Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2014, 2(168)
Монгол хөх толбоны тухай (Хэвлэлийн тойм)
( Тойм өгүүлэл )

Э.Бүжин, Н.Лхаасүрэн, Б.Батчимэг, Д.Цэлмэн, Г.Оюунгэрэл, Н.Мөнхтүвшин, Б.Мөнхбат

Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт
Mongolian blue spots are birthmarks that are present at birth and their most common location is sacrococcygeal or lumbar area. There are macular and round, oval or irregular in  shape. Lesions may be single or multiple. They usually spontaneously regress and disappear during childhood. 
The prevalence of Mongolian blue spots varies among different ethnic groups according to the overall depth of pigmentation. Mongolian blue spots are common among Asian, East Indian, and African races, but rare among Caucasian and other races. Mongolian blue spot is a congenital, developmental condition exclusively involving the skin. Mongolian blue spot results from entrapment of melanocytes in the dermis during their migration from the neural crest into the epidermis. This migration is regulated by exogenous peptide growth factors that work by the activation of tyrosine kinase receptors. It is postulated that accumulated metabolites such as GM1and heparin sulfate bind to this tyrosine kinase receptor and lead to severe neurologic manifestations and aberrant neural crest migration.
Pp.106-111, Table-1, Figures- 2, References -51

Монгол хөх толбоны тухай ерөнхий ойлголт

Нярай хүүхдийн ууц нуруу хэсэгт байрласан меланоцит эсүүдээс үүсэлтэй тодорхой хэлбэр дүрсгүй, хөх, саарал, бараан өнгийн төрөлхийн толбыг Монгол хөх толбо (англ. Mongolian blue spot) гэнэ.1,2Анх Монгол хөх толбо гэсэн нэр томъёог1885 онд Германы эрдэмтэн BaelzE Япон улсад ажиллаж байхдаа Монголчуудад байдаг хөх толбыг Япон хүүхдүүдэд байгааг анзаарч “Монгол хөх толбо”гэж баримтжуулснаар дэлхий даяар “Монгол хөх толбо”хэмээн нэрлэж заншжээ.3Түүнээс хойш судлаачид Монгол хөх толбыг “Mongolian blue spot, blue spot, child fleck, sacral fleck, newborn blue fleck, newborn sacral blue fleck, semitic mark, semitic stain, congenital dermal melanocytosis, dermal melanocytosis”гэх мэтээр тэмдэглэсэн байдаг.Монгол хөх толбо нь нярай хүүхдэд тод илэрч өнгө, хэлбэр, хэмжээ нь өөрчлөгдөхгүй явсаар 2-4 нас хүрэхэд аажмаар бүдгэрэн арилдаг бөгөөдховор тохиолдолднасан туршид хадгалагдан үлддэг байна.1 Байршлын хувьд ихэвчлэн ууц нуруу хэсэгт илрэх ба мөр, хөл, гарны орчмоор нэг эсвэл олон тоотой илэрч болно.Монгол хөх толбоны сонгомол байршил нь ууц нурууны хэсэг юм.1,5-9 Судлаач Wateff S нар “Монгол хүүхэд эхээс төрөхдөө ууц, нуруундаа хөх толботой төрдөг бөгөөд ихэвчлэн бага насны хүүхдүүдэд ажиглагддаг. Монгол хөх толбо нь төрсний дараа 2-3 дахь хоногоос илэрч 12-24 сарын дараа арилах ба маш ховор тохиолдолд насанд хүрсэн хүнд бүдэгхэн үлдсэн байдаг” гэжээ.10

Түүнчлэн судлаач Braun-Falco O нар Монгол хөх толбо нь дугуй ба зууван хэлбэртэй, ууц бүсэлхий болон нуруу гуя орчимд байх жигдхэн хөхөлбөр саарал буюу хүрэн өнгөтэй толбо бөгөөд энэ нь янз бүрийн хэмжээтэйгээр илэрдэг гэж тэмдэглэжээ.11

Харвардын их сургуулийн арьс судлаач эмч Thomas BFitzpatrickхүний арьсны өнгийг хэт ягаан туяанд үзүүлж буй хариу урвалд үндэслэн дараах 6 хэлбэрт хуваан үзсэнийг Fitzpatrick-ийн ангилал гэдэг.Энэ ангилалаар:

I. Зэвхий цагаан өнгөтэй арьс

II. Цагаан өнгөтэй арьс

III. Шаргал цагаан өнгөтэй арьс

IV. Цайвар бор өнгөтэй арьс

V. Бор өнгөтэй арьс

VI. Хар бор өнгөтэй арьс гэж 6 ангилдаг байна.

Судлаачдын тэмдэглэлд Монгол хөх толбоны өнгийг хар, хар хөх, хар саарал, саарал, хар бор гэх мэт олон янзын өнгөөр илэрхийлэн бичсэн байдгийгFitzpatrick-ийн ангилалаар тайлбарладаг байна.12Тухайлбал дээрх ангилалаар Африк болон Энэтхэг хүмүүсийн арьс V, VI хэлбэрт ордог тул Монгол хөх толбо нь ногоон-хөх өнгөтэй, Ази гаралтай хүмүүсийн арьс III, IV хэлбэрт ордог тул хар саарал, хар хөх өнгөтэй харагддаг байна.1,13,14

Монгол хөх толбоны онцлог шинж

Ургийн хөгжлийн үед меланоцит эсүүд мэдрэлийн далангаас дерм-эпидермисийн холбоосонд нүүн шилждэг байна.Тодруулбал үр хөврөлийн 10 дахь долоо хоногоос дермисийн давхаргад меланоцит эсүүд үүсч, 11-14 дэхь долоо хоногтойд эпидермисийн давхарга руу шилждэг байна.15 Улмаар үр хөврөлийн 20 дахь долоо хоногтойдмеланоцит эсүүд дермисийн давхаргаас бүрэн шилжиж дуусдаг боловчэнэ явцтүр саатсанаас Монгол хөх толбо үүсдэг байна.5,15,16Энэ үед эд судлалын шинжилгээнд дермисийн доод давхаргад ээрүүл хэлбэрийн меланоцит эсүүд илэрдэг ба хүүхэд томрох тусам меланоцит эсүүд эпидермисийн давхарга руу бүрэн шилжиж дуусах, эсвэл макрофаг эсүүдийн тусламжтайгаар Монгол хөх толбо арилдаг байна.16,17

Судлаач Hanson M, Lupski J нар меланоцит эсүүд мэдрэлийн далангаардамжин арьсны дермис давхаргаас эпидермис давхарга руу нүүн шилжих үйл явц саатаснаас Монгол хөх толбо үүсдэг гэжээ.Зарим судлаачдын таамагласнаар энэхүү нүүн шилжилт нь экзоген пептидийн өсөлтийн хүчин зүйлсүүд тирозинкиназа ферментийн рецепторуудыг идэвхжүүлснээр зохицуулагддаг. Мэдрэлийн далангаас шилжих явц саатсанаас мэдрэлийн ургалтын хүчин зүйлийн идэвхи нэмэгдэн, тирозинкиназын рецептортой холбогддог GM1 ба гепарин сульфат зэрэг метаболитууд хуримтлагддаг.Меланоцит эсүүд мэдрэлийн өсөлтийн хүчин зүйлсүүдтэй холбогдох хемотроп рецепторыг агуулдаг.

Иймээс тирозинкиназа бодисын солилцооны дундын бүтээгдэхүүнтэй холбогдсоноор дермисын давхаргын шилжилтэнд хориг үүсдэг. Гэсэн хэдий ч үүнийг нарийвчлан судалж, зарим өсөлтийн хүчин зүйлсүүдийн үүрэг, нөлөөг тодотгож, зохицуулгын генийн нөлөөг судлах нь чухал хэмээн тэмдэглэсэн байна.18

Эд судлалынтүвшинд Монгол хөх толбо нь бага өсгөлтөнд дермисийн доод-дунд хэсэгт ээрүүл хэлбэртэй, сунасан, хоёр туйлтай, долгионтсон эсвэл зөв бус хэлбэртэй, 5-10μm зузаантай, 30-100μm урттай, арьсны хэвийн бүтэц зохион байгуулалтгүй, арьсны гадаргуу дагуу байрласан модны хэлбэр бүхий эс харагдана. Их өсгөлтөнд эдгээр эс нь дотроо меланин мөхлөг агуулсан харагдах ба Массон-Фонтана мөнгөн будганд эерэг будагдана. Эсийнтөвд өргөн хэсэг байх ба зууван, сул өнгөөр будагдах бөөмийг агуулна. Эс нь аажимдаа нарийн урт эсвэл лийр хэлбэртэй болдог.18 Электрон микроскопоор харахад дермийн меланоцитүүд нь эсийн гаднах фиброзон бүрхүүлтэй ба уг бүрхүүл нь меланоцит эсийн мембранаас 20-50 нм-ын зайтай, 1,5 μm хүртэл зузаантай байдаг.18-20

1930 онд Японы судлаач Morooka K нар 480 нярайд Монгол хөх толбоны илрэлийг 7 жил дагаж судалсан байна. Уг судалгаагаар Монгол хөх толбо нь нярай үед 91.9%, 1 настайд 97.4%, 2 настайд 100% болон ихэсч, 3 настайд 90%, 4 настайд 78,3%, 5 настайд 58.5%, 6 настайд 43.8%, 7 настайд 32.6% болон багассанаас үзвэл Монгол хөх толбоны илрэл наснаас хамааралтай байгааг харуулж байна (Зураг 1).21

Figure 1. Incidence of Mongolian blue spot by age

Монгол хөх толбоны илрэл наснаас хамааралтай байгааг судлаач Inoue нарДОФА(3,4-Диоксифенилаланин) урвалтай холбон тайлбарласан байна. Меланинийг эумеланин, феомеланин болон нейромеланин бүрдүүлнэ. Эумеланин нь хүний биеийн арьс, үсний өнгийг тодорхойлдог бөгөөд Монгол хөх толбыг нөхцөлдүүлэгч гол хүчин зүйл гэж үздэг. Эумеланиний нийлэгжилт элгэнд явагдах ба фенилаланин гидроксилаза ферментийн тусламжтайгаар фенилаланин тирозин болж хувирна. Тирозиназа ферментийн нөлөөгөөр задрах урвал идэвхжиж тирозин нь дофа-г үүсгэх ба дофа нь исэлдэж дофахинон болно. 

Цаашид дофахинон нь өөрөө исэлдэх замаар лейкодофахром, үүнээс дофахром болж хувирна. Үүний дараа 2 замаар эумеланин үүснэ. 1-рт:Дофахромддофахром таутомераза фермент үйлчилж 5,6 дигидроксииндол-2 карбоксил ацид болж хувиран цаашид хинон болсноор эумеланинийг үүсгэнэ. 2-рт:Дофахром нь 5,6 дигидроксииндол болж үүнд тирозиназа хамааралт уураг-1 нөлөөлснөөр хинон, цаашид эумеланинийг үүсгэнэ.Эумеланины үүслийг Зураг 2-т харууллаа.19,22-24

Figure 2.Biosynthetic pathway of eumelanin

Монгол хөх толбыг хүүхдийн бэртэл гэмтлээс үүссэн хөхрөлт, арьсны меланоцит эсийн хэвийн бус хөгжлөөс үүссэн Ота болон Ито толбоос ялгах шаардлагатай.1,25,20,26,27Ота толбо  нь хар, хар бор, саарал хөх зэрэг өнгөтэй байх ба нүүрний аль нэг талд эсвэл хоёр талд илэрч болно. Харин Ито толбо нь мөр хавьцаа байрлалтай ба заримдаа Ота толботой хамт тохиолддог.26,28Ота болон Ито толбонууд  голчлон Ази хүмүүст тохиолддог ба Ота толбо Япон хүмүүст 0.2%-0.6% тархалттай байна гэж тэмдэглэгджээ. Харин Ито толбо нь харьцангуй элбэг тохиолддог ч одоогоор баттай тоо баримт бүртгэгдээгүй байна.29Судлаач Leung A хүүхэд томрох тусам Монгол хөх толбо арилдаг бол Ота толбо арилдаггүй гэжээ.30

Мөн судлаач Alexandar K, Leung M нар Монгол хөх толбо нь гэмтлээс үүссэн хөхрөлттэй ижил харагддаг тул эмнэлэгийн ажилчид нар хүүхдийн бэртэл гэмтлийг нуух тохиолдол гардаг байна. Монгол хөх толбыг ялган таних гол шинж нь өнгөө өөрчилж, хүрээгээ тэлдэггүй, аажим явцтай арилдагаараа ялгагддаг байна.25

СудлаачGupta Dнар Могол хөх толбыг бусад адил төстэй толбуудаас хэрхэн ялгах талаар Хүснэгт 1-т тайлбарлан харуулжээ.20

Table 1. Key features of various dermal melanocytoses

Судлаачдын тэмдэглэсэнээр хязгаарлагдмал хүрээтэй, өөрөө аяндаа арилдаг Монгол хөх толбо нь ямар нэгэн эмгэгтэй холбоогүй гэдгийг онцлон тэмдэглэжээ.7,31,32

Монгол хөх толбоны судлагдсан түүх, тархалт

Анх 1745 онд арьс судлаач эмч Gumilia F нар “Индиан нярай хүүхдийн ууц нуруу хэсэгт хар бараан өнгөтэй толбо байх ба том жижиг янз бүрийн хэмжээтэй тохиолдож байна” гэж тэмдэглэжээ. Үүний дараа 1816 онд судлаачидтөрөлхийн хөх толбоны талаар мэдээлэл хийж, 1885 онд Германы эрдэмтэн Baelz Е Монгол хөх толбо гэж нэрлэсэн байна.33,34

XIX-XX зууны үед хүн судлаачид Монгол хөх толбыг ихээхэн сонирхож энэ сэдвээр судалгаа шинжилгээ, хурал зохион байгуулдаг байжээ.35Тухайлбал Мексикийн хүн судлал болон түүхийнүндэсний музейд“10 000 жилийн өмнө Монгол хүний ген мутацад орсноор хөх толбо үүсч Ази тив улмаар Америкийн Индианчуудад хөх толбоны ген  тархсан”гэсэн тэмдэглэл одоог хүртэл хадгалагдан үлдсэн байна.36Зарим судлаачдын тэмдэглэлд“Евро Азийн иргэншлийн эх өлгий нь Монгол юм. Учир нь Хүннү болон Монгол баатруудын байлдан дагуулалтын үед Азийн улсууд болох Япон, Хятад, Турк, Солонгос болон Унгар үндэстэнд Монгол хөх толбо тархсан”гэжээ.Түүнчлэн2009 онд Улаанбаатар хотод болсон “Монгол билэгдлийн судалгаа: Эрэл хайгуул, ирээдүйн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралдсудлаач BilleF Монгол хөх толбоны талаар илтгэл хэлэлцүүлж байсан байна. Тэрээр илтгэлдээ “10 000 жилийн өмнө Монгол хүмүүсийн генд орсон өөрчлөлтөөс Монгол хөх толбо үүсч Гринланд, Хойд болон Өмнөд Америкт тархсан” гэсэн бол Японы судлаач Morooko K“Монгол хөх толбо нь дэлхий даяар тархсан ч цагаан арьстанд хамгийн бага тархалттай байна” гэж тэмдэглэжээ.21,35

Харин судлаач Cordova A, Baelz E нар Европ, Синоү (Sioux), Инуит (Inuit), Самао (Samoans) зэрэг Америкийн уугуул үндэстэн, мөн Полинез (Polynesians) уугуул иргэд нь Монголтой холбоогүй боловч хөх толботой төрдөг гэж дээрх дүгнэлтийг үгүйсгэжээ.13

Судлаачид Ази, Африк, цагаан арьстай хүүхдүүдийн дундМонгол хөх толбоны тархалтыг судалсан байна.Тэдний судалгааны дүнд Ази, Африк хүүхдүүдийн дийлэнх хувьд ньилэрдэг бол цагаан арьстай хүүхдүүдэд харьцангуй бага тохиолддогийгтогтоон тэмдэглэжээ.13Үүнийг  цагаан арьстандмеланин үүсгэгч меланоцит эсүүдийн идэвх сул байдагтай холбоотой хэмээн тайлбарласан байна.8

Монгол хөх толбоны тархалтыг газар нутгийн хувьд авч үзвэл Ази, тэр дундаа Монголд 91.6%, Японд 81.5%, Тайванд 62% тархалттай байсан бол Хойд Энэтхэгт судлаач Sachdeva М нарын судалгаагаар 60%, Nanda A нарын судалгаагаар 62%-ийн тархалттай байлаа.37-411982 онд Хонг Конгийн судлаач Lau,Chingнарын 1676 эрэгтэй, 1554 эмэгтэй нярайд хийсэн судалгаагаар Монгол хөх толбо 792 эрэгтэйд, 720 эмэгтэйд илэрсэн дүн гарчээ.42

Мөн 1988 онд Хятадын судлаач Leung А92 нярай, 1633 бага насны хүүхдэд судалгаа хийж үзэхэд нярай хүүхдүүдэд Монгол хөх толбо 100% илэрсэн бол нас нэмэх тусам хөх толбо бүдгэрсээр 6-аас дээш насны хүүхдэд илрээгүй байна. Наснаас хамаарахгүйгээр нийт хөвгүүдийн 58%, охидын 53.3%-д Монгол хөх толбо илэрсэн ба ихэвчлэн ууц нуруу, ахар сүүл, өгзөг орчим байрласан байв. Харин нүүр, хүзүү, гарын алга болон хөлийн уланд илрээгүй байна.1

Судлаач Moosavi Z 2002-2003 онд Иранд 1000 нярайгсудлахад 71.3%нь Монгол хөх толботой байсан бол Ираны судлаач ShajariH нарын2007 онд хийсэн судалгаагаар 81%-ийн тархалттай байсан ба нийт хүүхдүүдийн 52% нь эрэгтэй, 48% нь эмэгтэй байсан байна.7,43

Нярай хүүхдүүдэдМонгол хөх толбоны тархалтыг Америкт 1924 онд судлаач Ferreira С, 1982 онд судлаач Cordova А нартус тустодорхойлсон байна.Судлаач Ferraira С-ийн судалгаагаар Америкийн Африк гаралтай хүүхдүүдийн 70%- д,харин цагаан арьстай хүүхдүүдийн 4% нь хөх толботой байсан бол судлаач Cordova A нарын судалгаагаар Америкийн Африк үндэстэнд 96%, Испанчуудад 46%, цагаан арьстай хүүхдүүдэд 9%-ийнтархалттай байсан байна. Байрлалын хувьд Монгол хөх толбо ньууц, өгзөгөнд80.6%, мөрөнд 23.4%, бүсэлхийн хэсэгт14.1%, ахар сүүлэнд10.3%, гарын ар хэсэгт5.9%, нуруунд5.6%, гуяанд5.6%, шуунд4.4%, гаранд4.1%, хөлөнд 1.6%, ташаанд0.6%, дух0.6%, хуруунд0.3% илэрсэн болгарын алга, хөлийн уланд илэрсэнгүй.13,44

Судлаач Rivers J нарын 1990 онд Австралид хийгдсэн судалгаагаар 25.5% тархалттай байсан байна.45

Түүнчлэн судлаач Boccardi D нарын 2007 онд Италид хийсэн судалгаагаар Монгол хөх толбо нь оршин суугаа газарзүйн байрлалтай ихээхэн хамааралтай төдийгүй Ази хүүхдүүдэд Европ хүүхдүүдээс илүү тохиолдож байсан байна.21

Ихэнх судлаачид Монгол хөх толбыг хүйснээс хамаардаггүй гэсэн байхад зарим судлаачид эрэгтэй хүүхдэд, тэр дундаа хар арьстай хүүхдэд цагаан арьстай хүүхдүүдээс өндөр тархалттай талааар дурьджээ.1,46-49Үүнийг тайлбарлахдаа хар арьстанд меланоцит нь их хэмжээний меланин агуулсан том меланосомтой, харин цагаан арьстанд меланоцит нь цөөн тооны жижиг меланосомтой учраас хар арьстандөндөр тархалттай байдаг байна.50

Манай оронд Монгол хөх толбоны талаар судалсан хэд хэдэн судалгаа байдаг басүүлийн үеийн судалгаанаас дурьдахад 2011 онд судлаач Б.Бурмаажав нар Монгол хөх толбоны тархалт, байрлал, хэлбэрийг судалсан бол 2012 онд Б.Байгальмаа нар Монгол хөх толбоны байрлал, хэлбэр болон бичил бүтцийг судалжээ.34,51 2011 онд Судлаач Б.Бурмаажав нар Улаанбаатар хотод төрсөн 502 нярайг хамрууланхийсэн судалгаагаарМонгол хөх толбоны тархалт 85.5% байснаас 96.6% нь эхээс төрөхдөө хөх толботой төрсөн байхад 0.4% нь 1-4 хоногийн дотор хөх толбо үүссэн байна. Хөх толботой төрсөн нийт нярайн 81.1% өгзөгөндөө толботой байсан ба дийлэнх нь зууван хэлбэртэй, гүн хөх өнгөтэй байжээ.35

2012 онд Судлаач Б.Байгальмаа нарын Улаанбаатар хотод оршин суудаг 0-3 насны Монгол хүүхдүүдэд хийсэн судалгаагаар ууц бүсэлхий өгзөг хэсгээр Монгол хөх толбо зонхилон тохиолдож байсан ба хүйсийн ялгаа ажиглагдаагүй байна. Мөн Монгол хөх толботой хэсгийн арьсны эпидермис давхаргад кератиноцит, меланоцит эсүүд 4:2 гэсэн харьцаатай, хөх толботой хэсгийн арьсны бүтцийг хөх толбогүй хэсгийнхтэй харьцуулахад арьсны жинхэнэ давхаргад меланоцитын хуримтлал их байхын сацуу хөх толботой хэсгийн арьсны өнгөн хөрсний суурь, өргөст, мөхлөгт давхаргад меланиний хуримтлал илт их байгааг тогтоосон байна.51

Үнэхээр Монгол хөх толбо нь Монголчууд бидний удамзүйн онцлогийг илэрхийлэгч нэгэн өвөрмөц хэв шинж байх магадтай.Монгол хөх толбо хэмээн нэрлэгддэг арьсны нөсөөжилт нь үе удам дамжин өвлөгддөг, удамзүйн шалтгаант биеийн хэв шинж гэж нийтээр хүлээн зөвшөөрдөг ч, түүнийг нөхцөлдүүлж буй ген, геномын хэсгийг хараахан илрүүлээгүй байгаа билээ. Иймд манай монгол хүүхдүүдэд илэрч буй хөх толбыг нөхцөлдүүлэгч ген, геномын хэсгийг илрүүлэх молекул генетикийн судалгааг хийж монгол угсаатны удам зүйн онцлогийг хөх толботой холбон тайлбарлах зайлшгүй шаардлага урган гарч байна. Ийнхүү Монгол хөх толбыг тойрсон судалгаа шинжилгээний ажил, түүхийн баримт бичгүүд нь өнөөг хүртэл молекул биологич, удамзүй болон хүн судлаач, эмч эрдэмтэдийн анхаарлыг зүй ёсоор татсаар байна.13

Ном зүй

1. Leung AK. Mongolian spots in Chinese children. International journal of dermatology. Mar 1988;27(2):106-108.
2. Kibbi A-G. al: Mongolian spot.http://emedicine. medscape.com/article/1068732-overview. Accessed 2014.03.19.
3. Baelz.E. Die koerperlichen Eigenschaften der Japaner. Mittheil.d.deusch Gesell.f.Naturu- Voelkerheilkunde Ostasiens. Bd.4.H.32. 1885.
4. Numabe H. Mongolian spot. Tokyo medical university. 2003.
5. Nazarian LF. Index of suspicion. Case 3. Mongolian spots. Pediatr Rev. Jun 1993;14(6):215, 217.
6. Mallory SB. Neonatal skin disorders. Pediatr Clin North Am. Aug 1991;38(4):745-761.
7. Shajari AS H SN, Habiby M. The incidence of birthmarks in iranian neonates. acta medica iranica. 2007;45(5):424-426.
8. Ochiai T, Ito K, Okada T, Chin M, Shichino H, Mugishima H. Significance of extensive Mongolian spots in Hunter’s syndrome. Br J Dermatol. Jun 2003;148(6):1173-1178.
9. Hidano A. Section of dermatology. Arch Derm. 1971;103(June):680-681.
10. Wateff S. taches pigmentaires chez les enfants bulgaries. Bull Mem Soc Anthrop 1907;8:231- 249.
11. Braun-Falco O PG, Woldd HH, Burgdorf WHC, Landthaler M. Dermatologie und Venerologie, 5 th edition. Springer Medizin Verlag-Heidelberg. 2006;14(4):270-271.
12. Fitzpatrick TB. Ultraviolet-induced pigmentary changes: benefits and hazards. Curr Probl Dermatol. 1986;15:25-38.
13. Cordova A. The Mongolian spot: a study of ethnic differences and a literature review. Clinical pediatrics. Nov 1981;20(11):714-719.
14. Gupta D, Thappa DM. Mongolian spots-a prospective study. Pediatr Dermatol. Nov 2013;30(6):683-688.
15. Leung AK, Lowry RB, Mitchell I, Martin S, Cooper DM. Klippel-Trenaunay and Sturge-Weber syndrome with extensive Mongolian spots, hypoplastic larynx and subglottic stenosis. Clin Exp Dermatol. Mar 1988;13(2):128-132.
16. Lee CS, Lim HW. Cutaneous diseases in Asians. Dermatol Clin. Oct 2003;21(4):669- 677.
17. Kikuchi I. What is a mongolian spot. Miyazaki medical college. 1981.
18. Hanson M, Lupski JR, Hicks J, Metry D. Association of dermal melanocytosis with lysosomal storage disease: clinical features and hypotheses regarding pathogenesis. Archives of dermatology. Jul 2003;139(7):916- 920.
19. Okawa Y, Yokota R, Yamauchi A. on the extracellular sheath of dermal melanocytes in nevus fusco-ceruleus acromiodeltoideus (Ito) and Mongolian spot. An ultrastructural study. The Journal of investigative dermatology. Sep 1979;73(3):224-230.
20. Gupta D, Thappa DM. Mongolian spots. Indian journal of dermatology, venereology and leprology. Jul-Aug 2013;79(4):469-478.
21. Morooka K. On the Mongolian spot in the Japanese. Acta anat JPN. 1931;3:1371.
22. Zohra Zaidi SW. Disorders of pigmentation. A manual of Dermatology. 2013:427.
23. Inoue S. The mongolian spot. Hifubyoh- Shinryoh. 1979;1:104.
24. Chang TS. An updated review of tyrosinase inhibitors. International journal of molecular sciences. Jun 2009;10(6):2440-2475.
25. Leung AK, Kao CP. Extensive Mongolian spots with involvement of the scalp. Pediatric dermatology. Sep-Oct 1999;16(5):371-372.
26. M I. studies on melanin. tohoko j exper med. 1954;60(1):10.
27. Leung AK, Robson WL. Superimposed Mongolian spots. Pediatric dermatology. Mar- Apr 2008;25(2):233-235.
28. Leung AK. Scleral melanocytosis. Am Fam Pysician. 1999;59:163-164.
29. lui H. Nevi of Ota and Ito. http://emedicine.medscape.com/article/1058580- overview2013.05.16.
30. Leung AK, Kao CP, Lee TK. Mongolian spots with involvement of the temporal area. International journal of dermatology. Apr 2001;40(4):288-289.
31. Silengo M, Battistoni G, Spada M. Is there a relationship between extensive Mongolian spots and inborn errors of metabolism? American journal of medical genetics. Nov 26 1999;87(3):276-277.
32. Ashrafi MR, Shabanian R, Mohammadi M, Kavusi S. Extensive Mongolian spots: a clinical sign merits special attention. Pediatric neurology. Feb 2006;34(2):143-145.
33. Gumilia J. The illustrated orinoco. 1745;1(Madrid, 2nd publication).
34. Bahrawy AAe. Uber den mongolenfleck bei Europaern. Ein Beitrag zur Pigmentlehre. 1922:171-192.
35. Bille F. the mongolian ble spot symbolism, limitations, potentialities. Paper presented at the conference: Study of Mongolian Symbolism:. Quest and Perspectives Ulaanbaatar, Mongolia; 2009 September 09-10.
36. Uribe MG. The mongoloid spot. The Australasian journal of dermatology. Aug 1976;17(2):61-64.
37. Б. Сувд, Б.Бурмаажав, С. Лхамсүрэн, Ө. Оюунчимэг. Улаанбаатар хотын нярайн дунд Монгол хөх толбын тархалтыг судалсан дүнгээс. Монголын анагаахын оюутны эрмдийн хоёрдугаар чуулган. Улаанбаатар хот,2012;73-74.
38. Hidano A, Purwoko R, Jitsukawa K. Statistical survey of skin changes in Japanese neonates. Pediatric dermatology. Feb 1986;3(2):140- 144.
39. Shih IH, Lin JY, Chen CH, Hong HS. A birthmark survey in 500 newborns: clinical observation in two northern Taiwan medical center nurseries. Chang Gung Med J. May-Jun 2007;30(3):220- 225.
40. Sachdeva M, Kaur S, Nagpal M, Dewan SP. Cutaneous lesions in new born. Indian J Dermatol Venereol Leprol. Nov-Dec 2002;68(6):334-337.
41. Nanda A, Kaur S, Bhakoo ON, Dhall K. Survey of cutaneous lesions in Indian newborns. Pediatr Dermatol. Mar 1989;6(1):39-42.
42. Lau JT, Ching RM. Mongolian spots in Chinese children. Am J Dis Child. Sep 1982;136(9):863- 864.
43. Moosavi Z, Hosseini T. One-year survey of cutaneous lesions in 1000 consecutive Iranian newborns. Pediatr Dermatol. Jan-Feb 2006;23(1):61-63.
44. Ferreira.C. La tache blue mongolique a san Paulo (Brazil). Arch de Med de Inf Paris. 1924;27:101.
45. Rivers JK, Frederiksen PC, Dibdin C. A prevalence survey of dermatoses in the Australian neonate. J Am Acad Dermatol. Jul 1990;23(1):77-81.
46. Alper JC, Holmes LB. The incidence and significance of birthmarks in a cohort of 4,641 newborns. Pediatr Dermatol. Jul 1983;1(1):58- 68.
47. Jacobs AH, Walton RG. The incidence of birthmarks in the neonate. Pediatrics. Aug 1976;58(2):218-222.
48. Dash K, Grover S, Radhakrishnan S, Vani M. Clinico epidemiological study of cutaneous manifestations in the neonate. Indian J Dermatol Venereol Leprol. Jan-Feb 2000;66(1):26-28.
49. Saracli.T KJA, Jr.Scott R. B. Common skin disorders in the newborn Negro infant. Observations based on the examination of 1,000 babies. J Pediatr. Mar 1963;62:359- 362.
50. Thong HY, Jee SH, Sun CC, Boissy RE. The patterns of melanosome distribution in keratinocytes of human skin as one determining factor of skin colour. Br J Dermatol. Sep 2003;149(3):498-505.
51. Б.Байгальмаа, А.Авирмэд, Д.Амгаланбаатар Улаанбаатар хотод оршин суугаа 0-3 насны Монгол хүүхдийн хөх толбоны байршил, бүтцийн судалгаа Эрүүл Анатомийн тэнхим, Эрүүл Мэндийн инжлэх Ухааны Их Сургууль; 2012.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор,профессор Д.Амгаланбаатар


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2502
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК