Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (59) 2013. N04(059)
ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНД TOXOPLASMA GONDII-ИЙН ХАЛДВАРЫГ ИЛРҮҮЛСЭН ДҮН
( Судалгааны өгүүлэл )

Э.Отгонцэцэг1, Н.Эрдэнэбаяр2, Ж.Сарантуяа3

1-ЭМШУИС Био-АС-ийн МБ-УЗ Тэнхим

2-Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв

 
Абстракт

Токсоплазма нь эхээс урагт дамжих TORCH халдварын нэг бөгөөд жирэмсний эрт үед токсоплазмын халдвар авсан тохиолдолд ургийн гажиг үүсгэх эрсдэлтэй.

Иймд бид жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд Токсоплазмын халдварыг фермент холбоот эсрэг биеийн урвал ашиглан тодорхойлж, халдварыг илрүүлэх зорилго тавин ажиллаа.

Бидний судалгаанд 18-43 насны нийт 100 жирэмсэн эмэгтэй хамрагдсанаас 51% нь эх барихын ужиг дурдатгалгүй, 49% нь эх барихын ужиг дурдатгалтай байна. Судалгаанд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдийн хэт авиан оношлогооны дүгнэлтээс үзэхэд нийт 80 жирэмсэн эмэгтэй нь хэт авиан оношлогоо хийлгэснээс 43.7% (35) нь хэт авиан оношлогоонд хэвийн, 56.3% (45) нь хэт авиан оношлогоонд өөрчлөлттэй (ургийн гаж хөгжил, ураг орчмын шингэн ихсэх, ургийн өсөлт саатал, ураг амьгүй, ургийн тархины ховдолын томрол, ургийн гэдэсний эхо ойлт ихсэх) байна. Судалгаанд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдэд Токсоплазма өвөрмөц IgM болон IgG-г тодорхойлоход 100% сөрөг  тодорхойлогдсон.

Үүнээс дүгнэхэд эх барихын ужиг дурдатгалтай болон дурдатгалгүй бүлгүүдийн хооронд токсоплазмын халдвар нь ялгаагүй буюу аль ч бүлгүүдэд энэ халдвар илэрсэнгүй.

Үндэслэл: Toxoplasma gondii-н шалтгаант өвчнийг Токсоплазмоз гэнэ.1 Токсоплазма нь эхээс урагт дамжих TORCH  халдварын нэг юм. 

АНУ-д хийгдсэн судалгаагаар 12-оос дээш настай хүн амын дунд токсопдазмын халдвар 22.5%-ийн тархалттай байдаг.2 Европын улс орнуудад 1000 жирэмсэн эмэгтэй тутамын 2.4-16 нь токсоплазмын  халдвартай  ба Англид ойролцоогоор  2 байдаг байна. 3, 4 АНУ-д жилд 1000  эмэгтэй тутамын 5 нь жирэмсний хугацаандаа цочмог токсоплазмаар өвддөг ба нийт 10000 амьд төрөлтийн 1-10 төрөлхийн токсоплазмын өвчтэй төрдөг.5, 6 Жирэмсний хугацаанд халдвар авсан ч эмчилгээ хийлгээгүй тохиолдолд ойролцоогоор 44% нь төрөлхийн ямар нэг өвчтэй төрдөг бол хэрэв эмчилгээ хийлгэсэн тохиолдолд 29% нь төрөлхийн токсоплазмын халдвартай төрдөг.5 Азийн ихэнх орнуудад токсоплазмын тархалт бага (Тайваньд ДОХ-той хүмүүсийн 10% ) хэдий ч Энэтхэг (45%), Малайзад (56%) өндөр тархалттай байна.7

Жирэмсний хугацаанд Токсоплазмын халдвар авснаар зулбах, дутуу төрөх, өсөлтгүй болох татах,  ураг орчмын шингэн цагаас урьтаж гарах, умайн төрөх хүчний гажуудал, төрсний дараа цус алдах, нярайн амьсгалын дутагдал зэрэг хүндрэлүүд үүсч болдог. Жирэмсэний хугацаанд цочмог хэлбэрийн халдвар авсан үед эхээс  урагт халвар дамждаг. Жирэмсний хугацаа эрт байх тусам урагт илрэх  шинж тэмдэг нь хүнд илэрдэг. Ургийн нас 3 сар хүрээгүй бол зулбах, нүдний торлогийн үрэвсэл, тархи шохойжих, тархи усжих гэсэн шинж тэмдэг илэрдэг. 8

Манай улсад Токсоплазмын халдварын талаар судалгааны ажил цөөн хийгдсэн, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд энэхүү халдварын талаар хангалттай тоо баримт байхгүй зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна. Иймд бид жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд Токсоплазмын халдварыг фермент холбоот эсрэг биеийн урвал ашиглан тодорхойлж, халдварыг илрүүлэх зорилго тавин ажиллаа.

 

Зорилго: Жирэмсний хүндрэлтэй болон эх барихын ужиг дурдатгалтай жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд Токсоплазма гондийн халдварыг илрүүлэх.

 

Арга зүй: Судалгаанд хамрагдагсадыг санамсаргүй түүврийн аргаар сонгосон бөгөөд ЭМШУИС-ийн БАС-ийн Молекул биологи Удамзүйн тэнхимийн лабораторит хандсан жирэмсний хяналтанд хянагдаж байгаа 18-43 насны жирэмсэн эмгтэйчүүдээс нийт 100 жирэмсэн эмэгтэйг сонгон авсан. 

Судалгааны мэдээ материалыг асуумж судалгаа, лабораторийн шинжилгээний аргуудыг ашиглан цуглуулсан.

Судалгаанд хамрагдагсдад таниулсан зөвшөөрлийн хуудсыг танилцуулж зөвшөөрөл авсны үндсэн дээр 4 бүлэг бүхий 49 асуумжаар нийгэм,  эдийн засгийн үзүүлэлт, эх барихын ужиг дурдатгал, одоогийн жирэмсний байдал зэргийг судлав.

Судалгаанд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдээс халдвар хамгааллын журмыг баримтлан бугалганы хураагуур судаснаас цус авч, ийлдсэнд EUCARDIO (АНУ) пүүсийн оношлуурыг ашиглан стандарт протоколын дагуу токсоплазма өвөрмөц IgM, IgG-ийн титрийг фермент холбох урвалаар (Enzyme immune assay-EIA) тодорхойлов. Судалгааны үр дүнд SPSS-17 программыг ашиглан статистикийн боловсруулт хийв.

 

Судалгааны ажлын үр дүн: Судалгаанд нийт 18-43 насны 100 хүн хамрагдсан бөгөөд дундаж нас 29.7±5.7 байлаа. Судалгаанд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдийг насны 5 бүлэгт ангилсан.

                                                                         

Зураг 1. Судалгаанд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүд  насны байдлаар

 

Зураг 1-ээс харахад 18-25 насны 28.7% (n=29), 26-30 насны 26.7%( n=27), 31-35 насны 21.8% ( n=22), 36-40 насны 14.6% (n=15), 41-с дээш насны 5 (5%) тус тус хамрагдсан. 

Судалгаанд хамрагдагсадын амьдралын нөхцлийг судлахад 63.3% (n=64) орон сууцанд амьдардаг, 34.7% (n=35) хашаа байшин болон гэрт амьдардаг байна (Зураг 2).

                                                                                     

Зураг 2 Судалгаанд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдийн амьдралын нөхцөл

 

Судалгаанд хамрагдагсадын 82% (n=83) нь гэртээ ямар нэгэн амьтан тэжээдэггүй ба 15.6% (n=16) нь зөвхөн нохой тэжээдэг байв.

                                                               

Зураг 3. Судалгаанд хамрагдагсадын амьдралын хэв маяг.

Зураг 3-аас харахад судалгаанд хамрагдагсад нь түүхий мах махан бүтээгдэхүүнтэй харьцах үедээ хүнсний бээлий хэрэглэдэггүй байна.

Судалгаанд хамрагдагсадын 51% (51) нь эх барихын ужиг дурдатгалтай, 49% (49) нь эх барихын ужиг дурдатгалгүй жирэмсэн эмэгтэйчүүд байсан ба  хүснэгт 1 –д эх барихын ужиг дурдатгалтай жирэмсэн эмэгтэйчүүдийн өгүүлэмжийг үзүүлэв.

 

Хүснэгт 1.

Эх барихын ужиг дурдатгалыг илрүүлсэн байдал

Судалгаанд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдийн 80% (80) нь жирэмсний хугацаанд хэт авиан оношлогоо хийлгэсэн ба 43.7% (35) нь хэт авиан оношлогоонд хэвийн, 56.3% (45) нь хэт авиан оношлогоонд өөрчлөлттэй (ургийн гаж хөгжил, ураг орчмын шингэн ихсэх, ургийн өсөлт саатал, ураг амьгүй, ургийн тархины ховдолын томрол, ургийн гэдэсний эхо ойлт ихсэх) нь тодорхойлогдсон байна

Зураг 7. Хэт авиан оношлогооны дүн

Токсодлазма өвөрмөц IgM болон IgG-г тодорхойлоход 100% сөрөг тодорхойлогдсон.

 

 

Хэлцэмж: Дэлхийн зарим улсад Токсоплазмын халдварлалт 95% хүртэл байдаг. Ялангуяа далайн түвшнээс хэт өндөр биш, халуун, чийглэг уур амьсгалтай бүс нутгуудад халдварын тархалт ихтэй. Манай орны хувьд сэрүүн уур амьсгалтай жилийн 4 улиралтай байдаг нь токсоплазмын халдвар түгээмэл биш байх нөхцөлийг бүрдүүлдэг байж болох юм.

Өмнөд Европын орнуудад мөн халдварын тархалт өндөр (54%) тодорхойлогддог ба үүний шалтгаан нь махыг шүүрхий хэрэглэх зуршил болон гал тогооны эрүүл ахуй муу байдагтай холбоотой.7  Бидний судалгааны дүнгээр токсоплазмын халдвар тодорхойлогдоогүй нь манай орны хувьд махыг шүүрхийгээр хэрэглэх зуршил харьцангуй бага байдагтай холбоотой ыайж магадгүй.

Токсоплазмын жинхэнэ эзэн нь муур юм.9 Тиймээс муур нь токсоплазмын халдвар тархахад чухал үүргийг гүйцэтгэдэг. Бидний судалгаанд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдийн 82% (n=83) нь гэртээ ямар нэгэн амьтан тэжээдэггүй ба 15.6% (n=16) нь зөвхөн нохой тэжээдэг нь энэ төрлийн халдварт өртөхгүй байх нөхцөл болж байна. Хэдий судалгаанд хамрагдагсадын дунд токсоплазмын халдвар нь илрээгүй ч цаашид токсоплазмын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол явуулах шаардлагатай. Учир нь судалгааны дүнгээс харахад судалгаанд хамрагсадын 39.5% нь гэрт хүнс бэлтгэдэг модыг тусад нь ангилж хэрэглэдэггүй ба  90.1% нь түүхий махан бүтээгдэхүүнтэй харьцах үедээ бээлий өмсдөггүй зэрэг нь  сүүлийн жилүүдэд импортын мах махан бүтээгдэхүүнийг өргөн  хэрэглэх болсон гэрийн тэжээмэл амьтаныг элбэг тэжээдэг болсон өнөө үед халдвар авч болзошгүйг харуулж байна.

Дүгнэлт: Эх барихын ужиг дурдатгалтай болон дурдатгалгүй 2 бүлгийн аль алинд нь  токсоплазмын халдвар тодорхойлогдсонгүй .

 

 

Ном зүй

1. Монголын Анагаах Ухааны Үндэсний Нэвтэрхий Толь. Улаанбаатар2012:1239-1240.
2. Jones JL, Kruszon-Moran D, Sanders-Lewis K, Wilson M. Toxoplasma gondii infection in the United States, 1999 2004, decline from the prior decade. Am J Trop Med Hyg. 2007;77(3):405-410.
3. Eskild A, Oxman A, Magnus P, Bjorndal A, Bakketeig LS. Screening for toxoplasmosis in pregnancy: what is the evidence of reducing a health problem? J Med Screen. 1996;3(4):188-194.
4. Health Protection Agency, UK, National, Screening, Committee. Infectious Diseases in Pregnancy Screening Programme March 2009.
5. Desmonts G, Couvreur J. Congenital Toxoplasmosis. New England Journal of Medicine. 1974;290(20):1110-1116.
6. Montoya JG, Liesenfeld O. Toxoplasmosis. Lancet. 2004;363(9425):1965-1976.
7. E P. epidemiology diagnostics and chemotherapy. Norfolk, UK2007.
8. gynecology and obstetrics of China 2008.
9. Burton J, Bogitsh., Clint E, Carter., Thomas N, Oeltmann. Human Parasitology Boston:138-145.


 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1837
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК