Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 4(166)
Анагаах ухааны эрдэм судлалын ажлын удирдлага ба цахим мэдээллийн тогтолцоо
( Редакцийн зурвас )

Б.Бурмаажав

Эрүүл мэндийн яам, Монголын анагаах ухааны академи

 
Абстракт

Анагаах ухааны судалгаа, шинжилгээний ажил нь эрүүл мэнд, өвчний талаарх мэдээлэлд задлан шинжилгээ хийжa, учрыг олж, шүүн хэлэлцэж, шинэ мэдлэг бүтээж, мэдлэгийг баяжуулж, нийтийн хүртээл болгож, нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад хувь нэмэр оруулдаг.

Цахим мэдээллийн технологийн хөгжил нь шинжлэх ухааны мэдээллийг хүн ам, эмч мэргэжилтэн, шийдвэр гаргагчдад бүрэн эхээр нь, богино цаг хугацаанд хүргэх нэн тулгамдсан хэрэгцээг хангахад ихээхэн ач холбогдолтой юм. Ялангуяа санхүүгийн нөөц хязгаарлагдмал улс орнуудад нотолгоонд суурилсан бодлого боловсруулах нь нэн чухал гэж үзэж байнаb. Үүнтэй уялдаатайгаар эрүүл мэндийн судалгаа, шинжилгээний ажлыг санхүүжүүлэх тухай мэдээлэл, урилга, зарлалын тоо нэмэгдэж байна. Гэтэл  хэн хэдий хэмжээний төсвөөр ямар судалгаа хийж, ямар үр дүн гарсныг хэн хэрхэн ашиглаж байгаа нь тодорхойгүй бөгөөд үүнийг мэдэх, зохицуулах, хянах шаардлага улам бүр тулгамдаж байна.

Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг ил тод байлгаж, хэвлэж нийтлэхгүйгээс судалгааны ажлын давхардал үүсэх, хэрэггүй судалгаа олшрох, судалгааны тэргүүлэх  чиглэлийг тодорхойлоход бэрхшээл учрах, ялангуяа гадаадаас санхүүжүүлсэн судалгааны үр дүнг ашиглах талаар засгийн газрууд бага анхаарч байна.

Мэдлэг түгээх, анагаах ухааны эрдэм судлалын ажлын удирдлагыг боловсронгуй болгоход цахим мэдээллийн технологийг өргөн ашиглах болсонтой холбоотойгоор ДЭМБ,  НДББ-ээс 2012-2013 онуудад зарим санаачлага гаргаж гишүүн орнуудад санхүү, техникийн дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал тус бүсийн гишүүн орнуудын нэг адил манай оронд анагаах ухааны салбарт хийгдэж буй судалгааны ажлын цахим бүртгэлийн порталыг бий болгох ажлыг 2013 оны 12 дугаар сард хийлээ.

Энэхүү цахим бүртгэлийн портал нь судлаач, анагаах ухааны ёсзүйн хорооны нарийн бичгийн дарга, ажлын алба, хорооны гишүүд хандаж болохоор хийгдсэн байна. Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний цахим бүртгэлийн тогтолцоонд судгааны төслийг өргөн барихтай холбоотой мэдээлэл, ёсзүйн хорооноос уг төслүүдийг хянаж, зөвшөөрөл олгохтой холбоотой үйл ажиллагаа, хорооны гишүүдээс өгч буй санал, дүгнэлт, хорооны хурлын мэдээлэл, хорооны хурлын шийдвэр, хэрэгжүүлсэн төслийн тайлан, түүний хураангуй, санхүүжүүлсэн эх үүсвэр зэрэг мэдээллийг агуулсан байна.

Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний цахим бүртгэлийн порталийг 2014 оны эхнээс эхлэн ашиглах боломжтой боллоо.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 230
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК