Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 4(150)
Будаж дурандах аргаар улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх нь
( Судалгааны өгүүлэл )

А.Баттулга1, Д.Авирмэд2, Ж.Наранцацралт3, Д.Самбуупүрэв4

1Улаанбаатар Сонго-До Эмнэлэг, 2Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

Early diagnosis of esophageal cancer for chromoendoscopy

According to the standardized rating 24.5 people have esophageal cancer in every 100.000 population in our country. This makes us a high morbid country in the world. But 98% of esophageal cancer has been diagnosed in its late or advanced stage. This indicates that this type of cancer is required to be diagnosed at an early stage. Therefore, we made this study by setting a goal to reveal esophageal cancer by means of chromoendoscopy. This indicates that this type of cancer is required to be diagnosed at an early stage. Therefore, we made this study by setting a goal to reveal esophageal cancer by means of chromoendoscopy.

Goal: To study the effectiveness of detecting esophageal cancer by using chromoendoscopy.

Objectives: Following objective was set to meet our study goal.

• Esophageal cancers have been detected by both the regular method and chromoendoscopy usage. Then the

results were certified by pathology and results were compared.

Methods: 62 patients were involved in this study. 31 patients were examined by regular endoscope and 31 patients were examined by chromoendoscope. All patients were done biopsy. The findings were proven by biopsy and we studied those results. 

Result: For simple endoscopy 22.6% detected suspisous mucosal changes and the chromoendoscopy was detected dysplasia 25.8%, cancer 45.2%. And 20% of all detected cancers were mucosal.

Conclusion: In this study, chromoendoscopy is twice more effective than simple method for esophageal cancer detecting and dysplasia diagnosed 25.8% . Therefore chromoendoscopy is possible to detect depth of the cancer invasion and make more precise the cancer staging. 

Үндэслэл

Манай орон улаан хоолойн өмөнгийн өвчлөлөөр дэлхийд өндөр өвчлөлтэй орны тоонд хамаардаг байна. АНУ-н хавдрын судалгааны төвөөс гаргасан материалд (2008он) дурдсанаар манай оронд улаан хоолойн хорт хавдрын өвчлөл стандартчилсан үзүүлэлтээр 24,5 байгаа нь дэлхийд улаан хоолойн өвчлөлөөр өндөрт тооцогдох Хятад, Этиофи, Гамби улсын дараа орж байна. Гэтэл улаан хоолойн өмөнгийн 98% нь хожуу үедээ оношлогдож байгаа нь манай судлаачдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа юм. Улаан хоолойн өмөн хожуу оношлогдох үндсэн шалтгааны нэг нь хавдрын эрт үед илрэх эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг байдаггүйтэй холбоотой юм. Японы эрдэмтэд улаан хоолойн хорт хавдар салстын доод давхрага хүртэл нэвчсэн үед зөвхөн цээжний араар өвдөх, горойх шинж нийт өвчтөний 40%-д нь илэрдэг бол хавдар улаан хоолойн салстанд байрласан байхад 44%- д нь ямар ч шинж тэмдэг илэрдэггүй онцлогтой болохыг ажиглажээ (Япон улс, Китасато Их сургууль, Saigenji, Koizumi et al, 2000). Иймээс улаан хоолойн өмөнг эрт илрүүлэх асуудал манай орны хавдар судлалын тулгамдсан асуудал болох нь тодорхой байна.

Манай орны хавдар судлалын практикт сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд улаан хоолой, ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэхэд дурангийн шинжилгээг

өргөн хэрэглэж байгаа ч уг эрхтнүүдийн хорт хавдрын өвчлөлийг бууруулахад шийдвэрлэх нөлөө үзүүлж чадахгүй байгаа билээ. Гэтэл сүүлийн жилүүдэд ксенёон гэрэлтүүлэгч бүхий видео дуранг ашиглан улаан хоолойн салстыг будаж дурандах арга практикт нэвтэрч байгаа нь энгийн дуранд илрэхгүй жижиг өөрчлөлтийг тодруулан оношлох боломж олгодогоороо улаан хоолойн хавдрыг эрт илрүүлэхэд чухал ач холбогдолтой шинжилгээний аргад тооцогдож байна.

Сүүлийн жилүүдэд Япон, Өмнөд Солонгос зэрэг хөгжилтэй орнуудад будаж дурандах аргыг өргөн хэрэглэснээр улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлж

өвчлөл нас баралтыг амжилттай бууруулж байна. Будаж дурандах арга нь улаан хоолойн хорт хавдрын урьдал эмгэгийг эрт илрүүлэхийн зэрэгцээ хавдрын нэвчилтийн гүнийн зэргийг бодитойгоор тогтоож эмчилгээний аргыг

сонгох боломжтойгоороо энгийн дурандалтаас давуу

талтай юм. Манай оронд сүүлийн жилүүдэд ХСҮТ, Улаанбаатар Сонгдо зэрэг томоохон эмнэлгүүдэд будаж дурандах аргыг хэрэглэж байгаа ч үр дүнг нь тооцсон судалгааны ажил байхгүй байгаа нь энэ судалгааны ажил хийх үндэслэл болсон юм.

Зорилго. Улаан хоолойн өмөнг будаж дурандах аргаар эрт илрүүлэх аргын үр дүнг судлах.

Зорилт:

• Улаан хоолойн өмөнг энгийн болон будаж дурандах аргаар илрүүлж, илэрсэн эмгэгийг эдийн шинжилгээгээр баталж үр дүнг харьцуулан судлав.

Материал, аргазүй

1. ХСҮТ ба Улаанбаатар Сонгдо эмнэлгийн амбулаториор дурангийн шинжилгээнд орж байгаа 92 өвчтөнд таниулах зөвшөөрлийн хуудас олгож,

судалгаанд хамрагдах хүсэлтэй 31 хүнд энгийн, 31 хүнд будаж дурандах арга хэрэглэж нийт 62 өвчтөнг судалгаанд хамруулж хүн тус бүрээс эдийн шинжилгээ авч оношийг баталгаажуулж үр дүнг судлав.

2. Будаж дурандах арга (Хромоэндоскопи)

Улаан хоолойн хавтгай хучуур эдийн хорт хавдрын оношлогоонд хамгийн чухал арга бол иод буюу люголоор будаж харах арга юм. Ердийн дурандалт

хийдгийн адилаар лидокайн цацаж мэдээ алдуулна.

Арга техник

Улаан хоолойн хөндийг сайн угаагаад салст шүүрлийг соруулсны дараа дуранг улаан хоолой ходоодны зааг хэсэгт байрлуулж биопси-н сувгаар цацагч гуурсыг хийж дурангаа ам талруу татангаа жигд даралттай цацна. Цацах үед улаан хоолойд нугалаас үүсгэхгүй тэлж будагч бодисыг жигд цацна. Улаан хоолойг бүхэлд нь будахад 0.75-1.5% люголын 5-10 мл орчим бодис хэрэглэгдэнэ. Цацаж будсаны дараа салстын гадаргууг усаар угааж илүүдэл будгийг соруулна. Будагдах үр дүн 30-45 сек–ын дотор илэрнэ. Люголын үр дүн буурвал дахин цацаж болно. Мөн сэжигтэй гэж үзсэн газраа шприцэнд соруулсан уусмалаа дурангийн ажлын сувгаар шууд шахаж хэрэглэж болно.

Анхаарах цэг

Ходоодонд үлдсэн люголын уусмал салстыг цочроож шарх үүсгэх, ходоод хорсох, огиулах зэрэг хүндрэл өгдөг тул үлдэгдлийг соруулж авах хэрэгтэй. Шинжилгээ дуусах үед хэрэглэсэн люголын уусмалыг 2.5%-ийн тиофосфатнатри цацаж саармагжуулах юмуу усаар сайтар угааж соруулж авснаар ажилбарыг дуусгана. Улаан хоолойн салстад илрэх улайлт бүхий

хонхойлт эсвэл цайвар өнгөтэй төвийсөн өөрчлөлт зэрэг нь анхаарал татах хэвийн бус өөрчлөлт мөн боловч тэдгээртэй төстэй улаан хоолойн сөргөөт

үрэвсэл, шарх, ходоодны салстын эктопик өөрчлөлт, гликогенийн акантоз, папиллома, салстын гипертропик паракератоз зэрэг хоргүй өөрчлөлтүүдийг заавал ялган оношлоно. Ердийн дурангаар харахад төвөгтэй, овгор товгор байхгүй, хавтгай эсвэл хэт жижиг 0.5 см-аас доош хэмжээтэй эмгэг илрэх мөн салстын өнгө өөрчлөгдсөн эсвэл судасны зураглал хэвийн бус тохиолдолд

люголоор будаж эмгэгийн байрлал хэлбэрийг тогтоож эдийн шинжилгээ авах шаардлагатай. Люголоор будахад илэрсэн үл будагдах цайвар шаргал өнгөтэй

эмгэгийн хэмжээ, хэлбэр, зах ирмэг, орчны салстын будагдал зэргийг үнэлж хавдар сэжиглэгдэх эмгэг мөн эсэхэд үнэлгээ өгнө. 10 мм-ээс дээш хэмжээтэй, зөв бус хэлбэртэй, шаргал өнгөтэй эмгэг хорт хавдар байх магадлал өндөр бөгөөд 5-10 мм хэмжээтэй байсан ч дээрхтэй адил шинж тэмдэг илэрвэл хавдар байж болзошгүй гэж үзэн тухайн хэсгээс эдийн шинжилгээ авч баталгаажуулна

Хэлцэмж. Сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй орнуудад дурангийн шинжилгээ амжилттай хөгжиж дурангийн мэс заслын шинэ салбар практикт нэвтэрч амжилтанд хүрч байна. Дурангийн шинжилгээгээр хавдрын гүнийг дүгнэн тогтоож өнгөц байрлалтай хорт хавдрыг дурангийн мэс заслаар төгс эмчилж байгаа нь ходоод гэдэсний замын хорт хавдрын үед эрхтэн хадгалах боломж бүрдэж, хорт хавдрын эмчилгээнд дэвшил гарч байна. Энэ дэвшлийн үндэс нь будаж дурандах аргаар ходоод гэдэсний замын хорт хавдрыг эрт илрүүлж гүнийн нэвчилтийг тогтоож эмчилгээний аргыг сонгох болсонтой холбоотой юм. Бид будаж дурандах аргаар улаан хоолойн хорт хавдар 45,2%, дисплазийн өөрчлөлт 25,8% оношлосон нь Японы эрдэмтэн Sugimachi K, Kitamura K, Baba K, Ikebe M, Kuwano H нарын судалгааны үр дүнтэй ойролцоо байгаа нь дээрх аргыг бид шаардлагатай түвшинд нь хийж чадаж байна гэж дүгнэлээ. Мөн дурангаар эмчлэх боломжтой хавдар 53.3% илэрсэн нь дурангийн эмчилгээний шинэ арга нэвтрүүлэх боломж байгааг илтгэж байна. Иймд улаан хоолойн өмөнг эрт илрүүлэх будаж дурандах аргыг эмнэл зүйн практикт нэвтрүүлэх

зайлшгүй шаардлагатай байна.

Дүгнэлт

1. Улаан хоолойн салстыг будаж дурандах арга нь ердийн дурандалтаас хорт хавдар 2 дахин, дисплазийн өөрчлөлт 25.8%-тай тус тус илүү оношлож

байна.

2. Будаж дурандах аргаар хавдрын нэвчилтийн гүнийг илрүүлж хавдрын үе шатыг нарийвчлан тогтоох боломжтой байна.

Ном зүй

Ашигласан ном зүй
1. Монгол улсын статистикийн эмхтгэл 2007 он, х-331 (Бүлэг 20, нас барсан хүний тоо)
2. 日本消化器病学会雑誌 х 597
3. 食道癌治療ガイドライン(日本食道癌疾患研究会)2002年 12月х-3.
4. 食道癌取扱い規約(日本食道癌疾患研究会)1999年2月х-4.
5. 食道、胃癌ESDの基本手技 2007 年 х-98.
6. Endoscopic diagnosis of early carcinoma of the esophagus using Lugol’s solution. Sugimachi K, Kitamura K, Baba K, Ikebe M, Kuwano H. Department of Surgery II, Kyushu University, Fukuoka, Japan. 1997 year
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Я.Эрдэнэ-Очир


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3444
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК