Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (58) 2013 N03(058)
МОНГОЛ ХҮНИЙ ЦУСНЫ ИЙЛДСЭН ДЭХ Д ВИТАМИНЫ ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙЛСОН ДҮН
( Судалгааны өгүүлэл )

Ч.Баяржавхлан1,2, Э.Баярмаа2, М.Түвшинжаргал2

1ЭМШУИС, ДОТ

2Гурван гал эмнэлэгийн клиник лаборатори

 
Абстракт

 

Д витамины дутагдал нь ахимаг насны хүмүүсийн эрүүл мэндэд ихээхэн муугаар нөлөөлдөг талаар сүүлийн жилүүдэд эрдэмтэд судлах боллоо. Энэхүү судалгааны гол зорилго нь насанд хүрсэн монгол хүний цусны ийлдсэн дэх Д витамины (25-гидроксивитамин Д)  хэмжээг тодорхойлох байлаа. Бид 2011 оны 01-р сараас 2013 оны 03-р сарын хооронд  Гурван Гал Эмнэлэгийн клиник лабораториор үйлчлүүлсэн нийт 120 үйлчлүүлэгчийг судалгаанд хамруулсан. Д витамины (25-гидроксивитамин Д) түвшинг Гурван гал эмнэлэгийн клиник лабораторид БНГУ-ийн Roche® фирмийн–COBAS e411 иммунологийн бүрэн автомат анализаториор хийж гүйцэтгэсэн. Судалгаанд хамрагдсан нийт 120 үйлчлүүлэгчийн 35.0% эрэгтэй 65.0% нь эмэгтэй байлаа. Судалгаанд хамрагдсан нийт үйлчлүүлэгчдийн 88.3% хүнд хэлбэрийн, 10.0% дунд зэргийн Д витамины дутагдалтай харин 1.6% нь хэвийн хэмжээнд байв. Судалгаанд хамрагдсан эрэгтэй, эмэгтэй хүйсийн хооронд Д витамины дутагдлын түвшинд статистик ач холбогдолтой ялгаа байсангүй. Харин насны бүлгээр нь авч үзэхэд эрэгтэй, эмэгтэй хүйсний (20-40, 41-60, 60-аас дээш) хувьд хоорондын ач холбогдолтой ялгаа байхгүй буюу бүх насны эрэгтэй, эмэгтэй хүйсийн хүмүүст Д витамины дутагдал (p<0.001) адилхан илэрч байгаа нь монгол хүмүүст Д витамины дутагдал өндөр байгааг харуулж байна. Улирлын хамаарал байгаа эсэхийг үзэхэд судалгаанд хамрагсадын 19.2% нь зун,  27.4% нь намар, 48% нь өвөл, 5.4% нь хавар байсан ба улирлын ялгаа байхгүйгээр бүх улиралд Д витамины дутагдал (p<0.001) илэрч байгаа нь магадгүй хотод суурьших нь ихэссэн өнөө үед суугаа ажил эрхэлдэг хүмүүсийн тоо олширч нар салхинд тогтмол гарч чаддаггүйтэй холбоотой байж болох юм. Тамхи таталтын байдлыг Д витамин дутагдалтай холбон үзэхэд судалгаанд хамрагдсан 36,9% (p<0.05) тамхи татдаг байсан нь тамхи нөлөөлдөг байж болох юм гэсэн дүгнэлтэд хүргэсэн юм. Д витамины дутагдал нь 2-р хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны эмгэг тэр дундаа таргалалт, даралт ихсэх, зэрэг эмгэгт хүргэдэг төдийгүй хавдарт өртөх (эрэгтэйчүүдэд түрүү булчирхай, эмэгтэйчүүдэд хөхний хавдар) эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Монгол насанд хүрсэн хүнд Д витамины дутагдал өндөр байгаа нь нэгдүгээрт хоол хүнсээр авах Д харьцангуй бага, хоёрдугаарт амьдралын хэвшил буруу (наранд гардаггүй), зэрэгтэй хобоотой байж болох юм гэж үзлээ.

Үндэслэл

Д витамин нь кальци болон ясны солилцоонд чухал үүрэгтэй оролцдог витамин бөгөөд сүүлийн жилүүдэд 2-р хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны эмгэг тэр дундаа таргалалт, даралт ихсэх эмгэгүүдийг Д витамины дутагдалтай холбон тайлбарлаж байна [1,2]. Д витамин нь нарны гэрлийн нөлөөгөөр арьсанд нийлэгждэг, тосонд уусдаг витамин юм. Улирлын шинж чанартайгаар д витамины цусан дахь хэмжээ янз бүр байдаг. Тухайлбал зуны адаг сар хамгийн дээд хэмжээнд харин өвлийн адаг, хаврын эхэн саруудад хамгийн бага хэмжээтэй байдаг байна [3]. Зарим судлаачдын судалснаар Д витамины концентраци эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс бага болохыг тогтоосон байна [4-9]. Д витамины түвшинг тодорхойлсон судалгаа Азид ганцхан япон улсад байгаа нь энэхүү судалгааг монгол насанд хүрсэн хүмүүст үзэх сонирхол татсан юм. Өнөөдрийг хүртэл эрүүл монгол хүний цусны ийлдсэнд Д витамины түвшинг тодорхойлон судалгаа байхгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо.

 

Арга аргачлал

Бид 2011 оны 01-р сараас 2013 оны 03-р сарын хооронд  Гурван гал эмнэлэгийн клиник лабораториор үйлчлүүлсэн нийт 120 үйлчлүүлэгчийг судалгаандаа хамруулсан. Д витамины (25-гидроксивитамин Д) хэмжээг Гурван гал эмнэлэгийн клиник лабораторид БНГУ-ийн Roche® фирмийн–COBAS e411 иммунологийн бүрэн автомат анализаториор хийж гүйцэтгэсэн. Судалгааг 2 жилийн хугацаанд ретроспектив судалгааны загвараар хийж гүйцэтгэн статистик боловсруулалт хийж үр дүнг тооцлоо.

 

Үр дүн ба хэлцэмж

Судалгаанд хамрагдсан нийт 120 үйлчлүүлэгчийн 35.0% эрэгтэй 65.0% нь эмэгтэй байлаа. Цусны ийлдсэн дэх Д витамины хэвийн хэмжээ 20-40 ng/ml. Судалгаанд хамрагдсан нийт үйлчлүүлэгчдийн 88.3% хүнд хэлбэрийн, 10.0% дунд зэргийн Д витамины дутагдалтай, харин 1,6% нь хэвийн байсан. Судалгаанд хамрагдсан эрэгтэй, эмэгтэй хүйсийн хооронд (42[4-20.09]ng/ml; 78[4-20.06]ng/ml; p=0.3) Д витамины дутагдлын түвшинд статистик ач холбогдолтой ялгаа байсангүй. Гэтэл гадны судлаачдын судалснаар Д витамины хэмжээ эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс бага байгааг тогтоосон байна [3,4,5,6,7,8,9,10]. Сонирхолтой нь үүнийг судлаачид тайбарлахдаа эмэгтэйчүүд нарны хамгаалалтын тос түрхдэг нь тэрхүү тосонд агуулагдах хэт ягаан туяаны шингээлтийг багасгах нөлөөтэй бодисоос болж байна гэж үзжээ [11,12]. Д витамины дутагдал нь эмэгтэйчүүдэд цус багадалт үүсэх эрсдлийн нэмэгдүүлдэг төдийгүй Д витамины дутагдалтай ээжээс төрөх хүүхэд дархлаа дутагдалтай, амьсгалын замын халдварт өртөмтгий, астма, харшилд мэдрэг, сүрьеэ зэрэг эмгэгээр өвчлөх эрсдэл өндөр төрдөг гэсэн судлаачдын дүгнэлт байдаг. Харин насны бүлгээр нь авч үзэхэд эрэгтэй, эмэгтэй хүйсний (22-40, 41-60, 60-аас дээш) хувьд хоорондын ач холбогдолтой ялгаа байхгүй буюу эрэгтэй, эмэгтэй хүйсийн хүмүүст Д витамины дутагдал (p<0.001) адилхан илэрч байгаа нь монгол хүмүүст Д витамины дутагдал өндөр байгааг харуулж байна. Улирлын хамаарал байгаа эсэхийг үзэхэд судалгаанд хамрагсадын 19.2% нь зун,  27.4% нь намар, 48% нь өвөл, 5.4% нь хавар байсан ба улирлын ялгаа байхгүйгээр бүх улиралд Д витамины дутагдал (p<0.001) илэрч байгаа нь магадгүй хотод суурьших нь ихэссэн өнөө үед суугаа ажил эрхэлдэг хүмүүсийн тоо олширч нар салхинд тогтмол гарч чаддаггүйтэй холбоотой төдийгүй  хоол хүнсээр авах Д витамин хомс байгаагийн илрэл байж болох юм. Японы судлаач А.Нанригийн 2011 онд хийсэн судалгаагаар Япончуудад Д витамины хэмжээ улирал хамааралтай буюу намрын сүүл, өвөл, хаврын эхэн саруудад бага харин зуны улиралд загас хүнсэндээ хэрэглэдэгтэй холбоотойгоор өндөр байдаг болохыг тогтоожээ [4]. Харин барууны орнуудад Д витамины дутагдал нь улирал хамааралтай байдаг ба ялангуяа өвлийн улиралд илүү Д витамины дутагдал тохиолддог байна [13,14,15]. Тамхи таталтын байдлыг Д витамин дутагдалтай холбон үзэхэд судалгаанд хамрагдсан 36,9% (p<0.05) тамхи татдаг байсан нь тамхи нөлөөлдөг байж болох юм гэсэн дүгнэлтэд хийхэд хүргэсэн юм. Судлаач Бротийн [16] судалснаар тамхинд агуулагдах  хүнд металын болон бусад хортой бодисууд (никотин) 25-гидроксивитамин Д-ийн элэгний солилцоонд оролцох процесст өөрчлөлт оруулдаг байж болох юм гэсэн таамаглал дэвшүүлжээ. Д витамины дутагдал нь 2-р хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны эмгэг тэр дундаа таргалалт, даралт ихсэх, зэрэг эмгэгт хүргэдэг төдийгүй хавдарт өртөх (эрэгтэйчүүдэд түрүү булчирхай, эмэгтэйчүүдэд хөхний хавдар) эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

 

Дүгнэлт

Монгол насанд хүрсэн хүнд Д витамины дутагдал өндөр байгаа нь нэгдүгээрт хоол хүнсээр авах Д харьцангуй бага, хоёрдугаарт амьдралын хэвшил буруу (наранд гардаггүй) зэрэгтэй хобоотой байж болох юм гэж үзлээ.  Иймээс бид  Д витамины дутагдалдлаас урьчилан сэргийлэхийн тулд нэмэлтээр Д витаминыг урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглэх шаардлагатай ба цусан дахь Д витамины дутагдал шинжилгээгээр илэрсэн тохиолдолд эмчилгээний тунгаар тодорхой хугацаанд ууж хэрэглэх хэрэгтэй.

 

Ном зүй

1. Foong-Ming M, Awang B et al., High prevalence of vitamin D insufficiency and its association with obesity and metabolic syndrome among Malay adults in Kuala Lumpur, Malaysia. BMC Public health 2011. 11:735
2. Baz-Hecht M, Goldfine AB et al., The impact of vitamin D deficiency on diabetes and cardiovascular risk.Curr Opin Endocrinal Diabetes Obes 2010. 17:113-119
3. Hypponen E, Power C et al., Hypovitaminosis D in British adults at age 45 y: nationwide cohort study of dietary and lifestyle predictors. Am J Clin Nutr.1997; 66:929-36
4. Nanri A, Leng Huat Foo et al., Serum 25-Hydroxyvitamin D concentrations and Season specific correlates in Japanese Adults. J Epidmiol 2011;21(5):346-353
5. Jacques PF, Felson DT, Tucker KL, Mahnken B, Wilson PW, Rosenberg IH, et al. Plasma 25-hydroxyvitamin D and its determinants in an elderly population sample. Am J Clin Nutr.1997;66:929–36.
6. Kobayashi T, Okano T, Shida S, Okada K, Suginohara T, Nakao H, et al. Variation of 25-hydroxyvitamin D3 and 25- hydroxyvitamin D2 levels in human plasma obtained from 758 Japanese healthy subjects. J Nutr Sci Vitaminol (Tokyo). 1983;29:271–81.
7. McCullough ML, Weinstein SJ, Freedman DM, Helzlsouer K, Flanders WD, Koenig K, et al. Correlates of circulating 25- hydroxyvitamin D: Cohort Consortium Vitamin D Pooling Project of Rarer Cancers. Am J Epidemiol. 2010;172:21 35.
8. Ono Y, Suzuki A, Kotake M, Zhang X, Nishiwaki-Yasuda K, Ishiwata Y, et al. Seasonal changes of serum 25-hydroxyvitamin D and intact parathyroid hormone levels in a normal Japanese population. J Bone Miner Metab. 2005;23:147–51.
9. Scragg R, Camargo CA Jr. Frequency of leisure-time physical activity and serum 25-hydroxyvitamin D levels in the US population: results from the Third National Health and Nutrition Examination Survey. Am J Epidemiol. 2008;168:577–86; discussion 587–91.
10. van Dam RM, Snijder MB, Dekker JM, Stehouwer CD, Bouter LM, Heine RJ, et al. Potentially modifiable determinants of vitamin D status in an older population in the Netherlands: the Hoorn Study. Am J Clin Nutr. 2007;85:755–61.
11. Cheng S, Lian S, Hao Y, Kang N, Li S, Nie Y, et al. Sunexposure knowledge and protection behavior in a North Chinese population: a questionnaire-based study. Photodermatol Photoimmunol Photomed. 2010;26:177–81.
12. Jerkegren E, Sandrieser L, Brandberg Y, Rosdahl I. Sun-related behaviour and melanoma awareness among Swedish university students. Eur J Cancer Prev. 1999;8:27–34.
13. Bhattoa HP, Bettembuk P, Ganacharya S, Balogh A. Prevalence and seasonal variation of hypovitaminosis D and its relationship to bone metabolism in community dwelling postmenopausal Hungarian women. Osteoporos Int. 2004;15:447–51.
14. Brock K, Huang WY, Fraser DR, Ke L, Tseng M, Stolzenberg-Solomon R, et al. Low vitamin D status is associated with physical inactivity, obesity and low vitamin D intake in a large US sample of healthy middle-aged men and women. J Steroid Biochem Mol Biol. 2010;121:462–6.
15. Burnand B, Sloutskis D, Gianoli F, Cornuz J, Rickenbach M, Paccaud F, et al. Serum 25-hydroxyvitamin D: distribution and determinants in the Swiss population. Am J Clin Nutr. 1992; 56:537–42.
16. Brot C, Jorgensen NR, Sorensen OH. The influence of smoking on vitamin D status and calcium metabolism. Eur J Clin Nutr.1999; 53:920–6.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1180
Судлаачдын бусад өгүүлэл
2
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК