Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (59) 2013. N04(059)
АРТЕРИЙН ГИПЕРТЕНЗИЙН ИЛРҮҮЛГИЙН ЧАНАР
( Судалгааны өгүүлэл )

Ц.Тунгалаг1, Н.Сүмбэрзул2, Н.Одонгуа2

1Ач АУДэС

2ЭМШУИС

 
Абстракт

Дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь зүрх судасны өвчин (ЗСӨ) юм. Дэлхий даяар 1 тэрбум хүн артерийн гипертензи  (АГ) өвчнөөр өвчилж, 4 сая хүн түүний улмаас нас барж байна.2

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр халдварт бус архаг өвчин, тухайлбал зүрх судасны болон чихрийн шижин өвчин, хорт хавдар зэрэг нь дэлхийн хүн амын нийт өвчлөлийн 43 %, нас баралтын 60 %-ийг тус тус эзэлж байгаа бөгөөд 2020 онд эдгээр үзүүлэлт 60 % ба 73 %-д хүрэх магадлалтай болохыг тооцоолон гаргаад байна.1,3 АГ  нь  зүрхний титэм судасны эмгэг, зүрхний шигдээс, тархинд цус харвалтын үндсэн шалтгаант хүчин зүйлс бөгөөд дэлхийн хүн амын нас баралтын 13,0 % нь энэ эмгэгээс шалтгаалж байна.4

АГ бол ЗСӨ-нд хүргэж болох хамгийн түгээмэл эрсдэлт хүчин зүйлсийн нэг юм. Барууны орнуудад систолын даралтын (СД) түвшин 80 хүртэлх насны бүлэгт, диастолын даралтын (ДД) түвшин 55 хүртэлх насны бүлэгт нас ахих тусам нэмэгдэх хандлагатай байдаг. СД болон ДД-ын түвшин 10 болон 20 мм.м.у.б-аар тус тус нэмэгдэхэд тархины харвалт болон зүрхний шигдээс (ЗШ)-ээр өвчлөх эрсдэл хоёр дахин нэмэгддэг ажээ. 91

Сүүлийн 20-иод жил өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааныг  зүрх судасны эмгэг эзэлж, нас барсан хүний тоо нэмэгдсээр байна.6,7  Эрүүл мэндийн статистик тоо баримтаас харахад улсын хэмжээнд 10000 хүн амд ноогдох зүрх судасны тогтолцооны өвчлөл 1980 онд 86.2 байсан бол 2000 онд 358.1, 2011 онд 752,07 болон тогтовортой нэмэгдэж, 45-аас дээш насанд өвчлөлийн тэргүүлэх байрыг зүрх судасны эмгэг эзэлж байгаагийн дээр, зүрхний ишеми, АГ, тархинд цус харвалтын шалтгаант нас баралт 2015 он гэхэд 10000 хүн амд 18,1 орчим болох төлөвтэй байна.5,9

Монгол улсын хэмжээнд артерийн гипертензийн үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулснаар түүний шалтгаант зүрх судасны эмгэг болон өвчлөл, нас баралтыг бууруулах бүрэн боломжтой юм.  

Иймээс АГ өвчний илрүүлгийг чанартай сайн зохион байгуулснаар эрсдэлтэй хүн амыг илрүүлж хүндрэлээс сэргийлэх, эмчлэх ач холбогдолтой юм. Монголын Мянганы Сорилын Сангийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын тушаалаар  АГ-ийн илрүүлгийг хийж буй бөгөөд түүний чанарыг үнэлэх үзүүлэлтүүдийг туршин боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор урган гарч байна..

 

Судалгааны ажлын зорилго

Нийслэлийн зарим дүүрэгт явагдаж буй артерийн гипертензийн   илрүүлгийг үнэлэх чанарын үзүүлэлтийг туршин үнэлгээ өгч, түүнийг  боловсронгуй болгох зорилготой.

Судалгааны ажлын зорилт

  1. Нийслэлийн зарим дүүрэгт явагдах артерийн гипертензийн  илрүүлгийг чанарын үзүүлэлтээр үнэлэх
  2. Артерийн гипертензийн илрүүлгийн чанарт нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлх
  3. Артерийн гипертензийн илрүүлгийг үнэлэх чанарын үзүүлэлтэд үнэлгээ өгөх

Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй

Судалгааг агшингийн загвараар, тоон ба чанарын судалгааны аргыг ашиглан явуулав. Эрүүл мэндийн сайдын 2011 оны 168-р тушаалын дагуу явагдах АГ-ийн илрүүлгийн чанарыг урьдчилан боловсруулсан 10 шалгуур үзүүлэлтээр АГ-ийн илрүүлгийг хийж буй Нийслэлийн Баянзүрх, СХД, Налайх дүүргийн хэмжээнд 2012 оны 04 сарын 10-наас 2012 оны 12 сарын 10-ний хооронд хийж гүйцэтгэв.

Үнэлгээг хийхдээ дүүргүүдийн өрхийн эрүүл мэндийн төвд хийгдэж буй илрүүлгийн статистик тайлан мэдээ, чанарын албанаас гаргасан хяналт шалгалтын удирдамжийн үр дүн, ЗГХА-ЭМГ, НЭМГ-т  ирж буй тоон мэдээллүүд нь чанарын үзүүлэлтээр үнэлж болох эсэхийг үнэлж дүгнэв.

Ярилцлагын аргаар: Өрхийн эрүүл мэндийн төвийн чанарын баг, дүүргүүдийн чанарын албаны дарга, мэргэжилтнүүдтэй фокус бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагыг явуулан шалгуур үзүүлэлтэд үнэлгээ өгөв. Ярилцлагыг хийхдээ тус дүүргүүдийн Өрхийн эрүүл мэндийн төвийн (ӨЭМТ) эмч нарыг болон дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн (ЭМН) чанарын албаны дарга, менежерүүд, нарийн мэргэжлийн эмч /зүрх судасны эмч / нарыг хамрууллаа.

Ярилцлагаар АГ-ийн илрүүлгийн чанарын үзүүлэлтийг үзэх 10 шалгуур үзүүлэлтийг сайжруулах, засварлах, нэмэлт өөрчлөлт хийх талаар чиглүүлэн ярилцлага хийсэн.

Ажиглалтын судалгааг өрх, дүүргийн эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийж байгаа кабинетэд  болон эмчийн хөтөлдөг барим бичигт үнэлгээ  өгсөн.

Судалгааны ажлын үр дүн

Үйлчлүүлэгчид АГ-ийн эрт илрүүлэлтэнд хамрагдахгүй байгаа хамгийн гол шалтгаан нь хүн амын эрүүл мэндийн боловсролын түвшин доогуур байгаагаас шалтгаалж байна гэжээ. Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгож чадахгүй, энэ талаархи сургалт хангалтгүй, мөн хүн амын амьдралын буруу хэв маягийг өөрчлөхөд нийгмийн дэмжлэг дутагдаж байна гэж ярилцлагад оролцогчид хариулсан байна.

Судалгаанд хамрагдсан эмч нар ажлын ачаалал ихтэйгээс болоод, нэг үйлчлүүлэгчид зарцуулах цагийн хязгаарлалтаас шалтгаалан үзлэг хийх бүртээ хорт зуршлаас татгалзах талаархи зөвлөгөөг I,II  шатлалд үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөх  боломжгүй байдаг гэж хариулсан байна I, II шатлалын эмнэлгийн эмч нарын ажиллах ажлын байр орчныг хангалтгүй гэж хариулсан. Өрхийн эмнэлгүүдэд эмч бүр тусдаа эмчийн үзлэгийн өрөөгүй 2-3 эмч нэг өрөөнд тусламж үйлчилгээ үзүүлж байна.

 I шатлалын эмнэлгүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд бүлгийн ярилцлага хийж АГ-ийн эрт илрүүлэлт болон АГ-тэй үйлчлүүлэгчдэд шаардлагатай тусламж үйлчилгээг  үзүүлэх  чадамжийн  талаар асуухад судалгаанд оролцсон эмч нар даралтны аппарат, ЗЦБ-ийн аппарат офтальмоскопи зэргээр хангагдсан гэж хариулсан байна..

 

Шигтгээ 1

АГ илрүүлгийг боломжийн түвшинд хийж байгаа. Гэвч эмч нар зүрхний цахилгаан бичлэг үнэлэх болон нүдний уг дурандаж онош тавих чадвар, мэдлэг хангалтгүй байгаа.

                                                            СХД. Өрхийн эмч Б

 

АГ-ийг оношлох багаж тоног төхөөрөмжөөр хангаж эмч мэргэжилтнүүдэд ЗЦБ-ийн сургалт явуулбал үйлчлүүлэгчдийг II шатлалын эмнэлэг рүү илгээхгүй байх боломжтой. ЗЦБ хийлгэх, нүдний угаа дурандуулахаар дараагийн шатлалын эмнэлгүүд рүү илгээж онош тодруулах шаардлагатай байдаг. Хүмүүс өвчнөө II шатлалын эмнэлэгт оношлуулсан ч бичиж өгсөн эмийг уухгүйгээс болж хүндрэл гарах тохиолдол нилээдгүй байдаг.

Эмч мэргэжилтнүүдийн  ажлын ачаалал буюу өдөрт үзэх хүний тоо, хөтлөх бичиг баримтыг цөөрүүлбэл  АГ-ийг эрт илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэсэн хариултыг 100 % өгсөн байна.

                                                                                                                           

Шигтгээ 2

АГ-ийн удирдамжийн сургалтанд зөвхөн 1 эмч суусан. Эмч нар ачаалал ихтэй улмаас сургалтанд тэр болгон хамрагддаггүй. 1 эмчид ноогдох ажлын  ачааллыг багасгах  Өдрийнхөө ажлаас илүү гардаггүй учир ажлын байран дээрээ мэдлэг, мэргэжлээ сайжруулах боломж байдаггүй. Бичиг цаасны ажил их, үзлэгийн маягт их байгаа нь ажлын ачааллыг нэмэгдүүлж байна. Артерийн даралт хэмжих стандарт сфигмоманометрээр хангагдаагүй. I шатлалдаа шийдэх боломжтой хүмүүсийг их илгээж байна. Нэгдүгээр шатлалаас манай эмнэлэгт хандаж байгаа үйлчлүүлэгчдийн дийлэнх нь зүрхний эхо хийлгэхээр ирдэг. I шатлалд үйлчлүүлэгчдэд амьдралын хэв маягийн талаар зөвлөгөө хангалтгүй өгч байна

 

Дүүргийн НЭ-ийн зүрх судасны эмч нар

 

Эмч эмнэлгийн мэргэжилтнүүд дараахь асуудлыг шатлал бүрт хөндөж байв. Тухайлбал эрүүл мэндийн тусламжийн нэгдүгээр шатлалд хэт авиан оношлогооны эмч, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн боловсрол олгодог сувилагч зэрэг эмч мэргэжилтэн, ЗЦБ-ийн аппарат, хэвлэгч, стандарт сфигмоманометр, үзлэгийн тусгай өрөө, чийрэгжүүлэлт, нөхөн сэргээх эмчилгээний  кабинет, хоёрдугаар шатлалд  мэргэшсэн сувилагч, шаардлага хангахуйц лаборатори, ангиографийн лаборатори, түүний бэлтгэгдсэн боловсон хүчнүүд, ЗЦБ-ийн аппарат, стандарт сфигмоманометр нэн шаардлагатай байна.  

АГ илрүүлгийн явцыг ажиглахад ӨЭМТ, дүүргийн ЭМН АГ-ийн илрүүлгийн тайлангаа бүрэн гаргадаг, АГ-тэй өвчтний АГ-ын түвшинг тэмдэглэх хяналтын дэвтэрийн  /өвчтөн тус бүрээр / хөтлөлт ӨЭМТ 13.3%, дүүргийн эмнэлэг 50%, яаралтай хэвтүүлэхээр илгээсэн хүмүүсийн бүртгэл  ӨЭМТ 66.7%  хөтөлдөг байна. Эмчээс эмэн бус эмчилгээний зөвлөгөө авсан АГ үйлчлүүлэгчдийн бүртгэл бүх шатлалын эмнэлгүүдэд байдаггүй байна. АГ-тэй оноштой хэвтэн эмчлүүлсэн хүний бүртгэл ӨЭМТ-д 60%,  дүүргийн эмнэлэгт бүрэн  хөтлөгддөг байна. АГ-ийн жирэмсэн бус шалтгааны улмаас түргэн тусламж дуудсан  40 ба түүнээс дээш насны хүмүүсийн нийт бүртгэл ӨЭМТ 26.7% , дүүргийн эмнэлэг  бүрэн бүртгэлтэй байна. Дүүргийн эмнэлэг ЗЦБ, гемоглобин болон гематокрит,глюкоз, кали, натри,креатинин, шээсний хүчил, холестеролыг үздэг ба түүдгэнцэрийн шүүлтийн хурдыг  үздэггүй байна. ӨЭМТ өлөн үеийн цусны глюкоз, холестеролыг үздэг ба бусад шинжилгээг үздэггүй байна. ӨЭМТ-ийн 26.7% ЗЦБ хийдэг ба 73.3% нь хийдэггүй байна.

 

Дүгнэлт

 

  1. АГ-ийн илрүүлгийн чанар шаардлагын түвшинд хүрэхгүй байна.  
  2. АГ-ийн илрүүлгийн чанарт шаардлагатай тоног төхөөрөмжийн дутагдал, ажлын хэт ачаалал нөлөөлж байна. 
  3. АГ-ийн илрүүлгийн чанарын зарим үзүүлэлтүүдийг боловсронгуй болгох шаардлагатай байна.  

 

Ном зүй

1. World Health Organization. Cardiovascular disease.2010/154 хуудас/
2. Монголын Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа. 2010: 20-80.
3. Wolf-Mair Hypertension prevalence and blood pressure levels in 6 European countries,Canada and the United States. JAMA. 2003он
4. Эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх стратеги
5. WHO,Adherence to long-tert therapies 2011он
6. Эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх стратеги 2011он
7. Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр2010он
8. Эрүүл мэндийн үзүүлэлт, Эрүүл мэндийн газар, ЭМЯ, Улаанбаатар хот, 2009 он
9. Эрүүл мэндийн үзүүлэлт, Эрүүл мэндийн газар, ЭМЯ, Улаанбаатар хот, 2010 он
10. Нийслэлийн хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Улаанбаатар хот, 2009 он
11. Нийслэлийн хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Улаанбаатар хот, 2010 он
12. Сум, өрхийн эмнэлэгт хөтлөгдөх анхан шатны бүртгэлийн маягтын эмхэтгэл
13. Б.Жадамба, Ц.Чимэдлхам, Судалгааны арга зүй, 2001, Улаанбаатар
Approaches, Third edition. USA, SAGE publications.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 830
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК