Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 4(146)
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнийн үүсэл, хөгжил, үйл ажиллагааны өнөөгийн байдал
( Редакцийн зурвас )

Ж.Оюунбилэг, Ж.Купул, Б.Бурмаа

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

 
Абстракт

Нэг. Хүрээлэнгийн түүхэн замнал

1960-аад онд манай Эрүүлийг хамгаалах ажилд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлого нэн хоцрогдож байлаа. Эх, хүүхдийн өвчлөл, нас баралт өндөр, зарим халдварт өвчний гаралт манай улсын түүхэнд дээд цэгтээ хүрч байв.

1965 онд гэхэд л халдварт өвчнөөр 10000.0 хүн амд нийт 526.8 хүн өвчилж байсны дотор вируст гепатитээр 154.6, сахуугаар 6.2, хөхүүл ханиадаар 27.2, улаан бурханаар 212.0, гэдэсний хижгээр 3.8, цусан суулгаар 46.9 хүн тус тус өвчилж, нас баралт өндөр байсан байна.

Эдгээр өвчинтэй зөвхөн номонд юу гэж бичигдснээр тэмцэж чадахгүй болох нь мэдрэгдэж байв. Өөрөөр хэлбэл халдварт өвчний зүй тогтлыг шинжлэх ухааны үндсэн дээр судлан тогтоож, авах арга хэмжээг төлөвлөн практикт нэвтрүүлэх явдал зүй ёсоор шаардагдаж байв. Хүрээлэн байгаа орчны бохирдолтын эх үүсвэр бий болж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байв.

1961 онд бие даан байгуулагдсан Анагаах ухааны хүрээлэн (АУХ)-ийн Халдварт-эпидемиологийн сектор, Хоол судлалын сектор болон АУИС-ийн Нийгмийн эрүүл ахуй, Эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын тэнхимд судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэж байсан ч эхлэлийн төдий байлаа. Үүний зэрэгцээ ариун цэвэр-халдвар судлалын хяналтын байгууллагыг бэхжүүлж, боловсон хүчнээр хангах явдал амин чухал асуудлын нэг байлаа.

Ийм нөхцөлд 1968 онд ЭХЯ-ны харъяанд Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институт (ЭАХНСУИ) байгуулагджээ. ЭАХНСУ-ын институтийг байгуулах асуудал гэнэтхэн нэг өдөр шийдэгдээгүй юм. 1965 оны 12-р сард хуралдсан БНМАУ-ын Ардын Их Хурлын ээлжит чуулганаар «Эрүүлийг хамгаалах ажлын байдал, цаашид тавих зорилтын тухай» асуудлыг хэлэлцэж, энэ асуудлаар СнЗ-ийн 1-р орлогч дарга С.Лувсан илтгэл тавьж, чухал тогтоол гарсан ба энэ тогтоолоор «...Улсыш ариун цэвэр, халдвар судлалын станц байгуулах...» гэж заасан байна. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын СнЗ-ийн 1966 оны 1-р сарын 26-ны өдрийн 27/26-р тогтоолоор 1966 оны 2-р сард

ЭХЯ-ны харъяанд Ариун цэвэр, халдвар судлалын төв станц байгуулагдсанаар ЭАХНСУ-ын институт байгуулах эх суурь тавигдсан юм. Ийнхүү БНМАУ-ын СНЗ-ийн 1968 оны 2-р сарын 27-р тогтоолоор 1968 оны 2-р сард ЭХЯ-ны харъяа Ариун цэвэр, халдвар судлалын төв станц, Бактер шинжилгээний газар, Бруцеллёзын улсын диспансер, халдвар судлалын үндэсний бригадыг нэгтгэж ЭАХНСУ-ын институтийг 129 орон тоо, 3 хэлтэс (эрүүл ахуйн, халдвар судлалын, үйлдвэрийн хэлтэс)-тэйгээр байгуулсан байна.

ЭАХНСУИ байгуулагдсан нь мэргэжлийн боловсон хүчин, лабораторийн баазыг нэгтгэн төвлөрүүлж, эрдэм шинжилгээний ажлын цар хүрээг өргөжүүлэх, ариун цэвэр, халдвар судлалын ажлыг чанаржуулан сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. ЭАХНСУИ нь дараах үндсэн үүрэг гүйцэтгэж байв. Үүнд:

  • Улсын хэмжээнд ариун цэвэр, халдвар судлалын хяналтын ажлыг эрхлэн явуулж, энэ ажлыг арга барил, зохион байгуулалтын удирдлагаар хангах,
  • Эрүүл ахуй, халдвар, нян судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажил явуулж үр дүнг практикт нэвтрүүлэх,
  • Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх биобэлдмэл үйлдвэрлэж, эх орны хэрэгцээг хангах,

Институт 1971 онд Халдварт гепатит, улаан бурхан зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал бэлдмэл болох гаммаглобулины анхны цуврал (сери)-ыг үйлдвэрлэн гаргасан бол эхсийн цуснаас уургийн бэлдмэл гарган авсан ажлынхаа үр дүнгээр 1990 онд институтийн ЭШ-ний ажилтан Д.Дандий, техникч Д.Сэр-Од, биохимич В.Ванчаа, Д.Дэнсмаа, лаборант З.Тунгалаг, Г.Магсар нар Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн юм.

Судалгаа шинжилгээний ажил өргөжиж 1972 онд институтийн анхны эрдэмтэд төрж, институтийн захирал Ж.Купул «БНМАУ-ын ариун цэвэр, халдвар судлалын ажлын зохион байгуулалт», Бруцеллёзын тасгийн эрхлэгч Ц.Балдандорж «БНМАУ дахь бруцеллёзын халдвар судлал, урьдчилан сэргийлэлт», паразитологийн тасгийн эрхлэгч До.Галбадрах «БНМАУ дахь бэтгэрэх өвчний эпидемиологи, урьдчилан сэргийлэх асуудалд» сэдвээр Анагаах ухааны дэд эрдэмтний зэргийг тус тус амжилттай хамгаалсан байна.

40 жилийн хугацаанд институтэд туурвисан судалгаа шинжилгээний ажлаар 6 хүн (Г.И.Бондарев, 1979, П.Нямдаваа, 1989, Л.Нарантуяа, 1998, Б.Бурмаа, 2001, Н.Сайжаа, 2004, У.Цэрэндолгор, 2005) анагаахын шинжлэх ухааны докторын, 2 хүн (Ж.Оюунбилэг, 1998, Ц.Энхжаргал, 2005) биологийн шинжлэх ухааны докторын, 14 хүн анагаах ухааны доктор (дэд эрдэмтэн)-ын зэрэг хамгаалжээ.

Хяналт, судалгаа шинжилгээний ажлын үр дүнд эрүүл ахуй, халдвар, нян судлалын хууль эрхийн үндсэн актууды1г боловсруулан, батлуулж, орчин, хөдөлмөр, ахуйн нөхцөл сайжирч, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх ажилд дорвитой үр дүн гарлаа.

Институтийн эрдэмтэд тус улсад улаан бурхан, мэнэн, вируст гепатитын вакцины үр дүнг судлан практикт нэвтрүүлж, үүний үр дүнд эдгээр өвчнүүдийн гаралт эрс буурсан болно.

2005 оны байдлаар халдварт өвчнөөр 10000.0 хүн амд нийт 65.39 хүн өвчилж, үүний дотор вируст гепатит 25.15, балнад 0.06, халдварт мэнин 0.32 болон эрс буурч, халдварт саа, улаанбурхан, сахуу, хөхүүл ханиад өвчин бүртгэгдээгүй байна.

ЭАХНСУИ-ийн ажлын үр дүнг үнэлж Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор 1971 онд институтийн хамт олныг МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн тогтоолоор 4 газрын үүрд хадгалах туг дипломоор шагнасан юм. Энэхүү тогтоолд: «Ардын хувьсгалын ололт амжилтыг бэхжүүлэн хамгаалах, эх орондоо социализм байгуулах үйлст онцгой үүрэг гүйцэтгэсэн Эрүүлийг хамгаалах яамны харъяа Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институтийн хамт олныг МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн тогтоолоор 4 газрын үүрд хадгалах туг, дипломоор шагнаж, хөдөлмөрийн онцгой зүтгэлийн билэг тэмдэг болгон үүрд хадгалуулав» гэж заасан байна.

Институт 1968-1996 оны 30-аад жилийн хугацаанд ариун цэвэр, халдвар судлалын хяналт, эрүүл ахуй, тархвар судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний ажлыг хавсран гүйцэтгэж, 1997 оноос Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажлыг дагнан хариуцаж ажиллаж байна.

Хоёр.Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн өнөөдөр

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн (НЭМХ) нь Монгол улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх анагаах ухааны тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээ, практик үйл ажиллагааг эрхлэн явуулах үүрэг бүхий эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэл хосолсон төрийн үйлчилгээний нийгмийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээний  тэргүүлэх  байгууллага болтлоо хөгжиж ирлээ.

2007 оны байдлаар НЭМХ нь эрдэм шинжилгээ, судалгааны 4 төв (Орчин-Эрүүл мэнд судлал, Хоол судлал, Биотехнологийн үйлдвэр, сургалт, судалгааны; Эрүүл мэндийн сургалт судалгааны), Эрүүл мэндийн лавлагаа лаборатори, захирлын ажлын алба, захиргаа, санхүү хангамж үйлчилгээний хэлтэстэй, 128 орон тоотойгоор ажиллаж байна.

Төвүүдийн үйл ажиллагааны үндсэн чиглэл:

Орчин эрүүл мэнд судлалын төв: Үндэсний хэмжээнд хүрээлэн байгаа орчин, хөдөлмөр ахуй, сургалтын орчны сөрөг хүчин зүйлийн тархалт, өвчлөлийн тандалт судалгааг явуулж, түүнээс шалтгаалан үүсэх хүн амын өвчлөлийг судалж, эрүүлжүүлэх арга хэмжээний үндэслэл, эрүүл ахуйн норматив, стандарт боловсруулах, хэрэгжүүлэх;

Хоол судлалын төв: Хоол судлал, хүнсний аюулгүй байдал, эрүүл болон эмчилгээний хоолны асуудлаар судалгаанд тулгуурлан технологи, стандартыг баталгаажуулах, практикт нэвтрүүлэх, хүн ам, эмзэг бүлэг (хүүхэд, жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд)-ийн хоол тэжээл, эрүүл мэндийн байдлыг сайжруулах, мэргэжлийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, олон нийтэд хоол тэжээлийн боловсрол олгох үйл ажиллагааг үндэсний хэмжээнд явуулах;

Биотехнологийн үйлдвэр, судалгаа, сургалтын төв: Эмгэг төрөгч нян, вирусийн тархалт, бие махбодын дархлалын түвшинг үнэлэх, клиник туршилтын судалгааны үр дүнд тулгуурлан сэргийлэх тарилга, дархлаажуулах болон уургийн бэлдмэл, оношлуур үйлдвэрлэж эх орны хэрэгцээг хангах, биотехнологийг боловсронгуй болгох судалгаа явуулах;

Эрүүл мэндийн сургалт судалгааны төв: Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр судалгааны үр дүнг нийтлэх, өрхийн эмч, сувилагч, олон нийтэд эрүүл аж төрөх зан үйл, эрүүл мэндийн мэдлэг олгох, заах арга зүйгээр хангах, халдварт бус өвчний тандалт, судалгаа явуулах;

Эрүүл мэндийн лавлагаа лаборатори: Эрүүл зүйн хими, клиник биохими, микробиологийн орчин үеийн арга, техник, технологийг ашиглан судалгааны үр дүнг нотолгоожуулах, бүс орон нутгийн сүлжээг өргөжүүлэх, судалгаа, сургалт арга зүйн удирдлагаар хангах;

НЭМХ нь сүүлийн (2001-2007) жилүүдэд шинжлэх ухаан, технологийн 14 төсөлт ажлын хүрээнд судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэж, 41 үр дүнг захиалагч (ЭМЯ)-д хүлээлгэн өглөө.

Хүрээлэнгийн нийт ажиллагсдын 61% нь (78) эрдэм шинжилгээний ажилтан, 31% нь (26) эрдмийн зэрэгтэй, эдгээрийн дотор анагаахын шинжлэх ухааны доктор 3, биологийн шинжлэх ухааны доктор 2, анагаах ухааны доктор 10, хими, биологийн ухааны доктор 3 ажиллаж байна.

Гурав. Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн түүхчилсэн он дараалал

1968 он:

  • ЭАХНУС-ын институт байгуулагдсан.

1970 он:

  • Гаммаглобулины тасаг нээж ажиллуулав.
  • Институтийн мэрэгжилтнүүд эрүүл ахуйн 4 салбараар ( хөдөлмөр, нийгэм хангамж, хүнс, хүүхдийн эрүүл ахуй) тус улсын барилга төлөвлөлтийн анхны эрүүл ахуйн норм боловсруулан батлуулжээ.

1971 он:

  • Институтийг МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын АИХ- ын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөл, МҮЭ-ийн Төв зөвлөлийн үүрд хадгалах туг, дипломоор шагнасан байна.

1972 он:

  • Институтийн анхны эрдэмтэд (Ж.Купул, Ц.Балдандорж, До.Галбадрах) дэд эрдэмтний зэрэг хамгаалав.
  • Институтийн мэрэгжилтнүүд «БНМАУ-ын ариун цэврийн хяналтын дүрэм», «Улсын ариун цэвэр, халдвар судлалын газрын дүрэм» боловсруулан батлуулав.
  • Институтэд ариун цэврийн химийн нэгдсэн лаборатори байгуулав.

1973 он:

  • БНМАУ-ын СнЗ-ийн 253-р тогтоолоор институтээс үйлдвэрийн хэлтэс (биобэлдмэлийн үйлдвэр)-ийг салгаж, цусны төв станцтай нэгтгэн биобэлдмэл, цусны үйлдвэр шинжилгээний институтийг бие даалган байгуулав.

1974 он:

  • Вирус судлалын лаборатори байгуулав.
  • Биобэлдмэлийн улсын хяналтын лаборатори байгуулав.

1975 он:

  • Пестицидийн лаборатори байгуулав.

1978 он:

  • Институтийн химийн нэгдсэн лабораторийн бүрэлдэхүүнд Радиологийн лаборатори байгуулав.

1984 он:

  • Институтийн Хими-радиологийн лабораторийг салгаж, химийн нэгдсэн лаборатори, радиологийн лабораторийг бие даалгаж ажиллуулав.
  • Хөдөлмөрийн нөхцөл, физиологийн лаборатори байгуулав.

1985 он:

  • БНМАУ-ын СнЗ-ийн 1985 оны 150-р тогтоолоор ЭАХНСУИ-д Анагаах Ухааны Хүрээлэнгийн халдварт- эпидемиологийн сектор, халдвартын улсын диспансерын вируст гепатитын хэсгийг нэгтгэх замаар вирус судлалын эрдэм шинжилгээний салбарыг вируссудлалын төв лаборатори, молекул биологийн секторын бүрэлдэхүүнтэй байгуулав.
  • Эрүүл ахуйн сектор байгуулав.

1987 он:

  • СнЗ-ийн 1987 оны 171-р тогтоолоор ЭАХНСУИ-д дархлал хомсдлын хам шинжийн лавлах төв байгуулав.

1988 он:

  • МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын СнЗ-ийн тогтоолоор биобэлдмэл, цусны үйлдвэр шинжилгээний институтийн биобэлдмэлийн хэсгийг нэгтгэх замаар ЭАХНСУИ-д биобэлдмэлийн шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн нэгдсэн төв байгуулав.
  • Вируст гепатиттай тэмцэх зорилтот программ боловсруулан батлуулав.

1990 он:

  • Эрүүл сэндийн сайдын А/165 тоот тушаалаар ЭМЯ-ны бүрэлдэхүүнд байгаа ЭАЦХСБШГ-ыг ЭАХНСУИ-ийн эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын хэсэгтэй нэгтгэн УЭАХСХ-ын газрыг бие даалган байгуулав.

1994 он:

  • Засгийн Газрын 153 дугаар тогтоолоор ЭАХНСУИ, ХӨСТ, ХӨАКЭ, УЭАХСХ-ын газар, АӨЭСТ-ийн өнгөний өвчинтэй тэмцэх хэсгийг нэгтгэж, Эрүүл ахуй, халдвар, нян судлалын үндэсний төв (ЭАХНСҮТ)-ийг байгуулав.

1996 он:

  • Засгийн газрын 257-р тогтоолоор ЭАХНСҮ-ний төвөөс ЭАХСХ-ын албыг салган Засгийн газрын тохируулагч агентлаг-ЭАХС-ын хяналтын албыг бие даалган байгуулав.

1997 он:

  • Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн засаг даргын шийдвэрээр ЭАХНСҮ- ний төвийг Нийгмийн Эрүүл мэндийн Институт (НЭМИ) гэж нэрлэв.
  • НЭМИ-ийн биобэлдмэлийн үйлдвэрийг «Биобэлдмэл» Улсын үйлдвэрийн газар болгож, бие даалган ажиллуулав.
  • Засгийн газрын 31 дүгээр тогтоолоор ЭМЯ-ны харъяа Хоол судлалын төвийг НЭМИ-д нэгтгэн НЭМИ-ийг НЭМХ гэж нэрлэн АУИС-ийн харъяа болгов.

1999 он:

  • Засгийн газрын 138 дугаар тогтоолоор тус хүрээлэнг ЭМЯ-ны харъяанд ажиллуулахаар шийдвэрлэжээ.

2002 он:

  • Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр «Биобэлдмэл» Улсын үйлдвэрийг газрыг НЭМХ-д нэгтгэж Биотехнологийн Үйлдвэр, Сургалт судалгааны төв байгуулав.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2805
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК