Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (58) 2013 N03(058)
ГУУРСАН ХООЛОЙН БАГТРАА ӨВЧНИЙ ЭМИЙН ХЭРЭГЛЭЭНД ХИЙСЭН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС
( Судалгааны өгүүлэл )

1Ц.Цээлэй, 2М.Эрдэнэтуяа

1Улсын 3-р төв эмнэлэг

 2ЭМШУИС, Эм зүйн сургууль

 
Абстракт

Дэлхийн хүн амын 5-8% нь гуурсан хоолойн багтраа өвчнөөр өвчилж, Европын улс орнуудад насанд хүрэгсдийн 5%, хүүхдийн 10 гаруй хувь нь уг өвчнөөр өвдсөн мэдээлэл байна. Монгол орны хувьд хот, хөдөөгийн хүн амын дунд гуурсан хоолойн багтраа өвчин 1,1-2,4% тархалттай байгааг судалгаагаар тогтоожээ.

Гуурсан хоолойн багтраа өвчин нь амьсгалын замын бөглөрөл үүсгэдэг, архаг явцтай үрэвсэлт эмгэгүүдийн нэг юм. Иймээс гуурсан хоолойн багтраа өвчинтэй хүмүүст удаан хугацааны, үр дүнтэй эмчилгээ шаардагддаг бөгөөд эмийг зөв хэрэглэх, эмийн эмчилгээний хяналт сайн байх нь уг өвчний сэдрэлтийн хугацааг уртасгаж, хүндрэлээс сэргийлэх гол арга зам юм. 

Гуурсан хоолойн багтраа өвчний аль үе шатанд үрэвслийн эсрэг эмийн бэлдмэл хэрэглэх, бета – 2 агонист бэлдмэлийг ямар тунгаар хэрэглэх нь зүйтэй зэрэг эмчилгээний асуудал нь өнөөг хүртэл маргаантай байгаа үед уг өвчнөөр шаналж буй хүмүүсийн эмийн зохистой хэрэглээний асуудлыг судлах нь чухал асуудлуудын нэг билээ. 

Эмийн эмчилгээг эмчлүүлэгч бүрийн онцлогт тохируулан төлөвлөж, зохистой хэрэглэснээр хүсээгүй гаж нөлөө болон эмнээс шалтгаалсан эрүүл мэндийн болон эдийн засгийн сөрөг үр дагавраас сэргийлэх гол арга зам билээ.

Зорилго:

Улсын гуравдугаар эмнэлэгт гуурсан хоолойн багтраа өвчний оноштой хэвтэн эмчлүүлэгсдийн эмийн хэрэглээг судлах

Материал, арга зүй:

2011 онд улсын III төв эмнэлэгт гуурсан хоолойн багтраа өвчний оноштой хэвтэн эмчлүүлсэн нийт 140 өвчтөний түүхэнд ретроспектив судалгааг хийлээ. Өвчтөний түүхээс өвчтөний нэр, нас, хүйс, үндсэн онош, дагалдах онош, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоног, эмчилгээнд хэрэглэсэн эмийн нэрс, хоногийн тун, эм хэрэглэсэн хугацаа, эмийн зардал зэрэг үзүүлэлтүүдийг түүвэрлэн авав.

Эмийн зохистой хэрэглээг ДЭМБ – ийн гаргасан шалгуур болон Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2005 оны эмнэлэгт “Эмийн эмчилгээг зохицуулах хороо” байгуулах тухай 71 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтын дагуу эмнэлгийн эмийн хэрэглээний    үнэлгээний дагуу судлав. Үүнд:

  • Нэг өвчтөнд хэрэглэсэн нийт эмийн тоо
  • Олон улсын нэршлээр бичигдсэн эмийн эзлэх хувь
  • Тарилгын эмийн эзлэх хувь
  • Эмчилгээ оношлогооны удирдамжийн дагуу бичигдсэн эмүүдийн эзлэх хувь
  • Нэг өвчтөнд хэрэглэсэн эмийн дундаж үнэ
  • Нийт хэрэглэсэн эмэнд зайлшгүй шаардлагатай эмийн эзлэх хувь
  • Нийт хэрэглэсэн эмнээс антибиотикийг эзлэх хувь
  • Антибиотик эмийг хэрэглэсэн дундаж  хугацаа
  • Нийт хэрэглэсэн антибиотик эмийн мэдрэг чанар тодорхойлсон хувь

Статистик боловсруулалыг Excel 2007 болон SPSS 17.0 программыг ашиглан хийлээ.

 

Үр дүн, хэлцэмж:

 

Гуурсан хоолойн багтраа өвчний оноштой хэвтэн эмчлүүлсэн нийт 140 хүнээс эрэгтэй 41, эмэгтэй 99 байв. Эмчлүүлэгсдийн дундаж нас 50.7 ±0.03, биеийн жин 74.9±0.2, өндөр 165.8±0.1 байлаа. Улсын III төв эмнэлэгт гуурсан хоолойн багтраа өвчнөөр хэвтэн эмчлүүлэгчдийн ор хоног дунджаар 8.6±0.01 байв.

                                                                                                    

Зураг 1. Гуурсан хоолойн баграа өвчинтэй хүмүүсийн хүйсний байдал

Гуурсан хоолойн багтраа өвчинтэй хэвтэн эмчлүүлэгсдийн цусны ерөнхий шинжилгээний үзүүлэлтийг хүснэгт 1 -д үзүүлэв. Гуурсан хоолойн багтраа өвчинтэй хүмүүсийн улаан эсийн тоо (5.01±0.05 X1012/л), гемоглобины хэмжээ (17.22±1.91 г/л) болон улаан эсийн тунах хурд (12.27±0.9 мм/ц) ихэссэн байв.

Хүснэгт 1. Гуурсан хоолойн багтраа өвчинтэй хүмүүсийн

цусны ерөнхий шинжилгээний зарим үзүүлэлтүүд

              

Гуурсан хоолойн багтраа өвчний оноштой хэвтэн эмчлүүлэгсдийн эмчилгээнд хэрэглэсэн нийт эмийн тоо дунджаар 10.3 ± 0.2, нэг хүнд зарцуулсан эмийн нийт зардал 42466.2±1499.1 төгрөг байлаа. Өвчтөний түүхэнд бичигдсэн нийт эмийн 41.34±1.0% нь олон улсын нэршлээр бичигдсэн байв.

Эмчилгээнд хэрэглэсэн нийт эмийн 42,3±2,2% нь уг өвчний оношлогоо, эмчилгээний удирдамжанд заагдсан эм эзэлж байсан бол үлдэх хувь нь бусад эмүүд эзэлж байв. Харин нийт хэрэглэсэн эмийн 74,3±0,9% нь зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд заагдсан эмээр эмчилсэн байв (Хүснэгт 2).

Эмчилгээнд хэрэглэсэн нийт эмийн 46.87 ± 0,98 хувийг тарилга хэлбэрээр хэрэглэсэн бөгөөд дийлэнх хувийг судсаар (дусал 35.3±1.2, судас тариа 31.5±1.2) хэрэглэсэн байлаа.

Хүснэгт 2. Эмийн зохистой хэрэглээний шалгуур үзүүлэлтүүд

Зураг 2. Гуурсан хоолойн багтраа өвчинтэй хүмүүст хэрэглэсэн антибиотикийн төрөл

Гуурсан хоолойн багтраа өвчний оноштой хэвтэн эмчлүүлэгсдийн эмчилгээнд хэрэглсэн эмийн 10,5±0,3% нь нянгийн эсрэг эм эзэлж, дунджаар 5.30±0.2 хоног эмчилгээнд хэрэглэсэн байв. Нянгийн эсрэг бэлдмэлүүдээс цефазолин 40% (56), котримаксазол 28,6% (40), амоксилав 21,4% (30), ампициллин 14,3% (20), ципрофлоксацин 7,1% (10), гентамицин 2,1% (3) тус тус эзэлж байв. Харин нянгийн эсрэг эмийн мэдрэг чанарыг нийт эмчлүүлэгчдийн маш бага хувьд нь буюу 4% -нд л тодорхойлсон байв. 

Дүгнэлт.

  1. Гуурсан хоолойн багтраа өвчний оноштой хэвтэн эмчилүүлэгсдийн эмчилгээнд хэрэглэсэн нийт эмийн тоо дунджаар 10.3 ± 0.2, үүнээс 42,3±2,2% нь оношлогоо, эмчилгээний стандартад заасан эм эзэлж, дийлэнх хувийг бусад эмүүд эзэлж байна. 
  2. Эмчилгээнд хэрэглэсэн нийт эмийн 46.87 ± 0,98 хувийг тарилга эмийн хэлбэрээр хэрэглэсэн байснаас дийлэнх нь судсаар хийсэн тарилгын хэлбэрүүд эзэлж байв. 

 

 

Ном зүй

1. Patel Pinal D., Patel R.K., Patel N.J. Analysis of prescription pattern and drug utilization in asthma therapy. International research journal of pharmacy. 2012, 3 (7), p. 257 – 260.
2. Huib A.M. Kerstjens, M.D., Michael Engel, M.D., Ronald Dahl, M.D., et.al. Tiotropium in Asthma Poorly Controlled with Standard Combination Therapy. N Engl J Med 2012; 367: p.1198-120.
3. Mohammad H.B., Fariba R., Najmah R., Damon D. Improvement in symptoms and pulmonary function of asthmatic patients due to their treatment according to the GINA. BMC Pulmonary Medicine. 2008, 8:26, p. 1-10.
4. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэдээлэл. http://www.chd.moh.mn
5. ”Зонхилон тохиолдох өвчин эмгэгийн оношлогоо, эмчилгээний удирдамж’’2005. Х.80-84.
6. Эм зүйн тусламж үйлчилгээний эрх зүйн лавлах. УБ. 2011. Х.171-189
7. Монгол улсын стандарт. Гуурсан хоолойн багтраа өвчний оношлогоо, эмчилгээ. MNS 6215:2010. Стандарт хэмжил зүйн газар. УБ. 2010.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2401
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК