Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2014, 2(168)
Сэтгэл хөдлөлийн хоёр туйлт эмгэгийн удамших хандлагын онцлогийг судалсан дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Т.Ганцэцэг1, С.Одонгэрэл2, У.Цэрэндолгор3, С.Туяа2, Л.Баттүвшин1, З.Хишигсүрэн1

1АШУҮИС, АУС, Сэтгэцийн Эрүүл Мэндийн тэнхим, 2Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, 3АШУҮИС, Дорноговь аймгийн салбар сургууль

 
Абстракт
Introduction
It has been suggested that most of the patients with bipolar disorders (BD) have either parent side which is mentally ill. Furthermore, 25-27% of the children have been affected by BD if either parent side has BD, or 50-75% is affected if theboth sides of parents have BD, respectively. Heritability of BD in monozygotic twins is 40-70%, and it is 20% in dizygotic twins. Therefore we aimed to study hereditary issues of patients with bipolar disorders.
Purpose
To assess hereditary issues of patients with bipolar disorders.
Materials and Methods
The study sample comprises 31 male, 81 female patients referred to the inpatient settings of the National Center for Mental Health. The participiants were examined by psychiatric interviews including objective and subjective anamnesis to assess hereditary history of bipolar disorders. Pearson’s x2 test was used for the analysis between categorical variables, whereas simple logistic regression was used for the regression analysis.
Results
We covered 31 male (24.8%), 81 female (75.2%) participants between 14-62 years old, mean age: 42.05±0.97. Among the participants, 60 (53.6%) of them were with the hereditary history of mental disorders whose father (11.6%), mother (25%), a sibling (21.7%),close relatives (38.3%), and a child (3.3%) were mentally ill. 46.7% of the relatives were diagnosed with mood disorders and 36.7% of them were diagnosed with schizophrenia and its spectrum disorders. Furthermore,there was an association between mental illness of a sibling and bipolar disorders. Also, the number of patients with BD whose mother was diagnosed with BD (13%) is more prevalent than the patients with BD whose mother or father or other relatives were diagnosed with any mental disorders (x2 test, P value = 0.012).
Conclusion
Heritability of BD might be associated with autosomal dominant inheritance with incomplete phenotype, and mostly relevant if the patient’s sibling is diagnosed with mental disorders.
Keywords: bipolar disorders, depression,mania, heredity, risk factors.
Pp.39-42, Table-1, Figures-2, References-7

Оршил

Сэтгэл хөдлөлийн хоёр туйлт эмгэг (СХХТЭ) нь үе үе дахидаг, дахих үедээ сэтгэл гутрах ба сэтгэл хөөрөх хамшинжийн аль нэгээр эсвэл дээрх 2 хамшинж нь холимог байдлаар илэрдэг, намжмал үедээ өвчтөн бүрэн эрүүлждэг дотоод шалтгаантай, удамших хандлагатай сэтгэцийн эмгэг юм.1-3 Сэтгэл хөдлөлийн хоёр туйлт эмгэгийн удамших хандлагыг хэвлэлийн тоймоос судалж үзэхэд уг эмгэгтэй өвчтөнүүдийн нилээд хувьд эцэг, эхийн аль нэг нь сэтгэцийн эмгэгтэй байсан нь тогтоогджээ. Судлаачдын судалгааны дүнгээс үзвэл өвчтөний эцэг эхийн хэн нэг нь энэ эмгэгээр өвчилсөн бол хүүхдүүдийнх нь 25- 27%, эцэг эх хоёулаа өвчилсөн тохиолдолд 50- 75% нь сэтгэл хөдлөлийн хоёр туйлт эмгэгээр өвчлөх магадлалтай гэж үзэж байна. Мөн нэг өндгөн эсийн ихрүүдийн 40%-д, хоёр өндгөн эсийн ихрүүдийн 20%-д уг өвчин илэрч байгааг тогтоожээ.1, 4 Сэтгэл хөдлөлийн хоёр туйлт эмгэгийн удамзүйн байдлыг судалсан зарим нэг судалгааны дүнгээс үзэхэд биеийн 11 дүгээр хромосом дээр өвөрмөц ген байрласан байдаг нь тогтоогдсон учраас сэтгэл хөдлөлийн хоёр туйлт эмгэгийг гетерогенный бүлэгт хамаарах өвчин гэж үздэг ажээ. Иймээс бид сэтгэл хөдлөлийн хоёр туйлт эмгэгтэй өвчтөнүүдийн удам зүйн байдлыг судалсан. 

Материал, арга зүй

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хэвтүүлэн эмчлэх тасгуудад сэтгэл хөдлөлийн хоёр туйлт эмгэгийн улмаас хэвтэн эмчлүүлсэн эрэгтэй 31, эмэгтэй 81, нийт 112 өвчтөнийг судалгаанд хамруулж объектив ба субъектив анамнезын аргыг ашиглан эмнэлзүйн ярилцлага хийх, судалгаанд хамрагдагсдын өвчний түүх, хяналтын картыг ашиглан ретроспектив аргаар баримтын судалгааг хийсэн. Судалгаанд оролцох ёс зүйн зөвшөөрлийг өвчтөн болон өвчтөн бүрийн асрамжлагчаас авсан. Мөн удамдаа 2  ба түүнээс дээш сэтгэцийн өвчтэй хүнтэй байвал эмнэлзүйн генеалогийн аргыг ашиглан удмын зургийг зурж үнэлэлгээ өгсөн. Судалгааны боловсруулалтыг SPSS 21.0 программыг ашиглан категорийн хувьсагчуудын хооронд дахь ялгааг Пийрсоны х2 тестээр, тэдгээрийн хоорондын хамаарлыг энгийн логистик регрессийн аргаар тооцов.  Хувьсагчуудын дундаж тоо ба стандарт алдааны дунджаар илэрхийлсэн.

Үр дүн

Бидний судалгаанд 14-62 насны (дундаж нас 42.05±0.97) эрэгтэй 31 (27.7%), эмэгтэй 81 (72.3%) нийт 112 өвчтөн хамрагдсаны 53.6% (n=60) нь удамдаа сэтгэцийн эмгэгтэй хүнтэй байв. Судалгаанд хамрагдсан удамдаа сэтгэцийн эмгэгтэй хүнтэй нийт өвчтөний 40 (35.7%) нь удамдаа сэтгэцийн өвчтэй нэг хүнтэй, 15 (13.4%) нь 2 хүнтэй, 2 (1.8%) нь 3 хүнтэй, 1 (0.9%) нь 4 хүнтэй, 2 (1.8%) нь 5 хүнтэй байсан бөгөөд дундаж нь 0.8±0.09 байв. Тэдний төрсөн эцэг эх болон тэдний хамаатнуудыг судалж  үзэхэд 7 (11.6%) нь өвчтөний төрсөн эцэг, 15 (25%) нь өвчтөний төрсөн эх, 13 (21.7%) нь өвчтөний төрсөн ах, эгч, дүүгийн хэн нэг, 2 (3.3%) тохиолдолд төрсөн хүүхэд, 23 (38.4%) нь өвчтөний эцэг эхийн ойрын төрөл садангийн хүн нь сэтгэцийн өвчтэй байсан. Бид удам дахь сэтгэцийн эмгэгтэй төрөл садангийн эзлэх хувийг судалж үзэхэд зөвхөн эцэг эхийн хамаатан сэтгэцийн эмгэгтэй байх нь хамгийн их (21.4%) хувийг эзэлж байлаа. Иймээс эцэг эхийн хамаатныг нарийвчлан судлахад эцэг эх болон төрсөн ах эгч дүү нартай давхардсан тоогоор нийт 31 (27.7%) нь өвчтөний эцэг эхийн аль нэг нь удамд сэтгэцийн өвчтэй хүнтэй байлаа. Үүнээс эцгийн талд 15 (13.4%), эхийн талд  15 (13.4%), эцэг, эхийн хоёуланд нь сэтгэцийн өвчтэй 1(0.9%) тохиолдол байв.

Table1. Diagnosis of relatives with mental Disorders

Хүснэгт 1-ээс харахад сэтгэл хөдлөлийн хоёр туйлт эмгэгтэй өвчтөнүүдийн удамд сэтгэл хөдлөлийн хүрээний (28 хүн буюу 46.7), шизофрени болон шизоаффектив эмгэг (22 хүн буюу 36.7%)-тэй өвчтөнүүд ихэнх хувийг эзэлж байв.

Эмнэлзүйн тохиолдол: Бидний судалгаанд удамдаа сэтгэцийн эмгэгтэй 5 хүнтэй 2 өвчтөн хамрагдсан бөгөөд түүний удмын зургийг дараах зургуудаар харуулав.

Figure 1. The pedigree chart of a patient with bipolar disorder

Зураг 1-ээс харахад удмын I үеийн ээжийн аав (өвөө), ээж (эмээ) 2 нь эрүүл байхад удмын II үед төрсөн ээж нь сэтгэл гутрах дахилтат эмгэг (F33)-тэй байсан бөгөөд биеийн өвчний улмаас 2012 оны 7 сард 76 насандаа нас барсан байв. Харин III үед нэг эхийн 2 эрэгтэй, нэг эмэгтэй хүүхэд нь сэтгэл хөдлөлийн эмгэгээр өвчилсөн байгаа нь ямар ч хүйсний хүн сэтгэл хөдлөлийн хоёр туйлт эмгэгээр хүйснээс хамаарахгүй өвдөж байгааг харуулж байна. Мөн удмын IY үед нь ээжийн төрсөн ахын том хүү нь сэтгэл хөдлөлийн 2 туйлт эмгэгийн улмаас сэтгэцийн эмчийн хяналтанд эмчлэгдэж байгаад амиа егүүтгэж нас барсан байв. Дээрх удмын зургаас харахад судалгаанд оролцогч өвчтөн (F34)-ий гэр бүлийн удмын зурагт нь аутосомны бүрэн бус илрэлтэй давамгайлагч генээр удамшсан байх магадлалтай байна.

Figure 2. The pedigree chart of a patient with bipolar disorder

Зураг 2-оос харахад удмын I үед нь аавын аав нь (өвөө) нь, II үед аавын төрсөн эрэгтэй дүү, III үед нь судалгаанд оролцогчийн төрсөн ах, эгч хоёр нь сэтгэл хөдлөлийн эмгэгтэй байна. Мөн тус зурганд судалгаанд оролцогч өвчтөн (F31)-ий төрсөн эцэг эх 2 эрүүл хүмүүс байгаа ч өвөө нь архаг солиорох эмгэгтэй (F20) байсан нь бүрэн бус илрэлтэй аутосомны давамгайлагч генээр удамшсан байх магадлалтайг харууллаа. Мөн судалгаанд оролцогчийн удмын I үед өвөө архаг солиорох эмгэгтэй байгаа нь сэтгэл хөдлөлийн эмгэгийн хэвшинжит бус хэлбэр байж болохоос гадна сэтгэл хөдлөлийн хүрээний эмгэг, шизофрени түүний хүрээний эмгэгүүд нь удамшимтгай, дотоод шалтгаантай өвчинүүд учир удмын хүчин зүйлийн хувьд холбоотой байж болох юм.

Хэлцэмж

Хэвлэлийн тоймоос үзэхэд сэтгэл хөдлөлийн хоёр туйлт эмгэгтэй өвчтөнүүдийн нилээд хувьд нь эцэг, эхийн аль нэг нь сэтгэл хөдлөлийн эмгэгтэй байсан нь тогтоогджээ. АНУ-ын Жон Хопкинсийн их сургуульд 1995 онд хийгдсэн судалгаанд сэтгэл хөдлөлийн хоёр туйлт эмгэгээр төрсөн эх өвдөх нь төрсөн эцгээс илүү удамших хандлагатай байдаг гэсэн бол өөр нэг судалгаанд сэтгэл хөдлөлийн хоёр туйлт эмгэгээр өвдсөн эхийн хүүхдүүд уг эмгэгээр өвдөх эрсдэл 2.5 дахин их (P>0.017) бол эхийн талын хамаатан садан уг эмгэгээр өвдсөн байх нь эрсдлийг 2.3-2.8 дахин (P>0.017) нэмэгдүүлдэг гэжээ.5 Харин бидний судалгаанд төрсөн эх нь сэтгэл хөдлөлийн эмгэгтэй байхад өвчин удамших хандлага эцэг нь өвчтэй байхаас илүү байсан нь дээрх судалгааны дүнтэй ойролцоо гарсан юм. Судлаач Kidd.K.K (1987) нарын судалгаанаас үзэхэд сэтгэл хөдлөлийн хоёр туйлт эмгэгтэй өвчтөнүүдийн 22%-д эцэг эх нь өвчтэй байх магадлал өндөр байдаг. Мөн 25%-д нь төрсөн ах, эгч, дүү нарын хэн нэг нь, 39%-д нь төрсөн хүүхэд нь уг эмгэгээр өвдөх эрсдэлтэй байдаг бол эцэг эхийн хамаатнууд өвчтэй байх нь дээрх эрсдлийг илүү их нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

Бидний судалгаанд төрсөн эцэг эхийн хамаатанууд (n=23), төрсөн ах, эгч, дүү нарын хэн нэг нь (n=13) хамгийн их хувийг эзэлж байсан нь дээрх судалгааны дүнтэй ойролцоо байлаа.  Хэвлэлийн тоймуудад сэтгэл хөдлөлийн хоёр туйлтэмгэг нь хоёр өндгөн эсийн ихрүүдийн 20%-д, нэг өндгөн эсийн ихрүүдийн 67%-д удамшдаг гэжээ.1, 4 Манай судалгаанд ихэр өвчтөн нэг хамрагдсан боловч ихрийн өрөөсөн нь бага насандаа нас барсан байсан тул бид ихрүүдийн талаар мэдээлэх боломжгүй байлаа.

Харин бидний судалгаанд хамрагдсан сэтгэл хөдлөлийн хоёр туйлт эмгэгтэй өвчтөнүүдийн удамд сэтгэл хөдлөлийн хүрээний (28 хүн буюу 46.7%) ба шизофрени болон түүний хүрээний эмгэг (22 хүн буюу 36.7%)-тэй өвчтөнүүд ихэнхи хувийг эзлэж байсан. Олон генийн оролцоотой үүсэх удамшимтгай өвчний тоонд сэтгэцийн өвчнүүдээс сэтгэл хөдлөлийн хоёр туйлт эмгэг, шизофрени 2 гол төлөөлөгч байдлаар ордог.7 Тиймээс бид сэтгэл хөдлөлийн хоёр туйлт эмгэгийн удамшил нь ямар хэлбэрээр дамжиж байгааг удмын зургаар зурахад зураг 2-оор харуулсан өвчтөн Өвчтөний өвөө нь сэтгэцийн эмгэгтэй байсан хэдий ч эцэг эх нь эрүүл байсан нь хэвлэлийн тоймд мэдээлсэн  бүрэн бус илрэлтэй аутосомны давамгайлагч генээр удамших гэдэг нь уг өвчин үе алгасан илэрч байж болдог7 гэсэн мэдээлэлтэй судалгааны дүн ойролцоо гарсан юм. Энэ өвчин нь удамших хандлагатай дотоод шалтгаанд сэтгэцийн эмгэг болохыг харуулж байна. 1, 2

Дүгнэлт:

Судалгаанд хамрагдагсдын удам зүйн байдлыг судалж үзэхэд сэтгэл хөдлөлийн хоёр туйлт эмгэг нь хүйс хамааралгүй бүрэн бус илрэлтэй аутосомны давамгайлагч генээр удамшсан байх магадлалтай байлаа. Мөн өвчтөнүүдийн төрсөн эх нь сэтгэцийн удамших хандлагатай эмгэгтэй байхад өвчин удамших хандлага эцэг нь өвчтэй байхаас илүү нөлөөлж болох юм.

Ном зүй

1. Harold LKaplan BJS. Pocket handbook of clinical psychiatry of america. 1990, p. 88- 89.
2. Попов Ю.В ВВД. Современная клиническая психиатрия. М, с.110-14 1997
3. Гельдер М. ГД, Мейо Р. . Оксфордское руководство по психиатрии i том, киве., с. 1990-1998 1997
4. Mondimore. FM. Bipolar disorder second edition., a johns hopkins press health book of america 2006, p.198-202.
5. Francis J. McMahon CS, Deborah A. Meyers, Sylvia G. Simpson, and, DePaulo JR. Patterns of maternal transmission in bipolar affective disorder. Am. J. Hum. Genet. 56:1277-1286. 1995
6. Kidd KK. Genetic research in affective disorders: Current problems and future directions. Inaffective disorders: Recent
research and related developments (eds. S.M.Chanabasavanna & s.A.Saleem). Bangalore: Nimhans. 1987
7. Пүрэвдорж.И Удамшимтгай өвчнүүд. Анагаах ухааны удам зүй. 2003: х.59-79
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Л.Насанцэнгэл


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1960
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК