Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 1(143)
GPP буюу нийтлэг зохист технологи(-ийн шаардлага)
( Редакцийн зурвас )

П.Нямдаваа

 
Абстракт

Манайхан одоо GMP (Good Manufacturing Practice) буюу эм, хүнсний үйлдвэрлэлийн технологид тавигдах чанарын хяналтын шаардлагуудын тухай сайн мэддэг болжээ. Энэ нэр томъёонд одоогоор тогтсон монгол хувилбар байхгүй боловч GMP гэсэн англи товчлолоороо олон хүнд ойлгогдох болж байх шиг байна. Түүх хөөвөл энэ нэр томъёог анх АНУ-ын 1938 оны “Хүнс, эм, гоо сайхны барааны хууль”(1938 Food, Drug, and Cosmetic Act [21US351])-д хэрэглэсэн гэх [1] бөгөөд 1990-ээд оноос ДЭМБ гишүүн бүх орныхоо эмийн үйлдвэрлэлд ийм шаардлага тавих болсноор энэ нэр томъёо хөгжиж буй орнуудад, түүний дотор Монголд хэрэглэгдэж эхэлсэн билээ.

Энэ ойлголт чанарын үзүүлэлтийн өөр олон чиглэлийг хамрах хандлагатай болж, одоо дэлхий нийтээр GLP (Good Laboratory Practice) [2] буюу лабораторийн технологийн зохист шаардлага, GCL (Good Clinical Practice) [3] буюу эмнэлзүйн туршилтын зохист шаардлага хэмээн ярих, бичих болж байна.

Энэхүү жишгийг даган анагаахын эрдэм судлалын нийтлэлд тавигдах чанар, ёс зүйн асуудлаар нэгдсэн шаардлагад хүрэх зорилгоор анагаахын олон улсын чанартай сэтгүүлүүдийн эрхлэгчид анагаахын эрдэм судлалын нийтлэлийн хамгийн эртний, нэр хүндтэй хэвлэлийн нэгэн болох Британий Анагаах Ухааны Сэтгүүл(BMJ: British Medical Journal)-ийг түшиглэн Нийтлэлийн Ёс зүйн Хороо (COPE: Committee on Publication Ethics)  [4] хэмээх олон улсын нээлттэй байгууллагыг 1997 онд үндэслэсэн нь Нийтлэлийн Технологийн Зохист Шаардлага (Guidelines on Good Publication Practice: GPP) [5] хэмээх зөвлөмж нийтлүүлж, түүнийг нь одоо олон улсын олон нийтийн шүүлтүүртэй (peer-reviewed) сэтгүүлүүд мөрдөх болсон байна. Энэ зөвлөмжинд эрдэм шинжилгээний бүтээлийн зохиогч (authorship), зохиогч бус (requesred acknowledgement- талархах ёстой) оролцогч гэдгээс авхуулаад олон нийтийн шүүлтүүр болон ишлэлд тавигдах шаардлагыг тодорхойлж, хуулга (redundancy, plagiarism) зар  сурталчилгаа (advertising), зүй бус (misconduct) нийтлэлд хэрхэн хандахыг тодорхойлсон нь манай мэргэжлийн сэтгүүлүүд ч гэсэн энэ зөвлөмжийг сайтар судлаж, нийтлэлд тавих шаардлагаа нийцүүлэх, эрдэм судлалын ажилд сургах (Master, PhD courses) хөтөлбөрүүдэд энэ  тухай заахаар тусгайлан оруулах хэрэгтэй болголоо. Үүнтэй холбогдоод хэдэн жилийн өмнө энэ сэтгүүлийн редакцийн зурвас болгон бичсэн нэгэн тэмдэглэлдээ “Энд нийтлэгдсэн материалууд биднээс урт наслаж, үүгээр л дамжуулан алс хойд үеийнхэн маань бидний тухай, өнөөгийн  анагаах ухааны тухай төсөөлөх болно. Чухам үүнд л бидний түүхийн өмнөх хариуцлага, бас цаг үеэ гэрчлэх баримт болохын бахархал оршино” [6] хэмээсэн маань улам ач холбогдолтой болж байна.

Нөгөө талаар манай судлаачдын монгол хэлээр хэвлэгдсэн бүтээлүүдийг компьютержсэн сүлжээнд оруулах, иш таталтын судалгаа бий болгох  нь манай анагаахын шинжлэх ухаан судлал (scientimetry)-ын тулгамдсан шаардлага боллоо. Монголын анaгаах ухааны академи энэ оноос эхлэн вэб сайтандаа “Монголын анагаах ухаан” сэтгүүлд хэвлэгдсэн бүтээлийн сан бий болгох зорилт тавин ажиллаж эхэлсэн нь энэ чиглэлийн үйл ажиллагааны эхний алхам болж байна. Эрдэм судлалын англи болон НҮБ-ын үндсэн хэлүүдээр нийтлэгдсэн бүтээл нь PubMed, Web of Science, Google Scholar зэрэг вэб сайтуудаар нийтийн хүртээл болчихоод байгаа нь биднийг хүлээж суух эрхгүй болгож байна.

Ном зүй

1. Good manufacturing practice http://en.wikipedia. org/wiki/Good_Manufacturing_Practice, accessed on March 12, 2008;
2. Good Laboratory Practice http://www.mhra.gov.uk/howweregulate/Medicines/Inspectionstandards/GoodLaboratoryPractice/CON009680, accessed on March 12, 2008;
3. Good Clinical Practice http://www.mhra.gov.uk/howweregulate/Medicines/Inspectionstandards/GoodClinicalPractice/index.tlm, accessed on March 12, 2008;
4. Committee on Publication Ethics http://en.wikipedia.org/wiki/Gommittee_on_Publication_Ethics, accessed on March 10, 2008;
5. Guidelines on Good Publication Practice http://www.publicationethics.org.uk/guidelines, accessedon March 10, 2008;
6. П.Нямдаваа (1999): Гуравдах мянганы зааг өөд, Монголын анагаах ухаан, №3(108):3;
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 687
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК