Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1982, 4(44)
БНМАУ-ын хүн амын зүйн онцлог
( Судалгааны өгүүлэл )

Мо. Шагдарсүрэн

Эх нялхсын хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн

 

Хүн амын зүй, эрүүл мэндийн асуудал бол МАХН, ардын төрийн бодлого, манай орны социалист өөрчлөн байгуулалтын нэг үндсэн асуудал мөн.

Хүн амын зүй, эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтэнд хүн амын төрөлт, нас баралт, цэвэр өсөлт, эх, нялхсын эндэгдэл, дундаж наслалтын асуудал хамаарагдана.

Хувьсгалын өмнөх Монгол орны нийгэм-эдийн засгийн байдал, хүн амын боловсрол, соёл ахуй, эрүүл мэнд, төрөлт, нөхөн өсөх процесст тэр үеийн феодалын нийгмийн байгуулал, шарын шашны нөлөө, гадаад дотоодын дарлал мөлжлөг нь гүнзгий ул мөр, хор уршиг үлдээсэн билээ.

Ардын хувьсгалын өмнөх Монгол оронд шинжлэх ухааны эмнэлгийн газар, үндэсний эмч, мэргэжилтэн байсангүй тэр үед төрсөн бүх хүүхдийн тэн хагас нь нэг хүрэлгүй эндэж, амаржсан эхийн 13,2 хувь нь нас барж байв. ,

Нас баралт өндөр, төрөлт бага байснаас хүн амын нөхөн өсөлт зогсонги байдалд орсон бөгөөд Манжийн дарлалын үе дэх (1862—1918) 56 жилд гадаад монголын хүн ам (4,5%-иар) хорогдож, гадаадын зарим судлаачид тэр үеийн Монголыг „Мөхөж байгаа үндэстэни гэж тэмдэглэж байсныг бүтээлүүддээ иш татсан байна   (1—3).

Тус улсын хүн амын төрөлт өсөлт гадаадын болон манай зарим _ судлаачдын материалаас үзэхэд өөртөө  нилээд онцлог зүй тогтолтой явагдаж байна. Ардын хувьсгалын анхны үе шат буюу 1940 он хүртэл манай орны хүн амын төрөлт доод хэмжээнд байсан нь эрдэмтдийн судалгаагаар нотлогдож байна.

Хүн амын төрөлт доод хэмжээнд байсныг тэр үеийн нийгмийн байгуулал, эдийн засгийн байдал, ангийн бүрэлдхүүнтэй холбож үзэх шаардлагатай юм. Хувьсгалын өмнөх монгол оронд 700 шахам сүм  хийдэд 115 мянган лам нар хамрагдаж байсан нь тэр үеийн 16 ба түүнээс дээш насны эрэгтэйчүүдийн 40 хувь, хөдөлмөрийн чадвар бүхий насны эрэгтэйчүүдийн 65 орчим хувийг эзэлж байжээ. [4]

1922—1937 онуудад бүх эрэгтэйчүүдийн 48,8—19,5 хувийг лам нар эзэлж байсан явдал хүн амын төрөлт өсөлтөнд муугаар нөлөөлөх гол хүчин зүйл болж байв. [5] Дээрх байдалтай уялдан хүн амын дунд тархмал байсан гоц, цочмог, нийгмийн зарим халдварт өвчнүүд хүн амын төрөлт өсөлтөнд муугаар нөлөөлөх өөр нэгэн хүчин зүйл болж байсан юм.

Тэр үед дэлхийн анагаах ухааны хөгжлөөс хол хоцрогдсон эртний монголд түвдийн ардын эмнэлэг ноёрхож байв.

Хүн амын нөхөн өсөх процесс ба эрүүл мэндийн үзүүлэлтийн динамик өөрчлөлт зүй тогтлыг зөв  тодорхойлох нь нийт улс ардын аж ахуй, түүний дотор эрүүлийг хамгаалах салбарын ойрын ба хэтийн төлөвлөгөөг боловсруулахад онцгой ач холбогдолтой билээ.

Монголын хүн амын тоо удаан хугацааны турш үнэн зөв гарч байгаагүй бөгөөд судлаачдын мэдээлсэн мэдээ, баримтууд янз бүрийн эх материал дээр үндэслэж байсны улмаас үнэн байдлаас их зөрүүтэй байв. Зөвхөн 1918 онд И. М. Майский анх удаа монголын хүн амын тооллогын мэдээг статистикийн аргаар боловсруулжээ.

БНМАУ-д социализм байгуулж, социалист эрүүлийг хамгаалах, анагаах ухаан амжилттай хөгжсөнөөр монголын ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалан бэхжүүлэх ажлыг сайжруулах үндсэн нөхцөлүүд бүрэлдэв. Тийм учраас ардын засгийн жилүүдэд хүн амын зүй, эрүүл мэндийн байдалд гарсан өөрчлөлтүүд нь зөвхөн нийгэм эрүүл ахуйн төдийгүй, нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтой болсон юм.

Ардын хувьсгал ялсны дараахь эхний жилүүдэд хүн амын тооллогыг хэд хэдэн удаа явуулсан боловч эдгээр нь тодорхой нөхцөлүүдийн улмаас учир дутагдалтай байлаа.

Хүн амын дараачийн тооллогууд (1956, 1963, 1969, 1979 онууд) манай орны социалист байгуулалтын үр дүнд бий болсон асар их өөрчлөлтийг тусган харуулав.

Хүн амын тоо, хүн амын зүй, эрүүл мэндийн нарийвчилсан судалгаа хүн амын тооллого болоход олон улсын хэмжээнд баримталж байгаа нэгдсэн аргачлалыг удирдлага болгон явуулдаг.

Эмэгтэйчүүд өөрийн амьдралын турш зөвхөн 15—49 насны хооронд хүүхэд төрүүлэх чадвартай байдаг бөгөөд жирэмслэлтийн тоо насны бүлэглэл бүхэнд харилцан адилгүй байдаг.

Хүн амын төрөлтийг нарийвчлан судлахын тулд хүн амын тухайн тооллогоор бэлэн тоологдсон төрөх чадвар бүхий насны эмэгтэйчүүд 15—49 насандаа чухам хэдэн хүүхэд төрүүлэх чадвартайг үзүүлэх Брутто коэффициент, түүний дотор хэдэн эмэгтэй хүүхэд төрөх боломжийг үзүүлэх Нетто коэффициентыг тодорхойлох шаардлагатай.

Хэрвээ 1940 он хүртэл тус улсын хүн амын төрөлт 1000 хүн ам тутамд дөнгөж 20 промилл байсан бол 1950-иад оноос эхлэн хүн амын төрөлт нэмэгдэж, өндөр төрөлтийн түвшинд хүрчээ. Хүн амын төрөлт нэмэгдэхийн зэрэгцээ ерөнхий нас баралт, эх нялхсын эндэгдэл тууштай буурч, цэвэр өсөлт эрс нэмэгдлээ.

БНМАУ-ын хүн амын тооны динамик өсөлтийг хүн амын тооллогын материалаас үзэхэд 1918 онд 647,5 мянга, 1956 онд 845,5 мянга, 1903 онд 1017,1 мянга, 1969 онд 1197,6 мянга, 1979 онд 1595,0 мянга болж тус улсын хүн ам эрчимтэй өсөж байна.

Хүн ам өсөн нэмэгдэхийн хирээр хүн амын нягтрал ихсэж байна. Хэрэв 1918 онд монголын 1 км2 дэвсгэр нутагт 0,35 хүн оршин сууж байсан бол 1956 онд 0,55, 1963 онд 0,65, 1969 онд 0,77, 1979 онд 1,02 хүн болж нэмэгдэв.

Хүн амын эрэгтэй  эмэгтэйчүүдийн тооны харьцаа хүн амын зүйн үүднээс хэвийн байдалд явагдаж байна. 1918 онд эрэгтэйчүүд 50,9 хувь  эмэгтэйчүүд 49,1 хувь байсан бол энэ үзүүлэлт 1953 онд 49,7, 50,3, 1963 онд 49,9, 50,1, 1969 онд 49,9, 50,1 1979 онд 51,2; 48,8 хувь болсон байв.

Хүн амын нөхөн өсөх процесст идэвхтэй нөлөөлөх нэг чухал хүчин зуйл болсон монгол эмэгтэйчүүдийн төрөх чадварын коэффициент өндөрсөж байгаа нь тус улсын хүн амын эрүүлжилттэй холбоотой юм.

Хүн амын төрөлт нэмэгдэхийн зэрэгцээ нас баралт тууштай буурч байгаагийн үр дүнд хүн амын цэвэр өсөлт ихсэж байна. Одоо манай орон олон улсын хүн амын зүйн үндсэн үзүүлэлт, ангилал, бүлэглэлээр дэлхийн өндөр төрөлт, цэвэр өсөлт, бага нас баралт бүхий орнуудын тоонд орж байна. Хэрвээ 1934 онд 1000 хүн амд төрөлт 14,2, нас баралт 13,4, цэвэр өсөлт 0,8 промилл байсан бол 1979 онд төрөлт 37,2, цэвэр өсөлт 27,7 промилл болж нэмэгдлээ.

Тус улсын хүн ам эрүүлжин, төрөлт, цэвэр өсөлт нэмэгдэж, нас баралт буурахын зэрэгцээ хүн амын насны бүрэлдэхүүнд асар их өөрчлөлт гарав. Хэрвээ 1918 онд хүн амын насны бүрэлдэхүүнд 0—17 хүртэлх  насны хүүхэд багачууд 35,6 хувь, 1955 онд 37,5 хувь, 1963 онд 43,2 хувь 1969 онд 49,5 хувь, 1979 онд 51,5 хувь болон нэмэгдсэнээр хүн ам ихээхэн залуужиж байна.

Тус улсын хүн амын 1979 оны тооллогын материалаар хүн амын нас хүйсний бүтцийг үзэхэд 15-аас дээш насны эмэгтэйчүүд 27,1 хувь, 15—49 насны эмэгтэйчүүд 21,2 хувь, 16 хүртэлх насны хүүхэд 46,7 хувь байв.

Хүн амын ерөнхий нас баралт, Түүний дотор нялхсын эндэгдэл тууштай буурч байгаагийн үр дүнд хүн амын дундаж наслалт нэмэгдэж байна.

Хөдөө аж ахуйг социалист ёсоор өөрчлөн байгуулах ажлыг тавиад оны эцсээр дууссаны үр дүнд нийт улс ардын аж ахуйд социалист өмч бүрэн яллаа.

Тус орныг социалист ёсоор аж үйлдвэржүүлэх зорилт амжилттай хэрэгжиж, сүүлийн 20 жилд ЗХУ, ах дүү социалист бусад орны интернационалч тусламжтайгаар 160 гаруй аж, үйлдвэрййн обьектыг барьж
байгуулан, урьд ажиллаж байсан бараг бүх фабрик, заводыг сэлбэн  Шинэтгэж., аж үйлдвэрийн Дархан, Чойбалсан, Эрдэнэт зэрэг шинэ ,төвүүдийг байгууллаа.   

Тус оронд үйлдвэрлэлтийн явцын дагуу хүн амын суурьшилт, төвлөрөлт, хотжилтын процесс идэвхтэй явагдаж байна. Үүнтэй уялдан хотын хүн амын тоо, хувийн жин тасралтгүй нэмэгдэхийн зэрэгцээ хөдөөний хүн ам суурьших хандлагатай байна. Хэрвээ 1956 оны хүн амын тооллогын үед хотын хүн амын хувийн жин 21.6 хувь байсан бол 1963 онд 40,2, 1969 онд 44,0, 1979 онд 51,2 хувь болж өсчээ. Хэрэв сүм хийдийг үл оруулан тооцвол хувьсгалын өмнөх Монголд хотын хүн ам дөнгөж 0,2 хувийг эзэлж байв.

Ардын боловсрол, эрүүлийг хамгаалах болон соёлын салбарыг хөгжүүлэх талаар ихээхэн амжилт олж, одоо 12-оос дээш насны нийт хүн амын 80 хувь нь ямар нэг боловсролтой, түүний дотор тэн хагас нь бүрэн буюу бүрэн бус дээд боловсролтой боллоо.

Социалист байгуулалтын процесс гүнзгийрэх тутам монголын нийгмийн ангийн бүтцэд гүнзгий өөрчлөлт гарч байна. Хүн амын нийгмийн бүрэлдхүүнийг тооллогын материалтай. харьцуулан үзэхэд ажилчин албан хаагчид, тэдгээрийн гэр бүлийн гишүүд 1956 онд 25,9 хувь, 1963 онд 46,5, 1969 онд 56,4, 1979 онд 61,7 хувь бодж нэмэгджээ. 1980 оны байдлаар хүн амын нийгмийн бүрэлдхүүнд ажилчид 40 гаруй хувь, албан хаагч 21,0, хоршооллосон ард 38 хувь байв.

Хөдөө нутагт социалист үйлдвэрлэлийн харилцаа ялснаас хойш баян ядуугийн ялгаа арилж, хөдөөний хөдөлмөрчид чинээлэг сайхан аж төрөх боломжтой боллоо.

Монголын хөдөө нутгийн төрх байдал хурдан өөрчлөгдөж, өнөөгийн хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуйн төв бол дотуур байртай сургууль. больниц, клуб, номын сан, хүүхдийн байгууллага, ний­гэм ахуйн үйлчилгээний газартай аж ахуй соёлын орчин үеийн суурин газрууд бий болж өргөжиж байна. Хөдөөний ард иргэдийн амьдралд цахилгаан, ахуйн техник, харилцаа холбоо, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл эрчимтэй нэвтэрсээр байна.

БНМАУ ын хүн амын зүй, эрүүл мэндийн таатай нөхцөлд дараахь хүчин зүйлүүд бодитой нөлөөг үзүүлэв. Үүнд:

Нэгдүгээрт: МАХН, ардын засгаас хүн амын зүй, эрүүл мэндийн асуудлаар явуулсан зөв мэргэн бодлого, түүнийг хэрэгжүүлэх олон талт, өргөн хүрээтэй, системтэй арга хэмжээ

Хоёрдугаарт: Манай орны социалист өөрчлөн байгуулалтын дагуу нийгэм-эдийн засаг, улс төр, соёл, боловсрол, хүмүүсийн оюун санаа, аж байдалд гарсан гүн гүнзгий өөрчлөлт;

Гуравдугаарт: Ардын эрүүлийг хамгаалах социалист систем, түүний эх нялхсыг хамгаалах боловсронгуй салбар бий болж, орчин үеийн анагаах ухаан эрчимтэй хөгжиж, хүн амын эмнэлэг үйлчилгээний хүртээмж, чанар, соёлын түвшнии дээшлэлт;

Дөрөвдүгээрт: Социализмын ууган орон ЗХУ-аас хувьсгалын ялалтын анхны өдрөөс эхлэн Монголын хөдөлмөрчин ард түмний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үзүүлсэн ах дүүгийн интернационалч өгөөмөр тусламжийн үр шим, олон зуун эмч мэргэжилтний оруулсан үнэлж баршгүй үлэмж их хувь нэмэр юм.

ЗХУ 1926 окоос эхлэн БНМАУ-ын засгийн газрын хүсэлтийн дагуу эмнэлэг ариун цэвэр, эрдэм шинжилгээний экспедицийг өөрийн хүч хөрөнгөөр удаа дараа ажиллуулж ард түмнийг эрүүлжүүлэх, шинжлэх ухааны эмнэлгийг дэлгэрүүлэх, үндэсний боловсон хүчин бэлтгэх, орон нутагт эмнэлгийн салбар байгуүлах, хүн амын өвчлөлийг судлан тогтоох, эрүүлийг хамгаалах ажлыг цаашид хөгжүүлэх чиг төлөвийг тодорхойлох, манай оронд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийг үзүүлэх, анагаах ухааны орчин үеийн ололт амжилтыг нэвтрүүлэх, социалист эрүүлийг хамгаалахын зарчмыг хэрэгжүүлэх явдалд цаг ямагт байнгын тусламж үзүүлж ирсэн ба үзүүлсээр байна.

МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю. Цэдэнбал МАХН-ын XVIII их хуралд тавьсан тайлан илтгэлд „Нам засгаас нийгэм-эдийн засаг, эрүүл энхийн өргөн хүрээтэй арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсний үр дүнд манай хүн ам эрчимтэй өссөөр байна. Ардын хувьсгал ялснаас хойш хүн ам бараг гурав дахин өсөв" гэж хүн амын эрүүлжилт, өсөлт цэцэглэлтийг дүгнэсэн юм. Дээрх байдлаас үзэхэд БНМАУ-ын хүн амын нөхөн өсөх процесс дараахь гурван онцлогтой явагдаж байна. Үүнд:

Нэгдүгээрт: Тус улсын хүн ам эрүүлжин сүүлийн 20 гаруй жилд төрөлт, цэвэр өсөлт өндөр, нас баралт бага түвшинд байна

Хоёрдугаарт: Төрөх насны эмэгтэйчүүдийн төрөх чадварын коэффициент өндөр байна.

Гуравдугаарт: Тус улсын хүн амын насны бүтцэнд хүүхэд багачуудын эзлэх хувийн жин байнга нэмэгдэж, хүн ам ихээхэн залуужиж байна.

Социалист монголын хүн ард ийнхүү эрүүлжин залуужиж, тэдний төрөлт цэвэр өсөлт нэмэгдэн, урьд нь мөхөж буй үндэстэн гэгдэж байсан Монголын ард түмэн залуужин цэцэглэж байгаа үндэстэн болж, цаашид хүн амын нөхөн өсөх процесс тогтвортой явагдах сайхан төлөвтэй байна.

Ном зүй


1. Д. Цаганху Здравоохранение*МНР. (1918—1960) дисс. канд. мед. наук. Москва. 1962.
2. Д. Ням-Осор МАХН-ны XVII их хурлын шийдвэрийг биелүүлэхэд эрүүлийг хамгаалахын зорилт „Эрүүл мэнд\" 1976. 4.
3. Мо. Шагдарсүрэн, БНМАУ-ын эх барих тусламжийн зохион байгуулалт. УБ. 1976.
4. Ч. Дондог. Ламаизм и его влияние на естественный прирост населения МНР. „Ссветское здравоохранение\" 1972. 10.
6. Р. Гүр БНМАУ-ын хүн амын төрөлт „Эрүүл мэнд\" 1964. 1
5. Ю. Цэдэнбал МАХН-ын XVIII их хуралд тавьсан Намын Төв
Хорооны тайлан, ойрын жилүүдийн зорилтын тухай илтгэл УБ 1981.
7. Ю. Цэдэнбал Монгол Ардын хувьсгалын яруу алдарт 60 жилийн ой илтгэл „Үнэн\" 1981. 166.
8. БНМАУ-ын хүн амын 1979 оны тооллогын урьдчилсан дүн „Үнэн\" 1979. 152.
9. И. М. Майский Современная Монголия. Иркутск. 1920
10. Мо. Шагдарсүрэн Эх нялхсын байгууллагын хөгжлийн үе шат,
эмнэлэг үйлчилгээний шатлалын асуудалд илтгэлийн хураангуй. УБ.1979.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1336
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК