Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2010, 1(151)
Дэлхийн эрүүл мэндийн салбарын шинэ зууны сорилт ба азийн боломж
( Судалгааны өгүүлэл )

 

Д. Чулуунцэцэг1

 

“Буянт сэтгэлт хүү” Төрийн бус байгууллага1

 
Абстракт

 

Global  trends in health care and asian chance

This report is involved in formulating important trends determining the future of health care industry on global scale and the author’s opinion how these trends creating potential opportunities and challenges to Mongolian traditional medicine.

The increasing demand for effective treatment for chronic diseases and continuously rise of health care costs throughout the western world in the last decade are the suitable condition for Asian medical systems to show its advantage.

            Also the author initiated a brand new idea in the report that the stream of medical tourists to Asian countries seems to become a new “Silk Road” between East and West. Changes in buying behavior on health care market confi rms that mixed treatment methods which are combination of western allopathic and eastern traditional methods will be more demanded on the market of chronic diseases in the future.

 But it is a one-sided concept that if we consider to reach success on the market by converting western and traditional treatment methods into mixed model with the solely reason of benefit.

In order to satisfy the wisdom of modern people with scientifi c thinking it will need scientifi c justifi cation to explain it on theoretical basis.

By this reason, the western allopathic and Asian traditional medicines are becoming close and dependent from each other. Mongolians shall develop own traditional medical system in modern time.

            If to develop a Mongolian health technology and service model with its specifi cs and individuality we can compete on global scale

 

Эрүүл мэндийн салбарын ирээдүйг тодорхойлох нөлөөтэй глобал чиг хандлагууд болон тэдгээр нь Монголын уламжлалт эмнэлэгт ямар сорилт бас боломжийг олгож буй талаар зохиогч хувийн дүгнэлтүүдээ илтгэлд багтаасан болно.

 Дэлхийн өндөр хөгжилтэй орны иргэдийн эмнэлгийн талаархи уламжлалт ойлголт өөрчлөгдөж, байгалийн болон ардын эмчилгээний аргуудыг ихэд сонирхох болсон нь анагаах ухааны салбарын цаашдын хөгжилд чухал нөлөөтэй хүчин зүйл болохнь тодорхой болоод байна.

 Сүүлийн үед ужиг өвчний эмчилгээний зардал хэт их өсч, дэлхий нийтийн асуудал болж байгаа нь Азийн уламжлалт эмнэлгүүдийн хувьд давуу талаа харуулах ашигтай нөхцлийг бүрдүүлж байна.

Эрүүл мэндийн хэт өндөр өртөгтэй үйлчилгээнээс зайлхийсэн барууны орнуудын өвчтөнүүд Азийн орнуудыг чиглэн хөвөрч эхэлсэн нь Ази-Европын хооронд дахин шинэ “Торгоны зам” болон зурайж болох санааг энэ илтгэлд гарган тавьсан болно.

 Цаашид ужиг өвчний эмчилгээний зах зээл дээр барууны аллопатик болон дорнын уламжлалт эмчилгээний аргуудыг хослуулсан холимог эмчилгээний загварууд илүү эрэлттэй болохыг эрүүл мэндийн үйлчилгээ хэрэглэгчдийн зан төлөвт гарч байгаа өөрчлөлтүүд нотолсоор байна.

 Гэвч зөвхөн үр дүн гарч байна гэдэг шалтгаанаар барууны болон уламжлалт эмнэлгийн аргуудыг холимог эмчилгээний загварт оруулах нь зах зээлд амжилт авчирна гэвэл өрөөсгөл ойлголт болно.

            Шинжлэх ухаанч сэтгэлгээтэй орчин цагийн хүний хэрэгцээг хангахын тулд онолын үндэслэлтэй тайлбар хийх ёстой болно. Энэ шалтгаанаар барууны аллопатик болон Азийн уламжлалт анагаах ухаан гэсэн онолын 2 гол урсгал биенээсээ үл хамааран зэрэгцэн оршиж байсан бол зах зээлийн эрэлт хэрэгцээ цаашдын тусдаа орших боломжгүй болгож байгаа асуудлыг энэ илтгэлд хөндсөн юм.

Эцэст нь энэхүү зах зээлийн шинэ орчин нөхцөлд Монголчууд өөрийн уламжлалт эмнэлгийн системийг хэрхэн хөгжүүлэх, “Монгол эмнэлэг” гэсэн өөрийн бие даасан онцлогтой эрүүл мэндийн технологи, үйлчилгээний загварыг хөгжүүлэхэд анхаарах зүйлсийн талаар тайлбарласан байна.

Оршил: Өнгөрсөн зууны анагаах ухаанд халдварт өвчин, осол гэмтлийг эмчлэх асуудал гол бэрхшээл учруулж байсан бол ужиг өвчний эмчилгээ шинэ зууны сорилт болон тавигдаж байна.

Сүүлийн хориод жилийн хугацаанд явуулсан судалгаагаар ужиг өвчний аюул дэлхийн улс орнуудын эдийн засгийн хөгжилд ноцтой хохирол учруулах хэмжээнд хүрснийг ДЭМБ аас судлан тогтоохын хамт ужиг өвчний эмчилгээнд уламжлалт анагаах ухааны арга илүү үр дүнтэй байгааг ч хүлээн зөвшөөрөх болсон нь санамсаргүй хэрэг биш юм.

Учир нь барууны өндөр хөгжилтэй орны иргэдийн эмнэлгийн талаархи уламжлалт ойлголт өөрчлөгдөж, байгалийн болон ардын эмчилгээний аргуудыг ихэд сонирхох болсон нь анагаах ухааны салбарын цаашдын хөгжилд чухал нөлөөтэй хүчин зүйл болох нь тодорхой болоод байна.

 Одоогоор дорнын уламжлалт анагаах ухаануудыг барууны орнуудад алтернатив (орлох гэсэн утгаар), конвенциональ бус (албан бус гэсэн утгаар) гэсэн ангилалд хамааруулан нэрлэ байгаа ч эмнэлгийн системдээ шинэчлэл хийх зорилгоор дорнын уламжлалт болон анагаах ухааныг судлан нэвтрүүлэх ажилд “ханцуй шамлан” ороод байна гэж дүгнэж болно.

            Цаашид ужиг өвчний эмчилгээний зах зээл дээр барууны аллопатик болон дорнын уламжлалт

эмчилгээний аргуудыг хослуулсан холимог эмчилгээний загварууд илүү эрэлттэй болохыг эрүүл мэндийн үйлчилгээ хэрэглэгчдийн зан төлөвт гарч байгаа өөрчлөлтүүд нотолсоор байна. Өнөөг хүртэл барууны аллопатик болон Азийн уламжлалт анагаах ухаан гэсэн онолын хоёр гол урсгал биенээсээ үл хамааран зэрэгцэн оршиж байсан бол зах зээлийн эрэлт хэрэгцээ цаашид ийн тусдаа орших боломжгүй болгож байна. Шинжлэх ухаан бол бүх хүн төрөлхтөнд хүртээмжтэй түгээмэл мэдлэг байдаг.

            Харин технологи бол улс үндэстэн, компани, байгууллага

бүрийн хувьд ялгаатай ур чадварын асуудал юм. Энэ утгаараа, хэдийгээр Монгол эмнэлэг нь Аюурведийн болон Төвд эмнэлгээс уламжлан авсан онолын сурвалжтай боловч Монголчууд “Монгол эмнэлэг” гэсэн өөрийн бие даасан онцлогтой эрүүл мэндийн технологи, үйлчилгээний загварыг хөгжүүлэх нь зүй ёсны хэрэг билээ.

 Монголчууд Цогц анагаах ухааны хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч орны нэг болж, эрүүл мэндийн үйлчилгээг өндөр түвшинд хөгжүүлэх боломж, түүнд хүрэх түүхэн нөхцөл, гадаад зах зээлийн орчин бүрдээд байгааг энэ илтгэлд онцлон дурдав.

 Эрүүл мэндийн салбар дахь глобал хандлагууд Эрүүл мэндийн салбарын ирээдүйг тодорхойлох нөлөөтэй глобал чиг хандлагууд болон тэдгээр нь Монголын уламжлалт эмнэлэгт ямар сорилт бас боломжийг олгож буй талаар хувийн дүгнэлтийг та бүхэнтэй хуваалцах хүсэлтэй байна.

            Юуны өмнө дэлхийн эрүүл мэндийн салбарын цар хүрээг хэдэн тоогоор хэлье гэж бодлоо. Дэлхийн эрүүлийг хамгаалах салбар бол жилд дунджаар 4,5 триллион ам.долларт хүрдэг үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны олон зах зээлийг багтаасан эдийн засгийн том салбар гэж болно. Үүнээс 2.2 триллион нь АНУ-д, 2.0 триллион нь OECD-н орнуудад харин үлдэх 0,3 нь бусад орнуудад ногддог байна.

Судлаачдын дүгнэснээр сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд дэлхийн эрүүл мэндийн салбарт хэд хэдэн чухал хандлагууд ажиглагдсан байна. 1/ Албан ёсны буюу аллопатик анагаах ухаан ужиг өвчний тархалтыг хянах чадавхиа алдаж байна.

 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварт өвчнөөр нас баралт ирэх 10 жилд 2% буурна гэсэн байхад ужиг өвчний нас баралт 17% өснө гэсэн таамаглалыг гаргаад байна.

            2015 онд 41 сая хүн зөвхөн ужиг өвчнөөс амиа алдах ба тэдэнд орчин үеийн ямар ч эмчилгээ, технологи тусалж чадахгүй гэсэн байна. 2005 онд дэлхийн хэмжээнд 58 сая хүн цаг бусаар нас нөгцсөн ба үүний 35 сая нь ужиг өвчнөөр, 17 сая нь халдварт өвчнөөр (ДОХ, сүрьеэ, хумхааг оролцуулаад), 6 сая нь гэмтлээр нас барагсад байна.

 Зөвхөн нас баралтаар хязгаарлагдахгүй ужиг өвчнөөс үүссэн хөдөлмөрийн чадвар алдагдал, эмчилгээний зардал зэргийн эдийн засгийн хор хөнөөлийг тооцвол ужиг өвчний аюул гамшгийн шинжтэй болсон гэсэн дүгнэлтийг ДЭМБ-аас 2000 онд эрхлэн гаргасан “Ужиг өвчнөөс сэргийлэх нь амин чухал хөрөнгө оруулалт” гэсэн тайланд дурьдсан байдаг. 

 Товчоор хэлбэл өнгөрсөн зууны анагаах ухаанд халдварт өвчин, осол гэмтлийг эмчлэх асуудал гол бэрхшээл учруулж байсан бол ужиг өвчний эмчилгээ шинэ зууны сорилт болон тавигдаж байна.

Барууны орнуудад эрүүл мэндийн салбарын зардлыг хэрэглэгчид даах чадваргүй болов. Барууны орнуудад эрүүл мэндийн салбарын өртөг хэт өндөр болж, бас хурдацтай өсч байгаагаас иргэд нь төлж дийлэхгүй байдалд хүрч байна.

АНУ-д гэхэд 45 сая хүн эрүүл мэндийн даатгал хийж чадахгүй байгаа нь улс төрийн том асуудал болж байгааг дэлхий нийтээр мэдэх болжээ. 2007 онд АНУ-ын эрүүл мэндийн төсөв 2,2 триллион ам.доллар болж ДНБ-д 16,2% эзлэх болсон нь 1990 онтой харьцуулахад 3 дахин (714 тэрбум) 1980 оны үетэй харьцуулахад 9 дахин (253 тэрбум) өссөн байна. Байгууллагын эрүүл мэндийн нэг ажилтанд ногдох зардал 2004 оноос хойш 4 жилийн хугацаанд 33% өсч 9300 ам.доллар болсон нь америк захирлуудын толгойн өвчин болоод байна.

            Барууны орнуудад байгалийн эмчилгээний хэрэглээ ихээхэн нэмэгдэж байна. Яагаад барууны орнууд гэж онцолж авч үзээд байгааг та бүхэн мэдэж байгаа гэж бодож байна.

            Учир нь дэлхийн эрүүл мэндийн зардлын дийлэнхи хувь нь барууны орнуудад ногддог ба энэ нь анагаах ухаан болон эрүүл мэндийн салбарын хөгжлийг тэд тодорхойлж байна.

 Барууны орнуудад байгалийн эмчилгээний хэрэглээ ихээхэн нэмэгдэж байгааг дараах графикаас харж болохоор байна. Жишээ нь 2000 оны байдлаар Бельгид гэхэд хүн амынх нь 31% уламжлалт эмнэлгийг хэрэглэж үзсэн байхад Канадад хамгийн их буюу хүн амынх нь 70% ямар нэгэн уламжлалт эмнэлгийн үйлчилгээг авч үзсэн байна Дэлхийн хэмжээнд эмийн ургамал, уламжлалт эмийн худалдаа 65 орчим тэрбум долларт хүрдэг гэсэн судалгааг ДЭМБ- хийсэн байна. Цаашид эрэлт нь жилд 15% өсөлттэй байх магадлалтай ба 2050 он гэхэд энэ зах зээл 5 триллион долларт хүрнэ гэж таамаглаж байна.

 Дэлхийн хүн амын 80% гаруй нь анхан шатны эрүүл мэндийн хамгаалалтын түвшинд уламжлалт эм, эмчилгээнд илүү итгэл үзүүлж эхэлснийг тооцож үзвэл үүнд эргэлзэх зүйлгүй гэжээ. АНУ-д эмийн ургамлын худалдаа 1997 онд гэхэд л 2,9 тэрбум долларт хүрсэн нь бүх өрхийн эмч нарын үзлэгт төлсөн мөнгөнөөс ч илүү байгаа юм. Харин эмийн ургамлын худалдаа 1998 онд 5,9 тэрбум долларт хүрч 2 дахин өссөн байна.

Их Британид алтернатив эмнэлгийн үйлчилгээний борлуулалт 2,3 тэрбум долларт хүрдэг бол Канадад 2,4 тэрбум доллар болсон байна.

Барууны орнуудад уламжлалт болон ардын эмнэлэг, эмчилгэний эрэлт өсөв. Барууны өндөр хөгжилтэй орны иргэдийн эмнэлгийн талаархи уламжлалт ойлголт хэдийн өөрчлөгдөж, сүүлийн 10 жилийн дотор альтернатив буюу орлох анагаах ухааныг ихэд сонирхох болсон байна.

            Ялангуяа барууны хэрэглэгчид байгалийн эмчилгээг илүүтэй үзэх болсноор ийм төрлийн эмчилгээний эрэлт ихэсч зах зээл нь өргөжсөөр байна. 2000 оноос эхлэн ДЭМБ уламжлалт анагаах ухааны судалгаанд зүй ёсоор анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд 2002 онд Уламжлалт анагаах  хөгжүүлэх 4 жилийн стратеги төлөвлөгөөг батлан хэрэгжүүлсэн байна.

Энэхүү төлөвлөгөөнд ужиг өвчний эмчилгээнд уламжлалт анагаах ухааны арга илүү үр дүнтэй байгааг ч хүлээн зөвшөөрөхий  дэлхийн янз бүрийн үндэстнүүдийн уламжлалт анагаах ухаануудыг хэрхэн хөгжүүлэх, албан ёсоор эрүүл мэндийн системд нэвтрүүлэх болон гүнзгийрүүлэн судлах стратегийг санал болгосон байна.

Ерөнхийд нь дүгнэхэд цогц болон алтернатив эмнэлгийн хэрэглээ өсч байгаа нь түүний үйлчилгээг дэмжихүйц судалгаа, лавлагаа, баримт нотолгоо байгаа эсэхээс огт хамааралгүй байна гэж ДЭМБ-аас дүгнэсэн байна.

 Мэдээж хөгжиж байгаа орнуудын хувьд уламжлалт эмнэлгийн хэрэглээ өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад хамаагүй илүү байна. Тийм ч учраас өндөр хөгжилтэй орнуудын хэрэглэгчдэд эрэлт ихтэй болж байгаа нь хөгжиж байгаа орнуудын хувьд ихээхэн ашигтай болж байгаа учир уламжлалт анагаах ухаанаа хөгжүүлэхэд ихээхэн анхаарч эхлээд байна.

 Ялангуяа Энэтхэг, Хятад, БНСУ, Ардчилсан Солонгос, Тайланд, Индонез, Лаос, Вьетнам, Мали, Мадагаскар, Шри-Ланк, Гана зэрэг улсууд илүү идэвхтэй ажиллаж байгааг ДЭМБ-ийн судалгаанд дурьдсан байна. АНУ-д явуулсан судалгаагаар хэрэглэгчид уламжлалт анагаах ухааныг алтернатив буюу орлох эмнэлэг гэж бус харин цогц анагаах ухаан гэж үздэгийг тогтоосон байна.

Мөн судалгаагаар уламжлалт эмнэлгийн үйлчилгээний чанар, үр дүнгийн талаар хэрэглэгчид илүү сэтгэл ханамжтай байсан байна. Хамгийн гол нь уламжлалт эмнэлгийн систем нь эрсдэл багатай, аюулгүй, бас зардал багатай байдаг нь түүнийг ийнхүү дэлгэрэхэд хүргэж

байгаа гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг дагаад барууны аллопатик эмч нар ч альтернатив анагаах ухаанд анхаарал хандуулж эхлээд байна.

Тухайлбал Швейцарийн 610 аллопат эмч нарыг хамарсан судалгаа явуулж үзэхэд 46% нь зүү болон эмийн бус эмчилгээг санал болгодог гэсэн байна. Харин Их Британийн аллопат эмч нарын 40% нь уламжлалт болон алтернатив эмнэлгийн аргыг хэрэглэдэг болоод байна. Японы аллопат эмч нарын 60-70% уламжлалт Кампо эмнэлгийг давхар хэрэглэдэг байна. Одоогоор барууны орнуудад хамгийн нэр хүндтэй дэлгэрч байгаа Азийн уламжлалт эмнэлгүүдийн Энэтхэгийн Аюурведийн эмнэлэг, Хятад эмнэлэг, мөн сүүлийн үед Далай ламын нөлөөгөөр эрчтэй тодорч байгаа Төвд эмнэлгүүд орж байна.

 Дорнын анагаах ухаануудыг хүлээн зөвшөөрч эхлэв. Одоогоор дорнын уламжлалт анагаах ухаануудыг барууны орнуудад алтернатив (орлох гэсэн утгаар), конвенциональ бус (албан бус гэсэн утгаар) гэсэн ангилалд хамааруулан нэрлэж байгаа ч эмнэлгийн системдээ шинэчлэл хийх зорилгоор дорнын уламжлалт болон анагаах ухааныг судлан нэвтрүүлэх ажилд ханцуй шамлан ороод байна гэж дүгнэж болно.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын засгийн газрууд дорнын анагаах ухааны асуудлыг хэдийн анхааралдаа авч зарим орнууд түүнийг эмнэлгийн системдээ нэвтрүүлэх ажлыг эхэлсэн жишээг олоход төвөггүй болжээ.

 АНУ-д гэхэд л 2000 оноос Цагаан ордны дэргэд Алтернатив анагаах ухааныг судлах зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Харвард, Колумб, Мериландийн Их сургуулиуд Дорно дахины уламжлалт болон цогц анагаах ухаануудын судалгааг системтэй явуулж эхлээд байна.

Зөвхөн АНУ-аар зогсохгүй Европын холбоо, Их Британид ч цогц болон алтернатив анагаах ухааныг судлах, мэдлэг хуримтлуулах ажлыг эрчимтэй явуулж эхэлсэн баримтууд байна. Европын холбооны хувьд “Албан бус анагаах ухааны судалгааны” төслийг хэрэгжүүлж дууссан ба цогц болон алтернатив анагаах ухааныг хүлээн зөвшөөрөх, эмнэлгийн системдээ нэвтрүүлэхийг дэмжих, эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрт нэвтрүүлэхийг гишүүн орнуудад зөвлөсөн байна.

Мөн Европын холбооны эмнэлгийн бүтээгдэхүүнд хяналт тавих агентлагаас ургамалын гаралтай эмийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаархи судалгааг явуулж эхэлсэн байна. Ялангуяа зүү эмчилгээний сургалтыг бараг бүх анагаахын сургуулиудад нэвтрүүлсэн ба цогц анагаах ухааны сэдвийг зүгээр нэг яриад өнгөрөх биш харин эмнэлгийн системд хэрэглэх ур чадварыг бүрдүүлэхэд ихээхэн анхаардаг болсон байна. Норвегийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны дэргэд цогц анагаах ухааны асуудал хариуцсан зөвлөл байгуулагдан цогц анагаах ухааныг олон талаас нь судлах, мэдлэгийг хуримтлуулах, эмнэлгийн системд нэвтрүүлэх талаар 5 жилийн төлөвлөгөө батлан ажиллаж байна.

Энэ асуудлаар хамтран ажиллах санамж бичгийг 1999 онд БНХАУын Эрүүл мэндийн сайдтай үзэглэсэн байна.

 Эрүүл мэндийн аялал жуулчлал хүрээгээ тэлж байна. 2005 оны байдлаар боломжийн үнэ, өндөр чанартай эмнэлгийн үйлчилгээ авахаар Тайланд Сингапур, Энэтхэг, Өмнөд Солонгос, Малайз зэрэг орнууд руу өндөр хөгжилтэй орны 1,3 сая иргэн жуулчилсан байна.

Эрүүл мэндийн жуулчлалыг хөгжихөд олон хүчин зүйл нэгдэн нөлөөлж байна. Нэг талаас өндөр хөгжилтэй орнуудын эмнэлгийн ачаалал хэт ихэдсэнээс болж зарим төрлийн эмчилгээ хийлгэхэд бүтэн хэдэн сар, жил хүлээх ч явдал тохиолддог байна.

 Тухайлбал Их Британи юмуу Канадад үе солих мэс заслыг 1 жил орчим хүлээдэг бол Бангкок эсвэл Банглорт онгоцноос буусан даруйд хэдэн цагийн дараа л мэс засалд орж болдог нь эрүүл мэндийн жуулчдад ихээхэн боломжийг олгож байна.

 Бас нэг чухал сонирхол татсан асуудал бол  юм. Энэтхэг, Тайланд, Өмнөд Африкийн ижил төрлийн эмнэлгийн үйлчилгээний үнэ нь АНУ, Канад, Европын орнуудтай харьцуулахад 10 дахин бага байдаг. Жишээ нь зүрхний хавхлаг солих мэс засал АНУ-д 200000 долларын үнэтэй байхад Энэтхэгт мэс засал дээрээ бүх аялалын зардлаа нэмээд 10000 доллар л төлнө.

 Сингапур улс 2005 онд 150000 эрүүл мэндийн жуулчин авсан бол Энэтхэг 500000-г авсан байна. Энэтхэгийн эрүүл мэндийн жуулчдын тоо 2002 он гэхэд л 150000 байсантай харьцуулбал маш хурдацтай өсөлт юм.

McKensey–гийн судалгаагаар өнгөрсөн жил дэлхийн эрүүл мэндийн жуулчлалын орлого 40 тэрбум долларт хүрсэн ба энэ хэмжээ өдрөөс өдөрт өсч байгаа гэсэн байна.

Энэтхэг улс 333 сая долларын борлуулалт хийсэн ба 2012 гэхэд 2,3 тэрбум долларт хүрнэ гэсэн байна. АНУ-д 2,5 сая доллараар гүйцэтгэдэг чөмөг солих мэс заслыг Энэтхэгт 26000 доллараар, 60000-150000 доллараар хийдэг зүрхний мэс заслыг 10000 доллараар хийж байгааг харахад л энэ дүгнэлтэд огт эргэлзэх аргагүй гэжээ. Гадаадад гарч эмнүүлэх нь барууны орнуудад тийм их эрсдэл дагуулсан том асуудал байхаа

больсныг судлаачид тогтоогоод байна. Ойрын ирээдүйд эрүүл мэндийн жуулчлалын зах зээл улам өргөжинө гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Одоогоор Тайланд улс гоо сайхны мэс засал, шүдний эмчилгээ, нүд бөөрний мэс засал, эрхтэн солих мэс заслуудаар тэргүүлж байна. 2003 онд 950000 эрүүл мэндийн жуулчин хүлээн авсан ба эдгээрийн дотор 48000 нь АНУ иргэд байсан байна.

Эндхийн эрүүл мэндийн төвүүд нь эмнэлэг гэхээсээ илүү 4 одтой зочид буудал шиг харагддаг ба энд зочид буудлынх шиг өрөө, кафе, дэлгүүр, лобби танхим, визийн үйлчилгээний төв, орчуулагчид гэх зочид буудлын стандарт үйлчилгээнүүд иж бүрэн байдаг байна. Харин Энэтхэг улс зүрхний мэс засал, нуруу, үе мөч, гоо сайхан, чөмөг солих мэс засал, шүдний эмчилгээ, хорт хавдрын эмчилгээгээр ихээхэн амжилттай ажиллаж байна.

Энэтхэг улс нь хамгийн

сүүлийн үеийн онишлогоо болон эмнэлгийн электрон төхөөрөмжүүдээр тоноглогдсон гэдгээрээ ихээхэн давуу талтай байна. Мөн хамгийн чухал онцлог бол Энэтхэгийн мэс заслын үед гардаг нас баралтын хэмжээ АНУ-ын хамгийн бага эмнэлгийн үзүүлэлтээс 2 дахин бага байгаа явдал юм.

Энэтхэгийн эмнэлгүүдийн 70-80% нь хувийн хөрөнгө оруулалтай байдаг байна.

Эрүүл мэндийн аялал жуулчлалаар Аргентин, Коста Рика, Куба, Ямайк, Өмнөд Африк, Иордан, Малайз, Унгар, Литва, Эстони зэрэг орнууд дараагийн эгнээнд хүч түрэн орж ирсэн ба жил бүр энэ салбарыг сонирхох улсуудын тоо нэмэгдсээр

байна.

Коста Рика улс нь Хойд америкчуудын хувьд хамгийн дөт эрүүл мэндийн жуулчлалын төв болж байна. Энд голчлон гоо сайхны мэс засал хийлгэдэг байна.

Мөн Өмнөд Африкийн бүгд найрамдах улс нь гоо сайхны мэс засал, мэс заслын дараах сувилгаа зэрэг үйлчилгээгээр Европын жуулчдын сонирхлыг их татдаг газар болоод байна.

Эдгээр орнуудын араас Аргентин, Унгар зэрэг орнууд эрүүл мэндийн жуулчлалын салбарт хүч түрэн орж ирээд байна. Тансаг амралт, зугаалгын төв гэж хэдийн алдаршсан Дубайд гэхэд 2010 онд Эрүүл мэндийн Хот байгуулахаар төсөл хэрэгжиж байна.

Улаантэнгисийн эрэг дээр байрлах энэхүү цогцолбор нь Зүүн өмнөд Ази, Европын хооронд байгаа хамгийн том эрүүл мэндийн төв болох зорилготой юм байна. 2006 оны байдлаар Эрүүл мэндийн жуулчлал Дэлхийн аялал жуулчлалын салбарын орлогын 6% -г бүрдүүлсэн байна. Ер нь бол сүүлийн жилүүдэд энэ

салбар 20-30 хувийн тогтмол өсөлттэй байна гэсэн судалгаа байдаг.

Одоогоор Малайз, Тайланд, Сингапур, Энэтхэг зэрэг орнуудын эрүүл мэндийн жуулчлалын орлого нийтдээ 0,5 тэрбум доллар болж байгаа бөгөөд

2012 гэхэд 4,4 тэрбум доллар болж өснө гэсэн таамаглалыг судлаачид дэвшүүлээд байна.

Боломж Ийнхүү дэлхийн эрүүл мэндийн зах зээл дээр үүссэн нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд дараах боломжуудыг олж үзэж болохоор байна.

1/ Дэлхий нийтээр байгалийн эмчилгээг буюу уламжлалт болон ардын эмчилгээг сонгож байна.

Эрүүл мэндийн салбарт эмчилгээний технологи, үйлчилгээний загварууд төдийгүй газар зүйн байршлыг хамарсан глобал цар хүрээтэй хэрэглээний соёл, үзэл санааны өөрчлөлт гарч, зах зээл хөдөлгөөнд орж эхлээд байгаа нь эрүүл мэндийн салбарт дэлхийн хэмжээний зах зээлийн шинэ хуваарилалт хийгдэж эхэлснийг харуулж байна.

2/ Цогц анагаах ухааны уламжлалтай Азийн орнуудын хувьд дэлхийн эрүүл мэндийн салбар нь өрсөлдөх ихээхэн боломжтой зах зээлийн шинэ

талбар болон хувирч байна. Эсвэл хувиргах боломж гэж харах нь илүү үр дүнтэй гэж болно. Хэт өндөр зардал болон ужиг өвчний эмчилгээний чадавхи дутагдалтай байгаагаас улам бүр хөнгөн тогтворгүй болж байгаа эрүүл мэндийн зах зээлд өрнөөс дорно руу гэсэн чиглэлд шинэ хуваарилалт эхлүүлэх боломжийг олгож байгаа түүхэн цаг үе ирсэн гэж болно.

3/ Цаашид ужиг өвчний эмчилгээний зах зээл дээр аллопатик болон уламжлалт эмчилгээний аргуудыг хослуулсан холимог эмчилгээний загварууд

илүү эрэлттэй болох магадлал байгаа нь ойлгомжтой болж байна. Мэдээж бараг улс үндэстэн бүр өөрийн гэсэн уламжлалт эсвэл ардын эмнэлэгтэй байдгийг харгалзаж үзвэл энэхүү зах зээлийн шинэ хуваарилалтанд оролцох боломж улс орон бүрт нээлттэй юм.

 Энэ нь бас улс үндэстэн бүр тэгш өрсөлдөөний гараан дээр зогсож байна гэсэн үг болно.

Сорилт

1/ Ийнхүү барууны аллопатик болон Азийн уламжлалт анагаах ухаан гэсэн онолын 2 гол урсгал биенээсээ үл хамааран зэрэгцэн оршиж байсан бол зах зээлийн эрэлт хэрэгцээ цаашид ийн тусдаа орших боломжгүй болгож байна. Шинжлэх ухаан бол

бүх хүн төрөлхтөнд хүртээмжтэй түгээмэл мэдлэг байдаг. Харин технологи бол улс үндэстэн, компани байгууллага бүрийн хувьд ялгаатай ур чадварын асуудал юм. Энэ утгаараа, хэдийгээр Монгол эмнэлэг нь Аюурведийн болон Төвд эмнэлгээс уламжлан авсан онолын сурвалжтай боловч Монголчууд “Монгол эмнэлэг” гэсэн өөрийн бие даасан онцлогтой эрүүл мэндийн технологи, үйлчилгээний загварыг

хөгжүүлэх нь зүй ёсны хэрэг билээ. 2/ Азийн анагаах ухаанууд нэг сэтгэлгээний үзэл санаа, онолын тулгуур дээр нэгдлийг олж байдаг ч технологийн хөгжил дээр өрсөлдөгчид гэдгийг ялгаатай ойлгох нь Монгол эмнэлгийн цаашдын хөгжилд ихээхэн тустай юм. 3/ Зөвхөн үр дүн гарч байна гэдэг шалтгаанаар барууны болон уламжлалт эмнэлгийн аргуудыг холимог эмчилгээний загварт оруулах нь зах зээлд

амжилт авчирна гэвэл өрөөсгөл ойлголт болно.

Шинжлэх ухаанч сэтгэлгээтэй орчин цагийн хүний хэрэгцээг хангахын тулд онолын үндэслэлтэй тайлбар хийх ёстой болно. Энэ нь онолын үндсийг

хэр бодитой бас орчин цагийн шинжлэх ухааны арга, зарчимд нийцтэй судлан тогтоохоос хамаарна.

4/ Монгол эмнэлгийн мэргэжилтнүүд салбарын хөгжлийг урт хугацаанд, томоохон хэмжээнд авч үзэх, нэгдсэн үзэл санаа, төсөл, хөтөлбөр дээр нэгдэж чадах эсэх нь Монгол эмнэлгийн хөгжилд тулгарч байгаа хамгийн том сорилт юм

. Монгол эмнэлгийн экспортын чадавхийг бодитой үнэлж, тодорхойлох цаг болжээ.

Дүгнэлт:

Энэхүү илтгэлийг тавигч миний бие Монголын уламжлалт эмнэлгийн үйлчилгээг 20 гаруй жил эрхэлсний хувьд Монголчууд Цогц анагаах ухааны хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч орны нэг болж, эрүүл мэндийн үйлчилгээг өндөр түвшинд хөгжүүлэх боломж, түүнд хүрэх түүхэн нөхцөл, гадаад зах зээлийн орчин бүрдээд байгааг эндээс харж байна. Гагцхүү 100 жилийн өмнөх хоцрогдсон үйлчилгээний загвар болон багагүй хугацаанд хориотой байсан зэрэг хөгжлийн хүчин зүйлүүд нь Монгол эмнэлгийн онол, технологийн чадавхийг нээх боломж олгохгүй байсан бол одоо тийм бэрхшээл үгүй болжээ.

Монгол улс уламжлалт анагаах ухаанаа хөгжүүлснээр эрүүл мэндийн үйлчилгээний экспорт хийх хүчин чадал бүхий цогц эрүүл мэндийн эмчилгээ сувилгааны онцгой чиглэл болж хөгжих бүрэн боломжтой гэж би үздэг юм.

Эрүүл мэндийн салбар бол аль ч улс оронд үйлчилгээ, үйлдвэрлэл, худалдааны олон зах зээлийг багтаасан эдийн засгийн том салбар байдаг.

Энэ утгаараа Монголчууд уламжлалт анагаах ухааны хөгжүүлэх замаар оюуны өндөр үнэлэмж бүхий бизнесийн талбарт хөл тавих төдийгүй бусад олон салбарын бүтээгдэхүүний олон улсын зах зээлд гарах, Монголчуудын ирээдүйн тогтвортой, өндөр ашиг орлоготой, байгаль дэлхийд ээлтэй, ашигт малтмалын бус амьжиргааны олон эх үүсвэрүүд тавигдах боломжтой.

Ном зүй

Ном зүй:
1. The World Health Organization report “Preventing chronic diseases:
a vital investment”, 2005, ISBN 92 4 156300 1, http://
whqlibdoc.who.int/publications/2005/9241563001_eng.pdf
2. Micheal E.Porter, Elizabeth O. Tiesberg, Redefi ning Health
Care, 2006, ISBN: 1-59139-778-2
3. The World Health Organization report “WHO Traditional
Medicine Strategy 2002-2005”, 2002, http://whqlibdoc.who.
int/hq/2002/WHO_EDM_TRM_2002.1.pdf
4. James Le Fanu, M.D. – The rise and Fall of Modern Medicine,
2000, ISBN: 0-7867-0967-73
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1891
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК