Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (58) 2013 N03(058)
“ЭМ ЗАСЛЫН САРАН ХААН” ЗОХИОЛЫН ЗОХИОГЧИЙН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ НЬ
( Судалгааны өгүүлэл )

 Г.Уянга1,

 Ш.Болд2, Ж.Баттуул3

1,2”Ач”АУДС, 3УНТЭ

 
Абстракт

It has not been identified that who and when wrote the Sman dpyad zla ba’i rgyal po or Sanskrit title: Somarajabhai sajyasadhana yet. Some scholars from Inner Mongolia, China conducted some research in this regard. The book starts with a phrase “Bow to Manzushir, Bow to teacher Nagarjunai” and ends with a phrase “Directive from Manzushir to four arsh and teaching from Nagarjunai… Hashang Mayayana and Vairocana translated a letter presented by Beji Hanga Mahaan of China during King Khri srong Ide btsan’s time”. Other books such as “Biography of the Elder and Younger Yuotog Yondon Gompo” in Tibetan, 17th century and Biography of the Tibetan Doctors by Tibetan researcher Jambaprinlei mentioned “Sman dpyad zla ba’i rgyal po written by Nagarjunai”. Also academician Ts.Haidaw noted about a person named Manzushira who was close disciple of Buddha. He wrote that “There is an interesting book named Sman dpyad zla ba’i rgyal po written by him. The book was translated into Sanskrit in India”.  

Before bdud rtsi snying po yan lag brgyad pa gsang ba man ngag gi rgyud an ancient Indian was written, it was written in northern Utai five mountain in China pursuant to hutugt Manzushir’s teaching in Nagarjunai’s presentation”.  Sman dpyad zla ba’i rgyal po is Nagarjunai’s work written around 2nd century AD by Nagarjunai based on records from the books such as Dpa ldan gso ba rig pa’i khog ‘bugs legs bshad be d'ur ya’i me long drang srong dgyes pa’i dga’ ston written by Desrid Sanjaajamts. We agree with B. Jigmed as Desrid Sanjaajamts’s books Dpa ldan gso ba rig pa’i khog ‘bugs legs bshad be d'ur ya’i me long drang srong dgyes pa’i dga’ ston and Biography of the Elder and Younger Yuotog Yondon Gompo” and final phrases in one of them as well as Tibetan researcher Jambaprinlei’s books conveyed convincing facts that Nagarjunai wrote Sman dpyad zla ba’i rgyal po, the well known book, in the 2nd century AD inspired by teachings of Manzushir.

Монголын анагаах ухааны түүх, эх зохиолын эрдэм судлалын ажлын нэг үндсэн чиглэл бол хүн зоноос өвчин эмгэгтэй тэмцэж  ирсэн мэдлэг, ухааны гол тулгуур ойлголтууд, хөгжлийн жам ёс, үе шат, эмч, эрдэмтдийн зохиол, бүтээлийг судлан тогтоох асуудал юм. Энэ чиглэлд зайлшгүй судлагдах бүтээлийн нэг нь “Сомараза” (Somarazha) буюу "Эм заслын саран хаан" хэмээх анагаах ухааны зохиол юм.

“Эм заслын саран хаан" зохиол нь эртний Энэтхэгийн “Аюурвед”-ийн анагаах ухаан, Хятад, Төвөд, Монгол анагаах ухаан зэрэг дорно дахины олон үндэстний эм, эмнэлгийн онол, туршлагыг дүгнэн хураангуйлсан анхны сонгодог зохиол гэж үздэг.  Нөгөө талаар ”Эм заслын саран хаан”-ын зохиогч болоод зохиогдсон он цагийг өнөөг хүртэл яг, таг тогтоож чадаагүй байна. Уг зохиолын эхэнд Хутагт Манзуширт мөргөмөй, Багш Лүдэвнинбу (Нагаржунай)-д мөргөмөй хэмээдэг. Номын төгсгөлд ”Хутагт Манзушираас дөрвөн аршид тушаах хийгээд багш Нагаржунайн номлосон нь гээд хувилгаан Дисрондэзан хааны үед Хятадын Бэжи Ханга Махаан өргөсөн бичмэл айлтгалыг Хошан Махаяна болон Бэрозана орчуулав” гэжээ. Лхүндэвдашийн “Их Ютог Ёндонгомбоын цадиг”-т “Хутагт Нагаржунайн зохиосон шашдир Сомараза”, Төвөдийн судлаач Жамбапринлэйн зохиосон ”Цастын орны анагаах ухааныг үзүүлэн, нарны зэргэмжээр залрагсадын цадигийг зүглүүлсэн найруулага” (2000) номонд ”Нагаржунайн зохиосон Сомараза”[1] хэмээн тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээ академич Ц.Хайдав буддын шадар шавь Манзушира гэдэг хүн байсан тухай дурдсан билээ. Түүний зохиол гэж алдаршсан “Сомаранза” хэмээх нэгэн сонирхолтой ном бий. Энэ ном их дээр үед Энэтхэгт санскрид хэлээр орчуулагдсан байна (1975) гэжээ[2].  Өвөр Монголын эмч, судлаачид Үжин Чан нар (1985), Намжил (1986), Чэн Мөрөн, Жин Лиян нар (2001)  ”Саран хаан”-ыг Хутагт Манзушир, Нагаржунай хоёр зохиосон бололцоо тун бага ялангуяа Манзушир, Нагаржунай хоёр хамтдаа ”Саран хаан”-ыг зохиосон боломж байхгүй харин олон хүн хамтран зохиожээ гэж үзэх нь түүхийн жам ёстой нийцэх байна”[3] хэмээн өгүүлжээ.

Эртний (бараг нийтийн он тооллоос өмнө зуугаад оны үе) Энэтхэгийн ”Рашааны зүрхэн найман гишүүнт нууц увдис” хэмээх ном зохиогдохын урьд хожид Хятадын умард ”Утай” таван ууланд Лүдэвнинбуйн айлтгалд хутагт Манзуширийн номлосон ёсоор зохиогдов (Жин Чэн нар 1984). 

Дэсрид Санжаажамцын “Хог бүг”,  “Их, бага Ютог Ёндонгомбын цадиг”  зэрэг номуудад дурдсан мэдээг үндэслэн Б.Жигмэд Нагаржунайн зохиол гэж үзээд Нагаржунайн төрсөн он тооллоор нь баримжаалан МЭ II зууны үед зохиогдсон гэж тодорхойлсон байна[4]. Дэсрид Санжаажамцын “Хог бүг”,  “Их, бага Ютог Ёндонгомбын цадиг”, уг зохиолын төгсгөлийн үг, Төвөдийн судлаач Жамбапринлэйн номуудыг үндэслэн эрдэмтэн Б.Жигмэдтэй санал нэг байгаа бөгөөд хутагт Манзуширын наран мэт биеийн сүр гэрлээр эвэршээл, эмгэгийг арилган, саран мэт гийгүүлэгч гэрлээр өвчин нугуудыг арилган номлосон сургаалыг үндэслэн хутагт Нагаржунай МЭ II зуунд ”Эм заслын саран хаан” гэж нийтэд алдаршсан бүтээлийг зохиожээ гэж үзэх үндэстэй. 

Энэ нь Энэтхэгийн эртний Аюурведийн анагаах ухааны одон зурхайн таван махбодын онол, хий, шар, бадганы онол, Хятад анагаах ухааны хар зурхайн таван махбодын онол, судал барих арга гэх мэт тухайн үеийн Дорно дахины орнуудын оношлогоо, эмчилгээний шилдэг аргуудыг нэгтгэн бичсэн байдлаас үндэслэн дүгнэсэн болов уу.

”Эм заслын саран хаан” нийт 112 бүлэгтэй бие үүсэх шалтгаан, яс, биеийн хэмжээ, өвчний үүсэлт, чухал оньс, өвчнийг хэрхэн танин барих түүний бэлгэ чанарууд, хэрхэн эмнэн засах зэргийг товч тодорхой гаргасан, ойлгоход төдийлөн бэрх үгүй, тарни заслын аргыг олонтоо дурдсан өвөрмөц онцлогтой, онолын зарим ойлголт нь ”Анагаах ухааны дөрвөн үндэс”-ээс илүү гүнзгий агуулгатай байдаг.

 

 

Ном зүй

1 Жамбапринлэй. Цастын орны анагаах ухааныг номлогчдын наран, зэргэмжээр залрагсдын намтар, бүтээлийн найруулал. Ардын хэвлэлийн хороо. 2000
2 Хайдав Ц. Дорно дахины анагаах ухааны судар бичгийн тойм. УБ, ШУА-ын хэвлэх үйлдвэр, 1975
3 Болд Ш. Монголын уламжлалт анагаах ухааны түүх. тойм, УБ, 2005
4 Жигмэд Б. Монгол анагаах ухааны түүх, ӨМ, ШУТМХэвлэлийн хороо, 2002
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 564
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК