Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Дорно дахины уламжлалт анагаах ухаан, 2011, 1(1)
Олон улсын уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн өнөөгийн байдал
( Тойм өгүүлэл )
С.Олдох1 Р.Байгалмаа2 С.Сээсрэгдорж3
 

1. ЭМШУИС. УАС.    2. Хэнтий УАУТөв   3. ЭМШУИС. УАС.

 
Абстракт
Уламжлалт анагаах ухаан олон зууны түүхтэйн зэрэгцээ эмнэл зүйн тусламж үйлчилгээний арвин баялаг туршлага хуримтлуулсан нь өнөө үед нэн чухал хэрэгцээ болж байна. Бид уламжлалт анагаахын эмнэл зүйн тусламж үйлчилгээний өнөөгийн чиг хандлагын хүрээнд авч үзэхдээ эхлээд нэршлийн асуудлыг тодруулсан юм.
Өнөөдөр олон улсын хэмжээнд уламжлалт анагаах ухаан ухааныг Traditional medicine, Oriental medicine, Complementary medicine, Alternative medicine гэх мэт олон төрөл нэрлэхийн зэрэгцээ энэ чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэгчдийг “ардын эмнэлгийн эмч”, “уламжлалт анагаах ухааны эмч”, “аллопатик бус эмч” гэх мэт янз бүрээр нэрлэж байна. Харин “Аллопатик анагаах ухаан” нэрийн дор нийтээр хэлж заншсан “орчин үеийн анагаах ухаан” (ОҮАУ)-ыг авч үздэг бөгөөд зарим номонд “өрнийн буюу барууны анагаах ухаан”, “Биоанагаах ухаан”, “Шинжлэх ухаанч анагаах ухаан” гэх мэтээр нэрлэж бичсэн байдаг.
Барууны өндөр хөгжилтэй улсуудад “комплементар анагаах ухаан” (КАУ) ба “альтернатив анагаах ухаан” (ААУ) гэсэн нэр томъёог өргөн хэрэглэдэг бөгөөд энэ нь “ардын эмнэлэг” гэсэн нэр томъёон дор хэрэглэгдэх бөгөөд аллопатик анагаах ухааны зэрэгцээ уламжлалт анагаах ухааны арга барилыг эмнэлгийн тусламжийн нэмэлт буюу туслах зүйл болгон ашиглах тухай асуудал юм. Гэхдээ зарим улс оронд “альтернатив анагаах ухаан” (ААУ)-ны эрх зүйн асуудлыг аллопатик анагаах ухааныхтай адилхан  авч үзэж өвчтөнд энэ чиглэлийн тусламж үзүүлдэг хүмүүсийг комплементар|альтернатив анагаах ухааны мэргэжилтэн хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрдөг. Дэлхий дахинд өргөн тархсан ардын болон “комплементар анагаах ухаан” ба “альтернатив анагаах ухаан”-ы системд Энэтхэгийн аюурведийн анагаах ухаан, Хятадын ардын анагаах ухаан, Хиропрактик, Гомеопати, Юнани уламжлалт анагаах ухааны чиглэл зэргийг хамааруулан авч үздэг байна.
ДЭМБ-аас уламжлалт анагаах ухааныг: “УАУ гэдэг нь хүний сайн сайхан байдлыг бататгах, эмчлэх, оношлох, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ургамал, амьтны эд эрхтэн, эрдэс давсны гаралтай эмийн бодисууд, сэтгэл заслын аргууд, түүнчлэн мэдлэг чадвар, итгэл үнэмшлийг дангаар болон хослуулан хэрэглэхийг хэлнэ” хэмээн тодорхойлжээ. Эдгээр нэршлүүдийг уламжлалт анагаах ухааны ямар тусламж үйлчилгээ үзүүлж байгаатай холбон авч үзэх нь зүйтэй байна.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1332
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК