Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 4(166)
Эрүүл мэндийн судалгааны ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Б.Оргил

“АЧ” АУДС

 
Абстракт

Recently, we had participated in the International Workshop on IT solutions for Health Research Governance and Management, which held in Ha Noi, Viet Nam. The WHO Regional Office for the Western Pacific has led and supported the development and implementation of integrated IT-based health research management systems in Cambodia,  Fiji, the Lao People’s Democratic Republic, Mongolia, the Philippines, and Viet Nam. The workshop is proposed for these 6 countries to share experiences and to explore next steps to achieve sustainable IT-based solutions in health research governance and management. During this workshop we – all participants actively discussed about that how IT can facilitate better and more efficient health research and how to improve research governance and management in each country.

Depending on challenges in these fields for Mongolia we all, especially all health science organizations and whole researchers should be thinking seriously about next issues:  1) To improve a collaboration between health research organization and medical practical organization; especially to increase a laboratory technical and technological levels and quality of analyses; in this field should be given more attention from two sides (science and practical sides); 2) To give an attention on improvement of theoretical knowledge and research skills for young doctors and young researchers, regularly; 3) To improve a processes related to improvement of research theme, methodology and involvement of researchers to research projects; 4) To give emphasis on problems related to the clinical trials and ethical issues, previously; 5) To give a more attention on detailed planning o f any research work and monitoring, auditing it’s implementations; 6) Most important is documentation or reporting and approvals of any health research work’s results; for this to use of IT solutions, widely; 7) For these goals: a) to improve “MongolMed” online system and increase it’s regular using; b) to build “The Mongolian Health Research Portal”, immediately. Because, today throughout have been needed in emerged development of evidence-based medical practice, but in our country has been continued a health research-medical practice gap.

Pp.48-51, References 13.

Саяхан Вьетнам улсын нийслэл Ханой хотод ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүс (НДБЭБ)-ийн шугамаар зохиогдсон “Эрүүл мэндийн судалгааны сайн засаглал ба менежментэд мэдээллийн технологийн шийдлүүдийн ач холбогдол” сэдэвт олон улсын семинар болсон ба уг семинарт Вьетнам, Камбожи, Лаос, Монгол, Фижи, Филиппин гэсэн 6 улсын төлөөлөгчид болон ДЭМБ-ын зарим экспертүүд оролцсон. Семинарт оролцогсдод зориулан ДЭМБ-ын НДБЭБ-ийн Анагаах ухааны эрдэм судлалын асуудал хариуцсан зөвлөх мэргэжилтэн тус бүсийн улс орнуудын өмнө эрүүл мэндийн судалгааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх талд тулгамдаж буй асуудлуудын талаар маш чухал мэдээлэл (11) хийсэн ба уг семинарт оролцогч 6 орны төлөөлөгчид энэ чиглэлээр өөр өөрсдийн улсад олж буй ололт амжилт, туршлага болон шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлын талаар (3, 4, 9, 10) тодорхой ярьцгааж, “Цаашид яавал зохилтой вэ?” гэсэн асуудлын хүрээнд санал солилцоцгоосон билээ. 

Тэрхүү семинарийн үеэр олж авсан мэдээлэл, бусад улс орнуудын туршлага ба сургамж (9, 12, 13), мөн түрүүн нь өөртөө агуулж ирсэн зарим санаа бодол зэрэгт тулгуурлан, эрүүл мэнд, анагаах ухааны асуудлаар судалгаа шинжилгээний ажил гардан гүйцэтгэдэг мэргэжил нэгт нөхөддөө хандаж, дараахь хэдэн саналыг дэвшүүлэхээр зорьсоныг минь хүлээн авна байх хэмээн найднам. Ер нь орчин үед мэдээллийн технологийн дэвшлийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлснээр, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран чанартай, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх боломж бүрдсээр байна (1). Тэр тусмаа хүн ам нь таруу байршилтай, өргөн уудам нутагтай, манай улсын хувьд эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийг нэвтрүүлэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх нь хамгийн оновчтой хэлбэр юм (2).

Манай улсад цөөнгүй жилийн турш эрүүл мэнд, анагаах ухааны тухай тухайн үеийн тулгамдсан асуудлаар судалгаа шинжилгээний ажил хийгдэж ирсэн ба өнөөгийн өндөрлөгөөс харахад, чамлахааргүй амжилт олж, мэдлэг чадвар сайтай олон эрдэмтэн төрж гарсан гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Нөгөөтэйгүүр, манай анагаах ухааны салбарын эрдэмтдийн олон судалгааны үр дүн эрүүлийг хамгаалахын практикт нэвтэрч, оношлогоо-эмчилгээ-урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд зохих тус нэмэр болсоор байгаа нь маргаангүй хэрэг.

Гэхдээ, Монгол дахь эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлийн эрдэм судлалын ажлын түвшин, чанар, үр дүнг улам бүр дээшлүүлж, практикийн үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлага оршсоор, тулгамдсан чухал асуудал болсоор байна. Нэн ялангуяа эрдэм судлалын ажлыг дагнан эрхэлж байгаа эрдэмтэд, залуу судлаачид энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, өдөр тутмын үндсэн үүрэгт ажлынхаа хажуугаар судалгаа шинжилгээ явуулдаг нөхөддөө  жинхэнэ ёсоор үлгэр дууриал үзүүлдэг болмоор байна. Түүнчлэн эрдэм шинжилгээний болон практикийн байгууллагуудын хоорондох хамтач үйл ажиллагааг хөгжлийн шинэ шатанд гаргууштай санагддаг билээ. Ялангуяа судалгааны ажлын чухал нэгэн бааз болсон лабораториудын тоог нэмэгдүүлэх, техник-урвалж бодисуудынх нь хангамжийг сайжруулах, өндөр хөгжилтэй орнуудад маш үр дүнтэй болох нь лавтайяа нотлогдсон шинжилгээний шинэхэн, дэвшилтэт аргуудыг нэвтрүүлэх замаар  лабораторийн техник-технологийнх нь түвшинг дээшлүүлэхэд тал талаасаа нэлээд идэвхи, санаачилга гаргаж ажилламаар байна. Хөрөнгө мөнгөтэй холбогдох асуудлын үндэслэл, тооцоог сайтар гаргаж, төр засгийн холбогдох дээд шатны байгууллагад цаг алдалгүй тавьж, шийдүүлдэг болмоор байна. Эрдэм шинжилгээний ажил хийх үнэнхүү дур сонирхолтой залуу эмч, багш, судлаачдыг зориуд сонгон шалгаруулж, харилцан үүрэг хариуцлага хүлээхүйц тодорхой хугацааны гэрээний үндсэн дээр гадаадын хөгжингүй орнуудад явуулан суралцуулж, эргээд ирэхээр нь тодорхой ажлын байран дээр тогтвор суурьшилтай бөгөөд үр бүтээлтэй ажиллуулдаг зарчмыг  тууштай мөрддөг болмоор байна. Ер нь ахмад эрдэмтэд, судлаачдын залгамж холбоог бэхжүүлэх, ахмаддунд- залуу үеийн судлаачдын хамтын бүтээлч ажиллагааг жинхэнэ ёсоор нь хөгжүүлэхэд чухалчилан анхаарууштай билээ.

Шинээр судалгааны ажлын сэдэв сонгох, аргачилал батлуулах, Шинжлэх ухаан технологийн сангийн болон Олон улсын байгууллагын, мөн гадаадын тодорхой орны хамтарсан судалгааны төсөлд үндэсний судлаачдыг системтэйгээр хамруулах зэрэг асуудалд манай улсын холбогдох яам, газрууд ажил хэрэгчээр, зарчимтай ханддаг болмоор байна. Ний нуугүй хэлэхэд, эрх мэдэл бүхий зарим удирдах албан тушаалтан “арын хаалга”, зөвхөн “найз нөхдийн” үүднээс асуудалд хандаж, ямар ч үр дүн гаргалгүйгээр судалгааны төслийн хөрөнгө мөнгийг хувааж завших нэн таагүй үзэгдэл гаргасаар байх бололтой. Тийм базаахгүй тохиолдлоос болж, Олон улсын зарим байгууллага болон гадаадын судлаачдын өмнө манай орны нэр хүнд унах тухай асуудал ч мэр сэр сонсогддог.

Өөр нэгэн чухал зүйл бол аливаа судалгаа шинжилгээний ажлыг явуулахад ёс зүйн холбогдол бүхий асуудал хир зэрэг хөндөгдөх, тэрхүү ажлын явцад ямар нэгэн эрсдэл  гарч болох эсэх тухай асуудал юм. Ялангуяа эмнэлзүйн анагаах ухааны чиглэлийн зарим судалгааны явцад хүн дээр зайлшгүй туршилт хийх шаардлага гардаг бөгөөд түүний явцад ёс зүйн асуудал тулгарах нь олонтоо байхын дээр, элдэв эрсдэл гарахыг үгүйсгэхийн аргагүй байдаг. Иймд судлаач бүхэн аливаа судалгаа шинжилгээний ажлыг эхлэхээсээ өмнө урьдчилан сайтар бодож, эрэгцүүлсний үндсэн дээр хөндөгдөж болзошгүй ёс зүйн асуудал  ба гарч болзошгүй эрсдэлтэй холбогдох асуудлуудыг нарийн тооцож, мөрдөгдөж байгаа дүрэм журмын дагуу зохих байгууллагад асуудлаа тавьж, шийдвэр гаргуулдаг байх ёстой. ЭМЯ-ны дэргэдэх Ёс зүйн хяналтын хороонд анагаахын чиглэлийн эрдэм шинжилгээний байгууллага болон судлаачдаас холбогдох материалаа ирүүлж байгаа өнөөгийн практикаас харахад: зарим тохиолдолд тухайн судалгааны ажил эхлээд нэлээд хугацаа өнгөрчихсөн байх; эсвэл тухайн судалгаа шинжилгээний хамгийн эрсдэлтэй үйлдлийг гардан гүйцэтгэх мэргэжилтнээ сургаж бэлтгээгүй байх; эсвэл хамтран ажиллах гадаадын мэргэжилтнүүдтэйгээ нарийн зөвшилцсөн гэрээ хэлэлцээ хийгээгүй байх; эсвэл тухайн судалгааны ажлынхаа санхүүжилтийн урьдчилсан тооцоог хийж төлөвлөөгүй байх юмуу зарим тохиолдолд санхүүжилтийнхээ эх үүсвэрийг олоогүй байх гэх мэтийн бэрхшээлтэй буюу шийдвэр гаргахад түвэгтэй асуудлууд тулгарсаар байна.

Анхаарал хандуулбал зохих дараачийн чухал асуудал бол судалгаа шинжилгээний ажлын оновчтой төлөвлөлт мөн бөгөөд ялангуяа хугацаа, графикийн хувьд сайтар  бодолцож төлөвлөх, нэгэнт төлөвлөчихсөн бол, ажлаа хугацаандаа багтаадаг байх ёстой. Зарим судлаачдын хувьд судалгаа шинжилгээнийхээ ажлын хугацаа графикт ач холбогдол өхгүй явж байгаад гэнэт сандралд орж, нэгэнт хугацаанаасаа хоцрох болоод ирэхээр, “довтолгох” байдлаар асуудалд хандаж, эцсийн дүнд чанаргүй “бүтээгдэхүүн” гаргахад хүрдэг ба зарим тохиолдолд бүр хуурамч “мэдээлэл” цуглуулах, худал үнэлгээ дүгнэлт гаргадаг ч тал бий. Иймд аливаа судалгааны ажлын явц, гүйцэтгэлд тавих хяналтыг тогтмолжуулан сайжруулах шаардлагатай билээ. Тэр тусмаа аливаа судалгааны ажлыг санхүүжүүлж буй байгууллага, аж ахуйн нэгжийн зүгээс  тавих хяналтыг чангатгаж, хэрэв төлөвлөсөн хугацаа графикаас хожимдвол, санхүүжилтийг нь тодорхой хувиар хасч олгодог байх талаар гэрээндээ тусган мөрддөг байгууштай. Ер нь эрүүл мэндийн судалгааны ажлын чанар, үр дүнгийн талаар явуулах аудитын хяналтын давтамжийг нэмэгдүүлж, чанарыг нь сайжруулах талд холбогдох байгууллагууд нэлээд анхаарах шаардлагатай.

Дараачийн бодууштай асуудал бол аливаа судалгааны ажлын завсрын болон урьдчилсан үр дүнгийн талаархи явцын хэлэлцүүлэг юм. Энэ талаар эртнээс бодон төлөвлөж, судалгааны сэдэв, аргачилал батлуулах үедээ холбогдох баримт бичигт тодорхой тусгадаг байгууштай. Тэгээд төлөвлөсөн хугацаа графикийн дагуу явцын хэлэлцүүлгийг ажил хэрэгчээр хийж, тэндээс гарсан санал шүүмжийг судалгааныхаа дараачийн үе шатны ажилд харгалзан үздэг байхын дээр, зарчмын чухал ач холбогдол бүхий санал, зөвлөмжүүдийг судалгааны эцсийн үр дүнд тусгаж хэвшүүштэй билээ. Мэдээж, нэгэнт хийж гүйцэтгэсэн судалгааны ажлыг зохих дүрэм журмын дагуу баримтжуулан, баталгаажуулахад онцгой анхаарах учиртай. Баримтжуулан баталгаажуулах асуудалд хэрхэн хандаж, яаж гүйцэтгэснээс уг судалгааны ажлын цаашдын хувь заяа буюу амьдрал практикт хэрхэн нэвтэрч, ямар үр нөлөө үзүүлж чадах эсэх нь шууд шалтгаалах болно. Нөгөөтэйгүүр, аливаа судалгаа шинжилгээний  ажилд, түүний дотор эрүүл мэнд, анагаахын чиглэлийн эрдэм шинжилгээний ажлын менежментийг сайжруулахад мэдээллийн технологийн шийдэл, тэр талаар гарч буй дэвшлийг өргөн ашиглах шаардлага чухлаар тавигдсаар байгаа (1, 2, 5) одоо үед эрдэм шинжилгээний байгууллага бүхэн, эрдэм судлалын ажил эрхэлдэг хүн бүр судалгаа шинжилгээнийхээ ажлыг орчин цагийн шаардлаганд нийцүүлэн баримтжуулахгүйгээр цаашаа алхах боломжгүй болж, мухардалд хүрэхээр байна. Тэр тусмаа нотолгоонд  тулгуурласан анагаах ухааны практикийг хөгжүүлэх асуудал хааяагүй эрчимтэй яригдаж, улмаар амьдралд амжилттай хэрэгжиж байгаа (6, 7, 8) орчин үед эрдэм судлалын ажлын үр дүнг баримтжуулан, баталгаажуулах явдал улам бүр өндөр ач холбогдолтой болсоор байна. Гэтэл, манай өнөөгийн нөхцөлд судалгаа ба практикийн хоорондох зай завсар хангалттай хэмжээгээр багасч чадахгүй, нотолгоонд тулгуурлаагүй шийдвэр гаргалт болон бүдүүн таамаг маягийн практик үйл ажиллагаа үргэлжлэн явагдсаар байгааг хаа хаанаа анхаарах учиртай билээ.

Хэдийгээр манай улсад эрүүл мэндийн мэдээллийн тогтолцооны дэд бүтэц, мэдээллийн урсгал тодорхой хэмжээгээр бүрдсэн боловч салбарын хэмжээний нэгдсэн online систем бий болоогүйгээс мэдээллийг цаг алдалгүй боловсруулж, мэдээлэх, дүгнэх асуудал дутагдалтай байна (1, 2). Иймд давын өмнө эрүүл мэнд, анагаахын чиглэлийн  эрдэм шинжилгээний байгууллага бүхэн өдөр тутмын үйл ажиллагаандаа электрон мэдээллийн аргыг өргөн нэвтрүүлж, өөрийн веб хуудас (web site)-тай болж, түүнийгээ байнга баяжуулан сайжруулж байх шаардлагатай. Үндэсний түвшинд нэгэнт буй болгосон “MongolMed” online системийг (4) улам бүр боловсронгуй болгон өргөжүүлж, юуны түрүүнд эрүүл мэнд, анагаахын чиглэлээр эрдэм судлалын ажил хийдэг хүн бүрт нээлттэй, хүртээлтэй болгох нь зүйтэй болов уу. Цаашид бусад улс орнуудын туршлага (3, 8, 9)-д тулгуурлан, Эрүүл мэндийн судалгааны үндэсний хэмжээний портал (The Mongolian Health Research Portal) буюу гол орцтой болох шаардлага тулгарчихаад байгаад хаа хаанаа зохих ёсоор анхаарал хандуулж, түүнийг бодит ажил хэрэг болгох ёстой гэж үзэж байна.

Ном зүй

1. Цахим эрүүл мэнд стратеги (2010-2014). ЭМЯ, УБ., 2009
2. Энхболд С., Жаргалсайхан Д., Гончигсүрэн Д., Хүрэлбаатар Н., Чимэдсүрэн О. Эрүүл мэндийн мэдээллийн тогтолцооны өнөөгийн байдал. Монголын Анагаах Ухаан, 2012, № 2, 47-51 дэх тал
3. Adoption of Online Health Research Management System in Lao PDR (Presentation on The International Workshop on IT Solutions for Health Research Governance
and Management. Hanoi, Vietnam, 11-12 November 2013)
4. Burmaajav B. Development of online system for Mongolian Scientific literature (MongolMed): process, challenges, benefits and use, sustainability and way forward (Presentation on The International Workshop. Hanoi, Vietnam, 11-12 November 2013)
5. CIOMS Working Group Report. Management of Safety Information from Clinical Trials. Geneva, 2005
6. Evidence-Based Practice. A Critical Appraisal. Edited by Liz Trinder with Shirley Reynolds. Blackwell Science, Oxford, 2001
7. Handbook for good clinical research practice. Guidance for implementation. WHO, 2005. (Printed in France)
8. Handbook: Good laboratory practice: Quality practices for regulated nonclinical research and development. Geneva, 2001
9. Implementing a unified health research management system in a large country: potential benefits, issue and challenges in use of IT solutions in Philippines (Presentation on The International Workshop. Hanoi, Vietnam, 11-12 November 2013)
10. Increasing access to health research outputs and improving research management in Cambodia: experience, issues and progress made (Presentation on The International Workshop. Hanoi, Vietnam, 11-12 November 2013)
11. Manju Rani, WPRO. Issues/challenges in Health Research Systems and potential role of IT solutions in addressing those challenges (Presentation on The International Workshop. Hanoi, Vietnam, 11-12 November 2013)
12. Reforming Health research management in Fiji with use of IT solutions: Experience, progress made, and challenges (Presentation on The International Workshop. Hanoi, Vietnam, 11-12 November 2013)
13. Use of IT solutions in improving health research management in Vietnam: current experience with Online heath research management system and other alternatives (Presentation on The International Workshop. Hanoi, Vietnam, 11-12 November 2013)
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 443
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК