Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 3(145)
Парадигм
( Редакцийн зурвас )

Ш.Болд

 
Абстракт

Парадигм гэдэг нь эртний грек хэлээр (ттараб£|у|лз "paradigma") гэх буюу монголчилбол "үзүүлэх" гэсэн утгатай үг. Англи хэлний үгсийн санд XV зуунд орж ирсэн бөгөөд жишээ, загвар гэсэн утгыг илэрхийлдэг байв. Хэл зүйч Фердинанд де Саусшөре парадигмийг хэл зүйн хувьд ижил элементүүдийн ангид хамааруулж үзсэн байдаг. Харин 1960-аад оноос Нобелийн шагналт Давид Балтиморе хамтран ажилладаг хоёр судлаачийнхаа "Хорт хавдрын шалтгааны талаарх ойлголтын шинэ парадигмийг бий болгох нь " бүтээлээс ишлэл авсан цагаас шинжлэх ухааны болон танин мэдэхүйн салбарт сэтгэлгээний загвар, онолын үндэс, яс мод гэсэн утгаар хэрэглэгдэж эхэлжээ1 .

Мерриам Вебстер сүлжээний тольд парадигмийг онол, хууль, ерөнхий зүй тогтол, тэдгээрийг бүрэлдүүлэхэд суурь нь болж өгдөг туршилтуудын дэмжлэгтэйгээр бий болсон шинжлэх ухааны дэг, сургуулийн гүн ухааны болон онолын тогтолцоо гэж тодорхойлжээ. Мөн парадигмийг шинжлэх ухааны ямар нэгэн ажлын гүн ухааны буюу онолын үндэс гэсэн тодорхойлолт ч байдаг. Оксфордын англи хэлний тольд парадигмийг жишээ, загвар гэжээ.

Шинжлэх ухааны түүхч Томас Кун2 шинжлэх ухааны парадигмийн утга, агуулгыг шинэчлэн "парадигм гэж тухайн цаг хугацаанд шинжлэх ухааны дэг, сургуулийг тодорхойлдог практикийн хэрэгсэл" гэсэн нь сонирхол татдаг. Тэрбээр өөрийн бичсэн "Шинжлэх ухааны хувьсгалын бүтэц" "The Structure of Scientific Revolutions"3 номондоо шинжлэх ухааны парадигмийг:

"    - ... юу ажиглагдаж, нарийн шалгагдсан

  • ... тухайн судалхуунтай холбоотой тавигдаж болзошгүй асуултын төрлүүд болон шалгагдсан хариултууд
  • ... эдгээр асуултууд хэрхэн бүтэцлэгдсэн
  • ... шинжлэх ухааны судалгааны үр дүнг яаж тайлбарлагдсанаар тодорхойлно" гэжээ. Томас Куны санааг базаад хэлбэл "Парадигм бол шинжлэх ухааны тулгамдсан асуудал, шинээр соёолон гарч буй эрдмийн үрийг хэрхэн ойлгох түүнд хэрхэн анхаарлаа хандуулах талаар эрдэмтдийн хооронд итгэл үнэмшил, хандлагаа хуваалцах үйл явц" гэсэн байдаг.

Парадигмийн ерөнхий ойлголт

Шинжлэх ухааны ердийн салбарт парадигм нь туршилтын жишээний хэрэгсэл, тэдгээрийн хуулбар, загварууд байдаг. Парадигмийн давуу тал нь үнэнд ойртох хамгийн зөв аргын төлөөлөл, шинжлэх ухааны ерөнхий аргаас илүүтэй ирээдүйн судалгаанд хүлээн авч болохуйц хөтөлбөрийн хязгаар юм.

Томас Куны бичсэнчлэн шинжлэх ухааны парадигмийн нэг чухал тал нь парадигмийг хооронд нь харьцуулж, адилтгаж болдоггүйд оршино. Өөрөөр хэлбэл нэг парадигмийг нөгөө парадигмтэй харьцуулж болохгүйд байгаа юм. Хуучин парадигмийн оронд орж ирсэн шинэ парадигм хуучнаасаа заавал илүү байх албагүй. Учир нь парадигм болгоны үнэлгээний шалгуурууд нь тухайн парадигмаас хамаарч өөр өөр байдаг.

Парадигмийн мөн чанарыг хамгийн ойлгомжтой тодруулан гаргадаг жишээ бол хайрцаг юм. Жишээ нь: парадигм бол хайрцагны гаднах ухаарал. Хайрцагны доторхи ухаарал нь шинжлэх ухааны ердийн, нийтлэг сэтгэлгээ. Хэрэв энэхүү ердийн сэтгэлгээг тойруулаад хайрцаг босговол энэ хайрцагны гаднах тал нь парадигмтэй адил ойлголт болно. Өөрөөр хэлбэл сэтгэлгээ энгийн ухамсрын, шинжлэх ухааны ердийн түвшингээс хальж хайрцагны ханын цаад талын танин мэдэхүйн өргөн хүрээнд хүрсэн тохиолдолд парадигм бий болох боломж бүрдэнэ. Хайрцагны гаднах ухаарал буюу бодлыг Томас Кун шинжлэх ухааны хувьсгал гэж нэрлэсэн байдаг. Шинжлэх ухааны хувьсгал хийх оролдлого ихэнхдээ амжилтгүй болдог. Маш цөөхөн хэсэг нь шинэ парадигмийг бий болгоно. Шинэ парадигм амжилттай болсон тохиолдолд дэлхийн шинжлэх ухаанд өргөн хүрээтэй өөрчлөлт хийгддэг ажээ4.

Парадигмийн шилжилт

Парадигмийн шилжилт нь шинжлэх ухааны салбарт ихээхэн анхаарал татсан асуудал юм. XIX зууны сүүлч гэхэд физикийн салбарт асар их зүйл хийгдсэн. 1900 онд Лорд Келвин "одоо физикийн салбарт шинээр нээх зүйл алга " хэмээн зоригтойгоор хэлжээ. Гэвч 5 жилийн дараа Альберт Эйнштэйн харьцангуй онолын тухай бүтээлээ хэвлүүлэн 200 гаруй жил хүч, хөдөлгөөнийг тодорхойлж байсан Исаак Ньютоны "Механик"-ийн онолын хуулиудыг халз мэтгэлзээнд дуудсан. Яг энэ тохиолдолд шинэ парадигм хуучин парадигмийг өөрчилдөг байна. Гэвч Ньютоны "Механик"-ийн онол нь гэрлийн хурдтай харьцуулахад удаан ч хурданд дөхөж очсон хамгийн сайн загвар байсаар байна.

Парадигмийн шилжилтийн талаар Томас Кун "Шинжлэх ухааны хувьсгалын бүтэц" номондоо "Хувьсгал нь нэг парадигмаас нөгөөд амжилттай шилжих замаар боловсронгуй болсон шинжлэх ухааны хөгжлийн жишээг (загвар) үзүүлдэг " гэжээ.5 Куны энэ санаа өөрөө тухайн цагтаа хувьсгал байсан бөгөөд шинжлэх ухааны хувьд түүнийг өөрчлөх үндсэн арга болжээ. Энэ арга нь чухамдаа шинжлэх ухаанд ялангуяа түүх, гүн ухааны салбарт парадигмийн шилжилтийн үндсийг тавьж, аажмаар шинэчлэл хийх загвар болсон байна. Шинжлэх ухааны дэвшил болгон хувьсгал хийдэггүй. Гэхдээ сэтгэлгээний чадамж нь дундуурхан шиг гэлдэрч яваа үеийг оюуны тэсэрсэн хүчтэй шинэ санаагаар хувьсгал хийн цэг тавьдаг. Энэхүү хувьсгалын ачаар нэг таамаглал буюу нэг шинэ санаа нөгөөгөөр солигддог. Энгийн хэдэн жишээ татъя.

Хүмүүс суурьшмал амьдралыг үл мэдэн энд тэндгүй хэрэн явж, ан агнан идэш хоолоо олж иддэг балар эртний үеэсээ МЭӨ 2000 он гэхэд машид өөрчлөгдөн гэр, овоохой барьж, овог, отогоороо нийлэн хамтын амьдрал, хамтрахын хүч ямар их ач холбогдолтойг ойлгож эхэлсэн нь нийгмийн хөгжилд гарсан шинэ парадигм байлаа.

Иохан Гатенбөрг 1440 онд бичгийн машины үндсийг тавьж нээлт хийснээрээ хүмүүсийн оюуны хөгжилд өөрчлөлт оруулаад зогсохгүй тухайн үедээ шинжлэх ухааны хувьсгалд шууд нөлөө үзүүлжээ. Өнөөдөр ч гэсэн шинжлэх ухааны өөрчлөлтүүд бидний эргэн тойронд хийгдсээр байна. XX зууны дунд үеэс АНУ-ын Тагнуулын Төв Газарт маш нууц байдлаар ашиглагдаж байсан компьютер гэгч техникийн загвар мөн зууны сүүлчээс Монголчуудад цоо шинэ нэр томъёо, хэрэглээ болж байлаа. Өнөөдөр компьютер, интернет хувь хүний болон нийтийн хэрэглээнд дэвшил гарган маш хүчтэй нөлөө үзүүлж энгийн зүйл мэт болж байна. Энэ бол парадигмийн шилжилтийн хурдасгуур мөн.

Парадигмийн үе шат

Томас Кун парадигмийг цаг хугацааны хувьд 3 үе болгон хуваан үзжээ. Эхнийх нь парадигмийн өмнөх буюу шинжлэх ухааны салбарт тухайлсан онол дээр зөвшилцөлд хүрч нэг санаатай болоогүй үеийг хэлдэг аж. Түүнчлэн дуусаагүй таамаглал, нийцээгүй санаанууд энэ үеийн сэтгэлгээний гол өнгө, төрхийг тодорхойлно. Хоёр дахь нь ердийн шинжлэх ухааны үе. Үүнийг шинжлэх ухааны таамаглал, санаануудыг туршилт-шинжлэлээр батлах, ерөнхий зүй тогтол, онолын ойлголтыг нарийвчлан задлан шинжлэх үе шат буюу Куны хэлснээр "Шинжлэх ухааны төлөвийн эргэлзээг тайлах " үе гэдэг 6. Хамгийн сүүлчийн гуравдугаар үеийг шинжлэх ухааны хувьсгалын, ихэнхдээ хямрал дагуулдаг үе хэмээдэг. Энэхүү хямралын үед судалгаан дахь гаж байдал, үл ойлголцол болон үр дүнгийн сул тал буюу парадигмийн нийцэшгүй  байдлыг илрүүлэн баталгаажуулна.

Ингэж чадвал шинэ парадигмийг найр тавин хүлээн зөвшөөрч улмаар энэ үйл явцыг шинжлэх ухааны хувьсгалын үе гэнэ. Гэвч нэгэн зүйлийг дурьдахад парадигмийн иймэрхүү шилжилт, хувьсгал тийм ч амархан явагддаг, байнга тохиолддоггүй гэдгийг ухаарах нь чухал юм.

Томас Куны зарим санааг шүүмжлэх нь

Куны "Шинжлэх ухааны хувьсгалын бүтэц" бүтээлийг зарим судлаачид тэдгээрээр ч зогсохгүй хамтран ажилладаг нөхөд нь шүүмжилдэг байлаа. Эдгээрийн дотроос Евроцентризмын үзлийн эсрэг шүүмжийг нь Азийн судлаачид, Азийн улсуудыг судалдаг эрдэмтэд дэмждэг. Тухайлбал Арун Бала өөрийн бүтээлдээ7 "Кун Арабын оптикийн хүчтэй нөлөө ялангуяа Арабын судлаач Ибн ал-Хаятамын8 хувь нэмрийг үл тоосон хэмээн" шүүмжилжээ. Ибн ал-Хаятамын оптикийн парадигм нь дундад зууны сэтгэгч Рожер Бакон, Гросстесте нарын сэтгэлгээнд ихээхэн нөлөө үзүүлсэн байжээ. Мөн тэрбээр Куны постмодернизмийн танин мэдэхүйн хүрээ нь зөвхөн Арабаар зогсохгүй Азийн орнуудын эрдэмтдийн орчин цагийн шинжлэх ухаанд оруулсан онол, практикийн ач холбогдлыг нээхэд саад болсон хэмээн ном хаялцсан байдаг. Үнэхээр ч орчин цагийн шинжлэх ухааныг өдий зэрэгт хүрэхэд Барууны орнуудын сэтгэгчдээс гадна Энэтхэг, Араб, Египет, Хятадын гүн ухаан, анагаах ухааан, тоо бодлого, одон орон, физикийн салбарт төрсөн үе үеийн сэтгэгчдийн шинжлэх ухаанд нээсэн парадигмүүд томоохон үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой билээ.

Бидний өвөг дээдэс нүүдлийн соёл, иргэншлийг хүний хөгжлийн хойморт залж, XIII зуунд төр, цэргийн шинжлэх ухаанд дэвшилтэт эргэлт хийн цоо шинэ парадигмийг бий болгон түүнийхээ үр дүн 100 гаруй жил үзсэнийг түүх гэрчилж буй бөгөөд Өндөр Гэгээний урласан бурхадын бүтээл дундад зууны Европын сэргэн мандалтын бүтээлүүдтэй эн зэрэгцэн, XVIII, XIX зуунд Монголын сэтгэгч нарын их, бага таван ухааны чиглэлээр туурвисан бүтээлүүд ч хүн төрөлхтний хөгжилд үнэлж баршгүй хувь оруулсан нь дамжиггүй юм. Өнгөрсөн үеийн сэтгэгчдийн хайрцагны гаднах ухааныг таньж мэдэхгүйгээр өнөөгийн болон ирээдүйн том сэтгэгч шинэ парадигмийг бий болгож чадахгүй юм. Парадигм хоригдож, хоцрогдож, шилжиж болно гагцхүү устаж үгүй болно гэж байхгүй.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 5704
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК