Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (59) 2013. N04(059)
“СУРГУУЛИЙН БАГА АНГИЙН СУРАГЧДЫН АНХААРАЛ ДУТМАГШИХ, ХЭТ ХӨДӨЛГӨӨНТӨХ ЭМГЭГ, НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ, ЭМНЭЛ ЗҮЙН ОНЦЛОГИЙГ ТОДОРХОЙЛСОН НЬ
( Судалгааны өгүүлэл )

Б.Амгалан1, Г.Эрдэнэтуяа2

1.Багануур ЭМН  2. ЭМШУИС-ийн ХАТ

 
Абстракт

Улаанбаатар хотын сургуулийн бага ангийн сурагчдын дунд тохиолдох анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэг(АДХХЭ)-ийн давтамжийг  тодорхойлж, уг эмгэгт нөлөөлөх хүчин зүйлс,  эмнэлзүйн онцлог шинжүүдийг илрүүлэх зорилгоор 2012 оны 01 сарын 03-наас 06 сарын 03-ны хооронд  Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Багануур дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн буюу 1-4 ангийн  5-13 насны 615 хүүхэд, тэдний 615 эцэг эх, асран халамжлагч, анги хариуцсан 51 багшийг хамруулан нэг агшны судалгааны загвар ашиглан судалгаа хийлээ.

АДХХЭ-ийг илрүүлэхдээ  Америкийн Сэтгэцийн Нийгэмлэгийн DSM-IV ангилалын дагуу Oklahoma хотын Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн боловсруулсан “Vanderbilt ADHD Diagnostic Parent For Rating Scale” буюу АДХХЭ-ийг оношлоход эцэг эхээс авах асуумжаар хүүхдийн эцэг, эх буюу асран халамжлагчаас, “Vanderbilt ADHD Diagnostic Teacher For Rating Scale”- буюу багшаас авах асуумжийн хуудсаар анги хариуцсан багшаас тус тус асуумж авав.

АДХХЭ-т нөлөөлөх хүчин зүйлсийг эцэг эх ба хүүхдээс авах нэмэлт асуултуудаас жирэмсэн үеийн эмгэг байдал, нийгмийн хүчин зүйл, сурлагын дүнг харьцуулан 3 бүлэг бүхий асуултуудаар харьцуулан илрүүлэхийг зорилоо.

АДХХЭ-ийг илрүүлэх шалгуур үзүүлэлтээр уг эмгэг оношлогдоогүй хүүхдийг хяналтын бүлэг болгон харьцуулан судалсан ба эмнэлзүйн онцлог шинжийг илрүүлэхийн тулд багш ба эцэг эхээс авсан асуумжийн хуудсанд хамгийн олон хариулт өгсөн шинжүүдийг харьцууллаа. Судалгааны үр дүнд АДХХЭ нь Улаанбаатар хотын хэмжээнд эцэг эх, асран хамгаалагчаас авсан асуумжаар 14.7%, багшийн асуумжаар 32.1% тархалттай, хүйсийн хувьд хөвгүүдэд охидоос 2 дахин илүү тохиолдож байна. Насны хувьд уг эмгэг тохиолдох оргил үе 85.5%-д нь 7-11 нас (P>0.05)байв. Уг эмгэгийн тархалт судалгаанд хамрагдсан дүүргүүдийн хувьд ижил түвшинд байсан ба хэт хөдөлгөөнтөх хэлбэр нь  хүйс, нас харгалзахгүй илүү тохиолдлоо. Хамгийн олонтаа тохиолдсон шинжүүдэд “дэндүү их ярьдаг” 100% (60) “өдөр тутмын ажлаа байнга мартдаг” гэж 90.3% (28), “ямарваа нэг асуудалд анхаарлаа нарийн төвлөрүүлж чадахгүй, болгоомжгүйгээс байнга алдаа гаргадаг”, “ганцаарчлан ярихад сонсохгүй байгаа мэт санагддаг” 92.5% гэсэн шинжүүд, хэт хөдөлгөөнтөх хам шинжээс  “Сууж байгаа үедээ байнга хөдөлж, гар хөлөөрөө оролддог” 81.6% (49), “Үргэлж ямар нэг хөдөлгөөн хийж байдаг”, “удаан суух шаардлагатай үед сууж чаддаггүй” 78.3% (47) гэсэн шинжүүд хамгийн их тохиолдсон. Энэхүү эмгэгийг үүсэхэд жирэмсний хожуу үеийн хордлого, жирэмсэн үедээ архи хэрэглэх, төрөлт хүндрэлтэй байх, хүүхэд жин багатай төрөх зэрэг жирэмслэлт болон төрөх тойрны эмгэгүүд нөлөөлдөг болох нь тус тус батлагдлаа

  • Судалгааны ажлын зорилго:

       Улаанбаатар хотын сургуулийн бага ангийн сурагчдын дунд тохиолдох анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн давтамжийг  тодорхойлж, уг эмгэгт нөлөөлөх хүчин зүйлс,  эмнэлзүйн онцлог шинжүүдийг илрүүлэх

  • Судалгааны ажлын зорилт:

Дээрх зорилгоо биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг  дэвшүүллээ. Үүнд:

  • Хүүхдийн анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн давтамжийг  Улаанбаатар хотын хэмжээнд  тогтоох;
  • Эмгэгт нөлөөлөх  хүчин зүйлүүдийг тодорхойлох;
  • Монгол хүүхдийн анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн эмнэлзүйн онцлог шинж тэмдгүүдийг илрүүлэх;
  • Судалгааны хэрэглэгдэхүүн:
  • 2012 оны 01 сарын 03-наас 06 сарын 03-ныг хүртэлх 6 сарын хугацаанд  Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Багануур дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн буюу 1-4 ангийн  5-13 насны 615 хүүхэд, тэдний 615 эцэг эх, асран халамжлагч , анги хариуцсан 51 багшийг хамруулан нэг агшны судалгааны загвар ашиглан  АДХХЭ-ийн тохиолдлын тоог тодорхойллоо. 
  • АДХХЭ-ийг илрүүлэхдээ  Америкийн Сэтгэцийн Нийгэмлэгийн DSM-IV ангилалын дагуу Oklahoma хотын Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн боловсруулсан “Vanderbilt ADHD Diagnostic Parent For Rating Scale” буюу АДХХЭ-ийг оношлоход эцэг эхээс авах асуумжаар  хүүхдийн эцэг, эх буюу асран халамжлагчаас, “Vanderbilt ADHD Diagnostic Teacher For Rating Scale”- буюу багшаас авах асуумжийн хуудсаар анги хариуцсан багшаас тус тус асуумж авсан.
  • Асуумж тус бүрийг үнэлэх стандартын дагуу 1-9 дүгээр асуултанд 6 ба түүнээс дээш шинжид 2-3 оноо авсан бол анхаарал дутмагших хэлбэр, 10-18 дахь асуултанд 6 ба түүнээс дээш шинжид 2-3 оноо авсан бол хэт хөдөлгөөнтөх хэлбэр, 1-18 дугаар асуултын 2 хэсэг тус бүрээс 6 ба түүнээс дээш шинжид  2-3 оноотой бол хавсарсан хэлбэр бүхий  эмгэгтэй гэж тодорхойлов.
  • АДХХЭ-т нөлөөлөх хүчин зүйлсийг эцэг эх ба хүүхдээс авах нэмэлт асуултуудаас жирэмсэн үеийн эмгэг байдал, нийгмийн хүчин зүйл, сурлагын дүнг харьцуулан 3 бүлэг бүхий асуултуудаар харьцуулан илрүүлэхийг зорилоо.
  • АДХХЭ-ийг илрүүлэх шалгуур үзүүлэлтээр уг эмгэг оношлогдоогүй хүүхдийг хяналтын бүлэг болгон харьцуулан судалсан.
  • Эмнэлзүйн онцлогшинжийг илрүүлэхийн тулд багш ба эцэг эхээс авсан асуумжийн хуудсанд хамгийн олон хариулт өгсөн шинжүүдийг  судалж үзлээ.

 

СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮН

Судалгаанд хамрагдсан  615 хүүхдийн 350 буюу 56.9% эрэгтэй, 265 буюу 43.1% эмэгтэй хүүхэд байлаа. Тэднийг насны бүлгээр ангилбал 4-6 настай хүүхэд 8 буюу 1.3%, 7-11 насныхан 504 буюу 82%,  12 –оос дээш насныхан 103 буюу 16.7% эзэлж байв. 

АДХХЭ-тэй хүүхдийн тохиолдлын тоо эцэг эх, асран хамгаалагчаас авсан асуумжаар  нийт судалгаанд хамрагдсан 615 хүүхдийн  91-д буюу 14.7%-д, багшийн асуумжаар  198 буюу 32.1%-д тус тус илэрлээ. Уг эмгэгийн  хэлбэрийг  эцэг эх, багшийн асуумжаар  тодорхойлсон үр дүнг график 1-д харууллаа.

                                   График 1.Эмнэл зүйн хэлбэрүүд

Багшаас авсан асуумж судалгаагаар уг эмгэг илүү тохиолдолтой байгаа ба хэт хөдөлгөөнтөх хэлбэр эцэг эх (20.7%), багшийн асуумжаар (36%) аль алинд нь илүү хувьтай байлаа.

АДХХЭ-ийн эмнэл зүйн хэлбэрийг дүүрэг тус бүрээр хүснэгт 1-д үзүүлэв.

Хүснэгт 1. АДХХЭ-ийн эмнэл зүйн хэлбэр дүүргүүдээр

Эмнэлзүйн хувьд хамгийн их тохиолдсон шинж нь эцэг эхийн асуултаар  анхаарал дутмагших хам шинж илэрсэн 31 хүүхдээс “өдөр тутмын ажлаа байнга мартдаг” гэж 90.3% (28), “ямарваа нэг асуудалд анхаарлаа нарийн төвлөрүүлж чадахгүй, болгоомжгүйгээс байнга алдаа гаргадаг”, “ганцаарчлан ярихад сонсохгүй байгаа мэт санагддаг” гэж 87% (27) хариулсан. Хэт хөдөлгөөнтөх хам шинж илэрсэн 60 хүүхдээс “Дэндүү их ярьдаг” гэж 100% (60), “Сууж байгаа үедээ байнга хөдөлж, гар хөлөөрөө оролддог” гэж 81.6% (49), “Үргэлж ямар нэг хөдөлгөөн хийж байдаг”, “удаан суух шаардлагатай үед сууж чаддаггүй” гэж 78.3% (47) хариулт өгсөн байна.

Багшаас авсан асуумжаар анхаарал думтагших хам шинж илэрсэн 94 хүүхдэд хамгийн их илэрсэн шинж нь “ямарваа нэг асуудалд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, хичээлдээ санамсаргүйгээр алдаа гаргадаг” гэж 92.5% (87) -д, “багшийн зааварчилгааны дагуу хичээлээ хийж, дуусгаж чаддаггүй” гэж 93.6% (88)-д илэрсэн. Хэт хөдөлгөөнтөх хам шинж илэрсэн 104 тохиолдлоос 55% (57) -д нь “дэндүү их ярьдаг”, 54% (56)-д нь  “удаан суух шаардлагатай газруудад хэтэрхий их хөдлөж, гүйж харайдаг” гэсэн шинжүүд илүү илэрсэн байна.

Эмнэл зүйд шөнө орондоо шээдэг 2.7% (5), (р<0.001) илэрсэн ба шөнө зүүдэндээ ярьдаг, босож явдаг гэсэн шинжүүд статистик магадлалгүй байлаа.

АДХХЭ-т жирэмсний үеийн эмгэг байдлууд, нийгэм,  гэр бүлийн хүчин зүйл нөлөөлдөг. Хүснэгт 1-ээс АДХХЭ үүсэхэд эх жирэмсний хожуу үеийн хордлоготой үед хэвийн явцтай жирэмслэлтээс 4.4 дахин их (p<0.001), жирэмсэн үедээ эх нь архи хэрэглэсэн хүүхдэд архи хэрэглээгүй эхээс төрсөн хүүхдээс 4.45 дахин их (p<0.05), төрөлт хүндрэлтэй явагдах нь хэвийн төрөлттэй харьцуулахад 1.6 дахин их, хүүхэд бага жинтэй төрөх нь хэвийн жинтэй хүүхдээс 3.6 дахин их (p<0.05)  эрсдэлтэй байна.

Гэр бүлийн бүтцээр нь судлахад аав ээжтэйгээ амьдардаг хүүхдээс зөвхөн аавтайгаа амьдардаг 4.3 дахин их,  ээжтэйгээ амьдардаг 1.8 дахин их, хойд аав, ээжтэйгээ амьдардаг хүүхэд 2.8 дахин их, бүтэн өнчин хүүхэд 7.8 дахин их АДХХЭ-т өртөх эрсдэлтэй гэж үзлээ. Өөрийн гэртээ амьдардаг хүүхдээс гэр оронгүй хүүхэд 8.3 дахин их уг эмгэгт өртөх эрсдэлтэй байсан.

Аав нь архи үргэлж хэрэглэх нь огт хэрэглэдэггүй айлын хүүхдээс 2.4 дахин их, ээж нь архи байнга хэрэглэдэг хүүхдэд АДХХЭ үүсэх эрсдэл 3.8 дахин их (p<0.05) байна.

            Хүүхдийн сурлагын дүн нь АДХХЭ үүсгэх эрсдэлээс гадна уг эмгэгт өртснөөс хүүхдийн дүн буурдаг гэж үзэж болох юм.

Гэр бүлийн бусад хүчин зүйл болох ам бүлийн тоо, эцэг эхийн хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлого, гэр бүл дэх дарамт зэргийг судалж үзсэн боловч манай судалгаанд статистик ач холбогдолгүй гарсан. 

                                                                                     

ДҮГНЭЛТ

  1. АДХХЭ нь Улаанбаатар хотын хэмжээнд эцэг эх, асран хамгаалагчаас авсан асуумжаар 14.7%, багшийн асуумжаар 32.1% тархалттай байлаа.
  2.  Хүйсийн хувьд хөвгүүдэд 2 дахин илүү тохиолдож байна. Насны хувьд уг эмгэг тохиолдох оргил нас нь бидний судалгаагаар 7-11 нас буюу 85.5% (P>0.05)байв.
  3. Дүүргүүдэд  уг эмгэгийн тархалт ижил түвшинд байсан.
  4. АДХХЭ-ийн хэт хөдөлгөөнтөх эмнэлзүйн хэлбэр хүйс, нас харгалзахгүй илүү тохиолдлоо.
  5. Эмнэлзүйн хувьд хамгийн их  тохиолдсон шинжүүдэд “дэндүү их ярьдаг” гэж 100% (60) “өдөр тутмын ажлаа байнга мартдаг” гэж 90.3% (28), “ямарваа нэг асуудалд анхаарлаа нарийн төвлөрүүлж чадахгүй, болгоомжгүйгээс байнга алдаа гаргадаг”, “ганцаарчлан ярихад сонсохгүй байгаа мэт санагддаг” 92.5% гэсэн шинжүүд  илэрсэн. Хэт хөдөлгөөнтөх хам шинжээс  “Сууж байгаа үедээ байнга хөдөлж, гар хөлөөрөө оролддог” гэж 81.6% (49), “Үргэлж ямар нэг хөдөлгөөн хийж байдаг”, “удаан суух шаардлагатай үед сууж чаддаггүй” 78.3% (47) гэсэн шинжүүд хамгийн их тохиолдлоо.
  6. АДХХЭ үүсэхэд  жирэмсний хожуу үеийн хордлого, жирэмсэн үедээ архи хэрэглэх, төрөлт хүндрэлтэй байх, хүүхэд жин багатай төрөх зэрэг жирэмслэлт болон төрөх тойрны эмгэгүүд нөлөөлдөг болох нь батлагдлаа.
  7. Гэр бүл, нийгмийн  сөрөг хүчин зүйлс болох  гэр бүл салах, ядуурал, архидалт, ажилгүйдэл  зэрэг нь уг эмгэг үүсэхэд  их нөлөөтэй байна.

 

СУДАЛГААНЫ АЖЛЫН ХЭЛЦЭМЖ

Улаанбаатар хотын хэмжээнд тархалт эцэг эх, асран хамгаалагчаас авсан асуумжаар 14.7%, багшийн асуумжаар 32.1% байгаа нь Европын орнууд болох Англи(1-3%)[16], Герман(17.8%)[17], Турк (9.55%)[18], Украйн (12.2%)[19] зэрэг орнууд ба АНУ-д(9.5%) [[11] хийгдсэн судалгаануудаас  харьцангуй өндөр байгаа хэдий ч Энэтхэг ба бусад орны тэр дундаа Азийн олон судалгаа(Neyir Gul, at all 2010), (Baumgaertel, at all. 1995)-тай илүү дүйж байна. Энэ нь АДХХЭ-ийн генийн хувилбар нь (DRD4 48 bp VNTR 7 allele) нүүдэлчин  ард түмэнд илүү их давтамжтай тохиолддог [52] гэдгээр тайлбарлагдаж болох юм.

Уг эмгэг аль ч орны хөвгүүдэд охидоос илүү тохиолддог нь бидний  судалгаагаар ч бас давхар батлагдлаа. Судалгаанд хамрагдсан хөвгүүдэд охидоос 2 дахин илүү байгаа нь Иран[31], Колумба[15] улсад хийсэн судалгаатай ижил, эмнэлзүйн хэлбэрийн хувьд хэт хөдөлгөөнтөх хэлбэр илүү тохиолдож буй нь Gadow KD (2000)  нарын судалгаатай, насны хувьд 7-11 насанд зонхилон тохиолдсон нь Jamal H. Al Hamed (2008) [7] нарын судалгаатай тус тус ижил  үр дүн гарлаа. Хэсэг судлаачид генийн 7R allele нь эрэгтэйчүүдэд илүү байдаг учраас АДХХЭ эрэгтэй хүйсэд илүү тохиолдож байгаа гэдгээр тайлбарласан байдаг[53].

Энэ бүхнээс үзэхэд АДХХЭ манай орны хувьд харьцангуй өндөр тархалттай, хөвгүүдэд илүүтэй тохиолддог, эмнэлзүйн хэлбэрүүдээс хэт хөдөлгөөнтөх хэлбэр нь зонхилдог  нь нотлогдлоо. Иймд цаашид уг эмгэгийн шалтгааныг тодруулах зорилгоор хот хөдөөгийн хүүхдийн дунд харьцуулан судлах, нэн ялангуяа “нүүдэлчин” соёл иргэншил, удамзүйтэй холбон гүнзгийрүүлэн судлах шаардлага зүй ёсоор тавигдах юм. 

Эмнэл зүйн шинжээс хэт хөдөлгөөнтөх хэлбэрт хөдөлгүүртэй мэт байнга хөдөлгөөн хийж байдаг(81.6%),  дэндүү их ярьдаг (100%)  гэсэн шинж хамгийн их илэрсэн нь Иран[31], Орос [5] улсуудад хийгдсэн судалгаатай дүйж байна.

АДХХЭ оношлогдсон хүүхдийн эх жирэмсний хожуу үеийн хордлоготой байсан  22%, төрөлт хүндрэлтэй явагдсан  24.2%, бага жинтэй төрсөн хүүхэд 10% байсан нь 2004-2006 онд АНУ-д хийгдсэн судалгаатай адил байв[87]16].

 Дээрх судалгаанд гэр бүлийн бүтцийн хувьд  зөвхөн ээжтэйгээ амьдардаг хүүхдэд  ээж, аавтайгаа амьдардаг хүүхдээс 4.1%-иар илүү АДХХЭ тохиолдож байсан бол манай судалгаанд бүтэн өнчин хүүхэд  уг эмгэгт өртөх эрсдэл 7 дахин их  гарсан нь гэр бүлийн орчин хүүхдийн хүмүүжил төдийгүй өвчлөлд чухал хүчин зүйл болох нь

харагдаж байна.

ДОЛОО. ЗӨВЛӨМЖ

Хүүхдэд тохиолдож буй анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэг 7-11 насны хөвгүүдэд илүү тохиолдож байгааг  эцэг эх, асран хамгаалагч, сургууль багш нар анхаарч, шаардлагатай тохиолдолд хүүхдийн ба сэтгэцийн эмчид хандах шаардлагатай байна.

АДХХЭ үүсэхээс сэргийлэхийн тулд эрүүл мэнд, боловсролын байгууллага хамтран ажиллах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл “Эрүүл эхээс-Эрүүл хүүхэд” гэдэг зарчмаар төрөх насны эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэх, аливаа өвчнөөс сэргийлэх, амьдралын зөв хэв маягт сургаснаар жирэмслэлт, төрөх тойрны эмгэгийг багасгаж улмаар  АДХХЭ-ийн  тохиолдол багасах магадлалтай юм.

Хүүхдийг аливаа хүчирхийлэл, дарамт нийгмийн сөрөг хүчин зүйлээс  сэргийлэх, хамгаалахад  багш, эцэг эх, сургуулийн ба хорооны  нийгмийн ажилтан төдийгүй төр захиргааны байгууллага анхаарах шаардлагатай байна.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 9980
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК