Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2007, 1(4-1)
Аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн 2003-2005 оны техникийн үр ашгийн эдийн засгийн үнэлгээ
( Судалгааны өгүүлэл )

Ю.Гантөгс1, П.Цэдэн2

1НЭМС, Эрүүл Мэндийн Эдийн Засгийн Тэнхим, 2ЭМШУИС, Эдийн засаг, мониторинг эрхэлсэн дэд захирал

 
Удиртгал

Төрийн өмчийн байгууллагуудын үр ашгийг тооцох, үнэлэх асуудал олон оронд анхаарал татсан асуудал байдаг. Хувийн өмчийн байгууллагууд өөрийн үйл ажиллагааны үр ашигт байнга анхаарал тавьж эдийн засгийн үнэлгээг хийж байдаг бол улсын өмчийн байгууллагын менежерүүд үр ашигт төдийлөн үл анхааран түүнийг сайжруулах тал дээр анхаарал сул явдаг нь нийтлэг үзэгдэл юм. Төрийн өмчийн улсаас төсөв авдаг байгууллагуудын үйл ажиллагааны үр ашгийг тооцсоноор байнга хязгаарлагдмал хомс байдаг нөөцийг үр ашигтай хуваарилах, хүртээмжтэй болгох боломж бий болно.

Зорилго

Аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн харьцангуй үр ашгийг тооцож бодлогын түвшинд шийдвэр гаргагч байгууллагуудыг эмнэлгийн үр ашгийн талаарх мэдээллээр хангах.

Зорилт

  • Эмнэлгүүдийн техникийн үр ашгийг тооцох
  • Хэдий хэмжээний нөөц хэмнэх боломжтой байгааг тодорхойлох
  • Эмнэлгийн үр ашигт нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг тодорхойлох
Аргазүй

Эмнэлгийн үр ашгийг тооцоход шугаман математик аргачлал /DEA/-г хэрэглэсэн бөгөөд энэхүү аргыг төрийн өмчийн ашгийн бус байгууллагуудын үр ашгийг тооцоход сүүлийн хэдэн жилд  эдийн засагчид өргөн хэрэглэж байгаа. 

DEA нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд орж байгаа орц болон үйл ажиллагаанаас гарч байгаа гарц хоёрын хамааралд үндэслэн харьцангуй үр ашгийг тооцож гаргадаг. Эрүүл мэндийн системд буюу эмнэлгийн орц гарцыг тодорхойлоход нэлээд маргаантай байдаг ч хүний нөөц буюу эмч, сувилагч мөн орны тоо зэрэг нь үйлдвэрлэлийн үндсэн орцууд мөн юм. Харин эмнэлгийн гарц нь хэвтэж эмчлүүлсэн болон амбулаториор үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн тоо юм.

Иймд DEA арга нь одоо үйлдвэрлэж байгаа тоо хэмжээг тогтмол байна гэж үзэхэд хэдий хэмжээний нөөц хэмнэх боломжтой вэ гэдэг асуултанд хариулах боломжийг шийдвэр гаргагчдад олгодог байна. 

Үр дүн

Аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн 2003-2005 оны үр ашгийг тооцож үзэхэд 100%-ийн үр ашигтай ажиллаж байгаа эмнэлгүүд нэлээдгүй байгаа бөгөөд тухайлбал Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэг 3 жилийн хугацаанд тасралтгүй 100%-ийн үр ашигтай ажилласан байна. 2003 онд Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг 72%, 2004 онд Увс аймгийн нэгдсэн эмнэлэг 73%, 2005 онд мөн Увс аймгийн нэгдсэн эмнэлэг 76%-ийн үр ашигтай ажилласан нь судалгааны ажлын үр дүнгээс харагдаж байгаа бөгөөд энэ үзүүлэлт нь бусад аймгийн нэгдсэн эмнэлгүүдтэй харьцуулахад харьцангуй доогуур үзүүлэлт юм (хүснэгт 1).

Дүгнэлт
  1. Аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн үр ашгийг тооцож үзэхэд 2003 онд 71.8-100%, 2004 онд 73.8-100%, 2005 онд 76.2-100%-ийн үр ашигтай ажилласан байна.
  2. Бүх эмнэлгүүдийг 100%-ийн үр ашигтай ажиллах боломжтой гэж тооцоолсон тохиолдолд 2003 онд  28.2%,  2004 онд  26.2%, 2005 онд 23.8 %-ийн нөөцийг хэмнэх боломжтой байжээ.
  3. Эмнэлгийн үр ашигт нөлөөлөх боломжтой гэж тооцоолсон зарим хүчин зүйлүүдэд регрессийн шинжилгээ хийхэд дундаж ор хоног, нэг хүнд ноогдох төсвийн зардал зэрэг нь үр ашгийн үзүүлэлттэй  хамааралгүй байсан бөгөөд харин тухайн аймаг дахь ахмад настны тоо нь эмнэлгийн үр ашгийн үзүүлэлттэй урвуу хамааралтай байна.
Ном зүй

1. A.A Stinnet A.D Paliet. 1997. “Mathematical programming for the efficient allocation of health care recourses” Journal of Health Economics
2. Boles, J. N. 1966. “Efficiency Squared-Efficient Computation of Efficiency Indexes.”Western Farm Economic Association Proceedings
3. Bruning, E. R., and C. A. Register. 1989. “Technical Efficiency Within Hospitals: Do Profit Incentives Matter?” Applied Economics 21
4. Burgess, J. F., and P. W. Wilson. 1993. “Technical Efficiency in Veterans Administration Hospitals.” In The Measurement of Productive Efficiency. Techniques and Applications, edited by H. O. Fried, C. A. K. Lovell and S. S. Schmidt. New York:Oxford University Press.
5. Bayarsaikhan, Dorjsuren. 2004. “Report of Mission to Mongolia (22-25 March 2004).WHO Regional Office for the Western Pacific (March).
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1867
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК