Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2011, 1(155)
Бөөрний архаг өвчний үед зүрх-шагайн судасны индекс тодорхойлсон дүн
( Судалгааны өгүүлэл )

Э.Энхтамир, Т.Ариунаа, Э.Одхүү, М.Мөнхзол

ЭМШУИС

 
Абстракт

Result of the an association between decreased estimated glomerular filtration rate and arterial stiffness in chronic kidney

Background
Cardiovascular diseases (CVD) constitute major cause of death in patients with chronic kidney disease (CKD). It is well established that in decreased renal function is associated with an increased risk of arterial stiffness, so patients with end stage renal disease have a very high risk for cardiovascular events. There have been no reports of the assessment of arterial stiffness in patients at different stages of non diabetic CKD in Mongolia. Aim: The purpose of this study was to determine the correlation between an estimated glomerular filtration rate (eGFR) and cardio-ankle vascular index (CAVI) in the CKD patients.
 
Material and Ìethods
From a hospital-based population, 125 patients with CKD (mean age 40.30±10.82) were recruited. CKD was evaluated by the eGFR using the Cockcroft-Gault formula. CAVI was determined as an index of arterial stiffness.
 
Results
The mean CAVI was in CKD level l ( 6.00±0.81, p<0.0001), ll (6.90±0.77, p<0.0001), lll (7.42±0.65, p<0.0001), lV (7.63±1.22, p<0.0001) and V (8.02±1.27, p<0.0001). CAVI was negatively correlated significantly with eGFR (r=-0.596, p< 0.0001) and age (r=0.543, p< 0.0001). Linear regression analysis indicated that CAVI was correlated significantly with eGFR (β=-0.466, p< 0.0001) and age (β=0.373, p< 0.0001).
 
Conclusion
Decreased eGFR is associated with an increased risk of arterial stiffness, and it could be a strong predictor of risk factor for CVD in CKD patients.

Оршил

Манай орны Эрүүл Мэндийн Хөгжлийн Үндэсний төвийн статистик мэдээнээс үзэхэд сүүлийн 10 жилийн байдлаар зүрх судасны өвчин (ЗСӨ) нийт хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, дангаараа нийт нас баралтын 1/3-ийг эзэлж байна. БАӨ-ий тархалт АНУ-д 11.5%, Европын холбооны улсуудад 10.2%, Хятадад 10.25% байна [6, 8]. Бөөрний архаг өвчнөөр (БАӨ) өвчлөгсдийн дийлэнх нь бөөрний архаг дутлаас нас барахын зэрэгцээ хавсарсан зүрх судасны хүндрэлээс болж нас барж байна [3]. БАӨ- ий үед бөөрний үйл ажиллагаа буурах тутам судасны уян хатан чанар буурч [2], энэ нь ЗСӨ үүсгэх үндсэн шалтгаан болохыг [5] судлаачид тэмдэглэжээ. Иймээс БАӨ-ий үеийн судасны уян хатан чанарын өөрчлөлтийг бөөрний үйл ажиллагаатай холбон судалснаар зүрх судасны хүндрэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Зорилго

БАӨ-ий үеийн судасны уян хатан чанарыг тодорхойлох, судасны уян хатан байдлыг БАӨ-ий үе шаттай уялдуулан судлах.

Материал, аргазүй

Судалгаанд УКТЭийн БЭСК-т хэвтэн эмчлүүлж буй болон амбулаториор үйлчлүүлж буй чихрийн шижингийн бус БАӨ бүхий нийт 125 хүн хамрагдсан. Судалгаанд холбогдох мэдээллийг 7 бүлэг 32 асуулт бүхий тусгай карт хөтлөн цуглуулсан. Судасны уян хатан чанарыг илтгэгч зүрхшагайн судасны индекс (CAVI)-г Vasera VS-1000 (Fukuda Denshi Co.ltd., Tokyo, Japan) багажаар ЭМШУИС-ийн Био-Анагаахын сургуулийн Эмгэг физиологийн тэнхмийн Үйл оношийн лабораторид тодорхойлсон. 2002 онд Олон Улсын Бөөрний Нийгэмлэгээс шинээр гаргасан зөвлөмжөөр БАӨ гэдэг нь бөөрний гэмтэл болон бөөрний үйл ажиллагаа 3 сар ба түүнээс дээш хугацаагаар буурахыг  Түүдгэнцрийн шүүлтийн хурд ТШХ <60 мл/мин/1.73м2) хэлнэ хэмээн тодорхойлжээ. Судалгаанд хамрагдагсдын бөөрний үйл ажиллагааг үнэлэхдээ Cockcroft-Gaultын томъёог (ТШХ=(140-нас)*жин(кг)*[0.85 эмэгтэйд]\ 72* сийвэнгийн креатинин (мг\дл), ТШХ=(140-нас)*жин(кг)*[тогтмол эр1.23, эм1.04]\ сийвэнгийн креатинин (ммол\л) ашиглан ТШХ-ыг тодорхойлж БАӨ-ий ангилалын дагуу 5 үе шат болгон хуваалаа (1 үе шат-ТШХ>90 ml/min, 2 үе шат -ТШХ=60-90 ml/min, 3 үе шат -ТШХ =30-59 ml/min, 4 үе шат - ТШХ =15-29 ml/min, 5 үе шат -ТШХ <15 ml/min). Энэхүү судалгааны аргачлал нь АУ-ы ёс зүйн салбар хорооны хурлаар орж зөвшөөрөгдсөн. Судалгааны үр дүнг Microsoft Excel 2007, Windows SPSS 17.00 зэрэг программыг ашиглан дундаж утга, стандарт дундаж алдаа, үнэн магадтай шалгуур, хосын корреляци, нэг болон олон хүчин зүйлсийн регрессийн шинжилгээг ашиглан боловсрууллаа.

Үр дүн, хэлцэмж

Энэхүү судалгаагаар бид БАӨ-тэй хүмүүст зүрх судасны өвчин үүсэх эмгэг жамын гол хүчин зүйлийн нэг болох судасны уян хатан байдал бөөрний үйл ажиллагаанаас хэрхэн хамаарч буйг үнэлсэн. БАӨ-ий онош нь нарийн мэрэгжлийн эмчийн үзлэг болон лабораторийн шинжилгээгээр батлагдсан 18-60 насны чихрийн шижингийн бус БАӨ бүхий 125 хүн судалгаанд хамрагдсан (дундаж нас 40.30±10.82). БАӨ-ий үе шат бүрд CAVI тодорхойлоход l үе шатанд 6.00±0.81 (p<0.0001), ll шат 6.90±0.77 (p<0.0001), lll шат 7.42±0.65 (p<0.0001), lV шат 7.63±1.22 (p<0.0001), V шат 8.02±1.27 (p<0.0001) байсан. Үүнээс харвал бөөрний үйл ажиллагаа буурах тутам судасны уян хатан чанар буурч байна. Судалгаанд хамрагдагсдын CAVI ТШХ-аас хамаарч буй хамаарлын хүчийг тодорхойлж үзэхэд шууд урвуу хамааралтай (r=-0.596, p<0.0001) байсан. (Зураг 1). Харин CAVI наснаас хамаарч буй хамаарлын хүчийг тодорхойлж үзэхэд шууд хамааралтай (r=0.543, p<0.0001) хамааралтай ихсэж байсан. (Зураг 2) Бидний судалгааны энэхүү үр дүн судлаач Kubozono T нарын судасны уян хатан чанарын үзүүлэлт нь бөөрний үйл ажиллагаанаас (r=- 0.383, p<0.0001) шууд урвуу, наснаас (r=0.699, p<0.0001) шууд хамааралтай ихэсдэг гэсэн судалгааны үр дүнтэй тохирч байна [4]. Насжилт болон бөөрний үйл ажиллагааны алдагдал судасны уян хатан чанарт хэрхэн нөлөөлж буйг шугаман регрессийн аргаар тодорхойлж үзэхэд ТШХ (β=-0.466, р<0.0001) болон нас (β=0.373, р<0.0001) нь судасны уян хатан чанарт шууд нөлөөлөх хүчин зүйл болж байгаа нь статистикын хувьд ач холбогдолтой байлаа.Энэ нь хүний нас ахих тусам судасны уян хатан чанар буурдаг хэдий ч бөөрний үйл ажиллагааны алдагдал нь насжилтаас илүүтэйгээр судас хатуурах эрсдэлт хүчин зүйл болохыг харуулж байна.Судлаач Braun J нар бөөрний архаг дутагдалтай өвчтөнүүдийг харьцангуй эрүүл, тухайн насны хүмүүстэй харьцуулахад титэм судасны хатуурал 2-5 дахин их, зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэл 10-30 дахин илүү байдгийг тодорхойлсон байна [1].Мөн судлаач Zhang L нарын судалгаагаар шигдээс, тархинд цус харвалт болон нийт зүрх судасны өвчний тохиолдол БАӨ-ий l үе шатанд 5.9%, 9.2%, 13.9%, БАӨ-ий ll үе шатанд 11.1%, 15.8%, 23.3%, БАӨ-ий lll үе шатанд 11.9%, 35.8%, 41.8% болж ТШХ буурах тутам ЗСӨ-ий тохиолдол ихэсч байна хэмээн дүгнэжээ [9].Судлаач Sharon M нар БАӨ-ий үед кальци, фосфорын солилцооны алдагдал үүсч, энэ нь судасны кальцижилт болон судас хатуурлыг нөхцөлдүүлэх эмгэг жамын гол хүчин зүйл болох ба эргээд бөөрний цусан хангамж болон үйл ажиллагаанд муугаар нөлөөлж, улмаар ЗСӨ үүсэх эрсдэлт хүчин зүйл болдог хэмээн тайлбарласан [7].

Дүгнэлт

Бидний судалгаагаар БАӨ-ий үед бөөрний үйл ажиллагаа буурах тутам судасны уян хатан чанарын алдагдал илүүтэй байна (l-V шат 6.00±0.81, 6.90±0.77, 7.42±0.65, 7.63±1.22, 8.02±1.27 (p<0.0001). Судасны уян хатан чанарыг илтгэгч үзүүлэлт болох CAVI нь ТШХ-тай шууд урвуу хамааралтай (r=-0.596, p<0.0001) байсан бөгөөд бөөрний үйл ажиллагааны алдагдал (β=-0.466, р<0.0001) нь насжилтаас (β=0.373, р<0.0001) илүүтэйгээр судас хатуурах эрсдэлт хүчин зүйл болохыг харуулж байна. Иймээс БАӨ нь ЗСӨ үүсгэх эрсдэлт хүчин зүйл юм.

Ном зүй

1. Braun J et al. Electron beam computed tomography in the evaluation of cardiac calcification in chronic dialysis patients. Am J Kidney Dis.1996:27;394-401
2. Kawamoto R et al.An association between decreased estimated glomerular filtration rate and arterial stiffness. Inter Med . 2008;47:593-598
3. Ki Young Na et al. The association between kidney function, coronary artery disease, and clinical outcome in patients undergoing coronary angiography. J Korean Med Sci.2009:24;87-94
4. Kubozono T et al. Association between arterial stiffness and estimated glomerular filtration rate in the Japanese general population. J Atheroscler Thromb.2009;16:840-845
5. Matsuda N et al. Arterial stiffness in patients with non diabetic chronic kidney disease. J Atheroscler Thromb.2009:16;57-62
6. Nakamura K et al. Chronic kidney disease is a risk factor for cardiovascular death in a community based population in Japan. Circ J.2006:70;954-959
7. Sharon M et al. Pathophysiology of vascular calcification in chronic kidney disease. Circ Res.2004:95;560-567
8. Takenaka Ts et al. Cardio-ankle vascular index to screen cardiovascular disease in patients with end stage renal diseases. J Atheroscler Thromb.2008;15:339-344
9. Zhang L et al. Cardiovascular disease in early stages of chronic kidney disease in a Chinese population. J Am Soc Nephrol.2006:17;2617-2621
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Б.Цэрэндаш


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 903
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК