Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 5(42)
Y.pestis омгуудыг парафины тосон дор хадгалсан үр дүн
( Судалгааны өгүүлэл )

Ж.Мягмар 

Байгалийн Голомтот Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

 
Абстракт

Culture Collection (CC) of NCIDNF was established in 1958, when received and registered first culture was Y.pestis, which was isolated from carcasses of M.sibirica, from Tuv aimag and until 1998 CC preserves over 2500 strains of Y.pestis. For preservation use technique under paraffin oil and frequent transfers made three months intervals to fresh Hottinger and with 1% blood agar slants.

Result showed that 49,7% of cultures preserved by this method, was dead during M=7,2±6,2 years, were determined negative correlation (rx,y= -0,76, m=±0,011, t≥3) between the death cultures and the storage years under paraffin oil and the repetition numbers of transfers to fresh medium.

In the near future need to investigate effective preser­vation methods and to study morphological and physi­ological changes of Y.pestis preserved under paraffin oil, continuously necessary.

Mongolian Journal of Infectious Disease Research, 2011, ¹ 5(42):11-13;

Байгалийн голомт дахь янз бүрийн зүйлийн агуулагч, тэдгээрийн зэм үхдэл болон дамжуулагчид, тарваган тахлаар өвчилсөн, нас барсан хүнээс илрүүлсэн Y.pestis зүйлийн 2500 гаруй омгоос 49,7%-нь хадгалалтын 1-13 (M=7,2±6,2, m=0,175) дахь жилд үхсэн байна. Байгальд бүлээн цуст амьтдын дунд орчиж байсан омгуудыг in vitro орчинд шилжүүлэхэд шинэ нөхцөлд дасан зохицож амьдрах нь хадгалсан жил болон сэлгэлтийн давтамжаас шууд урвуу хамааралтай (rx,y= -0,76, m=±0,011, t≥3) байна.

Цаашид өсгөвөр, омгийн хадгалалтад үр дүнтэй аргуудыг турших, нэвтрүүлэх, түүний дотор парафины тосон дор Y.pestis-ын омгуудыг хадгалахад үүсэх хувьсал, өөрчлөлтийг нарийвчлан судлах шаардлагатай байна.

Лабораторийн шинжилгээ, оношлогооны явцад илрүүлсэн бичил биетний фенотип, генотипийн шинж чанарыг алдагдуулахгүйгээр удаан хугацаагаар хадгалах нь сургалт, судалгаа, туршилт үйлдвэрлэлд төдийгүй микробиологийн салбарын хөгжилд чухал ач холбогдолтой.

Дэлхийн бичил биетний мэдээллийн төв (WDCM)- д бүртгэлтэй, өсгөвөр цуглуулгын 531 сан байдаг бөгөөд дэлхийн 67 улсад харьяалагддаг байна. Эдгээрээс 146-нь засгийн газраас санхүүждэг, 30-нь хагас засгийн газрын, 130- нь их сургуулиас, 6-нь үйлдвэрээс 18-нь хувийн байгууллагуудаас тус тус санхүүждэг байна. Сангууд нь нян, вирус, мөөгөнцөр, эсийн өсгөврийн зэрэг 1,3 сая гаруй бичил биетний цуглуулгатай, үүсгэгч болон патентын хадгалалт, сургалт, үүсгэгчийг нотлох (дүйн тодорхойлох), захиалгын дагуу хувилж олгох зэрэг ажил үйлчилгээг эрхэлдэг байна.

Өсгөврийг хадгалахад: өсгөвөрлөх, парафины тосон дор, ус-ус шүлтлэг уусмалын холимогт, хатаах, хөлдөөх, гүн хөлдөөх, хуурайшуулах зэрэг олон аргуудыг хэрэглэдэг (Tsonka Uzunova-Doneva нар, 2004-2005).

Анх 1914 онд Lumibre болон Chevrotier нар gono­cocci-ийн омгуудыг ариутгасан парафины тосон дор нилээд хэдэн сар хадгалсан байна. Harry E. Morton and Edwin J. Pulaski (1938) нар бичил биетний хадгалалтын талаар судлаачдын нийтлүүлсэн хэвлэлийн тоймыг нэгтгэн дүн шинжилгээ хийсний үндсэн дээр, өөрсдөө туршилт хийхээр шийдвэрлэн ихэнхи нь эмгэг төрүүлэгч шинжтэй 22 төрлийн нянгийн 44 омгийг парафины тосон дор хадгалан дүгнэхэд парафин хэрэглээгүй шалгуураас 5 өсгөвөр үхсэн, бусад нь амьд байжээ. Түүнээс хойш, тухайлбал: 1939-1952 онд олон судлаачид хүн, амьтан, ургамлаас гаргаж авсан маш олон төрлийн эмгэг болон эмгэг бус шинжтэй нян, спирохет, мөөгөнцрийн хэдэн зуун омгийг энэ аргаар хадгалж, дүнг мэдээлсэн байна (S. E. Hartsell, 1952).

Төв аймгийн Зуун мод, Манзуширийн хийд орчмоос олборлосон тарваганы зэмнээс илрүүлсэн тарваган тахлын нянгийн Y.pestis pestis зүйлийн омгийг 1958 оны 5-р сарын 15нд хүлээн авч анхны дугаар (¹1)-т бүртгэсэнээр тус Төвийн амьд өсгөврийн сан (АӨС)-гийн үйл ажиллагаа эхэлжээ. Тус сангийн цуглуулгад 1968 оноос Bacillus anthracis, 1978 оноос Erysipelothrix rhusiopathiae, 1985 оноос Listeria mono­cytogenes, 1987 оноос Pasterella multocida, 1996 оноос Vibrio cholerae зүйлийн нянгуудыг хадгалж байна (Мягмар нар, 2008, 2011).

Тус Төвийн амьд өсгөврийн сан нь 1998 он хүртэл тарваган тахлын нянгийн өсгөврийг 1%-ийн цустай болон Хоттингерийн ташуу агарт ургуулан парафиндаж, 3 сар тутамд сэлгэн хадгалсаар ирсэн. 1998 оны сүүлчээс тарваган тахлын өсгөврийг Хоттингерийн 0.7%-ийн хагас шингэн орчинд тус бүр 2% ургуулан 4 сар тутамд сэлгэн хадгалж байснаа 2006 оноос хойш 10%-ийн глицерин, 1%-ийн буурцагны шөл (trypticаsе sоу) бүхий тэжээлт орчинд суулган -300С-д хадгалж, 6 сар тутамд сэргээн шинэ тэжээлт орчинд сэлгэдэг (Д.Ганболд нар, 2005).

Зорилго

Y.pestis-ийг хадгалахад 40 жил хэрэглэсэн парафины тосон дор хадгалах аргын үр дүнг дүгнэхэд оршино.

Судалгааны материал, арга зүй

Парафины арга нь 1%-ийн цустай болон Хоттингерийн ташуу агарт өсгөврийг суулгаж 280С- 24 цаг өсгөвөрлөдөг. Хуруу шилний гаднаас бичил харуураар ургалтыг шалгаж, цэвэр бол хуруу шилний бөглөөг тайрч, амсраас доош 1см хүртэл түлхэж оруулаад дээр нь хайлуулсан парафинаас хуруу шилний амсар хүртэл дүүргэнэ. Суулгацуудыг 4-8 хэмд 3 сар хадгалж, шинэ орчинд сэлгэдэг байсан.

Энэхүү судалгаанд тус Төвийн амьд өсгөврийн санд 1958-1998 онд хадгалагдсан тарваган тахлын нянгийн 2500 омгийг сонгож, эдгээрийн паспорт, сэлгэн суулгалтын протокол, өсгөвөр устгасан акт зэрэг баримтуудыг ашигласан. Эдгээр омгууд ургах чадвараа алдаж, үхэх хүртлээ хадгалагдсан хугацааны дундаж, стандарт хазайлт, алдаа, корреляцийн хамаарал (M, S, m, rx,y) зэрэг үзүүлэлтийг тооцож гаргасан.

Судалгааны үр дүн, хэлцэмж

Өсгөврийг парафины тосон дор хадгалах аргын зарчим нь хүчилтөрөгч нэвтрэх боломжийг хязгаарлан, ингэснээр хөлдөөж хадгалах явцад үүсгэгчийн бодисын солилцоо болон ургалтыг багасгахад чиглэгддэг. Xэдийгээр энэ арга нь үнэтэй тоног төхөөрмж шаардахгүй, хэрэглэхэд энгийн боловч олон тооны омгийг жилд 4 удаа сэлгэхэд ажиллагаа ихтэйгээс гадна өсгөврийн тоо хэт олширч, зардал ихэссэн зэрэг үндэслэлээр 5 удаа (1975 онд 470, 1986 онд 256, 1988 онд 100, 1996 онд 211) нийт 1037 өсгөврийг сонгож устгажээ.

Байгалийн голомт дахь янз бүрийн зүйлийн агуулагч, тэдгээрийн зэм үхдэл болон дамжуулагчид, тарваган тахлаар өвчилсөн, нас барсан хүнээс илрүүлсэн Y.pestis зүйлийн 2500 гаруй омгоос хадгалалтын явцад 49,7%-нь 1-13 (M=7,2±6,2, m=0,175) дахь жилд үхсэн байна (Зураг 1).

Зураг 1. Парафины тосон дор Y.pestis-ийн хадгалагдсан байдал

Зураг 2. Хадгалалтын явцад үхсэн өсгөврийн эх сурвалж, хугацааны ялгаа

Гэвч судлаачид, тухайлбал: 1939 онд Sterzi, 1940 онд Hac, 1942 онд Simmons, 1943 онд Sherf, 1944 онд Norris, 1947 онд Gordon and Smith, 1949 онд Stebbins and Robbins, 1951онд Ajello, Grant and Gutzke, 1952 онд Babudieri нар хүн, амьтан, ургамлаас гаргаж авсан маш олон төрлийн эмгэг болон эмгэг бус шинжтэй нян, спирохет, мөөгөнцрийн хэдэн зуун омгийг энэ аргаар 2-7 жил сэлгэхгүй хадгалахад үүсгэгчид амьд байсныг S. E. Hartsell (1952)-ийн бүтээлд тэмдэглэгджээ.

Парафины тосон дор ургалтын эхний үед дарангуйлах нөлөө ихтэй, үхүүлэх сул үйлчилгээтэй бодис үүсч хуримтлагдан эсээс ялгарч тархдаг. Энэхүү бодисын дарангуйлах нөлөө, орчин дахь тэжээлийн бодисын хомсдолын улмаас зарим эс задарч үхдэг байна. Амьд үлдсэн эсүүд, үхсэн эсүүдийг тэжээлийн хэрэглээ болгодог байж болзошгүй “аутофаг”-ийн үзэгдлээс гадна парафины хэмжээ багадсан тохиолдолд тосны үеэр нэвчсэн хүчилтөрөгч төдийгүй парафин ч эсэд сөргөөр нөлөөлдөг байх магадлалтай гэх мэтээр парафины тосон дор бүрддэг “бичил уур амьсгал”–ын талаар судлаачдын дэвшүүлсэн янз бүрийн тайлбар, таамаглалыг онцлон мэдээлжээ (S. E. Hartsell, 1952).

Парафины тос багадахад тэжээлт орчин хатаж, шилний ёроол болон хананаас хөндийрөх бөгөөд энэ тохиолдолд нян ихэвчлэн үхдэг, хэрэглэж буй парафины тос нь ариутгасан, бичил биетэнд хортой нөлөөгүй чанартай байх нь чухал, нянгийн омгууд удаан хугацаагаар амьд байдаг, заримдаа үржлийн лаг-фаз удаашрахыг эс тооцвол биохимийн болон өсгөврийн шинжид өөрчлөлт илрээгүй, тусгай тоног төхөөрөмж шаарддаггүй, зардал багатай, практикт тохиолддог бохирдох боломж багатай гэх мэт давуу талуудыг тэмдэглэжээ (Harry E. Morton нар, 1938).

Манай практикт өсгөврүүдийг сэлгэх явцад ургалт султай, колонийн морфологи өөрчлөгдсөн омгуудыг онош зүйн лабораторит шилжүүлж, Хоттингерийн шөл, цустай орчинд өсгөвөрлөх, туршилтын амьтанд (цагаан хулгана) халдварлуулах зэрэг аргаар тэтгэлт хийж байсан боловч хувьсч өөрчлөгдсөн омгуудын шинж төрхийг нарийвчлан судлах асуудал орхигдож байсан.

Саратовын (ОХУ) судлаачид удаан хугацаагаар музейд хадгалагдсан тарваган тахлын нянгийн 14 омгийг янз бүрийн нөхцөлд (ташуу агарт өсгөвөрлөн парафины тосон дор хадгалах явцад жилд 1 удаа сэлгэсэн, ташуу агарт өсгөвөрлөн гагнаж сэлгээгүй, хуурайшуулан ампулдсан) хадгалж, хоруу чанарын өөрчлөлтийг харьцуулан судалсан байна. Хуурайшуулан хадгалсан омгууд 12 жилийн турш хоруу чанараа хэвээр нь хадгалж байсан бол флаконтой болон хуруу шилтэй тэжээлт орчинд хадгалсан омгуудын хоруу чанар нь эрс буурсан байна (Ящук нар, 1968). МicrobankTM орчинд 7 сарын хугацаанд хадгалсан Y.pestis-ийн 5 омог амьд, масс ургалттай, эмгэг төрүүлэмжтэй байсан боловч амьтныг үхүүлэх хугацаа уртассан байна (Мягмар нар, 2011).

Дүгнэлт

Байгалийн голомт дахь янз бүрийн зүйлийн агуулагч, тэдгээрийн зэм үхдэл болон дамжуулагчид, тарваган тахлаар өвчилсөн, нас барсан хүнээс илрүүлсэн Y.pestis зүйлийн 2500 гаруй омгоос хадгалалтын явцад 49,7%-нь 1-13 (M=7,2±6,2, m=0,175) дахь жилд үхсэн байна. Байгальд бүлээн цуст амьтдын дунд орчиж байсан омгуудыг in vitro орчинд шилжүүлэхэд шинэ нөхцөлд дасан зохицох, амьдрах, үхэх нь хадгалсан жил болон сэлгэлтийн давтамжаас шууд урвуу хамааралтай (rx,y= -0,76, m=±0,011, t≥3) байна.

Цаашид өсгөвөр, омгийн хадгалалтад үр ашигтай аргуудыг турших, нэвтрүүлэхээс гадна парафины тосон дор Y.pestis-ын омгуудыг хадгалахад үүсдэг хувьсал, өөрчлөлтийг нарийвчлан судлах шаардлагатай байна.

Ном зүй

1. Д.Ганболд, Б.Цэрэнхүү, А. Эрдэнэбат. (2005). Тахлын өсгөврийг хөлдөөж хадгалсан ажлын дүн. БГХӨСҮ Төвийн ЭШБ-¹13. УБ, х.166-169
2. Мягмар Ж., Байгалмаа М. (2008). Пастереллёз, эризепелойд, листериоз өвчний үүсгэгчийн тархалт. БГХӨСҮ Төвийн ЭШБ-¹16. УБ, х.127-133
3. А.П.Ящук, А.З.Бережиов, Т.Н.Донская, М.В.Зубова. (1968). Влияние различных условий хранения на вирулентность чумного микроба. Микробиология и иммунология особо опасных инфекций, Саратов, х. 324-326
4. Harry E. Morton and Edwin J. Pulaski. (1938). The Preservation of Bacterial Cultures. J Bacteriol. February; 35(2): 163–183.
5. S. E. Hartsell. (1952). The Preservation of Bacterial Cultures under Paraffin Oil, 36-41
6. Tsonka Uzunova-Doneva and Todor Donev. (2004-2005). Anabiosis and conservation of microoganisms. Journal of Culture Collections, Volume 4, pp. 17-28
7. Ж.Мягмар, М.Энхтуяа. . Зарим нянгийн үүсгэгчийг MicrobankTM –орчинд хадгалах туршилтын дүнгээс. Монгол улсад эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал, 250-251
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Биологийн ухааны доктор Д.Цэрэнноров


Нийтлэлийн нээгдсэн тоо: 775
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК