Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 5(42)
B.anthracis-ын эсрэг хэт дархан ийлдэс гаргаж авсан туршилтын дүн
( Судалгааны өгүүлэл )

Б.Хажидмаа1, Ж.Мягмаp1, Ж.Баярмаа2, Б.Байгалмаа1, Б.Энхжаргал1

1Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв
2Монгол улсын их сургууль

 
Абстракт

After immunization by Stern vaccine, five white rab­bits, weighing about 2,5 kg each, were subcutaneously immunized five times, at one week intervals, with a mix­ture containing 1x105-2x105 CFU/ml and incomplete adjuvant (Sigma) to induce sufficient antibody produc­tion. The antibody titer was monitored by indirect hae­magglutination (IHA). Rabbit blood was collected after 7, 14, 21 and 28 days of immunization.

The antibody titer by IHA was 1:80 in three serums and 1:160 in one serum. The positive results of IHA, gel electrophoresis and Ascoli precipitation, indicated that obtained serum contains specific immunoglobulin against B.anthracis antigen.

Mongolian Journal of Infectious Disease Research, 2011, ¹ 5(42):13-14; 1 Figure and 3 References;

Молтогчин туулайг боомын вакцины Штерн омгоор дархлаажуулсны дараа хоруутай өсгөврийн 1х105-2х105 н.э/мл-ийн агууламжтай булинга болон адъювантын холимгоос 0,3-1мл-ийг схемийн дагуу 7 хоногийн зайтай 5 удаа халдвар хийсэн. Тарилгын дараа 7, 14, 21, 28 дахь хоногуудад туулайн чихний хураагуур судаснаас цус авч ийлдсийг ялгасан. Туршилтын дүнд гаргаж авсан ийлдэс нь боомын нянгийн эсрэг өвөрмөц үйлчилгээтэй хэт дархан ийлдэс болохыг Аскол, ЦНШБУ болон гель электорфорезын дүн илтгэж байна.

Удиртгал

Манай улсад 1964-2010 онд боомын хүний өвчлөлийн 263 тохиолдол бүртгэгдэж 5.7% нь нас барсан бөгөөд хөдлөл зүйн хувьд өвчлөлийн үзүүлэлт буурахгүй байгаа билээ.

Боомын халдвар авсан өвчтөнүүд эмнэлэгт хожуу хандах, антибиотик хэрэглэсэн зэрэг тохиолдолд үүсгэгч илрэхгүй, лабораторийн оношлогоонд хүндрэл учирдаг [1]. Энэ тохиолдолд боомын нянгийн өвөрмөц эсрэгтөрөгч, эсвэл эсрэгбие (IgM, IgG)-ийг тодорхойлох ийлдэс судлалын шинжилгээ оношийн ач холбогдолтой байдаг. Хэт дархан ийлдсийг боомын нянгийн эсрэгтөрөгч хайх зориулалттай Асколын халуун тунадасжуулах урвалд хэрэглэдэг. Иймд энэхүү судалгаагаар боомын нянгийн эсрэг хэт дархан ийлдэс гаргаж авахыг зорьсон.

Судалгааны материал, арга зүй

Энэхүү судалгаанд малын дархлаажуулалтад хэрэглэдэг боомын вакцины Штерн омог болон өвчтөнөөс ялгасан хоруутай өсгөвөр, 5 толгой молтогчин туулайг тус тус ашигласан. Вакцины болон хоруутай өсгөврийн зүйлийн шинжийг 10 сорилоор дүйн тодорхойлсон. B.anthracis Sterne омгийн вакциныг 0.5 мл–ээр туулайн арьсан дор, 14 хоногийн дараа давтан тунг тус тус тарьсан.

Омгуудын 370С-д 20 цаг өсгөвөрлөсөн ургацыг 600С-д нэг цагийн турш халааж идэвхгүйжүүлээд, Мак-Фарландын 0.5 нэгжийн стандарт булингатай харьцуулан физиологийн уусмалыг нэмэх замаар нэг миллитрт 1х105-2х105 нянгийн эс агуулсан булинга бэлтгэсэн. Схемийн дагуу булингуудаас 0,3-1мл-ийг тэнцүү хэмжээний адъюванттай хольж, 7 хоногийн зайтай 5 (2010 оны II.25-III.23) удаа туулайнуудын арьсан дор халдвар хийсэн.

Тарилга бүрээс хойш зургаа дахь (7, 14, 21, 28) хоногуудад туулайн чихний хураагуур судаснаас цус авч ийлдсийг ялган, гель-электорфорез болон Асколын бүрдэл дэх хяналтын эсрэгтөрөгчийг ашиглан тунадасжуулах урвал тавьсан. Цус наалдуулах шууд бус урвал (ЦНШБУ)-ын дүнгээс эсрэгбиеийн титрийн геометрийн дунджийг тодорхойлсон.

Судалгааны үр дүн, хэлцэмж

Дархлаажуулалтыг туулай бүрээр авч үзвэл: вакцин хийснээс хойш эхний 2 тарилгын дараа эсрэгбиеийн таньц (1:20-1:40) тогтвортой түвшинд байснаа 14-21 хоногийн дараа анхны титрээс 2-8 дахин өсч, сүүлийн тарилгын дараа анхны түвшинд хүртэл буурсан нь ЦНШБУ-аар тодорхойлогдов (Зураг 1).

Зураг 1. Туршилтын туулайд үүссэн эсрэгбиеийн таньц

Эхний 2 тарилгын дараа эсрэгбиеийн таньцийн геометрийн дундаж (ГДТ)-нь 1:32 титрт тодорхойлогдож, 3 болон 4 дэх тарилгаар 1,7 дахин (ГДТ=1:57) өссөн. Харин сүүлийн тарилгын дараа ГДТ=1:25 болж буурчээ.

Ш.Цэрэндорж нар (2010) тус улсын 5 аймгийн 17 сумын нутгаас 530, мөн боомын голомт тэмдэглэгдээгүй аймгаас вакцин хийгээгүй 50 бог, бод малыг Штерн омгоор дархлаажуулсан байна. Вакцин хийснээс хойш 7, 14, 21, 28 хоног болон 2-12 сарын дараа ийлдсийг авч өөрсдийн бүтээсэн ELISA цомгоор эсрэгбие үүсэлтийг тодорхойлоход адуунаас бусад малд 14 дэх хоногт хамгийн өндөр титр илэрсэн нь бидний судалгаатай тохирч байна.

Харин рекомбинант технологиор бүтээсэн цомгоор тарилгаас хойш 3, 5, 7 сарын дараа вакцины дараах дархлааг хонь, ямаа, тэмээнд шалгахад эсрэгбиеийн оргил таньц 3 сарын дараа тэмдэглэгдсэн байна [3].

Бид туулайн ийлдсийг цэврээр нь болон 2 дахин шингэлж Асколын урвалын стандарт эсрэгтөрөгчтэй урвал тавихад 4 туулайн ийлдэс тунадасжих урвалд орж, 1 туулайн ийлдэс сөрөг дүнтэй байсан.

Полиакриламидын гелиэр электорфорез гүйлгэж, гелийг 2,5%-ийн Кумасси бриллиант хөх (G-250)-өөр будахад IgG-ийн молекул массын утгад харгалзах шугамд уургийн зурвас илэрсэн.

Дүгнэлт

Туршилтын дүнд гаргаж авсан ийлдэс нь боомын нянгийн эсрэг өвөрмөц үйлчилгээтэй хэт дархан ийлдэс болохыг Аскол, ЦНШБУ болон гель электорфорезын дүн илтгэж байна. 

Ном зүй

1. И.Отгончимэг, Ж.Мягмар, Х.Тунгалаг, Б.Энхжаргал
Боомын хүний өвчлөлийн лабораторийн оношлогооны асуудал “Current advances in Microbiology and Allergology”, June 24-26, UB, Mongolia, Abstract book, (2010) p.39,
2.Ш.Цэрэндорж, Ц.Сугар, Э.Базаррагчаа, Ж.Эрдэнэбаатар Малын боомын дархлааны хүчдэлийг тодорхойлох ELISA урвалын цомог бүтээж хэрэглэсэн дүн.”Оношлох эрдэм, дэвшилтэт арга” Онол, үйлдвэрлэлийн бага хурал, (2010). XI,04, УМЭАЦТЛ-ийн бүтээл, х 72-82
3. Ж.Энхтуяа, П.Мягмарсүрэн, Б.Даваасүрэн, Ш.Энхээ, Ж.Мөнхгэрэл, Ш.Цэрэндорж, Ц.Батболд, Б.Батцэцэг
Боомоос сэргийлэх вакцины дархлаа төрүүлэх идэвхийг шалгахад рекомбинант технологийг нэврүүлэх нь
”Оношлох эрдэм, дэвшилтэт арга” Онол, үйлдвэрлэлийн бага хурал, (2010).XI, 04, УМЭАЦТЛ-ийн бүтээл, х 83-86
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Биологийн ухааны доктор Д.Цэрэнноров


Нийтлэлийн нээгдсэн тоо: 905
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК