Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2014, 2(168)
2013 онд Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан эрдэмтэд (үргэлжлэл)
( Товч мэдээлэл )
 

Баяндоржийн Цогзолмаа

(Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Боловсролын доктор)

”Монгол улсын нэг хүртэлх насны хүүхдийн хооллолтын асуудлыг хөхөөр хооллох болон өлгийдэх дадалтай холбон судалсан нь” сэдвээр 2013 оны 1 дугээр сарын 15-нд  Английн Бристол хотноо анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан байна. 

Монголын хот суурин газрын эрүүл төрсөн нярай хүүхдийг санамсаргүй түүвэрлэлт-хяналтат судалгаа (RCT)-ны аргаар өлгийдэх, хувцаслах гэсэн 2 бүлэгт хуваарилан нэг  нас хүртэл нь ажиглах байдлаар нярай хүүхдийн хооллолтын төрлийг судалсан байна. Судалгааны ажлын зорилго нь нярай хүүхдийг төрснөөс хойш анх удаа когорт судалгааны ажиглалтын аргаар нэг нас хүртэл нь тасралтгүй 7 сар ажиглаж хүүхдийн хооллолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулан, хооллолтын асуудлыг  өлгийдэх болон хүүхдийн өвчлөлтэй холбон судалсан байна. Судалгааны хүрээнд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон бусад олон улсын байгууллагуудын зөвлөмжийг үндэслэн хөгжиж буй болон хөгжсөн орнуудад хийгдсэн судалгааны бүтээлүүд, Монгол улсад энэ чиглэлээр өмнө нь хийгдсэн судалгааны бүтээлүүдэд дүн шинжилгээ хийж, харьцуулсан байна.

Улаанбаатар хотын 4 амаржих газар эрүүл төрсөн 1225 нярайг төрсний дараахь 48 цагийн дотор судалгаанд хамруулж эхний 1 сарын турш 7 хоногт 1 удаа, дараахь 2-6  сарын турш 3 долоо хоногт нэг удаа болон 13 сард нь 1 удаа тус тус гэрийн эргэлт хийж хүүхдийн хооллолт, өсөлт, хувцаслалт болон эрүүл мэндийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулсан байна. Судалгаанд хамрагдсан хүүхдийн хооллолтын байдлын талаархи мэдээлэлд дан хөхөөр хооллолтын хувь болон түүний үргэлжилсэн хугацаа, хөхөөр хооллолтын бусад хавсарсан хэв маяг төрлүүд, нэмэлт сүүн тэжээл болон нэмэлт хоолонд оруулсан насыг сараар бүртгэх, хот суурин газрын нярай  хүүхдийн хооллолтын хэв маяг нь хүүхдийн өсөлт, өвчлөл, өлгийдэх болон эхийн ажил эрхлэлтэй хир зэрэг холбоотой байгааг судалжээ.

Судалгаанд хамрагдсан эхчүүдийн дунд хүүхдийг төрсний дараахь 1 цаг (87%) болон 24 цагийн дотор (11%) хөхөөр амлуулах дадал өндөр байсан. Хүүхдийн сүүн тэжээл  болон нэмэлт хоолтой хавсарсан хөхөөр хооллолтын хувь 10-13 сартайд өндөр байсан ч ДЭМБ-аас мөрдөж буй төрсний дараахь эхний 6 сар дан хөхөөр хооллох зөвлөмжийн дагуу тооцоход бага хамтралттай (6%) байсан байна. Гэхдээ тухайн үед мөрдөгдөж байсан төрсний дараахь эхний 4 сар дан хөхөөр хооллох нь 60 хувь, дан хөхөөр хооллох дундаж хугацаа 2 сар байсныг тогтоосон байна.

Эхийн боловсролын түвшин, өрхийн орлого бага эхчүүдийн дунд хүүхдээ хөхөөр хооллох нь өндөр, харин туршлагатай, ахимаг насны эхчүүд хүүхдийн сүүн тэжээлд нэмэлтээр оруулах нь элбэг байжээ. 

Төрсний дараахь эхний 6 сард ажилдаа эргэн орсон эхчүүдийн 15% нь хүүхдээ хөхний сүүнээс гаргасан. Хөхөөр холлох хувь хүүхдийг өлгийдэх (89%), хувцаслах (88%)  дадлаас үл хамааран өндөр байсан байна.

Судалгааны үр дүнг Монгол улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүүхдийн хооллолт, эрүүл мэндийн чиглэлээр баримталж буй Засгийн газрын бодлоготой уялдуулан шүүн хэлцэж, хүн амд суурилсан хөхөөр хооллолтыг дэмжих замаар Монгол улсад дан хөхөөр хооллох хугацаа, хувийг ихэсгэхэд шаардлагатай зөвлөмж, саналыг боловсруулсан байна.

Балдоогийн Лагшмаа

(ЭМШУИС, Докторант)

“Мөрний архаг өвдөлтийн хамшинжийн зүү эмчилгээний үр дүн ба системчилсэн тойм үнэлгээ” сэдвээр 2013 оны 6 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотноо анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

Мөрний архаг өвдөлтийн хамшинжийн зүү эмчилгээний үр дүнг системчилсэн тойм үнэлгээний болон санамсаргүй хяналтат эмнэлзүйн туршилт судалгааны (СХЭТС) аргаар тооцох зорилго дэвшүүлэн тус судалгааг хийжээ.

Системчилсэн тойм үнэлгээг гүйцэтгэхэд MEDLINE, EMBASE, CINAHL, SCISEARCH, Cochrane Controlled Trials Register мэдээллийн сангуудаас хайлт хийж, сонгосон 12  өгүүллүүдэд дүн шинжилгээ хийсэн. СХЭТС-нд 94 өвчтөнг хамруулж эмчилгээний ба хяналтын бүлэгт санамсаргүй түүврийн аргаар хуваарилан эмчилгээний өмнө, эмчилгээ дууссан даруйд, эмчилгээ дууссанаас хойш 1 сарын дараа өвдөлтийн зэрэглэл (VAS), гар, мөр, сарвууны чадвар алдалтын зэрэглэл (DASH), сэтгэл гутралын түвшин (CESD-10) зэрэг асуумж судалгаагаар үнэлэн үр дүнг тодорхойлсон байна.

Системчилсэн тойм судалгааны үр дүнгээс харахад өнөөгийн байдлаар мөрний архаг өвдөлтийн хамшинжийн зүү эмчилгээний үр дүнг харуулсан судалгаануудын арга  зүй, үнэлгээний аргууд жигд бус байна. Иймээс уг судалгаагаар дээрх эмчилгээний үр дүнг тооцох боломжгүй, цаашид чанарын шаардлага хангасан туршилт судалгаа хийх шаардлагатай байна гэж дүгнэжээ.

Эмнэлзүйн туршилт судалгааны үр дүнгээс харахад зүү эмчилгээ дууссан даруйд судалгаанд хамрагдагсдын мөрний өвдөлт, гар, мөр, сарвууны үйл ажиллагааны  алдагдал, сэтгэл гутралын шинж хяналт буюу хуурамч зүү эмчилгээний бүлэгтэй харьцуулахад статистикийн үнэн магадлалтайгаар буурсан байна. Эмчилгээ дууссанаас 30 хоногийн дараа мөрний өвдөлт, гар, мөр, сарвууны үйл ажиллагааны алдагдал хяналттай харьцуулахад статистикийн үнэн магадтай буурсан хэвээр, сэтгэл гутралын үзүүлэлтийн статистик ялгаа арилсан байна.

Судалгаанаас гарсан практик зөвлөмжид зүү эмчилгээгээр мөрний өвдөлтийг намдаан, мөрний үений хөдөлгөөний хязгаарлалтыг багасгасны дараа хөдөлгөөн засал, гар засал хийх болоижтой бөгөөд бусад нөхөн сэргээх эмчилгээнүүдийг зүү эмчилгээтэй хавсруулан хийх нь чухлыг тусгажээ.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 730
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК