрж  байна.  Үүний  зарим нотолгоо ч орчин үеиин судалгааны  материалд байна   (10, 11).

Гадаадын судлагчдын тогтоосноор эрүүл хүмүүст   намар   өвлийн   улиралд хавсарга, лизоцим, гемааглютининий    титр, цусны сийвэнгийн цус задлах идэвх, Т, В-лимфоцитийн  тоо  хамгийн дээд  хэмжээнд хүрдгийн хамт зүрхний шигдээс өвчтэй хүмүүст зүрхний   булчингийн   эд,    судасны хананы уураг.  сийвэнгийн β липопротеидийн эсрэг нийлэгжсэн  эсрэг  бие,   хавсаргын гуравдугаар компонентийн     (Ся)   титр өндөрсөж «өөртөө  харших урвал» явагдах нөхцөлүүд бүрддэг   байна   (10,   11).   Бид туршлагын цагаан  хулганад  дөрвөн  хлорт нүүрстөрөг-чөөр  элэгний  өвчний  эмгэг загвар үүсгээд элэг-дэлүуний үйл ажиллагаа буюу уламжлалт  эмнэлгийн онолоор  бол нөхөр-дайсны харьцаа   хэрхэн  хувиран  өөрчлөгдөх байдлыг  өвчний  цочмог,   цочмогдуу,  архаг үед тодорхойлоход    өвчний    цочмог   хурд үед (1—3   хоног)   дэлүүний   индекс,   зсийн too хэвийн   үеийнхээс     1,4—1,8   дахин багасч (Р <С0,05), дэлүүний эсийн мембранд өөхний   бодисын   чөлөөт   язгуурт   хэт исэлдэлтийн   процессын     эрчим (ӨБЧЯХИП) 1,8—3 дахин нэмэгдэж байснаа өвчний долоо дахь хоногоос эхлэн эдгээр үзүүлэлтүүд хэвийн   үеийнхээс   илүү   идэвхжин, үүнтэй нэг зэрэг ӨБЧЯХИП-ийн эрчим өндөр түвшинд   хадгалагдсаар   байгаа   буюу  уг хоёр цул   эрхтний   үйл   ажиллагаанд харилцан уялдаат чанар байгаа нь ажиглагдлаа. Тодруулан  хэлбэл   өвчний   эхний   үед элэгний зүгээс   дэлүүнд   үзүулдэг   «дайсагнан» дарангуйлах   үйлдэл   нь   эрчимжиж байснаа евчний сүүл тийш бол элэгний үйл ажиллагаа   удаан   хугацаанд дарангуйлагданаас болж   элэгнээс   дэлүүнд   үзүүлдэг «нөхөр-дайсны»   харьцааны   хүч   суларч дэлүүний үйл ажиллагаа  хэт  идэвхжиж   «өөртөө харших» урвал явагдаж болзошгүй байгаа ту хай төсөөллийг өөрсдийн болон бусад судлаачдын  бидэнтэй   төстэй байдлаар явуулсан   судалгааны   материал   дээр   (1,5) үндэслэн хэлж болохоор байна.

Монгол эмнэлэгт элэгний цочмог үрэвсэл-халдварт өвчинд хэрэглэдэг зориулалттай байсан цэх галуун таваг ургамлын нийлбэр алкалоид нь элэг-дэлүүний зохицуулгын дээрх алдагдалд эерэг нөлөө үзүүлдэг болохыг   бид   мөн тогтоов.

Уушги. Таван махбодын онолоор хаврын улиралд уушгины үйл ажиллагааны идэвхи нь түүнтэй нөхөр дансны холбоо үүсгэдэг элэгний үйл ажиллагаатай яг эсрэг байдлаар хамгийн доод уналтын байдалд орсноо зун. намар тийш аажим дээшилсээр намрын улиралд мөн л энэ харьцааны дагуу хамгийн дээд идэвхжилд хүрдэг тухай ойлголт нь орчин үеийн судалгааны материалд ямар  нэг  хэмжээнд  нотолгоо  олсон байна.

Уушгины үйл ажиллагааны үечлэл, хэлбэлзлэлийг судалсан байдлаас үзэхэд зүрхний шигдээс өвчтэй хүмүүст намар, өвлийн улиралд хавар зуныхтай харьцуулахад амьсгалын тоо, амьсгалын гүний эзлэхүүн 1,1 —1,58 дахин нэмэгддэг тухай мэдээ бий (10.11).

Бөөр. Өвлийн улиралд бөөрний үйл ажиллагаа идэвхждэг, зуны улиралд буурч дарангуйлагддаг хийгээд энэ нь уг цултай «нөхөр-дайсны» харьцаа үүсгэдэг зүрхний үйл ажиллагааны төлөв байдалтаи уялдан зохицуулагддаг гэж хэлж болохуйц томьёолол  монгол  эмнэлгийн онолын үндэст бий

(2, 9).

Зуны халуун дулаан улиралд гадаад орчны температур биеийнхээс давамгайлан ихсэх үед шингэнээ ууршуулан дулааны алдагдлаа ихэсгэх замаар биеийн халуун-хүйтний гомеостазийг тогтоон барих зохицуулга идэвхжсэний дүнд вазопрессин зэрэг шээс шингэний ялгаралтыг багасгадаг үйлдэлтэй гормоны ялгаралт эрчимжин бөөрний эдээр ялгарах шээсний хэмжээ багасна (7, 10). Үүнийг монгол эмнэлгийн таван махбодын онолоор зуны цагт бөөрний үйл ажиллагааны идэвхи буурна гэснээр томьёолсон бололтой байх юм. Өвлийн хүйтэн улиралд вазопрессин зэрэг гормоны нийлэгжилт бууран ус, эрдсийн бодисын зохицуулгад бөөрний гүйцэтгэх үйл ажиллагаа эрчимжиж, бөөрний эдээр дамжин ялгарах шээс, шингэний хзмжээ нэмэгдэнэ (7).

Эрдэмтдийн тооцоолсончлон (7) өвлийн хүйтэн улиралд хүн, амьтны биемахбодын хүйтэнд дасан зохицох чадавхи, биед агуулах ус шингэний нийт хэмжээний хооронд урвуу хамаарал байдаг буюу бөөрний шээс шингэнийг ялгаруулах идэвхи хичнээн сайн байна биемахбодын үйл ажиллагааны ерөнхий идэвхи төдий чинээ өндөр байдаг зүй тогтлыг (7) монгол анагаах ухааны онолд өвлийн цагт усан махбод дэлгэрч бөөрний судал гүйнэ гэж оновчтой томъёолсонтой холбон үзэж судлах, эмчилгзэ оношлолын зарчимд  тусгах  нь  зүйтэй юм.

Ийнхүү энд өгүүлсэн зүйлийг товч нэгтгэн дүгнэвэл таван цул эрхтэний үйл ажиллагаа харилцан бие биеэсээ болон цаг улирлын давтамжит байдалтай нягт уялдан маш нарийн өөрчлөлт, хэлбэлзлэлд ордог тухай монгол эмнэлгийн онолын үндэслэл нь орчин үеийн судалгааны материалтай ихэнхдээ тааран тохирч байгаа бөгөөд уламжлалт эмнэлэгт томьёолсончлон аль нэг эрхтний үйл ажиллагааны бууралтын ид үед уг цул эрхтний өвчин төрүүлэгч хүчин зүйлсийн нөлөөнд нэрвэгдэх байдал ихэсч, тэсвэрлэн даах чадвар багасч байгааг эмчилгээ оношлолд анхаарах, түүний мөн чанар, шинжлэх ухааны үндэслэлийг нарийн нухацтай тогтоон тайлбарлах шаардлагатай   болох нь   харагдаж баина.

Ном зүй

1. Г. Б. Афонина Изменение окислительного метаболизма и функции иммуно компетентных клеток при действии левамизола и α токоферола у крыс с вторичным иммунодефицитом «Иммунология и аллергия» 1989, выпуск. 23, стр 115—117.
2. Ч. Баавгай. В. Болдсайхан Монголын уламжлалт анагаах ухаан, Улаанбаатар, 1989,
3. А. Г. Бабаева Регенерация и система иммунитета- М. Медицина. 1985. стр 256.
4. А. Г. Бабаев Клеточные и гуморальные факторы иммунитета как регуляторы восстановительного морфогенеза. «Онтогенез» 1989, Ү, 20, №5, стр 453-461.
5. P. В. Бережкова, В. А. Романов Локализация иммунных комплексов в печени при экспериментальном ее циррозе «Архив патологии» 1981, №11. стр 25-29.
6. А.Дамдинсүрэн, Г. Жамба \"Н. A.Благов Вирусын гепатит, Улаанбаатар, 1986.
7. Н. Р. Деряпа, М. П. Мошкин, В. С Пасный Проблемы медицинской биоритмологии, М. Медицина, 1985, 208 с.
8. Дундад улсын анагаах ухааны нэвтэрхий толь. Монгол анагаах ухаан 1 боть, 1987 он, Хөх хот. 944 хуудас.
9. Б. Жигмэд Монгол анагаах ухааны үндсэн онол. Өвөрмонголын хэвлэлийн хороо, 1988. 275 хуудас.
10. Н. Д. Озорнюк Принцип минимума энергии в онтогенезе и канализированность процессов развития «Онтогенез» 1989, т. 20, № 2, стр 117—128.
11. И. Е. Оранский Природные лечебные факторы и биологические ритмы, М, Медицина, 1988, 288 с
12. И. Е. Оранский, П. Г. Царфис Биоритмология и хронотерапия. 1989, М, «Высшая школа» 159 с.
13. Хронобиология и хрономедицина под ред. Ф. И. Комарова М. Медицина, 1989, 400 с.
14. Д. М. Табеева Руководство по иглорефлексотерапии М. Медицина, 1989, 560 с
15. А. Л. Чижевский Земное эхо солнечных бурь. М. Мысль, 1976. 366 с.
16. Bragwan Dash, Fundamentals of Ayurvedic Medicine, Bombay, 1978.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2284
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК