Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (58) 2013 N03(058)
УЛААН ХООЛОЙН ХАВДАР БОЛОН ХАВДРЫН УРЬДАЛ ЭМГЭГИЙН ҮЕИЙН ХПВ-ЫН МОЛЕКУЛ БИОЛОГИЙН ОНОШЛОГООНЫ АСУУДАЛД
( Судалгааны өгүүлэл )

Б.Анархүү1, Ж.Оюунчимэг1, Б.Oтгон1, Ч.Баттогтох2, Э.Баярмаа2

Хавдар Судлалын Үндэсний Төв1, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль2

 
Абстракт

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр хорт хавдрын өвчлөл цаашид нэмэгдэж, 2015 он гэхэд 15 сая шинэ тохиолдол илэрч, тэдгээрийн 2/3 нь хөгжиж буй орнуудад ноогдоно гэж тооцоолж байна. Дэлхийн нийтийн энэ чиг хандлага Монгол улсад ч ижил байгаа ба тус улсад хорт хавдрын өвчлөлийн шинэ тохиолдол жилээс жилд (2004 онд 3381, 2008 онд 4267) өсч, нас баралтын голлох шалтгааны 2-рт хорт хавдрын өвчлөл орж байна. Манай улсын нийт хорт хавдрын өвчлөл дотор эхний 5 байрыг элэг (37.0%), ходоод (13.9%), уушги (9.8%), улаан хоолой (7.9%), умайн хүзүү (7.9%) тус тус эзэлж байна. Нийт хорт хавдрын нас баралтын 42.6%-ийг элэгний, 15.5%-ийг ходоодны, 10.4%-ийг уушигны, 9.0%-ийг улаан хоолойн, 3.3%-ийг умайн хүзүүний хорт хорт хавдрын  нас баралт тус тус эзэлж байна.

Хүний Папиллома Вирус (ХПВ) нь бэлгийн замын халдварт өвчний дунд дэлхийд тархсан эмгэг төрөгч юм. ХПВ нь бэлэг эрхтэн болон бусад арьс салстад хоргүй болон хортой хавдрыг үүсгэдэг. Одоогоор ХПВ-ын 100 орчим хэв шинжийн ДНХ дарааллыг бүрэн тогтоогоод байна6.

               ХПВ нь улаан хоолойн хавдартай хамааралтай байх магадлалыг олон судлаачид бичиж байгаа хэдий ч бодит судалгаа бага байна7. Улаан хоолойн гистологи бүтэц нь ам залгиур болон умайн хүзүүн салстыхтай адил байдаг нь хавдартай хамааралтай байж болохыг харуулдаг боловч халдварын замаас хол байдаг нь тогтмол илэрдэггүйтэй холбоотой байж болох юм.

               Улаан хоолойн хавдар болон ХПВ-ын судалгаа Хятадад их хийгдсэн бөгөөд дунджаар 50%-ийн хамааралтай статистик гарсан байна. 700 тохиолдол хамруулсан том судалгаа Хятадад хийгдсэн бөгөөд 17% хамааралтай гарчээ.

Манай орны хувьд жилээс жилд улаан хоолойн хавдрын  өвчлөл нэмэгдэж байгаа өнөө үед  хавдрын эрт илрүүлэлтийг сайжруулах, эмгэг судлалын талаар дорвитой судалгааны ажил хийгдээгүй байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл болсон билээ.

Улаан хоолойн хавдар болон ХПВ-ын талаар манай оронд хийгдсэн судалгаа:

               Манай оронд улаан хоолойн хавдраар хийсэн эрдэм шинжилгээний ажил нэн ховор байгаа17 бөгөөд улаан хоолойн хавдрыг ХПВ-тэй холбож судалсан анхны бөгөөд өнөөг хүртэл хийгдээд байгаа цорын ганц судалгааны ажил бол Л. Амартүвшин, Д. Самбуупүрэв нарын 2000-2005 оны хооронд хийсэн эмгэг судлалын судалгаа байгаа юм. Уг судалгаанд улаан хоолойн хавдар болон хавдрын урьдал эмгэгтэй нийт 424 шинжилгээг хамруулсан бөгөөд эдийн шинжилгээгээр хавдрын урьдал эмгэг болох хавтгай эсийн дисплазийн үед ХПВ хамгийн өндөр илэрч байгааг гистологийн шинжилгээгээр харуулсан байна13.

CУДАЛГААНЫ АЖЛЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Манай орны нөхцөлд тохиолдож буй улаан хоолойн хавдар болон түүний урьдал эмгэгүүдийг гистологи болон иммуногистохимийн аргаар оношилж, ХПВ-ын  халдварын хамаарлыг тодорхойлох.

Зорилт

  1. Манай орны нөхцөлд тохиолдож буй улаан хоолойн хавдар болон түүний урьдал эмгэгийн  эмгэг судлалын онцлогийг тодорхойлох
  2. Улаан хоолойн хавдар болон ХПВ-ын халдварын хамаарлыг тогтоох
  3. Улаан хоолойн хавдар болон хавдрын урьтал эмгэгийг иммуногистохимийн аргаар илрүүлэх

СУДАЛГААНЫ АЖЛЫН ШИНЭЛЭГ ТАЛ

Манай орны нөхцөлд тохиолдож буй улаан хоолойн хавдар болон хавдрын урьдал өвчний эмгэг судлалын онцлогийг тодорхойлж, ХПВ-ын халдвартай харьцуулан судалж олон улсын шинэчлэсэн ангиллын дагуу тодорхойлж өгсөнд судалгааны ажлын шинжлэх ухааны шинэлэг тал оршино.

СУДАЛГААНЫ АЖЛЫН ПРАКТИК АЧ ХОЛБОГДОЛ

Манай оронд тохиолдож буй улаан хоолойн хавдрыг иммуногистохимийн аргаар оношлож эмчилгээний тактикийг боловсронгуй болгосонд судалгааны ажлын практик ач холбогдол оршино.

СУДАЛГААНЫ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БА АРГА ЗҮЙ

Энэхүү судалгааг Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль (ЭМШУИС)-ийн Био-анагаахын Сургуулийн биологи-гистологийн тэнхим, Эрдэм шинжилгээний төв лаборатори, Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн нэгдсэн лабораторын тасаг, дурангийн тасагт хийж гүйцэтгэв.

СУДАЛГААНЫ АРГА АРГАЧЛАЛ

Бидний судалгаанд Улсын Хавдар Судлалын Үндэсний Төвийн дурангийн тасагт улаан хоолойн эмгэгийн улмаас онош тодруулахаар ирсэн 35 эмчлүүлэгчдийн дурангийн биопсийн 45 материал хамрагдав. Энэхүү 35 эмчлүүлэгчдээс тусгай боловсруулсан асуумжийг бөглүүлж,  ёс зүйн зөвшөөрөл авсны дараа онош тодруулахаар уян дурангийн тусламжтай авсан 0.2см х 0.3см х 0.5 см хэмжээтэй цайвар эдийг 10% тунгалагжуулсан формалины уусмалд бэхжүүлэн гистологийн тосгүйжүүлэх, усгүйжүүлэх автомат дамжлагаар блок бэлтгэв.

Молекул биологийн арга:

Эдээс дизоксирибонуклейн хүчил (ДНХ) ялгах арга:

Дурангаар авсан эдийг шингэн азотоор хөлдөөж Германы QIAGEN багцыг ашиглан эдээс ДНХ ялгасан. ДНХ ялгагдсан эсэхийг 0.5%-ийн агарозын гельд гель електрофорез хийж шалгалаа.

Полимеразийн Гинжин Урвал (ПГУ):

Ялгасан ДНХ дээр өргөн хүрээний ХПВ-ийн геномын L1 хэсгийг олшруулах MY09/MY11 праймер ашиглан ПГУ хийлээ. Праймерийн дараалал, ПГУ-ын нөхцөл болон бүтээгдэхүүний уртыг хүснэгтэд харууллаа.

Хүснэгт 1.

                                                                                       

Гелийн электрофорез:

ПГУ-аар олширсон бүтээгдэхүүнээс 8 мкл-ийг авч, 2 мкл хүндрүүлэгчтэй (PCR loading buffer; Sigma, St.Louis.USA.) хольж 2%-ийн агарозын гельд (Metaphore agarose, BioWhittaker Application, Rockland. USA.) гелийн электрофорезыг (Mupid-21 mini gel electrophoresis unit; Mylab) 100V хүчдэлд 40 минут явуулсны дараа бромт этидээр 20 минут будаж гелийн дүрс буулгагчаар  зураг аван баримтжууллаа (UVI tec, gel documentation system.Cambridge.UK).

 

СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮН

Бидний судалгаанд 30-87 насны (дундаж наслалт 45.8±0.4) 37 өвчтөн хамрагдсаны 17 буюу 45.9% нь эрэгтэйчүүд, 20 буюу 54.1% нь эмэгтэйчүүд эзэлж байв. Насны хувьд 61-70 насныхан 10 буюу 27%, 71 буюу түүнээс дээш насныхан 13 буюу 35% дийлэнхи хувийг эзэлж байлаа.

Хүснэгт 2.

Үүнээс улаан хоолойн хавдрын урьтал эмгэгүүд 7/37 буюу 18,9%, эдгээрээс хөнгөн зэргийн бүхий архаг эзофагит 3/7 буюу 43%, олон давхар эвэршдэггүй хучуур эсийн метаплази буюу Барретын улаан хоолой 4/7 (57%) байв. Олон давхар хучуур эсийн  хоргүй хавдар папиллома  2/37 буюу 5,4% илэрсэн байна.

Улаан хоолойн хорт хавдар 28/37 буюу 75,7%-д илэрсэн ба үүнээс олон давхар эвэршдэггүй  хавтгай эсийн хорт хавдар 17/28 буюу 60,7% байсан бол булчирхайлаг хучуур эсийн хорт хавдар 11/28 буюу 39,3% тус тус эзэлж байна.

Зураг 1

Эсийн ялгарлын зэргээр авч үзвэл олон давхар эвэршдэггүй хучуур эсийн хорт хавдар 17 байснаас ялгарал сайтай өмөн  G1-8/17 буюу 47,1% ялгарал багатай өмөн G3-3/17 буюу 17,6%, ялгаралгүй өмөн  G4-6/17 буюу 35,3% оношлогдсон бол булчирхайлаг хучуур эсийн хорт хавдар G1-2/11 буюу 18,2%, G3-6/11 буюу 54,5%, G4-3/11  буюу 27,3 тус тус оношлогдлоо.

Зураг 2

ХПВ-ын халдварыг молекул биологийн аргаар илрүүлэхэд  16/37 буюу 43.2%-д эерэг илэрлээ. Үүнэээс хавтгай эсийн хавдарт 10, улаан хоолойн хавдрын урьдал эмгэгт 4, папиллом төст хоргүй ургалтад 4, булчирхайлаг эсийн хавдарт 1 тохиолдлууд тус тус эерэг гарсан байна (Зураг 4).

Зураг 3

ХПВ-ын ДНХ-ийг MY09/MY11праймер ашиглан ПГУ-аар илрүүлсэн гель электрофорезийн зураг.

Зураг 4

ДҮГНЭЛТ

  1. Улаан хоолойн хорт хавдар 75,7 %, хавдрын урьдал эмгэг 18,9 % оношлогдсоны 57% нь Барретын эзофагит байв.
  2. Улаан хоолойн хорт хавдрын  60,7% нь олон давхар эвэршдэггүй хавтгай хучуур эсийн хорт хавдар оношлогдсоны 47,1% нь G1 шатанд оношлогдов.
  3. ХПВ-ын ДНХ 43.2% эерэг илэрсэн нь Монголд Улаан хоолойн хорт хавдрын эмгэг жамд ХПВ-ын халдвар өндөр хамааралтай байж болохыг харууллаа.

 

.

Ном зүй

1. Ann-Charlotte M. Stewart, Annika M. Eriksson, et al. 1996. Intratype Variation in 12 Human Papillomavirus Types: a Worldwide Perspective
2. Baback Gharizaden, Maria Oggionni, Biying Zheng, et al. 2005. Type-Specific Multiple Sequencing Primers. A Novel Strategy for Reliable and Rapid Genotyping of Humanpapillomaviruses by Prosequencing Technology
3. B. Anarkhuu, L. Purevsuren, B. Buyandelger, B. Dashlkhumbe, et al. 2006. Detection of HPV E6 and E7 Genes in Patients with Laryngeal Papillomatosis
4. BigDye® Terminator v3.1 Cycle Sequencing Kit protocols
5. Clifford GM, Smith JS, Plummer M, et al. 2003. Human Papillomavirus types in Invasive Cervical Cancer Worldwide
6. Fields VIROLOGY fifth edition 2007. Section II: Specific Virus Families, Chapter 62-Papillomaviruses. P. 2300-2340
7. HPV monograph 2008
8. Stewart T. Cole and Rolf E. Streeck. 1986. Genome Organization and Nucleotide Sequence of Human Papillomavirus type 33, Which Is Associated with Cervical Cancer
9. Simon Gagnon, Catherine Hankins, et al. 2004. Viral Polymorphism in Human Papillomavirus type 33 and 35 and Persistent and Transient Infection in the Genital Tract of Woman
10. Soraya Khoudari, Luisa L. Villa, Simon Gagnon, et al. 2006. Human Papillomavirus type 33 Polymorphisms and High-Grade Squamous Intraepithelial Lesions of the Uterine Cervix
11. Peter J. F. Snijders, Adriaan J. C. van den Brule, et al. 1992. Human Papillomavirus type 33 in a Tonsillar Carcinoma Generates Its Putative E7 mRNA via Two E6 Transcript Species which are Terminated at Different Early Region Poly(A) Sites
12. P. E. Gravitt, C. L. Peyton, T. Q. Alessi, et al. 1999. Improved Amplification of Genital Human Papillomaviruses
13. Japanese society for esophageal diseases. Guidelines for clinical and pathologic studies on carcinoma of the esophagus. 9th ed. Tokyo: Kanehara and Co, Ltd; 1999.
14. Shui-Shen Zhang, Qing-Yuan Huang, Hong Yang, Xuan Xie, Kong-Jia Luo, Jing Wen et al. Correlation of p53 status with the Response to Chemotherapy-Based Treatment in Esophageal Cancer: A Meta-Analysis. Ann Surg Oncol. 2013 Mar 21. [Epub ahead of print]
15. Tadashi Terada. Esophageal cancers: a clinicopathologic and immunohistochemical study of 223 cases. Gastroenterology Research. 2009;2(3):148-151.
16. Thiago Simao Gomesa, Juliana Nogutia, Nora Manoukian Foronesb, Flavio Oliveira Limaa, Cristine Doboa, Joao Antao Fernandes Juniora et al. Correlation analysis of c-myc, p21WAF/CIP1, p53, C-erbB-2 and COX-2 proteins in esophageal squamous cell carcinoma. Pathology Research and Practice. 15 January 2013. 209; (2013): 6-9.
17. Амартүвшин Л, Самбуупүрэв Д, Энх-Амар Я. Улаан хоолойн өмөнгийн үүсэлд Хүний папиллома вирус (ХПВ) нөлөөтэй эсэхийг эд судлалын аргаар судалсан нь. Хавдар судлал. 2005; 1(6): 26-28.
18. Самбуупүрэв Д. Эмгэг эд судлалын ба эдийн химийн будгийн аргууд. Улаанбаатар. 1999.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1733
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК