Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 1(32)
Хүүхдийн энтеровирүст халдвар (Коксаки ба ЕСНО)
( )

О.Самодова, Л.Титова

ОХУ, Архангельск, Хойд мужийн Анагаах Ухааны их сургууль

 

Энтеровирүст халдварт (ЭВХ) олон янзын эмнэлзүйн шинж тэмдэгээр илэрдэг, хоорондоо ялгаатай энтеровирүсүүдээр үүсгэгдсэн бүлэг өвчнийг хамааруулан үздэг. Олон оронд ЭВХ-ын дэгдэлт болон өвчлөл нэмэгдэх тохиолдол байнга бүртгэгддэг нь уг халдвар дэлхий дахинаа өргөн тархсан гэдгийг харуулж байна. Тухайлбал Хятад, Франц, Япон, АНУ, Испани, Герман, Тайван болон бусад орнуудад ЭВХын дэгдэлт тохиолдож байжээ (Е. Кишкурно, 2007). ОХУ-ын янз бүрийн мужид ЭВХ-ын улирлын чанартай өвчлөл ихсэх тохиолдол бүртгэгдсээр байна.

Орчин үед хүнд өвчин эмгэг үүсгэдэг энтеровирүсүүдийн тухай маш олон тооны мэдээлэл байдаг. Энтеровирүсүүд нь хаа сайгүй тархсан учраас эмнэлзүйн илрэл болон хүндийн зэргээрээ хоорондоо ялгаатай олон янзын өвчний шалтгаан болдог.Эрдэмтдийн судалгаагаар энтеровирүсийн халдварт өртсөн хүүхдүүд чихрийн шижингийн 1-р хэлбэрээр өвдөх эрсдэл өндөртэй байдгийг тодорхойлжээ (Rewers, Atkinson, 1995; Yoon,1990; Craighead et al., 1990). Хүүхэд гэнэт нас барах тохиолдолыг энтеровирүсийн төрөлхийн халдвартай холбон үздэг. Англи болон Хятадын хэсэг судлаачид зүрхний хиймэл хавхлагтай хэрх өвчнөөр өвдсөн өвчтөний зүрхний хавхлагийн эдийн дотор энтеровирүс өсөж үрждэг болохыг тогтоосон байна. Иймээс энтеровирүс нь зүрхний хэрх өвчний нэг шалтгаан нь байж болзошгүй хэмээн үздэг. Ийнхүү ЭВХ-ын тухай асуудал судлагдсаар байгаа билээ.

Үүсгэгч

Энтеровирүс гэдэг нэр нь уг вирүс ходоодгэдсэнд амьдарч үрждэгтэй холбоотой бий болжээ. Вирүсийг удмын шинж төрхөөр ангилсан (Вирүсийн таксономын олон улсын холбоо, 2003) сүүлийн үеийн ангилалаар энтеровирүсийн төрөлд багтах халдварт саагийн бус хүний энтеровирүсийн А,B,C,D гэсэн 4 төрөл зүйл нь Picornaviridae-ийн (pico – жижиг rnа – РНХ агуулсан) бүлд хамаарагддаг. Энтеровирүсийн дээрх 4 төрөл зүйл тус бүр нь дотроо хэд хэдэн серотипэд хуваагдана [хүснэгт 1]. Энтеровирүс нь полипротеин кодолсон нэг гогцоот 11 төрлийн уураг бүхий РНХ агуулдаг байна (Т. Харрисон, 2005). Dalldorf болон Sickles нар 1940 онд хулганы гөлчгийнд энтеровирүсийг анх илрүүлжээ. Коксаки вирүсийг АНУ-ын Коксаки хотын өвчтөнөөс, ЕСНО вирүсийг 1958 онд эрүүл хүмүүсээс ялгасан бөгөөд ЕСНО вирүсийг Enteric cytopathogenic human orphan буюу хүний гэдэсний эсэд эмгэг үүсгэгч өнчин вирүс гэдэг. Энэ вирүс одоо болтол бүрэн судлагдаагүй байна (Ramos- Alvarez, Sabin, 1954).

Энтеровирүс нь хүчиллэг орчинд, тухайлбал ходоодны хүчил болон энгийн  халдваргүйжүүлэгч бодист (этанол, угаалгын бодис) тэсвэртэй, өрөөний хэмд хэдэн хоногоор амьдрах чадвартай бөгөөд усанд удаан хугацаагаар (ус дамжуулах хоолойн усанд 18 хоног хүртэл, урсгал усны тунадасанд 160 хоног) хадгалагддаг.

Тархвар судлалын төрх

Энтеровирүс нь өргөн тархсан вирүс (Krugman’s Infectious Diseases of Children, 2003). Халдварын эх уурхай нь өвчтэй хүн болон вирүс тээгч. ЭВХ-ын тархалтанд эрүүл вирүс тээгч гол үүрэгтэй. Өвчтэй хүн өвчний нууц үеийн төгсгөл болон эхэн үед буюу вирүс өтгөн, ам-залгиурын шүүрэлд агуулагдаж байгаа үед илүү халдвартай байна. ЭВХ-ын дамжих механизм нь өтгөн-мөр боловч аэрозолын болон эхээс урагт буюу вертикаль механизмаар дамжих боломжтой. Халдвар дамжих үндсэн зам нь ус бөгөөд хоол хүнс, ахуйн-хавьтал, агаар-дусал, эхсээр дамжин тархаж болно (Modlin, 1994). Коксаки А 21 вирүс ихэвчлэн агаар дуслын замаар дамжин тархдаг (Couch et al., 1970). Ус, хүнсний бүтээгдэхүүн болон ахуйн хэрэгсэлийг халдвар дамжуулах хүчин зүйлсэд тооцдог (Melnick, 1996). Өвчтэй хүний 1г өтгөнд 107-108 эмгэг төрүүлэгч энтеровирүс агуулагддаг байна. Энтеровирүс нь урсгал усаар дамжин усан санд орж удаан хугацаанд хадгалагдах үедээ тодорхой орон зайд тархаж ус бэлтгэлийн саадыг даван усан хангамжийн газраас ус түгээх сүлжээнд орсоноор халдвар тархах боломж үүснэ. Цус юүлэх болон шавьжинд хазуулах үед халдвар дамждаг тухай одоо хүртэл тэмдэглэгдээгүй байна. Нярай хүүхдийн тасагт Коксаки болон ЕСНО вирүсээр үүсгэгдсэн эмнэлэгээс шалтгаалах халдварын дэгдэлт тохиолдож байжээ (Т.Харрисон, 2005). Коксаки болон ЕСНО вирүсийн халдварт хүүхдүүд их өртөмтгий бөгөөд 3-10 насны хүүдүүд илүүтэй өвддөг (Morens, Pallancsh, 1995). АНУ-д нийгэм-эдийн засгийн түвшин доогуур гэр бүлийн хүүхдүүдийн дунд өвчлөл илүү бүртгэгдэж байжээ (Honig et al.,1956).

Сэрүүн уур амьсгалтай оронд ЭВХ ихэвчлэн зун болон намрын улирлад тохиолдоход халуун оронд ЭВХ-ын өвчлөл улирлаас хамаардаггүй.

Эмгэг жам, дархлал тогтоц

Энтеровирүс биед ороод ходоод-гэдэс, амьсгалын замын салст бүрхүүлд өсөж үржиж эхэлдэг. Цааш нь ойр орчмын тунгалагийн зангилаагаар дамжин цусаар тархахдаа (анх удаа цус вирүсжих) ретикулоэндотелийн тогтолцоонд өсөж үржинэ. Тэндээсээ дахин цусанд орж (хоёрдох удагаа цус вирүсжих) бусад эд эрхтэнд тархан эмнэлзүйн илрэл бүхий өвчинг үүсгэнэ. Вирүс нь булчингийн эд болон төв мэдрэлийн тогтолцоонд сонгомолоор үйлчлэхийн зэрэгцээ бусад эрхтэнг гэмтээж, мөн биед удаан хугацаанд хадгалагдаж архаг халдварын шалтгаан болно. Тухайлбал В эсийн дархлааны дуталтай өвчтөнд Коксаки В вирүсийн халдварын архаг хэлбэр удаан хугацааны энцефалит, зүрхний булчингийн үрэвсэл, элэгний үрэвсэлээр илэрч байжээ (McKinney et al.,1987, Kew et al., 1998).

ЭВХ-ын нууц үе долоо хоног орчим үргэжлэх ба 3-5 хоног хүртэл богиносч болно (Horstmann, Paul,1947).

Ийлдсийн эсрэг бие болон ходоод-гэдэсний шүүрлийн эсрэгбие нь ЭВХ-аас хамгаалах гол үүргийг гүйцэтгэдэг. ЭВХ-ын үед үүссэн өвөрмөц иммуноглобулин М (IgM) хагас жил орчим, IgG нь насан туршид хадгалагдана. Хөхний сүүний өвөрмөц IgА нь хөхөөр хооллодог хүүхдүүдийг ЭВХ-аас хамгаалдаг. Өвөрмөц саармагжуулагч эсрэгбие нь тухайн серотипийн эсрэг насан туршийн дархлааг тогтоох боловч бусад шинж тэмдэггүй хэлбэрийн халдлвараас сэргийлж чаддаггүй.

Ангилал

ЭВХ-ыг хэлбэр, хүндийн зэрэг, явцаар нь дараахь байдлаар ангилна. Үүнд:

1. Эмнэлзүйн хэлбэрээр нь:

1.1. хэвшинжит (типичная форма)

1.2. хэвшинжит бус (атипичная форма): балархай ба далд хэлбэр: Ихэвчлэн халдварын голомтонд хөнгөн илэрдэг.

2. Хүндийн зэргээр нь: хөнгөн, дунд, хүнд. Хөнгөн хүндийг нь хордлогын болон тухайн эмнэлзүйн хэлбэрийн шинж тэмдгийн илрэх эрчмээр тооцно.

3.Явцаар нь: цочмог, ужиг, архаг.

4. Эмнэлзүйн хэлбэрүүд: шүүдэст менингит, халдварт булчингийн өвдөлт (эпидемическая

миалгия), гүйлсэн булчирхайн цэврүүт цочмог үрэвсэл (герпетическая ангина ), саажилтат хэлбэр, халууралтын хэлбэр, энтеровирүсийн арьсны тууралтат хэлбэр, зүрхний булчингийн үрэвсэл, нярайд тохиолддог энцефаломиокардит, нүдний солонгон бүрхүүлийн үрэвсэл (увеит) болон бусад хэмээн тус тус ангилдаг.

Эмнэлзүйн ангилал

Энтеровирүс нь олон эрхтэн тогтолцоог гэмтээдэг учраас эмнэлзүйн хувьд олон хэлбэрээр илэрдэг. Тухайлбал нэг төрөл зүйлийн энтеровирүсийн халдвар эмнэлзүйн хамшинжийн олон хэлбэрээр илэрч байхад олон төрөл зүйлийн энтеровирүс эмнэлзүйн нэг хэлбэрээр илрэх жишээтэй.

ЭВХ-ын үеийн эмнэлзүйн хэлбэрүүд:

Коксаки А вирүс:

Шүүдэст менингит (серотип: 2, 3, 4, 6, 7, 9, 10)

Гүйлсэн булчирхайн цэврүүт цочмог үрэвсэл (серотип: 2, 3, 4, 5, 6, 8, 10)

Залгиурын цочмог үрэвсэл (серотип: 10, 21)

Саажилт, ховор тохиолдолд (серотип: 1, 2, 5, 7, 8, 9, 21)

Арьсны тууралт (серотип: 4, 5, 6, 9, 16)

Амны хөндий болон мөчний тууралт (серотип: 5, 6)

Нярайн хатгаа ( серотип: 9, 16)

Халдвартай хамрын ханиад (серотип: 21, 24)

Элэгний үрэвсэл буюу хепатит (серотип: 4, 9, 20)

Нярай болон бага насны хүүхдийн суулгалт (серотип: 18,20, 21, 22, 24)

Нүдний салст бүрхүүлийн цочмог цусархаг үрэвсэл (Коксаки А вирүсийн 24 төрөл)

Коксаки В вирүс:

Уушигны гялтангийн эмгэг (серотип: 1-5)

Шүүдэст менингит (серотип: 1-6)

Саажилт, ховор тохиолдол (серотип: 2-5)

Нярайн хүнд хэлбэрийн системийн халдвар, менингоэнцефалит болон миокардит (серотип 1-5)

Зүрхний үнхэлцгэн хальсны үрэвсэл, зүрхний булчингийн үрэвсэл (серотип: 1-5)

Амьсгалын дээд замын өвчнүүд болон хатгаа (серотип: 2-5)

Тууралт (серотип 5)

Элэгний үрэвсэл (серотип 5)

Халууралт (серотип 1-6)

ЕСНО вирүс:

Шүүдэст менингит (12, 24, 26, 29, 33, 34-өөс бусад бүх серотип )

Саажилт (серотип: 2, 4, 6, 9, 11, 30, мөн 1, 7, 13, 14, 16, 18, 31 байж болно)

Энцефалит, атакси, Гийен-Баррын хамшинж (серотип: 2, 6, 9, 19, мөн 3, 4, 7, 11, 14, 18, 22 байж болно)

Амьсгалын замын өвчнүүд (серотип: 4, 9, 11, 20, 25, мөн 1, 2, 3, 6, 7, 8, 16, 19, 22 байж болно)

Суулгалт (өвчтөнөөсвирүсийн олон серотиийг илрүүлж байсан боловч суулгалтын шалтгаан болсон гэдгийг баталж чадаагүй)

Халдварт булчингийн өвдөлт (серотип: 1, 6, 9)

Зүрхний үнхэлцгэн хальсны үрэвсэл, зүрхний булчингийн үрэвсэл (серотип: 1, 6, 9, 19)

Элэгний үхжил бүхий нярайн хүнд хэлбэрийн системийн өвчин (серотип 11)

Элэгний үрэвсэл (серотип: 4, 9)

Нүдний солонгон бүрхүүлийн цочмог үрэвсэл (серотип 11, 19)

Энтеровирүс 68-71 ба 73

Хатгаа (серотип: 68)

Нүдний салст бүрхүүлийн цочмог цусархаг үрэвсэл (серотип 70)

Саажилт (серотип: 70 ба 71)

Асептик менингит болон менингоэнцефалит (серотип: 70 ба 71)

Амны хөндийн болон мөчний тууралт (серотип: 71)

Татах шинжтэй хавсарсан халууралт (серотип: 73)

Үхлээр төгсдөг уушигны хаван (серотип:71)

Эмнэлзүйн төрх

Шүүдэст менингит: нь ЭВХ-ын элбэг тохиолддог эмнэлзүйн хэлбэр бөгөөд алаг цоог болон тахалт дэгдэлт хэлбэрээр бүртгэгддэг. Энтеровирүсийн дийлэнх серотип, түүний дотор ЕСНО болон Коксаки В бүлгийн вирүс шүүдэст менингитийг давамгайлан үүсгэдэг (Berlin et al., 1993). Өвчин гэнэт, цочмог, 38-40 хэм хүртэл халуурч эхэлнэ. Халууралт тогтмол өндөр хэмжээнд үргэлжлэхийн хамт тархины бүрхүүлийн үрэвслийн ерөнхий хам шинж, менингитийн шинжүүд илэрнэ. Толгой маш хүчтэй өвдөж, олон удаах бөөлжиж, заримдаа ухаан алдах, татах шинжүүд ажиглагддаг. Дагзны булчин хөших, Керниг, Брудзинскийн зэрэг менингитийн шинжүүд харьцангуй эрт илэрдэг онцлогтой. Зарим тохиолдолд дагзны булчин хөших шинж тод байхад Кернигийн шинж сул эсвэл эсрэгээрээ байх жишээтэй. Халуурах болон менингитийн шинжүүд 3-7 хоног орчим үргэжлэх ба заримдаа менингитийн шинж илэрч эхлэхэд халуун дахин нэмэгдэж хоёр долгионт халууралтын хэлбэр ажиглагддаг. Оношлогооны зорилгоор нугасанд хатгалт хийхэд нугасны шингэн даралттай, тунгалаг, эсвэл бага зэрэг цайвардуу гарч, эсийн тоо 1мм3 –д 200-500 хүртэл ихсэж түүний дотор эхний үед нейтрофил, нэг хоногийн дараа лимфоцит буюу тунгалаг эс давамгайлж (Amir et al., 1991; Feigin, Shackelford, 1973), уураг, сахар, хлоридын хэмжээ хэвийн байна. Өвчин эхэлсэнээс хойш 3 долоо хоногийн дараа нугасны шингэн хэвийн болно.

Шүүдэст менингитээр өвдөснөөс хойш 2-3 сарын хугацаанд толгой үе үе өвдөх, удаан хугацаанд субфебрил халуурах, үе үе бөөлжих, ядрах болон мэдрэл сульдлын шинжүүд үргэлжлэн ажиглагдах талтай.

Гүйлсэн булчирхайн цэврүүт үрэвсэл (герпетическая ангина) болон энтеровирүсийн шалтгаант залгиурын цэврүүт үрэвсэл (энтеровирусный везикулярный фарингит): нь ихэвчлэн Коксаки А вирүсээр үүсгэгддэг. Өвчин цочмогоор өндөр халуурч эхлэх ба дунджаар 1-5 хоног халуурна. Хордлогын шинж дунд зэрэг илэрдэг. Ам болон залгиурын салст бүрхүүл улайж, голдуу зөөлөн тагнай, гүйлсэн булчирхайнд 5-6-аас 30 хүртэл тооны цайвар-саарал өнгийн жижиг гүвдрүү гарч дараа нь цэврүүтэж, цэврүү хагарч эргэн тойрон улаан хүрээтэй шарх болдог. Шарх нь 3-4 мм хүртэл томорч, 4-6 хоногийн дараа эдгэрч эхэлнэ. Энэ үед хоол унд идэж уух, шүлс залгихад хоолой хөндүүрлэж өвдөх, эргэн тойрны тунгалагийн булчирхай томрох шинжүүд илэрдэг. Өвчин дахих нь ховор.

Коксаки А 10 вирүс нь голдуу залгиурын тунгалагийн булчирхайны үрэвслийг үүсгэдэг. Энэ үед залгиурын арын хананд улаан хүрээтэй цагаан, эсвэл шаргал өнгийн зангилаа үүсдэг.  

Халдварт булчингийн өвдөлт (эпидемическая миалгия) – Борнхольмын өвчин: нь дийлэнхдээ Коксаки В вирүсийн 1-6 серотип, цөөхөн тохиолдолд Коксаки А вирүсийн шалтгаантай. Эмнэлзүйн хувьд хордлогын болон өвдөлтийн гэсэн 2 бүлэг хамшинж илэрдэг. Өвчин цочмогоор 39-40 хэм хүртэл халуурах, жихүүцэх, толгой өвдөх, бие сульдах,  дотор муухайрах зэрэг хордлогын шинжээр эхэлнэ. Булчингаар гэнэт хүчтэй өвдөж эхлэн цаашид амьсгал авах, биеэ хөдөлгөхөд өвдөлт нэмэгддэг. Булчингийн өвдөлтийн приступ 30-40 секундээс 15-30 минут хүртэл үргэлжлэх ба дунджаар 1-3 хоногийн турш илэрнэ. Өвдөлтийн байрлалаас хамааруулан өвчнийг 3 хэлбэрт хувааж үздэг. Үүнд:

1. Цээж-хэнхэрцгийн (торакальный) өвдөлтийн хэлбэр: Хавирга хоорондын, өрцний булчин үрэвсснээс цээжээр өвддөг.

2 Хэвлийн хэлбэр: Аюулхай, хүйс, заримдаа хэвлийн доод хэсгээр өвдөнө.

3. Мөчний хэлбэр зэрэг болно.

Энтеровирүсийн шалтгаант халууралт: буюу зуны ханиад нь энтеровирүсийн Коксаки А болон В вирүсийн бүх серотип, заримдаа ЕСНО вирүсийн шалтгаантай, элбэг тохиолддог эмнэлзүйн хэлбэр юм. Өвчин цочмог эхлэн 38,5-40 хэм хүртэл халуурч бага зэрэг хордлогын шинж ажиглагдана. Халууралт 2 үе шаттай явагдаж, хэвлийгээр өвдөх, булчингаар өвдөх, нүдний салст бүрхүүл үрэвсэх хүзүүний тунгалагийн булчирхай цочих шинжүүд илэрнэ. Өвчин дунджаар 3-4 хоног үргэлжилдэг. Заримдаа зөвхөн халуурах шинж ажиглагдах талтай. Этеровирүсийн шалтгаант халууралт нь зуны улирлад тохиолддогоороо намар, өвлийн улирлын амьсгалын замын вирүсийн шалтгаант цочмог халдвараас ялгаатай. Энтеровирүсийн шалтгаант арьсны тууралтыг Бостоны болон халдварт тууралт гэж нэрлэх ба ЕСНО болон Коксаки А вирүсийн халдварын үед тохиолддог. Ихэвчлэн нэг хүртэлх насны хүүхдүүдэд арьсанд тууралт гарах, хордлогын болон халуурах шинжээр илэрдэг. Өвчин цочмогоор эхэлж халуурах, толгой өвдөх, хоол идэх дур сонирхол буурах шинжүүд ажиглагдана. Халууралт 1-8 хоног үргэжлэх ба халууралтын оргил үед, эсвэл халууралт намдахын хамт арьсан дээр улаан эсэргэнэ төст жижиг улаан цэгэн, эсвэл толбот гүвдрүүт, заримдаа цусархаг тууралт гарна. Тууралт нь арьсны хэвийн өнгөн дээр улаан ягаан өнгөтэй харагдах ба ихэвчлэн нүүр, их бие заримдаа мөчөөр туурч, 1-2 хоногийн дараа гуужихгүйгээр, нөсөөжихгүйгээр арилна. ЕСНО вирүсийн серотип 9 ээр үүсгэгдсэн өвчний үед улаанууд төст тууралт ажиглагддаг бол серотип 16 нь гэр бүлийн гишүүдийг өвчлүүлж гэнэт туурах байдлаар илэрдэг (Т. Харрисон, 2005).  Вирүсийн шалтгаант амны хөндий болон мөчний цэврүү – шүлхий төст хамшинж: Энтеровирүсийн тууралтат хэлбэрийн нэг. Цэврүү нь амны хөндийн салст бүрхүүл, гарын сарвуу, хөлөөр туурдаг учраас ”Гар, хөл, амны өвчин” гэж нэрлэсэн. Коксаки А (серотип 5, 10,16) болон энтеровирүс 71 нь энэ өвчнийг үүсгэдэг. Халуурах болон хордлогын шинж илрэхийн зэрэгцээ гарын сарвуу, хөлөнд 1-3 мм хэмжээтэй, улаан хүрээтэй цэврүү туурна. Амны хөндий, ялангуяа завьжинд туурсан цэврүү нь амархан хагарч шархалдаг. Өвчтөний гуравны нэгд нь тагнай, хэл, зөөлөн тагнайд, мөн гуравны нэгд нь өгзгөөр туурдаг. Тууралт долоо хоногийн дараа арилна.

Нярайн тархмал халдвар (нярайн энцефаломиокардит): нь ЭВХ-ын хүнд хэлбэр ба ихэвчлэн долоо хоногтой нярай болон 3 сар хүртэлх насны хүүхдүүд өвддөг. ЕСНО болон Коксаки В бүлгийн вирүсийн шалтгаант халдвар нярай хүүхдэд халуурах, тайван бус байдал унтамхайрах шинжээр солигдох зэрэг байдлаар нянгийн шалтгаант үжилтэй төстэй шинжээр илэрдэг (Talsma et al., 1984). Мөн зүрхний булчингийн үрэвсэл, артерийн даралт багасах, хүнд хэлбэрийн элэгний үрэвсэл, судсан дотор цус түгэн бүлэгнэх хамшинж (ДВС-синдром), менингит, менингоэнцефалит, хатгаа тохиолддог (Krugman’s Infectious Diseases of Children, 2003). Энэ үед эд эрхтэн үрэвсэхээс гадна тэнд үхжил үүссэнээс өвчин маш хүнд явагдаж өвчний эхний цагуудад нас барах нь элбэг. Нас баралтын үндсэн шалтгаан коллапс буюу артерийн даралт гэнэт унах явдал бөгөөд өвдсөн нярайн 70-80% нь нас бардаг.

Саажилттай хэлбэр (нугасны, халдварт саа төст): - ийг энтеровирүсийн янз бүрийн серотип үүсгэдэг бөгөөд 80% нь 3 хүртэлх насны хүүхдэд тохиолддог. Өвчин халдварт саагийн нугасны хэлбэртэй төстэй сул саагаар илэрдэг. Биеийн халуун хэвийн, эсвэл бага зэрэг халуурахын зэрэгцээ хүүхдэд хөл сулрах, хазганаж явах, өвдөгөөр нугаларх, тавхай унжих шинжүүд ажиглагдана. Эхэн үед шөрмөсний рефлекс хүчтэй болж дараа нь суларна. 2-4 долоо хоногийн дараа нийт тохиолдолын 90% -д нь гэмтсэн эрхтэний үйл ажиллагаа сэргэж эхэлнэ. ЭВХ-ын саажилттай хэлбэрийг эмнэлзүйн шинжээр нь халдварт саагаар ялган оношлох боломжгүй байдаг (Н. Скрипченко, 2007).

Онош

ЭВХ-ын алаг цоог тохиолдолыг оношлоход түвэгтэй, харин гүйлсэн булчирхайн цэврүүт үрэвсэл, халдварт булчингийн өвдөлт, нярайн энцефаломиокардит зэрэг эмнэлзүйн өвөрмөц шинж тэмдэгээр илэрдэг хэлбэрүүдийн үед энтеровирүсийн халдварыг сэжиглэх боломжтой. Ингэхдээ зун-намрын улирал болон хавьтлын тухай анхааран үзнэ.

Эсийн өсгөвөр болон амьтанд вирүсийг өсгөвөрлөж, мөн энтеровирүсийн РНХ-ийг ПГУаар тодорхойлсоны дүнд ЭВХ -ыг баталгаажуулж оношлоно. Вирүсийг өсгөвөрлөх арга нь цаг хугацаа ихээхэн шаарддаг бол ПГУ нь өндөр мэдрэгээс гадна богино хугацаанд хийгддэг. ПГУ-ын аргаар шүүдэст менингиттэй өвчтөний 66-86%-д нь энтеровирүсийг тодорхойлдог байна (Yerley et al., 1996; Pozo et al., 1998).

14 хоногийн зайтай 2 удаа авсан хос цусны ийлдсэнд саармагжуулах урвалаар тодорхойлсон эсрэгбиеийн таньц 4 дахин нэмэгдвэл энтеровирүсийн халдвар хэмээн оношлоно.

Түүнчлэн оношлогооны зорилгоор хамарзалгиурын шүүрэл, өтгөн, нугасны шингэн, цус, эдийг шинжилнэ.

Дараахь тохиолдолуудад ЭВХ-ыг лабораториор баталгаажсан хэмээн тооцдог. Үүнд:

1. Өвчтөний ариун материал болох нугасны шингэн, цусны сорьцонд энтеровирүс болон түүний РНХ-ийг илрүүлэх;

2. 14 хоногийн зайтай 2 удаа авсан хос цусны ийлдсэнд саармагжуулах урвалаар эсрэгбиеийг тодорхойлоход эсэргбиеийн таньц 4 дахин нэмэгдэх;

3. ЭВХ-ын дэгдэлтийн үед болон тухайн дэгдэлтэнд өвөрмөц эмнэлзүйн шинж тэмдэг бүхий өвчтөний ариун бус материал болох өтгөн, ам-хамарзалгиурын шүүрэлд энтеровирүс болон түүний РНХийг илрүүлэх;

4. ЭВХ-ын дэгдэлтийн бус үед, эсвэл вирүсийн серотип болон удамшилтай холбоотой эмнэлзүйн содон шинжээр илэрдэг, тухайлбал “гар хөл, амны өвчин”, гүйлсэн булчирхайн цэврүүт үрэвсэл, нүдний салст бүрхүүлийн цочмог цусархаг үрэвсэл, нүдний солонгон бүрхүүлийн үрэвсэл зэрэг эмнэлзүйн өвөрмөц хэлбэрээр өвдсөн өвчтөний ариун бус материалуудад энтеровирүс болон түүний РНХ-ийг илрүүлэх зэрэг болно.

Энтеровирүс ихээр тархсантай холбоотойгоор хүн амын дунд вирүс тээгч болох давтамж өндөр байдаг. Иймээс ЭВХ-ын тохиолдол алаг цоог бүртгэгдэж байгаа үед өвчтөний өтгөн, хамар болон ам-залгиурын шүүрэлд энтеровирүс болон түүний РНХ-г илрүүлсэн ч тухайн халдварыг лабораториор баталгаажууллаа хэмээн тооцдоггүй.

Эмчилгээ

Ихэнх тохиолдолд ЭВХ хөнгөн, эмчилгээ шаарддагүй хэлбэрээр илрэх тул (Krugman’s Infectious Diseases of Children, 2003) гэрээр эмчлэгддэг. Харин шүүдэст менингит, энцефалит, нярайн энцефаломиокардит, зүрхний булчингийн үрэвсэл, нүдний солонгон бүрхүүлийн үрэвсэл зэрэг эмнэлзүйн хүнд хэлбэрээр өвдсөн хүүхдүүд, эсвэл эмчийн байнгын хяналт хийж ялган оношлогоо шаарддаг “мезаденит” буюу чацархайн тунгалагийн булчирхайн үрэвсэлээр өвдсөн өвчтөнүүд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нь элбэг.

Үүсгэгчид чиглэсэн эмчилгээнд рекомбинант интерферон (виферон, реаферон), интерферониндуктор (амиксин, циклоферон), анаферон зэргийг хэрэглэдэг (Скрипченко, 2007). Өвчний эмнэлзүйн хэлбэр, хүндийн зэргээс хамаарч бусад эмчилгээг сонгон хийнэ. Тухайлбал, шүүдэст менингитийн үед эрүүл болтол хэвтрийн дэглэм сахих (нугасны шингэн хэвийн болох хүртэл), тархины хаван болон шээс хөөх (лазикс, диакарб), мэдэрлийн эсийн бодисын солилцоог сайжруулах- нейрометаболит (ноотропы, нейровитамин) зэрэг эмчилгээг хийнэ. Энцефаломиокардитаар өвчдсөн нярай хүүхдэд судсаар иммуноглобулин тарихаас гадна халуун бууруулах, булчингийн өвдөлт намдаах зэрэг эмчилгээг хийнэ. Амьсгалын аппаратаар амьсгалж байгаа болон идээт хүндрэлийн үед нянгийн эсрэг эмчилгээг хэрэглэнэ.

ЭВХ-ын хүнд болон хүндрэлгүй хэлбэр нь тавилан сайтай, харин амьсгалын дутал бүхий саажилттай хэлбэр, ялангуяа хожуу оношлогдоход нас барах талтай.

Халдвар хяналтын арга хэмжээ

1. ЭВХ-ын тохиолдол бүрийг, түүнчлэн уг өвчнийг сэжиглэх бүрт N¹058/у гэсэн яаралтай мэдээлэх журмын дагуу утсаар болон цахилгаан шуудангаар ОХУ-ын Эрүүл ахуй халдвар судлалын салбар байгууллагад мэдээлнэ.

2. ЭВХ-тай хүний хавьталд 20 хүртэл хугацаанд эмнэлгийн хяналт хийнэ. Хэрэв ЭВХ-ын хүнд хэлбэрээр өвдсөн өвчтөний хавьталуудын дунд 6 хүртэлх насны хүүхдүүд байвал тэднийг 20 хоногийг турш тусгаарлаж хянана.

3. Хэрэв ЭВХ-ыг сэжиглэсэн тохиолдолд заавал эмнэлэгт хэвтүүлж тусгаарлана.

4. Мэдрэлийн тогтолцооны гэмтэл илрээгүй хөнгөн хэлбэр, тухайлбал энтеровирүсийн халууралт, халдварт булчингийн өвдөлт, гүйлсэн булчирхайн цэврүүт үрэвслийн үед өвчтөнг 10 хоногийн турш тусгаарлан эмчилсэний дараа эмнэлгээс гаргаж вирүс судлалын давтан шинжилгээ хийхгүйгээр хүүхдийн байгууллагад нь хамруулж болно.

5. Вирүсийн эсрэг үйлдэлтэй бодисоор байнгын болон эцсийн халдваргүйтгэлийг хийнэ. Энэ үед бодисын тунг 2 дахин нэмэгдүүлдэг.

6. Хүн ам, хүүхдийн байгууллагын усыг хлоржуулахаас гадна усыг буцалгаж уух, цэвэр усыг савлаж хэрэглэхийг зөвлөнө.

7. Хүүхдийн болон эмчилгээ-урьдчилан сэргийлэх байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт, газар нутгийн цэвэр байдал, хоол хүнсний байгууллага, усан хангамжийн тогтолцоо зэрэгт хяналтыг сайтар хийх шаардлагатай.

8. Хүн амын дунд халдвараас сэргийлэх ухуулан таниулах арга хэмжээг өргөн зохион байгуулах нь чухал.

“Медицинская газета” сонины 2009 оны ¹23. Орос хэлнээс орчуулсан Р.Оюунгэрэл Анагаах ухааны доктор, ХӨСҮТ, ЭМШУИС

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4756
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК