Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 2(144)
Монголын элэг судлалын өнөөгийн байдал, хэтийн төлөв
( Редакцийн зурвас )

Б.Цэрэндаш


 
Абстракт

Элэгний гайхамшигтай нарийн бүтэц зохион байгуулалт, түүний олон талт үйл ажиллагааг нэгтгэн дүгнэж, шүтэн барилдуулж үзвэл элэг ариусгалын төв эрхтэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Элэг гэмтсэн үед ядрах, сульдах, хоол унданд дургүй болох, огиулах бөөлжүүлэх, ухаан алдах зэрэг хурц ба архаг хордлогын шинжүүд илэрдэг. Иймд элэгний өвчин гэснээс хордлого гэсэн ойлголт илүү учир холбогдолтой мэт. Өнөө үед манай оронд элэгний эмгэг улам ихсэж байгаагийн гол шалтгаан дараах 5 хордлогоос үүдэлтэй.

  1. Нянгийн хордлого
  2. Архины хордлого
  3. Эмийн хордлого
  4. Идээ ундааны хордлого
  5. Үг үйлийн хордлого

Элгийг сонгомлоор гэмтээдэг 9 төрлийн вирүс нээгдсэнээс В, С вирүсийн халдвар архагших, хавдарших зэрэг аюултай. Эдгээрээс гадна бусад вирүс, сүрьеэг үүсгэгч хүчилд тэсвэртэй нян, helicobader hepaticus зэрэг нянгууд элэгний эмгэгийг үүсгэж болно.

Манай орны нөхцөлд архины шалтгаант элэгний эмгэг улам ихсэх хандлагатай байна. Архи болон спиртийн төрлийн ундааг зохистой хэрэглээнээс хэдэн арав дахин хэтрүүлэн хэрэглэсний улмаас архийг ариусган боловсруулдаг элэг гэмтэх нь мэдээжийн хэрэг юм.Эмийн бодисын 65-70% нь элгэнд ариусаж өөрийн үйлчилгээг үзүүлдэг болохоор эмийн хэрэглээний аюулгүй байдал ихээхэн алдагдсан өнөөгийн нөхцөлд элэгний эмгэг ихсэх бас нэгэн шалтгаан болж байна. ДЭМБ-аас дэлхийн үйлдвэрлэж байгаа эмийн 70 гаруй хувь нь хуурамч байгааг анхааруулж байна.гХэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр манай улс хүнснийхээ 70 гаруй хувийг гадаадаас авч байгааг болон түүний гарал үүсэл, бүтэц бүрэлдэхүүн, чанар чансаа, тоо хэмжээ зэргийн талаар сэтгэл сэртхийлгэмээр зүйлүүд олон гарч байна. Түүнээс гадна идээ ундааны зүйлийг бэлтгэх, тээвэрлэх, хадгалах, хэрэглэх талаар олон зөрчил илэрч байна. Энэ бүхэн элэгний эмгэг үүсэхэд ихээхэн нөлөөтэй.

Өнөө үед бараг хүн бүр стресс хэмээх гадаад үгийг байнга ярих болжээ. Гэвч энэ үг ямар утга учиртай болохыг бяцхан тайлбарламаар санагдав. Стресс гэгч зөвхөн хүнд л тохиолдоно. Эерэг, сөрөг 2 янз. Эерэг стрессийг үг үйлийн үр гэж нэрлэх бөгөөд хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. Харин сөрөг стрессийг үг үйлийн хор гэж ойлговол зохистой. Үг үйлийн хордлогонд сэтгэл мэдрэл, ходоод гэдэс, зүрх судаснаас гадна элэг цөс ихээр өртөгдөнө. Үг үйлийн хордлогыг тайлах арга нь ч ялгаатай. Үгийн хорыг үгээр, үйлийн хорыг үйлээр л тайлж болно. Дэлхийн нэрт эрдэмтдийн олон жилийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үндсэн дээр тулгуурлан ДЭМБ-аас хүн төрлөхтөнд тохиолдож байгаа эмгэгийн 50-55% амьдралын хэв маягаас, 20-25% удамшлаас, 20-25% хүрээлэн байгаа орчны нөлөөллөөс болж үүсдэг болохыг тогтоосон. Элэгний эмгэг үүсэхэд дээрх 5 шалтгаанаас гадна удамшил, дархлааны тогтолцоо, ходоод гэдэс, нойр булчирхай, уушиг зүрх, бөөр зэрэг эрхтний эмгэгүүд зохих нөлөөтэй. Үүнийг ч бид анхааран үзэх шаардлагатай.Цаашид В, С вирүсийн үе шат, удмын хэв шинж, интерферон болон вирүсийн эсрэг бусад эмчилгээний асуудал, архийг ариусган боловсруулдаг а лкохолдехидрогеназ,альдехидехидрогеназ ферментийн удмын шинж, хүн амын доторх тархалт, эмийн бодисыг ариусган боловсруулдаг ферментүүдийн удмын онцлог шинжүүд, түүний задралын метаболитуудын концентраци зэргийг молекулбиологийн аргаар тодорхойлох багаж төхөөрөмж, эм урвалж, уян дуран, ангиографи, СТ, MRI зэрэг дүрслэл оношлогооны багаж төхөөрөмжийн хангамжийг дэлхийн түвшинд хүртэл сайжруулж чадвал манай оронд элэг судлалыг амжилттай хөгжүүлэх ихээхэн боломж бий.Хурц ба архаг хепатит, элэгний цирроз, өөхжилт, зэрэг элэгний эд эсийг түгмэлээр гэмтээдэг өвчнүүд шаталсан хэлбэрээр явагддаг. Эдгээр өвчний төгсгөлийн шат нь элэгний цирроз бөгөөд үүдэн хураагуурын даралт ихсэж, тэндээс цус алдах, хэвлийн хөндийд шингэн хуралдах, элэгний эд эсийн дотрох бодисын солилцоо хямарч уураг альбумины хэмжээ багасах, цусны бөлөгнөлт буурах, хавдарших зэрэг амь насанд аюултай олон хүндрэлд хүргэдэг. Элэгний эмгэгийг эмчлэх эцсийн арга бол элэг шилжүүлэн суулгах эмчилгээ юм. Элэг шилжүүлэн суулгах аргыг анх 1955 онд нохойн дээр туршиж, 1963 онд цөсний цоргоны төрөлхийн битүүрэл бүхий 3 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийж эхэлснээс хойш 1990 онд АНУ-ын элэг шилжүүлэн суулгах 60 төвд 2700 өвчтөнд, 2005 онд дэлхийн элэг шилжүүлэн суулгах 200 гаруй төвд жил бүр 10000 гаруй өвчтөнд хийх болжээ. Элэг шилжүүлэн суулгахад элэг шилжүүлэн суулгах заалтыг нарийвчлан тогтоох, донорыг олох, сонгох түүний ёс зүйн асуудлууд, элэг шилжүүлэн суулгахын өмнөх ба дараах эмчилгээ, гарч болзошгүй хүндрэл, түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг олон нарийн асуудлыг оновчтой шийдвэрлэх шаардлагатай байдаг. 

Нотолгоо түшсэн анагаах ухаан, мэдлэгт суурилсан эдийн засаг, шинжлэх ухаанд тулгуурласан нийгмийг хөгжүүлэх үзэл баримтлал, тогтолцооны ерөнхий онолын үүднээс авч үзвэл цаашид элэгний эсийн үйл ажиллагааг бусад эс эд, эрхтэн тогтолцоо хоорондын шүтэн барилдлагыг нарийвчлан судлах, дэлхийн шилдэг стандартыг анагаах ухааны оношлогоо, эмчилгээнд нэвтрүүлэн хэрэгжүүлэх шаардлага зайлшгүй урган гарч байна.

Өнөө үед элгийг хэсэгчлэн авч шилжүүлэн суулгах талаар эрдэмтэд ихээхэн чармайлт гаргаж зохих үр дүнд хүрч байна. Энэ бол элэгний эс 150 хоногт шинэчлэгдэн нөхөн ургах чадвартай болохыг хархан дээр хийсэн туршилт судалгаагаар тогтоосонтой холбогдон гарч байгаа чухал үр дүн мөн. Монгол улсад ойрын ирээдүйд элэг шилжүүлэн суулгах бэлтгэл ажил амжилттай хийгдэж байна.Биотехнеологи, нанотехнеологи өндөр хурдацтай хөгжиж байгаа өнөөгийн эрин үед элэгний эс тус бүр, түүний бүрэлдэхүүн тус бүрийг туршилт судалгааны аргаар ялган авч тэдгээрийн үйл ажиллагааг нарийвчлан судалж ихээхэн сонирхолтой үр дүнд хүрч байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1002
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК