Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (59) 2013. N04(059)
БУДДЫН УРЛАГ ДАХЬ НҮДНИЙ ДҮРСЛЭЛИЙН АСУУДАЛД
( Судалгааны өгүүлэл )

Докторант Д.САЙХАНСУВД

Улаанбаатар Их Сургуулийн Дизайны тэнхмийн багш

 
Абстракт

Хүнийг дүрсэлхэд мөн чанар дотоод сэтгэхүй, бодол санаа, зан төрх гээд олон зүйлийг нээн харуулах нь чухал учир дүрслэх урлагийн төрөл зүйлүүд дотроос хүн дүрслэл нарийн төвөгтэй асуудлуудын нэг юм. Тэр дундаа Буддын урлагт нүдийг дүрслэхдээ тухайн бурхны номын утга агуулга үүрэг зорилгоос хамааран нүдний зовхи түүний хэлбэр, өнгө, харцны чиг зэргийг харилцан адилгүй дүрсэлдэг байжээ.

Буддын урлаг дахь нүдний дүрслэл

Хүн дүрслэлийн хамгийн гол асуудал бол тухайн хүний мөн чанарыг илэрхийлэх явдал юм. Буддын философид хүний мөн чанарыг Дүрсийн цогц, Сэрэхүйн цогц, Хуран мэдэхүйн цогц, Хуран үйлдэхүйн цогц, Тийн мэдэхүйн цогц, гэсэн ""таван цогц" хэмээх талуудаас тайлбарладаг. Эдгээрээс "Дүрсийн цогц" гэдэгт хүн нүд, чих, хамар, хэл, бие гэсэн таван эрхтнээрээ ертөнцийн юмс үзэгдлийн дүрс, дуу, үнэр, амт, хүртэхүйн таван шинжийг илрүүлж чадна гэж үздэг. Мэдрэхүйн энэ 5 шинжээс хамгийн анх тусах шинж бол харах мэдрэхүй юм. Тиймээс буддын урлагт нүдийг бүтээхдээ онцгойлон анхаарч урлах бөгөөд топгсон өдөр хамгийн сүүлд мэлмийг нээдэг байна. Урлахуй ухаанд бурхдыг амирлангуй, өчүүхэн хилэнт, хилэнт буюу догшин дүрт хэмээх гурван үндсэн дүрээр урладаг. Оршихуйн эдгээр дүрээс хамаарч нүдний дүрслэл нь харилцан адилгүй ажээ.

Буддын урлагт нүдийг урлахдаа тусгайлан заасан атрибут дүрслэлийн дагуу бүтээдэг. Данжуурын урлахуйн ухааны хэсэгт өгүүлснээр нүдийТ арвай нуман хэлбэртэй зүйрлэсэн байдаг. Амирлангуй бурхдын нүдийг нуман хэлбэрээр, мөн амирлангуй ба өчүүхэн хилэнт бурхдын нүдийг арвай хэлбэрээр, хилэнт буюу догшин дүрт бурхдын нүдийг дөрвөлжин, дугариг хэлбэртэй дүрсэлдэг.

Номын лагшинт амгалан дүртийн нүдний зовхийг доош буусан аниастай буюу хагас аниастай нуман уртлаг хэлбэртэй, харц нь хамрын үзүүр дээр туссан байдалтай дүрсэлдэг нь бясалгаж, орчлонгийн юмс үзэгдлийн мөн чанарыг ухаарч, мунхаг, урин, тачаангуйгаас бүрэн ангижирч энэ ертөнцөөс тасран сүнсэн биеэрээ өөр ертөнцөд заларч гүн бодолд дарагдсаныг илтгэнэ. Ингэж дүрслэх нь цаанаа нарийн утга агуулгатай. Нуман хэлбэрийн нүдний дээд зовхины төв хэсэгтээ доош төвийсөн нугалаа нь нүдээ анихад энэхүү нугалаанаас болоод нүдний завсар бүрэн хаагдахгүй байхын тулд ийн дүрслэх бөгөөд энэ үед нүд эвэрлэгийн хажуу хэсгийн тусламжтайгаар захын хараатай байх болно. Нүдээ анисан ч орон зайн баримжаатай байна гэсэн үг. Жишээлбэл бурхан багш, хоосон чанарыг бясалгасан даяаны бурхад болох язгуурын таван бурхдын дүрээс харж болно.

Өчүүхэн хилэнт, шакти, дагинас, үзэсгэлэнт бурхдын нүд арвай хэлбэртэй боловч хөмсөгний хэлбэрээр ялгагдана. Өчүүхэн хилэнт, догшин бурхдын хөмсөг дээш атирсан, духан дундаа үрчлээтэй байна. Жишээлбэл Сандуй, Дэмчиг гэх мэт.

Махранз, Ямандаг, Намсрай зэрэг догшин бурхдын нүдийг дорволжин, дугариг, уур хилэн нь бадарсан байдалтай цусаар дүүрсэн, дүрлэгэр том дүрсэлдэг нь догшин дүрт бурхад бол энэ ертөнцийн муу муухай зүйлээс хүн зоныг хамгаалах, тэдгээрийг даран сөнөөх гэсэн утга учиртай холбоотойгоор нүдийг нь ийнхүү дүрсэлдэг бололтой. Эдгээр бурхдын харц хор ихтэй тул эгц дүрсэлдэггүй ямагт өөр зүгрүү, тэнгэр хийгээд газарлуу хялайсан байдалтай дүрслэнэ. Данжуурт өгүүлснээр "... нүд тунгалаг хийгээд хамгийг үзэгч, бүгдийг мэдэгч, нүдийг гурвалжин, дүгрэг зурсан нь айлган сүрдүүлэгч догшин сахиус, хэрцгий ноёны нүд юм" 1гэсэн байдаг. Догшин хэрцгий, хилэгнэсэн шинж чанарыг үзүүлэхийн тулд ийн дүрслэх нь эрт дээр үед ч байжээ. Жишээлбэл Ацтек, Маяачуудын бөө тайлгач нар, Монголчуудын чулуун онго, зан үйлийн зориулалттай баримал, догшин бурхад, эртний улсуудын домогт гардаг чөтгөр зэргийг ийм нүдтэй дүрсэлсэн байдаг.

Мөн Данжуурт өгүүлснээр хөмсөг, нүдний урт, өргөн, завсар, цөцгийн хэмжээ, өнгө, ойр хавийн бусад эрхтнүүдээсээ ямар зайтай орших зэргийг маш нарийн тодорхой зааж өгсөн бөгөөд ямар хүний нүдийг хэрхэн үйлдэх тухай бичжээ. Тухайлбал "Нүд нь Бандидын /Одмаан/ нум мэт хийгээд өргөн нь гурван арвайн хэмжээт буй. Нүд нь удвалын навчин дор адил зургаан арвай төдийг номловой. Загасны хэвлий мэт нүдэн найман арвайн хэмжээт хэмээн номловой. Лянхуан навчит мэт нүд есөн арвайн хэмжээт болой. Шувуу мэт нүд арван арвайн төдий болой. Хаан тэдгээр нүд нүгүүдийг эзэрхэн урт нугуудыг номлосон буюу атгаггүй егүзэрийн нүдийг Одмаагийн нум мэт үйлд. Эхнэр нүгүүд ба хурьцалтны нүдийг загасны хэвлий мэт мэдэгдэхгүй. Эгэл ба суусны нүдийг удвал мэт таалмуй. Айх хийгээд уйлахыг бадмын нүд мэт номловой. Хилэгнэх хийгээд зовлонгоор эмэгнэх нүдийг шувуу мэт зурах буюу"2 ГЭСЭН байна. Энд бичигдсэнээс үзэхэд тухайн хүний сэтгэл санаа, оршин буй байдлаас хамаарч нүд, түүний орчмыг харилцан адилгүй урладаг байжээ. Нүдний орчим гэдэгт зовхи, хөмсөг, цох болон нүдний булан ордог бөгөөд эдгээр нь хүний төлөв байдлаас /өвдөлт, сэтгэл санааны байдал/ хамааран байнга өөрчлөгддөг. Мөн зарим нэг сэтгэцийн тодорхойлолтууд аймхай, хулчгар, энэрэнгүй хор шартай зэргийг олж харж болдог. Өвчний оношлогооны сайн тоног төхөөрөмж байгаагүй дээр үед эмч хүний нүдийг хараад онош тогтоодог байжээ. Үүнийг "офтальмогеометрийн мэдээлэл"3 гэнэ

Урлахуй ухааны шаштирт өгүүлснээр "Удвалын навч мэт нүд гадуур улаан, хар цөцгийт хийгээд тодорхой болоод сормуусны үзүүр урт. Үнээний сүү мэт тодорхой гялтганасан өнгөт болоод сормуусан эгдрээгүй тодорхой, бадмын навч мэт хөх будгаар будаад, их хар цөцгийт нүдийг зурснаар цог хийгээд жаргаланг өгьюү"4 гэснээс үзэхэд нүдний цөцгийг хараар урлаж, догшин хийгээд өчүүхэн хилэнтийн нүдийг улаан буюу шаргал өнгөөр, амгалан дүртийн нүдийг хөх өнгөөр зурдаг байна. Өнгийн дээрх сонголтоос хархад улаан өнгө эрч хүч, уур уцаар, хөх өнгө амгалан тайван мэдрэмжийг төрүүлж сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг тухай сэтгэл судлалын шинжлэх ухааны Пндэслэлтэй байна.

Буддын урлагт зарим бурхдын нүүрнээс гадна дух, алган дотор, хөлийн уланд нүд дүрслэнэ. Жишээлбэл Цагаан Дарь-Эх долоон мэлмийтэй, мянган мутарт Жанрайсаг мутар бүр дээр мэлмийтэй байдаг нь өдөр, шөнийн аль ч цагт хүн зоныг муу зүйлээс алдалгүй сахин хамгаалахад 2 нүд хангалтгүй гэж үздэг учир олон нүдтэй дүрсэлдэг байна. Духан дээрхи гуравдагч нүд буюу билгийн нүдний талаар Урлахуйн ухааны судруудад бичсэнээр "таван муу хорыг арилгаж билгийн мэлмий нээгдэн хэтийдсэн ертөнцийг харж сонсох мэдрэх чадвартай болсныг илтгэнэ" гэжээ.

Түвдийн сүмүүд дээр том хэмжээтэй ер бусын нүдний дүрс бий. Ийм нүдний дүрслэлийг зарим ном сударт "Буддагийн нүд" гэж ч тэмдэглэсэн нь бий. Энэ нүдний дүрс нь долгионтсон нуман уртлаг агаад 2 нүдний голд дээхэнтэй духан дээр дусал хэлбэрийн толбо байна. Үүний талаар Түвдийн гүн ухаанч Лувсандамба, мөн Оросын судлаач Эрнст Мулдашев Түвдэд хийсэн судалгааныхаа дүнд сонирхолтой таамаглал дэвшүүлсэн байдаг. Мулдашевийн таамаглалаар энэ нүд бидний өмнөх соёл иргэншлийн хүмүүс болох Атлантууд, Лимүрчүүдийн нүд бөгөөд одоогийн хүн төрөлхтөний дундаж нүдний хэлбэр юм. Духан дээрхи дусал хэлбэрийн толбо нь тэдний билгийн нүд буюу гуравдагч нүд нь ажээ. Энэ нь хүний биоэнергийн эрхтэн болж байсан ба орон зайд бодол санааг дамжуулах, таталцлын хүчинд нөлөөлөх, өвчнийг анагаах тэр бүү хэл асар том эд зүйлсийг хөдөлгөж, харцаараа аварга том байгууламжийг босгох чадвартай байсан гэнэ.

Хүн гурван нүдтэй байсан гэж эртний үлгэр, домогт ч олонтаа гардаг. Мөнхийн мэлмий, далд буюу гурав дахь нүд, "Шивагийн нүд", "Ажна-чакра", "Мэргэн хараа", "Сүнсний орон зай", "Зүүд нойрны нүд" гээд янз бүрээр нэрлэдэг. Эртний Грек, Ромын гүн ухаантнууд ч гурав дахь нүд бий, түүгээр дээд хүчтэй холбогдон, далдыг харах чадвартай болдог гэж итгэдэг байв. Энэтхэгчүүд ч мөн далд нүдийг билэгдэж, хөмсөгний хооронд нүдийг илтгэсэн тэмдэг тавьдаг бололтой. Дорнын эртний мэргэд, гүн ухаантнууд гурав дахь нүдээр өнгөрсөн ба ирээдүйг харж, сансрын мэдээллийг хүлээн авч, бодол санааг зайнд дамжуулдаг гэж итгэдэг байв.

Анагаах ухааны сүүлийн үеийн олон судалгаа хүн гурван нүдтэй байсныг нотолж эхлээд байгаа. Хоёр сартай үр хөврөлийн завсрын тархины бүсэд гурав дахь нүдний үлдэц нь нүдний болор болон фото рецепторууд, мэдрэлийн эсүүдтэйгээ оршдог бөгөөд дараа нь энэ нүдний хөгжил зогсож, эпифиз буюу боргоцой хэлбэрийн булчирхай болдог. Тэрээр тархины гүнд оршдог ба улаан хүрэн өнгөтэй, хагас граммаас ч бага жинтэй. Энэ булчирхай гайхалтай хөдөлгөөнтэйгээр барахгүй яг нүд шиг эргэлдэж гэрэл мэдэрдэг ажээ. Хэвлээр явагчдын тийм эрхтэн цахилгаан соронзон долгион, хэт нам авиаг барьдаг. Харин хүний энэ булчирхай маш чухал үүрэгтэй, тэрээр бие организмын биологийн цаг бөгөөд нойр ба сэрэх давтамжийг удирддаг. Хүн хэд наслах нь түүнээс хамаардаг. Эпифизийн ялгаруулдаг дааврууд бие организмын эсүүдийг залуужуулах үүрэгтэй. Эрдэмтдийн үзэж буйгаар эрт үед энэ эрхтэн дулаан мэдэрч, бас харанхуйд орон зайн баримжаа өгдөг байсан гэнэ.

Буддын ухаан маш нарийн гүн ухаан, арга билгийн шүтэлцээтэй учраас урлахуй ухаанд нүдийг ийнхүү нарийн утга учиртай дүрсэлдэг байжээ. Тийм ч учраас Занабазар "Нүд бол сэтгэлийн толь" хэмээн бурхан бүтээхдээ нүдний дүрслэлд онцгойлон анхаардаг байжээ.

Дүгнэлт

Буддын урлагт хүнийг тусгайлан заасан атрибут дүрслэлийн дагуу бүтээдэг бөгөөд тэн дундаа нүдийг онцгойлон нарийн утга учиртай дүрсэлдэг байна. Дүрслэл нь бэлэгдлийн утга агуулгатайгаас гадна сэтгэл судлал, эзотерик, анагаах гэх мэт олон шинжлэх ухааны нарийн үндэслэлтэй байжээ гэж үзэж болохоор байна. Тийм ч учраас А.Эйнштейн "Шинжлэх ухаанч шашин гэж байдаг бол тэр нь буддын шашин л байх" гэж хэлсэн болов уу.

Ном зүй

Ашигласан ном
1. Цүлтэм Н. Монголын уран зургийн хөгжиж ирсэн тойм. УБ., 1988.
2. Цүлтэм Н. Монгольская национальная живопись \\\"Монгол зураг\\\". УБ., 1986.
3. Редактор Болдбаатар Д. Өндөр гэгээн Занабазар. УБ., 1995
4. Наранцацрал Д. Гоо сайхны сэтгэлгээний түүх. УБ., 2006
5. Эрнст Мулдашев. Хүн мичнээс үүсээгүй. УБ.,2003
6. Редактор Сүхбаатар О. Урлахуй ухааны аймаг. 211-р боть. УБ., 2001
7. МУБИС. ТНУС. Философи дидактикийн тэнхим. Философи эрх зүйн боловсрол. Эрдэм шинжилгээний бичиг. УБ., 2011.
8. Лувсанцэрэн Г, Ариунаа Э. Буддын уламжлалт мэдлэг ухааны үндэс. УБ., 2007
Үгсийн тайлбар
Атгаггүй -хар хоргүй, цагаан санаатай
Бандид- Буддагийн шашны ёсны таван ухааны номд мэргэшсэн хүн
Егүзэр - йогийн багш, тарнийн ёсонд нэвтэрсэн хүн
Удвал - навч нь зургаан уулзартай, өнгө янз бүр цэцэг
Лянхуа- Удвалын аймгийн цэцэг, усанд ургадаг дүгрэг навчтай
Одмаа - гэрэлт эх
Хурьцалт - шунахайрагч, дурлагч
Хэтийдсэн - хэм хэмжээнээс илүүдсэн, хэтэрхий болсон
Шакти - хүүхэд гаргаагүй, бурхны номонд шамдсан эм хүн
Эмгэнэх - өрөвдөх, эгээрэн санагалзах, гашуудах, гомдох

Редактор Сүхбаатар О. Урлахуй ухааны аймаг. 211-р боть. УБ., 2001.
3 Эрнст Мулдашев. Хүн мичнээс үүсээгүй. УБ.,2003
4 Редактор Сүхбаатар О. Урлахуй ухааны аймаг. 211-р боть. УБ., 2001.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 882
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК