Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2014, 1(167)
Давсны хэрэглээний талаарх Монголчуудын мэдлэг, хандлага, дадлын бүс нутгийн онцлог, тулгамдаж буй асуудал
( Судалгааны өгүүлэл )

Б.Энхтунгалаг1, Ж.Батжаргал1, О.Чимэдсүрэн2, Б.Цогзолмаа3, Жаки Вебстер4

1Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, 2Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 3Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, 4Австралийн Жорж институт

 
Абстракт

Introduction
The Government of Mongolia pays significant attention to reduce noncommunicable diseases and their risk factors. WHO Global strategy to reduce salt intake recommended to Member States to assess knowledge, attitude and practice (KAP) of the population on salt intake.

Goal
To determine KAP on salt intake was explored in relation to geographical location and its challenges. 

Material and Methods
This is a cross-sectional study that included 1,040 people with age range 25 - 64 years. The participants were randomly selected from the four economic regions - western, khangai, central and eastern regions, and Ulaanbaatar city of Mongolia. The ethical aspect of the study was reviewed and approved at a meeting of the Ethics Review Committee in the medical sector at the Ministry of health, Mongolia on July 8, 2012 by Resolution number 14.

Results
The population with no knowledge of high salt content foods was 23.5% in the western region, 18.9% was in the khangai region, 16.2% was in the central region, 22.0% was in  the eastern region, and 15.0% was in Ulaanbaatar (ð<0.000). The participants that think a high salt diet and foods do not cause health problems were higher in the western region 15.8%, and participants who do not know whether it causes health problems were higher in the eastern region 11.2% compared to other regions (p<0.001). The study population from the central region and males from eastern region did not aware the negative consequences of salty meal/foods towards developing stomach cancer (p<0.001).
Percentage of population who drink salty tea was 84.4% in the western region, 90.7% were in the khangai region, 23.4% were in the central region, and 11.0% were in the eastern region, and 44.8% were in Ulaanbaatar (p<0.000).

Conclusion
Salt reduction intervention especially interventions on changing attitude should be conducted after taking account the specific differences of the local areas.

Key words: salt, region, knowledge, attidiues, practice
Pp.43-50, Tables 6, Figures 2, References 15

Оршил

Халдварт бус өвчин (ХБӨ) нь дэлхийн хүн амын дунд зонхилон тохиолдох өвчний 43%, нийт нас баралтын 60%-ийг эзэлж, 2020 он гэхэд өвчлөлийн 60%, нас баралтын 70%-ийг эзлэх таамаглалтай байна [1, 2, 3, 4]. Артерийн даралт ихсэлт нь нийт нас баралтын шалтгааны 13%, тархины харвалтын нас баралтын шалтгааны 51%, зүрхний шигдээсийн нас баралтын шалтгааны 45%-ийг тус тус эзэлж байна. Давсны хэрэглээг багасгах нь артерийн даралт ихсэлт, зүрх судасны өвчин, тархины харвалт, зүрхний шигдээсээс сэргийлэх хамгийн өртөг багатай арга юм [1, 5]. Манай улсын 15-64 насны хүн амын дунд артерийн даралт ихсэлтын тархалт 2006-2009 онд дөнгөж 0.8%-иар буурсан байна [6, 7].

ДЭМБ-ын НДББ-ийн “Давсны хэрэглээг бууруулах бүсийн стратеги”-д гишүүн орны засгийн газрууд хүн амынхаа давсны давсны бодит хэрэглээ, мэдлэг, хандлага, дадлыг судлан тогтоохыг зөвлөмж болгосон [8, 9]. Монгол улсад хүн амын давсны хэрэглээний мэдлэг, хандлага, дадлыг судлах бие даасан судалгааны ажил урьд өмнө  хийгдээгүй ихэвчлэн цөөн тооны асуултаар бусад судалгаануудад тусгагдсан байдаг тодорхойлох шаардлагатай байна.

Зорилго

Монголчуудын давсны хэрэглээний талаарх мэдлэг, хандлага, дадлын бүс нутгийн онцлогыг судалж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох

Материал, арга зүй

Агшингийн судалгааны загварыг ашиглан Монгол улсын газар зүйн бүсчлэлийн дагуу баруун (Увс), хангай (Булган), зүүн (Хэнтий), төв (Дундговь) бүс нутгууд болон Улаанбаатар (Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан) хотод амьдарч буй 25-64 насны хүн амыг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч судалгааг хийсэн. Түүврийн хэмжээг тооцоход нийт хүн амд 25-64 насны хүн амын эзлэх хувийг (46.1%) тооцохын зэрэгцээ ДЭМБ-ын баримтлаж буй давсны хэрэглээ, мэдлэг хандлага, дадлыг судлахад түүвэрлэлт насны бүлэг бүрт 120 байх, 95%-ийн үнэн магад (Z=1.96), алдааны хязгаар (р<0.05), комплекс түүврийн нөлөөллийн коэффициент (1.5), насны бүлэг бүрт хүйсийн төлөөлөл тэнцвэртэй байх зарчмууд [10, 11]- ыг үндэслэн тооцоход түүврийн хэмжээ 728 байсан. Судалгаанд хамрагдах хүн оролцохоос татгалзах, тухайн хугацаанд орон нутагтаа байхгүй байх, хаяган дээрээ байхгүй эсвэл өвдсөн, бие сэтгэхүйн хувьд мэдээлэл өгөх чадваргүй гэх мэт зэрэг шалтгаанаар 30%-ийг оролцохгүй байж болох магадлалтай гэж тооцон түүврийн хэмжээг 30%-иар нэмэгдүүлэн 1040 хүнийг судалгаанд оролцуулахаар төлөвлөсөн.

Монгол улсын нийгэм эдийн засаг болон газарзүйн онцлогийг тусгах зорилгоор түүвэрлэлтийг а) аймгийн төв, дүүрэг, б) сумын төв, хороо, в) өрхийн хэсэг, баг, г) өрх гэсэн 4  түвшинд хийсэн. 

Судалгааны анхан шатны нэгж Улаанбаатарт өрхийн хэсэг, хөдөө орон нутагт сумын баг байв.

Түүврийн хэмжээг 25-64 насны хүн амыг төлөөлж чадахуйц байлгахын тулд эх олонлогын хүн амын тоотой {12} уялдуулан олон үе шатат санамсаргүй түүврийн аргаар сонгон авсан.

Судалгааны түүврийн нэг багц буюу нэгжид байх хүний тоог 80 гэж тооцоолон 1040 хүнийг 13 нэгжид хуувиарлан нийт түүврийн хэмжээг 5 бүс нутагт пропорционалаар хувааж, 13 нэгжийг баруун 2, хангайн бүсээс 2, төвийн бүсээс 2, зүүн бүсээс 2, УБ хотоос 5 нэгжийг сонгон авсан. Судалгаанд 1040 хүн хамруулахаар төлөвлөснөөс 1034 хүн хамрагдаж, хамралтын хувь 99.2% байв (Table 1).

Table 1. Survey selection planning and response rate, by economic region

Cудалгааны мэдээллийн баазыг EPIDATA 3.1 программ дээр үүсгэж, мэдээллийг 2 удаагийн давтан шивэлтээр шалгаж, алдааг шалган баталгаажуулсны эцэст SPSS программ руу хөрвүүлж, мэдээллийн нэгдсэн санг үүсгэсэн. 

Судалгааны оролцогч бүрийн мэдээлэл, аймаг, дүүрэг, судалгааны нэгж (сум, хороо, баг)-ийн код, оролцогчийн хувийн дугаараар ялгагдах зарчимд үндэслэн, нууцлагдсан болно. 

Статистик боловсруулалтыг SPSS программын RASW Statistics 18 хувилбар, EXCEL 2007 программ дээр гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнг газар зүйн 4 бүс, УБ хотоор гаргаж, найдвартай ба хүчин төгөлдөр байдлыг 95 хувийн итгэх муж, нэг хүчин зүйлсийн дисперсийн шинжилгээ, нэг түүврийн T тест, “р” утгаар шалгасан. 

Судалгааны ёс зүйн асуудлыг ЭМЯ-ны дэргэдэх Анагаах ухааны Ёс зүйн хяналтын хорооны 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, 41 дүгээр тогтоолоор судалгааг явуулах зөвшөөрөл авсан. Судалгаанд сонгогдсон хүн бүрт “Судалгааны таниулах болон зөвшөөрлийн хуудас”-ыг судалгаа эхлэхээс 1-2 хоногийн өмнө бичгээр болон амаар урьдчилан танилцуулж, судалгаанд сайн дураараа оролцох зөвшөөрлийг авч, гарын үсэг зуруулж баталгаажуулсан болно.

Үр дүн

Судалгаанд баруун бүсээс 160, хангайн бүсээс 158, төвийн бүсээс 160, зүүн бүсээс 159, Улаанбаатар хотоос 397 хүн, нийт 1034 хүн оролцсоны 45.1%-ийг эрэгтэйчүүд,  54.9%- ийг эмэгтэйчүүд эзэлж байна. Судалгаанд оролцогчдын дундаж нас 43.37 (Ст.хаз 11.1) жил, эрэгтэйчүүдэд 43.81 жил (Ст.хаз 11.54), эмэгтэйчүүдэд 43.01 (Ст.хаз 10.7) жил байв (p<0.001). Насны бүлгийн хувьд 25-34 насныхан 27.6%, 35-44 насныхан 24.8%, 45-54 насныхан 27.2%, 55-64 насныхан 20.4%-ийг тус тус эзэлж байна (p<0.001).

Давсны талаарх мэдлэг, хандлага, дадал Судалгааны нийт хүн амын 18.2% (95%ИМ 15.9-20.8), эрэгтэйчүүдийн 23.6% (95%ИМ 19.8- 27.8), эмэгтэйчүүдийн 13.8% (95%ИМ 11.1-17.0), баруун бүсээс оролцогчдын 23.5% (95%ИМ 17.2-31.1), хангайн бүсээс оролцогчдын 18.9% (95%ИМ 13.2-26.3), төвийн бүсээс оролцогчдын 16.2% (95%ИМ 11.3-22.8), зүүн бүсээс оролцогчдын 22.0% (95%ИМ 15.9-29.5), УБ-аас оролцогчдын 15.0% (95%ИМ 11.6-19.0) нь давс ихтэй хүнсний бүтээгдэхүүний талаар ямарч ойлголт, мэдлэггүй байна (р<0.000).

Давс ихтэй хүнсний бүтээгдэхүүний талаарх мэдлэгийг бүтээгдэхүүн тус бүрээр авч үзэхэд судалгааны хүн амын 48.2% (95%ИМ 44.5-51.8) нь хиам, зайдас, утсан мах, 8.7% (95%ИМ 7.1- 10.6) нь нөөшилсөн мах, 5.6% (95%ИМ 4.4- 7.2) нь чанасан мах, 9.7% (95%ИМ 7.8-11.4) нь талх, 1.1% (95%ИМ 0.6-1.9) нь жигнэмэг, нарийн боов, 2.4% (95%ИМ 1.6-3.6) нь бяслаг, 19.7% (95%ИМ 17.4-22.3) нь дарсан, нөөшилсөн ногоо, 16.4% (95%ИМ 14.3-18.8) нь кемчи, далайн байцаа, 31.5% (95%ИМ 28.8-34.4) нь чипс, давсалсан самар 2.0% (95%ИМ 1.3-3.1) нь хоол амтлагч, 3.5% (95%ИМ 2.5-4.8) нь түргэн хоол, 0.8% (95%ИМ 0.4-1.5) нь давстай цай, хоол гэж хариулсан байна (p<0.001). Хоногийн хэрэглээний давсныхаа ихэнхийг ямар хүнсний бүтээгдэхүүнээс авч байгааг судалгаанд оролцогчдоос тодруулахад 80.7% (95%ИМ 74.3- 85.8) нь давстай хоол, 15.4% (95%ИМ 10.7-21.7) нь давстай цай, 1.5% (95%ИМ 0.8-2.9) нь чанасан мах, 0.7% (95%ИМ 0.3-0.9) нь даршилсан, нөөшилсөн ногоо, 0.4% (95%ИМ 0.1-0.9) нь хиам, утсан мах, 0.4% (95%ИМ 0.1-0.9) нь талх, бяслаг, 0.3% (95%ИМ 0.1-0.9) нь кимчи, далайн байцаа, 0.6% (95%ИМ 0.3-1.6) нь мэдэхгүй гэж тус тус хариулсан байна (p<0.001). 

Давс ихтэй хоол хүнс хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаарх хандлагыг судлахад 79.2% (95%ИМ 76.6-81.6) эрүүл мэндэд ноцтой нөлөөлнө, 11.5% (95%ИМ 9.7-13.7) нь эрүүл мэндэд нөлөөлөхгүй, 9.3% (95%ИМ 7.7-11.2) нь мэдэхгүй гэж хариулсан байна (p<0.001, Table 2).

Table 2. Attitudes on how a high salt diet could affect to health, by economic regions

Дээрх хүснэгтээс харахад бусад бүстэй харьцуулахад давс ихтэй хоол хүнс хүний эрүүл мэндэд нөлөөлөхгүй гэж үзэж буй хүн баруун бүсэд, энэ талаар ямарч ойлголт мэдлэггүй хүн зүүн бүсэд тус тус өндөр байгааг судалгааны дүн харуулж байна.

Давс ихтэй хоол хүнс хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж болохыг тодруулж асуухад 20.1% (95%ИМ 17.6-22.8) нь артерийн даралт ихсэнэ, 0.5% (95%ИМ 0.3-1.6) нь зүрх судасны өвчин үүснэ, 0.7% (95%ИМ 0.3-1.6) нь судас хатуурна, 0.1% (95%ИМ 0.0-0.9) нь тархины харвалт үүснэ, 3.1% (95%ИМ 2.2-4.4) нь яс сийрэгжинэ, 2.0% (95%ИМ 1.3-3.2) нь элэг цөс, ходоод өвдөнө, 1.0% (95% ИМ 0.6-1.9) цөс чулуужих өвчин үүснэ, 2.1% (95%ИМ 1.3-3.2) нь ходоодны хавдар үүснэ, 44.8% (95%ИМ 41.8-47.9) нь бөөрний чулуужилт үүснэ, 4.1% (95%ИМ 3.1- 5.4) нь бөөрний үрэвсэл үүснэ, 0.3% (95% ИМ 0.1-0.9) нь гуурсан хоолойн багтраа үүснэ, 0.2% (95%ИМ 0.0-0.8) нь эдгээр өвчнүүд бүгд үүснэ, 21.0% (95% ИМ 18.5-23.7) нь мэдэхгүй гэж хариулсан байна (p<0.001). Давс ихтэй хоол хүнс нь артерийн даралт ихсэх шалтгаан болохыг мэддэг хүн амын эзлэх хувийг насны бүлэг, хүйсээр гаргаж дараах зургаар харуулав. 

Дээрх зургаас харахад давс ихтэй хоол хүнс артерийн даралт ихсэх шалтгаан болох талаарх зөв ойлголттой эмэгтэйчүүд 25-64 насны бүлэгтэй харьцуулахад 35-44 насанд 7.9%, 45- 54 насанд 11.7%, 55-64 насанд 14.2% тус тус нэмэгдсэн байна. Эрэгтэйчүүдийн хувьд 35-44 насанд 2.7%-иар нэмэгдэж бусад насны бүлэгт ижил түвшинд байна.

Давс ихтэй хоол хүнс бөөрний чулуужилт үүсгэх сөрөг нөлөөтэйг мэддэг оролцогчид баруун бүсэд 24.4% (95%ИМ 18.3-31.6), хангайн бүсэд 49.4% (95%ИМ 41.7-57.1),  төвийн бүсэд 56.9% (95%ИМ 49.1-64.3), зүүн бүсэд 59.7% (95%ИМ 51.9-67.1), Улаанбаатарт 41.3% (95%ИМ 36.6- 46.2) тус тус байгаа нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.000, Mean square 3.23). Уг үзүүлэлтийг насны бүлгээр дараах хүснэгтэд үзүүлэв.

Table 3. The percentage of population who have proper knowledge on high salt intake causing kidney stones, by age group and economic regions

Гуравдугаар хүснэгтээс харахад давс ихтэй хоол хүнс бөөрний чулуужилт үүсгэх сөрөг нөлөөтэйг мэддэг хүн амын эзлэх хувь бусад бүстэй харьцуулахад баруун бүсийн бүх насны хүн амын дунд хамгийн бага байна.

Давс ихтэй хоол хүнс ходоодны хавдар үүсгэх сөрөг нөлөөтэйг судалгааны хүн амын дөнгөж 2.1% (95%ИМ 1.3-3.2) мэддэг, 97.9% (95%ИМ 96.8-98.7) нь энэ талаар ямарч ойлголтгүй байна (p<0.001). Газар зүйн бүсийн хувьд давс ихтэй хоол хүнс ходоодны хавдар үүсгэх сөрөг нөлөөтэйг төвийн бүсийн бүх оролцогчид, зүүн бүсийн эрэгтэйчүүд мэдэхгүй байна (p<0.001,  Figure 2).

Хоёрдугаар зургаас харахад давс ихтэй хоол хүнс ходоодны хавдар үүсгэх сөрөг нөлөөтэйг төвийн бүсийн нийт оролцогчид, зүүн бүсийн эрэгтэйчүүд огт мэдэхгүй байна. 

Өдөр тутмын хоолондоо хэрэглэх давсны хэмжээгээ багасгахыг маш чухал гэж үзсэн оролцогч баруун бүсэд 64.5% (95%ИМ 56.6- 71.8), хангайн бүсэд 47.0% (95%ИМ 39.0-55.2), төвийн бүсэд 51.3% (95%ИМ 39.0-55.2), зүүн бүсэд 61.6% (95%ИМ 53.6-69.0), УБ хотод 40.3% (95%ИМ 35.4-45.5) тус тус байгаа нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. (p<0.001, Table 4).

Table 4. Attitude of the populations on how important is lowering the salt/sodium in diet, by economic regions

Тавдугаар хүснэгтээс харахад бусад бүстэй харьцуулахад хоол хүнсэндээ хэрэглэх давсны хэмжээгээ багасгахыг чухал биш гэж хандаж буй оролцогч Улаанбаатарт, бага зэрэг чухал гэж хандаж буй оролцогч хангайн бүсэд, энэ талаар ямарч ойлголт мэдлэггүй оролцогч зүүн бүсэд тус тус өндөр хувьтай байна.

Давс ихтэй хоол хэрэглэх дадал баруун бүсэд 68.3% (95%ИМ 60.4-75.4), хангайн бүсэд 37.9% (95%ИМ 30.3-46.0), төвийн бүсэд 24.7% (95%ИМ 18.5-32.2), зүүн бүсэд 54.5% (95%ИМ 46.4-62.4), Улаанбаатарт 48.0% (95%ИМ 42.9-53.1) тус тус байгаа нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.000, Mean square 4.6). 

Давстай цай хэрэглэдэг хүн ам баруун бүсэд 84.4% (95%ИМ 85.1-94.3), хангайн бүсэд 90.7% (95%ИМ 77.4-89.5), төвийн бүсэд 23.4% (95%ИМ 17.5-30.5), зүүн бүсэд 11.0% (95%ИМ 6.9-17.2), 

Улаанбаатарт 44.8% (95%ИМ 39.8-49.9) тус тус байгаа нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан (p<0.000, Mean square 25.5, Table 5).

Table 5. Percentage of population who drink salty tea, by economic regions

Тавдугаар хүснэгтээс харахад давстай цай хэрэглэдэг хүн ам баруун болон хангайн бүсэд өндөр, зүүн болон төвийн бүсэд бага хувьтай байна.

Судалгаанд баруун бүсээс оролцогчдын дөнгөж 3.6% (95%ИМ 1.7-7.6), хангайн бүсээс оролцогчдын 2.8% (95%ИМ 1.1-7.5), төвийн бүсээс оролцогчдын 11.2% (95%ИМ 7.0-17.7), зүүн бүсээс оролцогчдын 1.8% (95%ИМ 0.5-5.6), УБ-аас оролцогчдын 7.5% (95%ИМ 5.1-10.8) нь зах зээлээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа давс багатайг сонгодог зөв дадал эзэмшсэн байна (p<0.000, Table 6).

Table 6. Percentage of populations who choose and buy low options salt content foods, by economic regions and gender

The table 5 shows that the number of people who have the proper practice of choosing and buying lower salt /sodium contented foods was insufficiently low all regions.

Дүгнэлт:

  1. Баруун болон зүүн бүсэд 4 хүн тутмын нэг, хангайн бүсэд 5 хүн тутмын нэг, төвийн бүсэд болон Улаанбаатар хотод 6 хүн тутмын нэг нь давс ихтэй хүнсний бүтээгдэхүүний талаар ямарч ойлголт, мэдлэггүй байна.
  2. Төрөл бүрийн хоол амтлагч, гамбургер, чисбургер, хотдог, пицца зэрэг түргэн хоол, түүнчилэн үйлдвэрийн аргаар боловсруулсан бяслаг давстай ихтэй болохыг судалгааны хүн амын 90 гаруй хувь нь мэдэхгүй байна.
  3. Судалгаанд оролцсон 9 хүн тутмын нэг нь давс ихтэй хоол хүнс хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үзсэн бол 10 хүн тутмын нэг, ялангуяа баруун болон хангайн бүсэд 6-7 хүн тутмын нэг нь давс ихтэй хоол хүнс хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй гэсэн буруу ойлголттой байна.
  4. Давс ихтэй хоол хүнс нь артерийн даралт ихсэх сөрөг нөлөөтэйг судалгааны хүн амын 80 орчим хувь, ходоодны хавдар, яс сийрэгжих, гуурсан хоолойн багтраа, цөс чулуужих зэрэг өвчин үүсгэх сөрөг нөлөөтэйг 90 гаруй хувь нь мэдэхгүй байна. Тухайлвал, ходоодны хавдар үүсгэх сөрөг нөлөөтөйг төвийн бүсэд нийт оролцогчид, зүүн бүсэд нийт эрэгтэйчүүд мэдэхгүй байна.
  5. Бусад бүс нутагтай харьцуулахад давстай цай хэрэглэдэг буруу дадал эзэмшсэн хүн ам баруун болон хангайн бүсэд (90,7%, 84.4%), хоолоо давс ихтэй хэрэглэдэг буруу дадал эзэмшсэн хүн ам баруун бүсэд (68.3%) хамгийн их байна.
  6. Зах зээлээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа давс багатайг сонгон авах зөв дадал эзэмшсэн хүн нийт бүс нутгуудад маш бага хувьтай байгаа бөгөөд судалгааны 3 хүн тутмын нэг нь давсны илүүдэл хэрэглээгээ бууруулах талаар ямар нэг алхам хийхгүй байна.

Хэлцэмж:

Монгол улсад хүн амын давсны хэрэглээний мэдлэг, хандлага, дадлыг судлах бие даасан судалгааны ажил урьд өмнө хийгдэж байгаагүй, ихэвчлэн цөөн тооны асуултаар бусад судалгаануудад тусгагдсан байдаг. “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшинг тогтоох судалгаа 2006”-гаар 15-64 насны хүн амын давсны хэрэглээний мэдлэг, хандлагыг судлаагүй, харин 15-64 насны хүн амын 73.9% нь долоо хоногт 4.8 (халх хүмүүс 4.8, казах хүмүүс 6.0) өдөр давстай цай хэрэглэж буйг судалж, тогтоосон байдаг [6]. Бид давстай цай хэрэглэх давтамжийг бус, давстай цай хэрэглэдэг эсэхийг судалж, 25-64 насны 2 хүн тутмын нэг нь тогтмол (өдөр бүр) давстай цай хэрэглэж байгааг тогтоосон. Тиймээс энэ 2 үр дүнг харьцуулах боломжгүй.

“Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа- 2009” давсны хэрэглээний талаарх мэдлэг, хандлага, дадал тусгагдаагүй зөвхөн хэрэглээг тогтоосон байдаг [7]. Харин 2010 онд ЭМЯ, ММСС, ДЭМБ хамтран гүйцэтгэсэн “Халдварт бус өвчний талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадал” үндэсний судалгаанд давсны хэрэглээний мэдлэг, хандлага, дадлыг арай дэлгэрэнгүй (6 асуулт, үүний 2-3 нь бидний судалгаатай ижил төстэй агуулгатай) авч үзсэн байдаг. Уг судалгаагаар Монгол улсын 15-64 насны хүн амын 92.1% нь хоногт хэрэглэж буй давсныхаа гол эх үүсвэрийг хоол, цай гэж тодорхойлсон бол бидний судалгаагаар 25-64 насны хүн амын 80.7% нь давстай хоол, 15.4% нь давстай цай гэж (нийт 96.1%) тодорхойлсон нь дээрх судалгааны дүнтэй дүйцэж байна. Мөн судалгаагаар давс ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг 6 хариулттай асуултаар судалж 15-64 насны хүн амын 69.8% нь хиам, 73.8% нь даршилсан ногоо, 43.4% нь шаржигнуур төмс давс, 35.1% нь  кетчуп давс ихтэй гэсэн зөв ойлголттой байгааг тогтоосон байдаг [13]. Бид уг асуумжийг арай нарийвчлан (12 хариулттай) судлахад 25-64 насны хүн амын 56.2% нь хиам, зайдас, утсан болон нөөшилсөн мах, 5.6% нь чанасан мах, 31.5% нь нь кемчи, далайн байцаа, 9.7% нь талх, 3.5% нь түргэн хоол, 2.4% нь бяслаг, 2.0% нь хоол амтлагч, 1.1% нь жигнэмэг давс ихтэй гэсэн зөв ойлголттой, харин 5 хүн тутмын 1 (20.1%) нь энэ талаар ямарч ойлголт мэдлэггүй байгааг тогтоолоо. “Халдварт бус өвчний талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадал” үндэсний судалгаа (ЭМЯ, ММСС, ДЭМБ, 2010)-гаар эрэгтэйчүүдийн 4.4%, эмэгтэйчүүдийн 0.7% давс ихтэй хоол хүнс хүний эрүүл мэндэд аюулгүй [13] гэсэн бол бидний судалгаагаар эрэгтэйчүүдийн 15.7%, эмэгтэйчүүдийн 9.9% давс ихтэй хоол хүнс эрүүл мэндэд ноцтой нөлөөлөхгүй гэж үзсэн нь хүн амын мэдлэг, хандлага сайжрахгүй байгааг илтгэж байна. Тухайлбал, бидний судалгаагаар 25-64 насны 10 хүн тутмын 7 нь давс ихтэй хоол хүнс артерийн даралт ихсэх, 10 хүн тутмын 9 нь ходоодны хавдар, яс сийрэгжих, гуурсан хоолойн багтраа, цөс чулуужих зэрэг өвчин үүсгэх сөрөг нөлөөтэйг мэдэхгүй байна.

Давсны хэрэглээний мэдлэг, хандлага, дадлын газар зүйн бүсийн ялгаа бусад судалгаануудад тодорхой тусгагдаагүй байдаг. Харин бидний судалгаанаас харахад бусад бүс нутагтай харьцуулахад баруун бүсэд давс ихтэй хүнсний бүтээгдэхүүний талаарх ойлголт мэдлэггүй хүн (23.5%), давс ихтэй хоол хүнс хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөхгүй гэж үзэж буй хүн (15.8%), түүнчилэн цайгаа давстай хэрэглэх дадал (84.4%), хоолоо давс ихтэй хэрэглэх дадал (68.3%) тус тус өндөр байгаа нь энэ бүсийн хүн амд давс ихтэй хүнсний бүтээгдэхүүн, давсны илүүдэл хэрэглээ ба эрүүл мэндийн сөрөг нөлөөллийн талаарх мэдээлэл сурталчилгааг түлхүү хийх, давс ихтэй хоол, хүнс  хэрэглэх дадлыг өөрчлэх тусгай хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна. 

Хангайн бүсийн хувьд хоол хүнсэндээ хийх давсны хэмжээгээ багасгахыг хүн амын 17.5% нь чухал биш, 30.7% нь бага зэрэг чухал гэж үзсэн (бусад бүсээс хамгийн өндөр) нь энэ бүсэд давсны хэрэглээний талаарх хандлагыг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажлыг түлхүү явуулах хэрэгтэйг харуулж байна. 

Зүүн бүсийн хувьд давс ихтэй хүнсний бүтээгдэхүүний талаар ойлголт мэдлэггүй эмэгтэйчүүд (23.5%, судалгааны дундаж 13.5%), давс ихтэй хоол хүнс эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг мэдэхгүй хүн (11.2%, судалгааны дундаж 9.3%), давсны илүүдэл хэрэглээг багасгах нь чухал эсэхийг мэдэхгүй хүн (10.4%, судалгааны дундаж 9.5%) бусад бүсээс олон, түүнчилэн бүх эрэгтэйчүүд давс ихтэй хоол хүнс ходоодны хавдар үүсгэх сөрөг нөлөөтэйг мэддэггүй байгаа нь энэ чиглэлийн мэдээлэл сурталчилгааны ажлыг түлхүү явуулах хэрэгтэйг илэрхийлж байна.

Улаанбаатар хотын хүн амын дөнгөж 40.3% нь давсны хэрэглээгээ багасгахыг маш чухал гэж үзсэн нь бусад бүстэй харьцуулахад хамгийн бага үзүүлэлттэй (баруун бүс 64.5%, хангайн бүс 47.0%, төвийн бүс 51.3%, зүүн бүс 61.6%), төдийгүй 13.3% нь чухал биш, 36.7% нь бага зэрэг чухал гэж үзэж, 9.5% нь энэ талаар ямарч ойлголт мэдлэггүй байгаа нь цаашид анхаарах асуудлын нэг болж байна.

Зах зээлээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа давс багатайг сонгон авах зөв дадал эзэмшсэн хүн нийт бүс нутгуудад дөнгөж 5.8% байгаа нь нэг талаас хүнсний бүтээгдэхүүний шошго дээрх мэдээллээс давс багатайг нь хэрхэн сонгохоо хэрэглэгчид мэдэхгүй байх, нөгөө талаар хүнсний бүтээгдэхүүн бүр ялангуяа эх орны үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүний шошго дээр давсны агууламжийг тавихгүй байгаатай холбоотой гэж үзэж байна. Тиймээс үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний шошго, нийтийн хоолны газруудын цэсэд давсны агууламжийг тусгах эрх зүйн орчинг бий болгох асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байна.

Ном зүй

1. WHO, Global health risks: Mortality and burden of disease attributable to selected major risks. World Health Organization (2009), page 5, 9,
2. WHO, Global status report on noncommunicable diseases 2010, Burden: mortality, morbidity and risk factors, World Health Organization 2011, page 9-13
3. ДЭМБ-ын 65 дугаар ансамблейн хурлын материал,
4. WHO, Preventing chronic disease: a vital investment. Geneva, World Health Organization (WHO), 2005, page 5 (http://www.who.int/chp/ chronic_disease_report/contents/en/index. html).
5. WHO, Guideline: Sodium intake for adults and children, World Health Organization, 2012, Geneva, Switzerland, page 2 _ (http://www.who.int/chp/chronic_disease_report/contents/en/index.html).
6. ЭМЯ, НЭМХ, ДЭМБ, ММСС, “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин тогтоох судалгаа-2006”, ДЭМБ, Женев, 2007, х. 39-41, 63
7. ЭМЯ, НЭМХ, ДЭМБ, ММСС, “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний судалгаа-2009”, Женев, ДЭМБ, 2010, х. 74-75
8. WHO Forum on Reducing Salt Intake in Populations (2006: Paris, France) Reducing salt intake in populations: Report of a WHO forum and technical meeting, 5-7 October 2006, Paris, France, page a. http:// www.who.int/dietphysicalactivity/Salt_Report_VC_april07.pdf
9. WHO, Meeting report, Regional consultation on strategies to reduce salt intake, Western pacific region, Manilla, 2010, page 2-7
10. WHO, Protocol for population level sodium determination in 24 urine samples, Western pacific region, World Health Organization, 2010, Manilla, page 35-44
11. Webster, Jacqueline L, Elizabeth K. Dunford, Corinna Hawkes and Bruce C. Neal. Salt reduction initiatives around the world. Journal of Hypertension (2011), 29:1043-1050
12. Монгол Улсын Статистикийн Эмхэтгэл- 2010, Монгол улсын үндэсний статистикийн хороо, 2011, х. 80-96
13. ЭМЯ, НЭМХ, МСС, “Халдварт бус өвчний талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадал” судалгааны тайлан-2010”, УБ, 2011, х. 39- 41
14. Монгол улсын Засгийн газрын 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 246 дугаар тогтоол “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөр, УБ, 2007, х. 11-23
15. ХХААҮЯ, Монгол улсын Засгийн газрын 2009 оны 2 дүгээр сарын 4-ний өдрийн 32 дугаар тогтоол “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөр, 2010, х. 21.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Бурмаажав


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1662
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК