Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (59) 2013. N04(059)
ЭМНЭЛГИЙН АРИУТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУДЛАХ НЬ
( Судалгааны өгүүлэл )

Н.Болор1, Г.Даваа2

1“Элемент” ХХК, 2ЭМШУИС-НЭМС-ын Эпидемиологи Биостатистикийн тэнхим

 
Абстракт

Эмнэлгийн ариутгалын үйл ажиллагааг тусламж үйлчилгээний шатлалаар харьцуулан судлаж, цаашид боловсронгуй болгох санал зөвлөмж боловсруулах зорилго тавьж ажиллалаа. Судалгаанд ариутгалын тасгийн бүтэц, зохион байгуулалтыг нэгэн агшингын аргаар,  автоклавын ариутгалын чанарыг ретроспектив дескриптив судалгааны аргаар үнэлгээг хийж явуулав. Судалгаанд хөдөө орон нутгаас 5 аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын эмнэлэг, өрхийн эмнэлэг , Улаанбаатар, Дархан хотын нэгдсэн эмнэлэг, дүүргийн эмнэлэг, өрхийн эмнэлэг, клиникийн эмнэлгүүдийн 44 ариутгалын тасаг, хэсгийг хамруулан дараах үр дүнд хүрлээ. Төв болон тусгай мэргэжлийн төв эмнэлэг, аймаг дүүргийн нэгдсэн  эмнэлгийн ариутгалын тасаг нь ариутгалын үйл ажиллагааг 4-8 өрөөнд явуулж байгаа нь бүтэцийн хувьд ЭМС-ын 2010 оны “Эрүүл мэндийн байгууллагын халдвар хяналт ” тухай 165 тоот тушаалын гуравдугаар хавсралтанд заасан өрөөний бүтэцийн талаарх заалттай нийцэж байна. Харин Сумын эрүүл мэндийн төв нь ариутгалын үйл ажиллагааг 1.5 өрөөнд явуулж байгаа нь халдвар хяналт, эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байна.

Мөн 90-ээс дээш хувь нь бохироос цэвэрлүү чиглэх  урсгалтай боловч ,  эмнэлгийн ариутгалын тасаг, хэсгийн 50 хувь нь агааржуулалтын систем, сэрүүцүүлэгчгүй халуун нөхцөлд ажиллаж байна. Харин өрх, сумын эмнэлгийн ариутгалын хэсэг нь дээрх нөхцлийг бүрдүүлж чадахгүй байна. Төв болон тусгай мэргэжлийн төв эмэнэлэг 100%, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг 75%, сумын эмнэлгийн 41% нь ариутгалын аппаратны техникийн хяналтыг хийж эвдрэл гэмтэл, урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж тэмдэглэдэг боловч ариутгалын чанарт тавих хяналтыг хүхэрт индикатороос өөр нарийн үзүүлэлтийн тестээр хянах байдал нь хангалтгүй байна. Төв болон тусгай мэргэжлийн төв эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн  15.5%,  сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 33.3% нь автоклавын уурын тархалт, ариутгалын чанар муу байна. Дээрхи үр дүнд үндэслэн  эрүүл мэндийн байгууллагуудын төвлөрсөн ариутгалын тасаг хэсгийн зохион байгуулалт, хүчин чадал нь харилцан адилгүй байна. Төв болон тусгай мэргэжлийн төв эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн ариутгалын тасгийн зохион байгуулалт, автоклавын ажиллагаа, ариутгалын чанар хангалтгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ.

 

Судалгааны ажлын үндэслэл

Өндөр хөгжилтэй ба хөгжиж буй оронд жил тутам олон зуун сая хүн эмнэлгээс шалтгаалах халдварт өртөж, мөч тутамд 1.4 сая гаруй хүн эмнэлгээс шалтгаалах халдварын хүндрэлийн улмаас шаналдаг байна. Өндөр хөгжсөн орны эмнэлэгт эмчлүүлэгсдын 5-10 хувь, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн эмчлүүлэгсдын 9-37% нь эмнэлгээс шалтгаалсан нэг болон олон тооны халдварт өртсөн гэсэн тоо баримт байдаг.2

ДЭМБ-ын санаачлагаар 4 бүсийн /Европ, Ойрхи Дорнод, Зүүн Өмнөд Ази болон Номхон Далайн/ 14 орны 55 эмнэлэгт явуулсан тархалтын судалгаагаар хэвтэн эмчлүүлэгсдийн 8.7% нь эмнэлгээс шалтгаалах халдварт өртсөн байна. 2

Европын болон Номхон Далайн бүсэд эмнэлгээс шалтгаалах халдварын тохиолдол 7.7-8.0%, байхад Ойрхи  Дорнод болон Зүүн Өмнөд Азийн бүсэд хамгийн өндөр тархалттай /11.8% ба 10%/ байна. 2

Европын эмнэлгүүдэд жил тутамд дундажаар 5 сая орчим ЭШХ-ын тохиолдол бүртгэгдэж, эмнэлгийн ор хоногийг 25 сая/өдрөөр нэмэгдүүлж, 13-24 тэрбум еврогийн нэмэлт зардал гаргадаг байна.

2008 оны 9-р сард Монгол улсад эмнэлгээс шалтгаалах халдварын тархалтын түвшин, эрсдэлт хүчин зүйл, антибиотикийн хэрэглээний байдалд хийсэн тандалт  судалгаагаар хэвтэн эмчлүүлэгсдийн 5.4% нь эмнэлгээс шалтгаалах халдварт өртсөнийг тогтоожээ. Үүнд: Мэс заслын дараах шархны халдвар 1.1%, бөөр шээсний замын халдвар 1.3%, амьсгалын замын халдвар 1.3%, цусан халдвар 0.3%-ийг эзэлж байжээ. 2

Эрүүл мэндийн байгууллагууд нь үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ эрүүл ахуй, халдвар хамгаалалын чанар, аюулгүй байдлыг хангасан байх ёстой. Халдвараас сэргийлэх стандарт арга хэмжээний чухал хэсэг бол эмнэлгийн багаж хэрэгслийн ариутгал юм.                                                                Иймээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагуудын  эмнэлгийн ариутгалын үйл ажиллагааг үнэлэн, цаашид авах арга хэмжээг тодорхойлох нь судалгааг хийх үндэслэл болж байна.                                                                                                                      

Судалгааны зорилго                                                                                                              

         Эмнэлгийн ариутгалын үйл ажиллагааг тусламж үйлчилгээний шатлалаар харьцуулан судлаж, цаашид боловсронгуй болгох санал зөвлөмж боловсруулахад оршино.                                             

   Зорилтууд                                                                                                                                                       Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж байна.Үүнд:

  1. Эмнэлгийн ариутгалын тасгийн зохион байгуулалтыг үнэлэх
  2. Эмнэлгийн ариутгалын чанарыг үнэлэх   
  3. Цаашид шийдвэрлэх асуудлыг боловсронгуй болгох санал зөвлөмж боловсруулах

 

Судалгааны загвар

  1. Ариутгалын тасгийн бүтэц, зохион байгуулалтыг судлахдаа нэг агшингийн аргаар судалсан.
  2. Автоклавын ариутгалын чанарыг ретроспектив дескриптив судалгааны загвараар судалсан.

Судалгааны мэдээ материал цуглуулах

Судалгааны мэдээ мэдээллийг цуглуулахдаа тоон болон чанарын аргыг ашигласан.    

Мэдээ, материал цуглуулсан тоон арга:  Баримтын судалгаанд эмнэлгүүдэд бүртгэгдэж байгаа ариутгалын аппаратны техник ашиглалтын хяналтын дэвтэр, аппаратны үйл ажиллагааны бичиглэлийн цаас, ариутгалын чанар шалгасан өдөр бүрийн бүртгэлийн журнал, анхны угаалгын чанар шалгасан сорилын бүртгэлийн журнал, эрүүл зүйн нян судлалын шинжилгээний журналыг ашигласан.

Мэдээ, материал цуглуулсан чанарын арга: Ажиглалтын судалгааны хуудсаар ариутгалын тасаг, хэсгийн бүтэц үйл ажиллагаа, багаж тоног төхөөрөмжийн хүртээмжийг 20 асуулттай шалгах хуудсаар  судалсан.

Bowie dick тестээр  шалгах: Төв болон тусгай мэргэжлийн төв эмнэлэг, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн ариутгалын тасаг, хэсгийн багаж, тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны чанарыг Bowie dick тест ашиглан шалгасан.

Статистик боловсруулалт

Судалгааны өгөгдлийг кодлох, программд оруулах, алдааг шалгах үр дүнгийн боловсруулалтыг “SPSS 17.0” программ ашиглан хийж гүйцэтгэсэн.

Судалгааны ажлын үр дүн

Үндэсний түвшинд эрүүл мэндийн байгууллагуудын  ариутгалын үйл ажиллагааг судлахдаа төв болон тусгай мэргэжлийн 6 эмнэлэг, аймаг, дүүргийн 8 нэгдсэн эмнэлэг, амаржих газар, сум, өрхийн 30 эрүүл мэндийн төвийг хамруулан үнэлгээ хийлээ. Ариутгалын үйл ажиллагааг судлахдаа улсын хэмжээнд шатлал бүрт мөрдөгдөж байгаа стандарт, журамтай харьцуулан судалсан.

 


Зураг 1. Төв болон тусгай мэргэжлийн төв эмнэлгийн ариутгалын тасгийн бүтэц

Зураг 1-аас харахад төв болон тусгай мэргэжлийн төв эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасаг 33.3 хувь нь багаж хэрэгслээ ялгах, угаах, хатаах өрөө, 16.7 хувь нь бэлтгэн савлах өрөө, 50 хувь нь багаж хэрэгслээ шалгах болон түгээх тусдаа өрөөгүй  байна.

 


Зураг 2. Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн ариутгалын тасгийн бүтэц

Аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасаг 37,5% нь багаж хэрэгслээ ялгах, угаах, хатаах өрөө, 25% нь бэлтгэн савлах өрөө, 87.5% нь багаж хэрэгслээ шалгах өрөө, 12.5% нь автоклавын ариутгалын өрөө, 62.5% нь ариун багаж материалаа хадгалах, 75% нь багаж хэрэгслээ түгээх тусдаа  өрөөгүй байна. 

Сумын эрүүл мэндийн төвийн ариутгалын хэсэг нь 25% нь багаж хэрэгсэл хүлээн авах өрөөтэй, 33.3% нь автоклавын ариутгалын өрөөтэй ба багаж хэрэгслээ ялгах, угаах, хатаах өрөө, бэлтгэн савлах, багаж хэрэгслээ шалгах, ариун багаж материалаа хадгалах, багаж хэрэгслээ түгээх өрөөгүй байна.


 

                                                                               

Зураг 3. Ариутгалын тасгийн зохион байгуулалт

Төв болон тусгай мэргэжлийн төв эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасаг нь нэг чигийн урсгалтай, 83.3 хувь нь агааржуулалтын систем, сэрүүцүүлэгчтэй, өрөөнүүдийн 66.7 хувь нь  тусдаа ханаар тусгаарлагдсан ба 83.3 хувь нь үйл ажиллагааны журам гарган мөрдлөг болгон ажиллаж байна

Аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасаг 83.3 хувь нь нэг чигийн урсгалтай, 28.6 хувь нь агааржуулалтын систем, сэрүүцүүлэгчтэй, өрөөнүүдийн 87.5 хувь нь  тусдаа ханаар тусгаарлагдсан ба 83.3 хувь нь үйл ажиллагааны журам гарган мөрдлөг болгон ажиллаж байна.

Сумын эрүүл мэндийн төвийн ариутгалын хэсэг нь 1.5 өрөөнд ариутгалын үйл ажиллагаа явуулж байгаа нь нэг чигийн урсгалыг бүрдүүлж чадахгүй байна. Мөн 77.8 хувь нь үйл ажиллагааны журамтай байна. Өрхийн эрүүл мэндийн төв нь ариутгалын хэсэг зохион байгуулан ажилдаггүй байна.

 

Төв болон тусгай мэргэжлийн төв эмнэлгийн 66.3% нь 3 автоклавтай, 50% нь 1 хатаах шүүгээтэй, 33.3% нь 2 уснэрэгчтэй байхад аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн ариутгалын тасаг нь 62% нь 2 автоклавтай, 50% нь 2 хатаах шүүгээтэй, 62.5% нь 1уснэрэгчтэй байна. Харин сумын эрүүл мэндийн төвийн хувьд бүгд 1 автоклавтай, 1 уснэрэгтэй, 75% нь 1 хатаах шүүгээтэй байна.


Зураг 4. Анхны угаалгын чанарыг сорилоор шалгадаг байдал

Судалгаанд хамрагдсан сумын ЭМТ-ийн 80 хувь ариутгалын хэсэг зохион байгуулан ажиллаж, хүхэрт индикатор ашиглан ариутгалын чанарт хяналт хийдэг байна. Өрхийн ЭМТ-ийн 0.2 хувь нь жижиг оврын автоклав ашиглан ариутгал хийдэг боловч чанарын хяналт хангалтгүй, багаж, хэрэгслийн анхны угаалгын чанарыг сорилоор  огт шалгадаггүй байна.

 

Зураг 5. Ариутгалын аппаратанд техникийн аргаар хяналт хийсэн байдал

 

Төвлөрсөн ариутгалын аппаратны техникийн хяналтыг 72 хувь нь хийж ариутгалын аппаратны эвдрэл гэмтэл, урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж тэмдэглэдэг байна. Сум, өрхийн ЭМТ хэмжээнд ажиллаж байгаа ариутгалын аппаратны техникийн хяналт хангалтгүйгээс эвдэрсэн, эсвэл мэргэжлийн ариутгагч дутагдалтай байгаагаас автоклавыг ажиллуулж чадахгүй байна



Төвлөрсөн ариутгалын автоклавын уурын тархалт, ариутгалын чанарыг 2-р зэрэглэлийн Bowie dick тест ашиглан шалгахад төв болон тусгай мэргэжлийн төв эмнэлэг, аймаг дүүргийн  эмнэлгийн 84.5 хувь, сум, өрхийн ЭМТ-ийн 66.7 хувь автоклавын уурын тархалт, ариутгалын чанар сайн байна. 

Зураг 6. Автоклавын чанарын хяналтыг шалгасан

Bowie dick тестийн үнэлгээ

 

Хэлцэмж

H Jabbari, H Alikhah нарын хийсэн Ираны орон нутгийн Табриз мужын дүүргийн бүх эмнэлгүүдийн ариутгалын чанарыг хянах индикаторын хэрэглээг хөгжүүлэх нь судалгаагаар дүүргийн эмнэлгүүд 100 хувь химийн индикатороор, 63.5 хувь нь биологийн индикатороор ариутгалын чанарт хяналт тавьдаг гэсэн үр дүн гарсан. Бидний хийсэн судалгаагаар төв болон тусгай мэргэжлийн төв эмнэлэг, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгүүд    хүхэрт индикаторыг 100 хувь ашиглаж хяналт тавьж байгаа нь дээрх судалгааны үр дүнтэй адил байгаа боловч   биологийн индикаторыг аймаг дүүргийн эмнэлгийн 14.5 хувь нь, төв болон тусгай мэргэжлийн төв эмнэлгийн 50 хувь нь ариутгалын чанарын хяналтанд ашиглаж байгаа нь дээрх үр дүнгээс ялгаатай байна.

Дүгнэлт

1. Төв болон тусгай мэргэжлийн төв эмнэлэг, аймаг дүүргийн нэгдсэн  эмнэлгүүд нь бүтцийн хувьд ЭМС-ын 2010 оны “Эрүүл мэндийн байгууллагын халдвар хяналт ” тухай 165 тоот тушаалын гуравдугаар хавсралтанд заасан өрөөний бүтцийн талаарх заалттай нийцэж байна. Харин сумын эрүүл мэндийн төв нь ариутгалын хэсгийн 1.5 өрөөнд явуулж байгаа нь халдвар хяналт, эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байна. Төв болон тусгай мэргэжлийн төв эмнэлэг, аймаг дүүргийн нэгдсэн  эмнэлэг, өрх, сумын эмнэлгийн ариутгалын тасаг, хэсгийн ариутгалын өрөөний зохион байгуулалт нь стандартад нийцэхгүй байна.

2. Төв болон тусгай мэргэжлийн төв эмнэлэг, аймаг дүүргийн нэгдсэн  эмнэлгүүд багажны анхны угаалгын чанарыг 100 хувь сорилоор шалгаж байгаа боловч сумын эмнэлгүүдийн 25 хувь нь, өрхийн эмнэлгүүд  анхны угаалгын чанарыг сорилоор огт шалгадаггүй нь хангалтгүй байна. Ариутгалын аппаратны техникийн хяналтыг төв болон тусгай мэргэжлийн төв эмнэлэг 100 хувь хийдэг боловч  аймаг дүүргийн нэгдсэн  эмнэлгүүдийн  75 хувь нь, сумын эмнэлгийн 41 хувь нь тус хяналтыг хийж байгаа нь хангалтгүй байна. Мөн хүхэрт индикатороос өөр нарийн үзүүлэлттэй тестээр хянадаггүй байна.

Төвлөрсөн ариутгалын автоклавын уурын тархалт, ариутгалын чанарыг 2-р зэрэглэлийн Bowie dick тест ашиглан шалгахад төв болон тусгай мэргэжлийн төв эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн  15.5 хувь,  сум, өрхийн ЭМТ-ийн 33.3 хувь нь ариутгалын аппаратны уурын тархалт, ариутгалын чанар муу байсан.

Ном зүй

1. ЭМЯ. ХӨСҮТ. Эрүүл мэндийн байгууллагын халдвар хяналт.Улаанбаатар.2010
2. ЭМЯ, ХӨСҮТ. ДОХ, Сүрьеэгийн төсөл. Халдварын сэргийлэлт, хяналт гарын авлага. Улаанбаатар. 2012
3. Walter Popp. Mongolian Emergency Service Hospital Hygene Project: Disinfection and sterilization.Hospital Hygiene University Clinics Essen. Germany. 2011
4. Tabriz University of Medical Sciences, Tabriz, Iran. Developing the use of quality indicators in sterilization practices.2012
www.ncbi.nlm.nih.gov/pubmed/. [Accessed 2012 Jul 31]
5. United States and Canada for Autoclave Testing Services.inc.2010 /www.autoclavesporetesting.com/[Accessed 2010]
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2280
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК