Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (58) 2013 N03(058)
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ, ТҮҮНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЗАРИМ АСУУДАЛД
( Судалгааны өгүүлэл )

Ө.Мөнхзаяа1, Ч.Чинзориг2, Л.Ундрам1, Ю.Гантөгс1

1 НЭМС, 2Био-АС,

 
Абстракт

Эрүүл Мэндийн Тусламж Үйлчилгээний Чанарын Баталгааны Европын Холбоо Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний (ЭМТҮ) чанарт тодорхой бүтэц зохион байгуулалт,  стандартын шаталсан шаардлага, хөнгөн шуурхай даатгалын систем, үйл ажиллагааны өндөр идэвх, мэдээллийн нэгдсэн (interconnect) систем, тусламж үйлчилгээний нэгдмэл байдал (Integrated care) нөлөөлж байна гэж үзсэн байна. Монгол улсын эмнэлгийн  чанар, аюулгүй байдлын удирдлага, зохион байгуулалтын зарим асуудлыг  үнэлэх зорилгоор Улаанбаатар хот, аймгуудад байрлах 37 эмнэлгийн 78 удирдах ажилтан, чанарын мэргэжилтэн (I шатлал-36, II шатлал-23, III шатлал-19)-ээс агшингийн дескриптив загвараар судалгааг явуулж, мэдээллийг асуумж болон ярилцлагаар цуглуулав. Үр дүн: ЭМТҮ-ний чанарыг сайжруулах чиглэлээр бүх шатлалын эмнэлгүүд чармайлт гарган ажиллаж байна. Гэвч үйлчилгээний чанарыг хэрхэн хэмжих бодит шалгуур байхгүй. Ихэвчлэн шалгалтууд нарийн чанарт чиглэсэн хяналт байдаггүй, эмчилгээ хийх хангалт материалын хүрэлцээ муутай, чанаргүй эм тариа хэрэглэдэг, аюулгүй байдлын бодлого хэрэгждэггүй, хөтөч, стандарт удирдамжийн шинэчлэлт хангалтгүй , эрүүл мэндийн шатлал хооронд үйлчлүүлэгчдэд чирэгдэл их үүсдэг гэж үнэлсэн байна. Дүгнэлт: ЭМТҮ-ний гүйцэтгэлийг бодитой үнэлж, хөдөлмөрийн хөлсийг олгох, хөдөлмөрийг дэмжсэн хяналт, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх, нөөц баялгийг зөв зохистой хуваарилах, ЭМТҮ-ний шатлал хоорондын интеграцийг нэмэгдүүлэх, хөтөч, удирдамж, стандартыг өөрийн орны онцлогт тохируулан боловсруулан хэрэглэх, чанар аюулгүй байдлыг бодлогыг сайжруулах хэрэгтэй гэж үнэлсэн байна.

 

Удиртгал. Эрүүл Мэндийн Тусламж Үйлчилгээний Чанарын Баталгааны Европын Холбооны (Assuring the quality of health care in the European Union) мэдээлснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний (ЭМТҮ) чанарт тодорхой бүтэц зохион байгуулалт,  стандартын шаталсан шаардлага, хөнгөн шуурхай даатгалын систем, үйл ажиллагааны өндөр идэвх байхын зэрэгцээ мэдээллийн нэгдсэн (interconnect) систем, тусламж үйлчилгээний нэгдмэл байдал (Integrated care) нөлөөлж байна гэж үзсэн байна[1]. Нэгдмэл байх нь тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг өсгөх замаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг[2]. (World Health Organization, Copenhagen, 2002). Эрүүл мэндийн үйлчилгээн дэх чанарын хяналт, чанарын үнэлгээ нь 19-р зууны дунд үед Англид эхлэн хөгжжээ. Манай орны хувьд 1998 оноос томоохон эмнэлгүүдэд чанарын менежер ажиллаж, 2000 оноос эмнэлийн байгуулагуудад “итгэмжлэл” олгож чанарын хөтөлбөр төлөвлөгөөтэй болсон зэрэг нь чанарын удирдлагын эхлэл гэж үзэж болно. Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр бага зардлаар өндөр үр дүнд хүрдэг [3][4][5]. Иймд бид Монгол улсын эмнэлгийн чанар, аюулгүй байдлын удирдлага, зохион байгуулалтын зарим асуудлыг үнэлэв.

Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй. Уг судалгааг агшингийн дескриптив загвараар Улаанбаатар хот, аймгуудад байрлах 37 эмнэлгийн 78 удирдлага, чанарын мэргэжилтэн (I шатлал-36, II шатлал-23, III шатлал-19)-ээс явуулж, мэдээллийг ярилцлага болон асуумжийн аргаар цуглууллаа. Судалгааны ажлын үр дүнг Microsoft Office-2007 иж бүрдэл, статистик боловсруулалтыг SPSS-17.0.1 программуудыг ашиглан гүйцэтгэж, хувь болон дундаж утгын статистик магадлал бүхий ялгааг 95 хувийн магадлалаар баталгаажуулсан болно.

Үр дүн.

1.1. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр бүхий л шатлалын эмнэлгүүд чармайлт гарган ажиллаж байна. Гэвч үйлчилгээний чанарыг хэрхэн хэмжих бодит шалгуур байхгүй. Ихэвчлэн шалгалт нарийн чанарт чиглэсэн хяналт байдаггүй, үйл ажиллагааг тогтмол сайжруулах талд хангалтгүй, тухайн үед нь хичээгээд л өнгөрөөдөг. Мөн эрүүл мэндийн тогтолцооны чанарын хяналт нь зөвхөн алдаа гаргасан эмчийг илрүүлэхийг зорьж байгаагаас, чанартай үйлчилгээ үзүүлсэн эмчийг урамшуулж чадахгүй байна.  Бодит амьдрал дээр эмч ажлыг сайн хийсэн ч хийгээгүй ч цалин авч байдаг, илүү сайн хийсэн гээд тэр хэмжээний цалингийн урамшуулал авахгүй. Эрүүл мэндийн шатлал хоорондын уялдаа холбоо алдагдсан, шатлал хооронд өвчтөн хэрхэн эмчлүүлж яаж хянуулах нь тодорхойгүй. Сумын эмч нарыг бага шатлалын муу эмч нар гэх буруу ойлголт ард олны дунд байна. Үүний улмаас II, III шатлалын эмнэлгүүд рүү явж үзүүлэхийг илүүд үздэг. Тухайн эмнэлгүүдэд дээд тал нь 10 хоног эмчилгээ хийлгээд эргээд яах нь тодорхойгүй эмнэлгээс гаргадаг. Ингээд олон шатлал дамжиж оношлогоо эмчилгээ удааширч, бухимдал ихэсдэг. Одоогийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд маш олон хөтөлбөрүүд хэрэгждэг. Өрхийн эмч нарын ажлын нэлээд хувь нь энэ олон хөтөлбөрүүдийн тайланг гаргахад зарцуулагддаг. Гэтэл эмч хүний чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх үндэс нь хүн байдаг гэвч Чанартай тусламж үйлчилгээг цаасан тайлангаар дүгнэдэг, маш их олон салангид хөтөлбөрүүдийн тайлан нэхдэг, түүнийгээ аваад уншдаг үгүй нь ч мэдэгддэггүй, зузаан тайлан, бичиг цаасаар л үнэлдэг, яах гэж аваад байгаа нь ойлгомжгүй. Иймд эдгээр тайланг нэгтгэж үндэсний хэмжээний нэг цогц тайлантай болох хэрэгтэй тэрийгээ зааврын дагуу чанартай хийвэл бүх мэдээллээ авч чаддаг болох боломжтой.

1.2. Чанартай эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхэд үйлчлүүлэгчдээ зарцуулж байгаа хангамж үйлчилгээ хангалттай сайн байж, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ёстой. Нэгдсэн эмнэлгүүдэд зарим тохиолдолд шаардлагагүй хэвтэлт маш их байна. Үүнийг хянаж, шаардлагатай тохиолдолд хэвтүүлж, нөөцийг үр ашигтай болгох хэрэгтэй. Үйлчлүүлэгчидэд ашиг тустай үйлчилгээ үзүүлэхэд эмчээс шалтгаалахгүй бидэнд тулгарч байгаа нэг том асуудал бол эмийн чанар  Эмийн тендэрээр нийлүүлэгдэж байгаа зарим эм ямар ч чанаргүй, эмчилгээний үр дүн гарахгүй байна. Тухайлбал Бүгд найрамдах Хятад улсад үйлдвэрлсэн цефазолин гэж эмийн эмчилгээний үр дүн гарахгүй харин ч эмийн харшил дагалдах гаж нөлөөнүүд илэрч байна. Энэ бол эдийн засгийн болон эмчилгээ үйлчилгээнд хамгийн их сөрөг нөлөөтэй байдлыг буй болгоод байна. Гэтэл чанарын шаардлага хангахгүй эм, хэрэглэл материал хэрэглээд эмчилгээний чанарыг олон улсын түвшинд хүртэл сайжруулах, бага зардлаар их үр дүн гаргах гэсэн ойлголтуудын завсарт эмнэлгийн байгууллагуудын нэр хүнд унаж байна. Эмнэлгийн байгууллагууд өртөг зардал өндөртэй ЭМТҮ-г Бага нөөц боломжоор маш их тусламж үйлчилгээ үзүүлж чадаж байна. Ер нь үйлчлүүлэгчид зарцуулж байгаа нөөц хангалттай бус, нэг үйлчлүүлэгчид зарцуулж байгаа нөөцийг хэрхэн үнэлэх, тооцох аргачлал хараахан бүрдээгүй байна. Зөвхөн эмнэлэгт ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч нарын цалин тавих хэмжээний санхүүжилттай  Анхан шатны эмнэлгүүдийн санхүүжилт зөвхөн цалин тавьж хүрэлцэх хэмжээтэй байдаг, орон нутагт үйлчилгээ үзүүлэх нутаг дэвсгэр том дуудлага хүлээн аваад 1-2 цаг 150 гаран километр зам туулж байж нэг хүн үздэг. Эргээд иргэдэд үзүүлэх эмнэлэгийн тусламж үйлчилгээ эзэнгүй хоцордог. Мөн сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хэрэглэл материалын үнэ хэд дахин нэмэгдчихээд байхад байгууллагын санхүүжилт хэвээрээ байгаа өнөө үед үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх бололцоо бүрдэхгүй байна. Хэт их хязгаарлагдмал нөөц баялгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ядуухан тарчиг байдалтай хүргэж байгаа нь тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байна. Үүний оронд эрүүл мэндийн үйлчилгээг төлбөртэй болгоод түүнийхээ тодорхой хувийг даатгалаас, тодорхой хувийг иргэдээс авдаг олон улсын зарчмыг дагах хэрэгтэй гэж үзэж байна.

1.3. Эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг нэг чухал зүйл бол хэрэглэгчийн итгэх итгэл юм. Судалгаанд оролцогсод ЭМТҮ-ний аюулгүй байдлын менежментийн үйл ажиллагааны 12 үзүүлэлтээс 28,0%±8,4% байдаг ч хангалтгүй, 32,6%±6,7% хэрэгждэггүй гэж хариулсан байна. Энэ нь ЭМТҮ-ны аюулгүй байдлын хяналтын тогтолцоо хангалттай ажиллаж чадахгүй байгааг статистикийн үнэн магадлалтайгаар (p<0,05) харуулж байна. Мөн шатлал тус бүрээр нарийвчлан тооцоход I шатлалын эмнэлгүүдэд ЭМТҮ-ний аюулгүй байдлыг хэрэгжүүлэх төлөвлөлт 73,6%, байгууллагын өөрийн үнэлгээ 74,9% статистик үнэн магадлалтай хэрэгжихгүй байна (p<0,05). II болон III шатлалын эмнэлгүүд хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд суурилсан үйлчилгээ хангалтгүй, эрсдэлийн менежментийн тогтолцоо бүрдээгүй гэж үнэлсэн байна (p<0,05). ЭМТҮ-ний Аюулгүй байдлын талаар цогц ойлголтгүй байсан. Аюулгүй байдлыг хянах байтугай аюулгүй байдал талаарх ойлголт хангалттай биш . Аюулгүй байдлын хяналтыг бид хийж, ажиллаж чадахгүй байна. ЭМТҮ-ний аюулгүй байдлыг хангах хүний нөөцийн бодлого, түүнийг сайжруулах сургалт 75%, аюулгүй байдлыг хангах шаардлага 69,3%, түүний төлөвлөлт хяналт 81,8% хэрэгждэг гэж статистик үнэн магадлалтай (p<0.05) үнэлсэн боловч ярилцлагын үр дүнгээс харахад Эмнэлгийн аюулгүй байдлыг хангах стандартыг бодит байдалд ойртуулж шинэчлэж сайжруулах шаардлагатай гэж үнэлсэн. Мөн ярилцлагын явцад эрүүл мэндийн бүх шатлалын эмнэлгүүдэд ЭМТҮ-ний аюулгүй байдал 80% нь хангалттай хэрэгждэггүй,  Аюулгүй байдлын хяналт сайн биш, монголдоо эмчлэгдэх боломжтой өвчнийг гадаадад эмчлүүлж байна, энэ нь иргэд мөнгөтэй, баяндаа биш эрсдэлээс айсандаа ингэж байна. ЭМТҮ-ны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатай гэж дурьдсан байна.

1.4. ЭМТҮ үзүүлж байгаа байгууллагын үйл ажиллагааны стандарт, удирдамж 85,9%, үйлчлүүлэгчдэд зориулсан мэдээлэл 84,4%, эмчилгээг дэмжих үйл ажиллагаа 76,9%, Өвчтөн эмнэлэг хооронд шилжүүлэхэд баримтлах журам 76,9%, Тодорхой зорилтот бүлэг эсвэл оношын үед баримтлах удирдамж 69,7% статистик үнэн магадлалтай ашигладаг (p<0.05). Гэвч антибиотик хэрэглэх заалт 15,5%, мэс заслын өмнөх удирдамж 10,6%, эмийн удирдамж 13,0%, цус сэлбэх удирдамж 18,5%, өвчтөний санал гомдол шийдвэрлэх удирдамж 13,2-23,3%, хөтөч удирдамжийн шинэчлэл хангалтгүй гэж статистик үнэн магадлалтай (p<0.05) үнэлсэн. Энэ нь ЭМТҮ-ний хөтөч, стандарт удирдамжийн шинэчлэлт хангалтгүй байгааг харуулж байна. Мөн нэгдсэн бодлого хөтөч удирдамж байхгүйгээс эрүүл мэндийн байгууллагууд хоорондоо нэгдэж цогц болж чадахгүй, шатлал хооронд иргэдийг хохироож байна. Шатлал хооронд өвчтөн шилжүүлэх тал дээр үнэхээр бэрхшээлтэй. Хүлээгдэл ихтэй, дараагийн шатанд очиход үйлчилгээний нэгдмэл чанар байхгүй, шатлал хооронд шилжүүлэх хаалга барих үйлчилгээ тодорхой бус, эмчилгээний дараагийн шатанд шилжүүлэхэд ойлгомжгүй бүрхэг асуудлууд маш их байдаг. ЭМТҮ-ний I шатлалд үйлчлүүлэгчдийн дараалал их 54,5%, эмнэлэг өндөр ачаалалтай 67,6%, ажлын нөхцөл хүндрэлтэй гэж үнэлсэн байна (p<0.05).  Шатлал хооронд шилжүүлэхэд аль аль талдаа хариуцлага муу, үрэгдэл зардал ихтэй, эмнэлэг хоорондын холбоо харилцаа сул зөвхөн өвчтөний картаар хянадаг, эмч мэргэжилтний бэлтгэгдсэн байдал сул, шатлал дамжуулан онош тодруулах, эмчилгээ хийхэд хүлээгдэл ихтэй, өмнөх шатлалд хугацаа алдсан гэх зэргээр эмчилсэн эмчийг эрс буруутгасан ёс зүйгүй мэдээллийг өвчтөнд хүргэдэг. Дээд шатлалын эмнэлэгт 7-10 хоног эмчилгээ хийлгээд, зарим эмчилгээ нь дутуу сумын эмч эмчилнэ гээд гэрээр илгээдэг, эм нь өндөр үнэтэй иргэд худалдан авах чадваргүй байдаг. Нэгдсэн эмнэлэг цус харвасан хүнийг 10 хоног эмчлээд гаргана, гэрээр эмчилгээ хийж чадах ч хүн байна, чадахгүй ч хүн байна, хэн нь хаанаа яаж хянах, хэн нь сэргээн засах эмчилгээ хийх ёстой нь ойлгомжгүй орхигддог. ЭМТҮ-ний II шатлалд үйлчлүүлэгчдийн дараалал их 57,1%, эмнэлэг өндөр ачаалалтай 81,8%, ажлын нөхцөл хүндрэлтэй гэж үнэлсэн байна (p<0.05). Шатлал хоорондын хамтын ажиллагаа бүхий л талаараа орхигдсон, шатлал дотор ямар үйлчилгээ үзүүлэх зааг хүрээ нь тодорхойгүй, төв эмнэлэг өвчний хүндрэлтэй онош арга зүйн ээдрээтэй тохиолдол дээр эмчилгээ үйлчилгээ явуулах шаардлагатай байтал энэ үүргээ биелүүлэхгүй, өөрсдийгөө хаацайлсан эмчилсэн эмчийн ур чадвар сул, хугацаа алдсан, буруу эмчилсэн гэх зэргээр эмчийн нэр төрд халдсан эмчийн ёс зүйгүй мэдээллийг өвчтөнд өгч өөрсөд дээрээ зохиомол ачаалал байнга үүсгэдэг. ЭМТҮ-ний III шатлалд үйлчлүүлэгчдийн дараалал их 76,5%, эмнэлэг өндөр ачаалалтай 77,8%, ажлын нөхцөл хүндрэлтэй гэж үнэлсэн байна (p<0.05). Дээд шатлалд оргүй гэж хүлээгдэл үүсгэдэг, танил талаа ашигласан шаардлагагүй хэвтэлт байдаг, энэ нь эмнэлгийн байгууллагад таньдаг эмчгүй бол хэвтэх боломжгүй гэсэн ойлголтыг төрүүлдэг. Үүний улмаас хувийн эмнэлгүүдэд өндөр үнэтэй үр дүн муутай эмчилгээ хийлгэдэг.

Хэлцэмж. ЭМТҮ-г жигд, хүртээмжтэй чанартай үзүүлэхийн тулд бүх шатлалын эмнэлгүүд үйл ажиллагааны нэгдсэн чанарын баталгааны суурь шаардлагыг боловсруулж мөрдөх хэрэгтэй [6]. Гэвч ярилцлагаас харахад үйлчилгээний чанарыг бодитой үнэлж чадахгүй, субьектив нөлөө ихтэй үнэлдэг, хяналт үнэлгээний зорилго нь алдааг илрүүлэх, шийтгэхэд чиглэдэг, урамшуулах дэмжих эргэх холбоо байхгүй, гүйцэтгэлийг үнэлэх үнэлгээний арга аргачлал нь хоцрогдсон гэж үнэлсэн нь ЭМТҮ-г тасралтгүй сайжруулах, түүнийг дэмжих бодлого алдагдаж байгааг харуулж байна.

ЭМТҮ-ны нөөцийг зөв тэгш хуваарилах, шаардлагатай эм, хэрэглэл материалаар хангах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ёстой [7]. Харин бидний судалгаагаар хязгаарлагдмал, чанар муутай, нөөц баялгаар өндөр өртөгтэй ЭМТҮ-г ядуухан тарчиг байдалтай хүргэж байгаа нь тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байна. Зарим тохиолдолд чанар муутай бүтээгдэхүүнд нөөцийг үр ашиг муутай зарцуулдаг, эмийн чанар шаардлага хангахгүй, цалин хөлс доогуур, үйлчлэх газар нутаг өргөн хэмжээтэй байгаа нь ЭМТҮ-ний чанарыг бууруулж эмч, эмнэлгийн ажиллагсадын хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна.      

ЭМТҮ-ний аюулгүй байдлын хяналтын тогтолцоо нь хэрэглэгчийн сэтгэл ханамж, эмчид итгэх итгэлийг нэмэгдүүлдэг[7]. Харин судалгаанаас харахад хэрэгжилт хангалтгүй 28,0%±8,4%, хэрэгждэггүй 32,6%±6,7% гэж хариулсан мөн ярилцлагаас харахад аюулгүй байдлын талаар ямар ч ойлголтгүй байсан. Аюулгүй байдлыг хянах байтугай юуг аюулгүй байдал гэх ойлголтгүй явсан. Аюулгүй байдлын хяналтыг бид хийж, ажиллаж чадахгүй байна.

ЭМТҮ үзүүлэгч байгууллагууд хөтөч, стандарт удирдамжийн шинэчлэлт хангалтгүй, эрүүл мэндийн байгууллагууд хоорондоо нэгдэж цогц болж ажиллаж чадахгүй байна. Шатлал хооронд өвчтөнг шилжүүлэхэд ойлгомжгүй хүндрэлтэй асуудал их, үйлчилгээний ачаалал их, стандартаас давсан, эмнэлгүүдэд хүлээгдэл чирэгдэл ихтэй байна. Шатлал хооронд шилжүүлсэн үйлчлүүлэгчтэй харилцахдаа өмнөх шатлалын эмчийг муулах зэргээр ёсзүйн алдаа гаргадаг. Үйлчилгээний зааг хүрээ хаалга барих үйлчилгээ тодорхой болоогүй.

Дүгнэлт. ЭМТҮ-ний гүйцэтгэлийг бодитой үнэлж, үнэлгээний аргыг боловсронгуй болгох, хөдөлмөрийн хөлсийг олгох, хөдөлмөрийг дэмжсэн хяналт, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх, нөөц баялгийг зөв зохистой хуваарилах, ЭМТҮ-ний шатлал хоорондын интеграцийг нэмэгдүүлэх, хөтөч, удирдамж, стандартыг өөрийн орны онцлогт тохируулан боловсруулан хэрэглэх, чанар аюулгүй байдлын бодлогыг сайжруулах хэрэгтэй гэж үнэлсэн байна.  

Талархал. Уг судалгааг явуулахад оролцсон ЭМЯ-ны хамт олон, Монгол улсын Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн салбар сургуулиудын багш, магистрантууд,  хөдөө орон нутгийн болон Улаанбаатар хотын 1,2,3-р шатлалын эмнэлэгийн хамт олонд талархал илэрхийлье.

Ном зүй

1. Helena Legido-Quigley, Martin McKee, Ellen Nolte, Irene A Glinos. Assuring the quality of health care the European Union.
2. Gröne, O & Garcia-Barbero, M (2002): Trends in Integrated Care – Reflections on Conceptual Issues. World Health Organization, Copenhagen, 2002, EUR/02/5037864
3. Coordination of activities with other organizations of the United Nations system and attainment. of health for all by the year 2000. Geneva, World Health Organization, 1979 (Resolution WHA32.24, Thirty-second World Health Assembly, 7–25 May 1979; available on the Internet at http://www.who.int/governance/en/).
4. Charles Boelen, Cynthia Haq, Vincent Hunt, Marc Rivo, Edward Shahand. Improving Health Systems: The Contribution of family Medicine. Guidebook.WONCA.2002
5. А. Дамдинсүрэн, Г.Ганчимэг, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын удирдлага, Улаанбаатар 2011 он, хуудас 5
6. Cianfrani, Charles A.; West, John E. (2009). Cracking the Case of ISO 9001:2008 for Service: A Simple Guide to Implementing Quality Management to Service Organizations (2nd ed.). Milwaukee: American Society for Quality. pp. 5-7. ISBN 978-0-87389-762-4.
7. Г.Амартүвшин, Н.Оюунбилэг, О.Чимэдсүрэн. Нийслэлийн хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үнэлгээний зарим асуудалд. П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль. Онош 47(03), 2010.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4309
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК