Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2010, 2(152)
Өндгөвчний хоргүй хавдар үүсэхэд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

.Одбайгал1, Б.Жав2, Д.Авирмэд3

1КНАГ, 2ЭМШУИС, 3АУХ

 
Абстракт

An assessment of the risk factors for influencing ovarian tumour development

Background: Ovarian cancer is the second high incidence disease in the gynecological cancers in Mongolia. Ovarian cancer is the most lethal gynecological malignancy and it has been one of the most common malignant tumors’ among women in Mongolia. Diagnosis usually occurs during the later stages of this disease. Therefore, a more favorable marker for the diagnosis of ovarian cancer is needed.

Study purpose: To determine risk factors for influencing ovarian tumour and tumour like disorders development

Study objectives:

• To define prevalence of the ovarian tumour and tumour like disorders

• To define risk factors for influencing ovarian tumour and tumour like disorders development

Materials and Мethods: We conducted a survey of 100 patients with benign and malignant ovarian tumour and tumour like disorder who were treated in the Oncology Center and the gynecological department of 1st Maternity Hospital using special questionnaries and compared the result of the survey with the history of 100 healthy women who served as the control group.

Results: We studied on four groups’ first, patients with benign tumours (51%) second, patients with tumour like disorders (20%) third, patients with cancer (29%) and healthy control group (100 female). Among the patients with benign tumour included 60.8% were cyst adenoma, 17.6% mucinous cyst adenoma and 9.8% teratomas. Additionally, among the patients with tumour like disorders, 3 diseases namely epithelial cyst, endometroid cyst and dermoid cyst occupied 30% each, making 90% of the causes. For the patients with cancer 48% were granulosa cell cystadenocarcinoma, 13.8% were papillary cystadenocarcinoma. For that reason most of cancer consists with epithelial tumours. 

Conclusions: In Mongolia epitelial ovarian tumour consist with 80 percent out of all ovarian tumours cases. The factors such as vaginitis (RR=2,80), uterine and ovarian surgery (RR=2,46), uterine myoma (RR=1,44), influenced the development of the benign ovarian tumour. Tumour like disorders were influenced by the uterine myoma (RR=1,81) and cesarian section (RR=1,51)

Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэний эмгэгүүдийн дотор өндгөвчний хоргүй хавдар, хавдар төст үүсгэврийн тархалт ихэсч байгаа нь судлаачдын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Өндгөвчний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахад өндгөвчний хоргүй хавдар, хавдар төст эмгэгийг эрт ялган оношлох явдал чухал ач холбогдолтой1. Иймээс олон судлаачид өндгөвчний хоргүй хавдар, хавдар төст эмгэгийн эмнэлзүйн онцлог,нөлөөлөх хүчин зүйлийг илрүүлэх судалгааг эрчимтэй хийж байна.

Өндгөвчний хортой хавдрын 80% нь хоргүй хавдрын суурин дээр үүсдэг бөгөөд өндгөвчний нийт хавдрын 75-80%-ийг хоргүй, 20-25%-ийг хортой хавдар эзэлдэг байна2,3. Манай оронд эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний хорт хавдрын дотор

өндгөвчний хорт хавдар II байр эзэлдэг бөгөөд ихэнхдээ хожуу оношлогддог нь цаашдын тавиланд муугаар нөлөөлж байна. Иймээс хортой хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахад өндгөвчний хоргүй хавдар, хавдар төст үүсгэврийг эрт илрүүлэх, төгс эмчлэхээс гадна өндөвчний хоргүй хавдар, хавдар төст үүсгэвэр үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлийг судлах явдал чухал ач холбогдолтой.

Гэтэл өндгөвчний хоргүй хавдар, хавдар төст эмгэг үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан судалгааны ажил манай оронд байхгүй байгаа нь энэ судалгааг хийх үндэслэл болсон юм.

Судалгааны ажлын зорилго: Өндгөвчний хоргүй хавдар, хавдар төст эмгэг үүсэхэд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг илрүүлэх

Судалгааны ажлын зорилт:

• Өндгөвчний хоргүй хавдар ба хавдар төст эмгэгүүдийн тархалтыг тогтоох;

• Өндгөвчний хоргүй хавдар ба хавдар төст эмгэг үүсэхэд нөлөөлөх зарим хүчин зүйлийг олж тогтоох;

Mатериал, аргазүй

1. Хавдар Судлалын Үндэсний Төв, Клиникийн Нэгдүгээр Амаржих Газрын эмэгтэйчүүдийн тасагт өндгөвчний хортой, хоргүй хавдар, хавдар төст үүсгэврийн учир хэвтэж эмчлүүлсэн 100 өвчтөнийг судалгааны тусгай 30 асуулттай анкетанд бүртгэн судлав.

2. Эмнэлзүй болон хэт авиан шинжилгээнд өндгөвчний өөрчлөлтгүй 100 эмэгтэйг хяналтын бүлгээр сонгож авлаа. Асуумж, бодит үзлэг, хагалгааны дараах гистологийн шинжилгээг тусгай боловсруулсан карт хөтлөн монгол эмэгтэйчүүдийн өндгөвчний хортой, хоргүй хавдар ба хавдар төст эмгэг үүсэхэд

нөлөөлөх тархварын хүчин зүйлийг тодорхойлж судалгааны үр дүнг SPSS-11 программыг ашиглан тооцоолсон болно.

Үр дүн:

Бид судалгааны ажлаа 2005-2009 онуудад КНАГ, ХСҮТ-ийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт хийв. Шинжилгээгээр батлагдсан 100 өвчтөнийг гурван хэсэгт ангилан судаллаа. Нэгдүгээр бүлэгт өндгөвчний хоргүй хавдартай 51 өвчтөн, хоёрдугаар бүлэгт өндгөвчний хавдар төст үүсгэвэртэй 20 өвчтөн, гуравдугаар бүлэгт өндгөвчний хортой хавдартай 29 өвчтөнийг хамрууллаа. Өндгөвчний

бүтцийн өөрчлөлт эмнэлзүй болон хэт авиан шинжилгээгээр тогтоогдоогүй 100 эмэгтэйг хяналтын бүлэг болгож авлаа. Судалгаанд хамрагдсан нийт эмэгтэйчүүдийн 63,5% нь нөхөн үржихүйн насны, 36,5% нь цэвэршилтийн насны эмэгтэйчүүд байлаа. Үүний 65,5% нь нөхөртэй, үлдсэн хувь нь нөхөргүй байв.

Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн насыг 15-19, 20-24, 25-29 гм насны бүлэгт ангилсан юм. Насны бүлгээр авч үзэхэд өндгөвчний хоргүй ба хортой хавдар 60-аас дээш насанд (19,6% ба 24,1%), хавдар төст үүсгэвэр 20-24 насанд (30%) илүүтэй тохиолдож байна.

Хэлцэмж: 

Бидний судалгаагаар өндгөвчний хоргүй хавдруудын дотор эхний байранд хучуур эсийн хавдар (80,0%) тохиолдож байгаа нь эрдэмтэн Л.И.Чарквианигийн (76%) судалсантай дүйж байна. Өндгөвчний хавдар төст эмгэгийн дунд дермоид уйланхай (30,0%) манай судалгаанд хамгийн их тохиолдсон бол Н.Д.Селезневагийн судалгаатай ойролцоо (22%) байна4.

Өндгөвчний хоргүй хавдар, хавдар төст эмгэгийн үед эмэгтэйчүүдийн биений юмны мөчлөгт өөрчлөлт гардаггүй хэмээн үзэж байв. Харин Н.Д. Селезнёва, Б.И. Железнова нарын судалгаагаар биений юмны элбэгшилт хоргүй хавдартай эмэгтэйчүүдийн 13,4%-д, сарын тэмдгийн хомсдол 8,4%-д тохиолдож байгаа нь

бидний судалгаатай ойролцоо байна (19,4% ба10,8%). Мөн Л.В. Адамяны тогтоосноор 22,4%-д биений юм өвдөлттэй ирдэгтэй бидний судалгаа тохирч байна (20,4%)5. Бидний судалгаанд эрүүл эмэгтэйчүүдийн 29,0%- д нь биений юм 12 наснаас өмнө ирсэн байхад Е.А.Богдановын судалгаанд 13 насанд ихэнх эрүүл эмэгтэйчүүдийн биений юм ирсэн байна (45%). Дээрх эмгэгүүдтэй эмэгтэйчүүдийн 23% нь бага аарцгийн эрхтэнд ямар нэг хагалгаа хийлгэж байсан өгүүлэмжтэй байсан нь бидний судалгаатай дүйж байна. Бидний судалгаанд өндгөвчний хоргүй хавдар, хавдар төст эмгэг үүсэхэд умайн хоргүй хавдар (RR=1,81), кесар хагалгаа (RR=1,51) нөлөөлөх хүчин зүйл болж байгаа нь тогтоогдлоо6. Ийнхүү бидний судалгааны үзүүлэлт гадаадын судалгааны үр дүнтэй тохирч байгаа нь бидний судалгаа зохих түвшинд болохыг илтгэж байна.

Дүгнэлт:

1. Өндгөвчний хоргүй хавдарын тохиолдлын 60,8% нь өндгөвчний бүрхүүл эдийн гаралтай ийлдэст цистаденом, 17,6% нь салсархаг цистаденом, 9,8% нь тератом эзэлж байхад хавдар төст эмгэгийн дотор дермойд, эндометрийн ба хучуур эдийн уйланхай тус бүр 30,0% байна.

2. Манай орны эмэгтэйтэйчүүдэд тохиолдож байгаа өндгөвчний хавдрын 80,0% ийг хучуур эдийн гаралтай хавдар эзэлж байна.

3. Өндгөвчний хоргүй хавдар үүсэхэд үтрээний үрэвсэл (RR=2,80), умай, дайварт хийгдсэн хагалгаа (RR=2,46), умайн хоргүй хавдар (RR=1,44) нөлөөтэй байхад хавдар төст эмгэг үүсэхэд умайн хоргүй хавдар (RR=1,81), кесар мэс засал (RR=1,51) нөлөөтэй байна.

Ном зүй

1. Хавдар судлалын тулгамдсан асуудлууд. Эрдэм шинжилгээ-практикийн бага хурлын илтгэлийн хураангуй. 1999. х. 3
2. Эрүүл Мэндийн Яам,Эрүүл Мэндийн Хөгжлийн Үндэсний төв: Хүн амын нас баралтын шалтгаан, хорт хавдрын өвчлөл,нас баралт. Эрүүл мэндийн үзүүлэлтүүд. 2001. х. 9-11,25-32.
3. Нечаева И.Д. Опухоли яичников. Ленинград. 1987. с.120 .
4. Савельва Г.М. Лапароскопия в гинекологии. М. 2000. с 56.
5. Адамян Л. В., Фанченко Н.Д., Алексеева М. Л. Диагностическая значимость определении онкомаркеров СА-125, СА-12-9 и РЭФ в гинекологии: Метод. Рекомендации. 1994. с.111.
6. Caspi B, Appleman Z, Rabinerson D, et al: The growth pattern on ovarian dermoid cysts: A prospective study in premenopausal and postmenopausal women. Fertil Steril 68:501, 1997
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Я.Эрдэнэ-Очир


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4189
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК