Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2010, 1(151)
Уламжлалт анагаах ухааныг шинжлэх ухааны үндэслэлтэй судалсан 50 жилийн судалгааны үр дүнгийн тойм
( Судалгааны өгүүлэл )

 

Б.Дагвацэрэн1, Ч.Чимэдрагчаа2, Г.Наранцэцэг3

 

Уламжлалт Анагаахын Шинжлэх Ухаан, Технологи, Үйлдвэрлэлийн Корпораци

 

 
Абстракт

 

 

Review of 50 years  study  results on traditional medicine with scientific basis 

The pharmacological laboratory was founded in 1959 under the jurisdiction on Mongolian Science Academy, which was the beginning of research in traditional medicine with scientifi c root.

During this time the huge work was done to determine the resource, location and terminology of the raw materials of plants, animal and mineral origin.

Traditional Medical Science Technology and Production Corporation has done many works such as historical development, fi nd rare tantras written by Mongolian otoch lama and translate from Tibetan to mother language, studied theory method specialty of Mongolian traditional medicine detailed way, fi nd and defi ned, study Mongolian medical plants, minerals and animals, plant and increase them, fi nd new substance doing chemical and pharmacological studies, explain medical action, improved standardization technology of drugs and tans, study with evidence based methods the clinical research of prevention from diseases, diagnose, effect of drugs and tans.

            By analyzing it on the basis of theory and methodology of modern general systems theory It was proven that the Mongolian Traditional Medicine is natural law system .

 The 60 new substances which were unknown before in science were defi ned from the Mongolian medical plants Chemical pharmacological investigation of the medical substances which were used in Traditional Medicine was carried out with the broad range.

Therefore about 30 new drugs were produced and transmitted to industry.

Moreover plantation to grow medical plants and station to breed the musk-deer were built .

During this time over 30 people obtained had Ph.D or SC.D degree in Traditional Mongolian pharmacological and pharmaceutical sector.

 

 

 

Монголын уламжлалт анагаах ухаан нь өнө эртний түүхтэй, өөрийн орны байгал цаг уур, нүүдэлчин ардын соёл иргэншлийн онцлог байдлыг тусган түүхийн олон үе шатыг туулан хөгжиж ирсэн орчин үеийн анагаах ухаанаас зарчмын хувьд ялгаатай харьцангуй биеэ даасан тогтолцоо юм.

 Гэвч түүхийн тодорхой цаг үед буюу коммунист үзэл суртлын нөлөөгөөр уламжлалт анагаах ухааны хөгжил саарч судалгаа, сургалт, эмчилгээ, эм тан үйлдвэрлэлийн өвөрмөц технологи үндсэндээ тасарч алдагдахад хүрч байв.

Харин 1959 онд анх эм судлалын лаборатори байгуулагдсан нь Монгол, Төвдийн болон дорно дахины уламжлалт анагаах ухааныг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан, шинээр сэргээн хөгжүүлэх эхлэл тавигдсан хэмээн судлаачид санал нэгтэй үздэг. Энэ үед Монгол улсаас гадна ОХУ, БНХАУ, Буриад, Өвөр  Монгол, Энэтхэгийн Дармасала хотод Монгол, Түвд уламжлалт анагаах ухааныг судлах лаборатори, төв, сургуулиуд шинээр байгуулагдан ажилласан түүхээс үзвэл Уламжлалт анагаах ухааны сэргэн мандлын эхлэл олон улсын шинжтэй байсныг харуулдаг.

Одоо Уламжлалт Анагаахын Шинжлэх Ухаан Технологи Үйлдвэрлэлийн Корпорацид ажиллаж байгаа эрдэм шинжилгээний бие бүрэлдэхүүнийг авч үзвэл: МАУА-ийн гишүүн 2, АШУ-ны доктор, профессор 2, доктор 8, магистр 6 ажиллаж байна. УАШУТҮК-д уламжлалт анагаахын доорхи үндсэн чиглэлүүдээр, тухайлбал түүхэн хөгжил, Монголын оточ лам нарын бичсэн ховор судрыг эрж хайн түвд хэлнээс эх хэлэндээ орчуулж судлах, уламжлалтанагаах ухааны онол арга зүйн онцлогийг нарийвчлан судлах, Монгол орны эмийн ургамал, эрдэс, амьтныг танин тодорхойлж шинжлэх, тарималжуулах, өсгөн үржүүлэх, хими-фармакологийн судалгааг бүхий л чиглэлээр гүйцэтгэж шинэ бодис илрүүлэх тэдгээрийн эмийн үйлдлийн механизмыг тайлбарлах, эмт бодис, эм тангийн стандарт технологийг боловсронгуй болгох, эмнэл зүйн судалгааг өвчнөөс сэргийлэх, оношлогоо, эм, заслын аргын үр нөлөөг нотолгоотой үнэлэх зэргээр гүйцэтгэж ирсэн байна.

Судалгаа шинжилгээг явуулахдаа уламжлалт эмнэлгийн онцлог, өвөрмөц, тэргүүлэх зарчмуудыг дээд зэргээр хадгалан орчин үеийн судалгааны арга зүйг ашиглан молекул, эд, эс, мембран, эрхтэн, бие махбодын эрхтэн тогтолцооны байдалд үнэлгээ өгөх зарчмыг баримтлаж ирсэн байна.

Ингэж янз бүрийн хандлагыг иж бүрнээр авч үзэх нь тодорхой үр дүнд хүргэх юм. Монголын ууган оточ Лувсанданзанжанцангийн зохиосон “Язгуур үндэсний тайлбар тодруулагч зул”, “Өвчний ялгалыг сайтар үзүүлсэн тодорхойлол оршвой”, Лүнрэг дандарын туурвисан “Манж Чойнжун”, “Жүд-шийн тажод”, “Жүдшийн дадол”, “Лхантавын дадол”, “Ца да галдойн тажод”, Чойжамцын “Онцаргадондэр зод”, Ишданзанванжилын “Жирү дошал” зэрэг ном зохиолуудыг олж цуглуулж түвд хэлнээс орчуулан судлан нийтэлж олны хүртээл болгосон байна.

Монголын уламжлалт анагаах ухааны нэг томоохон салбар бол эмийн ургамал, амьтан, эрдсийн гаралтай эмт бодисын судлал юм. Монгол орны эмийн ургамал, амьтан, эрдсийн бүртгэл, тархалт, нөөц, байршил, нэрийн оноолт, зүйлийн бүрэлдэхүүний тодорхойлолтыг шинжлэх ухааны арга зүй ашиглан нарийвчлан тодорхойлох зорилгоор 1959-1960 онд Монгол-Хятадын, 1970-1974 онуудад Монгол-Оросын, 1975-1976 онд Монгол-Германы эрдэмтэн судлаачдын хамтарсан хайгуул шинжилгээний экспедицийг зохион байгуулж ажилласны дүнд шийдвэрлэж ирсэн байна. Энэ ажилд тухайн үед амьд сэрүүн байсан зарим нэг оточ, маарамба, лам нарыг татан оролцуулж ажилласнаар манай орны ихэнх эмт бодисын байршил, тархац, нөөц, нэрийн танилтыг тогтоож чадсан нь цаашдын судалгааны ажлын үндэс суурь болж өгсөн байна.

Судалгаа шинжилгээний дүнг нэгтгэн “Дорно дахины анагаах ухааны судар бичгийн тойм”, “Монголын Уламжлалт Анагаах Ухаан”, “Улсын комиссын нэр томъёоны мэдээ”, “Монголын Уламжлалт анагаах ухааны түүх”, “ Анагаах ухааны дөрвөн үндсийн тайлбар толь” 1999, “Улсын комиссын нэр томъёоны мэдээ” 1962, ¹61, “Дорно дахины анагаах ухааны судар бичгийн тойм” 1975, “Лекарственные растения в монгольской медицине (Историко-мед исследования) 1978, “Лекарственные растения в монгольской медицине” 1985, “Монгол ардын эмнэлэгт хэрэглэгдэж байсан зарим эрдэс” 1975, “Ардын эмнэлэгт хэрэглэгдэж байсан амьтны гаралтай эм” 1972, 1982, “Монголын уламжлалт анагаах ухаан” 1990, түүнчлэн тулгуур шинжилгээний ажлын үр дүнг нэгтгэн: “Монголын уламжлалт анагаах ухаан” 1990, “Хий шар бадган-мембрант байгууламж” 1995, “Монгол түвдийн уламжлалт анагаах ухааны үндсэн зүй тогтол” 1996, “Хүнс, эмийн язгуур махбодын нэрийн толь бичиг” 2000, “ Буддын сургаал – шинжлэх ухаан” 2003, “Түвдийн анагаах ухааны эртний түүх” 2003, “Өвчнөөс сэргийлэх уламжлалт анагаах ухааны ёс” 2003, “Уламжлалт эмт бодис, жорын хяналтын лавламж” 2003, “ Ургамлын эмийн зохистой хэрэглээний гарын авлага” 2005 ба бусад ном бүтээл хэвлүүлсэн байна.

Түүний зэрэгцээ “ Байгалийн нэгдлийн хүрээлэнгийн бүтээл” 8 цуврал, “Тэжээхүйн ухаан” нэртэй 7 эрдэм шинжилгээний бүтээлийн түүвэр, эрдэм шинжилгээ, практикийн бага хурлын материал 5, “Уламжлалт анагаах ухаанмэдээллийн сан” гарын авлага цувралаар 6-г тус тус хэвлүүлсэн байна. Онол арга зүйн хувьд авч үзвэл: Монгол, түвд анагаах ухаан судлалд анх удаа тогтолцооны ерөнхий онол, бүтэц тогтолцоо, тогтолцоо-кибернетик хандлага арга зүйг хэрэглэн задлан шинжилж, УАУ нь байгалийн шинжтэй жам ёсны хууль, зүй тогтолд үндэслэгдсэн тогтолцоо болохыг тайлж тодорхойлсон явдал юм. “Хий, шар, бадганы тухай ухагдахуун бол бие тогтолцооны анхдагч түгээмэл чанар буюу анхдагч элемент мөн” гэсэн шинжлэх ухааны шинэ таамаглал дэвшүүлсэн явдал.

Бие махбодын дотоод хэсгүүдийн хоорондын болон мөн орчин хоорондын харилцаа хамааралд тогтолцооны ерөнхий онолын хуулиуд, тухайлбал: Биеийн өвөрчлөл 7 байдаг нь тогтолцооны ерөнхий онолын тогтолцоог хувиргах нэгдүгээр түгээмэл хуулиар, бүхэнд түгэх ерөнхий өвчнийг 101 ялгадаг ёс нь изоморфизмын хуулиар, эмийг амт чадлаар найруулах уламжлалт арга нь  полиморфизмын хуулиар, бие орчинтойгоо шүтэн барилдаж орших ёс бол тогтолцооны онолын эргэх хуулиар, нэмэр өвчний ялгал нь харилцан үйлчлэлийн түгээмэл хуулийн дагуу тус тус хэрэгждэг болохыг илрүүлэн тайлбарласан байна.

            Энэ бол өрнө дорнын анагаах ухааны олон талт асуудлыг үндэслэлтэйгээр авч үзэж задлан шинжлэх замаар нэгтгэмэл анагаах ухаан буюу дэлхийн гуравдагч анагаах ухааны онол арга зүйг үндэслэлтэйгээр боловсруулах боломж байгааг харуулж байна. Тогтолцооны онол хандлагыг Буддын логиктой хослон УАУ-ны судалгаанд хэрэглэснээр өвчнөөс сэргийлэх, оношлох, халуун хүйтэн өвчний явцыг ялган таних олон найрлагатай эм тан, заслын аргыг өвчний явцтай зөв уялдуулан оновчтой сонгох зэрэг эмчилгээний практик ач холбогдолтой шинэ хандлагуудыг бий болгож байна.

Онол практикийн чухал ач холбогдолтой судалгаа шинжилгээний нэг томоохон чиглэл бол өнгөрсөн 50 жилд эх орны эмт бодисыг адилтган таньж тэдгээрийн ургах газар, орших орон, тархац нөөцийг тогтоож уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн мэдээ, мэдлэгийг үндэслэл болгон шинжлэх ухааны арга зүй ашиглан химийн бүтэц найрлагыг нь тогтоон, эм зүй, эм судлалын үйлдлийн мөн чанарыг нь тодорхойлох замаар байгалын гаралтай, гаж хортой нөлөөгүй, эмийн өндөр үйлдэлтэй шинэ эм бүтээж эрүүлийг хамгаалахын практикт нэвтрүүлэх асуудал байлаа.

 Олон арван зүйлийн эмт бодисын химийн судалгаа хийснээс Цахилдаг, Хавраг. Чонын өргөсийн төрлийн ургамлаас өмнө нь шинжлэх ухаанд мэдэгдээгүй байсан 60-аад флавноидын болон сесквитерпений уламжлалын бодисуудыг нээн илрүүлсэн байна.

            Судалгааны явцад 120 эмт бодисын техникийн нөхцөл, стандарт, 180 уламжлалт эм тангийн технологийн болон хяналтын зааврыг боловсруулан ЭМЯ-ны сайдын тушаалаар батлуулан мөрдүүлж ирсэн байна.

 Хими-фармакологийн туршилт судалгаа явуулсны дүнд 30 шахам төрлийн шинэ эм бүтээн практикт нэвтрүүлжээ. Тухайлбал: Ходоод, элэг, бөөрний үрэвсэлт өвчин, яр шарх, ясны хугарал зэрэг олон өвчний үед эсрэг үйлдэлтэй “Брагшуны ханд, үрэл” элэг цөсний өвчнийг эмчлэх Саксифраген, Берхессазин, янз бүрийн шалтгаантай цус алдалтыг зогсоох үйлдэлтэй Аржирмин, Алтан утас, Лиликоагулянт, буйлны үрэвслийг намдаах Алюмекатин, цэр ховхлож, ханиалга намдаах үйлдэлтэй Стеллериафитин, атеросклерозоос сэргийлэх, эмчлэх үйлдэлтэй Тласол, зүрхний титэм судасны агчилт, хэм алдалтын эсрэг идэвхитэй Астрадин, Асваргал, Артенол, ходоодны салт бүрхэвчийг шархлаанаас хамгаалах, эмчлэх үйлдэлтэй Сугаст, тайвшруулах үйлдэлтэй Нейровалин, Валмедин, витамины дутагдлыг нөхөж, биеийн тэнхээг сайжруулах үйлдэлтэй Розеацервит зэрэг тодорхой эрхтэн системийн өвчин эмгэгээс сэргийлэх, тэдгээрийг эмчлэх үйлдэлтэй эм бэлдмэлүүд бүтээгээд байна.

Корпорацийн эм судлалын лабораторид сүүлийн хэдэн жилийн турш хүний биеийн тэнхээ тамирыг сайжруулах (адоптоген), хөгшрөлтөөс сэргийлэх үйлдэл бүхий сонгомол нөлөөтэй шинэ эм бүтээх зорилго тавин судалгаа шинжилгээний ажил гүйцэтгээд байна. Энэ хугацаанд 20 гаруй төрлийн байгалийн гаралтай эмт бодисын химифармакологийн судалгааг хийж гүйцэтгэсэн.

Дендронизид-биеийн тэнхээ тамирыг сайжруулан, ядралтаас хамгаалах үйлдэлтэй. Прокаприн–биеийн ядаргааг тайлж, улаан хоолой, ходоодны гилгэр булчингийн агшилтыг тавиулна.

Бирааг-5–Бөөрний тамир, илчийг сэлбэж, цус төлжүүлэн, шээс хөөх, дааврын үйл ажиллагааг идэвхижүүлэх нөлөөтэй Цинаспол–оюуны болон биеийн хөдөрмөрийн чадамжийг дээшлүүлж төрөл бүрийн өвчний дараах бие сэтгэцийн сульдлын хам шинж илэрсэн үед хэрэглэхэд тустай.

Топацин–биеийн чалхыг сайжруулна. Эквиман–оюуны болон биеийн хүчний тамирдалт, нойргүйдэл, хоолонд дуршил муудах, цус багадалтыг эмчлэхэд хэрэглэнэ.

Леокапол–эмэгтэйчүүдийн умайн дайврын үрэвсэл, бөөр шээсний замын үрэвсэлт өвчин, сарын мөчлөгийн хэм алдалт ялангуяа цэвэршилтийн хам шинжийн үед хэрэглэнэ. Астрамон – тайвшруулах үйлдэлтэй.

            Төрөл бүрийн мэдрэлийн саа, саажилтаас сэргийлэн эмчлэх үйлдэлтэй Нейромускон, эр бэлгийн чалхыг дээшлүүлэх зориулалттай Топацин, эмэгтэйчүүдийн хавдрын бус өвчнөөс сэргийлэх эмчлэх үйлдэлтэй Глицисоя, зүрх судасны эмгэгийн үед сэргийлэх болон эмчилгээний зорилготой хэрэглэх Асикардол зэрэг шинэ эмүүдийн эмнэлзүйн судалгааг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, ЭМШУИС, УКТөв эмнэлэг, АУХ, Гронтологийн төв, I-р амаржих газрын эрдэмтэн багш, эмч судлаач нартай хамтран хийж эмнэлгийн практикт шилжүүлэхэд бэлэн болгоод байна.

Одоо манай судлаачид элэг хамгаалах, ил далд шарх анагаах, өвдөлт намдаах, өөх тосны солилцооны хямралыг зохисжуулах үйлдэлтэй шинэ эм зохион бүтээх, мөн уламжлалт эм тан найруулах аргын үндэслэлийг тайлбарлах, зарим эмт бодисын номхотгох ёсны үндэслэлийг тогтоож технологийг нь боловсронгуй болгох эмчилгээний үр нөлөөтэй хялбар төсөр уламжлалт аргыг судлан эмнэлгийн практикт хэрэглэх, УАУ-ны үндсэн нэр томъёог түүвэрлэн толь бичиг хийх зорилтууд тавин ажиллаж байна.

 Судалгааны бас нэг чиглэл бол дорно дахины анагаах ухаанд монголын буюу монголоос гаралтай хэмээн алдаршсан эмчилгээний заслын аргуудын шинжлэх ухааны үндэслэлийг тогтоож, эмчилгээний

практикт нотолгоонд сууршин хэрэглэх явдал байсан.

Тархи доргилтыг эмчлэх бариа заслын аргыг хэдийгээр монголчууд эртнээс хэрэглэж ирсэн боловч нотолгоо үндэслэл нь тогтоогдоогүй байснаас эмнэлгийн практикт өргөнөөр нэвтэрч хэрэглэгдэхгүй байсан.

Судалгааны эхэнд тархи доргилтын үед парабиозын байдалд орсон уураг тархин дахь агшимтгай молекулын бүтэцүүд бариа заслын үеийн механик долгионы нөлөөгөөр сэргэж хэвийн байдалдаа ордог нь тогтоогдсон байна.

 Тархи доргилтын оношыг үнэн зөв тавьсан нөхцөлд толгойг барьж засах нь хамгийн оновчтой арга болох нь нотлогдсон юм. Судалгааны энэ ажлаар шинэ бүтээлийн эрх хамгаалсан бөгөөд одоо эмнэлгийн практикт өргөн хэрэглэгдэж байна.

Элэгний зарим архаг өвчний үед уламжлалт хануур заслыг хийх нь элгэн дэх үрэвслийн процессын даамжралт, уг өвчний эмгэг жамын явцыг таслан зогсооход чиглэгдсэн эмчилгээний зохистой арга болох нь нотлогдож байна.

            Түүнчлэн монгол төөнө, түрэм заслын үйлдлийн мөн чанарыг судлан, тэдгээрийн нөлөөгөөр биеийн дархлаа эрчимжин, өвчин эсэргүүцэх чадвар нэмэгддэгийг судлаачид тогтоосон нь эдгээр заслын аргуудыг зохих үндэслэл нотолгоотойгоор эмчилгээнд хэрэглэх нөхцөл боломжийг олгосон байна.

 Эх орны ховор, ховордсон эмийн ургамлыг тарималжуулах асуудалд анхаарч, Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт 10 га газар плантаци байгуулж 20 гаруй зүйл эмийн ургамал тарималжуулж байна.

Тэдгээрийн заримыг хагас үйлдвэрлэлийн хэмжээнд тариалж, эм үйлдвэрлэхэд ашиглаж байна.

 Мөн эмийн ховор амьтан болох хүдэр үржүүлэх станцыг Гачуурт тосгонд байгуулж, хүдрийн заарыг сааж эмэнд хэрэглэх ажил хэрэгжиж байна.

Ийнхүү өнгөрсөн 50 жилд уламжлалт анагаах ухааны бараг бүхий л салбарыг хамарсан судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэсэн үр дүнгээс товч тоймлон авч үзлээ.

Цаашдаа судалгааны лаборатори, эмийн үйлдвэрийн багаж тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулж судалгаа шинжилгээ, технологи боловсруулах, ажлын онол арга зүйн түвшинг улам дээшлүүлж эрдэм шинжилгээний ажлын практик үр өгөөжийг улам нэмэгдүүлэх явдал өнөөдрийн чухал зорилт болон тавигдаж байна.

 

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2406
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК