Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 4(166)
Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хэрэгжилтийн үнэлгээ
( Судалгааны өгүүлэл )

Т.Энхзул, М.Сугармаа, Д.Амарсайхан, В.Дэлгэрмаа

Геронтологийн Үндэсний Төв, Нийгмийн Эрүүл мэндийн сургууль, ЭМШУИС, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

 
Абстракт

Background: Mongolia is one of the most influenced countries by non-communicable diseases among developing countries. Non-communicable diseases, including  cardiovascular diseases, cancers, respiratory diseases, diabetes, and injuries have become the major causes of morbidity and mortality in Mongolia.

Goal: To assess impact of preventive intervention activities of non-communicable diseases in framework of the Millennium challenge account (MCA) health project

Methods: We conducted 17 focus group discussions (FGD) from March to April 2013 in primary and secondary health care settings, of which six in urban and eleven in rural areas.We identified themes concerning the current situation of NCD related health services from the perspective of health professionals, and insights into institutional and professional experiences related to management, implementation and coordination of the newly implemented MCA-Mongolia NCD prevention and control project.

Results: As a result of the health project, NCD related knowledge and skills of health professionals have improved through progressive training, and development of guidelines and manuals. During the project, availability of equipment supplies has improved. Accordingly, medical equipment and laboratory reagents needed for early detection of NCDs were provided to primary and secondary health care settings, despite some challenges in the implementation of the project. As result of the project implementation, increased public awareness on NCDs, and attitude change were considered as the biggest changes.

Conclusion: The health project was considered as successful to provide knowledge on the best practice in NCD prevention.

Keywords: health project, non-communicable diseases, preventive activity, focus group discussion
Pp.44-47, References 7

Үндэслэл:

Дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх 5 шалтгааны нэг нь халдварт бус өвчин тодруулбал зүрх судасны тогтолцооны өвчин бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор 2008 онд 17.3 сая хүн уг өвчнөөр нас барсан бол 2030 он гэхэд 26.3 сая хүн нас барах ба эдгээрийн 80% нь бага болон дунд орлоготой улс орнуудад тохиолдоно [1].

Манай улсын хувьд ХБӨ-ний түвшин хөгжингүй орнуудтай харьцуулахад онцгой өндөр байгаа юм. тодруулбал зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар, осол гэмтэл нь нас баралтын тэргүүлэх шалтгаан болсоор байна. Нас баралтын шалтгаанд зүрх судасны  тогтолцооны өвчин 2000 онд 34.0%-ийг эзэлжбайсан бол 2010 онд 37.7% болж ихэссэн байна [2]. Ялангуяа 35-55 насны хөдөлмөрийн чадвартай иргэд илүүтэй өртөж, хувь хүн, гэр бүлд төдийгүй улс орны эдийн засагт ч сөргөөр нөлөөлж байгаа юм [3]. 

Монголын Мянганы Сорилтын Сангийн (ММСС) Эрүүл мэндийн төслийн хэтийн зорилго бол халдварт бус өвчин болон зам тээврийн осол гэмтлийн улмаас үүссэн нас баралт, өвчлөлийг бууруулахад оршино [4]. Төслийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд “ХБӨ-өөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийг дэмжихийн зэрэгцээ ХБӨОГ-ээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэх урт болон богино хугацааны зорилгыг амжилттай хэрэгжүүлснээр ард иргэдийн эрүүл наслалтыг уртасгаж, улмаар улс орны эдийн засгийн өсөлтөд мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлэх болно [5] гэж үзсэн байна. Тиймээс 2011-2012 онд хэрэгжсэн МСС-ийн санхүүжилттэй эрүүл мэндийн төслийн хэрэгжилт, зохицуулалттай холбоотой бий болсон туршлага, санал бодлыг судлах хэрэгцээтэй байв.

Зорилго:

ХБӨ-өөс урьдчилан сэргйилэх эрүүл мэндийн төслийн хэрэгжилтийн байдлыг эмнэлгийн мэргэжилтний үүднээс үнэлж, цаашид сайжруулах арга замыг тодорхойлохыг зорилоо.

Арга зүй:

Бид 2013 оны 3-4-р сард эрүүл мэндийн анхдагч ба хоёрдогч шатлалын тусламж үйлчилгээний байгууллагад нийт 17 үүнээс хотод 6, хөдөө орон нутагт 11 удаагийн фокус бүлгийн ярилцлага хийсэн. Хоёрдогч шатлалын тусламж үйлчилгээг төлөөлж, аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд 7 ярилцлагыг, анхдагч шатлалын тусламж үйлчилгээг төлөөлж, сумын эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвд 10 ярилцлагыг тус тус хийлээ. Ярилцлагад нийт 128 оролцогчийг зорилтот түүврийн аргаар хамруулав. Сум, өрхийн эмнэлэгт ярилцлага  хийхдээ өрхийн эмч, өрхийн сувилагч, бага эмч нарыг оролцуулан нийт 4-6 хүний бүрэлдхүүнтэй ярилцлага хийсэн. Харин аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд нийгмийн эрүүл мэнд болон эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, чанарын менежер, дотрын эмч, зүрх судасны эмч, сувилагч, хавдарын эмч сувилагч, дотоод шүүрлийн булчирхайн эмч, сувилагч, эс судлаач эмч, сувилагч нарын бүрэлдэхүүнтэй, нэг бүлэгт дунджаар 8-10 эмнэлгийн мэргэжилтэн оролцсон.

Фокус бүлгийн ярилцлага нь нэг зэрэг олон оролцогчдын санаа бодол, хандлагыг судлахад оновчтой арга бөгөөд эмнэлгийн мэргэжилтний багийн үйл ажиллагаа, явцыг ойлгох боломжийг хамт олгодог [6]. Бид МСС-ийн Эрүүл мэндийн төслийн хэрэгжилт, зохицуулалттай холбоотой бий болсон туршлага, санал бодлыг эрүүл мэндийн ажилтнуудын үүднээс үнэлж, тодорхойлов. Ярилцлагыг фацилитатор хөтлөн явуулж, тэмдэглэл хөтлөгч бүлгийн явц болон ярилцлагын тэмдэглэлийг хөтлөв.

Үрдүн:

Амжилттай хэрэгжсэн үйл ажиллагаа:

Судалгаанд оролцсон эмнэлгийн мэргэжилтнүүд МСС-ийн эрүүл мэндийн төслийн үйл ажиллагааг сайн хэрэгжиж, үр дүнгээ өгсөн гэж үзэж байна. Судалгаанд оролцогчид нь төслийн хүрээнд хамгийн сайн хэрэгжсэн үйл ажиллагааг эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт гэж онцолж байна. Төслийн хүрээнд зохион байгуулсан сургагч багш бэлтгэх сургалт их дүнтэй явагдсан нь хот, хөдөө, тусламж үйлчилгээний шатлалын мэргэжилтнүүдийн хувьд ижил байв. Хүний нөөцийг бэлтгэх мэргэшүүлэх сургалт үр дүнтэй (ФБ6, ФБ8), чанартай ФБ 4) хамрагдалт сайтай (ФБ6), бэлтгэсэн боловсон хүчин сайн (ФБ4) байсан гэж дүгнэж байна.

МСС-ийн эрүүл мэндийн төслийн нэг томоохон үйл ажиллагаа бол хөх, умайн хүзүүний хавдар, артерийн гипертензи, чихрийн шижингийн эрт илрүүлгийн үзлэг байсан бөгөөд эдгээр нь өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нилээд эрчимтэй явагдаж, 2-р шатлалд шилжүүлэх, хяналтанд оруулах байдлаар явагдаж байсан. 

Судалгаанд оролцогч эмнэлгийн мэргэжилтнүүд нийт илрүүлэг үзлэгийг хангалттай сайн хийгдсэн (ФБ10), чанартай хэрэгжсэн (ФБ4) гэж дүгнэж байгаа ба эдгээр үзлэгээс хамгийн их үр дүн, хамрагдалт сайтай явагдсан нь умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг гэж дийлэнх нь үзэж байна.

Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг үзлэг маш сайн хийгдэж байна. Эрүүл мэндийн газраас нэг өрхийн эрүүл мэндийн төв сард хэдэн хүн шинжилгээнд хамруулсан байхыг тодорхой заасан,  шаардсан учраас сайн хэрэгжиж байна. (ФБ15, Аймгийн ӨЭМТ, сувилагч)

Аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ болон дүүргийн ЭМН-д чихрийн шижингийн үзлэг хамгийн үр дүнтэй явагдсан гэж үзэж байна. Харин анхдагч шатлалын тусламж үйлчилгээнийн байгууллага буюу өрх, сумын эмнэлгийн хувьд артерийн гипертензийн илрүүлэг нь хамгийн сайн хэрэгжсэн гэж үзэж байна. 

2012 онд 60 хүн ЧШ шинээр оношлогдсон. Өрх, сумын эмнэлэг дээр ямар шинжилгээ хийгдэх, аймгийн эмнэлэг дээр ямар шинжилгээ хийгдэх гэдэг ялгаа заагийг сайн гаргаж өгсөн. Бид нарт нарийн мэргэжлийн үйлчилгээ авах хүмүүс л илүү ханддаг.(ФБ3, БОЭТ-ийн Дотоод шүүрлийн булчирхайн эмч).

Мөн төслийн хүрээнд боловсруулсан чихрийн шижин, артерийн гипертензийн эмнэлзүйн удирдамж нь сайн боловсруулагдсан (ФБ4), өдөр тутам хэрэглэгдэж, зөвлөгөө өгөх (ФБ9) зэрэг өдөр тутмын үйл ажиллагаанд үр дүнгээ өгсөн (ФБ7) гэж үзэж байна.

Эмнэл зүйн удирдамж бидэнд өдөр тутмын гарын авлага болж байсан, хүмүүст зөвлөгөө өгөхөд чухал байсан. (ФБ9, Аймгийн ӨЭМТ)

Төслийн хугацаанд багаж тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, хангалт сайн байсныг (ФБ1) судалгаанд оролцсон мэргэжилтнүүд өгүүлж байв. Энэ нь өвчнийг эрт илрүүлэхэд хувь нэмрээ оруулсан (ФБ4) гэж үзэж байна. 

Тааруухан хэрэгжсэн үйл ажиллагаа:

Төслийн хугацаанд 2-р шатлалын эмнэлэг үйлчлүүлэгчийн сэжигтэй гарсан шинжилгээнд үндэслэн анхан шатны эмнэлэг рүү холбогдож, үйлчлүүлэгчийн дууддаг байна. Төслийн хүрээнд эргэн дуудах тогтолцооны явц доголдож байсныг олон оролцогч нар дурьдаж байв. Эргэн дуудах тогтолцооны доголдол хоёрдугаар шатлалын түвшинд илүү тохиолдсон байна. Үүнийг шалтгааныг нэгдүгээрт, программ хангамж  ь сайн ажиллахгүй байсан, хоёрдугаарт, нь өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа сургагдсан эмч нар тогтвор суурьшилтай ажиллахгүйгээс байнга солигдож байгаатай холбож тайлбарлаж байв.

Эргэн дуудах тогтолцоо шаардлага хангахгүй байгаа. Программ ер нь шаардлага хангахгүй байгаа. Бид нар бол утсаар юмуу мэссэнжэрээр ӨЭМТ-үүддээ хариугаа өгдөг. (ФБ3, БОЭТ-ийн Хавдар бүртгэгч)

Мөн эргэн дуудах тогтолцооны нэг чухал зүйл бол иргэдийн идэвхтэй оролцоо байдаг. Гэтэл иргэд дуудаад ч хяналтад ирдэггүй тохиолдол их байдаг гэж үзэж байв.  Сургалтын хувьд хугацаа хэт богино (ФБ11), бүх хүн хамрагдаж чадаагүй нь дутагдалтай тал байсныг фокус бүлгийн ярилцлагад оролцогчид өгүүлж байна.

Бэрхшээл: “Төслийн хэрэгжилтийн явцад хамгийн их бэрхшээлтэй зүйл нь юу байсан бэ” гэсэн асуултад ажлын ачаалал, цаг хугацааны шахуу байдал гэж хөдөөгийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд хариулж байв.

Хүн ам тархай бутархай суудаг учир цаг хугацаа хүрэлцдэггүй. Явуулын багийн унаа дуудлагатай давхцаад урьдчилан сэргийлэлтэд явж чаддаггүй (ФБ10, Сумын ЭМТ).

Ачаалал ихтэй ажиллаж байгаагийн хажуугаар дараагийн бэрхшээлийг иргэдийн хамрагдалт гэж үзэж байна. Энэ нь хот, хөдөөгийн фокус бүлгийн хувьд адил байна.

Гарсан өөрчлөлт: МСС-ийн Эрүүл мэндийн төслийн үр дүнд гарсан хамгийн том өөрчлөлтийг иргэд, олон нийтийн ХБӨ-ий талаарх мэдлэг нэмэгдэж, эрүүл мэнддээ тавих хандлагад гарсан өөрчлөлт гэж эмч, мэргэжилтнүүд үзэж байна. Энэ нь сургалт, мэдээлэл сурталчилгаа сайн байсантай холбож, иргэдийн үзлэг шинжилгээнд хамрагдаж  буй байдал, өөртөө тавих анхаарал, тэдний зан үйлээр тайлбарлаж байв. Тухайлбал: 

Хавдрын тухай сигналыг ард иргэдэд мэдрүүлж өгсөн, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд ач холбогдол өгдөг болсон. Таргалалтын талаар эрсдэл, хүндрэлийн талаар ойлгодог болсон (ФБ14, Сумын ЭМТ).

Дараагийн хамгийн том өөрчлөлтөнд эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар нэмэгдсэн байдал орж байна. Эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн чадавхи нэмэгдэж, багаж тоног төхөөрөмжөөр хангагдсанаар байгууллагын хүчин чадал сайжирсан гэж дүгнэж байв. Төслийн явцад оношлогоо сайжирсан нь хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжийг нэмэгдүүлсэн гэж эмч, мэргэжилтнүүд дүгнэж байв.

Умайн хүзүүний 1000 гаруй хүнээс л гэхэд 140 гаруй нь өөрчлөлттэй гарчихаад байна. Тэгэхээр эмэгтэйчүүдийн дотор 100 хүний 10-д л ямар нэгэн өөрчлөлт  байдаг юм байна гэж үзэхээр 5,10 жилийн дараа хавдрын эцсийн шатанд орчих байсан хүмүүсийг бид нар 3,5,7 жилийн өмнө илрүүлж эрүүл болгож байна (ФБ5, Аймгийн нэгдсэн эмнэлэг).

Эрүүл мэндийн төслийн хэрэгжилтийг цаашид сайжруулах талаар: Эмч,

мэргэжилтнүүдийн хамгийн их санал болгож байгаа зүйлсийг эрэмблэхэд мэргэжилтнүүдийн давтан сургалт болон бусад мэргэжилтнүүдийг, тухайлбал нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сувилагч, бага эмч нараас гадна хамтран ажилладаг сургуулийн эмч, сайн дурын идэвхтнүүдийг сургахыг илүү их чухалчилж байв. Ялангуяа хоёрдогч шатлалын эмч, мэргэжилтнүүд хүний нөөцийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжөөр хангах явдлыг их санал болгож байна. Дараагийн хамгийн их давтагдаж байгаа санал бол иргэдийн хариуцлагыг өндөржүүлж, тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх явдал гэж үзэж байна. Энэ боловсролыг хүүхэд  байхаас олгох, сургуулийн эрүүл мэндийн хичээлээр дамжуулан олгох, үүний тулд мэргэжлийн багшаар заалгах, сургуулийн эмч нарыг энэ чиглэлээр илүү ажиллахыг санал болгож байв.

Тогтвортой байдал: Төслөөс гарсан үр дүн, амжилтаа хэрхэн тогтвортой үргэжлүүлэх вэ гэдэг асуултад удирдлага аргазүй, тодорхой мэдлэг, шаардлагатай материалаар хангагдсан, үргэлжлүүлэх бололцоотой гэж байгаа ч ихэнх байгууллагын хувьд төсөв санхүүгийн байдал, багаж тоног төхөөрөмж, эм урвалж, шинжилгээний материалын хангалтаас ихээхэн хамаарна гэж үзэж байна.

Хэлцэмж:

Эрүүл мэдийн байгууллагад суурилсан үр нөлөөг үнэлэх суурь судалгааны үр дүнд хүн амын эрүүл мэндийн боловсрол хангалтгүй улмаас урьдчилан сэргийлэлтийн үйл  ажиллагаанд гарч буй нэг бэрхшээл гэж үзэж байгаа [4] нь суурь судалгааны үр дүнтэй ижил байгаа ч МСС-ийн эрүүл мэндийн төслийн сурталчилгаа, үйл ажиллагааны үр дүнд хүн амын ХБӨ-ийн талаарх ойлголт мэдлэг нэмэгдсэн гэж үзэж байна. Судалгааны үр дүнд хангалттай төсөв санхүүжилт, хүний нөөцийн зохих хуваарилалт, багаж тоног төхөөрөмж дутагдалтай байна гэж гарсан нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2010 оны “Халдварт бус өвчний хяналт ба урьдчилан сэргийлэлтийн үндэсний хэмжээний үнэлгээний тайлан”-нд олон орнууд ХБӨ-нд хамааралтай салбар бүтэц болон санхүүжилт, хүн хүч нь дутагдалтай байдаг [7] гэж дүгнэсэнтэй ойролцоо байв. Эцэст нь тэмдэглэхэд байгууллагад суурилсан үр нөлөөг үнэлэх судалгаа ховор байсан тул харьцуулах ижил судалгаа хомс байлаа.

Дүгнэлт:

  1. МСС-ийн Эрүүл мэндийн төсөл нь ХБӨ- ий урьдчилан сэргийлэлтийг явуулах үйл ажиллагааны сайн туршлага болсон байна. 
  2. Энэ төслийн үр дүнд, шат дараалсан сургалт, боловсруулсан удирдамж, гарын авлагын хүрээнд эмч, мэргэжилтнүүд ХБӨ- ийн талаарх мэдлэг, туршлагын хувьд чадавхжиж, багаж тоног төхөөрөмжийн хангалт сайжирсан байна. 
  3. ХБӨ-өөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах, тогтвортой үргэжлүүлэхийн тулд хангалттай төсөв, санхүүжилт, хүний нөөцийн зохих хуваарилалт, багаж тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах хэрэгтэй юм.
Ном зүй

1. World Health Organization. Fact sheet on CVDs, #317 September 2011; Хүлээн авах холбоос: http://who.int/mediacentre/factsheets/fs317/en/index.html
2. ЭМЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл Мэндийн Газар. Эрүүл Мэндийн үзүүлэлт 2010. Улаанбаатар хот, 2011
3. Монголын Мянганы Сорилтын Сан. Монголын Мянганы Сорилтын Сан Эрүүл мэндийн төслийн 2008-2010 оны ажлын тайлан. Улаанбаатар хот, 2011
4. Millennium Challenge Account Mongolia, School of Public Health, Health Science University of Mongolia. Facility Based Impact Study (FBIS) Unpublished Report. Ulaanbaatar, 2011
5. Монголын Мянганы Сорилтын Сан. Монголын Мянганы Сорилтын Сан Эрүүл мэндийн төслийн 2011 оны ажлын тайлан. Улаанбаатар хот, 2012
6. Sim, J. Collecting and analyzing qualitative data: Issues raised by the focus group. Journal of Advanced Nursing,1998, 28(2), 345-352. doi:10.1046/j.1 365-2648.1998.00692.x
7. World health organization. Assessing national capacity for the prevention and control of noncommunicable diseases: report of the 2010 global survey. 2010
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ц.Мухар


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1789
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК