Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (58) 2013 N03(058)
УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН ДАХЬ ӨВЧНИЙ АНГИЛЛЫН ТУХАЙ
( Судалгааны өгүүлэл )

Ж.Баттуул1,Ш.Болд2, Г.Уянга3

1УНТЭ, 2,3”Ач”АУДС,

 

Монголчуудын өвөг дээдэс нүүдлийн соёл иргэншилтэй холбоотой эдийн болон оюуны соёлын олон арван бүтээлийг бий болгон хөгжүүлсээр өнөөг хүрч иржээ. Эдгээр бүтээлийн дотор өвчин эмгэгтэй тэмцэж ирсэн түүхэн хөгжлийнхөө явцад бий болгосон анагаах урлаг, эмчилгээ заслын аргууд онцгой байр эзэлдэг юм. Ялангуяа өвчин түүний шалтгаан, нөхцөл, оношилох, эмчлэх аргыг танин мэдэхүйн нэн эртний хэлбэр домог зүй, шашины үзэл, түүнчлэн гүн ухааны болон шинжлэх ухааны үзлийн үүднээс, энгийн ухамсрын түвшингээс нотолгоо түшсэн тийш гүнзгийрүүлэн хөгжүүлсээр иржээ. Дорно дахины болон манай уламжлалт анагаах ухааны суу билэгтнүүд нь нар, сар, өдөр, шөнө, цаг улирал, хүний бие гэсэн юмс үзэгдэлд хэвийн үед халуун, хүйтэн гэсэн нийтлэг шинжүүд байнга илэрдэгийг ажиглан тогтоогоод, түүнээсээ хөөн ертөнцийн бүх зүйлсийн оршин тогтохын үндсийг ус, шороо ба гал махбодоор жишин ойлгоход хүрч уг онолоо хүний биеийн бүтэц үйл ажиллагаа, идээ ундаа, эм, засал дээр нарийсган хэрэглэхдээ арга билгийн онолыг гаргажээ. Уг онолын дагуу өвчний шалтгаан нөхцлийг ус, шороон махбодын тэнцвэрт харьцааны алдагдал гэж үзэн түүнийг гадаад шинжийг мэдэрч улмаар хүртэж танин мэдрэхүйгээрээ илрүүлэн өвчний халуун, хүйтэн шинж гэж илэрхийлэхийг хамт хийсвэрлэх сэтгэхүйдээ арга-билиг гэж томъёолдог байжээ.[1]         

Монгол оронд Манба дацан (Эмчийн сургууль) байгуулагдах үндсэн нөхцөл нь буддын шашин дэлгэрсэнтэй шууд холбоотой юм. Монголд дэлгэрсэн буддын шашны мэдлэг ухааныг даган “Анагаах ухааны  дөрвөн  үндэс”-ийн урсгал маш хүчтэй дэлгэрэн ар, өвөр Монголд шарын шашны сүм, хийдийн дэргэд эмчийн сургуулиуд олноороо байгуулагдан ”Анагаах  ухааны  дөрвөн үндэс”-ийг  “шүн” буюу гол сурах бичиг  хэмээн дээдлэн тахиж, иш ухаан, онол, дадлагынхаа үндсийг болгосоор иржээ.[2] Тухайлбал: өвчнийг шалтгаан, нөхцөл, нэршил, эмгэг үйл явц, эмгэг байдал, эмгэг жам, зүйл, тоо зэрэгт тулгуурлан тодорхой өгүүлж, өвчний бие даасан ангиллыг зохиосон байдаг.

Эдгээрийн дотроос:

Гэм ялгасан 101

Эрхэмээр ялгасан 101

Язгуураас ялгасан 101

Орноор ялгасан 101 гэсэн өвчний ангилал[3] өргөн тархсан бөгөөд нэгд нь 4-ийг барилдуулж 404, үүнийг 4-өөр барилдуулж 1616 болгодог. Үүнээс анагаах орон бус бусдын эрхэт орны үйлийн өвчин 404-ийг хасвал 1212 өвчин болно.

Энэхүү 1212 өвчнөөс бүхнээ нэрийдсэн 404, хуумгай үзэгдлийн 404, нийлээд 808-ыг хасаад үлдсэн нь огоот бүтсэн 404 болно.

Гэмээр ялгасан 101–ийг огоот бүтсэн насны өвчин гэдэг.

Ингэж зүйл, тоогоор ялгасан ч 3 гэмд эс хурсан өвчин гэж үгүй юм. Бадган, хийн гэмээс үүссэн бүх өвчин хүйтэн, цус, шарын гэмээс үүссэн бүх өвчин халуун байдаг тул товчлон ангилвал өвчин бүгдийг халуун, хүйтэнд хураан авч үздэг.[4]

Гэхдээ энэ удаад толилуулж буй зонхилон тохиолдох өвчний ангиллыг хамгийн өргөн хэрэглэдэг арван  таван ахуй үес, түүнийг дэлгэрүүлсэн ангиллыг гол үндэс болгон боловсруулах нь нэн чухал юм.

Ангиллын зорилго

Зонхилон тохиолдох өвчний ангилал нь уламжлалт анагаах ухааны практикт зонхилон тохиолддог өвчний тоо,  мэдээллийг бүртгэх, цэгцтэй тайлагнах, дүн шинжилгээ хийх, оновчтой тайлбарлах, харьцуулах, оношийн бүлгээр санхүүжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн тусламжийн чанарыг сайжруулахад оршино.

Түүнчлэн энэхүү ангилал нь өвчний түүхийн бичлэгийг оновчтой болгох, бичгээр илэрхийлсэн оношийг үсэг, тоогоор илэрхийлэн кодонд шилжүүлж мэдээллийг хадгалах, эрж олоход дөхөм, ойлгоход хялбар болгоно.  

Ач холбогдол

Өвчнийг оношилохдоо юуны түрүүнд өвчний зүйл ангиллын дагуу ямар өвчин болохыг шинжлэн тогтоож улмаар өвчний язгуур шалтгаан, үндсийг  танин мэднэ. Тухайлбал: адил бус олон өвчний язгуур дотроос чухам ямар өвчин мөн болохыг бусад өвчнөөс ялган нарийн тогтоох боломжтой болно. 

Хий, шар, бадган нь дангаараа өөрийн үндэст, хавсарч хурснаар бусдын үндэст өвчин болдог. Өөрийн үндэст өвчнийг гол, бусдын үндэст өвчнийг гол бус өвчин гэнэ. Өөрийн үндэст өвчин эхэлж, бусдын үндэст өвчин хожим нэмэлтээр үүсдгийг ялган танина. 


 

Ном зүй

Болд Ш. Монгол уламжлалт анагаах ухааны түүх. УБ, 2006
Болд Ш. Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийг эх сурвалжийн судалгаагаар тодруулах нь. Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг горилсон нэгэн сэдэвт зохиол. УБ, 2005

Анагаах ухааны дөрвөн үндэс. Модон барын төвд судар
Болд Ш., Уянга Ё., Дагданбазар Б. Монголын уламжлалт анагаах ухааны алдарт эмч, эрдэмтэн сүмбэ хамба Ишбалжирийн анагаах ухааны зохиол бүтээлийн тойм. Эрүүл энх, 1999, № 3
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1601
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК